Эх газар, далайд өрсөлдөгчөө тогтоон барих Америк загвар

2019-05-02

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/05/1200x674-3.jpg

ГЕОСТРАТЕГИЙН хувьд эх газарт байрласан ЗХУ задарсан нь Евразиас Америкийг хөөн гаргах гэсэн 40 жилийн оролдлогыг төгсгөл болгосон ч тэднийг геополитикийн хүнд сорилтууд хүлээсээр байна. Еврази нь бүхий л талаараа Америкаас аварга том боловч түүхэнд анх удаа Евразийн бус гүрэн АНУ Евразид тэнцвэржүүлэгч хүчин болж байна. Гэхдээ түүний үндсэн зорилго бол Евразийг нэгэн цул болгож нэгтгэхгүй байх явдал.

Гэвч Хятад, Энэтхэг зэрэг улсуудын өсөн тэлж буй орон зай, потенциалаас шалтгаалж дэлхийн чадавхад эзлэх АНУ-ын жин сүүлийн хэдэн арван жилд буурч байгааг судлаачид тэмдэглэж байгаагийн сацуу глобал ашиг сонирхол нь тэлж бусдын өмнө хүлээсэн үүрэг нь хэтэрч улмаар тэдгээрийг хамгаалах, хэрэгжүүлэх чадавх нь дутах тэрхүү мөчтэй тулгарч болохыг анхааруулж байна. Иймд АНУ Евразийн гол өрсөлдөгч гүрнүүд болох Орос, Хятадын нөлөө, орон зайг нэмэгдүүлэхгүй байхад стратегиа чиглүүлдэг. Магадгүй энэ санамсаргүй зүйл байж болох ч Хятадыг Энэтхэг-Номхон далайн бүсэд барих гэсэн цэрэг-улс төрийн загвар нь Европт Оросыг дарах гэсэн цэрэг-улс төрийн тогтоцтой төстэй байна.

Америкийн статус-кво, тогтоосон дэг журам

ЭХ газрын буюу далайн гүрнүүдийн хооронд орших “эргийн газар орон” нь хоёр талаас ирэх түрэлтийг тогтоон барина. Америк нөлөөгөө хадгалахын тулд энэ бүсийн дагуу хамгаалалтын шугамаа байгуулсан ба энэ нь нэгэнт газар зүйн байршил тул тогтвортой юм. Эргийн газар оронд үндсэндээ Европын эрэг, Араб, Ойрхи Дорнод, Азийн борооны улирал бүхий эргийн газар орнуудыг тооцно. Евразийг дамнасан хүчирхэг ганц гүрэн байх нь Америкт аюултай, иймд энэ бүс нутагт хүчний тэнцвэрийг тогтоон барьж байх нь Америкийн ашиг сонирхолд нийцэх юм. Тухайлбал, Европт Герман, Оросын түншлэл давамгайлваас Америкийн оролцоогүйгээр Британи, Франц нь Орос, Германтай өрсөлдөж чадахгүй юм.

Улс төр, цэргийн бодлогын үүднээс авч үзвэл АНУ стратегийн зорилгодоо хүрчээ. Буфер бүсүүд нь ч бүтэн, Евразийн зүгээс ч Америкт шууд заналхийлэх аюул алга. Энэ давуу талаа тогтоон барихыг зорьж байна. Гэвч Хятад, Энэтхэг зэрэг улсын өсөн тэлж буй орон зай, потенциалаас шалтгаалж дэлхийн чадавхад эзлэх АНУ-ын жин сүүлийн хэдэн арван жилд харьцангуй жигд хурдацтай буурч байгааг судлаачид тэмдэглэж байгаагийн сацуу глобал ашиг сонирхол нь тэлж, бусдын өмнө хүлээсэн үүрэг нь хэтэрч, улмаар тэдгээрийг хамгаалах, хэрэгжүүлэх чадавх нь дутах тэрхүү мөчтэй тулгарч болохыг анхааруулж байна. Иймд АНУ гол өрсөлдөгч улсууд болох Орос, Хятадын нөлөө нэмэгдэж, орон зайг тэлүүлэхгүй байхад стратегиа чиглүүлж байна.

Орос, Хятадыг эх газарт нь тогтоон барих Америк загвар

МАГАДГҮЙ энэ санамсаргүй зүйл байж болох ч Хятадыг Энэтхэг-Номхон далайн бүсэд барих гэсэн цэрэг-улс төрийн загвар нь Европт Оросыг дарах гэсэн цэрэг-улс төрийн тогтцыг санагдуулж байна. Хоёр загварт хоёуланд нь түлхүүр элемент байна. Энэ нь Энэтхэг-Номхон далайн бүсэд Япон улс бол Европт Герман, өөрөөр хэлбэл АНУ-ын гол чухал цэргийн хүчин, бааз байрлуулсан улсууд юм. Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулсан байлдааны түшиц газрын гол үүргийг Энэтхэг-Номхон далайн бүсэд Өмнөд Солонгос, Европт Польш, Румын хоёр улс гүйцэтгэж байна. Хоёр загварт хоёуланд нь объектыг барих (дарамтлах) “ясны дургүй” гэж хэлж болох элемент байна. Энэтхэг-Номхон далайн бүсэд Энэтхэг улс нь Хятадад дургүй ба Европт англичууд оросуудыг байнга бухимдуулдаг.

Хятад, Энэтхэг зэрэг улсын өсөн тэлж буй орон зай, потенциалаас шалтгаалж АНУ-ын жин сүүлийн хэдэн арван харьцангуй буурсаар ирэв.

Ар талын түшиг тулгуураар Энэтхэг-Номхон далайн бүсэд Хятадыг барихаар Австрали байгаа бол Европын ар талын Оросод дарамт үзүүлэгч нь Франц улс байна. Хоёр улс хоёулаа “фронтын шугамаас” хол байгаа хэдий ч гол холбоотон болох АНУ-ын тушаалаар шууд “босч ирнэ”. Эцэст нь цэрэг-улс төрийн загварын хоёулангийнх нь бүтцэд “хөзрийн хүн” гэх элемент байх ба объектыг барихдаа (дарамтлахдаа) илүү их “өвдөлт” мэдрүүлэх үүрэгтэй буюу “улаан шугамын дэргэдэх” элементүүд байна. Энэ нь мэдээж Энэтхэг-Номхон далайн бүсэд Тайвань бөгөөд Европт Украин юм. Тайвань, Украин хоёр зүгээр ч нэг улсууд биш, тэд АНУ-тай нягт холбогдох бүх зүйлээ тавьсан. Эх газрын Хятадын хувьд Тайвань, мөн Оросын хувьд Украин нь “ариун” газар нутаг бөгөөд өрсөлдөгч орнуудын мөргөлдөөн шиг зүгээр нэг цэргийн сөргөлдөөн бус үнэн хэрэгтээ ахан дүүсийн хоорондын маш хүнд, туйлын эмгэнэлтэй дайн болох юм.


Balance of power with today’s Russia-NATO confrontation (source: lraber.info)

China rightly feels contained by the U.S., but the American strategy is a normal reaction to a rising, assertive power (source: macpixxel for GIS)

Украйны хувилбар Тайваньд хэрэгжих үү

“УКРАИНЫГ алдах нь Оросын эзэнт гүрнийг сэргээж, түүнийг хэт их гүрэн болгох гэсэн Путины төлөвлөгөөг нь нураана” гэсэн П.Порошенкогийн үг Америкийн стратегийн тодорхой илэрхийлэл. Орос нь Украин, Беларусь гэсэн славян угсааны үндсэн тулгуураасаа салсан нөхцөлд хэзээ ч их гүрний байр сууриа сэргээж чадахгүй гэсэн томьёоллыг Америк Европт амжилттай хэрэгжүүлсээр байна. БНХАУ ч гэсэн хятад угсаа гаралтай улсуудыг нөлөөндөө барихгүйгээр АНУ-тай титмийн төлөө өрсөлдөх нь түвэгтэй. Иймд Америк Европт хэрэгжүүлсэн загвараа Хятад дээр турших нь цаг хугацааны асуудал болжээ. Гол халуун цэг нь Тайвань байх болно. 2016 онд сонгогдсон ерөнхийлөгч Цай Инвэнь (Эх газрын Хятадаас үл хамаарах Тайванийг дэмжигч намаас нэр дэвшин сонгогдсон) АНУ-аас чиглэлээ авдаг бөгөөд хятадын шинжээчид Тайванийн эрх баригчдыг “АНУ-ын стратегийн шатрын хүүнүүд” гэж нэрлэжээ.

АНУ-ын үйлдэл бүхнийг Хятадын өнцгөөс харахад ямар нэгэн хэмжээгээр “Нэг Хятад” гэсэн зарчмаас ухарсан шинж тэмдгүүдийг агуулж байна.

АНУ нь Тайванд өндөр технологийн байлдааны зэвсэг, техник үргэлжлүүлэн худалдахаас гадна улам бүр ихэсгэж байгааг, ерөнхийлөгч Цай Инвэний өөрийн зэвсгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр тусмаа хамгийн түрүүнд байлдааны хөлөг онгоц болон японы мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар баггүй шумбагч онгоц барих төрийн бодлогыг дэмжиж байгааг, АНУ-ын тэнгисийн цэргийн судалгааны хөлөг онгоцыг Гаошюнь боомт руу явуулж байгааг, удирдлагат пуужингаар зэвсэглэсэн америкийн байлдааны хөлөг онгоцууд Тайваний хоолойгоор болон Өмнөд Хятадын тэнгист байдаг маргаантай Шишя арлын (Хятад өөрийн нутаг дэвсгэр гэж тооцдог) дэргэдүүр хэд хэдэн удаа явж, БНХАУ-ын Засгийн газарт албаар үзүүлж байгааг, 2018 оны эхээр АНУ-ын Конгресс америкийн төрийн алба хаагчдыг Тайваньд зорчихтой холбоотой зохицуулалтыг журамласан хуулийн төсөл оруулсныг, 2018 оны 9 дүгээр сард Сенат Тайвантай дипломат харилцаагаа тасалсан улсаас Америкийн элчингүүдийг эгүүлэн татах талаар тусгасан хууль баталсан зэргийг Хятад улс нэгбүрчлэн харж байна. АНУ-ын энэ бүх үйлдэл Хятадын талаас харахад ямар нэгэн хэмжээгээр “Нэг Хятад” гэсэн зарчмыг зөрчиж байгаа нь илэрхий.

Тэнгисээр бүслэх загвар амжилттай хэрэгжих үү?

ХЯТАД нь Америкийн стратегийг сөрсөн цэрэг, дипломат, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Юуны түрүүн Америктай өрсөлдөхүйц хэмжээнд хүртэл тэнгисийн цэргийн хүчний чадавхаа нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тухайлбал, хиймэл дагуулын эсрэг систем, stealth технологи ашигласан тав дахь үеийн сөнөөгч ба 3,2 мянган км-ийн цаадтайх онгоц тээгч хөлгийг живүүлэх хөлөг онгоцын эсрэг DF-21 баллистик пуужин бүтээж байгаа зэрэг нь АНУ-ын БХЯ-ыг түгшээж буй. Эдгээр пуужингийн хүчний үр ашгийг дээшлүүлж байг хянах, илрүүлэх системийг боловсронгуй болгохын тулд тэнгисийн тагнуулын сансрын хяналтын системийг хөгжүүлэхэд анхаарч ихээхэн хөрөнгө хаяж байна.

Геополитикийн шинэ хуваарилалт дахь хүчний харьцаа “Хүйтэн дайн”-ы үеийнх шиг Америкийн талд эргэлзээгүй давуу хараахан биш.

Энэтхэг-Номхон далайн бүсэд хэн нь давамгайлахыг шийдвэрлэх нэг хүчин зүйл бол Энэтхэгийн байр суурь. АНУ-ын хувьд Энэтхэг нь “Энэтхэг-Номхон далайн түншлэл” стратегиа хэрэгжүүлэх гол түнш. Гэвч Хятад нь ШХАБ-аар дамжуулан Энэтхэгийг Америкаас хөндийрүүлэх, улмаар тусгаарлахыг эрмэлзсэн бодлого барих бөгөөд үүндээ Оросын идэвхтэй дэмжлэгийг авах ёстой. Мөн энэ хүрээнд Энэтхэгтэй маргаантай байгаа нутаг дэвсгэрийн асуудлаа нэг тийш болгох хэрэгтэй. Энэ оны хоёрдугаар сарын 18-нд ОХУ Энэтхэгт таван тэрбум ам.долларын “С-400-Триумф” зенит пуужингийн цогцолбор нийлүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурж Энэтхэгийн БХЯ-ны сайд Н.Ситхараман ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хоёр тал орчин үеийн 500 ширхэг “Т-90С” орчин үеийн танк авах талаар хэлэлцээ хийж эхэлснийг мэдэгдсэн нь АНУ-ын зэр зэвсгийн үйлдвэрлэлийн салбарт том цохилт болсон төдийгүй ОХУ Энэтхэгт өөрийн “С-400” пуужингийн цогцолборуудаа худалдсан нь стратегийн маш чухал ач холбогдолтой. “С-400” нь АНУ-ын Aegis пуужингийн цогцолбороос дутахгүй төдийгүй зарим үзүүлэлтээрээ давж гардаг. Тэгэхээр, Энэтхэг “С-400” пуужингийн цогцолбор авснаар АНУ-аас илүү ОХУ-тай стратегийн ойр харилцаатайгаа нотолж, Д.Трампын “Энэтхэг-Номхон далайн стратеги”-ийн ирээдүйг бүрхэгдүүлэх алхам хийлээ гэж ажиглагчид үзэж байна.

ИЙНХҮҮ Америк нь Оросыг Европт түгжин хязгаарлах загвараа Энэтхэг, Номхон далайн бүсэд Япон, Австрали, Энэтхэг улсуудтай хамтран Хятадын эсрэг ашиглаж байна. Энэ загвар амжилттай хэрэгжих эсэх нь нэгд, Орос, Хятадын стратегийн түншлэл хэр амь бөх байхаас, тэдний хооронд ан цав гарах эсэхээс, хоёрт, Энэтхэгийн байр сууринаас ихээхэн хамаарна. Шинэ “Хүйтэн дайн” ч гэж томъёолж байгаа геополитикийн шинэ хуваарилалт дахь хүчний харьцаа өмнөх үеийн сонгодог “Хүйтэн дайн” шиг Америкийн талд эргэлзээгүй давуу хараахан биш, ийм нөхцөлд хоёр фронтод адил төстэй стратеги хэрэгжүүлэх нь хэр үр дүнтэй байх нь ч тодорхойгүй.


Ангилал: Долоо хоногийн тойм