Хөрөнгийн зах зээл яригддаг шигээ үргэлж баялгийг бүтээдэггүй. Бүр эсрэгээрээ геополитикт баялгийг сөнөөх хэрэгсэл хэлбэрээр ашиглагдах боломжтой бөгөөд үүнийг ДАЙНЫ БОНД гэдэг.
Дайны бонд бол дайн, зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор засгийн газраас гаргасан өрийн бичиг юм. Өөрөөр тодорхойлбол дайны бондыг авч байгаа хүн тухайн улсын армийн хэрэгцээнд зориулан өөрийн мөнгөө зээлж Дайнд ялна хэмээн мөрийцөж байгаа санхүүгийн шийдвэр гэж болно. Тус төрлийн өрийн бичгүүд дийлэнхдээ хүүгүй байдаг буюу нэрлэсэн үнээсээ доогуур худалдаалагддаг. Жишээ аван тайлбарлавал хөрөнгө оруулагч иргэн А дайн хийж байгаа Б улсын засгийн газрын гаргасан тодорхой хугацааны дараа 1000 ам.доллар өгнө гэх амлалтын бичгийг 600 ам.доллароор худалдан авах ба тухайн засгийн газар дайнд ялж зээлсэн мөнгөө буцаан өгөх үед иргэн А анх зээлсэн дүнгийн зөрүүнээс 400 ам.долларын ашиг хийж 40% хувийн өгөөж хүртдэг.
Ийм учраас дайны бонд бусад хөрөнгө оруулалттай харьцуулахад урт хугацаатай, хүүгүй (аль эсвэл бага хүүтэй), хямдралтай, эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн байдгаараа онцлогтой. Энэ төрлийн бондыг хөрөнгөтэй чинээлэг хүмүүс болон байгууллагууд дайнд мөрийцөх маягаар аль эсвэл эх оронч иргэд үнэт зүйлийнхээ төлөө армийг дэмжих хөрөнгө оруулалтын хэрэгсэл хэлбэрээр арилжаалдаг.
Дайны бондыг засгийн газар зөвхөн санхүүжилт татах зорилгоор гаргадаггүй
Аливаа засгийн газар Дайны бондыг гаргахдаа зөвхөн дайн хийхэд шаардлагатай санхүүжилтийг босгохыг урьтал болгодоггүй. Макро эдийн засаг талаасаа Дайны бонд гаргах 3 үндсэн хэрэгцээ шаардлага байдаг. Эдгээр нь:
Нэгдүгээрт: Дайны үед татварыг нэмэгдүүлэхээс зайлсхийх. Хямралын эгзэгтэй цаг үед ААН-үүд, ард иргэдэд ирж буй татварын дарамт ихсэж хэвийн үйл ажиллагаа доголддог. Ийнхүү хямрал гүнзгийрснээр засгийн газрын эсрэг бухимдал үүсч, дотоодод самуун дэгддэг. Үүний эсрэг бонд гаргах замаар санхүүжилт татснаар дотоод улс төрийн эрсдэлийг бууруулж чаддаг.
Хоёрдугаарт: Дайны үед нэг талд үйлдвэрлэлийн гарц багасч байдаг бол нөгөө талд мөнгөний хэмжээ хэвийн байдаг хандлагатай. Чухам энэ үед эдийн засгийн алтан дүрэм болох “Хэт их мөнгө хэт бага бараа байх үед инфляц үүснэ” гэдгийн дагуу инфляц хяналтаас гардаг. Иймээс өөрийн үндэсний валютаар илэрхийлэгдсэн бондыг гаргах замаар эдийн засгаас мөнгийг татаж инфляцын дарамтыг бууруулдаг.
Гуравдугаарт: Дайны бондыг пропаганда маягаар ашиглаж олон нийтийн дэмжлэг авах. Бондыг хувь хүмүүсээс эхлээд хөрөнгө оруулалтын үндэстэн дамнасан корпорацууд худалдан авдаг. Тиймээс бонд гаргах үйл явц олон нийтэд борлуулах шатандаа дайныг дэмжсэн кампанит ажил болон хувирч, эх оронч үзэл, шударга ёс гэх мэт нэгдсэн үнэт зүйлсэд уриалан дууддаг. Хөрөнгө оруулагч нарын хүртэх өгөөж нь дайны үр дүнгээс хамаарах тул урт хугацаандаа дайны өрнөлд засгийн газарт дэмжлэг үзүүлж чаддаг байна.
