2024 онд Умард Атлантын Гэрээний Байгууллага NATO-ийн үүсгэн байгуулагдсан 75 жилийн ой тохиож жил тутмын дээд хэмжээний уулзалт нь 7 дугаар сарын 10-12-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотод зохион байгуулагдлаа. Уулзалтын гол сэдвүүд: Орос – Украины дайны байдал, NATO – ОХУ-ийн сөргөлдөөн, NATO-ийн тэлэлтийн сэдэв, NATO-ийн шинэ стратеги төлөвлөлт, NATO+AP4 формат, NATO – БНХАУ-ын харилцааны цаашдын төлөв байдал зэрэг сэдвүүд байлаа. Хүйтэн Дайны төгсгөлөөс хойш унтаа байдалд орж үндсэн зорилго нь бүдгэрсэн байсан NATO 2014 оны Уэльсийн уулзалтаар дахин амь орж зорилгоо шинэчлэн тодорхойлсноос хойш 10 жил өнгөрсөн бөгөөд өнгөрсөн арванд тавьсан зорилтуудын биелэлтээ үнэлж дүгнэв. Умард Атлантын эвслийнхэн өмнөх 75 жилийн амжилт ололтоо дүгнэхийн хамт дараагийн 75 жил 2099 он хүртэл ямар байх төсөөллөө NATO-ийн Батлан Хамгаалах коллежийн судлаачид хуваалцав.[1]
NATO-ийн үүрэг, зорилго өмнө 75 жилээс юугаар өөрчлөгдсөн гэдэг дээр бие даасан судлаачид, эвслийн стратеги төлөвлөгчид олон талын байр суурьтай байна. Эвслийн стратеги, тактик, үүрэг, зорилгын тухайд албаныхан (улс төрчид, шийдвэр гаргагчид, цэргийн мэргэжлийнхэн) Умард Атлантын орон зайд зөвхөн батлан хамгаалах зорилготой эвсэл, ямар ч довтолгоо ба түрэмгийллийн зорилгогүй гэж зарладаг. Харин бие даасан судлаачдын зүгээс NATO бол АНУ-ын геополитикийн зорилгыг хангах үндсэн хэрэглүүр, Европыг өөрөөсөө хамааралтай байлгаж ОХУ-ын эсрэг тавих бүтэц цаашлаад БНХАУ-ын эсрэг эвсэл болгох зорилготой гэхчлэн олон талын байр сууриуд чөлөөтэй хэлдэг.[2], [3], [4] Аль ч агуулгаар NATO 75 жил дэлхийн цэрэг-улс төрийн хамгийн том эвсэл байсаар ирсэн, цаашид ч улам өргөжиж оршин байна гэдэг нь бодит байдал юм.
Вашингтоны уулзалт – 2024
Умард Атлантын эвслийн 75 жилийн ойд зориулсан Вашингтоны дээд хэмжээний уулзалтын тунхагаас агуулга, илгээлтийг багцлан тоймловол […-р зүйл][5]:
- NATO бол Умард Атлантын орон зайд энх тайвныг сахиулах, тогтвортой байдлыг хангах гол хүч бөгөөд хамтын батлан хамгаалах зарчимд тулгуурласан тогтолцоо болно. [1, 35, 36, 37]
- Умард Атлантын орон зай, Европ тив, дэлхийн зарим халуун цэгүүдэд тогтворгүй байдал үүсгэгч гол хүч нь ОХУ бөгөөд Украинд өрнөж буй дайн, гибрид халдлагуудын үндсэн эх үүсвэр, өдөөгч нь ОХУ болно. [3, 4, 13, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 24, 25]
- NATO эвслийн өмнө тулгарч буй глобал сорилт, аюулаар БНХАУ-ыг нэрлэж байна. [26, 27]
- БНАСАУ, Иран, Беларусь улсууд нь глобал аюулгүй байдлын тогтолцоог эвдэх, өөрчлөх зорилготой авторитари дэглэмүүдэд хамжигч, хамтрагч улсууд гэдгээрээ аюул занал, сорилт мөн гэж NATO үзэж байна. [23, 24, 25]
- NATO цөмийн эвсэл байсаар ирсэн, цаашид ч байх болно. [7, 8, 9, 10, 19]
- NATO гишүүнчлэлийн хувьд нээлттэй хаалганы бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болно (32 дахь гишүүн Швед). [2]
- NATO – Украины түншлэл урт хугацааных бөгөөд ирэх жил $40 тэрбумаас доошгүй хэмжээний тусламж эвслийн гишүүн орнууд олгоно. Украины NATO-д элсэх процесс буцах замгүй. [5, 7, 15, 16, 17, 19, 20, 23, 26, 33, мөн 6 зүйл бүхий нэмэлт хавсралтаар Украинд үзүүлэх “Pledge of Long-Term Security Assistance for Ukraine”]
- Аливаа гибрид өдөөн хатгалга, халдлага нь аюулт түвшинд хүрвэл NATO эвслийн хариу цохилт өгөх V заалтыг хэрэгжүүлэх болно. [7, 13, 14, 18, 20]
- Үндэсний ба Хамтын сөрөн тэсвэрлэх чадавх, чадамж нь Эвслийн өөрийгөө хамгаалах чадамжийн суурь болно. Эвслийн суурь Вашингтоны гэрээний 3-р заалт, мөн батлан хамгаалах бодлогын (360-degree approach) үндсэн философид сөрөн тэсвэрлэх чадавх нь тусгалаа олсон. [12, 14, 33]
- NATO эвслийн харилцаа, түншлэл, эрх ашгийн бүс нь зөвхөн Умард Атлантын орон зайд хязгаарлагдахгүй бөгөөд глобал шинж чанартай. Ази-Номхон далайн (AP4) Австрали, Шинэ-Зеланд, БНСУ, Япон улсууд нь NATO-ийн тэргүүлэх түншүүд гэж үзэж байна. NATO нь Евро-Атлант ба Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал нь хоорондоо шууд холбоотой, салшгүй ойлголт гэж үзэж байна. NATO ба Европын Холбооны түншлэл нь Евро-Атлантын орон зайн аюулгүй байдлын тулгуур үндэс болно. NATO-ийн глобал түншүүдтэйгээ харилцдаг форматууд: Partnership for Peace (PfP), Mediterranean Dialogue (MD), Istanbul Cooperation Initiative (ICI) зэрэг нь цаашид тогтвортой үргэлжилнэ. Баруун Балкан ба Хар Тэнгисийн бүс нутаг нь NATO-д стратегийн чухал ач холбогдолтой бүс нутаг болно. NATO-ийн өмнөд жигүүр Африк, Ойрх Дорнодын бүс нутгийг байнгын онцгой анхааралд байлгаж харилцаа, диалогоо үргэлжлүүлнэ. [2, 4, 5, 28, 29, 30, 31, 31]
- NATO нь НҮБ-ын дүрмийн дагуу Украины өөрийгөө хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж “NATO Security Assistance and Training for Ukraine (NSATU)”, “Long-Term Security Assistance for Ukraine”, “NATO-Ukraine Joint Analysis, Training, and Education Centre (JATEC)” тус тус байгуулахаар шийдвэрлэлээ. [15]
- NATO технологийн давуу талыг үргэлж эзэмшиж үүнд зориулсан нөөцийг зарцуулна. NATO нь Хиймэл оюун, Квант, Биотехнологийн стратегээс гадна DIANA (Defence Innovation Accelerator for the North Atlantic), NIF (NATO Innovation Fund) ийн хүрээнд технологийн экосистемүүд хөгжүүлэх болно. Украины дайны фронт дээрх цэргийн технологийн хэрэглээ, хөгжлийн явцыг ойроос мониторинг хийж Украин түншүүдийн хамт холбогдох чиглэлд санаачилга эхлүүлнэ. [6, 7, 10, 11, 33, 34]
- NATO эвслийн 32 гишүүний 2/3-ийн батлан хамгаалах төсөв нь ДНБ-ий 2% хэмжээнд хүрсний дотроос Канад, Европын холбоотнуудын батлан хамгаалах төсөв 2024 онд 18% өссөн байна. Цаашид ДНБ 2% гэдэг хэмжээг дээд тааз биш доод босго болгох бодлого баримтална. [6]
- Эвслийн агаар-пуужингаас эсэргүүцэн хамгаалах нэгдсэн системийг (Integrated Air and Missile Defence – IAMD) өргөжүүлэх хүрээнд Европын эх газарт NATO-ийн баллистик пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг (NATO Ballistic Missile Defence – BMD Enhanced Operational Capability) бүрдүүлэх 3 шатлалт төлөвлөгөө хэрэгжиж дууссаныг NATO зарлав. [8, 9, 10]
- Транс-Атлантын цэрэг-аж үйлдвэрийн чадавхыг өргөжүүлэх зорилгоор 2023 оны Вильнюсын уулзалтаар зарласан NATO Defence Production Action Plan төлөвлөгөөг NATO Industrial Capacity Expansion Pledge нэмэлт агуулгаар баяжуулав.[6] [11]
Вашингтоны уулзалтын үед Ази-Номхон далайн дөрвөл (AP4) түншүүдтэй хамтран ажиллах 4 чиглэл (Ukraine; AI; Disinformation; Cybersecurity)-ээ NATO танилцуулсан нь анхаарал татсан юм.[7] АНУ нь NATO-ийн эвслийн форматын хүрээнд Европын гишүүдтэйгээ батлан хамгаалах аж үйлдвэрээ нэг бодлогоор зангидахын зэрэгцээ Энэтхэг-Номхон далайн түншүүдийнхээ батлан хамгаалах аж үйлдвэрийн чадамжийг нэг стандартад ойртуулах, хамтрах чиглэлд бодлого гаргаж зорилго, зорилтууд зарласан нь Вашингтоны уулзалтын нэг том амжилт байлаа.[8]
NATO – 75 ба “Хүчний шинэ загвар”
75 дахь жилийн ой дээрээ NATO нь анхны бүтэц, үүрэг, зорилт, хамрах хүрээ нь эрс өөрчлөгдсөн шинэ эринд хөл тавьж байна. Хүйтэн Дайны үед Өрнөд Европын эх газарт байсан Холбоотны цэргийн тоо цаг үеэсээ хамааран өөрчлөгдөж байлаа. 1945 онд Европт Дэлхийн II дайн дуусах үед Холбоотны (Улаан Армийг үл тооцон) 4.5 сая цэрэг Өрнөд Европт байрлаж байсан бол 1946 онд энэ тоо 1 саяас доош хэмжээнд буурсан. 1949 онд NATO байгуулагдсаны дараа Солонгосын дайны үед (1950-1953) Холбоотны цэргийн үлэмж хүч Солонгосын хойгт байгааг ашиглан ЗХУ масс хүчээр Өрнөд Европт дайралт хийж болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс цэргийн тоог дахин үлэмж нэмэгдүүлж эхэлсэн (1952 оны Лиссабоны уулзалт) байдаг.[9]
1985 оны орчимд Өрнөд Европт NATO 100 дивиз (3 сая цэрэг) бүхий хуурай замын үндсэн хүч, 30 дивиз (1.7 сая цэрэг) бүхий өндөржүүлсэн бэлэн байдалтай (High readiness force) хүч, АНУ-ын 400,000 цэрэг бүхий бүлэглэл, нийт 5 сая цэрэг хуралдуулж Варшавын Гэрээний орнуудын эсрэг сөрөн зогсож байлаа. Гэвч эдгээр хүч нь гишүүн орнуудын өөрийн Ерөнхий Штабын удирдлагад байснаас бус яг NATO-ийн штабын шууд удирдлагад байсан хүч нь 5000 хүн бүхий 1 бригад л байв. 1960 онд Европ дахь Холбоотны Дээд Ерөнхий Командлагчийн (SACEUR) шууд удирдлагад 14 улсын оролцоотой 1 бригад байгуулагдаж 2002 он хүртэл байсан нь Эвслийн аль ч улс руу шууд шуурхай түргэн байршуулж болох ганц нэгтгэл Allied Command Europe Mobile Force (AMF) байсан.
