2024 онд Европ даяар парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулиуд өрнөж улс төрийн спектрумд хүлээгдэж байсан үр дүн, зарим гэнэтийн өөрчлөлтүүд гарав. Сонгууль болсон голлох улсууд, тухайлбал Францад гарсан үр дүн ба цаашдын өрнөл, төлөв байдлын тухайд судлаач, ажиглагчид олон талын байр сууринаас дүгнэж байна.
Европарламентын сонгуульд Францад барууны үзэлт намууд ялалт байгуулж төвийн эвсэл хүнд ялагдал хүлээсний дараа тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон Үндэсний Ассамблейг даруй тарааж сонгууль зарласан. Францын парламентын сонгуулийн эхний шатанд барууны чиг баримжаат, үндэсний үзэлт RN (Rassemblement national) эвсэл нийт 577 суудлын 230-310 хүртэл суудлыг авахуйц төлөв гарсан. Иймээс 2-р шатанд Ерөнхийлөгч Макроны талын төвийн чиг баримжаат ENS (Ensemble) эвсэл болон зүүний NFP (Nouveau Front populaire) эвслүүд хоорондоо тохиролцож нэр дэвшигч давхардсан тойргууддаа аль нэг нь сул нэр дэвшигчээ татаж RN эвслийн эсрэг улс төрийн маневр хийсэн нь сонирхолтой үйл явц байлаа.
Сонгуулийн 2-р шатны дараа эцсийн дүнгээр Зүүний NFP эвсэл 182 суудал, Макроны ENS эвсэл 161 суудал, барууны RN эвсэл 142 суудал тус тус авч аль ч улс төрийн хүчин олонх болж чадаагүй тул дангаараа Засгийн газар байгуулах боломжгүй (Ingouvernable), заавал эвсэх ёстой (cohabitation) үр дүн гараад байна.[1] Өмнөх парламентад олонх байсан ENS эвслийн Ерөнхий сайд Атталь хуулийн дагуу огцорсон ч Ерөнхийлөгч Макроны зүгээс дараагийн эвслийн засгийн газар байгуулах явцыг түр царцаагаад (Парисын Зуны олимп давхацсан) байна. Францын зүүнтнүүд NFP эвсэл Ерөнхий сайдад 37 настай Люси Кастэг нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Макрон дэмжих эсэх нь тодорхойгүй байна.[2]
Францын улс төрийн эрс хувьсамтгай нөхцөл байдлыг 2027 онд явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд барууны үзэлт Маринь Лө Пэн ялах эсэх эцсийн үр дүн рүү чиглэсэн олон нүүдэлт улс төрийн маневр гэж дүгнэж болно. Ерөнхийлөгч Макрон өөрөө дахин нэр дэвших боломжгүй, түүний төвийн чиг баримжаат намаас нэр дэвших, залгамжлах лидер тодрон гараагүй, Зүүний нам эвслүүдээс Лө Пэнтэй өрсөлдөх чадамжтай лидер ховор байгаа зэрэг нь 2027 онд Ерөнхийлөгчийн засаглалтай Франц улсын төрийн тэргүүнээр барууны үзэлт, Оросын талыг баримтлагч сонгогдох хувилбарыг бодитой болгож байна. Францад баруунтнууд төрийн эрх авбал сүүлийн 60 жил тогтвортой явж ирсэн “Франц-Германы зөвшилцлийн тэнхлэг” тодорхойгүй байдалд шилжих ба цаашлаад ЕХ дотор улс төрийн зөвшилцлийн механизм хүндэрч Европын институцууд үзэл баримтлал, чиг баримжаагаараа хуваагдах төлөв байдал үүсэж болзошгүй.
