Мэдээлэл, харилцаа холбооны систем хөгжих тутамд “далд” дайн буюу мэдээлийн дайн хийх боломж гарсаар ирсэн. Барууны зарим судлаачид мэдээллийн дайныг “саармаг аюул”, “хосолмол аюул” гэж нэрийдэн “далд цэргийн ажиллагаа, хүчтэй суртал ухуулга, улс төр, эдийн засгийн дарамт шахалт, цэргийн болон иргэний дайны холимог аюул” хэмээн тодорхойлоод байна.
Мэдээллийг “зэвсэг” болгон ашиглах үеэс эхлэн “мэдээллийн дайн” гэсэн нэр томъёо бий болжээ. Мэдээллийн дайн гэсэн нэр томъёо анх 19 дүгээр зууны 50-аад оны эхэн буюу Крымийн дайны үеэс хэрэглэгдэж эхэлсэн гэж судлаачид үздэг. Өдгөө энэ төрлийн дайн нь түүхэн хөгжлийн явцад улам боловсронгүй болж сонин, сэтгүүл, телевизийн нэвтрүүлэг, цахим хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүрдэг болжээ.
Өнөө үед мэдээлэл бол дэлхийн хөгжингүй орнуудын глобалчлагдсан мэдээллийн орон зайд болон олон улсын тавцан дээр өөрийн ноёрхол байр суриа олохын тулд явуулж буй арга хэрэгсэл юм. Ийнхүү дэлхий дахиныг хамарсан мэдээлэл харилцаа холбооны системээр дамжуулан, бусад улс орнуудын мэдээллийн бааз, нөөцөд нэвтрэх боломж бүрджээ. Иймээс мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал нь өдөр ирэх тусамд илүү чухал болж байгаа төдийгүй мэдээлэл бол өнөө үеийн хүчирхэг зэвсэг болж хувирав. Орчин үеийн мэдээллийн дайн хэд хэдэн хэлбэрийг агуулсан байдаг. Мэдээллийн дайныг хэрэгжүүлэхийн өмнө зорилго зорилтоо тодорхойлж хүч хэрэгслийг сонгодог байна. Мэдээллийн дайны онцлог бол кибер халдлага өргөн ашиглах, нийгмийн сүлжээг идэвхтэй ашиглах, бусад орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдээллийг цацах, сэтгэл зүйн олон аргыг хэрэглэхэд оршдог байна.
Мэдээллийн дайны талаар ихэнх судлаачид сөрөг талаас нь авч үздэг бол аливаа улс орны бодлогын бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг гэж зарим судлаачид эерэг талаас нь авч үздэг. Тухайлбал, I) өөрийн улсын аюулгүй байдлыг хангах; II) эх оронч үзэл бодлыг хадгалах; III) тодорхой зорилгод хүрэхийн тулд эсрэг талд үзүүлэх нөлөө хэмээн тодорхойлсон байна.
Мэдээллийн дайн бол мэдээллийн эрин үеийн зөвхөн нэг хэсэг бөгөөд мэдээллийн дайн нь тайван цагт ч бий болж чаддаг. Мэдээллийн дайн хоосон орон зайнд бий болдоггүй бөгөөд цэргийн ажиллагаа болон улс төрийн тэмцэлтэй уялдан хэрэгждэг байна. Энэ бол интернет дайн юм. “Washington Post” сонины мэдээллэснээр 2008 онд АНУ Иракийн ард иргэдийг өөрийн талд татах зорилгоор 300 сая долларын өртөгтэй телевизийн янз бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулсан.
Мэдээллийн уян хатан байдал, олон үйлдэлт зэрэг янз бүрийн нөлөөлийн аргыг хэрэглэх боломж нь мэдээллийн технологийг ашиглан өөрийн зорилгод хүрэх замыг жишээлбэл, ард иргэдийг удирдах, олон нийтийн сэтгэлзүйг өөрчлөх, төр засгийн эрх мэдэл, хүч чадлыг ганхуулах эсвэл бэхжүүлэх нэгж юм.
2015 оноос хойш Европын холбоо мэдээллийн нөлөөлөлтэй тэмцэх зорилгоор (ENISA)-ийн орон тоо, /таван сая евро, 50 хүний орон тоо/ санхүүжилтийг нэмэгдүүлсэн байна. Мөн Facebook, Twitter, YouTube зэрэг сүлжээнүүд нь платформ дээрээ хуурамч мэдээлэл хуурамч аккоунтуудтай тэмцэх зорилгоор Мэдээлэл өгөх тухай практикийн дүрмийг баталжээ.
