“Нэг бүс, Нэг зам”: Хятадын өсөлт ба үүрэг хариуцлага

2019-05-01

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/05/1200x674.jpeg

АЮУЛГҮЙ байдал судлалын хүрээлэн ОХУ, АНУ, БНХАУ болон нөлөө бүхий бусад улсын шинжээчид, бодлого боловсруулагчид өөрийн төр, засгийн удирдлагад санал болгож байгаа бодлого стратегийг мэдээллийнхээ зарим дугаараар тоймлон хүргэж эхлээд байгаа билээ.

Энэ удаад 2019 оны 4 дүгээр сарын 25-аас 27-нд Бээжин хотноо “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалт болсонтой холбогдуулан уг санаачилгын учир шалтгааны талаар Хятадын Ардын их сургуулийн профессор, “Нэг бүс, нэг зам” судлаач хэмээн алдаршсан, ХКН-ын Төв Хорооны дэргэдэх Орчин үеийн дэлхий судалгааны төвийн тусгай судлаач, бодлого боловсруулагчдад зөвлөмж өгдөг тэргүүлэх эрдэмтдийн нэг Ван Ивэйгийн өгүүллийг орчуулан хүргэж байна.  Уг нийтлэл дэх аливаа дүгнэлт, дэвшүүлсэн үзэл санаа нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.

“НЭГ бүс, нэг зам” Хятадын үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг олон улсын жишигт хүргэж, газар тариалангийн соёл иргэншил голчилсон байдлаас аж үйлдвэрлэл мэдээллийн соёл иргэншил руу шилжин оруулах юм.

Анхан шатны тооцоогоор “Нэг бүс, нэг зам”-д 64 улсын (Хятад орохгүйгээр) 900 орчим төсөлд 800 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар байна. 2016 оноос хэрэгжилтийн үе шат эхэлж, дэд бүтцийн ажил шав тавин, зам дагуух орнуудтай нэгдмэл ойлголцлыг бүрдүүлж эхэллээ. 2024 онд интеграцын эхний алхам бүрэлдэж, зам дагуух орнуудын өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийн сүлжээ үндсэндээ бүрэлдэнэ. Балтын тэнгис, Газрын дундын тэнгис, Энэтхэгийн далайн стратегийн замууд аюулгүй нэвтэрдэг болно. 2049 онд ашиг сонирхол, хариуцлага, хувь заяаны цогц нэгдлийг байгуулж, “Таван хэлхээ” үндсэндээ хэрэгжсэн байна. “Таван хэлхээ” буюу бодлогын уялдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдааны чөлөөтэй урсгал, хөрөнгө санхүүгийн эргэлт, иргэд хоорондын харилцаагаар дамжуулан системчлэгдсэн, сүлжээ бүхий, хүнийг чухалчилсан хэлхээ холбооны шинэ хандлагыг “Нэг бүс, нэг зам” бий болгож буй.

“Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалт нь Хятадын гоцлон тоглолт огтхон ч биш, харин дэлхий нийтийн найрал дуу билээ. “Нэг бүс, нэг зам” санаачилга дэлхийн олон туйлт үйл явц, эдийн засгийн даяаршил, нийгмийн мэдээлэлжилтийн голдрилд нийцэж, бүс нутгийн хамтын ажиллагааны нээлттэй үзэл санааг баримтлан, дэлхийн чөлөөт худалдаа, нээлттэй эдийн засгийг бүхий л хүчээрээ хамгаална. “Нэг бүс, нэг зам” Хятад улсын гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлэн гүнзгийрүүлэх хэрэгцээ ч мөн, Ази, Европ, Африкийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага ч мөн.

“Нэг бүс, нэг зам” дотооддоо бол хөгжлийн стратеги, харин олон улсад бол хамтын ажиллагааны санаачилга болно. “Нэг бүс, нэг зам” нь сөргөлдөөн биш, тоглоомын онолоос давж гарсан хамтын ажиллагааны шинэ ухагдахуун билээ. “Нэг бүс, нэг зам”-ыг Хятад улс удирдан жолоодох биш, харин бүгд хамтын оролцоотой байх явдал чухал бөгөөд Хятад улс зам дагуух орнуудтай хамтран ажиллах төдийгүй зам дагуух улс орнууд өөр хоорондоо хамтран ажиллах юм. 

Хятадын Засгийн газар “Хэлэлцэх, бүтээлцэх, хуваалцах” зарчим дэвшүүлэн, шударга ёс үр ашгийн зөв үзлийг санаачилсан бөгөөд эрх ашгаа өсгөж томруулахаар хөөцөлдөхгүй, орон бүхний хөгжлийн замыг хүндэтгэн, улс төрийн аливаа нөхцөлийг хавсайдан тулгахгүй.

Amazon.com: Books

“Нэг бүс, нэг зам” нь сөргөлдөөн биш, тоглоомын онолоос давж гарсан олон улсын хамтын ажиллагааны шинэ ухагдахуун билээ.

Европ, Ази, Африкийн эх газрын улс орнууд яагаад Хятадын эдийн засгийн хөгжлийн галт тэргэнд суухгүй бол болохгүй вэ? Энэ бол чухамдаа хуучны даяаршлаас улбаатай асуудал. Уламжлалт, хуучны даяаршил буюу үнэн хэрэгтээ далай тэнгисийн даяаршил бол хагас дутуу даяаршил юм. Учир нь дэлхийн бөмбөрцгийн 71 хувь далай тэнгисээр бүрхэгдсэн агаад худалдааны 90 хувь нь далай тэнгист явагддаг. Дэлхийн нийт бүтээгдэхүүний 80 хувь нь далайн эрэг дагуух 100 километр дэх бүс нутгаас гардаг гэсэн тооцоог “Дэлхийн банк”-аас гаргажээ. Европ, Америкаар удирдуулсан энэхүү даяаршлын улмаас хүчтэй нь улам хүчтэй, буурай нь улам сул дорой болдог бөгөөд тэдний “даяаршил”-ын мөр Ази, Европ, Африкийн далайд гарцгүй орнуудад хүрч очиход нэн хүндрэлтэй. Энэ бол туйлын тэгш бус даяаршил болой.

“Нэг бүс, нэг зам” санаачилга дэлхий дахинд хүртээмжтэй “даяаршлыг” авчрах бөгөөд дорно нь өрнөдөө, тосгон нь хотдоо, эх газар нь далай тэнгистээ харьяалагддаг хөгжлийн загвартай өрнөдийн даяаршлаас салж, хүртээмжтэй, тэгш, өгөөжтэй хамтын ажиллагааны бүтцийг бий болгоно. Чухам иймээс л хуучны даяаршилтай зөрчилдөх, эс бөгөөс шинээр дугуй зорох гээд байгаа хэрэг биш, харин сайныг нь авч саарыг нь хаясан илүү гүнзгийрсэн даяаршлыг бий болгох гээд байгаа юм.

Өдгөө Хятадын эдийн засаг боломжийн сайн байгаа, “хөгжлийн галт тэрэг”-ийн үүрэг гүйцэтгэх боломжтой, тийм чадал чансаатай ч байна.

Хятадын иргэншил Европ, Ази, Африкийн эх газрын бусад эртний иргэншлүүдтэй хэрхэн хамтдаа сэргэн мандах арга замыг эрэлхийлэх нь “Нэг бүс, нэг зам”-ын овоо хараан дахь чухал сэдэв юм.

Аж үйлдвэржилтийн өнцгөөс харвал “Нэг бүс, нэг зам” стратеги дэвшүүлсэн нь Хятад хэмээх энэхүү энх тайвнаар өндийж буй их гүрний аж үйлдвэржилт яг одоо “гадагш урсаж” буй үйл явц гэж харагдана. “Нэг бүс, нэг зам”-ын дагуух 65 орны (Хятад улс багтсан) аж үйлдвэржилтийн түвшин хоорондоо харьцангуй их зөрүүтэй, тэр дундаа 14 орны аж үйлдвэржилтийн түвшин Хятадынхаас өндөр, 44 улсынх Хятад улсынхаас доогуур яваа.

