Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаан (artificial intelligence-AI)-ыг ашиглаж эхэлснээр дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлт гарч байна. Голдман Сакс (Goldman Sachs) компанийн хийсэн судалгаагаар хиймэл оюун ухаан дэлхийн ДНБ-ийг 7 хувиар буюу 7 орчим их наяд ам.доллараар өсгөх бөгөөд бүтээмжийг 10 жилийн хугацаанд 1.5 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Тус компанийн эдийн засагч Жозеф Бриггс “…хэдийгээр хиймэл оюун ухаан эдийн засгийн хэр өргөн боломжийг бий болгож байгаа нь тодорхой бус ч макро эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх нь дамжиггүй” гэж дүгнэсэн байна. Маккинсэй (McKinsey) компанийн хамгийн сүүлийн тайланд хиймэл оюун ухаан 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 13 их наяд ам.долларын хувь нэмэр оруулах төлөвтэй, энэ бол дэлхийн эдийн засаг дахь хувьсгал гэсэн үг гэж дүгнэжээ. Хиймэл оюун ухаанаас үүдэлтэй дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийг үндсэн 5 чиглэл болон дэлхийн хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж буй байдлаар ангилан судалсныг энэхүү мэдээллээр танилцуулах болно.
1. Санхүүгийн үйлчилгээг өөрчилж байна.
Хөрөнгө оруулагчид хурдтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн санхүүгийн системийг хялбар аргаар судлах, их хэмжээний мэдээлэл боловсруулах, хөрөнгө оруулалтын ухаалаг шийдвэр гаргахад хиймэл оюун ухааныг ашиглах боллоо. Хиймэл оюун ухаанаар санхүүгийн системд дэвшилтэт алгоритм боловсруулж, урьдчилсан таамаглал дэвшүүлж, санхүүгийн байгууллагуудад байгаа асар их мэдээллийн сангийн өгөгдөлд дүн шинжилгээ хийдэг, ингэснээр үйлчлүүлэгчдэд оновчтой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, хиймэл оюун ухааны “Juniper” судалгааны газрын тайланд дурдсанаар санхүүгийн салбарт чатботуудын хэрэглээ 2022 онд 200 гаруй хувиар өсчээ. Мөн чатботууд хэрэглэгчдийн хүсэлтийг шийдвэрлэх, хувийн санхүүгийн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчдийн өмнөөс арилжаа хийх чадвартай. Ийм үйлчилгээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлээд зогсохгүй санхүүгийн үйлчилгээний үр ашгийг ч нэмэгдүүлсэн юм. Үүгээр зогсохгүй хиймэл оюун ухаан нь зээлийн шийдвэр, санхүүгийн эрсдэл, залилангаас урьдчилан сэргийлэхэд тусалж байна.
Санхүүгийн систем дотроос банкны салбар хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа хамгийн идэвхтэй нэвтрүүлж байгаа. Тухайлбал арилжааны банкны үйлчлүүлэгчид уламжлалт зээлийн үйлчилгээ авахад төвөгтэй байсан бол хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр системийг хялбаршуулж, өндөр эрсдэлтэй болон зээлийн түүх багатай ч сайн зээлдэгч хүмүүсийг ялгахад тусалдаг. Түүнчлэн дижитал банкууд шинээр бий болж АНУ-ын автомашин, ипотекийн зээлийн үйлчилгээг хиймэл оюун ухаанд даатгаад байна. Ингэснээр банкны зээлээс үүдэлтэй адагдлыг 23 хувиар бууруулж, ашгийн хэмжээ дунд хугацаанд нэмэгдэх нь тодорхой байгаа талаар мөн тайланд дурджээ.
2. Бизнесийн үйл ажиллагаанд хувьсгал хийж байна.
