Их өгөгдөл бол эрх мэдэл, хүч чадал
ХХ зууны гурван том технологиийн нэг нь хиймэл оюун ухаан байв (сансарын технологи, эрчим хүчний технологи, хиймэл оюун ухаан). XXI зууны гурван том технологийн нэг нь мөн л хиймэл оюун ухаан болоод байна (генийн инженерчлэл, нано технологи, хиймэл оюун ухаан). Өдгөө хиймэл оюун ухааныг дэлхий дахинд голдуу санхүүгийн салбар, анагаах ухаан, машин үйлдвэрлэл (жолоочгүй машин гм) зэрэг салбарт өргөн хэрэглэж байгаа билээ.
Хятад улс технологийн өрсөлдөөнд давуу тал эзлэх чухал стратеги гэж хиймэл оюун ухааныг харж байна. Энэ жил Бэйдоу хиймэл дагуулын системийг бүрэн ашиглалтад оруулсан нь энэ салбарт томоохон орон зай эзлэх том дэвшил болов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Шинэ үеийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь бид дэлхийн шинжлэх ухаан технологийн өрсөлдөөнд давуу тал олох чухал стратегийн хэсэг бөгөөд үйлдвэрлэлээ сайжруулах, үйлдвэрлэх хүчний үсрэлт хийхэд чухал стратегийн нөөц болно” гэж 2018 онд болсон Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны хурал дээр онцложээ.[1]
Хятад улс 2019 онд “Хиймэл оюун ухаан”[2] цагаан ном гаргасан ба уг номд хиймэл оюун ухаан хөгжүүлэгч хятадын аж ахуйн нэгжийн тоо 1000 давсан, үүгээрээ дэлхийд 2 дугаарт явж байгаа аж. Хиймэл оюун ухааны үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бүрдүүлэгч гурван гол элемент болох 1) суурь хэсэг (чип, тооцоолуурын аргачлал гм), 2) технологийн хэсэг (компьютерийн камерийн мэдрэмж, дуу таних, machine learning гм), 3) хэрэглээний хэсгээс Хятадад технологийн хэсгийнх нь хөгжил хамгийн сайн, хэрэглээний хэсэгт харьцангуй амжилттай, харин суурь хэсгийн хөгжлөөр арай хоцорч яваа гэж мөн дүгнэсэн байна. 2020 оны байдлаар хиймэл оюун ухаан хөгжүүлэгч хятад компанийн тоо 2600 давсан бөгөөд тэргүүлэгчид нь Тенсент, Хуавэй, Алибаба, ZTE, Байдү, Хайкан (Hikvision) гэх мэт компаниуд бий.
Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх Хятадын бодлого, төлөвлөгөө
Хятад улс хиймэл оюун ухааныг хөгжүүлэх цогц бодлого хэрэгжүүлж байна. Хятадын Төрийн зөвлөл 2015 онд ““Интернэт+” үйл ажиллагааг сайжруулах тухай санал” баталсан нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэх шинэ суурийг тавьсан гэж үздэг. Улмаар 2017 онд Төрийн зөвлөл “Шинэ үеийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх төлөвлөгөө”[3]-г гаргаж, хиймэл оюун ухааныг улсын стратегийн түвшинд авч үзэж байгаагаа зарласан юм.
Уг төлөвлөгөөний дагуу гурван үе шаттай хиймэл оюун ухааныг хөгжүүлэхээр заасан бөгөөд 2020 он гэхэд хиймэл оюун ухааны технологи ба хэрэглээгээр ерөнхийдөө дэлхийн түвшинд зэрэгцэн очно гэсэн нь дээр дурдсан 2019 оны цагаан номд хэдийн биелэлээ олсон байна. 2025 онд хиймэл оюун ухааны суурь онолд томоохон ахиц гаргаж, технологи ба хэрэглээгээр дэлхийд тэргүүлэх түвшинд хүрнэ. 2030 онд хиймэл оюун ухааны онол, технологи, хэрэглээгээр дэлхийд тэргүүлэх түвшинд хүрч, дэлхийн хиймэл оюун ухааны инновацын гол төв болно гэсэн зорилт дэвшүүлжээ.[4] Эдгээр нэгдсэн бодлого төлөвлөгөөний дагуу том хот орон нутгууд тус бүрдээ мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилтууд тавин ажиллаж буй.
Бэйдоу хиймэл дагуулын систем
2020 оны 7 сарын 31-ний өдөр Бэйдоу хиймэл дагуулын системийн төсөл бүрэн хэрэгжсэн гэдгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин зарласан юм. Бэйдоу хиймэл дагуулын систем бол хиймэл оюун ухааны технологийн талын гол хэсэг бөгөөд уг төслийг 2009 оны 11 сараас эхлүүлж 10 жилийн турш үргэлжилэн ийнхүү бүрэн ашиглалтад оржээ. Бэйдоу хиймэл дагуулын систем бол өнөөг хүртэлх Хятадын хамгийн том, хамгийн өргөн, хамгийн чадамж өндөртэй комплекс аварга том сансарын систем юм. Хиймэл дагуулын уг системийг зам тээвэр, хөдөө аж ахуй, гамшгийг бууруулах зэрэг олон салбарт ашиглах ажээ. Бэйдоу хиймэл дагуулын систем нь Хятадыг дэлхийн хиймэл оюун ухааны инновацын төв болоход том суурь болох юм.
Үүлэн тооцоолуур ба Их өгөгдөл
Өдгөө дэлхий даяар хүмүүсийн өдөр тутам интернэтэд холбогдон солилцож буй мэдээлэл хадгалагдаж үлддэг ба энэ бүх мэдээллийг нийтэд нь big data буюу их өгөгдөл гэх бөгөөд ийм их өгөгдлийг бүтэцчилж цэгцтэй болгохын тулд үүлэн тооцоолуур ажилладаг. Үүүлэн тооцоолуурын систем гэдэгт интернэт сүлжээ, сервер, хадгалалт, хэрэглээний программ аппликэйшнүүд, үйлчилгээ зэрэг цогц үйл ажиллагаа багтдаг. Үүлэн тооцоолуурын тусламжтайгаар жишээ нь GPS систем хэрэглэгчийн оруулсан мэдээллийг дэлхийн хаана ч байсан маш хурднаар хүлээн авч боловсруулж тухайн мөчид нь буцааж харуулж чаддаг. Хятад улс Бэйдоу хиймэл дагуулын системтэй болсон нь дэлхийг хамарсан технологийн ийм чадвартай болоход асар том суурийг тавьж өгч буй хэрэг юм. Үүлэн тооцоолуурын зах зээлийг өдгөө АНУ, Хятадын компаниуд хуваан эзэлдэг бөгөөд Амазон 45 хувь, Микрософт 17.9 хувийг, Гүүгл 5.3 хувийг эзэлдэг бол Хятадын Алибаба клауд 9.1 хувийг эзэлж байна.[5]
Хиймэл оюун ухааны хэрэлгээ
2019 онд Хятадын хиймэл оюун ухааны програм хангамж ба хэрэглээний зах зээлийн хэмжээ 2.89 тэрбум ам.доллар хүрсэн ба техник хангамжийн хэсгийг оруулж тооцвол 6 тэрбум ам.доллар хүрнэ гэж Олон улсын дата компани (IDC)-ийн гаргасан “Хятадын хиймэл оюун ухааны програм хангамж ба хэрэглээ” тайланд дурджээ. 2024 он гэхэд Хятадын хиймэл оюун ухааны програм хангамж, хэрэглээний зах зээлийн хэмжээ 12.7 тэрбум ам.доллар хүрэх ба 2018-2024 оны хооронд нийт 39 хувиар өссөн дүн болох ажээ.[6] Хиймэл оюун ухааны хэрэглээ зах зээл цар тахлын дараах ертөнцөд улам бүр цэцэглэх бөгөөд өдгөө Хятад хиймэл оюун ухааныг боловсруулах үйлдвэр, эмнэлэг, төрийн үйлчилгээ, аялал жуулчлал, санхүү, компьютерийн тоглоом, тээвэр зууч, боловсрол, зам харилцаа гээд нийгэм эдийн засгийн салбарт нэгэнт өргөн хэрэглэж эхлээд байна.
Хиймэл оюун ухаан ба Ковид-19
Хятад улс дотооддоо алдаад байсан ковид-19 цар тахлын дэгдэлтийн үеэр хиймэл оюун ухааныг маш сайн ашигласан. Халдварыг хэмжих хянах, дүн шижилгээ хийх, хүмүүс ба эд бараанд хяналт тавих, эмийн судалгаа хөгжүүлэлт гэх мэт тал дээр хиймэл оюун ухаан асар их хэрэг болжээ.
Хиймэл оюун ухаан ба их өгөгдлийг ашиглан цар тахлын чиг хандлагыг судалж тодорхойлох, тархварзүйн судалгаа хийх, халдвар авсан хүн нэг бүрийг илрүүлэх, халдвар авсан өвчтөний хүрээг хурдан тогтоох, анхдагч хавьтагчдыг илрүүлэн тусгаарлах арга хэмжээг хурдан авчээ. Хиймэл оюун ухаан, их өгөгдлийн тусламжтайгаар өөр өөр газарт гарсан өвчний тохиолдлуудын холбоотой эсэх шинж, өвчин илэрсэн хугацаа орчин зэрэгт нарийн анализ хийж байгаа аж. Түүнчлэн Байдү компанийн LinearFold тооцоолуурын аргаар вирусын бүтцэд хийж байсан 55 минутын шинжилгээг 27 секундэд хийдэг болж, вирусын хувирч буй явцыг илүү хурдан шинжлэх боломжтой болсноор тархалтыг үр дүнтэй хязгаарлах, вакцин гаргаж авах судалгаанд ач тустай юм.
Хятадын хамгийн том технологийн компани Тенсент хиймэл оюун ухаанд суурилсан эмийн судалгааны платформыг байгуулж, эрдэмтэдэд эм гарган авах ажилд нь тусалж байгаа ажээ.
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар олон хүний биеийн халууныг нэг дор хурдан хэмжих төсөл хэрэгжүүлснээр галт тэрэгний буудал, метро зэрэг олон нийтийн газарт ажилладаг хүмүүсийн халдварын эрсдлийг бууруулжээ. Жолоочгүй машины системийг ашиглан хоол хүргэлт, хүнгүй ариутгал устгалын машин зэрэг ажиллуулж шууд хүрэлцэн халдвар тарах эрсдлийг ихээр бууруулж байгаа аж.
Хэдийгээр хиймэл оюун ухааныг нэн сайнаар ашигласан ч халдварыг тогтоох гол арга нь уламжлалт ухаан, хотын менежмент гэх мэтэд тулгуурласныг эмч судлаачид нь мөн онцлосныг дурдах нь зүйтэй.[7]
Хиймэл оюун ухаан ба эдийн засгийн өсөлт
Цар тахал дэлхийн эдийн засгийн өсөлтөд асар их цохилт өгч байгаа ч хиймэл оюун ухааны салбарт эерэгээр тусчээ. Цаашид ч дэлхийн үйлдвэрлэлийн хөгжил интернэт, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолуур гэсэн “шинэ бааз”-д суурилан хөгжих чиг хандлагатай байгаа билээ. Хятад улс энэхүү шинэ дэд бүтцийг дэмжин хөгжүүлж байгаа нь дэлхийн эдийн засгийн уналттай холбоотой төдийгүй ирээдүйд шинээр төвхнөх зах зээлийг эзлэх зорилготой гэж судлаачид үзэж байна. Өдгөө Хятадын хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч ААН 2600 хүрсэн, хиймэл оюун ухаантай холбоотой ажилладаг ААН-ийн тоо 110 мянга хүрч, 28.5 хувиар өсчээ. Вычат гэхэд 2020 оны эхний 4 сард 600 мянган шинэ ажлын байр бий болгосон нь шинээр ажлын талбарт гарч ирж буй залуусын гол талбар болох жишээтэй.
Хиймэл оюун ухаан ба нийгмийн итгэлцлийн систем
Хятадын Төрийн зөвлөл 2014 онд “Нийгмийн итгэлцлийн систем байгуулах төлөвлөгөө 2014-2020”[8] баримт бичгийг баталж, 2020 он гэхэд нийгмийн итгэлцлийн систем ажиллах бүхий л орчныг бий болгоно гэжээ. Үүнд зориулан Хятадын засгийн газар “тэнгэрийн сүлжээ” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Хятадын технологийн гигант Hik vison, Хуавэй, ZTE гэсэн гурван компани уг төсөл дээр ажиллаж байна.[9] 2019 онд Хятадын хотуудад нийт 200 сая камер суурилуулсан байгаа ба 2020 он дуусахад 626 сая камер суулгасан байх аж.[10] Камерын ард царай таних технологи ажиллаж их өгөгдөл цуглуулан хиймэл оюун ухаанаар нарийвчлан ангилна. Уг ангиллын дагуу иргэдийн үйл хөдлөлийг оноогоор дүгнэж сайшаах болон шийтгэх арга хэмжээ авах юм. Энэ нь барууны голдуу орнуудаас хүний эрхэд халдах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл дагуулдаг. Юутай ч Хятад улс хиймэл оюун ухааныг ашиглан хамгийн өндөр хяналт тавиж буй улс болж байна.
Олон улсын өрсөлдөөн
Хиймэл оюун ухааны салбарын өрсөлдөөн илүү ширүүн болно, учир нь энэ нь зөвхөн хоёр том гүрний хооронд явагдахгүй, харин олон бүс нутаг дамнасан, олон салбарыг хамарсан өрсөлдөөн байх болно хэмээн Хиймэл оюун ухааны эрийн үеийн стратегийн өрсөлдөөн тайланд дурджээ. Өдгөө дэлхий дээр хиймэл оюун ухааныг хөгжүүлэх талаар үндэсний стратеги хэрэгжүүлэхээ зарласан голдуу өндөр хөгжилтэй нийт 20 эргэм улс байна.[11] Гэхдээ гол өрсөлдөөн мэдээж АНУ, Хятадын хооронд өрнөж буй. Ранд судалгааны байгууллагын 2020 онд гаргасан тайланд[12] аль улс нь хиймэл оюун ухааны салбарт давуу талтай гээд тодорхойлоход хэцүү ч 2020 оны байдлаар АНУ технологи хөгжүүлэлтээрээ давуу талтай яваа, учир нь хагас дамжуулагчийн салбарт илт давамгай байгаа, харин Хятад улс хувийн нууцлалыг хамгаалах хууль эрхзүйн аливаа хязгаарлалт багатайгаараа их өгөгдөл цуглуулах тал дээр давуу талтай байгаа гэжээ. Хятадын 2030 он хүртэлх хиймэл оюун ухааныг хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжвэл Хятад улс АНУ ба түүний холбоотнуудын цэргийн давуу байр суурийг гүйцэж түрүүлэх болно гэж дүгнэсэн байна. Өдгөө АНУ-ын засгийн газар Хуавэй тэргүүтэй Хятадын технологийн компаниудад хориг тавьж буй арга хэмжээнүүд бол ирээдүйн хиймэл оюун ухааны салбарын төлөөх өрсөлдөөний нэг л хэсэг нь юм.
Дүгнэлт
Хиймэл оюун ухааны хөгжлөөр дэлхийд хоёрдугаарт орж буй Хятад улс цаашид хиймэл оюун ухаан ба инновацын дэлхийн төв болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бэйдоу хиймэл дагуулын систем ба технологийн гигант компаниудын үүлэн тооцоолуурт суурилсан Хятадын хиймэл оюун ухааны салбар одоогоор технологи ба хэрэглээний тал дээрх хөгжил нь сайн байгаа бол чип, тооцоолуурын аргачлал зэрэг суурь хэсэг дээр сул талтай ба цаашид энэ чиглэлдээ илүү анхаарч ажиллах ажээ. Одооноос хэдийн ширүүсээд буй АНУ, Хятадын хиймэл оюун ухааны салбарын өрсөлдөөнийг дөнгөж эхлэл гэж үзэж болно. Цаашид их гүрнүүд хиймэл оюун ухааныг цэргийн салбарт хэрхэн ашиглах асуудал олон улсад илүү анхаарал татахаар байна.
[1]习近平:推动我国新一代人工智能健康发展 http://www.xinhuanet.com/politics/leaders/2018-10/31/c_1123643321.htm
[2] 中国人工智能产业白皮书https://www2.deloitte.com/content/dam/Deloitte/cn/Documents/innovation/deloitte-cn-innovation-ai-whitepaper-zh-181126.pdf
[3] 国务院关于印发新一代人工智能发展规划的通知 http://www.gov.cn/zhengce/content/2017-07/20/content_5211996.htm
[4] 2020年人工智能政策汇总:人才政策更倾向基础层与复合型人才https://www.qianzhan.com/analyst/detail/220/200713-c47fb12f.html
[5] Gartner公布2019年云计算市场数据:阿里云蝉联全球第三、亚太第一 https://news.futunn.com/post/5920573
[6] IDC 2019年中国AI软件及应用市场份额报告发布:数据智能卷土重来,市场竞争方兴未艾 https://www.idc.com/getdoc.jsp?containerId=prCHC46625720
[7] 人工智能:当下有为 未来可期 http://www.cac.gov.cn/2020-07/16/c_1596454208367138.htm
[8] 国务院关于印发社会信用体系建设规划纲要(2014—2020年)的通知 http://www.gov.cn/zhengce/content/2014-06/27/content_8913.htm
[9] 中国天网工程背后有三大功臣:包括中兴与华为 https://www.dwnews.com/中国/60080872/中国天网工程背后有三大功臣包括中兴与华为
[10] Cities in China most monitored in the world, report finds https://www.scmp.com/news/china/society/article/3023455/report-finds-cities-china-most-monitored-world
[11] 人工智能军备竞赛:一文尽览全球主要国家AI战略 https://www.jiqizhixin.com/articles/2018-07-07
[12] Maintaining the Competitive Advantage in Artificial Intelligence and Machine Learning https://www.rand.org/pubs/research_reports/RRA200-1.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
ОРОС-ХЯТАДЫН ХАРИЛЦАА IIДараах нийтлэл
ХӨРШ ОРНУУД ДАХЬ ЦЭРЭГ-СТРАТЕГИЙН ОРЧНЫ ӨРНӨЛТ: БНХАУСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19