Японы Үндэсний аюулгүй байдлын бодлогын хувьсал – 2023 (I)

2023-10-20

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/11/GettyImages-1244544349.png

2023 он нь Энэтхэг – Номхон далайн бүс нутаг, Зүүн Азийн бүс нутаг олон улсын харилцаа, хүчний тэнцвэрийн зангилаа төв болсныг улам нотлон харуулсан өндөр жил болж байна. Дэлхийн 3 дахь том эдийн засаг болох Япон улс бараг 80 жил баримтлаж ирсэн энх тайванч бодлогоо алгуур хувиргаж батлан хамгаалах зардлаа үлэмж өсгөхийн хамт дахин зэвсэглэх эрмэлзэл, амбицаа хэрэгжүүлэх бодит төлөвлөгөө зарласан ба үүндээ зориулсан бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийж эхлэв. Япон нь үндсэн холбоотон АНУ-тай холбоо, хэлхээгээ улам ойртуулахын зэрэгцээ бүс нутгийн бусад орнууд, БНСУ, Филиппин, Австралитай батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлж Тайваний статус кво-г хүчээр өөрчлөхийн эсрэг эвслийн гол оролцогчдын нэг болж хувирч байна. Япон нь манай улсын стратегийн түнш, хөгжлийн гол түншийн нэг болохын хувьд тус улсын гадаад бодлого, цэрэг-батлан хамгаалах бодлогын өөрчлөлт болгон нь Монголын гадаад аюулгүй байдлын орчны ерөнхий тогтолцоотой харилцан хамааралтай байдаг онцлогтой.

Зураг-1. Японы Ерөнхий сайд Фумио Кишида Асака цэргийн бааз дээр ажиллав. [2021 оны 11 дүгээр сар]

Японы Батлан хамгаалах – Аюулгүй байдлын бодлогын хувьсал, өөрчлөлт

Дэлхийн II дайнд бүрэн ялагдсаныхаа дараа Япон улс АНУ-ын цэргийн хяналтад 1952 оныг хүртэл байх үедээ 1947 онд Үндсэн хуулиа өөрчилж энхийг эрхэмлэсэн чиглэл оруулсан бөгөөд байнгын армитай болохгүй, цэргийн бус арга замаар өөрийн оршин тогтнох бодлогоо хэрэгжүүлнэ зэрэг утгатай заалтуудаар (Үндсэн хуулийн IX бүлэг) өөрийгөө дахин цэрэгжүүлэхгүй гэдгийг тодорхойлсон. Гэвч Японыг бүрэн цэрэггүйжүүлэх эсэх тухай сэдэв удалгүй өөрчлөгдөж, 1950 онд Солонгосын дайн эхэлсэнтэй холбоотойгоор АНУ-ын заавраар Японы Үндэсний Цагдаагийн нөөц хүчийг 75,000 бие бүрэлдэхүүнтэйгээр яаралтай байгуулжээ. 1951 оны Япон АНУ-ын гэрээгээр (Сан-Францискогийн гэрээ) Японы бие даасан төрт улс байх статусыг бүрэн сэргээж, тус улс дахь Америкийн гарнизон нь харилцан туслалцах гэрээний дагуу байрших болсны дээр 1952 оноос Японы Үндэсний Цагдаагийн нөөц хүчний тоог 110,000-д хүргэж цаашлаад 1954 онд Японы Өөрийгөө Хамгаалах хүч болгон хувиргасан байна. 1960 онд Япон АНУ-ын аюулгүй байдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж өнөөг хүртэл үйлчилж буй тус хоёр улсын “Холбоотны гэрээ” болсон юм.

1950-иад оноос эхлэн Японы эрх баригчид батлан хамгаалах асуудлаа АНУ-ын талд даатгаж гол бодлогоо эдийн засгаа сэргээхэд чиглүүлсэн (Цэргийн их гүрэн байх боломжгүй болсон тул Keizai taikoku буюу Эдийн засгийн их гүрэн болох бодлого) бөгөөд үүнийг эхлүүлсэн ерөнхий сайдын нэрээр “Ёшидагийн номлол” гэж алдаршжээ. Хэдий АНУ-ын талаас Японыг батлан хамгаалах зардалдаа илүү төсөв гаргахыг байнга шахаж шаардаж ирсэн ч Японы тал энэ зардлаа ДНБ 1 хувиас хэтрүүлэхгүй хатуу барьж ирсэн нь тус улсын 1950-1980-аад оны эдийн засгийн үсрэнгүй хөгжилд ч эерэгээр нөлөөлжээ. Энэ хугацаанд Япон улс нь ерөнхий сайдын удирдлагад байх “Үндэсний Батлан хамгаалах зөвлөл – ҮБХЗ” (1954 онд байгуулсан National Defence Council буюу NDC – Kokubō Kaigi) гэсэн бүтэцтэй, бодлогын ганцхан суурь баримт бичигтэй (1957 он гаргасан Basic Policy on National Defense) явсаар 2000-аад он гарсан байна.

Харин 2000-аад оноос дэлхийн байдал, глобал аюулгүй байдлын орчин эрс өөрчлөгдөж эхэлсэн тул Япон улс цааш хэрхэн оршин тогтнох аюулгүй байдлаа хангах вэ гэдэг асуултад тус улсын бодлого тодорхойлогчид хариулт хайж эхэлжээ. Тухайлбал 2003 онд БНХАУ-ын ДНБ 1.66 их наяд ам.доллар, харин Японы ДНБ 4.52 их наяд байсан бол ердөө 10 жилийн дараа 2013 онд БНХАУ-ын ДНБ 9.57 их наяд ам.долларт хүрч, харин Японы ДНБ 5.2 их наяд болсон байлаа. Мөн хугацаанд БНХАУ-ын цэргийн зардал 113 тэрбумд ам.долларт хүрсэн бол Японы БХ төсөв 48 тэрбум ам.доллар байв. Хятадын эрс хүчирхэгжилтийг дагалдан Японыг тойрсон аюулгүй байдлын орчин хурдтай өөрчлөгдөж, БНАСАУ дараалсан пуужингийн болон цөмийн туршилтууд хийж, ОХУ-тай Курилын арлуудын асуудлаа эцэслэж чадахгүй хэвээрээ байхын хамт Тайваний статус-квог хүчээр өөрчлөх асуудал дахин яригдахын зэрэгцээ Бээжингийн зүгээс Сенкаку арлын эзэмшлийн тухай ширүүн маргаан үүсгэх болов.

Зураг-2. Японы Өөрийгөө хамгаалах хүчний баярын жагсаал. Асака бааз. [2016 он]

1985 онд ерөнхий сайд Накасонэ “Гадаадын тагнуулын эсрэг хуулийн төсөл” өргөн барихад Японы парламент, олон нийт дэмжээгүй тул буцаан татжээ. Үүний дараа Накасонэ бүтцийн өөрчлөлтийн арга замаар зохих алхмууд хийж, ерөнхий сайдын дэргэдэх “Үндэсний Батлан хамгаалах зөвлөл”-ийг өргөтгөж, 1986 онд “Японы Аюулгүй байдлын зөвлөл – ЯАБЗ” (Security Council of Japan SCJ – Anzen Hoshō Kaigi) байгуулсан байна. Гэвч шинэ бүтцээ бэхжүүлэх явдал удааширч гүйцэтгэх үүрэг, чадамж нь хуучин зөвлөлөөс илүү гарахгүй байсаар 2000 он гарчээ.

2007 онд ерөнхий сайд Ш.Абэ гадаад орчны өөрчлөлтөд Япон улсын хариу үзүүлэх чадамж туйлын сул байгааг харгалзан Британи, Америкийн загварт үндэслэсэн шинээр “Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл – ҮАБЗ”-ийн бүтцийг байгуулахаар судлаж эхэлсэн ч ажил хэрэг болгож амжилгүй огцорсон байна. Ш.Абэ хоёр дахь удаагаа ерөнхий сайд болсныхоо дараа өмнөх ажлаа гүйцээж, 2013 онд Японы улсын ҮАБЗ-ийг албан ёсоор байгуулж, бүтцийг нь өргөжүүлэн ажлын албаны орон тоог нэмж, тагнуулын мэдээлэл нэгтгэн дүгнэх офицерын албан тушаал хүртэл бий болгосон байна[1].

2013 онд Ш.Абэгийн засгийн газар 1945 оноос хойш анх удаа Япон улсын “Үндэсний Аюулгүй байдлын стратеги” гаргаж бодлогын чиглэлүүдээ нээлттэй танилцуулсан[2]. Үүнээс хойш 10 жилийн хугацаанд Японы эрх баригчид сүүлийн 70 жилд хийгээгүй олон ажлаа гүйцэлдүүлж хийхээр шамдсаар 2023 онд ирээд байна. Японы төрийн институцүүдийн хүрээнд хийгдэж буй аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлийн хууль эрх зүй, бодлогын баримт бичгүүдийн өөрчлөлт, гарсан байдал (2013 – 2023):

2013 он:

  • Төрийн нууц хамгаалах тухай хууль (Specially Designated Secrets Act – SDS)
  • Үндэсний Аюулгүй байдлын стратеги (National Security Strategy – NSS)

2014 он:

  • Цэргийн технологи, тоног төхөөрөмж дамжуулах тухай гурван зарчим (Three Principles on Transfer of Defense Equipment and Technology)

2015 он:

  • Японы Өөрийгөө хамгаалах хүчний (JSDF) цэргийг хилийн чанадад ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хууль (Japan’s Legislation for Peace and Security)[3]

2022 он:

  • Батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр (Defense Buildup Program)
  • Үндэсний Батлан хамгаалах стратеги (National Defense Strategy)[4]
  • Үндэсний Аюулгүй байдлын стратеги (National Security Strategy (NSS)[5]
  • Аюулгүй байдлын албан ёсны тусламж (Official Security Assistance – OSA)[6]

2023 он:

  • Батлан хамгаалах Цагаан ном – 2023 (Японы БХЯ-аас 1976 оноос хойш жил тутам гаргаж буй)[7]

Зураг-3. Японы арлуудыг тойрсон аюулгүй байдлын орчинд 2013 – 2023 онд гарсан өөрчлөлт. Тус улсын эрх баригчид Дэлхийн II дайнаас хойш хамгийн аюултай геополитикийн орчин бий боллоо гэж дүгнэж байна. [Японы Батлан хамгаалах Цагаан ном – 2023]

Японы Тагнуулын албаны чадамж

Дэлхийн II дайнаас хойш Япон улс өөрийн бие даасан гадаад тагнуулын албагүй явж ирсэн бөгөөд шинэ байгуулагдсан ҮАБЗ-ийг мэдээллээр хангах үндсэн бүтэцгүй, мэргэжлийн тагнуулын мэдээллийн суваггүй байсан нь мэдээлэл олж авах, боловсруулах, дүн шинжилгээнд үндэслэсэн зөвлөмж гаргах хүрээг нь хязгаарлаж байлаа. Гадаад орчны мэдээллийн суваг нь Гадаад хэргийн яам, Гадаад худалдааны нэгжүүдээр дамжиж ирсэн мэдээлэлд тулгуурлаж байгаа нь Японы аюулгүй байдлын бодлого боловсруулах хэрэгцээг хангахгүй байгааг судлаачид байнга дурдаж шүүмжилж ирсэн. Энэ сул талаа нөхөх гарц хайж 2013 онд үүссэн ҮАБЗ-ийн Ажлын албанд тагнуулын мэдээлэл боловсруулах ажлыг нэгтгэж түүнийг мэдээллээр хангадаг анхдагч ба хоёрдогч сурвалж болох сувгууд, салбар дундын уялдаа холбоог сайжруулаад байна. Одоогийн байдлаар Японы ҮАБЗ-д мэдээлэл нэгтгэж өгдөг дараах бүтэц, нэгжүүд байна:

Зураг-4. Японы тагнуулын албадын бүтэц, ҮАБЗ болон шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах тогтолцоо [Public Security Intelligence Agency – PSIA 2023 – 2024 https://www.moj.go.jp/psia/English_Publications.html ]

Үргэлжлэл дараагийн дугаарт

Ашигласан эх сурвалж:

[1] Japan Launches Its Own National Security Council  |  Nippon.com   Dec 25, 2013 https://www.nippon.com/en/behind/l00050/

[2] National Security Strategy  |  December 17, 2013 https://www.cas.go.jp/jp/siryou/131217anzenhoshou/nss-e.pdf

[3] Japan’s Legislation for Peace and Security  |  Japan’s Security Policy – MOFA. 2023 https://www.mofa.go.jp/fp/nsp/page1we_000084.html

[4] Defense Policy  |  Ministry of Defense 2022 https://www.mod.go.jp/en/d_policy/index.html

[5] National Security Strategy (NSS)  |  December 16, 2022 https://www.mofa.go.jp/fp/nsp/page1we_000081.html

[6] Official Security Assistance (OSA)  |  Japan’s Security Policy – MOFA 2023 https://www.mofa.go.jp/fp/ipc/page4e_001366.html

[7] DEFENSE OF JAPAN (Annual White Paper)  |   MOD 2023 https://www.mod.go.jp/en/publ/w_paper/index.html


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА