Middle East Institute-ийн судлаач Сельжүк Жолакоглугийн Аюулгүй байдал судлалын хүрээлэнд ирүүлсэн Turkey and India: ‘Natural Allies?’ өгүүлэлийг орчуулан хүргэж байна. Уг өгүүлэлийн дэвшүүлсэн үзэл санаа, аливаа дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.
Турк, Энэтхэг улсууд нь түүхийн хувьд гүн гүнзгий холбоотой, хөгжиж буй ардчилсан орнууд бөгөөд саяхан Туркийн нэгэн ахмад хуульч хоёр орныг “Жам ёсны холбоотон” хэмээн хэлсэн юм. Турк улсын Пакистаны талаар баримтладаг чиглэл нь Энэтхэг улстай харилцаа, холбоогоо хөгжүүлэхэд саад учруулсаар иржээ. Энэхүү зөрчилийн үүсэл нь 1950-аад оны эхэн үе буюу Хүйтэн дайны эхээр болсон Энэтхэг-Пакистаны мөргөлдөөнөөс эхэлсэн түүхтэй. Одоо хүртэл энэхүү таарамжгүй харилцааг зохицуулж чадаагүй байна. Сүүлийн үед ‘Пакистаны хүчин зүйл’ ялангуяа Кашмирийн мөргөлдөөн Турк, Энэтхэгийн маргааны гол цэг болж байна.
Зогсонги харилцаа сэргэж эхэлсэн нь
Турк, Энэтхэг хоёр улс 1948 онд дипломат харилцаа тогтоосон ч түүнээс хойш дөчин жилийн хугацаанд хоёр орон найрсаг харилцаатай байгаагүй юм. Тэр ч бүү хэл тэдний харилцаа хоёр шалтгааны улмаас үе үе хурцадмал байдалтай болж байв. Эхний шалтгаан нь Кашмирын асуудлаар Пакистаныг дэмжсэн Туркийн байр суурь бол хоёр дахь шалтгаан нь Хүйтэн дайны талаарх стратегийн байр суурь нь ялгаатай байсан явдал буюу Туркийн НАТО, “Багдадын гэрээ”-ний гишүүнчлэл, Энэтхэгийн Зөвлөлт Холбоот Улстай тогтоосон найрсаг харилцаа зэрэг байв.
Хүйтэн дайны нөхцөл байдал дулаарч эхлэх үед Туркийн либерал ерөнхий сайд, “барууны талыг баримтлагч” Тургут Озал Энэтхэг улстай харилцаагаа сэргээхийг эрмэлзэх болов. Гэхдээ ‘Пакистаны асуудал’, ялангуяа Кашмирийн мөргөлдөөн нь Турк, Энэтхэгийн харилцаанд сэтгэл түгшээсэн асуудал хэвээр байсан юм.
Турк-Энэтхэгийн харилцаа хөгжихөд саад учруулж буй гол хүчин зүйл нь Кашмирийн мөргөлдөөн юм.
2008 онд Режеп Тайип Эрдоан Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Энэтхэгт айлчлах үеэрээ Турк, Энэтхэгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулав. Дараа жил нь Туркийн анхны нано хиймэл дагуулыг (ITUpSAT1) Энэтхэгийн сансрын судалгааны байгууллагаас PSLV C-14 пуужингаар сансарт илгээжээ. Дараа нь 2010 онд Энэтхэгт айлчлахдаа тухайн үеийн Ерөнхийлөгч Абдулла Гүлтэй сансрын судалгаа, биотехнологи, мэдээллийн технологийн чиглэлээр Нью-Делитэй хамтран ажиллах талаар ярилцсан юм.
Тэр цагаас хойш тэдний түншлэл худалдааны салбарт хамгийн хурдацтай хөгжиж ирэв. Хоёр улсын хоорон дахь худалдааны хэмжээ 2000 онд 505 сая доллар байсан бол 2018 онд 8.7 тэрбум доллар болж өссөн байна (График 1-ийг үзнэ үү). Үнэн хэрэгтээ Энэтхэг улс Туркийн хувьд Зүүн Ази дахь хоёр дахь том түнш буюу Хятадын дараа орох хамгийн том түнш нь болжээ. Түүнээс гадна Туркийн Энэтхэг улстай хийх худалдаа 2019 онд 7.7 тэрбум орчим доллар байсан нь Пакистантай хийсэн худалдаанаас (803 сая доллар) хол давжээ.
График 1: Туркийн Энэтхэгтэй хийсэн худалдаа (2011-2019)
Эх сурвалж: ТуркСтат
Ерөнхийлөгч Эрдоаны 2017 онд Энэтхэгт хийсэн айлчлал Туркийн хувьд Энэтхэг улс ихээхэн ач холбогдолтой улс болохыг харуулав. Ерөнхийлөгчийг 100 хүний бүрэлдэхүүнтэй бизнесийн төлөөлөгчид дагалдан явсан тул айлчлалын гол сэдэв нь ихэвчлэн эдийн засаг чиглэлд байв. Айлчлалын үеэр болон түүнээс хойш Анкара Энэтхэгийн “ухаалаг хотууд” санаачлагыг сонирхож Туркийн барилга угсралт, дэд бүтцийн салбарын компаниудаа чадваржуулахыг хүсч байв.
Харилцаа хөндийрөх үү эсвэл бүр салах уу?
Сүүлийн үед Турк, Энэтхэг улсууд худалдааны болон бусад салбарт дэвшилттэй хамтран ажиллаж байгаа ч зарим асуудалд зөрүүтэй байр суурьтай хэвээр байна. Худалдааны тэнцвэргүй байдал нь Энэтхэгийн талд ашиггүй байгаагаас гадна улс төрийн асуудлууд нь харилцааны цаашдын хөгжилд саад учруулж болзошгүй юм. Анкара, Шинэ Дели хоёрын хоорондох улс төрийн зөрөлдөөнд 2016 оны 5-р сард Анкарагаас террорист байгууллага хэмээн зарласан Гюлений хөдөлгөөний тухай асуудал орж байна. Туркийн засгийн газраас Дели болон бусад газруудад Гюлений сургуулиудыг хаах шахалтыг Энэтхэгийн засгийн газарт үзүүлэх болсон ч Энэтхэгийн эрх баригчид Анкарагаас шүүхэд өгөх нотлох баримтыг гаргаж өгөхийг шаардаж асуудлыг гуйвуулав. Үүний зэрэгцээ Туркийн засгийн газар Энэтхэгийн цөөнх болсон лалын шашны сүлжээг Пакистаны ашиг тусын тулд ашиглаж болзошгүй нь Энэтхэгийн эрх баригчдыг улам бүр түгшээх болов.
Үнэхээр Пакистаны асуудал Турк, Энэтхэгийн харилцаанд хамгийн том сүүдэр тусгасаар байна. Энэтхэг улс 2010 онд Афганистаны асуудлаар Туркийн удирдсан яриа хэлэлцээрээс хасагдаж, Пакистаны шахалтаас болж “Цөмийн түүхий эд нийлүүлэгч улсуудын бүлэг”-т Энэтхэгийг гишүүнээр элсэхийг саатуулах гэсэн Анкарагийн оролдлогууд нь харилцааг хурцатгасан юм.
2019 оны 8-р сард Энэтхэг улс Үндсэн хуулийнхаа 370 дугаар зүйлийг хүчингүй болгосноос хойш Жамму, Кашмирт онцгой статустай болсон тул Анкара Кашмирын асуудлыг хэд хэдэн арга хэмжээний үеэр хөндлөө. Ерөнхийлөгч Эрдоан 2019 оны 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассемблей (UNGA) дээр энэ асуудлыг анх танилцуулсан юм. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Бүгд Найрамдах Кипр Улсын Ерөнхийлөгч, Армени, Грекийн Ерөнхий сайд нартай НҮБ-ын чуулганаас гадуур уулзалт хийн эсэргүүцлээ илэрхийлэв. Дараа нь Моди 2019 оны 10-р сард Турк улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа болон Туркийн батлан хамгаалах компанитай байгуулсан 2.3 тэрбум долларын ашигтай тэнгисийн цэргийн хэлэлцээрийг цуцалжээ. Турк, Пакистан хоёр орны батлан хамгаалах харилцаа улам бүр өргөжиж байгааг харгалзан Энэтхэг Арментай 40 сая долларын батлан хамгаалах гэрээ байгуулах үеэрээ Турк руу хийх батлан хамгаалахынхаа экспортыг бууруулав. Энэтхэг улс мөн 2019 оны 10-р сард Туркийн Умард Сири рүү хийсэн цэргийн ажиллагааг буруушааж байв.
Анкарагийн Шинэ Делитэй харилцаа муудсан тэр үед Турк Пакистантай тогтоосон харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон сайжруулав. Магадгүй үүнээс илүү ач холбогдолтой зүйл бол хоёр үндэстний хоорондын батлан хамгаалах харилцаа улам бүр өргөжиж байгаа явдал юм. Ерөнхийлөгч Эрдоаны 2020 оны 2-р сард хийсэн айлчлалын нэг гол зорилго нь ‘цэргийн харилцааг улам бүр уялдуулах’ хөтөлбөрийн нотолгоо нь орчин үеийн байлдааны хөлөг онгоцнуудыг хамтарч бүтээх явдал байв.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Турк-Пакистаны ‘цэргийн харилцааг улам бүр уялдуулан’ орчин үеийн байлдааны хөлөг онгоцнуудыг хамтран бүтээхээр зорьж байна.
Эрдоан 2020 оны 2-р сарын 14-ний өдөр Пакистаны парламентын нэгдсэн чуулганы өмнө хэлсэн үгэндээ:
“Пакистаны ард түмэн бидний Тусгаар тогтнолын дайны үеэр өөрсдийнхөө талхнаас хуваалцаж байсан тусыг бид хэзээ ч мартаагүй бөгөөд мартахгүй. Одоо Кашмир бол бидний хувьд адилхан байх болно” гэжээ.
Шинэ Дели үүний хариуд Туркийн Энэтхэгт суугаа элчинд “Анкара Энэтхэгийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох ёсгүй” гэж мэдэгджээ. Дараагийн өдөр нь Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Равеш Кумар нэмж хэлэхдээ ‘Эрдоаны мэдэгдэл нь түүхийг ч дипломат ёсыг ч ойлгохгүй байгаагийн шинж. Тэд өнөөгийн явцуу үзэл бодлыг урагшлуулахын тулд өнгөрсөн үйл явдлыг гажуудуулдаг, эдгээр нь бидний хоёр талын хөгжил, харилцаанд хүчтэй нөлөө үзүүлж байна’ гэж анхааруулсан юм.
Дүгнэлт
Турк, Энэтхэгийн харилцаанд “Пакистаны асуудал” үргэлж чухал байр суурь эзэлсээр ирсэн бөгөөд хоёр орны харилцааг бүрэн цэцэглүүлэхэд хамгийн том саад тотгор хэвээр байна. Хүйтэн дайн дууссанаас хойш Турк улс Энэтхэг улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байсан боловч Пакистантай тогтоосон харилцаагаа алдалгүй барьж байсан. Анкарагийн зүгээс эдийн засаг, худалдааны чиглэлээр харилцааг гүнзгийрүүлж амжилтанд хүрсэн боловч энэ нь Энэтхэгийн талд төдийлөн ашигтай байгаагүй нь тэнцвэргүй байдал үүсэх асуудал болсон байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Турк, Пакистаны харилцаа, Кашмир дахь Энэтхэгийн бодлогын хариу үйлдлийн үр дүнд Турк, Энэтхэгийн харилцаа эрс муудсан. Сүүлийн үеийн геополитикийн өргөн цар хүрээтэй чиг хандлага нь Турк, Энэтхэгийн харилцааг цаашид хөгжүүлэхэд сайнаар нөлөөлөхгүй байх шиг байна. Энэ оны 5-р сард Энэтхэг, Хятадын хооронд болсон хилийн мөргөлдөөн нь Хятад, Энэтхэгийн өрсөлдөөн улам ширүүсч байгааг мэдэгдэв. Бүс ба зам санаачилгын хүрээнд хэрэгжиж буй Хятад, Пакистаны эдийн засгийн коридор нь Өмнөд Ази дахь Энэтхэг, Хятадын өрсөлдөөнийг хурцатгасан юм. Туркийн Пакистан улстай стратегийн түншлэлээ бэхжүүлсэн нь, Энэтхэг улстай тогтоосон харилцаа холбоонд нарийн төвөгтэй асуудлуудыг нэмэх нь дамжиггүй юм.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19