Хятадын стратеги: “Том шанагаар дундуур утгаж, дунд шанагаар бага утгана”

“НЭГ бүс, нэг зам” баригдах боломжтой юу? Санхүүжилт дутмаг, стратегийн эрсдэлтэй, аюулгүй байдлын сорилт ихтэй байдлаа хэрхэн даван туулах вэ? “Нэг бүс, нэг зам”-ыг бүтээн байгуулахад хэчнээн арван жил шаардагдах бол, Хятадын эдийн засаг саарч буй ийм үед бүтэлгүйтэж балрах уу? Энэ бүх асуулт гадаад дотоодын олон хүнд эргэлзээ төрүүлж, америкчууд бол бүүр үл бүтэх хоосон зүйл шиг хардаг. “Нэг бүс, нэг зам” өөрийн гэсэн философитой гэдгийг ойлгоогүй хэрэг л дээ. “Том шанагаар дундуур утгаж, дунд шанагаар бага утгана”. “Зурхайт ном”-ын энэ ухаан “Нэг бүс, нэг зам” -д нэн тод илэрч буй.

“Нэг бүс, нэг зам” стратеги бол тусдаа ангид зүйл биш, хятадын их стратеги бүхэлдээ ч бас биш, харин Хятадын дотоодын өөрчлөлт шинэчлэлт, бүх талаар нээлттэй байх бодлого (үүн дээр Хөх мөрний эдийн засгийн бүс, “Жин-Жинь-Жи”*  интеграц хоёрыг оруулаад хамтад нь гурван том хөгжлийн стратеги гэж нэрлэдэг) болон Ази Номхон далайн Чөлөөт худалдааны бүс хоёроос бүтсэн Хятадын “хос жигүүр” стратегид тулгуурлан гарч ирсэн, улмаар Хятадын мөрөөдлийг гүйцээх тийм стратеги юм. “Нэг бүс, нэг зам” том шанагаар дундуур утгах гэдэг нь “даяаршлыг Хятаджуулах” үйл явцыг “Хятад маягийн даяаршил” руу шилжүүлж буй, харин дунд шанагаар бага утгах гэдэг нь Евразийн үлэмж зах зээлийг хөгжүүлэх явдал болно.

Хятадын тактик: Өрнө-дорныг, эх газар-далайг нэвт холбоно

ХҮМҮҮС “Нэг бүс, нэг зам”-ыг Ази руу дахин чиглээд буй АНУ-ыг сөрсөн, “Баруун руу довтлох стратеги” хэмээн зүйрлэх нь бий. Энэ бол үнэндээ барууныхны тактикаар хятад ухааныг тооцоолж буй хэрэг. “Нэг бүс, нэг зам” бол го даамны ухаан, бүхэл зургаар нь хараагаа тэлэхээс биш нэг хот, нэг нуурыг авах алдах тухай бус юм, харин бүхэлд нь бүрхэн харж, өрнө дорныг уусан нэвтэрч, эх газар далайг нэвт холбохын үр ашгийн тухай билээ.

Хятадын зам: Цогц төлөвлөж, бүхэлд нь анхаарахуй

ХЯТАД улс арав хүрэхгүй жилийн дотор 20 мянган км хурдны төмөр зам тавьсан нь дэлхийн нийт хурдны замын 60-аас илүү хувийг эзэлж, тэсрэлттэй амжилт гаргасан гэж олон хүн боддог. Гэхдээ бас зөвхөн Бээжин-Шанхайн хурдны төмөр зам л ашигтай ажилладаг гэж үздэг нь ч бий. Энэ яриа бол Хятадын хурдны төмөр замыг цогцоор нь төлөвлөж, бүхэлд нь анхаарсан гэдгийг хараагүй хэрэг юм. Хурдны төмөр замыг дагаад холбогдох салбар цэцэглэж, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн салбар хөгждөгийг мөн үр ашгийн тооцоонд оруулах ёстой. Энэ нь барууны эдийн засаг судлалаас хэтийдсэн бөгөөд эдийн засгийн хам авчирсан эерэг үр дүн билээ.

“Нэг бүс, нэг зам”-ыг бүтээн байгуулахад цогц төлөвлөлт зохицуулалт шаардлагатай, эх газар далайг хамтад нь, гадаад дотоодыг бүхэлд нь, төр ААН-ийг цугт нь төлөвлөх, дотоодын ААН-ээ “Нэг бүс, нэг зам” дагуух орнууд руу хөрөнгө оруулж үйл ажиллагаа эрхлэхийг нь дэмжихийн зэрэгцээ тэдгээр орны ААН-ийг манай оронд хөрөнгө оруулж бизнесээ цэцэглүүлэхийг урих, “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтыг “Жин-Жинь-Жи” болон Хөх мөрний эдийн засгийн бүс зэрэг улсынхаа стратегитай уялдуулан хөгжүүлэх, баруун бүсийн нээлттэй хөгжил, зүүн хойд бүсийн цэцэглэлт, төвийн бүсийн өсөлт, зүүн бүсийн тэргүүлэх хөгжлийг хил орчмын бүсийн нээлттэй хөгжилтэй хослуулах, улмаар бүх талаар нээлттэй, зүүн, төв, баруун бүсүүдийг уялдуулсан хөгжлийн дүр зургийг бүрдүүлэх юм.

“Нэг бүс, нэг зам” бол “Хятадаас эхтэй ч дэлхийд харьяалах”, Хятадын асуудлыг дэлхийн асуудалтай хамтад нь шийдэх санаачилга гэвэл зохилтой.

Өдгөө “Нэг бүс, нэг зам” тухайн газрын уур амьсгалыг мэдэрч, “Хятадад үйлдвэрлэв”, “Хятадад бүтээв”, “Хятад үйлчилгээ” гэгчийг “Нэг бүс, нэг зам”-руу оруулж ард иргэдэд ойртуулан, даяаршлаас орон нутагшуулах, ингэхдээ мэргэжлийн холбоод болон Хятадын цагаач иргэдийн хүрээнийхний гүйцэтгэх үүргийг сайтар идэвхжүүлэх хэрэгтэй. Аж ахуйн нэгж хилийн чанадад оруулсан хөрөнгөөсөө ашиг олохыг чухалчлахын зэрэгцээ илүү нэр хүндийг хүртэж, хүмүүст ам сайтай яригдах нь нэн чухал бөгөөд суугаа орныхоо хуулийг хүндэтгэн сахиж, илүү их нийгмийн хариуцлагыг үүрэх хэрэгтэй.

Засгийн газраас дэмжиж, аж ахуйн нэгжүүд голлож, зах зээлийн жамыг баримтлан, нийгмийн идэвхийг өрдөж, тухайн газрын нийгэм зан заншил, хууль стандартыг хүндэтгэх нь “Нэг бүс, нэг зам” бүтээн байгуулалтын үндсэн шаардлага юм. “Нэг бүс, нэг зам” зөвхөн Засгийн газарт л түшиглээд байх боломжгүй, эс бөгөөс хүмүүст тогтвортой санагдахгүй, эрсдэл ихтэй. Засгийн газраар үйлчлүүлж, аж ахуйн нэгжийг ажиллуулж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн загвар (PPP)-ыг “Нэг бүс, нэг зам”-ын субъект болгож, зах зээлийн жамыг үйл ажиллагаандаа баримтлан, олон улсын дүрэм журамд нийцүүлснээр сая олон улсын сэжиг сэрдлэгийг арилгаж, хамтын ажиллагааны бусад бүтэцтэй, хөгжлийн төлөвлөгөөтэй илүү сайтар уялдах болно. Төрийн өмчит аж ахуйн нэгж гол үүрэг гүйцэтгэж эхэлсэн боловч зах зээл өндөр хөгжсөн орнуудад демпинг, татаасыг эсэргүүцэх асуудал гардгийг анхаарч, ажиллах хүч, байгаль орчны стандартад нь нийцэж явах хэрэгтэй. ДХБ-ын гишүүн бус улсад тухайн газрын түүх соёл, шашин уламжлалыг нь хүндэтгэх учиртай. Өмнө нь Хятадын аж ахуйн нэгжүүд хилийн чанадад ажиллахдаа тухайн улсын Засгийн газартай харилцахад түлхүү анхаарч, нийгмийн давхаргуудтай харьцахыг үл ойшоон, ТББ-тай нь харилцах туршлага дутмаг байлаа.

Өрнийн логикоос салж, өрнийн хэв загвараас хэтийдэх нь

Урьд өмнө нь өрнийнхөн “өрнөдийн асуудал”-аа, хятадууд “хятадын асуудал”-аа шийдвэрлэхэд голчлон анхаардаг байлаа. Эдүгээ улс орнууд эдгээр ижил бэрхшээл буюу ялангуяа тогтвортой хөгжлийн асуудалд анхаарч, бүгдээрээ үүний тулд өөрчлөлт хийн, даян дэлхий тэр чигээрээ өөрчлөлт шинэчлэлтийн хувьсал хөдөлгөөн дунд буй, үүнийг “даян дэлхийн их сэрэлтийн үе” хэмээн нэрийдэж болох юм.

“Нэг бүс, нэг зам” санаачилгыг “Хятадаас эхтэй ч дэлхийд харьяалах” зүйл гэвэл зохилтой. “Олон улсын эдийн засгийн тогтолцоо нэгэнт даяаршсан, харин дэлхийн улс төрийн бүтэц үндэстэн улс дээр суурилсан хэвээр байгаа”. Энэ бол дэлхийн засаглалын сул тал. “Нэг бүс, нэг зам” Хятадын асуудлыг шийдэхийн зэрэгцээ дэлхийн асуудлыг шийдэж, дэлхийн асуудлыг шийдэнгээ Хятадын асуудлыг шийдэх юм.

Өөрөөр хэлбэл “Түүхийн цаг хугацаа орон зай”-д үлэмж өөрчлөлт гарчээ. “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалт нь ул үндсээрээ хувирч өөрчлөгдөн буй цаг хугацаа орон зайтай нүүр тулгарч байна. Хар тамхины дайнаас хойш хятадууд дэлхий ертөнцийг эгцлэн харж, дэлхийн голдрилтой хөл нийлүүлэн, дэлхий дахинд нээлттэй болсон. Өдгөө харин дэлхий дахин бидэнд нээлттэй болж, Хятад улс бүхэлдээ шинэ дүр байдалтайгаар дэлхий рүү хандах боллоо.

Цаг хугацаа орон зай өөрчлөгдөж хувирснаар бид өрнийн логикоос салах шаардлагатай болж байгаа бөгөөд “Нэг бүс, нэг зам” өөрийн гэсэн логик учир шалтгааныг гаргаж тавьсан.

Prof. Wang Yiwei  / Zou Hong / China Daily

“Нэг бүс, нэг зам” үнэн хэрэгтээ давхар утга агуулгатай, эхнийх нь физик утгаараа бодитой “Нэг бүс, нэг зам”, удаах нь хийсвэр утгаар зам дагуух улс түмний хоорондын “сэтгэл зүрхний нэвтрэх зам” мөн.

“Торгоны зам: Дэлхийн цоо шинэ нэгэн түүх” хэмээх номдоо Петр Франкофан дэлхий төв Газар дундын тэнгист биш аж, харин Ази тивд зүрхэн газар байгаа хэмээн өгүүлжээ. Энэхүү шинэ өнцөг, илэрхийлэл нь бидний мэлмий сонорт шинэ мэдрэмжийг төрүүлж байна. Торгоны замын түүх судалдгийн хувьд миний бие дэлхий ертөнц эргэж, хүн төрөлхтний соёл иргэншил Евразийн эх газар руу дахин чиглэх болсныг мэдэрч байна. “Нэг бүс, нэг зам”-ийг дэвшүүлсэн нь чухамхүү энэ зүг чигийг урьдчилан илэрхийлснийх буй за.

ХЯТАД “Нэг бүс, нэг зам”-ыг санаачлах болсон түүхэн суурь нөхцөл нь Хятадын нийгэм эдийн засаг цэцэглэн хөгжиж, хүчирхэгжин томорсонтой холбоотой. Хар тамхины дайнаас хойш Хятад, Европын улсуудын хооронд “соёл иргэншлийн зөрүү” оршсоор ирсэн бөгөөд хүчирхэг улсууд “иргэншлийн хонжоо”-ны төлөө булаалдан тэмцэлдэж, тасралтгүй эзэрхэн Хятад улсыг хуваан бутаргасан. Эдүгээ энэхүү “соёл иргэншлийн  зөрүү” аажим арилан, одоо Хятад улс өрнөдийн улсуудтай маш олон талаар зэрэгцэн ирж, маш олон ижил эсвэл төстэй бэрхшээл, тухайлбал тогтвортой хөгжлийн асуудал, байгаль орчин экологийн зэрэг асуудлуудтай тулгарах болжээ.

Бид “Өрнийн төвт онол“-оос давж сэтгэхийг уриалж байхдаа “Хятад төвт онол” гэх сэтгэгдлийг хүмүүст төрүүлчхэж байгаа болов уу? Бусдад ийм сэтгэгдэл төрүүлэхээс хэрхэн зайлсхийх вэ?

“Өрнийн төвт онол“-оос хэтийдсэнээр өөр бусад аль нэг төвт онолоор орлуулах гэсэн санаархал огт биш, харин дэлхийн олон туйлт байдал, олон шинжит хэрэгцээг илэрхийлж байгаа хэрэг. Ирээдүйд дэлхий ертөнц ямар нэг төвтэй байх биш, харин олон төвтэй, олон шинжтэй байх юм. Хятадын эртний тэнгэрийн доорх үзэл ч бас хятад төвт үзэл биш билээ. Хятад бол иргэншсэн хэв шинжит улс болохоос үндэстэн улс биш юм. Хятад төвт хэмээн хэт хялбарчлан ойлгох нь өрнийн үндэстэн улсын түүхийн дэвсгэр дээр Хятадын түүхийг буулган харснаас болж байгаа хэрэг. Иймд бид хэлхээ холбоо бүхэн надтай холбогдоно гэх сэтгэлгээнээсээ зайлсхийх шаардлагатай ба “Зам бүхэн Бээжин хүрдэг” хэмээн чангаар өөрсдөө сүржигнэх хэрэггүй юм. Бид “Өрнөдийн төвт онол”-ыг шүүмжлэхдээ энэ ч бас түүхийн бүтээгдэхүүн гэдгийг ухаарах нь зүйтэй.

“Нэг бүс, нэг зам” үнэн хэрэгтээ давхар утга агуулгатай, эхнийх нь физик утгаараа бодитой “Нэг бүс, нэг зам”, удаах нь хийсвэр утгаар зам дагуух улс түмний хоорондын “сэтгэл зүрхний нэвтрэх зам” болой. Иргэд хоорондоо сайтар ойлголцож гэмээ нь дэлхийн газар бүр төв болно.

“Нэг бүс нэг, зам”-ыг бүтээн байгуулах нь өрнийн загварт “нөхвөр хичээл” болно, эдийн засгийн хөгжлийн нөхвөр хичээл, иргэдийн ойлголцлыг бэхжүүлэх нөхвөр хичээл болохын сацуу өрнийн загвараас халин гарч XXI зууны шинэ маягийн олон улсын харилцааг манлайлах юм.

* ЖинЖиньЖи — 130 сая сая хүн амьдрах Бээжин, Тяньжинь хот, Хэбэй муж бүхий агломерациийн товчилсон нэрийдэл


Ангилал: Долоо хоногийн тойм


Сүүлд нэмэгдсэн

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ТЭМЦЭЖ ИРСЭН МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ

2020-06-26

АНУ-АВСТРАЛИЙН ХОЛБООТНЫ ХАРИЛЦАА БА НОМХОН ДАЛАЙ ДАХЬ ХЯТАДЫГ “ТОГТООН БАРИХ” СТРАТЕГИ

2020-06-19

Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс гарах АНУ-ын санаархал: төсөөлөгдөн буй болон бодит үр дагавар

2020-06-11

ХОНКОНГ ДАХЬ ХЯТАДЫН БОДЛОГО ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ?

2020-06-04

“COVID-19” БА ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ӨМНӨ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

2020-05-28

“COVID-19” БА “FAKE NEWS”: “МЭДЭЭЛЛИЙН ЦАР ТАХАЛ”-ЫН ЭРСДЭЛ

2020-05-22

Мэдээллийн дайн буюу сэтгэцэд нөлөөт үйлчлэл (Гадаадын цэрэг, тусгай албадын зарим үйл ажиллагаа ба аюулгүй байдлын тулгамдсан асуудал)

2020-05-15

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ /төгсгөл/

2020-05-08

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ /эхлэл/

2020-05-01

ОРОС, ХЯТАДЫГ ХОЛБОСОН БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙ БА МОНГОЛ УЛС

2020-04-24