Зураг-1. Францын Үндэсний Ассамблейн 2024 оны хоёр шатны сонгуулийн нийлбэр дүн. Эх сурвалж: Politico
Их Британий сонгуульд Лэйборист нам ялж 650 суудлаас 412-ыг (65%) авсан бөгөөд шинэ Ерөнхий сайд Кир Стармер мөрийн хөтөлбөрийнхөө нэг чухал бүлэг болох ЕХ-той харилцаагаа сайжруулж батлан хамгаалах – аюулгүй байдлын хэлэлцээ эхлүүлэхээр зэхэж байна.[3] Их Британид Консерватив нам ялагдсан нь (Торичууд 2019 оны ерөнхий сонгуулиас хойш 250 суудлаа алджээ) өмнөх сонгуулийн цикльд Brexit-ээс үүссэн, үлдсэн асуудлуудаа бүрэн шийдэхгүй удсан, мөн түүнчлэн тус улсад тулгамдсан сорилтуудад шийдэл олохгүй аргацаасан байдал нөлөөлсөн гэж тоймчид дүгнэсэн.[4] Британичууд улс орондоо бодлогын эрс шийдэл шаардаж буйн нэг илрэл нь Найжель Фаражийн тэргүүлдэг хэт барууны Reform UK нам парламентын босго давж 4 гишүүнтэй орж ирсэн явдал болно.
2023 оны төгсгөлд Нидерландад хугацаанаас өмнө зарлагдсан парламентын сонгуулиар хэт барууны үзэлт PVV нам (Partij voor de Vrijheid) таамаглаагүй ялалт байгуулав. Аль нэг нам үнэмлэхүй олонх болоогүй тул 4 намын эвсэл байгуулагдаж PVV нам Ерөнхий сайдаа томилохоор тохирсон. Зөвшилцлийн явцад PVV намын тэргүүн зартай хэт барууны үзэлтэн Герт Вильдерсыг Ерөнхий сайд болгохыг бусад намууд эсэргүүцсэн тул тэрээр нэрээ татаж тус улсын тагнуулын албаны дарга асан Дик Схофыг дэмжсэн. Ийнхүү Нидерландад Схофын хэт барууны ба барууны намуудын эвслийн засгийн газар 2024 оны 7 дугаар сарын 2-оос эхлэн ажиллаж эхэллээ.
ХБНГУ-д улс төрийн орчин COVID-19 цар тахал болон Орос-Украины дайны улмаас эрс өөрчлөгдөөд байна. 2024 оны Европарламентын сонгуулийн дүнгээр баруун төвийн CDU/CSU эвсэл тэргүүлж (30%) хэт барууны AfD нам удаалсан (15.9%) бол одоогийн эрх баригч зүүн төвийн SPD нам том ялагдал хүлээж гуравт (13.9%) жагсав.
Зураг-2. Сүүлийн нэг жилд Герман дахь сонгогчдын санал өгөх төлөв байдлын өөрчлөлт. Эх сурвалж: Politico
Канцлер Шольцийн SPD намын рейтинг үргэлжлүүлэн унаж Европын сонгууль, Холбооны сонгууль, Орон нутгийн сонгуулиудад 3-р байранд жагсаж байна. 2024 оны намар Тюринг, Саксон муж улсууд, түүний дараа Бранденбург муж улсад болох орон нутгийн сонгуулиудад CDU нам ялж AfD нам хүчтэй өрсөлдөх төлөвтэй.[5] Сонгогчдын саналын өөрчлөлтийн сүүлийн 1 жилийн өөрчлөлтөөс үзвэл 2025 оны намар явагдах Бундестагийн сонгуульд Фридрих Мерцийн тэргүүлж байгаа CDU/CSU эвсэл 30%+ хувиар ялалт байгуулж неофашист үзэлтэй гэж шүүмжлэлд өртдөг AfD нам (17%) үндэсний хэмжээнд 2 дахь том улс төрийн хүчин болж цойлж гарч ирэх төлөвтэй байна.
Герман дахь улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн нь Орос-Украины дайны шууд үр дагавар бөгөөд одоогийн эрх баригч 3 намын эвсэл шинэ өөрчлөлт, сорилтуудад тохирсон арга хэмжээ шуурхай авч чадаагүй явдал нь барууны намуудын рейтинг өсөхөд нөлөөллөө. Баруун төвийн CDU буюу Христийн Ардчилсан Холбоо намд эрс хурц өөрчлөлт шинэчлэлтийн төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр байхгүй хэдий ч намын ерөнхий чиг баримжаа нь AfD намаас харьцангуй аядуу, гол нь эрх барьсан туршлагатай, консерватив олонхыг төлөөлдөг гэсэн имиж нь намын рейтингийг 30%-иас дээш барьж байна. AfD нам нь хуучин Зүүн Германы муж улсуудад хүчтэй, хэт барууны радикал улс төрийн спектрийг төлөөлдөг тул дотооддоо ч олон улсад ч болгоомжлол төрүүлж байна. Ямартай ч 2025 оны Бундестагийн сонгуульд төр, засгийн эрх CDU/CSU эвсэлд эргэн очих нь тодорхой гэж ажиглагч, тоймчид дүгнэж байна.