2001 оны 9/11-ний үйл явдал глобал аюулгүй байдлын орчны өөрчлөлтийн дохио болж 2002 оны Прагийн уулзалтаар AMF-ийг өргөжүүлж 40,000 бие бүрэлдэхүүн бүхий NATO Response Force (NRF) байгуулах шийдвэр гаргасан. Гэвч NRF нь 2014 он хүртэл анх төлөвлөсөн 40,000 гэсэн тоонд хэзээ ч хүрээгүй бөгөөд 2014 оны үед дээд тал нь 13,000 цэрэг SACEUR-ийн мэдэлд байв.
2014 оноос Европ дахь аюулгүй байдлын архитектур эвдэгдэж эхлэх үед NATO өөрийн мэдлийн NRF-ийн бүтцийг дахин загварчилж (NATO Graduated Response Plans – GRP) хариу арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд дараах 3 түвшинд бүлэглэсэн юм.[10]
- Very High Readiness Joint Task Force (VJTF) – Шуурхай бүлэг
- Initial Follow-on Forces Group (IFFG) – Үндсэн бүлэг I
- Follow-on Forces Group (FFG) – Үндсэн бүлэг II тус тус болно.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Ашигласан эх сурвалж:
[1] NATO 2099 – The science fiction anthology | NDC. 04 Apr. 2024 https://www.ndc.nato.int/news/news.php?icode=1920
[2] Criticism of NATO Ignores Its Economic Benefit to the US | Wilson Center. March 29, 2024 https://www.wilsoncenter.org/article/criticism-nato-ignores-its-economic-benefit-us
[3] NATO Is a Luxury Good the United States Doesn’t Need | Cato Institute. July 23, 2022 https://www.cato.org/commentary/nato-luxury-good-united-states-doesnt-need
[4] China hits back at Nato over Russia accusations | BBC. 12 July 2024 https://www.bbc.com/news/articles/cxx24850k8yo
[5] Washington Summit Declaration | issued by the NATO Heads of State and Government participating in the meeting of the North Atlantic Council in Washington, D.C. 10 July 2024 https://www.nato.int/cps/en/natohq/official_texts_227678.htm
[6] NATO Industrial Capacity Expansion Pledge | NATO. 10 Jul. 2024 https://www.nato.int/cps/en/natohq/official_texts_227504.htm
[7] NATO to launch 4 projects with Indo-Pacific partners, including AI and cyber | Nikkei Asia. July 10, 2024 https://asia.nikkei.com/Politics/International-relations/Indo-Pacific/NATO-to-launch-4-projects-with-Indo-Pacific-partners-including-AI-and-cyber
[8] NATO to expand defense industrial cooperation to Indo-Pacific | Nikkei Asia. July 9, 2024 https://asia.nikkei.com/Politics/International-relations/Indo-Pacific/NATO-to-expand-defense-industrial-cooperation-to-Indo-Pacific
[9] NATO – ready for anything? | NATO. 24 January 2019 https://www.nato.int/docu/review/articles/2019/01/24/nato-ready-for-anything/index.html
[10] Focus on the ARF. What’s the future of the Alliance’s readiness forces? | NRDC 2024 https://www.nrdc-ita.nato.int/newsroom/insights/focus-on-the-arf
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Европын улсуудын сонгууль – 2024 (II)Дараах нийтлэл
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23