ОРОС-ХЯТАДЫН ХАРИЛЦАА II

2020-08-28

https://niss.gov.mn/wp-content/uploads/2020/08/russia-and-china-2.jpg

Түрүүч нь өмнөх дугаарт

Aюулгүй байдал судлалын хүрээлэн Европын Холбооны Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс манайд ирүүлсэн Алис Экман нарын судлаачдын бичсэн Орос-Хятадын харилцааны тухай судалгааны өгүүллийг орчуулан хүргэж байна. Уг өгүүлэл дэх аливаа дүгнэлт, дэвшүүлсэн үзэл санаа нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.

Хоёр улсын Хамгаалах Хариуцлагын (Responsibility to Protect) тухайд тэд өөрсдийн хүн амын аюулгүй байдлыг хангах үүрэг хариуцлага, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд бусад улсыг хүн амын аюулгүй байдлаа хангахад нь туслах гэдэг хоёр чиглэлд онцгой анхаарал хандуулдаг. Гэхдээ хоёр улс хоёулаа бусад орны улс төрийн болон цэргийн асуудалд оролцохоос ихээхэн болгоомжилдог. Энэ асуудлаар тэд БРИКС-ийн орнуудтай энхтайванч аргаар асуудлыг шийдэх бүх боломжийг ашигласны дараа ховор тохиолдлоор хөндлөнгөөс оролцохоор болбол тэр нь “бодитой” байх ёстой гэсэн байр сууринаас харилцдаг. Тухайлбал 2011 онд Москва Бээжин хоёр Ливийн хямралтай холбоотой өрнөдийн хариу арга хэмжээг шүүмжилсэн. Гадаадад авах арга хэмжээний талаарх 1973 оны тогтоолын тухай санал хураалтад хоёр улс оролцохоос татгалзсан атлаа дараа нь НАТО-ийн эхлүүлсэн агаарын цохилтод энгийн иргэд өртсөн бөгөөд Каддафийн дэглэм унасан нь эмх замбараагүй байдлыг үүсгэж иргэний дайнд хөтөлсөн гэж үзсэн юм.

Гэсэн хэдий ч Орос улс хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмаа өөрөө ч баримтладаггүй. Хуучин Зөвлөлтийн харъяанд байсан улсуудын дотоодын хэрэгт цэрэг, улс төрийн байдлаар хэд хэдэн удаа оролцсоноо Хамгаалах Хариуцлагын хүрээнд хэмээн тайлбарладаг. 2008 онд Өмнөд Осеть-Абхазын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн атлаа Косовогийн тусгаар тогтнолыг эсэргүүцэв. Дараа нь 2014 онд цэргийн хүчээр Крымыг эзлэн авч Зүүн Украйнд дайн дэгдэв. Үүнээс үзэхэд Оросууд АНУ, Хятад, ОХУ зэрэг хүчирхэг гүрнүүд болон Англи, Франц, Бразил, Энэтхэг зэрэг улсууд ийм зүйл хийх эрхтэй гэж итгэдэг мэт.

Хятад ч бас хил хязгаарын асуудлаар Оростой адил ревизионист чиг хандлагыг баримтладаг ба Украйны асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санал хураалтанд оролцохоос татгалзсан. Тэд Оросыг дэмжээгүй боловч бас буруушаагаагүй. Орос ч мөн Хятадын Өмнөд тэнгист явуулж буй бодлого болон Хонгконгийн аюулгүй байдлын тухай хуулийг баталж, хэрэгжүүлэх бодлогыг буруушаагаагүй.

Майданы хувьсгалын талаарх Хятадын байр суурь Оросынхтой адил буюу Киевын хууль ёсны засгийн газрын эсрэг өрнөдийн явуулга гэж үздэг бөгөөд Венесуэл, Ойрх Дорнод, Хойд Африкийн бусад орнуудад өрнөсөн бослогуудыг “өрнөдийн дайсагнасан хүчин” өөрсдийн ашиг сонирхлын төлөө орон нутгийн хүчнийг ашигласан гэж тайлбарладаг. Дотоодын эсэргүүцэл, хөдөлгөөний тухайд ч тэдний байр суурь адил буюу өрнөдийн нууц албаныхан хөндлөнгөөс оролцож байна гэж үздэг. Тухайлбал хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд 2019 оны зун Москва, Хонгконгт болсон эсэргүүцлийн хөдөлгөөний талаар бие биенийхээ байр суурийг илэрхийлэхдээ гаднаас нөлөөлсөн гэж мэдэгдсэн байна. Эдгээрээс харахад тэдний аюул заналын тухай ойлголт улам бүр адил болж байгаа нь ажиглагдана.

Кибер холбоо

Кибер засаглал бол Хятад-Оросын харилцааны өөр нэг чиглэл юм. Хоёр улс 2000-аад оноос харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр засгийн газар хоорондын дэд комисс байгуулсан ба Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Хүрээнд Хятад-Оросын түншлэл өргөжихийн хэрээр кибер салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа өргөн цар хүрээг хамарч байна. Хоёр тал мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, дижитал орон зайд бие биенийхээ шилдэг авторитарчлалын туршлагыг хуваалцаж, дуурайж, мэдээллийн технологийн компаниудын хооронд хамтын ажиллагааны төслүүдийг (5G, үүлэн тооцоолол) эхлүүлэв.

Гэхдээ өнөөг хүртэл хоёр улсын дижитал түншлэлийн хамгийн динамик талбар нь кибер орон зайд засаглалын туршлага болон хэм хэмжээг зохицуулах нийтлэг арга зам юм. 1998 оноос Орос улс НҮБ-ын түвшинд кибер хэм хэмжээний асуудлаар ажиллаж эхэлсэн ба 2010 оноос хойш Хятад улс Москватай энэ чиглэлд хүчин чармайлтаа нэгтгэн ажиллаж байна. Орос улс 2012 онд Хятад болон өөр цөөн хэдэн улсын дэмжлэгтэйгээр интернетийг зохицуулах Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ITU) чадамжийг сайжруулахыг уриалав. Бээжин, Москва хоёр интернет засаглалын олон талт загварыг (иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, төрийн байгууллагын) дэмжиж байгаагаа мэдэгдэж байсан ч 2012 онд тэдний дэвшүүлсэн ашгийн бус байгууллага болох Internet Corporation for Assigned Names and Numbers (ICANN)-ийн домэйн нэр хуваарилах үүргийг засгийн газарт шилжүүлэх гэх мэт санаанууд нь бусад улсын эсэргүүцэлтэй тулгарч бүтэлгүйтсэн юм.

Интернет засаглалтай зэрэгцэн кибер аюулгүй байдлын асуудал үүснэ. Энэ салбар дахь хоёр улсын хамтарсан санаачиагуудаас харахад кибер дэд бүтцийн аюулгүй байдлын цаана “мэдээллийн аюулгүй байдлыг” хангах агуулга харагдана. ШХАБ-ын хүрээнд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд дижитал сүлжээнд учрах эрсдэлээс илүү талууд мэдээллийн танин мэдэхүйн нөлөөлөлд онцгойлон анхаарч байгаа нь гэрээний мэдээллийн аюулгүй байдлын талаарх 6 зүйлийн 5 нь үүнийг хөндсөн байгаагаас харагдана. Энэхүү баримт бичгийг үндэслэн Москва, Бээжин хоёр мэдээллийн аюулгүй байдлыг хангах олон улсын ёс зүйн дүрмийг НҮБ-д хоёр удаа (хамгийн сүүлд 2015 онд) өргөн барьсан. Үндсэндээ энэ нь хоёр улсын улс төрийн дэглэмд бэрхшээл учруулдаг чөлөөт мэдээллийн орон зайд өөрийн тусгаар тогтнолыг хадгалах (засгийн газрууд нь үүнийг хянах чадвартай байх) эрмэлзэл юм.

Нэмж хэлэхэд Хятад Орос хоёр үгээ нэгтгэн кибер орон зайн хэм хэмжээ, үүрэг хариуцлагын стандартыг тогтоосон олон улсын форматыг бий болгохоор шаргуу хичээж байна. Эхлээд 2001 онд Орос улс газар зүйн тэгш хуваарилалтад үндэслэсэн цөөн хэдэн улсыг багтаасан НҮБ-ын Засгийн газруудын Шинжээчдийн бүлгийг байгуулахаар санаачлав. Энэ нь 2004 оноос хойш өнөөг хүртэл кибер салбар дахь олон талт яриа хэлэлцээрүүдийн гол талбар байсаар байна. Мэдээллийн аюулгүй байдлын тусгаар тогтнолоо хангах боломжгүй байгаа нь тэднийг бухимдуулж, 2018 онд хоёр улс хамтран НҮБ-ын дэргэд институцийн түвшний, өргөн хүрээг хамарсан Open-Ended Working Group байгуулсан. Түүний бүрэн эрх олон талаараа Засгийн газруудын Шинжээчдийн бүлэгтэй давцаж байгаа нь НҮБ-ын хүрээнд кибер асуудлын хэм хэмжээг боловсруулах үйл явцыг уялдаа холбоогүй болгох эрсдэлтэй юм.