Дайны бондын түүх – Кампанит ажил
Түүхийн туршид засгийн газрууд дайн хийхдээ төрөл бүрийн аргаар санхүүжилтээ шийддэг байв. Харин хөрөнгийн зах зээлээс дийлэнхдээ цөөн тооны томоохон бизнесменүүдэд өр тавих замаар санхүүжилтээ шийддэг байжээ.
Орчин үеийн “Дайны бонд” гэсэн нэр томьёо анх 1812 онд АНУ-ын Конгрессоос АНУ-ын Англитай хийсэн дайныг санхүүжүүлэх зорилгоор 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 11 сая ам.долларын өрийн бичгийг гаргах үед ашиглагдсан.[1] Үүнээс хойш дайны бонд өөр өөр хэлбэртэйгээр гарсаар Дэлхийн I дайны үед халуун зэвсгээс гадна олон улсын харилцаанд ашиглагддаг нэн чухал санхүүгийн зэвсэг болжээ. Герман, Австри-Унгар, Орос зэрэг том хүчнүүд дайнд шаардлагатай санхүүгийн нөөцөө голчлон дайны бондоор санхүүжүүлдэг байв. Дэлхийн I дайны үеэр Герман дайны есөн бонд гаргаж нийт 97 тэрбум маркийг зах зээлээс татсан бол Австри-Унгар дайны найман бондоор 53 тэрбум кроног төвлөрүүлж байжээ. Харин АНУ-ын засгийн газар 1917-1919 оны хооронд “Эрх чөлөөний бонд” нэртэй таван бондыг гаргах замаар зах зээлээс 20 гаруй тэрбум ам.долларын санхүүжилтийг босгож байв.[2] АНУ-д Европын эрх чөлөөний төлөө хөрөнгө оруулалт хийх нэр доор Эрх чөлөөний бондын бүхэл бүтэн кампанит ажил явагдаж, 20 гаруй сая хүнээс хөрөнгө оруулалт татаж,[3] дайны бондыг засгийн газар иргэдээс дэмжлэг олох хэрэгсэл болгов.
Зураг 1: Эрх чөлөөний бондын кампанит ажлын постер. Бонд авч эрх чөлөөг дэмж! гэх утгатай.
Харин Дэлхийн II дайны үед дайны бондыг өмнө үзэгдэж байгаагүйгээр өргөнөөр ашиглав. АНУ-д л гэхэд “Ялалтын бонд” нэртэй өрийн хэрэгслийг гаргаж нийт 85 сая америкчууд 185.7 тэрбум ам.долларын бондыг худалдан авч байжээ.[4] Тухайн үед Ялалтын бонд нэгж тутамдаа нэрлэсэн үнэ нь 25 ам.доллар, худалдах үнэ нь 18.75 ам.долларын ханштай борлуулагдаж байжээ. Өөрөөр хэлбэл тухайн үед Америкийн жирийн нэг иргэн өөрийгөө “Империлист Япон, нацист Германы эсрэг нэгдэн орж, өөрийн улсаа дэмжиж 25%-ийн өгөөжийг хүртэнэ” гэсэн итгэл үнэмшилтэйгээр хөрөнгө оруулж байв. Дайны он жилүүдэд Англи 30 тэрбум фунт, Канад 25 тэрбум ам.доллар, Австрали 4 тэрбум ам.доллар, ЗХУ олон авран тэрбум ам.доллартой тэнцэх бондуудыг[5] дор бүрнээ гаргаж байжээ.
Зураг 2: Дайны бондын суртал ухуулга бүхий постерууд
ХХ зууны дайны бонд яг адил хэлбэрээр ХХI зуунд эргэж ирэв
Хөрөнгийн зах зээл геополитикийн зэвсэг болдог түүх өдгөө Орос Украины дайны үед дахин давтагдаж байна. Тухайлбал Украины засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 1-нд ОХУ-ын цэргийн ажиллагааны эсрэг армийн чадавхыг сайжруулах, хилээ хамгаалах зорилгоор “Эрх чөлөө” нэртэй жилийн 11%-ийн өгөөжтэй, нэг жилийн хугацаатай, 8.14 тэрбум укр.гривня буюу тухайн үеийн ханшаар 270 сая ам.доллартой тэнцэх дайны бондыг амжилттай гаргав.[6] Тус бондын “Европын хамгаалалтыг бэх байлгаж Украины эрх чөлөөний бондыг худалдаж аваарай” гэх уриа[7] нь одоо Украины хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагдаж байна.
Дэлхийн I болон II дайны үед ч болж байсанчлан эвслүүд дайны бонд босгох замаар бие биеэ дэмждэг байдал Украинд мөн адил биеллээ олсоор байна. Канадын засгийн газар 2022 оны 11 дүгээр сарын 29-нд Канад доллароор илэрхийлэгдсэн жилийн 3.245%-ийн өгөөжтэй таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын дүнтэй “Украины тусгаар тогтнол”-ын бондыг Украиныг шууд дэмжих зорилгоор хөрөнгийн зах зээлээс босгон ОУВС-гаар дамжуулан Украинд шилжүүлсэн. Канадын засгийн газраар баталгаажсан хамгийн эрсдэл багатай ААА зээлжих зэрэглэлтэй тус бондыг авсан хүн оруулсан хөрөнгө оруулалтаа Украины тусгаар тогтнолын өдөр буюу 2027 оны 8 дугаар сарын 24-нд[8] авна гэдгээрээ онцлогтой.
Дүгнэлт – Хөрөнгийн зах зээл дээрх дайн үргэлжилсээр байх болно
Дэлхийн улс орнууд эдийн засгийн глобалчлалын ачаар хоорондоо улам бүр нягт холбоотой болсны илрэл бол аливаа геополитикийн зөрчилдөөнд санхүүгийн хэрэгслүүд халуун зэвсгээс дутахгүй нөлөөтэй болсон явдал юм. Дайн бол үлэмж их зардал. Их зардалтай учраас бонд дайны үеэр ашиглагддаг зэвсгүүдийн тэргүүн эгнээнд жагсагдах хүчтэй хэрэгсэл юм. Чингэхдээ дайны бонд нь зөвхөн дайнд оролцогч талын цэргийн ажиллагаанд шаардлагатай зардлуудыг санхүүжүүлэхээс гадна дотоод болон гадаадын дэмжлэгийг авах кампанит ажил болдог. Өөрөөр хэлбэл тус төрлийн бонд санхүүгийн тоон утгаараа бус олон улсын улстөрийн тактик байж чаддаг онцгой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.
Дэлхийн I дайны “Эрх чөлөөний бонд”, Дэлхийн II дайны “Ялалтын бонд” 80-аад жилийн дараа дахин төрж, “Тусгаар тогтнолын бонд” нэртэйгээр хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж байна. Цаашид дайны нөхцөл байдлаас хамаарч нэгэнт гарсан бондуудын үнэ, өгөөж хэлбэлзэх бол шинэ бонд гарах эсэхээс хамаарч хямралын төгсөл шийдэгдэж болох юм.
Эцэст нь Украины хямрал орчин үеийн дайныг дэлхийн хоёр ч дайны үеийнхээс эрс өөр болсныг бэлхнээ харуулж чадсан хэдий ч хөрөнгийн зах зээл дээрх дайны бонд огт өөрчлөгдөөгүй хэвээр байгааг баталлаа.
Ашигласан эх сурвалж:
[1] https://www.whitehousehistory.org/funding-the-war-of-1812
[2]War Bonds, Steffen Bruendel, Goethe Universität Frankfurt am Main, 2015, https://encyclopedia.1914-1918-online.net/article/war_bonds
[3] William G. McAdoo, Crowded Years (Boston: Houghton Mifflin, 1931), p. 374.
[4] World War II War Bonds, Sarah Sundin, 2022 https://www.sarahsundin.com/world-war-ii-war-bonds/
[5] История финансов СССР 2017-1950, В.П.Дьяченко, 1978, 126-р хуудас
[6] Ukraine raises $270 million from sale of war bonds to fund army as Russia’s invasion continues, CNBC, 2022.03.01, https://www.cnbc.com/2022/03/02/ukraine-raises-270-million-from-sale-of-war-bonds-to-fund-army.html#:~:text=Europe%20Markets-,Ukraine%20raises%20%24270%20million%20from%20sale%20of%20war%20bonds,army%20as%20Russia%27s%20invasion%20continues&text=“The%20proceeds%20from%20the%20bonds,war%2C”%20the%20ministry%20tweeted.
[7] Украины Үндэсний хувьцаа, хөрөнгийн зах зээлийн хороо, https://vnesok.nssmc.gov.ua/en/
[8] Ukraine Sovereignty Bond, https://www.canada.ca/en/department-finance/programs/financial-sector-policy/ukraine-sovereignty-bond.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Сансрын орон зай дахь Хятадын хүчин чадавхДараах нийтлэл
Хиймэл оюун ухааны дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19