Хиймэл оюун ухаанаар ажилладаг автоматжуулалт (AI-powered automation) нь мэдээллийн технологийн болон бизнесийн үйл ажиллагааг хэрэглэгчдэд хямд өртгөөр, хурдан хүргэж байгаа юм. “Accenture” судалгааны байгууллагын сүүлийн тайлангаар хиймэл оюун ухаанаар ажилладаг автоматжуулалт нь зарим салбарын хөдөлмөрийн бүтээмжийг 40 хүртэл хувь нэмэгдүүлж, зардлыг ихээр хэмнэж, үйл ажиллагааны үр ашгийг нь нэмэгдүүлж буй. Жишээлбэл, засвар үйлчилгээнд шаардлагатай шийдлийг хиймэл оюун ухаанаар урьдчилан таамаглаж гаргаснаар тоног төхөөрөмжийн эвдрэлийг үүсэхээс нь өмнө илрүүлж, бизнесийн салбарт олон сая ам.долларын завсар үйлчилгээний зардлыг хэмнэж байна. Тус судалгаагаар хиймэл оюун ухаан 2035 он гэхэд хөдөлмөрийн бүтээмжийг 30-45 хүртэл хувиар өсгөх боломжтой бөгөөд ингэснээр дэлхийн эдийн засгийн гарц 14 их наяд ам.долларт хүрч магадгүй юм.
Бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна төрөл бүрийн салбарт инновацыг бий болгож байна. Эрүүл мэнд, санхүүгээс эхлээд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй салбарт хүртэл хиймэл оюун ухаанаар ажилладаг технологи нэвтрээд байгаа. Үүний үр дүнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, үйл явцыг оновчтой байдлаар тодорхойлж түргэн шийдвэр гаргах боломжийг бизнесүүдэд олгож байна. Хиймэл оюун ухааны нөлөөллөөр хөгжүүлсэн инновац нь гарааны бизнес эрхлэгч нарт ашиг тусаа өгөхөөс гадна макро эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах хандлагатай байна.
3. Хувь хэрэглэгчид чиглэсэн үйлчилгээ нэвтэрч байна.
Хиймэл оюун ухаанд суурилсан алгоритмууд нь бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, тогтвортой үйлчлүүлэгчдийг төрүүлэх зэрэг боломжийг авчирж байна. Учир нь хиймэл оюун ухаан хэрэглэгчийн мэдээлэлд тэр даруй дүн шинжилгээ хийж, хувь хүний хүсэл сонирхолд нийцсэн зөвлөмж өгөх болсон. Үйлчлүүлэгчийн сонголт, зан төлөвт тулгуурлан хувь хүнд зориулсан тусгай зөвлөмжийг өгч, бизнес эрхлэгчидтэй харилцах харилцаанд хувьсгал хийж байна. Делойт (Deloitte) фирмийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хиймэл оюун ухаан хэрэглэгчдийн 62 хувьд хувийн зөвлөмж санал болгожээ. Хувийн зөвлөмж гэдэг нь Делойтийн тайлбарлаж буйгаар хэрэглэгч гар урлалын бүтээгдэхүүнд дуртай бол хувиараа бизнес эрхлэгч, гарааны бизнесийн компаниудын бүтээгдэхүүнийг санал болгох зэргээр хувь хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгах үйлчилгээг хэлж буй. PWC-ийн тайланд дурдсанаар робот зөвлөхүүд хэрэглэгчдийн шийдвэр гаргахад туслаад зогсохгүй, илүү үр дүнтэй шийдлүүдийг танилцуулдаг байна. Санхүүгийн шийдвэр гаргахад хэрэглэгчийн сэтгэлгээтэй уялдуулан өмнө гаргаж байсан шийдвэрийн дата мэдээллийг нэгтгэж эрсдэлгүй хувилбарыг санал болгодог ажээ.
4. Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд хиймэл оюун ухаан нөлөөлж байна.
Хиймэл оюун ухаан нь тогтвортой хөгжилд чухал түлхэц болж байна. Бизнес эрхлэгч болон эрх баригчдыг хог хаягдал бууруулах, дахин боловсруулалтыг оновчтой болгох, илүү тогтвортой, дахин ашиглагдах бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангаж байна. Дэлхийн эдийн засгийн чуулганы тайланд дурдсанаар хиймэл оюун ухаан нэвтрүүлснээр 2030 он гэхэд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 4 хүртэл хувиар бууруулах боломжтой. Хиймэл оюун ухааны дэвшилтэт алгоритмуудын тусламжтайгаар бизнесүүд эрчим хүчний хэрэглээгээ оновчтой зохицуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, нүүрстөрөгчийн ул мөрийг багасгах боломжтой юм.
5. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд засгийн газрын гүйцэтгэх үүрэг.
Дэлхийн эдийн засагт хиймэл оюун ухааны ирээдүйг тодорхойлоход засгийн газрууд чухал үүрэгтэй оролцогч байх болно. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын үзэж байгаагаар засгийн газрууд хиймэл оюун ухааны үндэсний стартегийг боловсруулахад нэн тэргүүнд анхаарч, хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтэд хийх хөрөнгө оруулалтыг дэмжиж, хиймэл оюун ухааныг хариуцлагатай ашиглах дүрэм журам, удирдамжийг бий болгох ёстой. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан эдийн засагт амжилттай шилжихэд чадварлаг хүний нөөцийг бэлтгэх шаардлагатай, иймд хиймэл оюун ухааны боловсрол, сургалтын хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх нь чухал юм.
Ийнхүү дээр дурдсанчлан хиймэл оюун ухаан нь дэлхийн эдийн засгийн бүх салбарт өсөлт, инновацыг авчирж буй. Санхүүгийн үйлчилгээг сайжруулах, үйлдвэрийн гар ажиллагааг автоматжуулах, үйл ажиллагааг оновчтой болгохоос эхлээд хэрэглэгчийн тогтвортой байдлыг дээшлүүлэх хүртэл хиймэл оюун ухааны боломж хязгаагүй юм. Хиймэл оюун ухааныг дэлхийн эдийн засагт нэвтрүүлснээр шийдвэр гаргахаас эхлээд эрсдэлийг бууруулах хүртэлх бизнесийн бүхий л салбарыг өөрчлөх юм. Үр дүнд нь бүтээмж нэмэгдэж, ашиг орлого өсөх тул улс орнууд хиймэл оюун ухаан руу хошуурах үндсэн шалтгаан болж байна.
Хиймэл оюун ухаан хөдөлмөрийн зах зээлд нөлөөлөх нь
Хиймэл оюун ухааны ачаар хагас ба бүрэн автоматжуулсан шинэ ажлын байр бий болж байна. Энэхүү технологийн шинэчлэлийг дагаж шинэ мэргэжлүүд үүсч, хэтдээ хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны дийлэнх хувийг хиймэл оюун ухаан ашигласан мэргэжил эзлэх болно гэж “Goldman Sachs”-ийн судалгааны тайланд дурджээ. Жишээлбэл, мэдээллийн техногийн шинэчлэл нь вэб хуудасны дизайнер, программ хангамж хөгжүүлэгч, дижитал маркетингийн мэргэжилтнүүд гэх зэрэг шинэ ажлыг үүсгээд байна. Тус байгууллагын судлаач Дэвид Ауторын хийсэн судалгаагаар өнөөгийн ажилчдын 60 хувь нь 1940 онд огт байгаагүй мэргэжлээр ажиллаж байгаа аж. Энэ нь сүүлийн 80 жилийн ажлын байрны өсөлтийн 85 гаруй хувь нь технологитой холбоотой гэсэн үг юм. /Зураг 1/
Хиймэл оюун ухааны дэвшил нь эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээ, аж ахуйн нэгжийн программ хангамжийн салбарт асар их нөлөө үлүүлэх төлөвтэй байна. Goldman Sachs Research-ийн АНУ-ын программ хангамжийн ахлах шинжээч Каш Ранганы удирдсан багийн тайланд “Хиймэл оюун ухаан нь бизнесийн урсгалыг хялбарчилж, ердийн ажлуудыг автоматжуулж, шинэ үеийн бизнесийн хэрэглээг бий болгож чадна” гэж бичжээ. Энэхүү технологи нь бизнесийн хэрэглээнд нэвтэрч, мэдлэг суурьтай ажилчдын өдөр тутмын үр ашгийг дээшлүүлж, эрдэмтэд судалгааг илүү хурдан боловсруулахад тусалж, программ хангамжийн кодын хөгжлийг хурдасгаж байна.
