Казахстаны үйл явдал ба сургамж

2022-02-11

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/03/164148276436548699.jpeg

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хамгийн тогтвортой гэгдэж байсан Казахстан улсад 2022 оны 1 дүгээр сард дэлхий нийтийг цочирдуулсан үйл явдал болж өнгөрсөн бөгөөд одоо хүртэл байдал тогтвортой бус байна. Шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин нэмэгдсэнд бухимдсан иргэд эсэргүүцэн жагсаж, энэ нь олон хот руу халдварлан хүний амь эрсдэж, төр, бизнесийн байгууллагад асар их хор хохирол учруулсан эмх замбараагүй байдал болж үргэлжиллээ.

Казахстан улсад өрнөсөн үймээний үеэр 243 хүн амь үрэгдэж, 2500 гаруй хүн шархдаж, эдийн засгийн хохирол нь хагас тэрбум ам.доллар /439 сая ам.доллар/-т хүрчээ. Тус улсад өрнөсөн үйл явдал үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэл, авлига болон дарангуйллын дэглэмээс үүдэлтэй гэж шинжээчид үзэж байна.

Казастанд эмх замбараагүй байдал нэмэгдэх нь бүс нутгийн ирээдүй, хэтэд нөлөөлөх нь дамжиггүй юм. Мөн түүнчлэн бүс нутгийн аюулгүй байдалд сөрөг үр дагавар авчирч болзошгүй нөхцөл байдлыг бий болгосон. Тус улсад болсон үйл явдлын шалтгааныг дотоод, гадаад хүчин зүйлтэй холбон авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна.

Казахстаны ерөнхий нөхцөл байдал

2021 оны 12 дугаар сард Казахстан Улс тусгаар тогтнолынхоо 30 жилийн ойг тогтвортой хөгжлийн амжилтаараа бахархан тэмдэглэсэн. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 9000 ам.доллар, үүгээрээ дэлхийд 54-т (ОУВС-ийн 2022 оны төсөөлөл), хүний хөгжлийн индексээр 52-т жагсаж буй, Төв Азийн хамгийн цэцэглэн хөгжсөн улс. ДНБ-ийхээ 60 хувийг нефть, хийн аж үйлдвэрийн салбараас бүрдүүлдэг.

Энэхүү амжилтыг 30-аад жил улс орныг удирдсан анхны ерөнхийлөгч Н.Назарбаевтай холбож үздэг. ЗХУ-ын задралын үеэр Н.Назарбаев ОХУ-ын шинэ ерөнхийлөгч Б.Ельцинтэй ойр дотно харилцаж, сансрын Байконур буудлын түрээсийн үнэ, Каспийн тэнгисийн нефтийн бүс нутгийн хуваарилалт, Семипалатинскийн цөмийн туршилтын бүс нутгийн шийдэл, өр зээлийн асуудал  зэрэгт маш их ноогдол ашиг авч чадсан байдаг. Хүн ам зүйн хувьд Зөвлөлтийн задралын үед орос үндэстэн Казахстаны нийт хүн амын 60 хувьд хүрч байсан бол Казахстаныг тусгаар улс болсны дараа үндсэрхэг үзэл болон бусад шалтгаанаар оросуудын хувийн жин 30 хүрэхгүй хувьтай болж буурчээ.

Хөгжлийн 30 жилийн явцад Казахстаны удирдлага харьцангуй бие даасан бодлого явуулахыг зорьж, хөрш ОХУ, БНХАУ төдийгүй барууны орнуудын хөрөнгө оруулалтыг татаж чадсан нь хөгжлийн нэгэн хөшүүрэг болсон гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Казахстан улс эдийн засагт олсон амжилт дээрээ тулгуурлан түүх, өв соёл, хүмүүнлэгийн салбарт ч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө түрэн эсгий туурагтан улсууд, казак хэлтний дотор хэрэгжүүлж дэлхийн казак үндэстнээ нэгтгэх санааг илэрхийлж ирснийг онцлох ёстой.

Төр, эдийн засгийн хувьд Н.Назарбаевын гэр бүл, охид, хүргэд, ойрын хүрээнийхэнд эрх мэдэл, баялаг хэт төвлөрсөн нь тус улсын онцлог бөгөөд сул тал болж үе үе эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн болж дарагдан намжиж байлаа.

2019 онд Н.Назарбаев төр засгийн жолоогоо өртөөлөн залгамжлах байдлаар ерөнхийлөгчийн албан тушаалаа К.Токаевт шилжүүлж, харин “Ард түмний эцэг”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаа өөртөө үлдээж өнөөг хүрсэн нь мөн чанартаа хоёр засаглалын хэлбэртэй болгосон бөгөөд Н.Назарбаевын төлөөлөл хүчтэй хэвээр байсан нь засаглал хуваарилалтын зөрчлийг агуулж байв.

Эсэргүүцлийн жагсаал ба үйл явдлын өрнөл

2022 оны 1 дүгээр сарын 4-нд  Жанаозен хотод шатахууны үнийн өсөлтийн улмаас эхэлсэн олон түмний дургүйцэл төд удалгүй улс орныг хамарч, улмаар Н.Назарбаев түүний гэр бүлийн хэмжээлшгүй эрхийг халах, Засгийн газар, ерөнхийлөгчийг огцруулах улс төрийн шаардлага болон хувирсан. Үүний уршгаар Алма-Аты зэрэг томоохон хотуудад үймээн самуун дэгдэж, дээрэм тонуул, галдан шатаах, түйвээн бусниулах явдал газар авч хүний амь хохирч, нөхцөл байдал хяналтаас гарсан төдийгүй төрийн эргэлт болох аюулын хэмжээнд хүрсэн. Эмх замбараагүй явдлын үеэр 225 энгийн иргэн, 18 цагдаа амь үрэгдсэн байна.

Нөхцөл байдлыг намжаахаар тус улсын төрийн тэргүүн К.Токаев онц байдал зарлаж, гишүүн орны хувьд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ-ОДКБ/-аас дэмжлэг хүсэж, олон улсын энхийг сахиулах хүчнийг өөрийн улсад оруулсан бөгөөд улсын онц чухал объектуудыг хамгаалалтад авахуулж дотоодын цэрэг, цагдаагийн хүчин нөхцөл байдлыг хяналтад авсан билээ. Үйл явдал маш хурдацтай өрнөсөн энэ цаг үед Казахстаны ерөнхийлөгчид нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэл дутмаг байсан нь эхний мэдэгдлүүдээс ажиглагдаж байлаа.

Энэхүү үйл явдал өрнөх болсон шалтгааныг дотоод талаас нь дараах байдлаар ангилж болох юм.

  • Эрх баригчдын дарангуйлал, улс төрийн хэт хараат байдал
  • Авлига хээл хахууль буюу баялгийн тэгш бус хуваарилалт
  • Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, ядуурал

1. Казахстанд ардчилал хумигдаж, нэг хүний ноёрхол тогтож, түүний гэр бүл, тойрон хүрээлэгчдийн хязгааргүй эрх мэдэл, хүн амын давхраажилт нийгмийг эвлэршгүй хоёр хэсэгт хуваасныг илтгэнэ. Энэ нь тухайн орны өнөөгийн улс төрийн хямралын гол шалтгаан болсон нь тодорхой. Нөгөө талаас засаглалыг шилжүүлэх явцад зөрчил гарч хоёр засаглал хууль бусаар тогтож ирснийг эцэс болгох тэмцэл гэж шинжээчид үзэж байлаа.

Н.Назарбаев 29 жил үргэлжилсэн эрх мэдлийнхээ хугацаанд найз нөхөд, хамаатан садан болон “Нур Отан” намаар дамжуулан Казахстаны улс төрийн эрх мэдэл, хэвлэл мэдээллийг бүхэлд нь хяналтад байлгасан. Казахстаны улс төрд эгзэгтэй эргэлт гарсан нь 2019 онд тухайн үеийн ерөнхийлөгч Н.Назарбаев түүний залгамжлагч К.Токаевт эрх мэдлийг үе шаттайгаар шилжүүлэх шийдвэр байсан юм. Ингэхдээ Н.Назарбаев “Элбасы” буюу “үндэсний удирдагч” цолыг хүртэж, Аюулгүйн Зөвлөлийн даргаар үлдэж аюулгүй байдлын аппаратыг хяналтандаа хэвээр үлдээв.

