БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10 дугаар сарын 14-ний өдөр Хятадын эдийн засгийн онцгой бүс Шэньжэнийг нээж хөгжүүлсний 40 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Шэньжэнь бол Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужид орших, Хонконгтой залгаа, Хятадын анхны эдийн засгийн онцгой бүс юм. Хятад улсын өнөөгийн хөгжлийн суурийг тавих түүхэн шийдвэрийг 1978 онд Хятадын Коммунист Намын хурлаар гаргаж, орчин цагийн модернизацыг хийж эхэлсэн бөгөөд эхлэл цэг нь Гуандун мужийн Шэньжэнь хот байсан юм. Шэньжэний эдийн засгийн онцгой бүсийн 40 жилийн ой гэдэг нь одоогийн хүчирхэг эдийн засагтай Хятад улсын 40 жилийн ой гэсэн үг, Хятадын онцлогтой социализмын зам эндээс бүрэлдсэн учраас чухал үйл явдалд тооцогдож буй хэрэг.
Түүхэнд 1965 онд Мао Зедун “хөрөнгөтөн”-ий бодлогын эсрэг ухуулга хийн, тусгай галт тэргээр Ухань хүртэл өмнөд нутгаар явж 1966 онд эхэлсэн “Соёлын хувьсгал”-ын галыг өрдсөн ажгуу. Харин 1992 онд Дэн Сяопин эдийн засгийн хуучинсаг бодлогын эсрэг ухуулга хийн, тусгай галт тэргээр Шэньжэнь тэргүүтэй онцгой бүсүүдээр явж өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогыг эргэлт буцалтгүй болгосон байдаг. Ши Жиньпиний энэ удаагийн аялалд түүхэн ямар агуулга оршиж буй бол?
Юун түрүүнд Шэньжэний эдийн засгийн онцгой бүс, өнөөгийн Хятадын хөгжил дэвшилд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар товч авч үзье.
Эдийн засгийн онцгой бүс ба Шэньжэнь
Эдийн засгийн онцгой бүс бол Хятад улс төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж зах зээлийн эдийн засаг руу шилжихийн тулд явуулсан туршилт байв. Зах зээлд шилжих зорилготой уг туршилт амжилттай болсон тул алхам алхмаар эдийн засгийн онцгой бүсийг тэлж, эцэст нь Хятад улс бүхэлдээ зах зээлд шилжсэн юм.
Зах зээлд шилжсэн нь: 1980 онд эдийн засгийн онцгой бүсийн тухай журам батлагдсаны дараа Гуандун муж “Онцгой бүсэд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, зах зээлийн эдийн засгийг гол болгон хэрэгжүүлэх болно’ хэмээн дэвшүүлжээ. Тухайн үеийн Хятад улсад зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлнэ гэдэг аянга ниргэхтэй адил, учир нь капитализмтай дүйцэж сонсогдож байв. Тиймээс 1982 онд онцгой бүсийг байгуулаад хоёр жил болж байхдаа ч уламжлалт үзэл суртлын хүчтэй шүүмжлэлтэй тулгарч, өөрчлөлт шинэчлэлтийн эсрэг уур амьсгал ноёлож эхлжээ. Энэ эсэргүүцэл 1992 онд Дэн Сяопин Шэньжэнь зэрэг эдийн засгийн онцгой бүсээр явж ажиллахдаа тавьсан “Өмнөдөд ажилласан илтгэл’-ээрээ олон нийтийн санаа бодлыг эргүүлэх хүртэл даруй арван жил үргэлжилсэн юм. Энэ цагаас Хятадын өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого хамгийн эцсийн байдлаар зах зээлийн эдийн засгийн чиглэлээ тов тодорхой тунхаглаж өгчээ.
1980 онд Хятад улсад зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлнэ гэдэг капитализмтай дүйцэж сонсогдож байлаа.
Захиргаадалт ба засгийн газрын үүрэг: Эдийн засгийн онцгой бүсийг байгуулахдаа албадлагын тогтолцоогоо ашигласан. Хятад улс засгийн газрын дээрээс доош шаталсан хүчтэй улс төрийн хүчний түлхээсгүйгээр төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих боломжгүй байсан гэж хятадын эдийн засагчид дүгнэдэг. Ялангуяа төв засгийн газрын “хүчирхэг төрийн систем” нь баялгийн хомсдолтой хязгаарлагдмал нөхцөл дунд нөөц баялгийг үр ашигтай төвлөрүүлж, шийдвэр гаргалтын үр ашигтай байдлаараа нийгэм эдийн засгийн хөгжлийг чиглүүлсэн гэж үздэг. Гэхдээ захиргаадалтын шинжтэй тогтолцооны шилжилтээр зах зээлийн эдийн засгийн тогтолцоог тогтоох, мөн зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нэгэнт сууриа тавьсан нөхцөлд зах зээлийн эдийн засгийг боловсронгуй болгох гэсэн энэ хоёр өөр нөхцөл байдалд засгийн газрын чадамж, гүйцэтгэх үүрэг мөн өөр өөр байна гэдгийг ч зөвшөөрдөг. Эхнийхэд нь магадгүй засгийн газрын харьцангуй хүчтэй оролцоо шаардлагатай байж, зах зээлийн эдийн засгийг урагшлуулах, ингэснээр төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжих явцыг түргэсгэнэ. Хоёр дахь нөхцөлд харин засгийн газар зах зээлийн зүй тогтол, механизмыг хүндэтгэж, зах зээл гажуудахаас сэргийлэн зах зээлд үйлчлэх учиртай болохоос бус за зээлийг дарангуйлж удирдаж болохгүй юм гэж эдийн засагч Тао Итао нар үзжээ
Хятадын онцлогтой социализм ба Шэньжэнь
Эдийн засгийн онцгой бүсийг байгуулан турших замаар Хятад улс зах зээлд шат дараатай шилжиж, тогтолцооны өөрчлөлт хийснээр Хятадын онцлогтой социализм бүрэлдсэн юм. Эдийн засгийн онцгой бүс нь дээрээс доош шатлан албажсан тогтолцоо болохын хувьд тогтолцооны шилжилтийн үед гардаг саад тотгорыг нэлээд багасгаж, тогтолцоог шинэчлэх өртгийг бууруулсан төдийгүй өөрчлөлт шинэчлэлтээс ирж болзошгүй илүү том эрсдлээс амжилттай зайлсхийж чадсан, ингэснээрээ тогтолцооны шилжилт богино хугацаанд амжилттай болсон гэж тайлбарладаг. Хэрвээ Хятадад зах зээлийн эрс шилжилт буюу шок эмчилгээг хэрэгжүүлсэн бол эрс хурц нөлөө гарч, магадгүй бүүр “дэлбэрэлтийн эфект“ ч үзүүлж болох байв. Иймээс арга замыг боловсруулахдаа тэгш бус байдлаар “эхлээд зарим нь” зах зээлд шилжих байдлаар аажим аажмаар зохион байгуулж, зах зээлд шилжих хүчийг задалсан ажээ.
Зах зээлд шилжих арга замаа “эхлээд зарим нь’ зарчимаар боловсруулж аажмаар зохион байгуулсан нь шилжилтийн шокыг багасгаж зах зээлийн эдийн засагт амжилттай шилжих суурь болжээ.
Хятадын онцлогтой социализм байгуулах зорилгоор зах зээлд шилжсэн энэ шилжилтийг Шэньжэн хотоос эхлүүлсэн нь учиртай. Шэньжэнь хот төлөвлөгөөт эдийн засгийн үед хамгийн сул дорой газар нь байсан. Гэхдээ тактикийн хувьд төлөвлөгөөт тогтолцооны хүлээс бага, үзэл суртлын нөлөө хамгийн сул, улс төрөөс маш хол байсны сацуу Хонконг хэмээх амжилттай зах зээлийн эдийн засагтай хамгийн ойр байснаараа Шэньжэнь “зах зээлийн туршилтын цэг” болон сонгогдсон ажээ. Эдгээр хүчин зүйлийн үрээр зах зээлийн механизм бие даан үүрэг гүйцэтгэхэд хялбар болж, төлөвлөгөөт эдийн засгийн уламжлалт тогтолцоог зах зээлийн туршилтад садаа болохыг нь багасгаж чадсан байна.
Ийнхүү “хүчирхэг төрийн систем’-ээ хадгалан зах зээл рүү шилжсэн социалист улсын хувиар Хятад өөрсдийн энэ өвөрмөц тогтолцоогоо Хятадын онцлогтой социализм хэмээн нэрлэсэн юм.
Хятадын зам ба “Хятадын загвар”
Хятадын онцлогтой социализмын замаар замнасаар Хятад улс модернизацыг хэрэгжүүлж, өдгөө эдийн засгийн нийт хэмжээгээрээ Англи, Франц, Герман, Японыг гүйцэж дэлхийд хоёрдугаарт орох том эдийн засаг болжээ. Анх Шэньжэниэс гараагаа эхэлсэн дөчин жилийн амжилттай хөгжлийн туршлага ба тогтолцооны аядуу шилжилтийн замналыг өдгөө судлаачдын хүрээнд “Хятадын зам’ хэмээн нэрлэж, зарим түвшинд “Хятадын загвар” ч гэж үзэх хандлагатай болоод буй. Амжилттай шилжилтийн замнал болохын хувьд шинээр сэргэж буй бусад улс оронд эдийн засгийн хөгжлийн болоод модернизацын замналаа сонгоход нь шинэ соргог жишээ болж чадна гэж хятадууд үзэх болжээ. Бусад хөгжиж буй орнууд болон сэргэж буй эдийн засагтай орнуудтай адил төстэй олон бэрхшээлтэй Хятад мөн тулгардаг бөгөөд Хятад улс “хүчирхэг төрийн систем’-ийнхээ үрээр тэдгээр адил төстэй хүндрэл бэрхшээлийг тодорхой хэмжээнд амжилттай шийдвэрлэн зохицуулж чадсан учраас бусад хөгжиж буй улс болон шинээр сэргэж буй эдийн засгуудад туршлага болно гэж үзэж байгаа юм. Энэ талаар XIII таван жилийн төлөвлөгөөнд хөгжиж буй болон буурай улсад хөгжлийн зарим туршлагаас хуваалцана хэмээн тусгасан байдаг.
Гэхдээ дэлхий даяар тархахын тухайд “Вашингтоны зөвшилцөл”-тэй харьцуулахад “Хятадын загвар” хараахан бүрэн гүйцэд загвар болон бүрэлдэж амжаагүй гэдэгтэй хятадын эрдэмтэд өөрсдөө ч санал нэгддэг. “Хятадын загвар” жишиг болж чадах эсэх талаар АНУ-ын эрдэмтэн Ф.Фукуяама тайлбарлахдаа Хятадын загвар бол Хятадын уламжлалт жаягт брюкорат тогтолцоо, эрх мэдлийн түүх соёлоос урган гарсан байдаг тул дэлхийн бусад газарт хуулбарлах боломжгүй хэмээсэн билээ.
Ши Жиньпиний “өмнөд нутгийн аялал”
Хятад улс зах зээлийн эдийн засагтай улс болоход Шэньжэнь түүхэн нөлөө үзүүлсэн шиг Шэньжэний эдийн засгийн онцгой бүс амжилттай хөгжихөд Хонконг шууд үүрэг гүйцэтгэсэн юм. Шэньжэний эдийн засгийн онцгой бүс Хонконгоор дамжуулан гадаадын хөрөнгө оруулалтыг татан, орчин үеийн менежментийн загварыг суурьшуулсан билээ.
Үүнтэй адил Хонконг эх газрын Хятадад улс төрийн нөлөө үзүүлэх боломжтой юу? 2019 оны турш үргэлжилсэн Хонконгийн жагсаал цуглаанаас үүдэн Тайванийн “Sino insider” тинктанк өнгөрсөн оны сүүлээр гаргасан 2020 оны таамагтаа Хонконгийн тогтворгүй байдлыг намжаахаар Хятадын засгийн газрын авах ширүүн арга хэмжээ нь хонконгчуудын бухимдлыг улам дэвэргэн, улмаар Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөн нь эх газрын нийгэмд халдварлан улс төрийн “Берлиний хана” болон хувирч магадгүй. Үүнээс үүдэн Хятадын улс төрийн хүрээнд фракцуудын тэмцэл ширүүсэж улс төрийн “хар хун” дэвж болзошгүй гэж байв. Өөрөөр хэлбэл тэртээ дөчин жилийн өмнө Хонконг Шэньжэнээр дамжуулан Хятадын эдийн засгийг зах зээлд шилжихэд нь нөлөө үзүүлсэн шигээ ардчилал эрх чөлөөний давалгаа нь улс төрийн нөлөө үзүүлж болзошгүй хэмээж байсан юм. (Харин ковид-19 цар тахлын улмаар нийтийг хамарсан арга хэмжээ хумигдсан нь нөхцөл байдлыг өөрчлөх том хүчин зүйл болсон байж болох юм.)
Хятадын удирдагчийн “өмнөд нутгийн аялал’-ын зорилго нь цэрэг, батлан хамгаалахын салбарт чиглэсэн, АНУ-д өгч буй сануулга гэж үзэж байна.
Юутай ч 1965 онд Мао Зедун, 1992 онд Дэн Сяопин өмнөд нутгаар зориуд явж үзэл санааны аливаа савалгааг намжаан өөрийн талд эргүүлж байсан шиг 2020 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Гуандуны Шэньжэнь зэрэг газраар явсан юм. Тэрбээр 40 жилийн ойн баярын хурал дээр хэлсэн үгэндээ эдийн засгийн хөгжлийн үзэл санааг онцлон өөрчлөлт шинэчлэлтийн бодлогоо бат үргэлжлүүлэхийн сацуу Хятадын онцлогтой социализмын үзэл санаанд бат итгэлтэй байхыг уриалсан нь урьд өмнөх илтгэлүүдээс ялгаатай гэхээргүй байсан юм. Харин анхаарал татсан үйл явдал баярын хурлын өмнөх өдөр 10 сарын 13-ны өдөр болсон ба Ши Жиньпин Гуандун мужийн Чаошань бүсэд байрладаг тэнгисийн цэргийн ангид шалгалтаар очихдоо “байлдааны бэлэн байдалд өндөр бэлтгэлтэй байх ёстой” хэмээн онцлосон юм. Үүнийг тус бүсээс 358 км-ийн зайд орших Тайванийн аралд өгсөн сануулга гэж шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл Хятадын удирдагчийн “өмнөд нутгийн аялал”-ын зорилго нь цэрэг батлан хамгаалахын салбарт чиглэсэн, Тайваниар дамжуулан Тайваньд зэвсэг худалдаж, өндөр түвшний айлчлал удаа дараа хийх болсон АНУ-д хандсан сануулга гэж үзжээ.
[1] Эзра Вогэл: “Дэн Сяопин: Шинэ Хятад”, Непко хэвлэлийн газар, Улаанбаатар хот, 2011 он, 992-р хуудас.
[2] 陶一桃:《经济特区与中国道路》, 社会科学文献出版社,北京市,2017年02月
[3] https://tw.sinoinsider.com/2019/12/2020年中國展望:中共政局對美中港台的影響與衝擊/
[4] 习近平在视察海军陆战队时强调 加快推进转型建设 加快提升作战能力 努力锻造一支合成多能快速反应全域运用的精兵劲旅 http://www.xinhuanet.com/politics/leaders/2020-10/13/c_1126601561.htm
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн явцСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23