Дүгнэлт
2019-2024 оны сонгуулийн цикльд Европ даяар (дээр дурдагдсан улсуудаас гадна) баруун төв, барууны намууд улс төрийн тавцанд рейтинг нь эрс нэмэгдэв. Итали, Финланд, Словак, Унгар, Хорват, Чех, Швед улсуудад барууны намууд эрх барих, эсвэл эрх баригч эвсэлд багтах боллоо. 2024 оны 3 дугаар сард болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.В.Путин үнэмлэхүй ялалт байгуулан дахин сонгогдож 2030 он хүртэл, магадгүй 2036 он хүртэл Кремлийн эзэн солигдохгүй байх нөхцөл байдал үүсэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялах эсэхтэй холбоотой Транс-Атлантын харилцааны асуудал, Украин дахь дайны төгсгөл хэрхэн шийдэгдэх, эрчим хүчний голлох түүхий эдийн үнийн хэлбэлзэл, Европ өөрийн өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулах, БНХАУ-тай хэрхэн өрсөлдөх, NATO-той зэрэгцэн ЕХ өөрийн батлан хамгаалах бүтцийг байгуулах эсэх зэрэг олон сорилт, тулгамдсан асуудлууд ЕХ ба Европын улсуудын өмнө тулгараад байна. Европын сонгуулиуд, тэдгээрийн үр дүн эдгээр олон асуудлуудад ямар хариулт өгч шийдэл болохыг цаг хугацаа харуулна.
Хэдийгээр 2024-2029 онд ЕХ-нд эрх барих Европын сонгуульд Баруун төвийн намууд өмнөх олонх статусаа хадгалж үлдсэн ч улсуудын дотоодын сонгуулийн дүр төрх, сонгогчдын байр суурь 2030 он хүртэл хэрхэн өөрчлөгдөх нь асуулт хэвээрээ бөгөөд Герман, Франц, Итали, Польш дахь улс төрийн өрнөл гол нөлөөтэй. Монгол Улс – Европын Холбооны хоёр талт харилцаа, Монгол Улс ба ЕХ-ны улсуудын хоёр талт харилцааны хүрээнд цаашдын харилцаагаа томьёолох, тохируулга хийх, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлд Европ дахь улс төрийн өөрчлөлт, өрнөлийг ойроос ажиглах, сонгогчдын бүтцийн өөрчлөлтөд тогтмол мониторинг хийх, аливаа өөрчлөлтийг угтуулсан бодлого-арга хэмжээний зөвлөмжийн бэлтгэлтэй байх нь монголын судлаачдын гэрийн даалгавар болно.
Ашигласан эх сурвалж:
[1] The end of the French exception | Politico https://www.politico.eu/article/france-election-absolute-majority-prime-minister-alliance-three-blocs-emmanuel-macron/
[2] Macron slaps back at left’s bid to govern France | Politico https://www.politico.eu/article/emmanual-macron-france-nfp-president-europe-paris-government-snap-elections/
[3] Labour manifesto: What they plan to do in government | BBC https://www.bbc.com/news/articles/cml2en8xlxko
[4] UK general election 2024 results: Five key takeaways | Al Jazeera https://www.aljazeera.com/news/2024/7/5/uk-general-election-2024-results-five-key-takeaways
[5] Poised for victory, Germany’s center right dithers | Politico https://www.politico.eu/article/germany-center-right-politics-europe-france-britain-communist-east-keir-starmer-tories-labour/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Европын сонгууль – 2024 (I)Дараах нийтлэл
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19