ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ТЭМЦЭЖ ИРСЭН МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ

2020-06-26

https://niss.gov.mn/wp-content/uploads/2020/06/Picture1-2.png

Монгол Улсын оршин байгаа болон хаяа нийлсэн бүс нутагт зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд идэвхжсээр, энэ нь гадаадаас үүдэлтэй уламжлалт бус аюул заналын хамгийн том хүчин зүйл болоод зогсохгүй дотоод аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд заналхийлж эхлээд байна. Зүүн өмнөд Ази, Төв Азийн орнууд төдийгүй хоёр хөршид ч оршин байгаа гэмт бүлэглэлүүд манай улсыг сонирхож монгол иргэдийг гэмт хэрэгт татан оролцуулах нь нэмэгдэж байна. Эдгээр улсуудаас гаралтай химийн нийлэгжсэн аргаар гаргаж авсансэтгэцэд нөлөөлөх бодисыгулсын хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, зарж борлуулсан, хэрэглэсэн хэрэг зөрчлийн тоо ихсэж байна. НҮБ-аас жил бүр гаргадаг дэлхийн хар тамхитай тэмцэх 2010 оны илтгэлд манай улсыгдамжин өнгөрүүлэгч орон гэж тэмдэглэж байсан бол 2016 оноос хэрэглэгч улс болждурдагдсан ньэнэ хор аюул сэтгэл түгшээх хэмжээнд хүрээд байгааг харуулж байна. Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй Монгол Улс хэрхэн тэмцэж ирсэн түүхэн баримтаас хүргэж байна.

Монгол хууль цаазын эртний сурвалж бичгүүд болон Их Засаг, Юань гүрний хуулиуд, Халх журам, Дөчин дөрвөн хоёрын их цааз зэрэгт хар тамхи болон мансууруулах  бодис хэрэглэх, борлуулах явдлыг гэмт хэрэгт тооцож, ял оногдуулах талаар ямар нэгэн заалт байхгүйгээс үзэхэд тухайн үед энэ нь төрийн оролцоо шаардах үзэгдэл биш байсныг анзаарч болно. Харин энэ төрлийн гэмт хэрэг Монгол Улс тусгаар тогтнолоо алдаж манжийн эрхшээлд орсон үеэс мэр сэр гарах болжээ. Манж гүрэн Их Британитай  хар тамхины 3 удаагийн амжилтгүй дайн хийсний дараа  өрнөдийн хагас колони болж, дайны төлбөрт 25 сая доллар төлж,  улмаар хар тамхины нээлттэй зах зээл болон хувирчээ. Энэ үеэс хятадад хар тамхины хэрэглээ, борлуулалт  өргөн цар хүрээтэй болж,  жирийн ард иргэдийн дунд эрчимтэй дэлгэрсэн байна. XIX зууны сүүлээр монгол оронд хятадын худалдаачид бараа товар тээвэрлэх, худалдаа арилжаа хийх явдал улам нэмэгдэж, үүний хажуугаар хар тамхийг хууль бусаар оруулж жирийн ард иргэдэд бус тодорхой дээд давхаргад хэрэглүүлэн улмаар нэг хэрэглэсэн хүн дахин хэрэглэх сэдэл төрөх үед нь худалдан борлуулах ажиллагааг нилээн далд хэлбэрээр зохион байгуулж эхэлжээ.  

«…Хар тамхи хэмээгч бодис хамаг хортой бузар юм мөн хэмээх тул үүнээс урагш манай монгол нутагт тэрхүү хар тамхи хэмээгчийг элдэв хүн татаж хэрэглэх ба  худалдааны пүүс, дотор газраас худалдан өгөх, манай улсад тарианд тарих явдлыг нэгэн адил чангалан цаазалсугай …» 1912.06.12.

