Украинд зэвсэгт мөргөлдөөн гарах магадлалыг дүн шинжээчид яагаад таамаглаагүй вэ?

2022-03-04

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/03/152761.jpg

Украины асуудал чухам яагаад, юунаас болж хурцадсан, цаашид хэрхэх талаар ихэнх судлаач, шинжээчдийн гаргасан өмнөх дүн шинжилгээ, таамаглалууд одоо үүсээд буй нөхцөл байдлаас арай өөр хувилбараар бичигдсэн байдаг. Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаараар Олон улсын асуудлаарх Оросын зөвлөлийн гишүүн, улс төрийн шинжлэх ухааны доктор Иван Тимофеевийн “Russiancouncil.ru”-д нийтэлсэнУкраинд зэвсэгт мөргөлдөөн гарах магадлалыг дүн шинжээчид яагаад таамаглаагүй вэ” сэдэвт өгүүллийг орчуулан хүргэж байгаа бөгөөд агуулга нь зөвхөн тухайн судлаачийн үзэл санаа бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.

Оросын ч, олон улсын бусад шинжээчид ч Украинд цэргийн тусгай ажиллагаа явагдах боломжгүй гэж үзэж байсан бөгөөд “Москва цэргийн ажиллагаа явуулах гэж байна” гэх мэдээллүүдийг ээлжит суртал ухуулга, радикал талынхны хэрэгжүүлж буй кaмпанит ажил хэмээн дүгнэж байсан. Яагаад ийм алдаатай дүгнэлт, таамаглалууд гарч байсан бэ? Шалтгаан нь шинжээчид зөрчилдөөний үр дагаврыг л урьдчилан харж байсантай холбоотой юм. Хэдийгээр цэргийн тусгай ажиллагаанаас өмнө хийсэн шинжээчдийн дүгнэлт, таамаглалууд алдаатай байсан ч Украин ба Орост учрах хохирлын үнэлгээг бол зөв тодорхойлсон. Гарч болох хохирлын үр дагаврыг тооцож үзсэнээр Украинд цэргийн ажиллагаа явуулахгүй гэх үндэслэлийг шинжээчид гаргаж тавьсан хэдий ч шийдвэр гаргагчдын хандлагыг буруу тооцоолсон. Тэгэхээр бид “зөв” алдаа гаргасан юм.

Гэхдээ Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс гурван сарын өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-нд бичсэн нийтлэлийг дахин харж болно. (Орос Украины хооронд үүсч болзошгүй дайны үр дагавар нь эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал, гадаад бодлогод ихээхэн эрсдэл дагуулна. Ru. Valdaiclab.com. 25.11.2021. Иван Тимофеев )

Кремлийн 2008 оноос хойш хэрэгжүүлсэн цэргийн ажиллаанууд харьцангуй үр дүнтэй байсан нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байх талтай. Мөн Минскийн гэрээний хэрэгжилтэд үүссэн ан цав, Украины нутаг дэвсгэрт цэргийн дэд бүтцийг бий болгох барууны санаархал нь болгоомжлол төрүүлснээр үүн дээр нэрмээс болсон. Луганскийн БНУ, Донецкийн БНУ-ыг хүлээн зөвшөөрсний дараа хүч хэрэглэх нөхцөл байдал үүсэхгүй  мэт санагдаж байсан нь үнэн. 11 дүгээр сарын 25-ны нийтлэлд гарч болзошгүй шийдвэрээс үүсэх долоон магадлалын үр дагаврыг тодорхойлсон бөгөөд одоогоор ямар нэг хэлбэрээр хэрэгжиж байна.

Үр дагавар 1. Зэвсэгт мөргөлдөөн сунжрах. Оросын арми Украины зэвсэгт хүчинд асар их хохирол учруулахаар байна. Украины зэвсэгт хүчин томоохон хотууддаа төвлөрсөн тул мөргөлдөөнөөс үүдэлтэй цэрэг, иргэний ихээхэн хохирол амсах аюул заналыг үүсгэж байна. Украйны удирдлагын хувьд цэргийн ажиллагааны эхний үеийн цочролоосоо гарсан нь илт байгаа. Хоёр талын яриа хэлэлцээний үеэр Украины Зэвсэгт хүчинд түр амсхийх боломж гарна. Үүнээс болж Орос улс хэцүү сонголттой тулгарч байна. Нэг бол яриа хэлэлцээ хийснээр эсрэг талдаа амсхийх боломж олгох, эсвэл хотын байлдааны нөхцөл байдалд зохицон, өсөн нэмэгдэж буй алдагдлаа харгалзан дайралтаа үргэлжлүүлэх.

Үр дагавар 2. Украинд дэмжлэг үзүүлэх барууны орнуудын хүрээ нэмэгдэж, тусламжийн хэмжээ хэд дахин өссөн. Барууныхан Оростой шууд зэвсэгт мөргөлдөөнд орох сонирхолгүй байгаа ч Украинд эдийн засаг, цэрэг зэвсгийн томоохон дэмжлэг үзүүлэх болно. Украины баруун хил Оросын цэргүүдийн хяналтад байдаггүй тул зэвсэг техникийн хангамжийг саадгүй хийх боломжтой. Хуучин Варшавын гэрээний орнуудаас Украин руу тэдний зэвсэглэлд нийцсэн Зөвлөлтийн үеийн, мөн барууны орчин үеийн шинэ дэвшилтэт (агаар болон бусад довтолгооноос хамгаалах систем гэх мэт) зэвсэг техник нийлүүлнэ. Мөн Украины зэвсэгт хүчний эгнээнд гадаадын сайн дурынхан ч нэгдэж магадгүй. Зэвсэгт мөргөлдөөн сунжрах тусам Украины армийн нөхөн хангалтад эерэг үр дагавар авчирах боловч талуудын хор хохирол цаашид улам нэмэгдэх болно.

Үр дагавар 3. ОХУ-ын дипломат тусгаарлалт. Москвагаас хэрэгжүүлж буй цэргийн тусгай ажиллагааг барууныхан тусгаар тогтносон улсын эсрэг түрэмгийлэл хэмээн улс төрийн байр сууриа нэгдмэл байдлаар илэрхийлж байна. Харин бусад орнууд энэ үзэл бодолд нэгдэх юм уу, үнэлгээ өгөхөөс зайлсхийж буй. Оросыг дэмжих хэсэг бага хувийг эзлэх бөгөөд тэдний байр суурь дэлхий нийтийн хандлагыг өөрчлөхгүй. Эдгээр улсууд өөрсдөө нэг бол тусгаарлагдмал, эсвэл Оросоос ихээхэн хамааралтай. Дэлхий нийтийн санаа бодол, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Киевийн талд байна. Энэ нь зөвхөн барууны орнуудад ч хамаарахгүй.

Үр дагавар 4. Оросын эсрэг барууныхан урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээ авч байна. Хориг арга хэмжээ нь Орост хатуу тусахгүй гэсэн мэдэгдэл үнэндээ бодит байдалтай нийцэхгүй. Иранд үзүүлсэн хэсэгчилсэн хоригтой харьцуулахад Орост тавьж буй энэ хоригийн эдийн засагт учруулах нөлөө нь асар их. Зорилго нь эдийн засгийг богино хугацаанд тогтворгүй болгох явдал юм.

Гэхдээ Оросын засгийн газар сүүлийн жилүүдэд эдийн засгаа гадны нөлөөнд тэсвэртэй болгон, бие даасан санхүүгийн дэд бүтцийг бүрдүүлж чадсан. Наад зах нь төв банк цахим төлбөрийн систем, хөрвөх чадварыг хянаж чаддаг. Гэсэн хэдий ч хориг арга хэмжээний богино болон хэтийн үр дагавар маш хүнд байх болно. Үүнд: инфляц, импортын үнийн өсөлт, бараа нийлүүлэлтийн тасалдал, ажилгүйдэл зэрэг багтана. Барууныхан дунд болон урт хугацаанд Оросын бараа, түүхий эд, зэвсэг, хүнсний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн эргэлтээс гаргах сонирхолтой байгаа. Үүнд цаг хугацаа шаардагдах бөгөөд санаачлагчид үүнийхээ төлөө өндөр төлбөр төлөх ёстой болно. Гэхдээ тэд эдийн засагт гарах алдагдлаа үл тоон Оросыг зах зээлийн сүлжээнээс хасахыг эрмэлзнэ.

Өөр нэг асуудал бол барууны бизнес эрхлэгчид засгийн газрынхаа шийдвэр, үйл ажиллагааг эсэргүүцэн, бойкот хийх эсвэл гүйлгээг түр зогсоож болзошгүй. Түүнчлэн барууны болон бусад олон компани АНУ-ын харьяалалд үйл ажиллагаа явуулдаггүй байлаа ч түүний хоригт өртдөг. Үүнээс шалтгаалан Оросын оролцоотой арилжааны төслүүд хэсэгчлэн эсвэл бүрмөсөн зогсоно гэсэн үг юм. Энэ бүхний гол уршиг дагавар нь Оросын эдийн засгийн чадавх буурч, иргэдийн орлого, амьдралын чанарт нөлөөлөх болно.

Үр дагавар 5. Украины зэвсэгт хүчний томоохон бүлэглэлүүд ялагдсан ч Оросууд тухайн нутаг дэвсгэрт хяналт тавьж чадах эсэх нь эргэлзээтэй. Өнөөгийн нөхцөл байдал уг асуудлыг шийдвэрлэхэд хялбар биш гэдгийг харуулж байна. Хотуудыг бүслэн дайралт хийх нь энгийн иргэдийг ихээр хохироох болно. Нэг ёсондоо дайсагнасан үзэл бүхий хүн амтай том улсыг хяналдтаа авч үлдэх нь туйлын хэцүү.

Үр дагавар 6. Украйны нийгэм орон нутгийн ялгаанаас үл хамааран оросыг эсэргүүцэх үндэслэлээр нэгдэж байгаа бололтой. Өмнө нь радикалууд болон оросыг дэмжигчид цөөн ч гэсэн байсан. Гэтэл одоо эсрэгээрээ Украинуудын үндэсний эв нэгдэл нягтарч байна. Иргэдийн амсаж буй хохирол энэ үйл явцыг улам бататгаж, тэд эсэргүүцлийн ажиллагаанд зэвсэглэн нэгдэж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Оросын цэргийн тусгай ажиллагаа хэрхэн дуусахаас үл хамааран, Украины нийгэм ойрын хэдэн арван жилийн турш Оросыг дайсан гэж үзэх болно.

Үр дагавар 7. Украины эсрэг үйлдэл нь Оросын дотоодод маргаантай үйл явцыг эхлүүлсэн. Иргэд дотроо энэхүү цэргийн тусгай ажиллагааг эсэргүүцэгч болон дэмжигч гэсэн бүлэгт хуваагдсан. Одоогийн байдлаар нийгэм дэх түгшүүрийн түвшин, тусгай ажиллагааг эсэргүүцэгч болон дэмжигчдийн харьцааг харуулсан социологийн бодит тоо баримт алга байна. Үүний тулд бидэнд санал асуулгын үр дүн шаардлагатай төдийгүй асуулт хариултын ард чухам юуг илэрхийлсэн бэ гэдгийг ч ойлгох шаардлагатай болно. Ийм мэдээллийг дүн шинжилгээ бүхий ярилцлага, фокус бүлгүүдээр дамжуулан авч болно. Үүний зэрэгцээ түгшүүр, эсэргүүцэл гарч ирэх нь эргэлзээгүй юм. Тухайлбал, ‘Урвагчид’-ыг хайж ол гэсэн уриа мэр сэр гарч байна. Ямарч хяналтгүйгээр ‘шуламын ав’ хийх нь аюултай нөхцлийг үүсгэх ба онцгой тохиолдолд ‘дайны хууль’-ийн үйлчлэл хэрэгжих магадлалтай. ‘Урвагчид’-ыг ангуучилах нь нийгмийн эв нэгдэлд нэмэр болох нь юу л бол. Түүгээр ч барахгүй ‘урвагчид’-ыг олж тогтоосон хүмүүс эрт орой өөрсдөө золиос болдгийг түүх гэрчилдэг. ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний эдийн засгийн үр дагавар ихсэх тусам нийгмийн хуваагдал гүнзгийрэх магадлал өндөр юм. Хориг арга хэмжээтэй холбоотой өмнөх туршлагуудаас харахад ‘олигархиуд’, ‘эрх баригчид’ биш харин нийгмийн эмзэг, дунд давхарга л хохирдог.

Гурван сарын өмнө урьдчилан таамаглаж байсан мөргөлдөөний үр дагавар дээр дахиад дараах хоёр зүйлийг нэмж хэлэх ёстой.

Нэгдүгээрт: Зүүн Европ дахь НАТО-гийн цэргийн оролцоог мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна. Барууны хэд хэдэн улс агаарын орон зайгаа хаасан нь Калининград мужийг тусгаарлах урьдчилсан нөхцлийг бүрдүүлж байна. Өнөөг хүртэл НАТО идэвхтэй интервенцээс зайлсхийсээр байгаа. Гэхдээ хориг арга  хэмжээ авснаар байдлыг улам хурцатгах, тэр дундаа стратегийн заналхийллийг нэмэгдүүлэх болно. Аль аль тал нь ийм хурцадмал байдлыг хүсэхгүй байгаа боловч нөхцөл байдал дордсоор байгаа нь НАТО-той цэргийн мөргөлдөөнд хүргэх аюулыг улам нэмэгдүүлсээр байна. Одоогийн үйл явц Зүүн Европыг цэрэгжихэд хүргэнэ. Үүнтэй зэрэгцэн Орос улс ч арга буюу зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүрэх бөгөөд энэ нь өөрөө асар их өртөг шаардна. Барууны талаас батлан ​​хамгаалах зардлаа ихээр нэмэгдүүлж, зэвсэгт хүчнээ сайжруулан шинэчилж, урьд нь хойшлуулдаг байсан холбогдох шийдвэрүүд батлагдан гарах биз ээ. Үүний уршгаар Дэлхийн II дайны дараах хүндрэлийг даван туулахын тулд идэвхтэй цэргийн бодлогоос зайлсхийж байсан Герман улсыг дахин цэрэгжихэд хүргэж, Оросын хилийн цаана Москвагийн улс төрийн бодлогыг хязгаарлах чадамжтай цэргийн хүчирхэг гүрнийг бий болгож болзошгүй. Ингэснээр Европын холбоо Оросыг эсэргүүцэх гэдэг үндэслэлээр цэрэг-улс төрийн гол субъект болно.

Хоёрдугаарт: Хилийн чанад дахь, ялангуяа барууны оронд байгаа оросуудад хандаж буй ялгаварлан гадуурхлын асуудал. Өрнөж буй үйл явцаас шалтгаалан орос энгийн иргэнийг ч хамаагүй ялгаварлах болов.

Украин дахь цэргийн ажиллагаанаас Орос ямар үр дүн хүлээж байгаа вэ? Магадгүй Украины НАТО-гийн албан ёсны гишүүнчлэлд багтах асуудал хойшлогдох байх. Гэхдээ үүнтэй зэрэгцэн Украин Оросын эсрэг байр суурьтай иж бүрэн цэрэгжсэн улс болж хувирах, эсвэл Орос ихээхэн зардлаар Оросыг  эсэргүүцдэг иргэдтэй улсыг хяналтадаа байлгадаг болохоос өөр аргагүй болно. НАТО манай баруун хил хүртэл тэлж өргөжсөн учраас Украинд бид хяналт тавьлаа ч түүнийг сулруулах магадлал өндөр. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн, үр дагавар нь хэдэн арванаар тоологдох болно.

Цэргийн тусгай ажиллагааны үр дүнд найман жилийн турш фронтын шугамд байсан Донецк, Луганск руу чиглэсэн цэргийн шууд заналхийллийг арилгаж, энгийн олон иргэний амь нас хохироож байсан явдлыг зогсоосон. Гэвч үүнийг украин хүмүүсийн амь нас, дэд бүтцийн ихээхэн сүйрлээр олж авсан юм. Донбассын мөргөлдөөн ил, далд дэмжлэгтэйгээр эхэлсэн гэх дүгнэлтэд Москва няцаалт өгч бараг л чадахгүй. Энэ нь найман жилийн турш дайсагналцсаны бурууг зөвхөн үндсэрхэг үзэлтнүүд болон Киевт үүрүүлэх нь туйлын хэцүү, бүр боломжгүй зүйл юм.

Эцэст нь дүгнэхэд төлөөс золиос хүртэх ашгаас илүү даваад гарчихлаа. Өнөө үүсээд буй нөхцөл байдлыг туйлын доогуур үнэлснээс болж энэ нөхцөл үүссэн. Бидний таамаг алдаатай байсан уу байсан, гэхдээ өнөөгийн үр дагаврыг бол эндүүрээгүй юм шүү.


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА