“КАВКАЗ-2020” СТРАТЕГИЙН КОМАНД-ШТАБЫН СУРГУУЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД (ТӨГСГӨЛ)
Энэ оны 9 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд болж өнгөрсөн ОХУ-ын “Өмнөд” цэргийн тойрог, Хар тэнгисийн флот, Каспийн флотилийн бие бүрэлдэхүүн, холбоотон (Беларусь) болон ойр харилцаатай түншүүд – Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (Армян), ШХАБ-ын зарим гишүүн (БНХАУ, Иран, Пакистан), бүр өөр бүс нутгийн төлөөлөл (Мьянмар) оролцсон “Кавказ-2020” стратегийн команд-штабын сургууль цаг хугацааны хувьд Украинд болсон НАТО-ийн далбаан дор гурван улсын (АНУ, Их Британи, Украин) хамтарсан сургууль, Азербайжанд болсон Турк-Азербайжаны хоёр талын хамтарсан сургууль төдийгүй Өвөр Кавказад он удаан жил ужиграсан нутаг дэвсгэрийн маргаан (Уулын Карабахын) Армян-Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн болон эрчимжих үетэй давхацсан, Орос-Армяны хоёр талын хээрийн сургуулийг цагийн хуваарь дунд нь оруулан явуулснаараа онцлог байв.
Хэдийгээр өмнөх жилүүдэд зохион байгуулж ирсэн цэргийн тойрог тус бүрт түшиглэсэн стратегийн КШС-иудын хугацаатай үндсэнээ дүйцэж байгаа (“Запад-2017”, “Восток-2028”, “Центр-2019” бүгд 9 дүгээр сард буюу Олон улсын цэргийн тоглолт “АрМИ”-гийн араас зохион байгуулагдаж байсан) боловч энэ бүхнийг төлөвлөлтийн тохиолдлын хүчин зүйлээс үүдэлтэй давхцал гэж үзэхэд учир дутагдалтай юм.
Тус КШС ньАрмян-Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн эрчимжих үетэй давхацсан, Орос-Армяны хоёр талын хээрийн сургуулийг цагийн хуваарь дунд нь оруулан явуулснаараа онцлог байв.
Тус стратегийн КШС-д дээр дурдсан орнуудаас гадна ОХУ-аас бусад улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Абхаз, Өмнөд Осетийн ЦАХ-ид оролцож, сургуулийн зарим жижиг манёврыг эдгээрийн нутагт хэсэгчлэн явуулсан нь ч анхаарал татна.
Зэвсэг техник
Өмнөх дугаарт дурдсан зарим “хэлбэрдэлт” ажиглагдсан ч бүхэлдээ байлдааны ажиллагааны шинэ шийдлүүдийг туршсан, өндөр цэцтэй шинэ зэвсэглэлийг өргөнөөр хэрэглэсэн үйл явдал болов.
Сургуульд татан оролцуулсан орчин үеийн зэвсэглэлийн заримыг дурдвал: пуужингийн “Искандер-М” цогцолбор, тагнуулын зориулалтаар шинэчлэн сайжруулсан “Су-27”, олон зорилтот бөмбөгдөгч “Су-34” болон 1,5 тонн жинтэй бөмбөг тээвэрлэгч “Ту-22М3”, пуужин-артиллерийн “Торнадо-С” цогцолбор, огнемётын “ТОС-2” хүнд даацын машины сэргээн сайжруулсан, буудлагын зайг уртасган онилох цэцийг нэмэгдүүлсэн загвар, танкийн дэмжлэгийн “Терминатор” байлдааны машин зэрэг болно.
Сургуульд өгсөн цагийн байдлын дагуу дайсны тал орчин үеийн агаарын болон пуужингийн цэргийн зэвсэглэлээр өвч зэвсэглэсэн байв. Энэ даалгавар нь тус стратегийн КШС-ийн жинхэнэ зорилгыг тодорхойлох хүчин зүйл болж байгаа талаар өмнө өгүүлсэн. Тиймээс ОХУ-ын зэвсэгт хүчин агаараас ирэх ийм төрлийн ямар ч цохилтыг амдан устгах бэлэн байдлаа шалгах, харуулах зорилго агуулжээ. Одоогоор агаарын довтолгооноос болон пуужингийн довтолгооноос хамгаалах зэвсэглэлээрээ дэлхийд тэргүүлэх улс болохын хувьд цоо шинэ дуунаас хэт хурдан пуужингаар тоноглогдсон “С-300”, мөн дуунаас хэт хурдан пуужинг амдан утсгах хүчин чадал бүхий “С-400” цогцлобор, түүнчлэн шинэчлэн сайжруулсан “БУК”, “ТОР”, “Панцирь” цогцолборуудыг сургуулийн сүүлчийн өдөр буюу үндсэн үе шатанд ажиллуулав.
Дээрхээс гадна, “Кавказ-2020” стратегийн КШС-ийн үеэр анх удаа олон тооны нисэгчгүй нисэх аппарат (дрон) ашигласан талаар Оросын БХЯ-наас мэдээлэв.“Капустин Яр” полигонд нисгэгчгүй нисэх аппаратын нэгдсэн бүлэглэлийг байгуулж, “Форпост”, “Орлан-10”, “Элерон-3” болон бусад загварын дроноор зэвсэглэсэн “Өмнөд” цэргийн тойргийн анги нэгтгэлүүдийг багтаасан байна. Дронууд маш нам өндөрлөгөөс тагнуулын ажиллагаа явуулснаас гадна газрын байг онилж устгасан аж.
ОХУ-ын зэвсэгт хүчний “Өмнөд” цэргийн тойргийн бүрэлдэхүүн дэх нэгтгэлүүдийн хими, биологи, радиологийн хамгаалалтын ангиуд 9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Волгоград мужийн “Прудбой” полигонд өгөгдсөн даалгавраа гүйцэтгэв.
НАТО-ийн хүчин зүйл
ОХУ-ын зэвсэгт хүчний томоохон хэмжээний хээрийн сургуулиудын гол зорилго нь сөргөлдөгч эвсэл – НАТО-ийн гишүүн орнуудын өөрийнх нь хилийн дагуу тогтмол давтамжтай явуулж, хөрш орнуудыг нь татан оролцуулж буй сургуулиудад өгөх хариу, байлдааны бэлэн байдлын үзлэг, шалгалт болон өөрийн холбоотон, түнш орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх явдал гэдэг нь нууц биш. ОХУ-ын БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд ЗХЖШ-ын дарга армийн генерал В.Герамисов “2020 онд ОХУ-ын зэвсэгт хүчин НАТО-ийн гишүүн орнуудын хилийн ойролцоо томоохон сургууль хийгээгүй. Харин ч “Кавказ-2020” стратегийн КШС-ийг зориудаар өөрийн нутгийн гүн рүү татаж хийж байгаа” гэж мэдэгдсэнээс ч ОХУ өөрийн зүгээс НАТО-г өдөөн хатгахыг хүсэхгүй, гэхдээ ирж буй өдөөн хатгалтыг зүгээр хараад суухгүй гэх санаа харагдана.
«Кавказ-2020” сургуулийг зориудаар НАТО-ийн гишүүн орнуудаас хол, өөрийн нутгийн гүн рүү татаж хийж байна.»
ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Армийн генерал В.Герасимов
НАТО-ийн далбаан дор зохиогддог сургуулиуд энэ оны хоёр, гуравдугаар улиралд эрс идэвхжсэн. Газар орны хувьд болон сургуулийн цагийн байдал, даалгаврын хувьд ч Оросыг тойрон “бүслэх” мэт харагдаж байгаа нь тодорхой байна. Энэ оны 5 дугаар сард Баренцын тэнгист АНУ-ын “Porter”, “Donald Cook”, “Franklin Roosevelt” гурван фрегат, Их Британийн “Kent” байлдааны хөлөг онгоц оролцсон ТЦХ-ий сургууль, 6 дугаар сард Балтийн тэнгист Герман, Грек, Дани, Испани, Итали, Канад, Латви, Литва, Нидерланд зэрэг 19 орны 3,000 ЦАХ оролцсон “Baltops-2020” хамтарсан сургууль, 7 дугаар сард Польшийн нутагт АНУ, Польшийн 6,000 ЦАХ оролцсон хоёр талын хамтарсан “Defender Europe 2020” сургууль, 8 дугаар сард Хар тэнгисийн Украины акваторид “Sea Breeze-2020” АНУ-Украины ТЦХ-ий хамтарсан сургууль, эцэст нь 9 дүгээр сарын 22-25-нд Украинд болсон АНУ, Их Британи, Украины хамтарсан “United Efforts” КШС болов. Уг сургуульд танкийн цэрэг, явган цэрэг, десантын 12 мянган ЦАХ, 700 нэгж техник оролцсон байна. Харин энэ сургуулийн үеэр Украины зэвсэгт хүчинд 2017 онд нийлүүлсэн америкийн танк эсэргүүцэгч “Javelin” пуужинг харвах байсан боловч техникийн алдаа гарсан. Нэгж тус бүр нь 100,000 ам.долларын үнэтэй уг пуужингийн цогцолборыг украины цэргийнхэн гурван жил ажиллуулж дадлагажиж байгаа гэсэн ойлголттой ч хамтарсан сургуулийн үеэр ийнхүү бүтэлгүйтсэн нь олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дуулиан тарьж амжив.
Орос-Армяны хамтарсан сургууль
“Кавказ-2020” стратегийн КШС дууссаны маргааш буюу 9 дүгээр сарын 27-ны өдөр Уулын Карабахт үүссэн хямралт байдал зэвсэгт мөргөлдөөн болон хувирч, Армян, Азербайжан улсууд дайн бүхий байдалд шилжсэнээ зарлаж, бүх нийтийн дайчилгаа явуулж эхэллээ. Харин үүнээс хоёр хоногийн өмнө буюу 9 дүгээр сарын 25-ны өдөр Орос- Армяны хамтарсан байлдааны буудлагатай томоохон хэмжээний хээрийн сургуулийн хаалтын ажиллагаа болжээ. Армяны нутаг дэвсгэрт болсон уг сургууль 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд буюу “Кавказ-2020”-той үндсэндээ давхацсан юм. Хэдийгээр энэ нь тус хоёр улсын хувьд уламжлалт арга хэмжээ бөгөөд албан ёсоор “Кавказ-2020”-ийн бүрэлдэхүүн хэсэг гэж тооцогдохгүй ч цагийн хуваарь болон сургуулийн даалгаврын хувьд хэрэг дээрээ тийм сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар зохион байгуулсан байна.
ОХУ-ын “Өмнөд” цэргийн тойргийн мотобуудлагын болон АДХЦ-ийн ангиуд, Армяны зэвсэгт хүчин 9-р сарын 21-нд Армяны “Алагяз” полигонд “терроризмтой тэмцэх ажиллагааг уялдуулан зохицуулах” сургуулилт хийв. Орос, Армяны зэвсэгт хүчний нийт 20 нэгж байлдааны нисдэг тэрэгний баг 9 дүгээр сарын 21-ний өдөр байлдааны тактикийн сургуулилт хийв. Үүнд хоёр талаас нийт 1,500 ЦАХ, 300 нэгж техникийг татан оролцуулжээ. Мөн “Өмнөд” цэргийн тойргийн цэргийн цагдаагийн ангиуд Армяны ижил зориулалттай ангиудын хамтаар 23-ны өдөр “хорлон сүйтгэгчдийг устгах” даалгавартай сургуулилт хийв.
Армяны нутаг дэвсгэрт 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болсон Орос-Армяны хамтарсан хээрийн сургууль албан ёсоор “Кавказ-2020”-ийн бүрэлдэхүүн хэсэг гэж тооцогдохгүй ч цаг хугацааны хувьд давхцав.
Хоёр улсын танкийн болон артиллерийн цэргийн 1,500 орчим алба хаагч 24-ний өдөр “Алагяз” полигонд байлдааны буудлагатай сургууль хийсэн бол маргааш нь буюу 25-ны өдөр мөн “Алагяз” полигонд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага хийжээ.
ОХУ-ын “Өмнөд” цэргийн тойргийн 58-р арми, Армяны зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд 9 дүгээр сарын 25-нд хуурай замын цэргийн давшилт, агаарын дэмжлэгийн томоохон нэгдсэн сургууль хийлээ. Хуурай замын цэргийн хүчийг агаараас “Ми-28Н Хинд” байлдааны нисдэг тэрэг, “Су-25” сөнөөгч онгоцоор дэмжиж байв. Түүнчлэн ОХУ-ын зэвсэгт хүчний “МиГ-29”, Армяны зэвсэгт хүчний “Су-30SM” сөнөөгч онгоцны багууд “Алагяз” полигонд мөн өдөр буюу 9 дүгээр сарын 25-нд радарын илрүүлэлтээс нам өндрийн нислэг, давшилтын дасгал хийжээ. Хамтарсан сургуулийн сүүлийн өдөр болсон бас нэг дасгал бол хоёр улсын нисдэг тэрэгний ангиудын тактикийн агаарын десантын сургуулилт байв. Мөн цэргийн эмнэлгийн ангиуд “Ми-8МТВ” нисдэг тэргээр Ереван хот болон ОХУ-ын цэргийн бааз байрлах Гюмри руу агаарын татан гаргалтын даалгаврыг гүйцэтгэлээ.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
ХӨРШ ОРНУУД ДАХЬ ЦЭРЭГ-СТРАТЕГИЙН ОРЧНЫ ӨРНӨЛТ: ОХУДараах нийтлэл
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн явцСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02