Ийнхүү Улиастай, Ховд, Хүрээ зэрэг Халхын төв суурин газруудад  хятад худалдаачид ший зугааны газруудад  хар тамхи нэвтрүүлснээр  монголын язгууртан зарим ноёд, дээд лам нар  зэрэг явцуу  хүрээнд ашиглах болсон байна. Мөн тухайн үеийн “хүрээ хүүхнүүд” гэж нэрлэгддэг хөнгөн хуумгай явдалтай эмэгтэйчүүд  хар тамхинд гүнзгий автаж байсан талаар баримтууд нилээд байдаг. Тухайн үед Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яамны  сан хөмрөгт: 

– Хар тамхи татахыг зогсоох шинэ хэмжээ дүрмийг зарласан бичгүүд,

– Улиастайн жанжины газраас хар тамхийг цаазлах хуулийг  дотоодод явуулахад хэцүү бэрх явдал үгүй хэмээн зарлигийг шүүж хүргэсэн хэрэг,

– Хиагтын иргэд оросуудтай хамт харилцан хар тамхи худалдаалж болохгүйг ойлгуулах тухай Хиагтын жургааны зангид тушаасан хэрэг гэх мэтээр хар тамхи хэрэглэх явдалтай тэмцэж байсан тухай 30 гаруй баримт тэмдэглэгдэн үлджээ.

Дээрх баримтуудыг агуулгаар нь хэрэглэхийг хориглосон, худалдах, тарьж ургуулахыг хориглосон, хэрэглэсэн мансуурсан иргэдийг  хэрхэн шийтгэх тухай хэмээн  төрөлжүүлж болохоор байна.  

Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа  хар тамхины аюулыг таслан зогсоох талаар арга хэмжээ авч эхэлсний илрэл нь  1912 оны 6-р сарын 27-нд  Богд хаанаас гаргасан зарлиг юм. Үүнд ”…Хар тамхи хэмээгч бодис хамаг хортой бузар юм мөн хэмээх тул үүнээс урагш манай монгол нутагт тэрхүү хар тамхи хэмээгчийг элдэв хүн татаж хэрэглэх ба  худалдааны пүүс, дотор газраас худалдан өгөх, манай улсад тарианд тарих явдлыг нэгэн адил чангалан цаазалсугай. Хэрэв зөрчих аваас монгол хүн бол хүнд цээрийг үзүүлэн шийтгэж, иргэн хүн болвоос  худалдааны албан газар хураан авч, түлж сүйтгээд уг иргэнийг шууд үлдэн хөөж дахин монгол газар ирж худалдаа хийхгүй болгосугай …..” гэж дурджээ.  Монголд ашиглаж байсан хар тамхины нэг хэсэг нь өрнийн зах зээлээс  хятад худалдаачдаар дамжин орж ирсэн үйлдвэрийн аргаар боловсруулсан хар тамхи байсан ба дээдсийн хүрээлэлд  голдуу ашиглаж байсан бол  гар аргаар боловсруулсан хар тамхийг  Сэлэнгэ орчим нутагт жирийн хятад тариачид  бага зэрэг хэмжээгээр тарих буюу  байгаль дээрээс хар тамхины хольцтой  ургамлыг түүх замаар  боловсруулан хэрэглэж байжээ.  Монголд хэрэглэж байсан хар тамхи нь голдуу гаансаар татаж хэрэглэдэг төрлийнх байсан ба монголд ажиллаж амьдарч байсан хятад иргэдийн хувьд жирийн хэрэглээ болсон байна. Хар тамхи монгол нутагт  хятад худалдаачдаар дамжин нэвтэрч байсан явдалд олон түмэн дургүйцэж түүнийг хориглон цаазлах ажааму хэмээн  дээд эзнээ нугалбар өргөн барьсанд Богд хаан ийнхүү ёсоор болгосон байна.

«… Хэрэв зөрчих аваас монгол хүн бол хүнд цээрийг үзүүлэн шийтгэж, иргэн хүн болвоос  худалдааны албан газар хураан авч, түлж сүйтгээд уг иргэнийг шууд үлдэн хөөж дахин монгол газар ирж худалдаа хийхгүй болгосугай ….» Богд хааны зарлиг

Богд Хаант Монгол Улсын хувьд  хар тамхины хэрэглээ нь удмын сангийн аюулгүй байдалд хор уршигтай  гэдгийг тооцон үзэж, ард иргэдэд дэлгэрүүлэхийг хатуу хориглохын зэрэгцээ монголчуудыг хятад иргэдээс тусгаарлах бодлого хэрэгжүүлжээ. Үүнд хятад, монгол иргэдийг хоорондоо ураг барилдахыг хатуу хориглохоос гадна хятад иргэдийг  монголчуудтай холилдон амьдрахыг зогсоож, хүчээр нүүлгэн шилжүүлж дангаар нь нэг дор төвлөрүүлжээ. Юуны өмнө манжийн төрийн монгол ноёдтой  ургийн холбоо тогтоох бодлого нь  Монгол Улсын олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нарын  удмын санг цэвэр ариун байлгаж, хятад эмэгтэйтэй ураг барилдахыг цаазлан хориглох төрийн бодлогоор солигдов. Богд гэгээнээс Бүгд ерөнхийлөн захирах яаманд  дээд зарлиг буулгахдаа, “Монгол олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нар  хятад хүнтэй ураг барилцан холбож, богтолж үүрд болохгүй болгогтун” хэмээгээд, үүнийг  дөрвөн аймгийн  чуулган дарга, жанжин  нарт тушаан явуулаад, хичээнгүйлэн  дагаж, ийнхүү цаазалсаныг зөрчигчид буй аваас  ял хэлэлцэх явдлыг  сайтар ухуулан тушаасугай” хэмээжээ.  Хууль журам зөрчсөн монголчуудыг язгууртан тайж, лам бол торгох, жирийн малчин иргэн бол ташуурдах жанчиж, хятад иргэний барааг нь хураан, монгол газар худалдаа хийх эрхийг нь цуцалж, дахин ирүүлэхгүйгээр хөөн гаргах ял шийтгэл ял оноож байжээ.

 Нийслэл Хүрээнд  лам, харыг холилдуулахгүй гэдэг хэзээний  дэглэмийг  улам чангалж, дээрээс нь  орос, монгол, хятад, төвөдийг  хооронд нь хольцолдуулан суулгах явдлыг хатуу хориглов.  Ялангуяа монголчуудтай холилдон суух хятадыг бүр ч хатуу харгалзан хянав. Хууль журмыг сахин хэрэгжүүлэх үүргийг тухайн үеийн Богдын Засгийн Газрын тагнуул, дотоод аюулгүй байдал хариуцсан байгууллагууд болох Дотоод яамны “Нийслэл Хүрээ, Маймаа хотын иргэдийн хэргийг хамааран шийтгэх түшмэл”-ийн газар болон Цэргийн яамны харьяа Цагдан сэргийлэх газар хүлээжээ.

Монгол, хятад ураглан суухыг хориглоод зогсохгүй нэгэнт орж ирээд суурьшсан хятадуудаас хууль журамд нийцүүлэн хөөж гаргах арга хэмжээ шат дараатай авав. Тухайлбал, 1913 оны хавар  Нийслэл Хүрээний баруун дамнуурчинд  оршин сууж байсан цагаач хятадуудыг  хөөн зайлуулах арга хэмжээг Дотоод яамнаас зохион байгуулахдаа  Түшээт хан, Сайн ноён хан аймгуудын чуулган дарга,  Эрдэнэшанзавын яамтай хамтарсан  шалгалтаар 2600 хятадыг тус улсаас хөөн буцаажээ. 1916 онд  дээрх шийдвэрийг үндэслэн Хүрээний таван хэсэг газар  монголчуудтай холилдон сууж байсан  99 тооны иргэдийн  орон байр, хашааг эвдлэн, тэднийг хөөж, тусгай газарт суурьшуулсан баримт байна.

Хууль журмыг сахин хэрэгжүүлэх үүргийг тухайн үеийн Богдын Засгийн Газрын тагнуул, дотоод аюулгүй байдал хариуцсан байгууллагууд болох Дотоод яамны “Нийслэл Хүрээ, Маймаа хотын иргэдийн хэргийг хамааран шийтгэх түшмэл”-ийн газар болон Цэргийн яамны харьяа Цагдан сэргийлэх газар хүлээжээ.

Үүний тул монголчуудтай хаяа залган амьдарч байсан хятадуудын байр сууцыг хүчээр буулган,  нүүлгэн шилжүүлж, одоогынхоор Ботаникийн цэцэрлэг тухайн үеийн Амгаланбаатар хот орчимд дан хятадууд амьдардаг хорооллыг бий болгожээ. Хар тамхинд хөнгөмсөг явдалтай хүрээ хүүхнүүд орж байснаас гадна  амьдралын эрхээр ядуурсан ардууд  охид хүүхнүүдээ баян худалдаачин хятадуудад богтлон өгөх явдал цөөнгүй гарч байв.  Иймд хятадуудтай ураг холбон хар тамхинд орж, удмын сангаа бохирдуулж буй эмэгтэйчүүдийн үйлдлийг таслан зогсоохын тулд “…монголчууд шашин үндэс нийлэхгүй гадаад хүнтэй эм охиныг  харилцан гэргий болгон авбаас, өгвөөс болохгүй. Зоргоор өгөх авах нь буй болбоос авсан гэргийг нөхрөөс хагацуулж төрхөмд  эгүүл…” гэж Богд хаанаас зарлиг буулгасан байна. Хууль зүйлийн бичгийн дээрх заалтаас үзэхэд монголын төр нь харийн хүнтэй ураг барилдагсдыг шийтгэх тухай манжийн төрийн хууль  цаазын хатуу шийтгэлийг  хэвээр авч хэрэглэснээс гадна ураг барилдагсдыг  яс үндэс, шашин шүтлэгийн талаар шинээр заалт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, хуулинд шашин, үндэс нийлэхгүй гадаадын хүмүүстэй  эмс охидыг харилцан өгч авахыг цаазлан хоигложээ.

 Хар тамхины талаарх журам зөрчсөн иргэдийг Шүүх Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэх Яамнаас байцаан шийтгэж байв. Тухайлбал Монгол Улсад амьдарч байсан солонгосын 5 иргэн Алтанбулаг орчим хар тамхи тариалж байсныг илрүүлж, арга хэмжээ авчээ. Мөн 1914 онд хятадын иргэн Цеу Там, Мие Баочан нар хар тамхи нэвтрүүлэх гэж байгаад баригдсан мэдүүлэгтээ … Цеу Там би 32 настай, Чин улсын үед Монгол Улсад ирж байсан. Хар тамхи 22 боодол, 500 гаруй жинг  хоёр тэмээнд ачиж ирсэн. Мие Баочан би монгол Гончигцэрэнгийн хамт худалдаа үйлдэн амьдрахаар ирэхдээ  хар тамхи 12 боодолтой 32 жинг тээж ирсэн нь үнэн…гэж өгүүлжээ. Ийнхүү зөвхөн хятад иргэдийн дунд байсан хар тамхины хэрэглээ Ардын засгийн үед ч тасралтгүй үргэлжилжээ. 1950-1960 он хүртэл БНМАУ-д цагаачлан амьдарч байсан  хятадуудын дунд хар тамхи хэрэглэх, борлуулах, худалдах зэрэг хууль бус үйлдэл мэр сэр гарч байсан тухай түүхэнд цөөнгүй баримт тэмдэглэгдэн үлдсэн байх ажээ.


Ангилал: Долоо хоногийн тойм