‘КАВКАЗ-2020’ СТРАТЕГИЙН КОМАНД-ШТАБЫН СУРГУУЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД (ЭХЛЭЛ)
Энэ оны 9 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд ОХУ-ын “Өмнөд” цэргийн тойргийн “Прудбой”, “Ашулук”, “Капустин Яр” полигон, агаарын цэргийн “Арзгирский”, “Копанской” полигон, Хар тэнгис, Каспийн тэнгисийн акваторид “Кавказ-2020” стратегийн команд-штабын сургууль болж өнгөрөв. Сургуульд ОХУ-ын 80 мянга, БНХАУ, Беларусь, Армян, Пакистан, Мьянмар, Иран улсын нийт 1000 орчим цэргийн алба хаагч хамрагдав. Иран улс зөвхөн тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцуудаа сургуульд оролцуулсан байна. Сургуулийг ОХУ-ын БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд ЗХЖШ-ын дарга, армийн генерал В.Герасимов удирдан явуулсан бөгөөд 9 дүгээр сарын 26-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгугийн хамт “Капустин Яр” полигонд хүрэлцэн ирж “Кавказ-2020” сургуулийн төгсгөлийн шаттай танилцлаа.
ОХУ 2017 оноос хойш цэргийн тойргуудын хэмжээнд, бүс нутгийн түнш орнуудын цэргийн алба хаагчдыг оролцуулсан стратегийн команд-штабын сургуулиудыг жил тутамд явуулж ирэв.
ОХУ-аас хуурай замын цэрэг, агаар-сансрын цэрэг, тэнгисийн цэрэг, ар тал, техникийн хангалтын алба, үндэсний гварди, онцгой байдлын байгууллагын алба хаагчид сургуульд хамрагдсан ба 2011 оны итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх Венийн баримт бичгийн дагуу ЕАБХАБ-ын хяналт, шалгалтад хамрагдах ёстой ЦАХ-дын тоо нь 13 мянгаас хэтрэхгүй гэж ОХУ-ын БХЯ-наас мэдээлэв. Зэвсэг техникийн хувьд 250 нэгж танк, 450 нэгж явган цэргийн байлдааны машин, 200 нэгж артиллерийн системийг татан оруулав. Сургуульд оролцсон гадаадын ЦАХ-дад цар тахлын үеийн хорио цээр, эрүүл ахуйн хамгаалалтын дэглэмийг бүрэн мөрдүүлсэн гэж уг мэдэгдэлд мөн дурдсан байна.
Сургуулийн зорилт, даалгавар
“Кавказ-2020” сургуулиар “ОХУ-ын баруун өмнөд хязгаар нутагт цэргийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эвслийн цэргийн хүчний бүлэглэлийг хэрэглэх” үзэл баримтлалын хүрээнд ажилласан болохыг ОХУ-ын БХЯ мэдээлэв.
Сургуулийн зорилтуудыг “Өмнөд” цэргийн тойргийн хэмжээнд терроризмтой тэмцэх цагийн байдлын үеийн зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд байлдааны бэлэн байдлыг шалгах, ОХУ-ын аюулгүй байдлыг хангах чиглэлээр цэргийн удирдлага, цэргийн хүчний харилцан ажиллагааг дээшлүүлэх, баруун өмнөд стратегийн чиглэлд байлдааны ажиллагаа явуулах дадлага, туршлагыг тус тойргийн нэгтгэлүүдийн командлал, штабуудад эзэмшүүлэх, ОХУ болон түнш орнуудын (сургуулийн цагийн байдлын дагуу “эвсэл”-ийн гэж томъёолсон) үндэсний ашиг сонирхлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх гэж заасан байна.
Хоёр үе шаттай зохион байгуулагдсан уг сургуулийн эхний шатанд өгөгдсөн цэрэг-улс төрийн цагийн байдлын хүрээнд байлдааны ажиллагааны төлөвлөлт хийх, “эвслийн гишүүн” улсуудын цэргийн анги, нэгтгэлүүдийн харилцан ажиллагаа, тагнуул, эрэн хайх болон хориглолтын ажиллагааг явуулах даалгавар өгөгдсөн байна.
Хоёрдахь шатанд хамтарсан байлдааны ажиллагааны явцад цэргийн шууд удирдлагыг хэрэгжүүлэх, хуурай замын цэрэг, агаарын болон АДХ цэрэг, Хар тэнгисийн флот, Каспийн флотилийн нэгтгэлүүдийн ажиллагааг уялдуулах, орон нутгийн хамгаалалтыг төлөвлөх даалгавар өгчээ.
Сургуулийн үеэр мөн “Калибр” далавчит пуужинг туршин хэрэглэж, пуужингийн довтолгооноос хамгаалах, тактикийн десантын даалгавруудыг гүйцэтгэв.
Улс төрийн “дохио, сануулга”
ОХУ 2017 оноос хойш цэргийн тойргуудын хэмжээнд, бүс нутгийн түнш орнуудын ЦАХ-дыг оролцуулсан стратегийн КШС-иудыг жил тутамд явуулж ирэв. 2017 онд “Өрнөд” цэргийн тойрог, Балтийн флотын хэмжээнд Беларусьтай хамтарсан “Запад-2017” сургууль, 2018 онд “Дорнод” цэргийн тойрог, Номхон далайн флотын хэмжээнд БНХАУ, Монгол Улстай хамтарсан “Восток-2018” сургууль, 2019 онд “Төв” цэргийн командлал, Каспийн флотилийн хэмжээнд БНХАУ, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Тажикистан, Пакистан улстай хамтарсан “Центр-2919” сургуулийг тус тус зохион байгуулсан. Оролцогч улсуудын хувьд, “Запад-2017”-оос бусад сургуульд ХАЧА тогтмол оролцож байгааг дурдах нь зүйтэй.
ОХУ-ын БХЯ-ны албаны мэдээнд стратегийн КШС-ийн зорилтыг “терроризмтой тэмцэх хүрээнд” гэж томъёолж байгаа хэдий ч сургуулийн явц байдлаас харахад орон нутгийн хязгаарлагдмал дайн явуулах асуудлыг боловсруулсан гэсэн таамаглал хийж болохоор байна гэж сургуулийг ажигласан гадаадын цэргийн атташе нарын зарим нь дүгнэсэн байна. Тухайлбал, дайсны орчин үеийн өндөр цэцтэй пуужингийн цохилтыг амдах, тэнгисийн эрэг дагуух дайсны байрлалыг “Калибр” далавчит пуужингаар онож устгах, тэнгисийн болон агаарын тактикийн десантын дэмжлэгтэй хуурай замын цэргийн давшилт зохион байгуулах хэлбэрээр, их хэмжээний хүч, хэрэгсэл татан оролцуулсан байдлаар зохион байгуулжээ. Үүнээс үзэхэд, сургуулийн улс төрийн зорилт буюу бүс нутгийн бусад улс, эвсэлд өгч буй “дохио” гэж дүгнэж болохуйц аж.
Тухайлбал, Армян, Азербайжаны хооронд хурцадмал байдал үүсээд байсан үед саяхан болсон Турк-Азербайжаны хамтарсан сургууль Азербайжаны нутагт болсны хариу дохио ч гэж үзэж болохоор байна. “Кавказ-2020”-д Армяны хуурай замын анги, Ираны тэнгисийн цэргийн онгоц оролцсон нь үүнтэй шууд бусаар холбогдоно. Гэхдээ Армян-Азербайжаны сөргөлдөөнд ОХУ албан ёсоор нэг талыг барьсан байр суурь илэрхийлээгүйг дурдах хэрэгтэй. Харин Өвөр Кавказын бүс нутагт Туркийн байр суурийг бэхжүүлэхгүй байх сонирхол ОХУ, Армян, Иран гуравт байгаа. Азербайжаны хувьд, Турктэй түүх-угсаатны болон улс төр-аюулгүй байдлын зузаан хэлхээ холбоотой тул дээр дурдсан гурван улсаас стратегийн сонирхол өөр юм. Товчдоо, Кавказын бүс нутагт “хэн нь эзэн бэ?” гэдгийг харуулах зорилготой гэх ч таамаг яригдаж буй. Үүний зэрэгцээ КШС-ийн зарим хэсгийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөгдсөн Абхазийн нутагт явуулж, Хар тэнгисийн флот эргийн десант буулгасан нь ОХУ-тай түнжин хагарсан ч Орос-Армяны харилцаа холбооны зам сувгийг хэрэг дээрээ хянаж байгаа Гүрж улсад өгч буй сануулга гэж тайлбарлах ажиглагчид ч байна.
Мэдээж Украины хүчин зүйл цаг ямагт ОХУ-ын анхаарлын төвд байгаа, Оросын цэрэг-стратегийн ашиг сонирхлын зангилаа болж байгааг мартаж болохгүй юм. Уг КШС-тай яг зэрэгцэн, 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Украин, АНУ, Их Британийн хамтарсан “Нэгдсэн хүчин чармайлт” КШС Украины Винница, Одесс, Николаев муж, Хар тэнгисийн акваторид (Крымийн хойгтой нэн ойр) болж өнгөрсөн ба гурван талаас нийт 20 мянган ЦАХ, 50 нэгж танк, 50 нэгж артиллерийн систем, 20 нэгж байлдааны хөлөг онгоц оролцсон нь ОХУ-ын нутаг дэвсгэрт хамгийн ойр тулган зохион байгуулсан “дайсагнагч хүчний” сургууль байв. Иймд “Кавказ-2020” стратегийн КШС-ийн театр газар орны хувьд Керчийн булан, Крымээс холгүй, Хар тэнгисийн акваторийг хамруулсан байдлаас харахад Украинд ч давхар өгч буй улс төрийн болон цэргийн сануулга, “дохио” өгсөн гэдэгтэй маргахын аргагүй юм.
Сургуулийн ач холбогдол
“Кавказ-2020” стратегийн КШС хэд хэдэн шинэлэг, давуу талтай болж өнгөрсөнд ач холбогдол нь оршино гэж цэргийн шинжээчид үзэж байна. Үүнд: цэргийн тойргийн командлал, цэргийн удирдлагын үйл ажиллагааг зэвсэгт хүчний үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглүүлсэн (албаны мэдээнд дурдсан “терроризмтой тэмцэх” чиглэлээс ялгаатай болохыг анхаарна уу), заасан хугацаанд байлдааны ажиллагааны театрыг дэлгэх даалгаврыг биелүүлсэн, тактикийн десантын (агаарын болон тэнгисийн) сургуулилт, пуужингийн цохилтыг амдан устгах зэрэг болно. Ийм төрлийн сургууль зохион байгуулагч орны хувьд ОХУ-ын зэвсэгт хүчний удирдлага, цэргийн тойргийн командлалыг үндсэн үүргийн зориулалтын дагуу ажиллах бэлэн байдлыг дээшлүүлснээрээ эн тэргүүнд ач холбогдолтой.
Төрлийн цэрэг, төрөл-мэргэжлийн цэрэг хоорондын харилцан ажиллагааны уялдааг сайтар хангаж, нэгдсэн бүлэглэлийн хэмжээнд ажилласан нь энэхүү сургуулийн гол ач холбогдол байлаа.
Орчин үеийн дайнд онцгой ач холбогдолтой байх тактикийн десантын бэлтгэл, пуужингийн их хэмжээний цохилтыг амдан устгах даалгаврыг ч амжилттай гүйцэтгэлээ. Төрлийн цэрэг, төрөл-мэргэжлийн цэрэг хоорондын харилцан ажиллагааны уялдааг сайтар хангаж, нэгдсэн бүлэглэлийн хэмжээнд ажилласан явдал нь “Кавказ-2020”-ын гарцаагүй ололт гэж үзэж байна. Агаарын цэргийн хүчнийг нэн өндөр цэцтэй зэвсгээр тоноглож хэрэглэх даалгаврыг өгсөн нь ихээхэн ач холбогдолтой байлаа. Хар тэнгисийн флотын шумбагч онгоцноос “Калибр” далавчит пуужинг эх газар дахь байг чиглүүлэн харвасан нь цэргийн төдийгүй улс төрийн агуулгатай “дохио” болов.
Зарим шүүмжлэл
Үүний зэрэгцээ, уг КШС-ийн хувьд цэргийн мэргэжлийн талаас алдаатай байж болохуйц, эсхүл хэт хялбарчилсан, бодит цагийн байдал дахь байлдааны ажиллагааны үед хохирол хүлээх эрсдэл өндөртэй зарим зүйл ажиглагдсаныг ч оросын цахим мэдээллийн хэрэгслүүд дурдаж байгаа нь анхаарал татна. Тухайлбал, зенит-пуужингийн системийн харвах төхөөрөмжийг хооронд нь хэт ойрхон, өнгөлөн далдлалтгүйгээр байрлуулсан, мина тээгч шумбагч онгоцоор минажуулсан талбайг цэвэрлэх даалгавар өгсөн, хөлөг онгоцуудыг флотын авиацийн дэмжлэггүйгээр, зөвхөн маш цөөн тооны (10 нэгж) нисэх төхөөрөмжтэйгээр үүрэг гүйцэтгүүлсэн гэх цөөн тооны шүүмжлэл өрнөж буй.
Үргэлжлэл бий.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
ХӨРШ ОРНУУД ДАХЬ ЦЭРЭГ-СТРАТЕГИЙН ОРЧНЫ ӨРНӨЛТ: БНХАУДараах нийтлэл
ХӨРШ ОРНУУД ДАХЬ ЦЭРЭГ-СТРАТЕГИЙН ОРЧНЫ ӨРНӨЛТ: ОХУСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23