ӨМНӨД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ШХАБ доторх анхны мөргөлдөөн, Энэтхэгийн сонгууль, Шри-Ланкийн тусгай албадын ноцтой алдаа

2019-04-26

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/05/1200x674.jpg

ӨМНӨД Ази бол Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн стратегийн ач холбогдол бүхий зангилаа гэж тооцогддог бөгөөд эх газраар дорно зүгт Зүүн өмнөд ба Зүүн Ази, умар зүгт Төв Азитай шууд хаяа нийлдэг, өрнө тийш Ойрхи Дорнодод тулж очих газар зүйн байрлалаараа олон улсын аюулгүй байдлын тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сүүлийн жилүүдэд Евразийг дамнасан улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны механизмуудад жинтэй үүрэг гүйцэтгэх болж буй тус бүс нутгийн томоохон улсуудад 2019 он гарсаар өрнөж буй гол үйл явдал, тэдгээрийн учир шалтгааны талаарх олон улсын шинжээчдийн дүгнэлт хийгээд цаашдын төлөв, хандлагын талаар таамаглалуудыг тоймлон энэ удаагийн дугаараар толилуулж байна.

Энэтхэг, Пакистаны мөргөлдөөн: ШХАБ-ын оролцоо, хязгаарлалт

ЭНЭ оны 2 дугаар сарын 14-нд Энэтхэгийн цэргийн цуваанд амиа золиослогч халдлага үйлдэж, халдлагын улмаас 45 хүн амиа алдсан бол хариуцлагыг нь Кашмирын бүс нутгийн Пакистаны хяналтад байдаг хэсэг дэх салан тусгаарлагч үзэлтнүүдийн “Жаиш-е-Мухаммад” (“Мухаммедын арми”) бүлэглэл өөртөө хүлээсэн. Халдлагын дараа Энэтхэгийн агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд “Жаиш-е-Мухаммад”-ын  хуаранг бөмбөгдсөн. “Тус бүлэглэлийн босогчид манай улсын нутаг дэвсгэрт амиа золиослогч ашиглан дахин халдлага үйлдэхээр зэхэж байгаа тухай баттай мэдээллийг бид хүлээж авсан” гэж Энэтхэгийн ГЯЯ-ны дэд сайд В.Гокхале мэдэгдсэн.

Агаарын цохилт өгсний дараахан хилийн бүсэд буудалцаан болж, Пакистаны талаас гал нээх үеэр Энэтхэгийн доод тал нь таван цэрэг шархаджээ. Мөн Пакистан Энэтхэгийн АЦХ-ний хоёр сөнөөгч онгоцыг унагаж, нэг нисгэгчийг нь баривчилсан. Уг халдлагатай холбогдуулан Пакистаны зэвсэгт хүчин агаарын хилд нь нэвтэрсэн Энэтхэгийн хоёр байлдааны онгоцыг буудаж унагасны дараа тус улсын ерөнхий сайд И.Хан телевизээр мэдэгдэл хийж: “Бид хүлээж байгаад өнөөдөр хариу арга хэмжээгээ авлаа. Бид ямар нэг гарз хохиролгүйгээр, зөвхөн өөрийн хүчин чадлыг харуулахыг зорьсон юм …” гээд “… надад Энэтхэгийн талаас асуух асуулт байна. Танайд байгаа, бас манайд байгаа зэвсгийг ашиглах дээрээ тулах юм биш биз? Хэрвээ ингэхэд хүрвэл би ч тэр, Н.Моди ч тэр хяналтаа бүрмөсөн алдана” гэж анхааруулжээ. Дараа нь тэрээр “… асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэхийн тулд ширээний ард сууцгаая” гэж Энэтхэгийн талд уриалсан. Энэтхэг, Пакистаны аль аль нь 90-120 цөмийн цэнэгт хошуутай гэсэн албан бус тооцоо байдаг тул И.Ханы энэхүү мэдэгдлийн цаана цөмийн зэвсэг хэрэглэсэн мөргөлдөөн гарч болзошгүйг сануулсан сүрдүүлгийн хэлбэр бүхий санаа цухалзсан юм.

“Мөргөлдөөн даамжрахаас зайлсхийж, асуудалд тэвчээртэй хандахыг бид Энэтхэг, Пакистанд уриалж байна. Бид мөн цаашид цэргийн ажиллагаа явуулахаас зайлсхийхийг хоёр орны сайд нарт уриалж байна” гэж АНУ-ын төрийн нарын бичгийн дарга М.Помпео мэдэгдсэн байна. Түүнчлэн Саудын Араб ч зуучлагчаар  оролцох сонирхлоо илэрхийлсэн ба тус улсын гадаад хэргийн сайд А. аль-Жюзир 3 дугаар сарын 2-нд Шинэ Делид Н.Модитой, дараахан нь Исламабадад зочилж Пакистаны удирдагчид, түүний дотор генерал К.Бажватай уулзаж, зөрчилдөөнийг хэрхэн зохицуулах талаар ярилцсан.

Илт зөрчил бүхий хоёр улсыг эгнээндээ авснаар ШХАБ зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, мөргөлдөөнийг намжаах бодит чадамжтай эсэхээ харуулах шалгуурын өмнө нүүр тулж байна.

Newly raised soldiers participate in a commencement parade at a military base on the outskirts of Srinagar, in India-controlled Kashmir. (AP Photo / Dar Yasin)

Энэтхэг-Пакистаны хамгийн сүүлийн зөрчилдөөнтэй холбогдуулан АНУ, ЕХ, түүнчлэн ШХАБ-ын гол тоглогч орнууд болох ОХУ, БНХАУ-ын зүгээс онцгойлон анхаарч талуудыг мөргөлдөөнөөс сэргийлж, яриа хэлэлцээрийн замаар маргаанаа шийдэхийг уриалаад байгаа. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Энэтхэгийн ерөнхий сайд Н.Модитой утсаар ярьж, “Орос улс Энэтхэг, Пакистаны хооронд үүссэн хямралыг даван туулахад тулд бүх талын тусламж үзүүлэхэд бэлэн байгаа” гэж мэдэгдсэн. БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Ван И Пакистаны ГЯЯ-ны сайд Ш.М.Курешитай утсаар ярьж, Исламабад, Нью-Делигийн хоорондын хурцадмал байдал нэмэгдэж байгаад Бээжин санаа зовниж байгааг илэрхийлээд хоёр талыг нэг нэгнийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг уриалсан. Түүнчлэн нөхцөл байдлыг дордуулах хэрэггүй гээд Хятад улс сөргөлдөөнийг намжаахад өөрийн талаас туслахад бэлэн гэдгийг онцолжээ. БНХАУ-ын ГЯЯ-ны албан мэдэгдэлд “Олон улсын хамтын нийгэмлэг үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж байна. Энэтхэг болон Пакистан улс Өмнөд Азийн чухал хоёр улсын хувиар асуудалд тэвчээртэй хандаж чадна гэдэгт бид итгэж байна” гэж дурджээ.  

Үүсээд буй нөхцөл байдлын хувьд улс төрийн талаасаа Энэтхэг, Пакистан хоёуланд нь ашиг сонирхол адил байгаа. Энэтхэгийн хувьд ерөнхий сайд Н.Моди болон түүний намын рейтинг сүүлийн саруудад эрс унасан бөгөөд энэ нь парламентын сонгуулийн дүнд ч нөлөөлж болзошгүй байна. Хинду шашинд суурилсан үндсэрхэг үзэлд дулдуйдаж буй Н.Моди Пакистаны уриалгыг хүлээж авбал сонгуулийн үр дүнд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Пакистаны ерөнхий сайд И.Ханы хувьд тэрээр жирийн популист бус харин хүчтэй манлайлагч гэдгээ батлах боломж гэж харж байгаа. Пакистаны  тагнуулын албаны шинэ дарга генерал А.Мунир эрх мэдэл, ​​байр сууриа бэхжүүлэх шаардлагатай боллоо. Тухайн мөргөлдөөнийг өөгшүүлж байгаа хоёр улсын эрх баригчид, улс төрчид, цэргийн эрх мэдэлтнүүдийн олонх нь, улс төрийн оноо авах боломж гэж харж байна.

Одоогийн бодит байдал дээр Шинэ Дели, эсвэл Исламабадын бүрэн хяналтад байдаггүй террорист бүлгүүд, салан тусгаарлагчид, шашны радикал бүлгүүд байгаа. Тэдгээрийн ихэнх нь Энэтхэг, Пакистаны тусгай албадын оролцоотой байгуулагдсан гэж үздэг. Олон арван жилийн турш өөрсдөө дэгдээсэн дайнаа удирдаж, нууц үйл ажиллагаа явуулах, зэргэлдээ нутаг дэвсгэрт сэтгэл санааны дарамтыг шууд болон шууд бусаар учруулах ажиллагаа явуулдаг гэж хоёр тал бий биеэ буруутгасаар ирсэн юм. Энэ зөрчилдөөнийг аль нэг тал нь зогсоох  эсхүл буулт хийвэл  дайсандаа давуу тал олгох бөгөөд хэн нь ч үүнийг зогсоох талаар санаачилга гаргахгүй, мөн тодорхой дэмжлэг өгдөг бүлгийн талаар ам нээхийг ч хүсэхгүй хэвээр байна.

2019 оны мргөлдөөн нь Энэтхэг, Пакистан улсуудын тусгаар тогтнолын түүхэнд мэдээж анхных биш, хамгийн их хохиролтой нь ч биш боловч хоёр улс ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элссэнээс хойших анхных гэдгээрээ олон улсын анхаарлын төвд байна. Бүс нутгийн улсуудын хооронд цэргийн итгэлцэл, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор анх байгуулагдсан ШХАБ илт зөрчил бүхий хоёр улсыг эгнээндээ авснаар зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, мөргөлдөөнийг намжаах бодит чадамжтай эсэхээ харуулах, улмаар байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлд ийм чиг үүрэг байлгах эсэхээ шийдэх шалгуурын өмнө нүүр тулж байгаагаараа онцлог юм. Өнөөг хүртэл тус байгууллагад ийм туршлага байхгүй, дүрэм, журамд нь ч заасан ямар нэгэн зохицуулалт, ялангуяа хэлэлцээрийн бодлон албадлагын механизмыг суулгаж өгөөгүй нь цаашид ийм мөргөлдөөн дахин гарах аваас ШХАБ-ын өмнө тулгарах хамгийн том хүчгүйдэл, хязгаарлалт болно.

БНЭУ-ын парламентын доод танхимын сонгууль: Н.Модид тулгарах сорилт

ЭНЭ оны 4-5 дугаар сарыг дамнан таван долоо хоногийн турш Энэтхэгийн парламентын доод танхим – Лок Сабха (Ардын танхим)-гийн ээлжит сонгууль явагдаж байна. Сонгуулийн үр дүнд хамгийн их хүн амтай ардчилсан улсын хууль тогтоох байгууллагын доод танхимын олонхи болсон нам буюу эвсэл засгийн газрыг бүрдүүлж, удирдагч нь тус улсын ерөнхий сайдын албан тушаалыг хаших тул дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татаж байна. Өдгөө эрх баригч Бхаратья Жаната Парти (БЖП), Энэтхэгийн тусгаар тогтнолын түүхийн дийлэнхэд засгийн эрх барьсан Энэтхэгийн Үндэсний Конгресс (ЭҮК) намуудын хоорондох бодлогын өрсөлдөөн төдийгүй тэдгээрийн удирдагч Н.Моди, Р.Ганди нарын нэр хүнд, сонгогчдод нөлөөлөх боломжийн хоорондын уралдаан болж байна.

БЖП нь ерөнхий сайд Н.Модигийн удирдлага дор 2014 оны сонгуульд ялалт байгуулж засгийн эрх авснаас хойших хугацаанд гадаад бодлогын талбарт чамгүй амжилт олсон гэж үздэг. Тухайлбал, Энэтхэгийн стратегийн түнш орнууд болох ОХУ, АНУ, БНХАУ-тай харилцаагаа жигд, тэнцвэртэй урагшлуулж, Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази, Төв Азийн чиглэлд давшингуй үйл ажиллагаа явуулж ирэв. АНУ, Энэтхэг хоёул ардчилсан дэглэм бүхий улс төрийн тогтолцоотой улсууд хэдий ч ХХ зууны туршид хоёр талын харилцаа бүрэн итгэлцэл дээр тулгуурлаж байгаагүй ба америкийн судлаачид энэхүү харилцааг “хөндийрсөн ардчиллууд” (estranged democracies) хэмээн томъёолж байсан бол сүүлийн жилүүдэд прагматик ойртолт илт ажиглагдах болсон. Ялангуяа АНУ-Япон-Австрали-Энэтхэгийн аюулгүй байдлын дөрвөн талт хамтын ажиллагааны тогтолцооны нэг өнцөг болохын хувьд АНУ-ын шинээр томъёолсон “Энэтхэг-Номхон далайн стратеги”-ийн нэн чухал тоглогч болохоо харуулж эхэлсэн юм. 

Prime Minister Narendra Modi.CreditManish Swarup/Associated Press

Н.Модигийн засгийн газрын  макро-эдийн засгийн бодлого тодорхой амжилт олсон  ч хүн амын амьжиргааны төвшинг дорвитой нэмэгдүүлж чадаагүй тул мөн л  сөрөг хүчний бааз суурийг бэхжүүлэх нэг шалтгаан болж байна.

Үүний сацуу ОХУ-тай тогтоосон иж бүрэн хамтын ажиллагаа, ялангуяа цэрэг-аж үйлдвэрийн салбарын харилцааг ч үндэсний ашиг сонирхлынхоо үүднээс тууштай хөгжүүлж ирлээ. 2016 онд Н.Модигийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үр дүнд хоёр тал маргаантай, санал зөрүүтэй асуудлуудаа хойш тавьж, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр болон олон улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаар ойлголцлоо бататгасан гэж хэлж болно.

Энэтхэг улс Пакистантай хамт ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэн орсон, БРИКС-ийн бүтэц дэх гол тоглогчдын нэгийн байр сууриа олж авсан зэргээр бүс нутгийн механизмуудын голлох оролцогч болсон ба бүхэлдээ БЖП тэргүүлсэн засгийн газрын гадаад бодлогод прагматизм зонхилж, амжилттай хэрэгжсэн гэж тооцдог.

Харин тус улсын дотоод амьдрал, тухайлбал, үндэстэн хоорондын болон шашин хоорондын зөрчил, нийгэм-эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядууралтай холбоотой тулгамдсан асуудлаар бэрхшээл тулгарсан хэвээр, тэдгээрийг шийдэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эргэлзэж буй давхаргынхан энэ сонгуулийн дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй.

Хинду шашны үндсэрхэг үзэл санаанд суурилсан БЖП-ийн баруун чиглэлийн дотоод бодлогыг зүүн төвийн, иргэний үзэл суртал бүхий ЭҮК сөрж байгаа бөгөөд хиндугаас бусад шашин шүтдэг хүн ам, либерал жигүүрийнхэн тэдний сонгогчдын гол бааз суурь болж байгаа. Нөгөөтэйгүүр макро-эдийн засгийн бодлого тодорхой амжилт олсон хэдий ч хүн амын олонхын амьжиргааны төвшинг дорвитой нэмэгдүүлж чадаагүй тул мөн л  сөрөг хүчний бааз суурийг бэхжүүлэх нэг шалтгаан болж байна. БЖП-ийн сонгуулийн тактик нь ЭҮК-ийн удирдлагыг “улс төрийн угсаа залгамжлал”-ын зарчмаар ажилладаг (тус намын удирдагч нь ерөнхий сайд асан Ражив Гандийн хүү Рахул Ганди бөгөөд Неру-Ганди овгийн дөрөвдэх үеийн төлөөлөгч), дотоод ардчилал байхгүй зэргээр шүүмжлэх аргыг сонгон авсан ч сонгуулийн өрсөлдөөн ширүүн хэвээр байна.

Шри-Ланк дахь террорист халдлага: Түнш албадын мэдээг огоорсны төлөөс

ӨМНӨД Азийн өөр нэгэн улс – Шри Ланкийн нийслэл Коломбо хотын Shangri-La, Cinnamon Grand, Kingsbury зочид буудал, католик сүм хийдүүдэд  4 дүгээр сарын 21-22-д гарсан террорист халдлагын улмаас 253 хүний амь үрэгдэж, 500 гаруй хүн шархдаж гэмтлээ. Халдлагыг “Үндэсний Таухит Жамаат”, “Исламын улс” бүлэглэлийн амиа золиослогчид үйлдсэн болохыг тогтоогоод байна.

Sri Lankan security forces patrol the area around St Anthony’s Shrine, one of the churches targeted in the bombings. Photograph: Getty Images

Шри-Ланк нь террорист халдлага, иргэний дайн, партизаны хөдөлгөөний хөлд олон арван жилийн турш нэрвэгдэж ирсэн ч радикал исламистуудын халдлагад өртөж байсан түүх үгүй юм. Тусгаар тогтнолоо олсноос хойших бүхий л хугацаанд улс төрийн тогтворгүй байдлын уг сурвалж нь синхал олонх, тамил цөөнхийн хоорондын зөрчил байж ирсэн бөгөөд 1970-аад оноос хойш тус улсын зүүн хойд мужуудад “Тамил-Эламыг чөлөөлөх барс” хэмээх зэвсэгт бүлэглэл партизаны дайн дэгдээж ирсэн юм. “Барс”-ын зүгээс террорист халдлагын тактикийг олонтаа хэрэглэж байсан бөгөөд засгийн газрын хүчний зүгээс ч багагүй харгислал үйлдсэн. Дөч шахуу жил үргэлжилсэн иргэний дайныг 2009 онд дуусгавар болсныг зарлаж, “барсууд”-ыг бүрэн устгаж дууссанаар Шри-Ланкад энх тайван тогтнож, өнгөрсөн арван жилийн турш дотоод нөхцөл байдал тогтвортой, түүгээр зогсохгүй аялал жуулчлалын хувьд хамгийн таатай, аюулгүй орнуудын нэгэнд тооцогдох болсон. Энэ хугацаанд христос болон ислам шашинт иргэд хоорондоо болон хүн амын бусад бүлгүүдтэй ямар нэгэн зөрчилд оролгүй явж ирсэн юм. Харин хинду болон буддын шашинтнуудын хооронд сөргөлдөөн, аллага хүчирхийлэл гарч байсан хэдий ч исламын радикал үзэлтнүүдийн үйл ажиллагаа идэвхжих нөхцөлгүй гэж тооцож байлаа. Шри-Ланк дахь үндэстэн, шашин хоорондын зөрчлийн нэг онцлог нь тус улсад буддын радикал үзэлтнүүд байдаг буддистуудын зүгээс хүчирхийлэл үйлдэх явдал гардгаараа өвөрмөц бөгөөд үүгээрээ Мьянмартай төстэй.

Шри-Ланкийн  тусгай албад,  зэвсэгт хүчний удирдлагын сул дорой байдал  илэрсэн үйл явдал боллоо. Халдлага болохоос өмнө Америк, Энэтхэгийн тусгай албад урьдчилан мэдээлсэн ч хэрэгсээгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Тус улсын хувьд хүн амын олонхи буюу 80 орчим хувийг  бүрдүүлдэг синхал үндэстэн ихэвчлэн буддын шашны бага хөлгөний ёсыг дагадаг, харин үндэсний цөөнх тамилууд ихэвчлэн хинду шашинтай. Мөн үндэстний хуваагдлаас үл хамааран хүн амын 8 орчим хувь нь христийн шашны католик, протестант урсгалыг шүтдэг бол мөн ойролцоо тооны суннит мусульманчууд аж төрдөг ажээ.

Харин энэ удаагийн халдлагыг исламист террористууд анх удаа үйлдэж, католик шашны хуанлигаар Христ дахин амилсан гэх өдрийг тэмдэглэдэг Улаан өндөгний баярыг онилж, гол төлөв католик сүсэгтнүүдийн эсрэг үйлдсэн байна. Тус улсаас “Исламын улс” бүлэглэлд элсэж Сири, Иракийн нутагт дайтаж яваад эргэж ирсэн, радикалжсан уугуул иргэд нь төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэв.

Мөн тус улсын тусгай албад (тагнуул, цагдаа) болон зэвсэгт хүчний удирдлагын сул дорой байдал ч илэрсэн үйл явдал боллоо. Халдлага болохоос өмнө АНУ, Энэтхэгийн тусгай албад харилцан мэдээлэл солилцооны шугамаар урьдчилан мэдээлэл өгч байсан ч хэрэгсээгүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь түнш улсуудад үл итгэсэн улс төрийн эс үйлдэл байв уу, эсвэл албан үүрэгтээ хайнга хандсан, хойрго цалгар байдлын үр дүн үү, бүр тусгай албадын удирдлагад шургалсан этгээдүүдийн хорлон сүйтгэх зорилго бүхий санаатай эс үйлдэл байв уу гэдэг асуултын хариулт нэхэгдсэн хэвээр үлдэж байна.         


Ангилал: Долоо хоногийн тойм


Сүүлд нэмэгдсэн

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ТЭМЦЭЖ ИРСЭН МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ

2020-06-26

АНУ-АВСТРАЛИЙН ХОЛБООТНЫ ХАРИЛЦАА БА НОМХОН ДАЛАЙ ДАХЬ ХЯТАДЫГ “ТОГТООН БАРИХ” СТРАТЕГИ

2020-06-19

Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс гарах АНУ-ын санаархал: төсөөлөгдөн буй болон бодит үр дагавар

2020-06-11

ХОНКОНГ ДАХЬ ХЯТАДЫН БОДЛОГО ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ?

2020-06-04

“COVID-19” БА ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ӨМНӨ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

2020-05-28

“COVID-19” БА “FAKE NEWS”: “МЭДЭЭЛЛИЙН ЦАР ТАХАЛ”-ЫН ЭРСДЭЛ

2020-05-22

Мэдээллийн дайн буюу сэтгэцэд нөлөөт үйлчлэл (Гадаадын цэрэг, тусгай албадын зарим үйл ажиллагаа ба аюулгүй байдлын тулгамдсан асуудал)

2020-05-15

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ /төгсгөл/

2020-05-08

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ /эхлэл/

2020-05-01

ОРОС, ХЯТАДЫГ ХОЛБОСОН БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙ БА МОНГОЛ УЛС

2020-04-24