БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 75 жилийн ой, Ким Жон Уны илтгэлд онцлосон гол сэдвүүд
2020-10-23
Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн энэ удаагийн тоймд тус хүрээлэнгийн орон тооны бус шинжээч, бие даасан судлаач Д.Отгонбаатарын ирүүлсэн Умард Солонгос болон Солонгосын хойгт өрнөж буй нөхцөл байдлын талаарх тоймыг хүргэж байна. Тус тойм нь шинжээчийн өөрийн судалгааны байр суурь дүгнэлт болно.
БНАСАУ 10-р сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн намын 75 жилийн түүхт ойн баярын цэргийн парад, баярын арга хэмжээг Ким Ир Сон талбайд өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлэв. Ялангуяа энэ удаагийн арга хэмжээ өмнөх түүхт ойн баярын арга хэмжээнүүдээс эрс ялгаатай нь Цэргийн парад, Пёняны тэнгэр дэх салют буудлага, гэрлэн шоу зэрэг нийлсэн “Шөнийн баяр” болгон тэмдэглэв.
Ойн баярын арга хэмжээний онцлог: Өнгөрсөн 7-р сарын 10-ны өдөр Ким Ё Жон Хөдөлмөрийн намын 1-р орлогч даргын “АНУ-ын Тусгаар тогтнолын баярын DVD бичлэг олж үзэх зөвшөөрлийг Ким Жон Ун даргаас авлаа. 8-р сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны хурал дээр Ким Жон Ун намын 75 жилийн ойн баярыг “онцлог” байдлаар зохион байгуулах тухай дурдаж байсан. Энэ жил намын ойн баярыг онцлог тэмдэглэх нь гэж таамаглаж байсан боловч түүхэндээ анх удаа шөнө зохион байгуулсан нь хүн бүхний таамгийг эвдсэн явдал болов. АНУ-ын Тусгаар тогтнолын баярын шөнийн арга хэмжээний бичлэг, Пёнчаны өвлийн олимп гэх мэт гадны олон улсын туршлагыг улс төр, спортын арга хэмжээнээс санаа авч Ким Жон Уны Төрийн эрх мэдлийг удирдсанаас хойш томоохон арга хэмжээнүүд дээр туршигдсан технологийг “нэгтгэсэн” урьд өмнө болж байгаагүй шинэлэг арга хэмжээ болж өнгөрлөө. Шөнийн салют, галын наадам, гэрэлтүүлэг зэрэг Пёнян хотыг гэрэлтүүлж энэ жил КОВИД-19 болон байгалийн гамшиг, хар салхи зэрэг хүнд сорилтуудийг туулсан ард иргэддээ зориулсан, тэдний сэтгэлийг засах гэсэн санааг ч бас агуулж байна. Өнгөрсөн хоёр сарын турш олны нүдэн дээр ил гараагүй Ким Ё Жон 1-р орлогч дарга арга хэмжээний “ерөнхий зохион байгуулагч”-ийн үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай байна.
Ингээд болсон үйл явдлыг хойш нь түр тавиад Хөдөлмөрийн намын 75 жилийн ойн баярын нээлт дээр Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны илтгэлд дурдагдаж буй хэдэн чухал санааг авч үзье.
Эдийн засгаас илүүтэй Цэрэг армийн үр дүнг чухалчлав.
Цэрэг армийн үр дүн: Баярын уур амьсгалаас илүүтэй Цэргийн парадад олон нийтэд ил үзүүлсэн стратегийн зэр зэвсэгүүд Ким Жон Уны илтгэлд маш хүчтэй агуулга илэрхийлж байв. Юуны өмнө төсөөлж байсанчлан энэ удаагийн цэргийн парадад эдийн засгийн ололтоос илүүтэй цэрэг армийн үр дүнг чухалчиллаа. Ким Жон Ун илтгэлдээ “урт удаан эдийн засгийн хориг, “Ковид-19 урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээ”, “удаа дараалсан хар салхи-байгалийн гамшиг” зэргээс улбаалан Хөдөлмөрийн намын 7-р их хурлын дараа тодорхойлсон “Эдийн засгийн таван жилийн стратегийн зорилт” бүтэлгүйтсэнийг шууд бусаар хүлээн зөвшөөрч, энэ хүнд бэрхшээлийг даван туулсан “ард түмэндээ” талархсанаа илэрхийлэв.
Илүү хангалуун амьдрал: Түүнчлэн сүүлийн үеийн зэр зэвсгээр зэвсэглэсэн “Хувьсгалт арми”-ийг нэгэнт бий болгосон тул одоо Эдийн засгийн бүтээн байгуулалтдаа анхаарцгаая гэсэн мэссэжийг бас өгөв. Тэрбээр “одоо бидэнд үлдэж буй даалгавар бол ард түмнээ бага зовоож, илүү хангалуун амьдрал олгох явдал юм” гэж тэмдэглэхийн сацуу “Социалист бүтээн байгуулалтын илүү өндөр зорилтыг эзлэх замд хэн бүхэн мэдэрч болох шинэчлэл болон хөгжил, бодит өөрчлөлтийг авчрах болно” гэсэн зорилтоо ч танилцуулав. Өөрөөр хэлбэл “Ард түмнээ эхэнд”, “Өөрсдийн хүчээр” бодлогод суурилсан шинэ хөгжил цэцэглэлтийн зам руу гарцгаая гэв.
Авлигатай хийх тэмцэл: Мөн нам засаг болон ард түмний нэгдмэл үзэл суртлаас ухарсан намын кадрууд болоод хүнд суртал, авилга хээл хахуультай хатуу тэмцэхээ илэрхийлэв. Илтгэлдээ “Би бүх нам, төр засаг, цэрэг армийн байгууллагууд ард түмний төлөө, ард түмэндээ илүү гэрэлтэй маргаашийг авчрахын тулд хичээх бөгөөд, илүү өндөр хариуцлагыг шаардан ажиллах болно гэж онцлов. Ард түмэндээ талархал илэрхийлж, харин намын удирдах кадруудад хатуу хандана гэв.
Мөн дээд удирдагч өөрөө шууд “хэлэх үг олдохгүй байна”, “сэтгэл, хичээл дутагдаж байна”, “Ард түмнээс үзүүлсэн итгэлийг алдахгүйн төлөө чандлан хичээх болно” зэрэг үгнүүдийг үргэлжлүүлэн хэлсэн нь Намын удирдлагуудад анхааруулга мэссэж болж байна.
Зэр зэвсэг үйлдвэрлэлтийн хурд, АНУ-тай урт хугацаанд хэлцэлд суух бэлтгэлийн талаар
Энэ удаагийн цэргийн парадад “Өөрийгөө хамгаалах”-ыг онцлохын сацуу өмнөхөөс урт, илүү томсгосон шинэ тив хоорондын пуужин(ICBM) болон “Бүггигсон-4” шинэ шумбагч хөлөг онгоцноос харвагч пуужин /SLBM/ зэрэг хөгжүүлж ирсэн шинэ зэр зэвсэгүүдээ ихэнхийг нь парадад оролцуулав. БНАСАУ-ын баримталж буй бодлого Ким Жон Уны илтгэлд тодорхой дурдагдаж “БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам өөрсдийн Хувьсгалт цэргийг хэрхэн бойжуулж өсгөж ирсэн билээ, мөн манай цэрэг арми хэрхэн хүчирхэгжиж бэхжснийг харах болно” гэж мэдэгдэв.
Дотооддоо ард иргэддээ бахархал төрүүлж, гадна талдаа АНУ-ыг чиглэсэн “тактикийн алхам” хийв. Мөн зэвсэг үйлдвэрлэлийн хурдыг онцлов. Таван жилийн өмнөх Цэргийн парад дээр гаргаж үзүүлж байсан зэвсэгүүдтэй харьцуулахад орчин үежсэн шинэ зэвсэгүүдээ үзүүлж, АНУ-д хандаж дайсагнасан бодлого явуулахгүй байх мэссэжийг өгсөн гэж үзэж болно. Ким Жон Ун шууд утгаар АНУ-ыг нэр зааж дурдаагүй бөгөөд “цөм” гэсэн үгийн оронд өөрийгөө хамгаалах гэсэн үгийг илэрхийлж, бусад улс оронд цохилт өгөх зориулалттай биш зөвхөн өөрийгөө хамгаалахад зориулсан гэх санааг тусгасан юм.
Ойрын хугацаанд АНУ-БНСУ-ын хамтарсан цэргийн сургууль болохгүй, АНУ-ын талаас ирэх аливаа “аюул занал” ирэхгүй бол тив хоорондын ICBM пуужин харвахгүй гэсэн санаа ч бас түүний илтгэлд багтаж байв.
Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх тухай онцгой анхаарч байгаа боловч дотооддоо “хэвийн” горимд шилжиж, гадаад талдаа дипломат харилцаагаа идэвхижүүлж буй хандлага ажиглагдаж байна. БНАСАУ-ын сүүлийн 1-2 сарын байдлыг ажиглахад дайсагналцлаас илүүтэй “энх тайван орчин” бүрдүүлэхэд илүү анхаарч байна.
Хөдөлмөрийн намын 75 жилийн ойг угтаж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ким Жон Унд илгээсэн баярын цахилгаандаа “БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам, намын бүтээн байгуулалт, эдийн засгаа бэхжүүлэхэд онцгой анхаарч нэгдмэл сэтгэл зүрхээр бүхий л сорилтыг даван туулж, гадаад харилцаа хамтын ажиллагаагаар тууштай үр дүнд хүрч байна” гэв. Мөн Ши Жиньпин “Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжин цэцэглэлтэд идэвхтэй оролцоход бэлэн байна” гэв. Энэ нь эдийн засаг, бүс нутгийн аюулгүй байдалд цаашид Хятад улсын оролцоог нэмэгдүүлнэ гэсэн санаа бөгөөд одоогоос гурван сарын дараа болох Хөдөлмөрийн намын 8-р их хуралд энэ асуудлаар тодорхой ярилцаж шинэ бодлого чиглэл гарах бөгөөд Зүүн хойд азийн улс орнууд энэ бодлогын талаар хүлээлттэй байна.
Солонгосын дайны байдал дуусгавар болох уу?
Ким Жон Ун дарга илтгэлдээ анх удаагаа “Өмнөдийн ахан дүүс”-ийн тухай дурдав. Илтгэлдээ “Цар тахлын энэ аюулыг даван туулж Хойд-өмнөд дахин гар барилцах өдөр ирэхийг хүсэн ерөөе” гэж хэлсэн нь анхаарал татаж байна. БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин НҮБ-ын нэгдсэн хуралдаанд тавьсан илтгэлдээ 70 жил үргэлжилсэн “Хоёр Солонгосын иргэний дайныг дуусгавар болгох” төлөвлөгөөгөө танилцуулсантай холбогдуулан энэ бодлогыг дэмжиж байгаа гэж үзэж ч болохоор байна. Мүн Жэ Ин ерөнхийлөгч илтгэлдээ “Энэ жил хоёр Солонгосын иргэний дайн эхлээд 70 жил болж байна. Солонгосын хойг дахь эмгэнэлт байдлыг дуусгах цаг болжээ. Хоёр Солонгосын иргэний дайн бүрэн эцэс дуусгавар болгох ёстой. Солонгосын хойгийн энх тайван Зүүн хойд Азийн энх тайвныг хадгалж, цаашлаад дэлхийн дэг журмын өөрчлөлтөд эерэг үр дүн авчрах болно. Энэхүү эхлэл нь энх тайвны талаарх бие биенийхээ байр суурийг бататгасан Солонгосын хойгийн дайны төгсгөл гэж итгэж байна. Дайны байдлыг дуусгавар болговол Солонгос хойг жинхэнэ утгаар цөмийн зэвсэггүй бүс болж энх тайвны үүдийг нээх юм. Олон талт аюулгүй байдал, дэлхийн энх тайвны төлөөх НҮБ-ын хичээл зүтгэлд хувь нэмэр оруулах зам мөр болж өгөх юм” гэж мэдэгдсэн. Гэхдээ энэхүү үйл явц 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, 2020 онд болох БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалан цаашдын үйл явц өрнөнө.
Ким Жон Ун даргын илтгэлээс харвал Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн НҮБ-ын нэгдсэн хуралдаанд тавьсан илтгэлд дурьдсан “Хоёр Солонгосын иргэний дайныг дуусгавар болгох’ бодлогыг дэмжиж байгаа гэж үзэж болохоор байна.
БНСУ-аас АНУ-д суух Элчин сайд И Сү Хёг 10-р сарын 12-нд БНСУ-ын Парламентийн Байнгын хорооны хуралд онлайнаар оролцож үг хэлэхдээ “Солонгосын дайныг эцэс болгох тал дээр АНУ ч гэсэн адилхан байр суурьтай байгаа бөгөөд БНАСАУ-ыг ятгах ажил үлдээд байгаа” гэж мэдээлсэн нь АНУ-БНСУ хоёр улсын хооронд ийм яриа тодорхой түвшинд яригдаж байсныг гэрчилж байна.
9-р сард БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэн Ин болон Ким Жон Ун Төрийн зөвлөлийн дарга нарын өгч авалцсан “захидал”, Өмнөд Солонгосын төрийн албан хаагч хилийн зурваст Хойдын цэргийн суманд амиа алдахад шуурхай харамсал илэрхийлсэн зэрэг Хойдын хандлагыг ажиглахад түр зогсонги байдалд ороод байсан харилцааг яриа хэлэлцээний түвшинд эхлүүлэх сонирхолтой байгаа нь ажиглагдаж байна.
АНУ сонгуулиас өмнө Солонгосын хойгийн нөхцөл байдлыг эерэгжүүлэхээр дээд хэмжээний уулзалт, хүмүүнлэгийн тусламж зэрэг олон саналыг Хойдуудад тавьсан боловч хүлээж авааагүй юм. Өнгөрсөн 7-р сарын 10-ны өдөр Ким Ё Жон Хөдөлмөрийн намын 1-р орлогч дарга мэдэгдэлдээ “Дээд хэмжээний уулзалт АНУ-д хэрэгтэй болохоос манайд хэрэггүй, ашиггүй зүйл” гэж Майк Помпео Төрийн нарийн бичгийн даргын “АНУ-БНАСАУ-ын Төрийн тэргүүнүүдийн дахин уулзах итгэл найдвар байгаа” гэсэн мэдээлэлд хариу няцаалт өгч байсан юм. Өмнөхтэй адил Хойдод авсан хориг арга хэмжээ бодлогуудаа өөрчлөх, Ханойд болсон уулзалтыг давтахгүй байх, ажил хэрэгч уулзалт болох ёстой гэж Хойдууд нөхцөлөө тавьсан. Мөн хар салхи, байгалийн гамшгийн улмаас онц хохирол амссан нутгуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гэсэн АНУ-ын саналыг ч бас хүлээж аваагүй юм. Гэхдээ өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас зогсоод байсан Нью Йорк хотын харилцах сувгаа саяхнаас эхлүүлээд байна. Хамгийн чухал нь Өмнөд-Хойд хооронд дахин яриа хэлэлцээний суваг нээгдэж “Солонгосын дайныг дуусгавар болгох” яриа шууд болон шууд бус байдлаар санал солилцож буй явдал юм. Эхний ээлжинд БНСУ-БНАСАУ, АНУ “дайны төгсгөл” гэсэн хөзөр дэлгэж нэгдсэн ойлголтод хүрэхээр таамаглаж буй ч түүний дараах Цөмийн зэвсэггүй болох процесс, цаашдын нөхцөл байдлын талаар талуудын байр суурь асар их ялгаатай байгаа бөгөөд эцэст нь ирэх оны 1-р сард болох БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 8-р их хурлаас өмнө энэхүү байр сууриуд өөрчлөгдөхгүй бөгөөд 8-р их хурлын дараа 2021 оны Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тодорхойлох чухал фактор болохоор байна.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Турк, Энэтхэг улсууд ‘Жам ёсны холбоотнууд’ мөн үү?Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02