Европын Холбооны Зөвлөлөөс боловсруулж 2004 оноос хүчин төгөлдөр болсон кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай Будапештын конвенци хоёр улсын цахим хэм хэмжээ тогтоох зорилгод саад болдог. Дэлхийн 64 орон хүлээн зөвшөөрсөн энэхүү конвенци нь кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал эрх зүйн хэрэгсэл төдийгүй дижитал салбарын үндсэн стандарт юм. 2019 онд Хятад Оросын хамтын хүчин чармайлтаар НҮБ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх тогтоолыг биелүүлэх өөр нэг хувилбарыг дэвшүүлсэн. Тэд Будапештын конвенци нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улам үр дүнтэй болгохоосоо илүү гэмт хэргийн кибер нотлох баримт цуглуулахад саад болж болох юм гэж үзээд конвенцид гэмт хэргийн кибер нотолгоог хил дамнан цуглуулах, баталгаажуулахад улс орнуудын үүргийн талаар санал оруулахаар хоёр улс идэвхтэй ажилласан. Бээжингийн зүгээс уг конвенцийг шүүмжлэхдээ улсын тусгаар тогтнолд саад учруулсан, “Баруун төвтэй” (конвенцийн төсөл боловсруулахад хөгжиж буй орнуудыг оролцуулаагүй) гэсэн ба кибер терроризмын эсрэг шийдэл нь хангалтгүй байна гэжээ. НҮБ шинэ конвенци гаргах талаар хэлэхэд арай эрт байна. Орос Хятад хоёр улс кибер гэмт хэрэгтэй тэмцэх механизмыг сайжруулахын тулд шинэ конвенци гаргахаар эрмэлзэж байгаа ч өөрсдийн кибер гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээ улсын эрх ашгаар халхлах нь утгагүй юм. Кибер засаглалын төлөөх Хятад-Оросын тэмцэл түр зуурын ялалт, ялагдалтай л байна. Ямартаа ч улам бүр ойртож буй Хятад-Оросын түншлэл үргэлжлэх хандлагатай. Иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааны талаар 2019 онд байгуулсан тунхаглал нь хоёр тал интернетийн тэгш засаглал, хэм хэмжээг тогтоох чиглэлээр нягт хамтран ажиллахыг нотолж байна. Гэвч энэ нь ирээдүйд хоёр улс энэ салбарт ижил үйл ажиллагаануудыг явуулна гэсэн үг биш юм. Гэхдээ тэдний интернетээр дамждаг чөлөөт мэдээллийн урсгалын аюул болон өөрсдийн улсын дэглэмд заналхийлж буй өрнөдийн улсуудын талаарх ойлголт нь ижил юм. Энэхүү ижил хандлага нь тэдний интернет засаглалыг өөрчилж, кибер дэд бүтцийн аюулгүй байдлаас илүү мэдээллийн аюулгүй байдалд онцгойлон анхаарахад түлхэц болж байна.

Европын Холбооны дүгнэлт

Хятад болон Орос улс нь олон улсын хэм хэмжээг дагагч байсан бол тэр хэм хэмжээг тогтоогч болж өөрчлөгдөхийн хэрээр олон улсын тавцанд түрэмгий хандлага үзүүлж байна. Тэдний хүний эрх, аюулгүй байдал, кибер засаглалын чиглэлээр баримтлаж буй төр төвтэй, либералчлалын эсрэг байр суурь нь олон улс орны тэр тусмаа хөгжиж буй орнуудын дэмжлэгийг улам бүр хүлээсээр байна. Тэдний энэхүү хамтын ажиллагаа нь Вашигтоныг зарим олон улсын байгууллагаас гарахад болон трансатлантийн хамтын ажиллагаа олон түвшинд харьцангуй буурахад нөлөөлж байна. Үүнийг Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлаас ч харж болно. АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өгөх санхүүжилтээ зогсоох шийдвэрээ зарласаны дараа Хятад улс санхүүжилтээ нэмэгдүүлэхээ амлав. Үүний дараа АНУ энэ байгууллагаас гарна гэж мэдэгдэхэд ДЭМБ-д Хятад болон Оросын байр суурь, хүч чадал харьцангуй бэхэжсэн бол трансатлантын харилцаа улам суларсан.

Хятад-Оросын нэгдэл болон Европын Холбооны харилцааг анхаарч харвал 3 гол сорилт харагдана. Нэгдүгээрт “засаглалын өөр загвар”-ыг хүлээн зөвшөөрөх нь либерал суурьтай одоогийн олон талт институциудад эрсдэл үүсгэж цаашдаа олон улсын орчинд зохицуулахад төвөгтэй түрэмгийллийг өдөөж болзошгүй байгаа нь макро төвшиндөө ихээхэн асуудлыг дагуулна. Хоёрдугаарт эдгээр улсууд одоогийн дэлхий нийтийн хэмжээнд мөрдөж буй хэм хэмжээ болох хүний эрх, цөөнхийн эрхийг хамгаалах гэх мэт асуудлыг тэр ч байтугай өөрсдөө албан ёсоор хөнддөг дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, НҮБ-ын хориг арга хэмжээ зэргийг илэрхий зөрчиж байгаа нь бас нэг асуудал болж байна. Ийнхүү зөрчиж буй нь цаашид таамаглах аргагүй байдлыг бий болгож, олон улсын тогтолцоонд дарамт, албадлагыг улам бүр нэмэгдүүлж байна. Харин Европын Холбоо нь аливаа асуудлыг шийдвэрлэхдээ олон талт байгууллагуудаараа дамжуулан том, жижиг улсууд хамтдаа энхтайванч аргаар төгс биш ч зүйд нийцсэн зөвшилцөл хийхийг эрмэлздэг. Гуравдугаарт Хятад-Орос хоёулаа Европын холбоо болон түүний үнэт зүйлд ухуулга сурталчилгаа хийх, худал мэдээлэл түгээх, манипуляци хийх зэргээр халдаж байна.

Цаашилбал Хятад-Орос хоёулаа одоо байгаа олон талт тогтолцоог бүр мөсөн алга болгох биш өөрчлөх, эргэн харахыг хүсч байгаа ч тэдний түрэмгий, сөргөлдөгч байдал нь ирээдүйд олон талт байгууллагуудын чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах болно. Хамгийн муугаар бодож үзэхэд энэ бол дэлхийн тогтолцоог гүн гүнзгийгээр удаан хугацааны туршид хуваагдахад хүргэж, Европын Холбооны үндсэн үзэл санааны эсрэг тал буюу “нөлөөний хүрээ” гэх ойлголтыг сэргээж болзошгүй юм.

Үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд Европын Холбоо Хятад-Оросын нэгдэлийг бүрэн хүлээн зөвшөөрч, олон улсын түвшинд хамтран ажиллах нь зүйтэй юм. Энэ нэгдлийг харахад ойрын хугацаанд гаднаас нь задлах боломжгүй. Учир нь олон улсын түвшинд тэд өрнөдийнхөн тэдний улсын засаглалд заналхийлдэг гэж үздэг “адилхан зантай” харин дотооддоо хоорондоо илүү ойртож байна. Гэтэл зарим нэг нь Оросыг Хятадаас хэрхэн салгах вэ гэж бодож байхад Москва Бээжин хоёр трансатлантын холбоо удахгүй тасарна гэж найдаж байна.

Дэлхийн засаглалын бүтэц өөрчлөгдөж байгаа энэ үед Европын Холбоо цаг хугацааны мэдрэмжтэй байх хэрэгтэй. Орос Хятад хоёулаа одоо бол урагш давших цаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Орос улсын хувьд дахин хүчирхэгжиж буй цэргийн хүчээ дэлхийн тавцанд гаргахыг яарч байгаа бол Хятад улс тоглоомыг илүү удаан хугацаанд үргэлжлүүлэхийг хүсч байгаа ба одоо бол өрнөдийг “үймүүлэх” үе гэж үзэж байна.

Иймээс Европын Холбооны хувьд хамгийн чухал зүйл бол Орос, Хятад хоёрын хоорондох харилцааг гацаах гэж оролдохын оронд хоёр улс ялангуяа Хятад улс альтернатив хэм хэмжээг идэвхтэй сурталчилж байгаа тохиолдолд тэдний зүгээс ирэх аливаа сорилтуудад бэлэн байж, авах хариу арга хэмжээгээ урьдчилан тооцож, Нэгдсэн Үндэстний системийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах нь чухал юм. Учир нь Европын Холбоо дангаараа амжилтанд хүрэх магадлал бага. Олон талт харилцааг үр дүнтэй хамгаалахын тулд Европын Холбоо зөвхөн уламжлалт харилцаатай, ижил үзэл бодолтой улс орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх (шаардлагатай бол засах) төдийгүй Хятад-Оросын нэгдлийг дэмжигч, түүнд татагдан орж байгаа улс орнуудыг ч ятган ойлгуулах хэрэгтэй байна.          

Эх текст:

https://www.iss.europa.eu/content/stand-me-sino-russian-normative-partnership-action


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА