ШХАБ-ын уламжлалт чиглэлүүд ба Афганистаны хүчин зүйл /төгсгөл/

2021-09-24

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/12/SCO1.jpg

Өмнөх дугаараар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас “Гурван хорт хүчин” хэмээн томьёолсон терроризм, экстремизм, сепаратизм (гурван -изм) нь Төв Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал болсон шалтгаан хийгээд түүнд ШХАБ-ын зүгээс онцгойлон анхаарахад нөлөөлж буй нөхцөл байдлын талаар танилцуулсан. Мөн ШХАБ-ын зүгээс сүүлийн үед “Гурван хорт хүчин”-тэй хийх чиглэлээр хэрэгжүүлж эрх зүйн баримт бичиг, бодлого үйл ажиллагааны талаар дурдсан болно.

Энэхүү дугаарт ШХАБ-ын терроризмтэй тэмцэх бүтэц, түүний үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх ажил, терроризмтэй хийх тэмцлийн шинэ чиг хандлагын талаар мэдээлэл хүргэх болно. Түүнчлэн Афганистаны тогтворгүй байдал болон Исламын улс бүлэглэлийн идэвхижил нь бүс нутгийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой харуулахыг зорьсон. ШХАБ-ын тэлэлтээс үүдэлтэй гишүүн орнуудын үл ойлголцол, зөрчилдөөн, эсрэг байр суурь нэмэгдэж байгаа нь  терроризмтэй хийх тэмцэлд  хэрхэн нөлөөлж болох талаар  танилцуулах болно.

Бүс нутгийн терроризмтэй тэмцэх бүтцийн үйл ажиллагаа

ШХАБ үүсэн байгуулагдсан үеэс террорист үйлдлийг таслан зогсоох, мөн Төв Азийн орнууд дахь “гурван хорт хүчин”-ий аливаа илрэлтэй тэмцэхэд бүс нутгийн хэмжээнд харилцан ажиллах нь зүйтэй гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж ирсэн. Энэ зорилтын хүрээнд “гурван хорт хүчин” болон хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэхэд гишүүн орнууд харилцан ойлголцолд хүрэх, зөрчилдөөнтэй асуудлаа зохицуулах шаардлагатай тулгарсан нь бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтцийг бий болгох шалтгаан болсон. Улмаар Астана хотноо 2002 онд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын хууль сахиулах байгууллага, тусгай албадын дарга нарын хурлаар “Бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтцийн тухай ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын гэрээний төслийн тухай шийдвэр”-т гарын үсэг зурснаар тус бүтцийг байгуулах эхлэл тавигджээ.[1]

Бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтэц нь 2004 оноос ШХАБ-ын гишүүн орнуудын эрх бүхий байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулах, бэхжүүлэх зорилготой байнгын байгууллага болсон. Бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтэц нь дараах 3 үндсэн үүрэг, чиглэлтэй. Үүнд:

  • Уялдуулан чиглүүлэх. Энэ хүрээнд гишүүн орнуудын эрх бүхий байгууллагуудын терроризм, экстремизм, сепаратизмын эсрэг хийж явуулж буй үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, “гурван хорт хүчин”-тэй тэмцэх хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах, терроризмын эсрэг команд-штаб, оператив-тактикийн хээрийн сургууль дадлага болон бусад арга хэмжээг зохион явуулах, эрх бүхий байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэх.
  • Олон улсын эрх зүйн орчин бүрдүүлэх. Терроризмтой тэмцэх асуудлаар олон улсад, түүний дотор НҮБ дээр боловсруулж буй эрх зүйн баримт бичгийн боловсруулалтад оролцох, эл асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон бусад олон улсын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх.
  • Мэдээлэл-дүн шинжилгээний ажил буюу терроризмтой тэмцэх асуудлаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, түүний дотор олон улсын террорист, сепаратист болон бусад хэт даврагч байгууллагууд, тэдгээрийн бүтэц, удирдагчид, нөлөө бүхий гишүүн, тэдгээрийн холбоо сүлбээ, санхүүжилтийн эх үүсвэр, зам сувгийн талаарх мэдээллийн сан бүрдүүлэх явдал болно.

Бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтцийн тэргүүлэх зорилтын нэг нь НҮБ-ын терроризмтой тэмцэх дэд хэсгүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм. Тус бүтэц НҮБ-ын терроризмтой тэмцэх дэлхийн стратегийг Төв Азид хэрэгжүүлэх хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад оролцож, хэрэгжилтийг нь хангахад хяналт тавьдаг. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Терроризмтой тэмцэх хорооны Гүйцэтгэх захиргаанаас зохион байгуулж буй аливаа ажиллагаанд тус бүтцийн шинжээчдийг тогтмол оролцуулж ирсэн бөгөөд ТУХН, ХАБГБ, ЕАБХАБ, АСЕАН, EAG, CARICC зэрэг терроризмын эсрэг төвтэй нягт хамтран ажиллаж байна.

Сүүлийн хорин жилийн хугацаанд ШХАБ-ын гишүүн орнууд терроризмын эсрэг олон талт цэргийн сургуульд хамтран ажилласан байдал (Хүснэгт 2).[2]

Өнгөрсөн хугацаанд ШХАБ-ын гишүүн орнууд терроризм, экстремизм, сепаратизмтай тэмцэх чиглэлээр мэдээлэл солилцоогоо нэмэгдүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлсний дүнд террорист болон шашны хэт даврах шинжтэй 288 гэмт хэргийг илрүүлж, террористуудын газар доорх 78 баазын үйл ажиллагааг таслан зогсоож, 193 зэвсэгт этгээдийг саармагжуулан, олон улсын террорист болон шашны хэт даврагч байгууллагын 1100 гаруй гишүүн, тэдний хамсаатнуудыг саатуулжээ. Түүнчлэн террорист үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэгдсэн гадаадын 4000 гаруй иргэнийг ШХАБ-ын орнуудын хилээр нэвтрэхийг хориглож, зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайн болж буй бүс нутгууд руу шинээр элсүүлсэн зэвсэгт этгээдүүдийг хүргэх 6 зам сувгийг хаан, терроризмыг санхүүжүүлж байж болзошгүй 5000 гаруй хувь хүний банкны данс болон 24 зам сувгийг хааж, 470 гаруй оролцогчийг баривчилсан. Мөн шашны хэт даврагч байгууллагуудын терроризм, экстремизмын агуулга бүхий материал түгээдэг 23 мянга гаруй интернет эх сурвалжид хандах эрхийг хязгаарласан зэрэг олон чухал үр дүн авчирсан байна.[3]

Олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт “гурван хорт хүчин”-тэй тэмцэхэд хэрхэн нөлөөлөх вэ?

Афганистаны үйл явдал ба Исламын улс бүлэглэлийн үйл ажиллагаа

АНУ тэргүүтэй эвслийн цэрэг Афганистанд байрлаж байх үед тус улс дахь Исламын улс бүлэглэлийн хүч нөлөө нэлээдгүй сулраад байсан ч эвслийн цэрэг гарснаас хойш тэдний хүч дахин сэргэж эхэллээ. Исламын улс бүлэглэл нь үндэстэн болон шашин хоорондын зөрчил үүсгэх замаар Афганистаны нийгмийг хагралдуулж, талибуудын байр суурийг бууруулан, өөрсдийн нөлөөг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Зөвхөн 9-10 дугаар сард Афганистанд 47 удаа халдлага дайралт болсны дийлэнх нь талибууд руу чиглэж байв. 

Мөн Исламын улс бүлэглэл Талибаны Засгийн газрын эсрэг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болсон бөгөөд ингэхдээ талибуудын эсрэг халдлага дайралтаа “ариун жихадын шинэ үе” хэмээн зарлах замаар олны дэмжлэг авахаар зорьж байна. Исламын улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь Талибаны Засгийн газрыг “шашнаас урвагчид”, Афганистаныг ”талибуудын оршуулгын газар” болгоно гэх зэргээр урьд өмнө байгаагүй хүчтэй суртал ухуулга явуулж байна.[4]

Талибан хөдөлгөөн нь Афганистанд өөрийн засаглалаа тогтоох зорилготой бол Исламын улс бүлэглэл нь Афганистаныг Ойрх Дорнод даяар байгуулах Халифт улсынхаа нэг хэсэг болгох зорилго агуулдаг. Хүчний хувьд Талибан хөдөлгөөн хэд дахин давуу хэдий ч Исламын улс бүлэглэл шашны хатуу чиг баримжаатай талибуудыг өөртөө урвуулах ажиллагааг тогтмол явуулж, улмаар Ойрх Дорнодоос гадаадын террористуудыг цуглуулж давуу байдлыг бий болгож болзошгүй юм. Түүнчлэн  Афганистаны эдийн засгийн байдал сайжралгүй удвал Талибаны засаглалд итгэх олон нийтийн итгэл суларч, Исламын улс бүлэглэлийн нөлөө нэмэгдэх аюултайг шинжээчид анхааруулж байна. Үүний нотолгоо нь Исламын улс бүлэглэл Урузган мужаас 30 мянган афган буюу 340 ам.долларын урамшуулалтайгаар шинэ гишүүд элсүүлж, мөн өдөр тус мужид Талибан болон Исламын улсын хооронд мөргөлдөөн болсон, Герат муж дахь мулла Абдул Манану Ниязид үнэнч талибаны отрядууд Исламын улс бүлэглэлд нэгдсэн зэрэг мэдээлэл болно.[5]

Үүний зэрэгцээ Талибаны Засгийн газар исламын шашны салафит урсгалыг баримтлагчид нь “Исламын улсын гишүүн” хэмээн үзэж, тус урсгалын сүм хийд, шашны сургуулиудыг нь хаах, нөлөө бүхий төлөөлөгчдийг нь баривчлах зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь Исламын улс бүлэглэл бэхжихэд нөлөөлж болзошгүй байна. Салафитуудыг мөрдөн мөшгих явдал нэмэгдсэнтэй зэрэгцэн Исламын улс бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхжих болсон нь үүнтэй холбоотой байхыг ч үгүйсгэхгүй.

Исламын улс бүлэглэлийн дунд цөөнгүй салафитууд байдаг бөгөөд 09 дүгээр сард өндөр мяндаг бүхий салафит санваартан шейх Абу Обайдулла Мутаваккилыг хулгайлан хөнөөсөнтэй адил хэрэг цаашид давтагдах, салафитуудыг мөрдөн мөшгих явдал үргэлжилсэн тохиолдолд Исламын улс бүлэглэлийг дэмжих салафитуудын тоо нэмэгдэх, улмаар иргэний дайнд хүрэх нь гарцаагүй юм.

Энэ бүхнээс харвал, “гурван хорт хүчин”-тэй хийх ШХАБ-ын тэмцэлд эерэг нөлөө үзүүлэх гол хүчин зүйл нь бүс нутгийн орнуудын аюулгүй байдлын төдийгүй эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа бол сөргөөр нөлөөлөх хүчин зүйл нь Афганистан дахь Исламын улс бүлэглэлийн идэвхжил, тэдний талибуудын эсрэг үйл ажиллагаа болоод байна.

ШХАБ-ын тэлэлт терроризмтой хийх тэмцэлд нөлөөлөх үү?

АНУ тэргүүтэй эвслийн цэрэг Афганистанаас гарсан үйл явдал нь бүс нутгийн аюулгүй байдал, ялангуяа терроризмын аюулыг анхаарал хандуулах нэн чухал асуудал болгов. Афганистанд эдийн засгийн хямрал нүүрэлсэн, ард иргэд нь хүнсний хомсдолд орж өлсөглөнд нэрвэгдсэн, дүрвэгсэдийн хөдөлгөөн нэмэгдсэн, хараа хяналтгүй маш их хэмжээний галт зэвсэг, байлдааны техник байгаа нь тус бүс нутагт ШХАБ-ын гишүүн орнуудын оролцоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагыг бий болгоод байна.[6]

Афганистаны тогтвортой байдлыг хангахад ШХАБ-ын гишүүн орон бүрийн оролцоо чухал бөгөөд энэ утгаараа Иран Улсыг 2021 оны 09 дүгээр сард бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэн нь уг үйл явдалтай холбоотой юм. БНХАУ, ОХУ, Иран, Пакистан гэсэн дөрвөн улс хамтран тус улсын тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх дүр зураг одоогоор ажиглагдаж байна. Энэхүү 4 орны Афганистаны чиглэлд авах арга хэмжээ үр дүнтэй байж чадвал бүс нутгийн тогтвортой байдал хангагдах нь гарцаагүй. Гэвч Афганистаны аюулгүй байдлын нөхцөл сайжирч, Талибаны өгсөн амлалт тууштай хэрэгжиж эхэлсэн тохиолдолд тус улсад өөрийн байр сууриа алдсан террорист болон хэт даврагч бүлэглэлүүд нь шинээр оргонох орон зай хайх, ингэхдээ Төв Азийн орнууд дахь экстремист, сепаратист бүлэглэлүүдийг уг зорилгодоо ашиглах нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

Хэдийгээр ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр 2017 онд Энэтхэг, Пакистан улсууд, 2021 онд Иран Улс элсэж, Турк зэрэг улс орнууд ирээдүйд тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь ШХАБ-ын цар хүрээ улам бүр тэлэх хандлагатай байгааг илтгэж байна. Гэвч гишүүн орнуудын тоо нэмэгдэхийн хэрээр тэдний хоорондын зөрчлөөс үүдэж хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хандлага ажиглагдаж байна. Тодруулбал:

– ШХАБ-ын гишүүн орнуудын хоорондох үл итгэлцэл, зөрчилдөөн нь терроризмын эсрэг хамтран ажиллах хүсэл эрмэлзэлд ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Тухайлбал, Энэтхэг, Пакистан улсууд ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш Шинэ Дели болон Исламабадын дайсагналцлаас шалтгаалан зарим гэрээ хэлэлцээр, мөрийн хөтөлбөрт санал зөрөлдөөн, зөрчилдөөн ажиглагдах болсон бөгөөд энэ нь зарим гишүүдийн байр суурьт сөргөөр нөлөөлж болзошгүй байдал бий болгож байна. Афганистаны тогтвортой байдлын асуудалд Пакистанаас үүдэлтэйгээр Энэтхэгийг оролцуулахгүй байх явдал гарч эхэлсэн бөгөөд энэ нь мөн л гишүүн орнуудын зөрчилдөөнийг харуулж байна. Түүнчлэн Энэтхэгийг Оросын стратегийн түнш гэж өндөрөөр үнэлдэг боловч Хятад, Энэтхэг нь газар нутгийн маргаантай асуудлаас гадна бүс нутгийн өрсөлдөгчид тул Орос-Хятадын хооронд санал зөрөлдөөн гарч болзошгүй юм.

– Улс орнуудын газар нутгийн маргаантай асуудал нь улс хоорондын дайн, мөргөлдөөнийг өдөөх гол хүчин зүйл болохыг олон эмпирик судалгаа нотолсон байдаг. Энэхүү хүчин зүйлээс үүдэлтэйгээр терроризмтой тэмцэх ажиллагаанд саад учирч болзошгүй байдал ажиглагдаж байна. Тухайлбал, Киргиз-Узбекистан, Киргиз-Тажикистаны цэргийн мөргөлдөөн, Узбекистан-Тажикистаны газар нутгийн маргаан зэрэг асуудлыг дурьдаж болох юм.

– ШХАБ-ын хөгжлийн явцад  “террористууд” болон “террорист бүлэглэлүүд” гэсэн тодорхойлолтууд улам бүр бүрхэг, эмзэг болж байна. ШХАБ-ын гишүүн орнуудын дунд Төв Азийн зарим исламын шашны бүлгүүд, урсгал чиглэлийн статусын талаар санал зөрөлдөөн байнга гарах болсон. Тухайлбал, Хятад, Энэтхэг, Оросын зүгээс 2017 онд Пакистанд төвтэй исламын хэт даврагч Жэйш-и-Мохаммед бүлэглэлийг “террорист бүлэг” гэж үзэхээр тохиролцсон ч Пакистаны тал уг тодорхойлолтыг эсэргүүцэж, тус бүлэглэлийн эсрэг арга хэмжээ авахаас татгалсан байдаг.  Мөн Бээжингийн зүгээс ШУӨЗО-д явуулж буй терроризмын эсрэг арга хэмжээг Төв Азийн орнууд “исламын шашинтнуудын эсрэг хавчлага” хэмээн шүүмжилдэг.

Дээр дурдсан ШХАБ-ын гишүүн орнуудын хоорондох үл итгэлцэл, зөрчилдөөн нь тус байгууллагын терроризмтой хийх тэмцэлд сөргөөр нөлөөлөх дүр зураг одоогоор ажиглагдахгүй байна. Эдгээр шийдвэрлэгдээгүй асуудлуудаас илүүтэйгээр гишүүн орнуудын хамтын ажиллагаанаас хүртэх давуу тал нь их тул ШХАБ-ын терроризмтой хийх тэмцэл өнөөгийн эрчээр үргэлжлэх юм. Учир нь ОХУ-ын хувьд ШХАБ бол Төв Азийн орнууд дахь өөрийн нөлөөг хадгалах чухал хэрэгслийн нэг; харин бүс нутгийн орнуудын хувьд аюулгүй байдлын баталгаа нь; Бээжингийн тухайд “Бүс ба зам” бодлогоо хэрэгжүүлэх чухал бүтэц; Энэтхэг болон Пакистаны хувьд хүчний тэнцвэр; Ираны тухайд тусгаарлагдмал байдлаас гарах гарц гэх мэтээр тус тусын ашиг сонирхол бий.

Дүгнэлт

ШХАБ-ын гишүүн орнуудад тулгараад буй “гурван хорт хүчин”-ий аюул нь хүйтэн дайны үеэс улбаатай ч дэлхий нийтийн аюулгүй байдлын орчин, түүний дотор бүс нутгийн орчинд гарч буй өөрчлөлттэй холбоотойгоор улам хурцаар тавигдах болов.

Түүнчлэн террорист, хэт даврах үзэлтэй бүлэглэлүүд үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх, аль нэг улс орон, бүс нутгаас шахагдсан этгээдүүд нөгөөд шилжих болсон нь “гурван хорт хүчин”-ий аюул дэлхийн бөмбөрцөгийн хаанаас ч илэрч болзошгүйг анхааруулж байна.

ШХАБ нь Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах, “гурван хорт хүчин”-ий тэлэлтийг хумихад чухал үүрэгтэй НҮБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн институц болж, Бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтцээрээ дамжуулан тухайн чиглэлд олон улсын эрх зүйн орчин бүрдүүлэх, гишүүн орнуудын хууль хүчний байгууллагуудын чадавхийг бодитоор нэмэгдүүлэх, терроризм, экстремизм, сепаратизмтай холбоотой этгээдүүдийн шилжилт хөдөлгөөн, санхүүжилтийн зам сувгийг хаах олон арга хэмжээ хэрэгжүүлснээр багагүй үр дүнд хүрээд байна.

АНУ тэргүүтэй эвслийн цэрэг Афганистанаас гарснаар шинэ нөхцөл байдал үүсч, тус улсын тогтвортой байдал алдагдан, эдийн засгийн гүн хямрал үүсэж, Исламын улс бүлэглэлийн хүч нөлөө нэмэгдэн талибуудтай илт зөрчилдөх болов. Уг зөрчил цаашид даамжирсан тохиолдолд Афганистанд Талибан хөдөлгөөн болон Исламын улс бүлэглэлийн хооронд иргэний дайнд гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь бүс нутгийн аюулгүй байдалд томоохон эрсдэл дагуулах нь гарцаагүй юм.

ШХАБ эл байдлаас сэргийлэх үүднээс гишүүнчлэлээ өргөжүүлж, БНХАУ, ОХУ, Иран, Пакистаны оролцоотойгоор Афганистанд тогтвортой байдлыг хангахад анхаарч байна.

Гэвч тус байгууллагын бүрэн эрхт гишүүдийн тоо нэмэгдэх нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хандлага ажиглагдаж байгаа ч гишүүн орнуудын ашиг сонирхол нь хоорондын зөрчлөөс чухал тул “гурван хорт хүчин”-ий эсрэг ШХАБ-ын тэмцэл өнөөгийн эрчээр үргэлжлэх юм.

Монгол Улсын хувьд “гурван хорт хүчин” хэмээн томьёолсон терроризм, экстремизм, сепаратизмын болон Афганистаны нөхцөл байдлаас үүдэлтэй шууд аюул заналхийлэл байхгүй боловч бүс нутгийн терроризмын нөхцөл байдал хүндэрч, манай иргэд олноор зорчдог Төв Азийн орнуудад хэт даврах үзэл дэлгэрсэн тохиолдолд “гурван хорт хүчин”-ий аюул зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл нэмэгдэх нь гарцаагүй.

Мөн аливаа зөрчил, тэмцлийн талбар цахим орчинд шилжих болсон, террорист, экстремист бүлэглэлүүд нь интернетийн сүлжээг өөрсдийн үзэл сургаалаа түгээн дэлгэрүүлэх, дэмжигчид болон дагагчдаа элсүүлэх, гэмт үйл ажиллагаагаа санхүүжүүлэх үндсэн арга хэрэгслээ болгосон нь манай улс “гурван хорт хүчин”-ий аюулаас хол байна гэсэн баталгааг үгүй хийж байна.

Монгол Улс “гурван хорт хүчин”-ийн аюул заналаас сэргийлэхийн тулд НҮБ-ын терроризмтой тэмцэх дэд хэсгүүд, ШХАБ болон бусад холбогдох байгууллага, бүтэцтэй бүх талаар нягт хамтран ажиллах, иргэдийн дунд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй, идэвхтэй тогтмол зохион байгуулах замаар “гурван хорт хүчин”-ийг үл тэвчих хандлага, ойлголтыг төлөвшүүлэх нь чухал болно.


[1] https://ecrats.org/o-rats-shos/

[2] http://rus.sectsco.org/archive_news/

[3] http://rus.sectsco.org/documents/20201111/6908

[4] https://ecrats.org/2021/10/29/islamskoe-gosudarstvo-ugrozhaet-prevratit-afganistan-v-kladbishhe-talibov/

[5] https://ecrats.org/2021/10/26/k-situacii-v-afganistane-8/

[6] 3In 2012, Armenia, Azerbaijan, Bangladesh, Nepal and Sri Lanka applied for observer status within the SCO.


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА