Аюулгүй байдал судлалын хүрээлэн нь энэ оны эхэнд хийсэн “Дэлхийн эдийн засгийн сорилтын жил-2019” тойм судалгаагаар дэлхийн эдийн засагт тулгамдаж буй томоохон эрсдэлүүдийг тухайлбал, худалдааны дайн, эдийн засгийн хориг арга хэмжээ, Европын популизм, Брексит, хүчний дахин хуваарилалт, АНУ-ын дотоод байдал зэргийг дурдсан билээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) 2019 онд бодлогын хүүг 3 удаа нэмэгдүүлнэ гэсэн таамаглалтай байсан. Тус таамаглал нь ХНС-г мөнгөний хатуу бодлого баримталж ам.долларыг тогтвортой байлгах зорилготой байсан. Гэвч 3 дугаар сард болсон ХНС-гийн удирдах зөвлөлийн хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Тус шийдвэр гарсан өдрөө л дэлхийн санхүүгийн зах зээлд савалгаа үзүүлж, Black Day буюу хар өдөр болов. Энэхүү санхүүгийн зах зээлийн хар өдөр үүссэн шалтгаан юунд байв, цаашид хар өдрүүд үргэлжилсээр байх уу гэсэн асуултад хариулахыг оролдов. Мөн дэлхийн эдийн засгийн сорилтын жилд тулгамдаж буй эрсдэлүүдэд ямар өөрчлөлт орж байгаа талаар судлахыг зорилоо.
Дэлхийн санхүүгийн зах зээлд юу болов?
ЭНЭ оны 3 дугаар сарын 22-нд буюу ХНС-гийн мэдэгдлийн маргааш АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Dow Jones 1.5 орчим хувиар, S&P500 индекс хоёр гаруй хувиар, Nasdaq100 индекс дунджаар 1.9 орчим хувиар тус тус дараалан уналт үзүүлсэн билээ. Дараахан нь даваа гарагийн арилжаагаар /3 дугаар сарын 25-нд/ Азийн хөрөнгийн биржийн зах зээл нээгдэх үед дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятадын санхүүгийн зах зээлийг илэрхийлдэг Shanghai Composite Stock (SCI) индекс 0.2 хувиар унасан бол маргааш нь нэг орчим хувиар унаж зах зээлд савалгаа үзүүлсэн юм. Мөн Хятад улсын CSI300 индекс 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд огцом уналттай байж тус улсын санхүүгийн зах зээлд хар өдрүүд болсон.
Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай АНУ, Хятадын санхүүгийн зах зээлд уналтад орсонтой холбогдуулан Японы Nikkei 225, Их Британийн FTSE 100 индекс, Германы DAX 30 индекс, Австралийн S&P/ASX 200 индекс зэрэг дунджаар 0.5-1.0 орчим хувиар унаж байв.
Худалдааны дайнаас гадна тарифын болон тарифын бус саад хориг огцом нэмэгдэж байна.
Энэ уналтын үеэр АНУ-ын Засгийн газрын 3 сар болон 10 жилийн хугацаатай бондын өгөөжийн зөрүү сөрөг утга руу орж эхэлсэн. Энэ үзэгдэл нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг унтрааж, эдийн засгийн хямралын талаарх айдсыг улам бүр нэмэгдүүлсэн билээ. Хамгийн сүүлд ийм үйл явдал 2007 онд тохиолдож байсан.
Дэлхийн санхүүгийн зах зээл уналтад ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?
1. ХНС-гийн мэдэгдэл. ХНС бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх шийдвэрээ 3 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн. ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл: “Одоогоор эдийн засгийн нөхцөл байдал бодлогын хүүг өөрчлөхийг шаардсан түвшинд биш байна. Энэ ч утгаараа бид хүлээцтэй хандахыг зорьж байна. Манай бодлогын хүү саармаг бүсэд байгаа. Эдийн засаг маань тогтвортой өсөж, инфляц зорилтот түвшинтэй ойр байна. Ажилгүйдлийн түвшин гурав хүрэхгүй хувьтай юм. Хүлээцтэй байж, цаашид нөхцөл байдал хэрхэхийг ажиглан хүлээхэд тохиромжтой цаг үе гэж харж байна” гэж мэдэгдсэний дараагаар ам.долларын индекс огцом 3.0 орчим нэгжээр унасан.
Тэгвэл АНУ-ын эдийн засгийн өсөлт гурван улирал дараалан удааширч байгаа. Энэ үед эдийн засгаа сэргээх зорилгоор ХНС-гаас мөнгөний зөөлөн бодлого баримтлах байх гэж шинжээчид таамаглаж байсан. Гэвч таамгаас зөрсөн шийдвэр гаргасан нь санхүүгийн зах зээлд савлагаа авчирсан. Учир нь АНУ-ын эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг иргэдийн хэрэглээний өсөлт саарсан нь эдийн засгийн өсөлт 3 улирал дараалан удаашрахад голлон нөлөөлсөн байна.
Мөн АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх ээлжит уулзалт саяхан Бээжин хотноо эхэлсэн. Уулзалтын үеэр хоёр тал үр дүнтэй хэлэлцээр хийж чадаагүй юм. Гэсэн хэдий ч АНУ-ын талаас БНХАУ-тай үр дүнтэй хэлэлцээр хийх хүртэл хэлэлцээг хэдэн долоо хоног, хэдэн сараар ч үргэлжлүүлэхэд бэлэн байгааг Цагаан ордны Эдийн засгийн зөвлөх Лоуренс Кадлоу мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараагаар АНУ-ын санхүүгийн зах зээлд мөн л савалгаа үүсэн бөгөөд Dow Jones индекс 0.3 орчим хувиар унасан юм. Энэ уналт хоёр улсын худалдааны маргаан төдийлөн үр дүнд хүрээгүй байгааг илтгэж байгаа юм.
2. Худалдааны хориг, саад нэмэгдсээр байна. Худалдааны дайнаас гадна тарифын болон тарифын бус саад хориг огцом нэмэгдэж байна. Үүний нэг нь Австрали улс Хятадын ZTE компанийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүйгээ мэдэгдсэний дараа Хятадаас Австралийн нүүрсний нийлүүлэлтийг шууд хориглосон нь тарифын бус хорог болж өгсөн юм. Энэ хориг Австралийн эдийн засагт шууд нөлөөлж эхэлснээс гадна Хятадын дотоодын нүүрсний уурхайнуудыг идэвхжүүлж эхэлсэн. Хятадын хувьд эдийн засагт нь нөлөөлөхүйц шийдвэр гаргаж байгаа улс орнуудад харилцан тарифын болон тарифын бус хориг авах нь нэмэгдэж байгаа юм.
3. Европын бүс нутагт дотоодын сөргөлдөөн ширүүсэж, тэмцэгчдийн жагсаал, цуглааны тоо нэмэгдэж байна. Үүний нэг нь Францын шар хантаазтай жагсагчид юм. Тэд нарын жагсаал, цуглаан улам хүчээ авч, засгийн газраа огцруулах талаар хүртэл шаардлага тавьж эхлээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Францад “Шар хантаазтнууд”-ын 20 дахь удаагийн жагсаал цуглаан болж 40.5 мянган хүн цугларсан бөгөөд учруулсан хохирлын нийт нэмжээ 225 сая ам.долларт хүсэн юм. Энэ жагсаал нь Францын аялал жуулчлал салбарыг хүнд байдалд оруулж байгаагаас гадна зөвхөн Парис хотоор аялах жуулчдын тоог 1 дүгээр сарын байдлаар 5.3 хувиар огцом буурсан байна. Мөн Лондон хотод сая гаруй хүнийг хамарсан Брекситийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан өрнөсөн зэрэг нь Европын бүс нутагт нийгмийн тогтворгүй байдал ихсэж байгаа илтгэж байна.
4. Японы бизнесийн итгэлийн индекс буурч сүүлийн 6 жилд ажиглагдаагүй өөрчлөлт гарлаа. Япон улсын бизнес болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг илэрхийлдэг Tankan индекс эхний улиралд 12 нэгж болж, сүүлийн зургаан жилд байгаагүй огцом унав. Энэ нь өмнөх улирлынхаасаа 7 нэгжээр буурсан, өмнөх оны мөн үеэсээ хоёр дахин унасан үзүүлэлт бөгөөд тус улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оныхоос илүү удаашрах магадлалтай болж байна. Үүнээс гадна зүүн Азийн зах зээлийг чиглэсэн хөрөнгийн урсгал татрах шинж тэмдэг илэрч, Токиогийн хөрөнгийн бирж дээр савлагаа үүсэх магадлалтай байна.
5. Брекситийн гэрээний асуудал бүтэлгүйтэж байна. Их Британийн удирдлагуудын нэр хүнд унаж, дотоодын улс төрд хямрал нүүрлэлээ. Он гарснаас Т.Мэй Брекситийн гэрээг гурван удаа парламентаар батлуулах гэж оролдсон ч үр дүнгүй болсон. Үүнээс үүдсэн ард иргэд Брекситийн гэрээг цуцлахыг шаардсан жагсаал өрнөж ойрын жилүүдэд байгаагүй тус улсын нийгэмд тогтворгүй байдал үүсээд байна. Энэ нь цаашлаад Их Британи, Европын Холбооны эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадлалтай байгаа юм. Мөн Лондонд төвтэй Европын санхүүгийн зах зээлд Брексит нөлөөлж хэд хэдэн савалгаа үүсээд байгаа. Түүгээр зогсохгүй Их Британийн дотоод улс төрийн хямрал, нийгмийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагч нарыг Европоос дайжихад хүргэж байна.
6. Дахин хуваарилалт эхлэх шинж тэмдэг байсаар байна. Брекситийн гэрээтэй зэрэгцэн Умард Ирланд Их Британиас салах асуудал хөндөгдөх нь магадлалтай байна. Үүгээр зогсохгүй Умард Ирланд Европын холбоонд үлдэхээ хүртэл илэрхийлэх магадлал байгаа юм. Энэ нь фунт стерлингийн ханшийг унгах, цаашлаад Евро бүсийн эдийн засагт нөлөөлөх юм.
Саяхан Д.Трамп Голланы өндөрлөг бол Израилийн нутаг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тунхаг бичигт гарын үсэг зурсан. Энэ шийдвэр нь Сирийн дургүйцлийг хүргэсэн бөгөөд Ойрх Дорнодод энэ үйлдлийг эсэргүүцэж бүс нутгийн улс орнууд Израилийн эсрэг томоохон эвсэл үүсгэж мөргөлдөөн гарах магадлалтай байна. Мөргөлдөөн үүсгэж ширүүсвэл газрын тос болон түүхий эдийн зах зээлд савалгаа гаргах, дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь магадлалтай юм. Үүнээс гадна АНУ Карибын тэнгисийн хямралыг тогтворжуулах зорилгоор Венесуэлд өөрийн нөлөөлийг нэмэгдүүлэхийн тулд Орос, Хятадтай тус нутагт сөргөлдөх юм.
7. Санхүүгийн зах зээлийн савалгаа алтны эрэлтэд нөлөөлж байна. Санхүүгийн зах зээл уналтад орох үед алтны зах зээл сэрэгдэг урвуу хамаарал байдаг билээ. Он гарсаар санхүүгийн зах зээлд хэд хэдэн удаа савалгаа үүсэн нь алтны эрэлт өсөхөд нөлөөлж байгаа. Мөн оны эхнээс геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаа тул улс орнуудын төв банкнууд алтны нөөцөө нэмэгдүүлсээр байна. Хөгжингүй орнуудын бондын өгөөж бага, геополитикийн эрсдэл өндөр байгаа зэрэг нь хөрөнгө оруулагч нарыг эрсдэлээс зайлсхийх алхам хийж алт руу чиглэсэн худалдан авалт, хөрөнгө оруулалт хийх нөхцөлд хүргэж байна.
Санхүүгийн зах зээл уналтад орох үед алтны зах зээл сэрэгдэг урвуу хамаарал байдаг.
8. Олон улсын валютын сангийн айдастай мэдэгдэл. ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард: “2019 он гарсаар дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй, эгзэгтэй үед ирээд байна. Олон улсад Брексит, улс орнуудын өр зээл, худалдааны маргаан, санхүүгийн зах зээлтэй холбоотой эрсдэлүүд байсаар байна” гэж мэдэгдэв. Тус мэдэгдэлд дэлхийн эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас доогуур өсөлт үзүүлэх хандлагатай байгааг дурдсан юм. Дээрх мэдэгдэлтэй зэрэгцэн алт болон газрын тосны үнэ нэмэгдэж, үнэт метталын зах зээл эрэлт өндөртэй болоод байгаа.
9. Хятадын эдийн засгийн агшилт уул уурхайд түшгэлсэн улс орнуудын эдийн засгийг саарахад нөлөөлж магадгүй байна. АНУ, Хятадын худалдааны дайн Хятадын гадаад худалдаа буурахад нөлөөлсөн бөгөөд тус улсын эдийн засаг өмнө таамаглаж байснаас өндөр буюу 0.5-5 хувиар удаашрах таамаг гарсан юм. Энэхүү байдлаас болж Хятадаас хамааралтай эдийн засагтай орнуудын эдийн засаг саарах магадлалтай болоод байна юм. Учир нь Хятадын эдийн засгийн гол үзүүлэлтийг тодорхойлдог аж үйлдвэрийн Caixin Manufacturing PMI индекс худалдааны маргаан үүссэн цагаас хойш 50 нэгжээс доош ороод байв. 1 дүгээр сард Caixin индекс 48.3 нэгжид хүрч 2016 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болсон юм.
Үүнээс гадна технологийн ноёрхлын төлөөх өрсөлдөөн ширүүсэж АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Хятадын ZTE болон бусад өндөр технологийн компаниудтай худалдаа явуулахаас татгалзах, хориглох замаар Хятадын төрийн өмчит болон томоохон аж ахуй нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж тус улсыг шахалтад оруулж байна. Энэ нь том зургаараа тус улсыг “Бүс ба Зам” төслийг хэрэгжүүлэхэд улам төвөгтэй болгож байгаа билээ. Үүний нэг жишээ нь: “Бүс ба Зам” төслийн хүрээнд хэрэгжиж байсан Малайзын төмөр замын салбарт оруулсан 20 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын төслийг тус улсын популист төрийн тэргүүний удирдаж буй засгийн газраас зогсоох шийдвэр гаргасан. Тус шийдвэр нь Хятадын хөрөнгө оруулалтыг үргүй зардал болгон хувиргах гэсэн оролдлого юм. Хятадын талаас Малайзын засгийн газрын энэ үйлдэлд ихээхэн ундуйцаж байгаа. Учир нь Азид популист улс төрийн давлагаа хүчээ авч, Хятадын нөлөөг бууруулах гэсэн үйлдлээс үүдэж Азийн санхүүгийн зах зээл тэр дундаа Хятадын санхүүгийн зах зээл савалгаатай байдалд ороод байгаа юм.
Мөн Хятадын эрх баригчид юанийн интеграцын асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа нь тус улсын банк санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Тэгвэл олон улсын үнэлгээний Fitch агентлагаас Хятадын банк, санхүүгийн байгууллагууд таагүй нөхцөл байдалд байгаа бөгөөд ашиг орлого нь нэг оронтой тоонд хүрсэн гэв. Энэ байдал нь тус улсын санхүүгийн зах зээл мөн л нөлөөлөөд байна.
Цаашид дэлхийн санхүүгийн зах зээлд юу болох вэ?
ЭНЭ жил дэлхийн эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас доогуур үзүүлэлттэй байх талаар WorldBank, IMF, ADB зэрэг томоохон банк санхүүгийн байгууллагууд дүгнээд байгаа нь 2019 он дэлхийн эдийн засагт хүндхэн жил болох таамаглалыг улам баталж байна. Хүндхэн жил болж байгааг илтгэж байгаа бас нэгэн илрэл нь дэлхийн санхүүгийн зах зээлийн хар өдрүүд болоод байгаа төдийгүй цаашид ч хэд хэдэн удаа тохиох магадлалтай. Геополитикийн эрсдэл, АНУ тэргүүтэй их гүрнүүдийн тодорхой бус шийдвэр гаргалтын байдал мөн ХНС, улс орнуудын төв банкнуудын өөрсдийн дотоод эдийн засгаа хамгаалсан шийдвэрээс болж дэлхийн санхүүгийн зах зээлд дахин савлагаа үүсэх магадлал байсаар байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
БРЕКСИТ үйл явцын талаарх ярилцлагаДараах нийтлэл
Хүчирхийллийн бус тэмцлийн арга ба “Өнгөт хувьсгал”Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19