ХАЧА-ийн хүчин чадлын үнэлгээ – Пентагоны тайлан
Энэ 9 дүгээр сарын эхээр АНУ-ын БХЯ-наас БНХАУ-ын зэвсэгт хүчин, тусгай албадын хүчин чадал, хөгжлийн төлөвийн талаарх жил тутмын уламжлалт тайлангаа гаргаж Конгресст танилцуулав.
Тайлангийн эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2017 онд дэвшүүлсэн “ХАЧА-ийг 2049 он гэхэд дэлхийн тэргүүлэх түвшний зэвсэгт хүчин болгон хөгжүүлэх” зорилтыг дурдаад, сүүлийн 20 жилийн турш Хятадын удирдлага зэвсэгт хүчнээ бүх талаар бэхжүүлж, шинэчлэхийн тулд бүхий л нөөц бололцоо, технологийн шийдэл, улс төрийн хүсэл зоригийг дайчлан ажиллаж байгаа хэмээн дүгнэсэн байна.
Тайлангаас харвал Америкийн цэргийн шинжээчдийн үзэж буйгаар, Хятад зарим салбарт АНУ-ыг гүйцэж түрүүлээд байгаа ба тухайлбал:
– Хөлөг онгоц үйлдвэрлэл. БНХАУ нь дэлхийд хамгийн том тэнгисийн цэргийн флоттой болсон ба зэвсэглэлд нь 350-иад нэгж байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоц, түүний дотор 130 гаруй том оврын байлдааны хөлөг онгоц байна. Харьцуулахад АНУ-ын ТЦФ-ын зэвсэглэлд 2020 оны эхний байдлаар нийт 293 нэгж байлдааны хөлөг онгоц байна;
– Газрын байрлалтай ердийн баллистик болон далавчит пуужин. ХАЧА-ийн зэвсэглэлд 500-5000 км-ийн тусгаалтай 1250 гаруй газрын байрлалтай баллистик пуужин байгаа бол АНУ-ын зэвсэгт хүчинд байгаа ийм ангиллын пуужингийн тусгал 70-300 км-р хязгаарлагдаж байна;
– Агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн систем. БНХАУ нь зенит-пуужингийн орчин үеийн хүчирхэг цогцолборуудаараа дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болсон ба зэвсэглэлд нь ОХУ-ын С-300, С-400 болон өөрийн үйлдвэрийн цогцолборууд байгаа төдийгүй тэдгээрийг нэгдсэн удирдлага бүхий, харилцан жигд ажиллагаатай найдвартай систем болгож чаджээ.
Сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж буй ХАЧА-ийн байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэгдсэн ажиллагаа явуулах чадвартай хүчин болгож бүтцийн иж бүрэн өөрчлөлт хийх, оперативын шинэ үзэл баримтлал боловсруулахыг хөхиүлэн дэмжих, хилийн чанад дахь БНХАУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг уг тайланд “үр дүнтэй” хэмээн дүгнэжээ.
ХАЧА улсынхаа гадаад бодлогыг дэмжихэд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх болж байгаа ба зэвсэгт хүчний ложистикийн төвүүдийг хэд хэдэн газар байгуулахаар судалж байна.
Хятадын зэвсэгт хүчин улсынхаа гадаад бодлогыг дэмжихэд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн шийдвэрийг нам, төрийн удирдлагаас 2019 онд гаргасан тухай мөн тайланд дурдсан байна.
Түүнчлэн, цэргийн болон иргэний зориулалттай хосолмол хөгжлийн стратегийг баримтлах болсныг уг тайлан онцлов:
(1) батлан хамгаалах-аж үйлдвэрийн бааз суурийг иргэний технологи, аж үйлдвэртэй холбох;
(2) шинжлэх ухаан, инновацын ололтуудыг цэргийн болон иргэний салбарт хэрэглэх;
(3) цэргийн болон иргэний мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, тэдгээрийн мэдлэг, туршлагыг харилцан нэвтрүүлэх;
(4) иргэний зориулалттай дэд бүтцэд цэргийн зориулалт нэмж оруулах, иргэний зориулалттай бүтээн байгуулалтыг цэргийн зориулалтаар ашиглах;
(5) төрийн алба, материал-техникийн хангалтын нөөцийг цэргийн зориулалтаар ашиглах;
(6) үндэсний батлан хамгаалахын дайчилгааны тогтолцоог өргөжүүлэн тэлэх, нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээг цэргийн зориулалтаар болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглах.
Хятад ойрын жилүүдэд цөмийн хүчээ дор хаяж хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тайлангийн зохиогчид үзэж байна. Одоогийн байдлаар БНХАУ-ын зэвсэглэлд 200 гаруй цөмийн цэнэгт хошуу байгаа. Цөмийн тогтоон барих зорилтоо БНХАУ “сонгодог гурвал” буюу шумбагч онгоц, стратегийн бөмбөгдөгч, газрын байрлалтай пуужин гэсэн гурван уламжлалт аргаар хангаж байгаа ч ойр ирээдүйд баллистик пуужин зөөвөрлөгч нисэх онгоц, тэнгисийн байрлалтай платформ зэрэг шинэ боломжийг ч боловсруулах болно гэжээ.
ХАЧА-ийн хилийн чанад дахь үйл ажиллагааны идэвхжил АНУ-ыг онцгой түгшээх шалтгаан болж байна. Жибути дахь тэнгисийн цэргийн баазаас гадна зэвсэгт хүчний дэмжлэгийн ложистикийн төвүүдийг Мьянмар, Таиланд, Пакистан, Шри-Ланк, Арабын Нэгдсэн Эримт Улс, Кени, Сейшел, Танзани, Ангол, Тажикистан зэрэг газар байгуулахаар судалж байна гэж тайланд дурдсан байна. Түүгээр зогсохгүй уг жагсаалтад Сингапурыг америкийн шинжээчид оруулсан нь эргэлзээ төрүүлж байна. Дээр дурдсан улсуудын ихэнх нь АНУ-ын түншүүд байх бөгөөд иймээс энэ дүгнэлтийн үнэн бодитой эсэхэд эргэлзэж болох юм. Хэрвээ цаг хугацааны шалгуураар нотлогдож эхэлбэл дэлхийн олон улсын гадаад болон аюулгүй байдлыг бодлого дахь эрэмбэлэлд эргэлт гарч, Вашингтоноос Бээжин рүү татагдаж эхэлнэ гэсэн америкийн цэргийн шинжээчдийн түгшүүр бодитой гэж үзэх үндэслэлтэй юм. Одоогийн байдлаар ийм дүгнэлт нь “хардлага”, “хамгийн муу сценари”-ийн өгүүлэмж төдий гэж үзэх хэрэгтэй.
Мөн АНУ-ын эсрэг янз бүрийн тусгай ажиллагаа явуулах магадлалыг “өндөр эрсдэл дагуулсан” гэж үзэж байна. Үүгээрээ Хятадын цэргийн хүчин чадлыг гэхээсээ илүү Хятадын тусгай албадын үйл ажиллагааг ойлгож байна. Цахим халдлагаас эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, соёлын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийг ашиглан АНУ-ын эсрэг өргөн хүрээнд ажиллагаа явуулах болсон гэж уг тайланд дурджээ.
Тайлангийн нэг бүлгийг Орос-Хятадын харилцааны асуудалд зориулжээ. Уг баримт бичигт хамтарсан цэргийн сургууль, нефть, байгалийн хийн нийлүүлэлт, Хойд мөсөн далай дахь тэнгисийн замыг Хятад сонирхож буй байдал, ШХАБ, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд өрнөж буй хоёр улсын харилцааг тухайлан хөндөж, энэ бүгд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж дүгнэжээ.
АНУ-ын БХЯ-наас энэхүү тайланг гаргаж Конгресст танилцуулахаас гурван сарын өмнө, энэ оны 6 дугаар сард РАНД корпорациас “Хятадын их стратеги: Чиг хандлага, замнал, хэтийн өрсөлдөөн” (“China’s Grand Strategy: Trends, Trajectories and Long-Term Competition”) судалгааны хамтын бүтээл эрхлэн гаргасан аж. Хэдий албан ёсны баримт бичиг биш боловч уг бүтээлд дурдсан тоо, баримтууд БХЯ-ны тайлантай үндсэндээ дүйж байгаа бөгөөд харин “Хятадын аюул” гэгчийг дүгнэсэн байдал, үг хэллэг нь төрийн албан ёсны баримт бичгийнх шиг хуурай биш, илүү хатуу өгүүлэмжтэй байна. Энэ мэт ялгаатай ч РАНД корпорацийн судалгаа нь Хятад улс, түүний олон улсын тавцан дахь үйл ажиллагааг америкийн улс төр, бодлогын судалгаа, шинжилгээний хүрээллийнхэн хэрхэн ойлгож байгааг илэрхийлэх тул ач холбогдолтой юм.
«Хятад алс хэтдээ Оросоос илүү АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх аюул, эрсдэл болж хувирах магадлалтай.» Марк Эспер АНУ-ын Батлан хамгаалахын сайд
Үүний нэг жишээ нь Батлан хамгаалахын сайд Марк Эспер 9 дүгээр сарын 16-ны өдөр РАНД корпораци дээр очиж, БХЯ-наас гаргасан тайлангийн талаар танилцуулахдаа дурдсан судалгаатай адил үзэл санааг илэрхийлж, “Хятад бол алс хэтдээ Оросоос илүү АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх аюул болно” хэмээн мэдэгдсэн явдал юм.
Энэтхэгийн хил орчмын бүс рүү алсын бөмбөгдөгч байрлуулав
Өнгөрсөн 8 дугаар сард Хятад-Энэтхэгийн хооронд хурцадмал байдал үүссэн ч 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Москвад болсон ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалтын үеэр сөргөлдөөнийг цаашид даамжруулахгүй байх тохиролцоонд хүрсэн. Хэдий улс төрийн яриа хэлэлцээ явагдсан ч 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд ХАЧА Энэтхэгийн хил орчмын бүс рүү, тухайлбал, Төвөдийн өөртөө засах орон, Шинжаан-Уйгурын өөртөө засах орны өмнөд хэсэг рүү Н-6 алсын бөмбөгдөгч онгоц хэд хэдэн нэгжийг шилжүүлэн байрлуулсан байна. Энэ нь Делид шахалт үзүүлэх зорилготой гэж өрнөдийн ажиглагчид үзэж байна.
Хятадын бөмбөгдөгч онгоцнууд байлдааны ажиллагааны театр болж болзошгүй бүс нутагт нэвтэрснийг ХАЧА-ийн байлдааны “Өрнөд” командлалаас зориуд гаргасан гэрэл зураг, дүрс бичлэгийн материалаар нотлогдож байгаа аж. Америкийн “Military Watch Magazine” сэтгүүлд дүгнэснээр, Н-6 бөмбөгдөгч онгоцнуудыг байрлуулснаар Ладакхийн уулын бүсэд бага оврын зэвсэгт мөргөлдөөн өрнөх болзошгүй тохиолдолд ХАЧА давуу байдал олж авах аж.
Н-6 бөмбөгдөгч онгоцнууд хилийн бүсэд нэвтэрсэн нь байлдааны “Өрнөд” командлалын гэрэл зураг, дүрс бичлэгийн материалаар нотлогдож байна.
ХАЧА-ийн Агаарын цэргийн зэвсэглэлд ийм төрлийн 270 нэгж онгоц байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь далайн эрэг дагуу, өөрөөр хэлбэл, АНУ болон түүний холбоотнуудын агаарын болон тэнгисийн цэргийн хүчин идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг газар орныг сөргүүлэн байрлуулсан байна. Харин Хималайн уулсын бүсэд Хятадын ч, Энэтхэгийн ч агаарын цэргийн бааз цөөхөн байдаг тул цөөн тооны онгоцыг бэлэн байдалд оруулснаар хүчний тэнцвэрийг Бээжингийн тал руу огцом ашигтайгаар эргүүлэх боломжийг олгож байна.
Оросын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Хятадын H-6 алсын бөмбөгдөгч нь Зөвлөлтийн Ту-16-д үндэслэн их биеийг нь өөрчилсөн, сайжруулсан хувилбар бөгөөд ОХУ-д үйлдвэрлэсэн шинэ хөдөлгүүр суурилуулснаар нислэгийн зайг уртасгасан онгоц аж. Уг онгоцыг орчин үеийн электрон төхөөрөмжөөр тоноглосон, зургаан нэгж далавчит пуужин тээх хүчин чадалтай байна. Эдгээр пуужин нь мөн л Зөвлөлтийн Х-55 пуужинд суурилуулан Хятад сэргээн сайжруулсан хувилбар бөгөөд Х-55-ыг 2000-аад оны эхээр Украинаас олж авсан бололтой.
Н-6 бөмбөгдөгч онгоцны нислэгийн радиус 3000 км хүрэх ба үүн дээр пуужингийн өөрийн тусгал 2000 км байх тул Энэтхэгт цохилт өгөх шаардлагатай бол заавал Төвөд болон өмнөд Шинжаанд байнгын бааз байгуулах шаардлагагүй. Иймээс энэхүү шилжин байрлуулалт нь өндөр уулын бүсэд байлдааны ажиллагааны сургууль хийх, эс бөгөөс (илүү магадлалтай нь) Энэтхэгт сүр хүчний шахалт үзүүлэх арга хэлбэр бололтой гэж өрнөдийн цэргийн шинжээчид дүгнэжээ.
Энэтхэгийн агаарын цэргийн хүчний зэвсэглэлд Хятадын Н-6-гийн болзошгүй цохилтыг амдан сөнөөх хүчин чадал бүхий Оросын Су-30, Францын Rafale загварын сөнөөгч онгоц бий.
ХАЧА болзошгүй мөргөлдөөний бүсэд зөвхөн агаарын хүчнээ бэхжүүлээд зогссонгүй, саяхан хоёр армийн тулгаралт болсон Пангон Цо нуурын орчмын байрлалууд руугаа газар доогуур шилэн кабелийн шугам татаж байгаа нь холбооны найдвартай сүлжээгээр хангах зорилготой. Ийм нөхцөлд одоогоор энэ бүс нутагт цэргийн радио холбоо хэрэглэсээр байгаа Энэтхэгийн арми ч харилцаа-мэдээллийн давуу байдлаа алдана гэж Энэтхэгийн албаны хүмүүс үзэж байна.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Хиймэл оюун ухааны салбар: Хятадын бодлого, амбицДараах нийтлэл
ХӨРШ ОРНУУД ДАХЬ ЦЭРЭГ-СТРАТЕГИЙН ОРЧНЫ ӨРНӨЛТ: ОХУСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19