ТУРКИЙН ГАДААД БОДЛОГО ДАХЬ ЕВРАЗИСТ ҮЗЭЛ: Турк өрнөдийг баримжаалах чиглэлээ өөрчилж чадах уу?
2019-05-07
АЮУЛГҮЙ байдал судлалын хүрээлэн ОХУ, АНУ, БНХАУ болон нөлөө бүхий бусад улсын шинжээчид, бодлого боловсруулагчид өөрийн төр, засгийн удирдлагад санал болгож байгаа бодлого стратегийг мэдээллийнхээ зарим дугаараар тоймлон хүргэж эхлээд байгаа билээ.
Туркийн Ази, Номхон далайн судалгааны төвийн захирал профессор Сэлжүк Чолакоглу АНУ-ын Вашингтон хот дахь Ойрхи Дорнод судлалын хүрээлэнд 2019 оны 3 дугаар сард хэвлүүлсэн судалгааны өгүүллээ манайд ирүүлснийг орчуулан энэ дугаараар хүргэж байна.
Уг нийтлэл дэх аливаа дүгнэлт, дэвшүүлсэн үзэл санаа нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.
ЕВРАЗИСТ (туркээр улусалчы, ulusalçı) суртал нь Туркийн хэт зүүний хөдөлгөөнөөс урган гарсан бөгөөд гадаад бодлогод өрнөдийн эсрэг хандлага, дотоодын улс төрд хэт үндсэрхэг үзэл санааг баримжаа болгодог. Турк дахь евразист суртлыг арабын ертөнц дэх “баатизм” (сэргэн мандлын үзэл)-ын турк маягийн хувилбар гэж тодорхойлж болно. Евразистууд Туркийг НАТО-оос гарч, Европын Холбоо (EХ)-нд элсэх хүсэлтээ цуцлах ёстой гэж үздэг. Тэднийхээр, Туркийн ашиг сонирхол өрнөдийн ертөнцөөс гадуур орших ба Турк улс Орос, Хятад тэргүүтэй “империализмын эсрэг” лагерьт нэгдэх ёстой юм.
Нэртэй евразист Эрол Манисалы “Турк улс АНУ, Израиль, ЕХ-ны үзэмжээр хөдөлж, бүс нутаг дахь тэдгээрийн бодлогод шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж байна. Гэтэл Турк нь Орос, Хятад, Ирантай стратегийн нийтлэг ашиг сонирхолтой. Азийн нөлөө бүхий хүчнүүд болох Орос, Хятад, Ирантай Турк харилцаагаа сайжруулж байгаа нь бүс нутаг дахь үйл явдлын өрнөлийн жам ёсны үр дүн юм” гэж дүгнэв.
Мөн тэргүүлэх евразистуудын нэг, Эх оронч нам (ЭОН, хуучны Ажилчны нам)-ын дарга Догу Перинчек “Туркийн үндэсний үзэлтнүүд АНУ-аас ангижрахын тулд Хятад, Оростой шадарлаваас зохино. Турк нь бүрэлдэн тогтож буй Евразийн соёл иргэншлийн тэргүүн эгнээнд байх нь зайлшгүй. Анкара бол Атлантын зарц, харин Евразийн эрх тэгш түнш байх болно. АНУ стратегийн харилцаандаа Туркийг курдын, Оросыг чечений, Хятадыг уйгурын салан тусгаарлагчдыг ашиглан хэсэгчлэн хуваахыг оролдож ирсэн” гэжээ.
Евразистууд Туркийг дорно дахины орнуудтай зөвхөн улс төрийн талаар ойртоод зогсохгүй Орос, Хятадтай батлан хамгаалах харилцаагаа өргөжүүлж цэргийн технологийн чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай гэж үздэг. Тиймээс евразистууд Турк улс 1997 оноос хойш Хятадтай батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагаа өрнүүлэх болсныг уухайлан дэмжиж ирэв. Эх орон намын хэвлэл “Айдынлык” сонинд өгүүлснээр, 2010 онд болсон Хятад, Туркийн хамтарсан цэргийн сургуульд АНУ-ын БХЯ түгшсэн байна. “Энхийн зорилго-2010” хэмээх уг сургуулийг ШХАБ-ын хүрээнд зохион байгуулсан ба Туркийн Конья мужид Хятад, Туркийн агаарын хүчний хамтарсан дадлага, сургалт гүйцэтгэсэн. Евразистууд мөн Оростой батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах нь зөвхөн эдийн засгийн бус, улс төрийн ач холбогдолтой гэж үнэлдэг юм. Тэд Оросын “С-400” пуужингийн цогцолборыг худалдан авах Анкарагийн шийдвэрийг Турк өрнөдөөс хамааралгүйгээ харуулж буй хэрэг гэж үзэж байна.
Евразистууд Киприйн маргаан, курдын асуудал зэрэг гадаад, дотоод олон асуудлаар хатуу байр суурин дээр зогсдог. Тэднийхээр, Киприйн асуудлаарх хамгийн зөв шийдэл нь статус-квог хадгалах явдал бөгөөд үүнийг “шийдэлгүй байх нь Туркийн хувьд болон Киприйн турк хүн амын хувьд өөрөө шийдэл мөн” гэх лоозон ч илтгэдэг. Евразистууд 1990-ээд онд Европын Зөвлөлийн заавраар Туркэд хэрэгжүүлсэн хүний эрхийн реформд эргэлзэж байсан. Тэд мөн 1996 онд Турк улс ЕХ-ны Гаалийн холбоонд нэгдэн орсныг эсэргүүцсэн. 1999-2010 онд энэ бүх ардчилсан реформын тусламжтайгаар курдын асуудлыг үндсэндээ Турк дахь улс төр, хүний эрхийн асуудал хэмээн үзэх болсон. Тэгвэл евразистууд Турк ба Ойрхи Дорнод дахь курдын асуудлыг цэвэр аюулгүй байдлын өнцгөөс харж ирсэн юм. Хэдий тийм боловч 2014 он хүртэл евразист хөдөлгөөн Туркийн гадаад болон аюулгүй байдлын бодлогод нөлөөлөх чадамж хомс байлаа. Харин ч Туркийн либерал засгийн газрууд 1990-2000-аад оны турш тус улсын төрийн аппарат дахь евразистуудын нөлөөг үгүй хийхийг оролдож ирсэн юм.
2011 он: Эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын үзэл суртал “исламын ардчилал”-аас “улс төрийн ислам” руу шилжив
РЕЖЕП Тайип Эрдоаны Шударга ёс, хөгжлийн нам (ШЁХН) 2002 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа; хэдий тийм боловч ШЁХН-ын засаглалыг үзэл суртлын нэг урсгалын хүрээнд багтаан тайлбарлах боломжгүй юм. 2002-2010 онд төр барьсан ШЁХН-ын засгийн газрууд өрнөдийн талыг барьсан бодлого хэрэгжүүлж, өөрсдийн улс төрийн байр суурийг “исламын ардчилал” хэмээн томъёолж “христосын ардчилал”-тай (өөрөөр хэлбэл, Германы баруун төвийн намтай адилтгаж) зүйрлэж байв. Турк улс ЕХ-ны гишүүнээр элсэх хүчин чармайлтдаа үлэмж ахиц гаргаж, дэлхий дахинаа либерал, энхийг эрхэмлэгч, интеграцийг дэмжигч бодлого хэрэгжүүлж байв. 2010 үн гэхэд ШЁХН-ын гадаад бодлого нь Мустафа Кемаль Ататюркийн үндэслэсэн өрнөдийн талыг баримтлагч уламжлалт гадаад бодлоготой нэлээд төстэй байлаа. 2010 оныг хүртэл ШЁХН-ын засгийн газрууд Ойрхи Дорнодын бараг бүх улстай, тухайлбал, Саудын Араб, Египет, Иран, Сири, Ливи, Иран, түүнчлэн Израильтай ч маш эерэг харилцаатай байсан. Түүнчлэн эрх баригч ШЁХН кемалист гадаад бодлогод эерэг засвар, тодотгол хийж, Грек, Армян, Сири зэрэг бүх хөрштэйгөө, мөн Орос, Хятад зэрэг дэлхийн их гүрнүүдтэй харилцаагаа хөгжүүлэх замаар Туркийн “зөөлөн хүч”-ний аргадS тулгуурласан “худалдааны улс”-ын үүрэг, оролцоог урагшлуулахыг зорьж байлаа.
Гэтэл 2011 он эргэлтийн цэг болов. Тэр жил ШЁХН үзэл суртлаа “исламын ардчилал”-аас “улс төрийн ислам” болгон өөрчилсөн нь 1980-1990-ээд онд Нийгмийн хамгааллын намын туулсан замнал буюу одоогийн ШЁХН-ыг үндэслэгч голлох зүтгэлтнүүд улс төрд хөл тавьж байсан үеийг давтсан юм. ШЁХН-ын албан ёсны үзэл суртлыг өөрчлөх хоёр гол сэдэл байлаа. Дотооддоо ШЁХН эрх мэдлээ төвлөрүүлж шашныг тусгаарлах үзэлтэй удирдлагын давхаргын байр суурийг ганхуулж чадсанаар Турк дахь улс төрийн тэнцвэрийг хадгалахын тулд либералуудын дэмжлэгт дулдуйдах шаардлагагүй болсон. Хоёрдугаарт, тэр жил туркийн улс төрийн исламист үзэл суртлыг үндэслэгч Нежметтин Эрбакан нас барснаар түүний үүсгэн байгуулсан Аз жаргалын нам (АЖН) ШЁХН-тай өрсөлдөх чадваргүй болсон юм.
Евразистууд Туркийн ашиг сонирхол нь өрнөдийн ертөнцөөс гадуур орших ба Турк улс Орос, Хятад тэргүүтэй лагерьт нэгдэх ёстой гэж үздэг.
Мөн тухайн үед олон улсын тавцанд бараг бүх нөлөө бүхий улсын анхаарлыг улам бүр татах болж, эрх баригч ШЁХН ч Грек болон ЕХ-ны гишүүн бусад улсад евробүсийн санхүүгийн хямрал нүүрлэж байх үед Турк улс эдийн засгаа тогтвортой байлгахад заавал ЕХ-ны зангуунд уягдах нь шаардлагатай бус гэж үзэх болов. Түүгээр зогсохгүй, “Арабын хавар” шинэ боломжуудын цонхыг нээж, “Мусульман ахан дүүс”-ийн дэмжлэгтэй улс төрийн хөдөлгөөнүүд арабын ертөнц даяар, тухайлбал, Египет, Тунис, Ливи, Марокко, Йемен, Сирид нөлөөгөө тархааж байв. Ойрхи Дорнод дахь “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнүүд Туркийн ШЁХН-ын загвараар ардчилсан, тайван замаар засгийн эрхэнд гарахаар зорих болсон. Үүний зэрэгцээ 2010 оны 5 дугаар сард Израильтай тулсан флотилийн хямралаас үүдэн арабын орнуудын ард иргэдийн дунд Эрдоаны удирдлагын арга барил тод гэрэлтэж харагдах болов.
2011 онд болсон үзэл суртлын энэхүү шилжилтийн дараачаас ШЁХН тухайлан Сирид зөвхөн зөөлөн хүчний бодлого баримтлах зарчмаасаа ухарч хатуу хүч хэрэглэх бодлогод шилжсэн ч Туркийн байр суурь ганхаж эхэлсэн юм. Үүний сацуу цэргийн хүч хэрэглэснээр Ойрхи Дорнод дахь түүхийн гашуун санамжуудыг сэдрээсэн. Арабын бараг бүх улс Османы эзэнт улсын бүрэлдэхүүнд байсан тул Туркийн цэргийн ажиллагаа нь тус улсыг бүс нутагтаа жанжлах, тэлэх бодлого баримтлах боллоо гэсэн хардлага, сэрдлэгийг тэр даруй өдөөв.
2014 он: Евразист, исламист үзэл сурталд суурилсан өрнөдийн эсрэг эвсэл байгуулж эхлэв
ДОТООД улс төрд зарим нэгэн бэрхшээлтэй тулгарсан ШЁХН 2014 оноос хойш улс төрийн таатай тэнцвэр бий болгохын тулд дахин нэг де-факто эвсэл байгуулах шаардлагатай тулгарав – энэ удаад туркийн либералуудтай бус, харин евразистуудтай болон туркийн үндсэрхэг үзэлтнүүдтэй эвслээ. Эрх баригч ШЁХН гадаад бодлогодоо тэнхлэгээрээ эргэж, дотоод улс төрд евразистуудтай түншилж магадгүй гэсэн анхны дохио 2013 оны 1 дүгээр сард анзаарагдсан нь тухайн үед ерөнхий сайд Эрдоан Туркийг ШХАБ-т жинхэнэ гишүүнээр элсүүлэх, оронд нь ЕХ-нд элсэх өргөдлөө татах боломжийн талаар Оросын удирдагч В.Путинтай ярилцсан тухайгаа ил зарласан явдал байлаа.
2014 оноос эхлэн, “Хүйтэн дайн”-аас хойш анх удаагаа евразистууд төрийн бодлогод, түүний дотор гадаад бодлогод нөлөө үзүүлэх боломжтой болов. Туркийн гадаад бодлогыг ШЁХН-ын исламизм, Үндэсний хөдөлгөөний нам (ҮХН)-ын нео-национализм, ЭОН-ын евразизм гэсэн гурван үзэл суртлын уулзвар дээр боловсруулах боллоо. Гадаад бодлого дахь энэхүү исламист-нео-националист-евразист эвсэл нь тухайлан өрнөдийн эсрэг чиг баримжаан дээр тулгуурлаж байна. Хэдий тийм боловч Туркийн уламжлалт, өрнөдийн талыг баримтлагч, кемалист гадаад бодлого сүүлийн жилүүдэд саармагжиж байгаа ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Хэрэг дээрээ 2011 оноос хойш Турк улс өрнөдийн тал баримтлагч, өрнөдийг эсэргүүцэгч чиг баримжааг аль алийг нь хослуулсан “хосолмол гадаад бодлого” хэрэгжүүлж ирсэн юм.
Туркийн улс төрийн намуудын өрнөдийн эсрэг үзэл нь коньюнктур шинжтэй, дотоодын, бүс нутгийн болон дэлхийн чиг хандлагаас үүдэн гарчээ.
Хэдийгээр Эх орон нам олон арван жилийн турш евразист үзэл суртлыг боловсруулж, хөгжүүлж ирсэн боловч Туркийн улс төр дэх бусад голлох намууд, жишээ нь, Ардын бүгд найрамдах нам (АБНН), ҮХН, Сайн нам (СН) 2014 оноос хойш мөн өрнөдийн эсрэг байр суурийн нөлөөнд улам бүр автах болсон. Эрх баригч ШЁХН ч АЖН-ын нэгэн адил улс төрийн исламист үзэл суртлыг тээх болсныг тооцвол сүүлийн жилүүдэд Туркийн улс төрийн бараг бүх нам өрнөдийн эсрэг үзэл санаан дор нэгдэх болжээ гэсэн үг.
Харин ЭОН болон Туркийн үндсэрхэг үзэлт баруун жигүүрийн (туркээр үлкүжү, ülkücü) намууд, жишээ нь ҮХН, СН, Их нэгдлийн нам (ИНН)-ын хооронд үндсэрхэг үзлийн талаарх ганц ялгаа нь Хятад болон уйгуруудын талаарх тэдгээрийн хандлага байдаг. ЭОН уйгурын асуудал бол олон улсын чанартай хуйвалдаан юм гэсэн Хятадын байр суурийг дэмждэг. Тэгвэл ҮХН, СН, ИНН үэл санаандаа туркийн үндсэрхэг үзлийг хүчтэй тусгасан, эгнээндээ уйгурын нөлөөтэй лобби оруулсан байх тул дээрх байр суурийг эсэргүүцдэг. Мөн Венесуэлийн хэрэг явдал Туркийн улс төрийн намууд өрнөдийн талыг баримтлах уу, өрнөдийн эсрэг байр суурин дээр зогсох уу гэдгийг харуулах шалгуур болоод байна. ШЁХН, ҮХН, ЭОН-ын бүлэглэл Венесуэл дахь Мадурогийн дэглэмийг дэмжиж байгаа бол АБНН, СН-ууд төвийг сахисан байр суурьтай байна.
Харин Туркийн улс төрийн намуудын өрнөдийг дагах чиг баримжааны хувьд 2000-аад оны эхэн үеийн дүр зураг тэс өөр байсан юм. Ерөнхий сайд Бүлэнт Эжевитийн засаглалын жилүүдэд (1999-2002) ҮХН нь Зүүний хүчний ардчилсан нам (ЗХАН), Эх орны нам (жич: энэ нь өмнө дурдсан Эх оронч намаас өөр нам болно)-ын хамт ЕХ-нд элсэхийг дэмжигч эвслийг бүрдүүлж байв. 2002-2005 онд эрх баригч ШЁХН, сөрөг АБНН хоёул ЕХ-г баримжаалсан реформ хийхийг парламентад тууштай дэмжиж иржээ. Эдгээрээс харахад Туркийн улс төрийн намуудын өрнөдийн эсрэг хандлага гэдэг нь ижил мөн чанартай бус, харин коньюнктур шинжтэй, өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд өрнөсөн дотоодын, бүс нутгийн болон дэлхийн үйл явдал, чиг хандлагаас үүдэн гарсан байна.
Туркийн гадаад бодлого дахь евразист чиглэл, хандлагын сул тал, доголдол
ҮГ ярианы хувьд хэчнээн өрнөдийн эсрэг байвч евразист-исламист эвсэл Орос, Хятадын хүлээлтийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хүсэлгүй, эсвэл чадалгүй байна. Жишээ дурдахад, Туркийн удирдагчид 2015 оны 11 дүгээр сарын эхээр Антальяд болсон “Их 20”-ийн дээд түвшний уулзалтын үеэр Оросыг “стратегийн түнш”-ээ хэмээн олонтаа давтсан ч ердөө тэр сарынхаа сүүлээр Оросын онгоцыг Туркийн агаарын хилийг 17-хон секунд зөрчсөнийх нь төлөө огтхон ч эргэлзэлгүй буудан унагасан. Үүгээрээ Сирийн асуудлаар өмнө нь Анкара, Москва хоёрын хооронд болсон бүх яриа хэлэлцээ хэчнээн хэврэг хийсвэр байсныг харуулав.
Үүнтэй төстэйгээр, 2014-2017 онд Анкара дахь евразистуудын нөлөө хэчнээн бэхжиж байсан ч яг энэ хугацаанд Хятад-Туркийн харилцаа гацаанд орсон байдаг, учир нь уйгур дайтагчдыг Шинжаанаас Сири рүү зөөвөрлөж экстремист бүлэгт элсүүлэх ажлыг Анкара зохион байгуулж байна гэж Бээжин буруутгаж байв. 2017 оны 8 дугаар сард л Анкара Бээжинд хандаж ийм зүйлд огт оролцохгүй хэмээн нэмэлт баталгаа гаргаж өгсний дараа харилцаа гацаанаас гарсан. Гэтэл хоёр жилийн дараа хоёр талын харилцаа дахин хурцадсан нь уйгурын асуудалтай холбоотой бөгөөд энэ нь ШЁХН, ҮХН-ийн эвсэл дотоод улс төрийн сонирхлоо Хятадын талаар баримтлах бодлоготойгоо тэнцвэржүүлэхийг оролдсоноос үүдэлтэй. Турк, Хятадын хооронд хамгийн сүүлд үүссэн уйгурын асуудлаарх хямрал бол Анкара Хятадтай тогтоосон харилцаагаа эрхэмлэж, уйгурын асуудлыг эгнэгт орхино гэх хуурмаг дохиог евразистуудын зүгээс Бээжинд өгсөнтэй холбоотой.
Туркийн евразист гадаад бодлогод улс орондоо эерэг үр дүн авчрах бодит хүлээлтийг бий болгохуйц иж бүрэн стратеги үгүйлэгдэж байна.
Түүнчлэн евразичид терроризмтой хийх Туркийн тэмцэлд Бээжин, Москвагийн дэмжлэгийг авч чадахгүй байна. Орос улс “Курдистаны ажилчны нам” хэмээгчийг террорист байгууллагад тооцохгүй гэдгээ Москва хэд хэдэн удаа ил зарласан. Бээжин ч мөн “КАН”-ыг террорист байгууллагын тоонд өнөө хэр нь оруулаагүй атал Анкара “Дорнод Туркестаны исламын хөдөлгөөн”-ийг террорист байгууллага мөн хэмээн зарласан. Шоглоомтой нь, Орос, Хятад хоёул “КАН”-ыг террорист этгээдэд тооцохгүй байсаар атал НАТО дахь бүх холбоотон нь энэ талаар Туркийг дэмжиж байдаг юм.
Евразистуудын сурталчилж буй өрнөдийн эсрэг бодлогын доголдлыг сүүлийн жилүүдэд Турк улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох өрсөлдөөнд ямар амжилт үзүүлж ирсэн хэлбэлзлээс тод харж болно. ШЁХН кемалист гадаад бодлоготой залгамж бүхий “исламын ардчилсан” чиг шугамыг барьж байсан 2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд санал хураахад 151 санал авч Австри, Ирланд гэсэн хоёр өрсөлдөгчөө давуу ялж 2009-2011 онд Аюулгүйн Зөвлөлд суусан бол 2015-2016 онд дахин суух эрхийн төлөө 2014 онд буюу Анкара өрнөдийн эсрэг чиг шугам баримтлах болсон үед Шинэ Зеланд, Испани хоёртой дахин өрсөлдөж ердөө 60 санал авсан байдаг.
Дүгнэлт
ТУРКИЙН евразист гадаад бодлогод улс орондоо эерэг үр дүн авчрах бодит хүлээлтийг бий болгохуйц бүрэн дүүрэн стратеги үгүйлэгдэж байна. Ялангуяа өрнөдийг баримжаалсан кемалист бодлоготой харьцуулахад энэ нь тод илэрнэ. Өрнөдийн эсрэг байр суурь нь уриа лоозонгийн хувьд анхаарал татаж байгаа ч Турк улсыг хөгжүүлэх улс төр, эдийн засгийн тогтвортой загвар болж эс чадна. Үнэн хэрэгтээ Турк улс бол чөлөөт зах зээлийн эдийн засагт суурилсан, НАТО, ЕХ, Европын зөвлөл зэрэг өрнөдийн институцүүдтэй гүн гүнзгий интеграцчилагдсан, бүтцийн хамаарал бүхий улс билээ.
Нөлөө бүхий “дундаж хүч”-ний улс болохын хувьд Турк улс Ойрхи Дорнод, Газар дундын тэнгисийн зүүн хөвөө, Балканы хойг, Хар тэнгис, Төв Азид бүс нутгийн тогтвортой байдлыг цогцлооход чухал үүрэгтэй тоглогч мөн. “Дундаж хүч”-ний бусад улс юу хийж чаддаг, юу хийдгийн нэгэн адил Турк улс бүс нутгийн түншлэл, эвсэл, холбоодыг чадах чинээгээрээ босгох, бэхжүүлэх ёстой болохоос сөргөлдөөн, талцлыг өдөөх ёсгүй юм. Турк улс бүс нутаг, дэлхий дахины хэмжээнд нөлөөгөө сэргээх, өргөжүүлэх зам нь кемалист гадаад бодлогод суурилсан өрнөдийн чиг баримжаандаа буцаж гарахад оршино.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Эх газар, далайд өрсөлдөгчөө тогтоон барих Америк загварДараах нийтлэл
Худалдааны дайн ба Д.Трампын жиргээСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23