Н.Назарбаев зарим эрх мэдлээ авч үлдсэнээр эрх мэдлийн хоёрдмол байдал дээд хэсэгт гарч, бүлэглэл хуваагдахад хүргэжээ. 1 дүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаал нь элитүүдийн мөргөлдөөнийг өдөөж, тандемийг нураахад хүргэсэн бололтой. Эмх замбараагүй байдал эхэлснээс хойш гуравхан хоногийн дотор К.Токаев нөхцөл байдлыг гартаа авч Н.Назарбаевыг Аюулгүйн зөвлөлийн даргын суудлаа өгөхийг албадав. Дараа нь тэрээр ерөнхий сайд, засгийн газрын гишүүд болон аюулгүй байдлын аппаратаас Н.Назарбаевын талаас томилогдсон хэд хэдэн өндөр албан тушаалтныг огцруулжээ. К.Токаев Казахстаны Ардын Ассамблейн дарга, Аюулгүйн Зөвлөлийн тэргүүн зэрэг Н.Назарбаевыг насан туршдаа эзэмших хэд хэдэн томилгооноос хассан парламентын үндсэн хуулийн өөрчлөлтөд гарын үсэг зурав. Н.Назарбаевыг 2019 онд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусны дараа түүнийг хүндэтгэн Нур-Султан гэж нэрлэсэн нь Астана хотын нэрийг буцаан сэргээхээр цахим өргөдөл гаргаж, засгийн газрын олон албан тушаалтнууд тус хотыг зүгээр л ‘нийслэл’ гэж нэрлээд байгаа юм.

Н.Назарбаев болон түүний ойрын улс төрийн холбоотнуудыг зайлуулсны дараа К.Токаев эдийн засгийн эрх мэдэлд ч хяналт тавихаар шийдсэн бололтой. К.Токаев нэр хүнд бүхий зарим олигархыг чөлөөлөхийг хүсч байгаа бөгөөд улс орны эдийн засгийн олон асуудалд буруутгаж байна.

Хэдийгээр анхны ерөнхийлөгчийн гэр бүлийн хүрээллийг төрийн өндөр албан тушаалуудаас ийнхүү чөлөөлж байгаа ч  Казахстаны дээд удирдлага мөн чанартаа Н.Назарбаевын гэр бүлийг мөрдөн мөшгихгүйгээр “Түмний эцэг” (Елбасы) хэвээр нь үлдээх төлөв ажиглагдаж байгаа.

2. Тус улсад хээл хахууль, шудрага бус байдал газар авсан олон нийтийн дургүйцлийг  хүргэж байсан гол хүчин зүйл юм.  Казахстаны нийт хөрөнгө баялгийн 55%-ийг 162 хүн л эзэмшдэг, түүнээс тус улсад хамгийн үр ашигтай бизнесийн 90 орчим хувийг Н.Назарбаев болон түүний тойрон хүрээлэгч нар эзэмшдэг гэх судалгааг Викиликсээс /Wikileaks/ гаргасан байна. Томоохон бизнес эрхлэгч нарын буруутай үйлдлээс шалтгаалсан зарим ноцтой үйлдэлд хөнгөн хариуцлага тооцох төдийгөөр шудрага бус хандаж байсан. Тухайлбал, Нефтийн баялаг ихтэй баруун хэсэгт орших Мангыстау мужид оршдог Жанаозен хотод нефтийн салбарын ажилчид 2011 оны 5 дугаар сараас эхлэн цалин бага, хөдөлмөрийн нөхцөл тааруу байгааг эсэргүүцэн ажил хаялт зарлаж жагсаж эхэлсэн. Эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдлын зэрэгт шилжиж, улмаар засгийн газрын зүгээс утсан холбоо интернет сүлжээг хааж, гадны хорлон саатуулагч нарын буруутай үйлдэл хэмээн нэрлэн, энгийн иргэдийн эсрэг хатуу арга хэмжээ авч, дотоодын цэргийн хүчээр эсэргүүцлийн жагсаалыг нухчин дарсан үйл явдал болж байсан. Хэт их хүч хэрэглэсний улмаас 16 энгийн иргэн амь насаа алдсан. Уг үйл явдлын дараа Н.Назарбаевийн хүргэн Тимур Кулибаевыг буруутай гэж үзэн Казахстаны үндэсний компаниудын захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас буулгаж, түүнтэй хамт Мангыстау мужийн захирагч Крымбек Кушербаев, “КазМунайГаз” компанийн ерөнхийлөгч Болат Акчулаков нарыг ажлаас нь чөлөөлсөн. Гэсэн хэдий ч авлига, хүчирхийлэлд буруутгагдсан төрийн албан хаагчид шоронд хоригдохын оронд төрд нэлээд боломжийн албан тушаал хаших болсон юм. Акчулаков нь газрын тос, байгалийн хийн дэд сайд, Кушербаев 2013 онд Н.Назарбаевын зөвлөхөөс Кызылорда мужийн захирагч хүртэл хэд хэдэн албан тушаалыг амжилттай сольсон. Олон талт бизнес эрхэлдэг Кулибаевын хувьд тэрээр дэлхийн хамгийн баян 1107 дахь хүн, Казахстаны хоёр дахь баян бөгөөд хамгийн нөлөө бүхий хүнээр тодорсон бол эсэргүүцлийн жагсаалыг өдөөн турхирсан хэргээр сөрөг хүчний хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан. Энэ мэт шудрага бус байдал Казахстаны бүхий л салбарт цэцэглэн хөгжиж байсан нь маш хүчтэй нөлөөлсөн.

3. Ковид-19 цар тахал Казахстаны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ихээхэн нөлөөлсөн. Ялангуяа үүний эсрэг авч хэрэгжүүлсэн хөл хорио, хүний эрхийн хязгаарлалт, эрх баригчдын гаргасан оновчгүй шийдвэрүүдийн улмаас эдийн засгийн салбар таамаглаагүй сорилтуудтай тулгарч, нөлөөлөл нь иргэдийн амьжиргаа, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд хүндхэн туссан. Цар тахлын хөл хорионы үеэс эхлэн өнөө өрнөж буй үйл явцын шалтаг болоод буй байгалийн хийн үнийн асуудлаарх маргаан үүссэн байдаг. Тухайн үед тахлын дэгдэлтийг бууруулахын тулд хөл хорьсон ба дараа нь энэхүү дэглэмээ сулруулсантай холбогдуулан шингэрүүлсэн хийн үнийн дээд хязгаарыг улсаас зохицуулан тогтоосон байснаа цуцалсан юм.

Казахстан улс шингэрүүлсэн хийн үнийг 2020 оны хавар буюу цар тахлын эхэн үеэс эхлэн зохицуулж, шатахуун түгээх станцууд дахь жижиглэнгийн үнийн дээд хязгаарыг түр хугацаагаар улсаас тогтоон, компаниудын хүлээх алдагдалд татаас өгч байсан билээ. Тухайн үед зарим эдийн засагч, шинжээчдийнх нь зүгээс энэ үйл явцыг сайтар ажиглаж байсан бөгөөд цаашид үнийн зохицуулалтыг цуцалсны дараа хийн үнэ өсөх магадлалтай тул үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх вий хэмээн болгоомжилж байв. Казахстаны Эрчим хүчний яамнаас мэдээлснээр бизнес эрхлэгч нар хийн үнийн зохицуулалтын хугацаатай холбогдуулан төрийн байгууллагуудад удаа дараа хандаж байжээ. Зохицуулалтын хугацааг сунгасан тохиолдолд бизнес эрхлэгчид ажиллагсдынхаа орон тоог цомхтгоход хүрэх тухайгаа ч илэрхийлж байв. Гэвч бизнес эрхлэгчид, судлаачдынхаа үгийг эрх баригч, шийдвэр гаргагчид нь төдийлөн анхаарч үзээгүй.

Түүнчлэн зөвхөн байгалийн хий төдийгүй Ковид-19 цар тахлын улмаас учирсан сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн эдийн засаг, нийгмийн хөтөлбөрүүд нь боловсруулалт муутай, түүхий байгааг мэргэжилтнүүд сануулж байв. Эдгээрийг засч залруулахгүй бол Казахстаны бүс нутагтаа тэргүүлэгч, хөгжил цэцэглэлтийн түүчээ гэсэн үзэл суртал сорилттой тулгарч, дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн уналт, Ковид-19-ийн тархалт зэрэг хүчин зүйлийн улмаас өсөн нэмэгдэж буй ажилгүйдэл, ядуурал зэрэг асуудал нь нийгмийн тогтворгүй байдалд хөтөлж, жирийн иргэд, төр засгийн хоорондын харилцааны тогтсон бүтцэд нөлөөлж болзошгүйг анхааруулж байжээ.

Казахстаны үйл явдлын гадаад талд ямар нөхцөл ажиглагдав?

 Олон улсын байдал, тэр дотроо АНУ, ОХУ-ын харилцаа Украины байдлаас улбаалан ноцтой хурцадсан үед энэхүү үйл явдал болж өнгөрлөө. Казахстанд өрнөсөн үйл явдал 1 дүгээр сарын сүүлээр ОХУ, АНУ, НАТО-ийн хооронд дэлхийн аюулгүй байдалд нэн чухал цуврал хэлэлцээрүүд явагдахын өмнөхөн болсон юм.

Болсон үйл явдлыг гадаадын террористууд турхирсан төрийн эргэлт хийх оролдлого байсан гэж мэдэгдэж одоо ч энэ дүгнэлтээ Казахстаны ерөнхийлөгч К.Токаев, саяхан олны өмнө ил гарч ирсэн Н.Назарбаев нар мэдэгдлээ. ХАБГБ гишүүн орныхоо хүсэлтэд маш шуурхай хандаж энхийг сахиулах цэргээ оруулж улсын чухал объектуудыг хамгаалалтад авч, дотоодын хүчний байгууллагуудтай хамтран дэг журам сахиулж, байдлыг хяналтад оруулаад буцсан нь цэрэг, эрх зүйн хувьд мөн онцлог үйл явдал байлаа. Ингэснээр барууныхан болон олон улсын шинжээчдийн энхийг сахиулах хүчин тэр дотроо оросын цэрэг удаан хугацаанд байрших улмаар цэргийн баазаа ч байгуулж болзошгүй гэсэн таамаглалыг эцэс болгосон юм.

ХАБГБ гишүүн оронд энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж үүргээ биелүүлээд буцсан анхны тохиолдол байв. Мөн тус байгууллагын хувьд болзошгүй нөхцөл байдалд шуурхай хариу өгөх чадамжийн томоохон шалгуур боллоо гэж судлаачид үзэж байна. Өмнө нь 2010 онд хөрш Киргизэд болсон хувьсгалын үеэр Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиев ХАБГБ-аас цэргийн тусламж хүсэх гэсэн боловч тухайн үед ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев энэ хүсэлтийг няцааж, ХАБГБ-ын цэргийг оруулах нь хууль зүйн хувьд боломжгүй гэж үзэж байсан юм. Учир нь тэрээр: “ХАБГБ-ын цэргийн хүчийг ашиглах шалгуур нь ХАБГБ-ын гишүүн улсын хилийг төрийн болон төрийн бус байгууллага зөрчсөн тохиолдолд, өөрөөр хэлбэл эрх мэдлийг гаднаас авах гэсэн оролдлого гарах үед хэрэглэнэ. Ийм нөхцлийг л бид ХАБГБ-ын эсрэг халдлага үйлдсэн гэж үзнэ” гэсэн хариултыг өгч Киргикын явдлыг зөвхөн дотоодын асуудал гэж үзсэн юм.

Энэ удаагийн Казахстанд өрнөсөн үйл явдлын тавилт дэлхийн шинэ журам тогтоох ‘өнгөт хувьсгалын’ зураглалтай нэн төстэй явагдсан нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. ‘Өнгөт хувьсгал’-ын үр дүнд өөрийн зам мөрөөр хөгжиж байсан Ирак, Тунис, Ливи, Афганистан, Сири, Украин зэрэг улс орнууд иргэний дайны байдалтай болсон.

Казахстанд болж буй үйл явдлыг оросын асуудал болгох хандлага олон улсад түгээмэл байна. Казахстан ОХУ-тай 7000 гаруй км хуурай газраар хиллэж, тус улсад 4 сая орос үндэстэн аж төрж, ОХУ-ын Байконур сансрын цогцолбор, ураны олборлох байгууламж зэрэг онц чухал объектууд байрладаг. Сүүлийн 30 жилд Казахстан эдийн засагтаа татсан 33 млд ам.долларын гуравны нэгийг Оросоос авсан. Казахстан улс ОХУ-ын Төв Ази дахь хамгийн хүчтэй, стратегийн холбоотон. Одоогийн өрнөж буй үйл явдлаас дүгнэхэд Казахстаны төр засгийн гадаад бодлогод огцом өөрчлөлт гарахгүй хэмээн таамаглаж болохоор байна.

Казахстан цаашид хэрхэх вэ?

Энэ асуултад Н.Назарбаевын мэдэгдэл ямар нэгэн байдлаар хариулт өглөө. Түүний мэдэгдлээс үзэхэд Казахстаны эрх баригчид дээд түвшиндөө «Түмний эцгээ» оролдохгүй байх эрх мэдлээ хуваалцах эвийн тохиролцоо хийв үү гэсэн таамаглал байна. Үйл явдлын шалтгааныг гадны террорист ажиллагаа гэж хоёр тал ижилхэн дүгнэж байна. ХАБГБ-ын орсон явдал мөн үүнийг нотлоно. Нөгөөтээгүүр энэ бол ХХI зуун гарсаар Ойрх Дорнод, Арабын ертөнц, Зүүн Европт өрнөсөн, төгсгөл нь үл ажиглагдах “Хаврын”, “Улбар шар” гэх мэт өнгөт хувьсгалуудын нэгэн жишээ гэж үзэх судлаачид цөөнгүй байна. Н.Назарбаев мэдэгдэл хийх үеэрээ мөн тус орны эрх баригч “Нур Отан” намынхаа их хурлыг хийж, намын даргаа өнөөгийн ерөнхийлөгч К.Токаевт шилжүүлж өгнө гэснээ ёсоор болгож гэр бүлийн ойрын хүмүүс охин Дарига, ерөнхий сайд асан А.Мамин зэрэг хүмүүсийг улс төрийн зөвлөлөөс татаж авчээ.

Одоо Казахстанд байдал намжиж сэргээн босголтын ажил эхлээд байна. Ерөнхийлөгч К.Токаев жагсагчдын шаардлагад шуурхай хариу өгч засгийн газраа огцруулж, шатахууны үнийг өмнөх хэмжээнд хадгалж, ард олон руу хандсан эдийн засгийн цогц арга хэмжээ авахаа мэдэгдээд иргэдийн жагсах, үг хэлэх эрх чөлөөг  хүндэтгэхийг хуулиар баталгаажуулах асуудлыг хөнджээ. Түүнчлэн терроризмийн эсрэг үйл ажиллагаа үргэлжилж 10 мянга гаруй хүнийг баривчлжээ.

Дүгнэлт ба Казахстаны сургамж

Казахстаны үйл явдал олон түмнийг бухимдуулж буй авлига, нийгмийн шударга бус явдалтай тэмцэхэд тууштай байр суурь барих, байгалийн баялгийн тэгш хуваарилалт нэн чухлыг харууллаа. Нийгмийг ардчилах, эдийн засгийг зах зээлд шилжүүлэх үйл явцад гажуудал гарч, эрх мэдэлд хүрсэн цөөнх ардчиллыг ашиглан эрх мэдлээ нэмэгдүүлж, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтыг бий болгосноор шударга ёс алдагдаж, баян ядуугийн ялгаа нэмэгдэх нь эргээд улс орны дотоодын хямралыг хурцатгах томоохон шалтгаан болж, олон нийтийн дургүйцэл өрнөдөг нь Казахстанд ч тэр, манайд ч тэр адилхан илэрч буй үзэгдэл юм.

Хүний эрх, эрх чөлөө Үндсэн хуулиар хамгаалагдаж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хөгжсөнөөр нийгмийн шүүмжлэлт уур амьсгал хэвийн үзэгдэл болж, нийгмийн хэсэг бүлгийн бухимдал, уур хилэнг саармагжуулах нэг хүчин зүйл болж байдаг. Казахстаны хувьд хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдмал байдаг нь энэ удаад нийгмийн бухимдлыг хүчирхийлэл болгон дэвэргэх гол хүчин зүйл болж өгчээ.

Ашиглсасан эх сурвалж:

Дочь Н.Назарбаева Дарига вышла из состава политсовета правящей партии Казахстана «Нур Отан» – Газета.Ru | Новости (gazeta.ru)

БАГА ХӨРШИЙН ХЯМРАЛ БА СУРГАМЖ | www.baabar.mn | Шилдэг нийтлэлчдийн клуб

ВЦИОМ. Новости: Кризис в Казахстане: оценка россиян (wciom.ru)

Необходимое разъяснение к происходящим в Казахстане событиям – Avesta – информационное агентство

Обзор арабских СМИ о ситуации в Казахстане | Аналитический центр Катехон. Русский Имперский Ренессанс (katehon.com)

Как россияне относятся к событиям в Казахстане? О причинах и следствиях на 06 января 2021 года | Урванцев Вячеслав Леонидович, 06 января 2022 (9111.ru)

Collective Security Treaty Organization: Why are Russian Troops in Kazakhstan? https://www.ejiltalk.org/collective-security-treaty-organization-why-are-russian-troops-in-kazakhstan/


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА