Хятадын эдийн засгийн өсөлт цар тахлын нөлөөгөөр 2022 онд саарах хандлагатай байна. Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаартаа Хятадын “Хоёр хурал”-ын дараа 2022 онд Хятадын эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг эдийн засагчид хэрхэн харж буйг тоймлон авч үзлээ. Ингэхдээ өнгөрсөн онд Хятадын эдийн засаг өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл, 2022 онд тулгарах гол сорилт бэрхшээл, эцэст нь манай улсын экспортод нөлөөлөх нүүрсний эрэлтийн талаарх таамаглал, хандлагад тулгуурлан тоймлосон болно.
2021 оны Хятадын эдийн засгийн өсөлт: Экспорт ба хөрөнгө оруулалт
2021 онд Хятадын ДНБ 17.7 их наяд ам.долларт хүрч, 8.1 хувиар өсчээ. Энэ тухай Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян 2022 оны 3 дугаар сард хуралдсан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал дээр тавьсан Засгийн газрын тайлан илтгэлдээ өгүүлсэн юм. Олон улсын Валютын сан энэ оны 1 дүгээр сард Хятадын эдийн засгийг 7.9 хувийн өсөлттэй гарна гэж таамаглаж байсантай энэ нь ойролцоо байв. 2021 онд Хятадын эдийн засаг ийнхүү өсөхөд нөлөөлсөн хоёр гол хүчин зүйл нь экспорт ба хөрөнгө оруулалттай холбоотой бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийн хамгийн чухал хөдөлгүүр болжээ.[1] Ялангуяа дэд бүтэц ба үл хөдлөх салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн аж. Үүн дээр нэмээд гадаадын хөрөнгө оруулалт, ногоон хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг, өндөр технологийн хөрөнгө оруулалт зэрэг нь Хятадын өндөр чанартай өсөлтийг бүрдүүлэгч гол хэсэг болдог бөгөөд эдгээр салбар 2022 онд ч Хятадын эдийн засгийн гол тулгуур байх болно гэж эдийн засагчид нь үзэж байна.[2]
2022 онд Хятадын эдийн засаг эхний хагас жил удааширалтай, сүүлийн хагас жилд өсөх төлөвтэй байна гэж эдийн засагч Пөн Вэньшөн таамаглажээ. Олон улсын Валютын сан 2022 онд Хятадын эдийн засгийг 4.8 хувиар өснө гэж таамаглаж байна. Хятадын засгийн газар ч эдийн засгийн өсөлт саарч буй хандлагыг тооцон 2022 онд өсөлтийг 5.5 хувьд хүргэнэ гэсэн зорилт[3] тавиад байгаа нь 2021 оны 8.1 хувийн өсөлттэй харьцуулахад бага үзүүлэлт юм. 2022 онд өсөлт ийнхүү саарах нь эдийн засагт тулгарч буй дараах гол бэрхшээл сорилттой холбоотой.
Эдийн засагт тулгарч буй бэрхшээл
Хятадын эдийн засагт цаашид гурван гол бэрхшээл тулгарна гэж эдийн засагч Шы Женьдао үзэж байна. Нэгд, экспорт 2021 онд байсан шиг сайн байж чадахгүй. Яагаад гэвэл цар тахлын үеэр бусад улсын үйлдвэрлэл буурснаар Хятад улс энэ орон зайд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж экспортоо өсгөсөн, харин цаашид цар тахал олон улсад аажим буурвал Хятадад ийм давуу тал дахин ирэхгүй. Хоёрт, хэрэглээ сайн сэргэж чадахгүй, цар тахлыг “тэг” түвшинд барих бодлогын улмаас хэрэглээ хязгаарлагдсан, хэдийгээр цар тахлыг “тэг” байлгах бодлогыг сулрууллаа ч хэрэглээ буцаад тийм хурдан сэргэж чадахгүй. Гуравт, өрийн асуудал, одоогийн өрийн түвшин хэцүү байгаа учраас төв засгийн газар идэвхжүүлэх бодлого явуулахад төвөгтэй байх болно. Ийнхүү экспорт, хэрэглээ, өрийн асуудал гэсэн гурван гол бэрхшээлийн улмаас Хятадын эдийн засаг 2022 онд өмнөх оных шиг өсөлт үзүүлэхэд хүндрэлтэй байх ажээ.[4]
Экспортын өсөлт саарна:
2022 он гараад эхний хоёр сарын гаалийн статистикаар Хятадын экспортын өсөлтийн хувь хоёр оронтой (16.3%) байгаа боловч энэ нь 2020 оны 10 дугаар сараас хойших хамгийн бага өсөлт болж, эдийн засагчдын таамаг ёсоор экспортын өсөлт саарч байна.
2022 онд Хятадын экспортын өсөлт саарах гол хүчин зүйл нь гадаад эрэлт буурч, өртөг нэмэгдэх явдал гэж Bank of China-гийн тайланд дурджээ.[5] Эрэлт талаас харвал, омикроны дэгдэлт дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нөлөөлснөөр гадаад эрэлт нэмэгдэхгүй, Америк Европт мөнгөний бодлого өөрчлөгдөснөөр мөн эрэлтийг сааруулж болзошгүй. Нийлүүлэлт талаас харвал, хятадын гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд материал, хүн хүч, тээврийн өртөг зэрэг дарамт учрахын сацуу ба юанийн ханш чангарах нь гадаад худалдааны ашигт сөрөг нөлөө үзүүлэх ажээ.
Гэхдээ Хятадын экспортод эерэг нөлөө үзүүлэх нэг хүчин зүйл байгаа нь Ази, Номхон далайн 15 улсын 2020 оны 11 дүгээр сард гарын үсэг зурсан “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”[6] ажиллаж эхлэх явдал бөгөөд энэхүү том зах зээл гаалийн татвараа бууруулснаар Хятадын экспортын зах зээлд таатай нөхцлийг бүрдүүлж өгнө. Хятадын экспортын 30 орчим хувь нь гаалийн татваргүй гарахаар болоод байгаа юм.
Хэрэглээ буурна:
Уг нь 2021 онд Хятадын хэрэглээний зах зээл сэргэж, өмнөх оныхоос 12.5 хувиар өсчээ. Энэхүү хэрэглээний өсөлтийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 65.4 хувьд хүрсэн нь цар тахлын өмнөх үеийн түвшинг ч давсан аж. Хэрэглээ эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болсон хэвээр байв.
Гэвч 2022 онд цар тахлын дэгдэлттэй холбоотой иргэдийн орлого буурч, тэр хэрээр хэрэглээ танагдах төлөвтэй байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний зардал буурахаар байгаа нь хэрэглээний зах зээлд таагүй нөлөө үзүүлэх аж. Цар тахлын улмаас түүхий эдийн үнэ өсөж, ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож, улмаар хэрэглээний зардал, санхүүгийн зарлага зэргээ танах арга хэмжээ авч байгаа нь 2022 онд ч үргэлжилэхээр байна. Түүнчлэн аялал жуулчлал, худалдан авалт зэрэг гадаадаас ирдэг хэрэглээ цар тахлын улмаас ихээр хумигдана. Ерөнхийдөө цар тахлын дэгдэлт нь хэрэглээний зах зээлийн өсөлт саарах гол хүчин зүйл болж байна.[7]
Хятадын Худалдааны яамны Зах зээл, хэрэглээг дэмжих хэлтсийн мэргэжилтэн Шью Шинфөн цар тахлыг хязгаарлах арга хэмжээг сайн авч хэрэгжүүлэх учраас хэрэглээг тогтвортой сайн байлгаж чадна гэж энэ оны эхэнд мэдэгдэж байсан юм.[8] Гэвч өдрөөс өдөрт нэмэгдэж буй цар тахлын халдвар, хатуу хөл хорио зэрэг арга хэмжээ нь цаашид хэрэглээ хумигдахад ихээр нөлөөлөхөөр байна.
Өрийн асуудал:
Үл хөдлөх хөрөнгийн салбарын өрийн асуудал: Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал 2022 онд улам хурцдаж магадгүй байгаагийн гол шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн компаниудын өрийн асуудал хүндэрч буйтай холбоотой. 2022 оны эхний гурван сард үл хөдлөх хөрөнгийн компаниудын өр 2021 оны сүүл үеийнхээс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй. Хэрвээ ингэвэл дэлхий дээр системийн шинжтэй хоёр дахь том хямралын эрсдэл нүүрлэж болзошгүй гэж хятадын эксперт хэлжээ.[9] Хятадын үл хөдлөх салбарын гигант Эвергранд дампуурсны дараа төрөөс дахин эмхлэх арга хэмжээ авсан ч бондоо төлж чадахгүй хэвээр байна. Энэ нь бусад олон компанийг дампуурахад хүргэж болзошгүй байгаа аж.
Орон нутгийн засгийн газрын өрийн асуудал: Хятадын төсөв санхүүгийн тогтвортой байдалд хоёр том зөрчил бий гэж үздэг. Нэгд, төв ба орон нутгийн өрийн тэнцвэргүй байдал буюу орон нутгийн засгийн газрын өрийн эрсдэл өдөр, хоёрт, орон нутаг нь дотроо бүс хоорондын тэнвцэргүй байдалтай байна. Хятадын Нийгмийн ШУА-ийн тайланд хөгжлөөр хоцрогдсон хойд, зүүн хойд, баруун өмнөд бүсийн орон нутгийн төсвийн орлого бага, өрийн дарамт өндөр байгааг онцлов.[10] Эсрэгээр зүүн ба зүүн өмнөд хөгжингүй бүсийн орон нутгийн төсвийн орлого өндөр, үүнийг дагаад бондын хуваарилалтыг хөгжингүй бүсэд түлхүү олгогддог. Энэ нь бүс хоорондын хөгжлийн тэнцвэргүй байдлыг улам даамжруулдаг ажээ. Бүсүүд хоорондын төсөв санхүүгийн зөрүүтэй энэ байдал 2022 оны Хятадын эдийн засгийн өсөлтөд дарамт учруулахаар байна. 2022 онд бүтцийн өөрчлөлт хийхгүй энэ чигээр явбал 2023 онд орон нутгийн өрийн асуудал айхтар хурцдана гэж тайланд онцложээ.
Ийнхүү 2021 онд 8.1 хувиар өссөн Хятадын эдийн засаг 2022 онд экспорт, хэрэглээ буурч, өрийн дарамт нэмэгдэхтэй холбоотой 5.5 хувь болж, эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна. 2022 оны Хятадын эдийн засгийн ийм дэвсгэр дээр манай улсын гол экспортын бүтээгдэхүүн нүүрсний эрэлт Хятадад 2022 онд хэрхэх талаар доор товч авч үзлээ.
Эрчим хүчний хэрэглээ ба нүүрсний эрэлт
2021 онд Хятадын нүүрсний хэрэглээ 4.07 тэрбум тонн байсан, үүнээс нийт 320 сая тонныг импортлосон нь өмнөх жилийнхээс 6.6 хувиар өссөн дүн юм. 2022 онд нүүрсний хэрэглээ 4.3 тэрбум тонн болж, импорт 300 сая тонн байх таамаг байна. [11]
2022 он гаруут нүүрсний үнэ таамаглаж байснаас ихээр өсөв. Эхний сард гэхэд л эрчим хүчний нүүрс өмнөх оныхоос 37.9 хувиар өсчээ.[12] Үнэ өсөж буй нөхцөлд Хятад улс дотоодын нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж (өмнөх оны мөн үеийнхээс 10.3 хувиар нэмсэн), импортоо бууруулаад байна (эхний хоёр сарын импортоо 53.5 хувиар бууруулсан).[13] Гэхдээ эхний хоёр сарын байдлаар нүүрсний эцсийн хэрэглэгч салбаруудын өсөлтийн хувь нүүрс үйлдвэрлэлийн өсөлтөөс бага байгаа тул ерөнхийдөө нүүрсний эрэлт нийлүүлэлт тэнцвэржиж жилийн сүүлийн хагаст нүүрсний үнэ тогтворжино гэсэн таамаг байна.
Хятадад нүүрсний эцсийн хэрэглэгч болох дөрвөн гол салбар байдаг нь тог цахилгаан, гангийн үйлдвэрлэл, барилга, химийн үйлдвэрлэл тус тус юм. Эдгээрээс нүүрсийг хамгийн ихээр хэрэглэдэг нь тог цахилгааны салбар аж. 2021 онд Хятадад цахилгааны хэрэглээ 10.3 хувиар өссөн нь дотоодын эдийн засгийн сэргэлт, гадаад худалдааны өсөлттэй холбоотой байжээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 2022 онд тогны хэрэглээ багасаж, 5-6 хувиар өснө гэсэн таамаглал байна. Хэдий өсөлт саарч байгаа ч 5-6 хувийн өсөлтийг дагаад нүүрсний хэрэглээ тэр хэрээр нэмэгдэх хандлагатай юм. Шиньда биржийн тайланд дурдсанаар 2022-2025 онд Хятадын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 3.3 хувиар өсөх бөгөөд түүн дотор Хятадын нүүрсний хэрэглээ жилд дунджаар 2.07 хувиар нэмэгдэж явахаар байна.[14]
Өнгөрсөн жилийн 10 дугаар сард болсон цахилгааны тасалдал томоохон сургамж болсон. Тиймээс энэ жил нүүрсний нийлүүлэлтийг баталгаатай болгох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Олон улсын дата корпорацийн таамаглаж буйгаар 2022 онд Хятадын нүүрсний зах зээлд нийлүүлэлтийг дэмжих бодлого явуулснаар эрэлт нийлүүлэлт харьцангуй тогтвожино, “суурь үнэ+хөвөгч үнэ”-ийн механизм нь өртгийг өөрчилснөөр нүүрсний аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж, цахилгаан эрчим хүчний хомсдолд орох магадлал буурна гэжээ.[15]
Цахилгаан эрчим хүчний систем нь үйлдвэрлэл, эдийн засгийн сүлжээний системтэй маш нягт уялдсан байдаг учраас цахилгаан тасрах нь системийн хэмжээний нөлөө үзүүлдэг. Цахилгаан тасарсан бүсийн үйлдвэрлэлд нөлөөлөөд зогсохгүй, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд үзүүлэх дам хохирол нийт хохирлын 70 хувийг эзэлдэг ажээ. Цахилгаан тасалдлын ийм хохирлоос сэргийлэхийн тулд Хятад улс энэ жил тог цахилгааны аюулгүй байдлыг ихээхэн анхаарч байгаа юм. Нүүрс Хятадын эрчим хүчний хувьсгалын гол хэсэг хэвээр байх ба ирээдүйн хөгжил нь ухаалаг нүүрсний уурхай, цэвэр, үр ашигтай ашиглалт, нүүрсний химийн боловсруулалт зэрэгт чиглэх ажээ.
Дүгнэлт
- БНХАУ-ын дотоодын цар тахлын халдварын дэгдэлт энэ оны III улирал хүртэл үргэлжлэх таамаглалтай байгаа. Үүнээс үүдэж хятадын эдийн засаг 2022 онд Төрийн зөвлөлийн зорилтот 5.5 хувийн түвшинд хүрэхгүй байх магадлал өндөр байна.
- Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж хятадын иргэдийн орлого буурч, хэрэглээ танагдаж, худалдан авах чадвар суларч байгаа нь
- Одоо байгаа инфляцыг оны төгсгөлд 1-2 хувиар өсгөхөд нөлөөлөхөөр байна.
- Орон сууцны борлуулалт буурч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хямралыг даамжруулах эрсдэл тулгарч байна.
- БНХАУ-ын эдийн засаг экспортод суурилсан. Гэвч 2022 онд экспорт буурахаар байгаа нь эрх баригчдын толгойны өвчин болж байна. Иймээс Ардын банкнаас экспортыг нэмэгдүүлэх үүднээс юанийн албан ханшийг бууруулж, экспорт, хөрөнгө оруулалтыг татах алхмыг хийх магадлалтай.
- Эрчим хүчний үнийг 2019 онд чөлөөлсөн нь нүүрсний худалдан авах ханшийг өсгөж өгсөн. Хятадын эрх баригчид нүүрсний импортыг бууруулж дотоодын нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлж байгаа нь хэрэгцээг бүрэн хангахад хангалтгүй тул үнэ өсөхөд нөлөөлсөн. Энэ үнийн өсөлт нь түр зуурын бөгөөд эрчим хүчний үнэ тогтворжих хүртэл үргэлжлэх магадлалтай байна.
[1] 经济学家:2022中国经济面临严峻挑战 https://www.voachinese.com/a/china-economy-forecast-03-04-2022/6470266.html
[2] 中国经济形势开年如何看?——三位经济学家谈当前经济热点问题 http://www.gov.cn/xinwen/2022-02/06/content_5672346.htm
[3] 2022年5.5%左右经济增速目标怎么看?能实现吗? http://www.gov.cn/xinwen/2022-03/09/content_5678042.htm
[4] 经济学家:2022中国经济面临严峻挑战 https://www.voachinese.com/a/china-economy-forecast-03-04-2022/6470266.html
[5] 2021 年我国外贸出口形势分析与2022 年展望https://pic.bankofchina.com/bocappd/rareport/202202/P020220214846470213495.pdf
[6] RCEP Agreement https://rcepsec.org/#:~:text=The%20Regional%20Comprehensive%20Economic%20Partnership%20(RCEP)%20is%20a%20free%20trade,FTA%20partners%20(Australia%2C%20China%2C
[7] 王微:2022新趋势显现 被抑制的消费潜能如何释放https://www.drc.gov.cn/DocView.aspx?chnid=379&leafid=1338&docid=2904788
[8] 2022年,中国外贸、外资、消费前景如何? https://www.chinanews.com.cn/cj/2022/01-25/9661620.shtml
[9] 022年中国房地产债务危机将加剧中国经济https://www.eddiba.com/2022年中国房地产债务危机将加剧中国经济/
[10] 中国社科院《报告》:财政体制若不改,地方债问题将非常棘手 http://fjlib.net/zt/fjstsgjcxx/dylt/202203/t20220304_469336.htm
[11] 2021-2022年中国煤炭产业经济形势研究报告 http://www.zgmt.com.cn/magazine/magazineContent.do?catalogdataid=492a19f931fa438991157bf4075bbac2
[12] 2022年煤炭价格再次抬头 分析人士认为板块有投资机会 http://m.ce.cn/gs/gd/202201/28/t20220128_37298441.shtml
[13] 煤炭 https://pdf.dfcfw.com/pdf/H3_AP202203201553781409_1.pdf?1647939840000.pdf
[14] 2022年煤炭需求如何?看这四大耗煤行业走势 https://www.cctd.com.cn/show-176-221548-1.html
[15] IDC:2022年中国能源转型十大预测 https://www.idc.com/getdoc.jsp?containerId=prCHC48685522
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19