Мэдээллийн дайныг явуулахад янз бүрийн аргыг хэрэглэдэг. Жишээ нь ухуулга сурталчилгаа, хуурамч мэдээлэл, зориуд зохион байгуулсан арга ажиллагаа, улс орнуудын амин чухал салбарт кибер халдлага үйлдэх зэргийг нэрлэж болно. Тухайн мэдээлэлд олон нийтийн санаа сэтгэлийг хандуулахын тулд мэдээг олох, өөр мэдээний хамт дахин давтаж анхаарлыг татах хэлбэрээр явуулдаг. Шинж тэмдэгүүд нь: I) Тодорхой мэдээллийн хүртээмжийг хязгаарлах, вэбийн нөөцийг хаах; II) Мэдээллийн эх сурвалжуудыг ижил мэдээллээр хангах; III) Нийгэм улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэрэг тодорхой асуудлаар сэтгэл зүйн нөлөөлөл үүсгэх зэргийг нэрлэж болно.
Хосолмол аюул: Нэг талаас аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, нөгөө талаас дотоод бодлого хоёрын хоорондох хариуцлага, нөөцийн өрсөлдөөн байдаг аж. Батлан хамгаалах бодлогын үүднээс авч үзвэл халдваргүйжүүлэх үзэгдэл нь төрөл бүрийн аюулын ангилалд багтдаг. Гэхдээ сэдвийг ийм байдлаар нарийсгах нь хангалтгүй юм. 2017 оны Конгрессын сонсгол дээр Америкийн тусгай албаны удирдлагууд халдваргүйжүүлэлт нь шинэ хэвийн зүйл болж байгааг хэлсэн. НАТО болон Европын комиссоос мэдээлснээр Орос улс хуурамч мэдээлэл тараах замаар тэргүүлэх байр суурийг эзэлдэг боловч бусад 30 гаруй орон үүнд оролцож байна хэмээн үзсэн байдаг. Засгийн газар шинжилгээний төвүүд болон төрийн бус байгууллагуудад дүн шинжилгээ хийх үүрэг өгсөн тул холбогдох тайлангуудын хувьд хомсдол үүсэхгүй. Жишээлбэл Ардчиллын аюулгүй байдлыг хангах Америкийн холбоо, Атлантын зөвлөл, Фэйсбүүкийн санхүүжүүлсэн дижитал судлалын судалгааны лаборатори нь өөрсдийн ажлаа голчлон Орос, Хятад руу чиглүүлдэг. Гэсэн хэдий ч хуурамч мэдээлэл нь зөвхөн ЕХ-ны гаднах улс орнуудаас ирдэг төдийгүй түүний гишүүн орнуудын дунд түгээгддэг байна.
Кибер халдлага: Хакерууд программын тусгай хангамжийг ашиглан мэдээллийн систем, харилцаа холбооны сүлжээг эвдэх, мэдээллийн баазыг устгахад голчлон анхаардаг. Энэхүү халдлагын нэг онцлог бол үйл ажиллагааны үр дүн гарахаас нааш харагдахгүйд оршдог юм. Пентагон, Цагаан ордон руу томоохон хэмжээний кибер халдлагууд болсон. Мөн G20 орнуудын тэргүүн нарын хувийн мэдээллийн баазыг эвдсэн, “Исламын улс”-ын идэвхтэн гишүүд Sony компанийн эсрэг довтолгоо хийж, Америкийн J.P Morgan Chase банкны мэдээллийн баазыг устгасан зэрэг үйлдлийг дурдаж болох юм. ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Ю.Борисов: “Хиймэл оюун ухаан: асуудал ба түүнийг шийдэх арга зам” хэмээх бага хурлын хүрээнд ирээдүйд кибер дайн болвол хиймэл оюун ухаан нь ялалт авчирах чухал хэсэг болно гэж хэлсэн байдаг. Одоогийн байдлаар олон улс орнуудын хоорондын сөргөлдөөнт байдлын салшгүй нэг хэсэг нь кибердайн болж, дайны талбар нь мэдээллийн орон зайнд явагдаж байна. Энэ дайныг хэн нь хянаж, өөрийгөө хамгаална түрүүлж цохилт өгч чадсан нь өнөөдөр ялагч болж хувирна. Өнөөдөр дэлхий дахин өөрчлөгдөж байгаагийн сацуу зэвсгийн төрөл ч өөрчлөгдсөн ба сөргөлдөөний мөн чанар ч өөр болж байна. Иймд шинэ төрлийн өндөр нарийвчлалтай зэвсэгтэй болох шаардлага улс орнуудын өмнө тулгарч байна (шинэ зэвсэг нь өндөр хурдтай, өндөр нарийвчлалтай, янз бүрийн нөлөөнд тогтвортой, тэсвэртэй, аливаа саадыг давах чадвартай зэрэг онцлогтой байх аж).
ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээллийн чиглэлээр ажиллах тусгай нэгжийг 2017 онд зэвсэгт хүчний бүтцэд бий болгосон.
АНУ-ын ТТГ-ын шинжээч асан, Вашингтон дахь The Atlantic Council зөвлөлийн тэргүүлэгч судлаач Мэтью Берроуз оросын хакеруудийн боломжийг 2016 онд нэлээд өндрөөр үнэлсэн байдаг хэдий боловч АНУ нь эл салбарт гадны хакеруудтай өрсөлдөгч чадвартай гэж мэдэгдэж байжээ.
Кибер дайн болон “сүлжээ төвт” дайн хоорондоо ялгаатай байна. Мэдээллийн дайн нь “дайсанд” сэтгэлзүйн хувьд нөлөөлөхөд чиглэгдсэн иж бүрэн ажиллагаа гэдэг. Харин кибер дайн бол зөвхөн эсрэг талынхаа компьютерийн сүлжээнд нөлөөлөх зэвсэг юм. Иймээс кибер дайн нь мэдээллийн дайны нэг хэсэг гэж харж болно. Кибер довтолгоо нь бол хөгжингуй улс орнууд руу чиглэгдсэн зэвсэг гэж цэргийн судлаачид үздэг. Энэ довтолгооны онцлог нь хэн нь довтолсныг нотлох боломжгүйд оршиж байгаа юм байна. Кибер дайн, кибер тагнуул бол хосолмол дайны чухал зэвсэг болж байгаа юм.
Кибернет дайны хамгийн түгээмэл хэрэглэдэг арга хэлбэр нь өнөөдөр кибертагнуул болж байна. Тусгай албадын нууц мэдээлэл олох зорилго нь өнөөдөр ч гэсэн чухал хэвээр байна. Кибер тагнуул нь мэдээлэл тээгч хүний тусламжтайгаар цэрэг болон аж үйлдвэрийн технологийн шинэ загвар, төсөл, боловсруулалтын бичиг баримтуудыг олох олзлох, эсрэг талын тагнуул туршуулуудын санаархлыг тандах, нууц мэдээ олох боломжтой болжээ. Хятадын хакерууд сүүлийн жилүүдэд АНУ, Баруун Европын орнуудын үйлдвэрийн газрууд болон шинжлэх ухааны төвүүд руу эдийн засгийн тагнуулыг хийж байна (харин Хятад ийм ажиллагаа явуулдгаа зөвшөөрдөггүй аж).
Дээр дурьдсан кибер тагнуул нь кибер дайны “зөөлөн” хэлбэр юм. Гэтэл кибернет дайн нь үүнээс хүчтэй, хортой зэвсэг гэж үздэг билээ. Жишээ нь, Ираны Бушера дахь цөмийн станц нь 2000 онд кибер дайны довтолгооны объект болсон. Тухайн үед тус станцын компьютерийн сүлжээнд Stuxnet вирусийг тарааж системийг зогсоосон. Энэхүү вирусийг хэн тараасан нь өнөөг хүртэл олдоогүй байгаа боловч түүний цаана АНУ, Израилийн хамтарсан арга хэмжээ байсан гэсэн хардлага бий. Гэхдээ иранчууд АНУ, Европ, Израилийн объектууд руу нэг бус удаа халдаж байсан билээ. Жишээлбэл, америкийн санхүүгийн байгууллагууд руу 2012 онд довтолсон гэдэг юм.
Сүүлийн жилүүдэд кибер аюулгүйн бүтцийг Герман, Хятад, Израиль, Өмнөд Солонгос зэрэг орон шинээр бий болгож кибер аюул заналаас мэдээллийн сүлжээг хамгаалах арга хэмжээ авч байгаа төдийгүй өөрсдөө ч энэхүү ажиллагаанд оролцдог болжээ. Харин америкчууд кибернетийн командын төвийг 2009 онд байгуулсан байхад ОХУ-д 2014 онд мэдээллийн технологийн цэрэгтэй болов.
Өнөөдөр хамгийн том, өндөр түвшинд бэлтгэгдсэн 7 тэрбум долларын төсөвтэй кибер армитай улс бол АНУ юм. Энэхүү төсөв нь 9 мянган хакеруудыг санхүүжүүлдэг ажээ. Тэдний дараа 1.5 тэрбум долларын төсөвтэй, 20 мянган хакерийн армитай Хятад улс жагсаж байна. Харин гуравт нь солонгосчууд ордог (төсөв нь 250 сая доллар ба 2000 орчим хакеруудтай аж).
2018 оны арванхоёрдугаар сард ЕХ-ны орнууд кибер аюулгүй байдлын агентлаг ENISA-г бэхжүүлсэн кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, анх удаа чухал дэд бүтцийг хамгаалах баталгааны тогтолцоог бий болгосон. Мөн тэр үед хакерууд твиттер дээр ‘Orbit’ гэсэн нэрээр дэлбэрэх өгөгдлийг нийтэлсний дараа улс төрчид ‘Мэдрэмжтэй мэдээлэл, дижитал үйлдвэрийн тагнуул эсвэл тагнуулын ажилд богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэх яаралтай төлөвлөгөө гаргах’ -ыг шаардсан байдаг.
Мэдээллийн дайн нь I) мэдээллийн орон зайг хянах; II) мэдээллийн дайралт; III) цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурамсан зорилго агуулна.
Мэдээллийн суртчилгаа: Энэ нь мэдээллийн дайны салшгүй хэсэг гэж үздэг. Мэдээллийн технологийг орчин үед субъектуудын хооронд улс төрийн харилцааг тогтворгүй болгох, улс төрийн сөргөлдөөнийг бий болгоход ашиглаж байна. Улс төрийн сөргөлдөөний үед мэдээллийн дайныг нэн тэргүүнд иргэний нийгмийг хагарахад ашигладаг байна. Ийнхүү мэдээллийн хэд хэдэн арга хэмжээг зохиосны эцэст тухайн оронд “иргэний дайн” үүсэх нөхцөл бүрддэг. Мөн шашин, үндэстэн ястаны хооронд хагарал үүсэх зорилгоор өдөөсөн сөргөлдөөн нь тухайн орны улс төрийн системийг нураах суурь болдог. Канадын Торонто их сургуулийн профессор С.Манна “зөөлөн хүч”-ний хэллэг нь мэдээллийн дайны үндсэн онолын суурь болсон гэдэг.
Нөгөө талаар ОХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалд ч орчин үеийн улс төрийн бодлогын салшгүй хэсэг нь зөөлөн хүчний үзэл санаанд суурилсан гэж үзсэн байна. Гэхдээ өнөө үед геополитикийн хүчтэй сөргөлдөөний явцад “зөөлөн хүч”-ний бодлогыг тухайн улс оронд улс төрийн шахалт үзүүлэх зорилгоор ашиглах нь нөлөөллийн хууль бус арга гэж үздэг. Оросын улс төр судлаач, профессор И.Н. Панарин мэдээллийн дайныг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд: “Мэдээллийн тэмцэл нь эцсийн эцэст дайснаа устгаж дарах арга үйлдэл юм. Мэдээллийн тэмцэл бол шинэ үйл явдал биш бөгөөд хөгжлийн үе шатны явцад олон үе шат дамнасан байна.
Дүгнэж хэлэхэд, “зөөлөн хүчний” технологийн хувьд мэдээллийн дайн нь улс төрийн сөргөлдөөнд ашиглах салшгүй хэсэг болж байна.Энэ нь сөргөлдөгч талд цэргийн хүч хэрэгсэл ашиглахгүйгээр дотоод улс төрийн нөхцөл байдалд шууд нөлөөлөх боломжийг бий болгож байгаа юм. Ийнхүү мэдээллийн дайны нөлөө өнөө үед улам ихээр нэмэгдэж байгаа тул түүнийг хянахад шинэ нөхцөл байдал, арга хэрэгсэл шаардлагатай болж байна.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19