Хиймэл оюун ухаан дэлхийн хөдөлмөрийн зах зээлд хүчтэй нөлөөлж, яггүй сорилт дагуулах нь мөн тодорхой байна. Хиймэл оюун ухаанаар ажилладаг технологиуд дэвшилттэй болохын хэрээр ажлын байрууд бүрэн автоматжиж, хүний оролцоо багасах нь тодорхой. Тухайлбал Дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргасан тайланд дурдсанаар 2025 он гэхэд хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын улмаас ойролцоогоор 75 сая ажлын байр хөдөлмөрийн зах зээлээс алга болохоор байна.
Дээрх тоо түгшүүртэй мэт санагдаж байгаа ч 2025 он гэхэд хиймэл оюун ухаанд суурилсан 133 сая шинэ ажлын байр бий болно гэдгийг мөн анхаарч үзэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хиймэл оюун ухаанд суурилсан 58 сая ажлын байр шинээр бий болсон байна.
Дүгнэж хэлэхэд хиймэл оюун ухааны дэлхий эдийн засагт үзүүлэх нөлөө нь олон талтай, нарийн төвөгтэй юм. Хиймэл оюун ухаан бүтээмж, инновацыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт томоохон өсөлтийг бий болгох чадвартай ч хөдөлмөр эрхлэлт, ёс зүйн холбоотой сорилтуудыг дагуулдаг. Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны чадавхыг үргэлжлүүлэн судалсаар байгаа тул тулгарч болзошгүй сорилтуудыг шийдвэрлэхэд сонор сэрэмжтэй, идэвхтэй байх нь маш чухал юм.
Монгол Улсад хиймэл оюун ухааны зарим хэрэглээ
Манай улсын арилжааны банкууд цахим зээлийн шийдвэр гаргахад хиймэл оюун ухааныг хэдийн ашиглаад эхэлсэн. Түүнчлэн бизнес эрхлэгч нар хэрэглэгчтэйгээ харилцах Чатботыг нэвтрүүлээд байгаа. Технологийн компаниуд хиймэл оюун ухааныг ашигласан шинэ платформыг хөгжүүлэх замаар дэлхийд өөрсдийн бүтээлийг танилцуулаад байгаа. Засгийн газар хиймэл оюун ухаанд суурилсан гарааны бизнесүүдийг дэмжих бодлогоо олон улсын хөрөнгө оруулагч, компаниудад сурталчлан таниулах тал дээр доривтой алхамыг энэ оны Эдийн засгийн чуулганы үеэр танилцуулсан билээ.
Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд хамгийн тэргүүнд анхаарах асуудал нь эрчим хүчний тогтвортой нийлүүлэлт байдаг. Манай улсад хиймэл оюун ухаанд суурилсан компаниудад татварын таатай орчинтой боловч эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал эрсдэлт түвшинд байгаа нь хиймэл оюун ухаанд суурилсан гарааны бизнес эрхлэгч нар болон хөрөнгө оруулагч нарыг үргээх гол нөхцөл болж байна.
Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах тал дээр олон улсын нөхцөл байдал, өндөр хөгжилтэй орнуудыг хиймэл оюун ухааныг ашиглах журам хуулийг судалж байж өөрийн улсад нутагшуулахад анхаарах нь зүйтэй юм.
Харин орчны бохирдол, нийслэлийн түгжрэл, бүтээн байгуулалтын стратеги төлөвлөлтийг болвсруулах хиймэл оюуныг ашиглахад технологийн сургууль эрдэмтэдтэй хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй алхам юм. Үүгээр зогсохгүй хиймэл оюун ухаан хөгжлүүлэх нээлттэй төвтэй болох нь хөрөнгө оруулагч, гарааны бизнес эрхлэгч нарыг татах таатай нөхцөл байх магадлалтай.
Ашигласан эх сурвалж:
https://www.alltechbuzz.net/mn/how-is-artificial-intelligence-changing-the-financial-landscape/
https://www-linkedin-com/pulse/impact-ai-global-economy-trends-initiatives-shape-future/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Хөрөнгийн зах зээл геополитикийн зэвсэг болох ньДараах нийтлэл
Хиймэл оюун ухааныг улс төрийн зорилгоор ашиглах эрсдэлСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23