“Төөрөгдүүлсэн мэдээлэл” ба улс орнуудын хариу арга хэмжээ I
2023-05-12
Ямар ч эх сурвалжгүй, баримт нотолгоо дулимагхан мэдээ мэдээлэл нийгмийн сэтгэл зүйд ихээхэн сөрөг нөлөөтэй. Ийм мэдээлэл сошиал орчинд маш эрчимтэй, гэрлийн хурдаар тархдаг. Энэ тал дээр улс орнууд судалгаа шинжилгээ хийх, дотоодынхоо хууль эрх зүйн орчинд зохицуулалт хийх зэргээр арга хэмжээнүүдийг байнга авдаг ч төдийлөн амжилттай бус байна. “Төөрөгдүүлсэн мэдээлэл” ба улс орнуудын хариу арга хэмжээ [1] сэдэвт томоохон судалгааг АНУ-ын Небраска их сургуулиас хийжээ. Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаартаа уг судалгаанаас товчлон орчуулж цувралаар хүргэж байгаа бөгөөд судалгааны үр дүн, үзэл санаа нь (агуулга) зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.
“Төөрөгдүүлсэн мэдээлэл” гэсэн нэр томъёо нь “Хүний санаа бодлыг санаатайгаар төөрөгдүүлэх, үнэнийг бүрхэгдүүлэх зорилгоор буруу ташаа мэдээ мэдээллийг зориудаар тарааж олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлөх, үнэнийг нуун дарагдуулах” утгыг агуулсан байдаг. (Хууль бус контент буюу бусдыг гүтгэх, үндэслэлгүй гутаан доромжлох, хүчирхийлэлд өдөөн хатгасан мэдээллийг нийгмийн сүлжээнд цацах, түгээхээс бусад) Аливаа хошигнсон, элэглэх зэргээр баримт нотолгоонд тулгуурласан хэлбэрийг төөрөгдүүлсэн мэдээлэлд хамруулаагүй болно.
Одоогийн байдлаар энэ төрлийн мэдээллийг түгээхэд Бот, big data, тролл, deep-fakes[2] гэх мэт дэвшилтэт технологийн хэрэглүүрүүдийг өргөнөөр ашиглаж байна. Эдгээр нь худал, буруу, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээх замаар олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготой бөгөөд үүний ард байх захиалагч этгээдүүдэд таатай нөхцөлийг бүрдүүлж байдаг. Хамгийн бэрхшээлтэй тал нь энэ хүчин зүйлсийн ард байх захиалагчдыг олж тогтооход нарийн төвөгтэй болсоор байна. Ихэнх тохиолдолд төөрөгдүүлсэн мэдээллийг түгээж буй эх сурвалжийг илрүүлэх боломжгүй. Цаашилбал улс төрийн агуулгатай мэдээ, мэдээллийг ямар ч хууль, эрх зүйн зохицуулалттгүйгээр түгээх боломжийг олгож байна.
Төөрөгдүүлсэн мэдээллийн сул тал, түүнээс гарах аюулыг иргэд анхааран авч үзэх цаг нь ирсэн. Үүнээс үүсэх эрсдлийг эрх бүхий байгууллагууд ч тоохгүй өнгөрөөж болохгүй. Нөгөө талаар цахим орчинд өрнөж буй мэдээ, мэдээлэл, харилцааг хааж цахим мэдээлэл, харилцаанд цензур тавьж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж гүтгэлэг нэрээр сэтгүүлчдийг хавчиж худал, ташаа мэдээлэлтэй холбоотой зохицуулалтыг хэтрүүлснээс болж үүнийхээ эсрэг ямар эрсдэл дагуулахыг тооцоолох хэрэгтэй.
Цахим орчинд төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан тохиолдлууд
Нийгмийн сүлжээг ашиглан цахим орчинд төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж нийгэмд хурцадмал байдлыг бий болгох, хувь хүн, хуулийн этгээдийн улс төрийн хөтөлбөр, улс төрийн өрсөлдөгчийн эрх зүйн байдал, нэр хүндэд халдах зорилгоор ташаа мэдээлэл түгээдэг нь нууц биш.
А. Гадаад оролцоо, хүчин зүйл
Аргентин, Энэтхэг, Израиль, Мексик, Швед зэрэг улсад Олон нийтийн сүлжээгээр төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байгаа явдал үндэсний аюулгүй байдал, ардчилсан засаглалын тогтолцоонд заналхийлж байна гэж үзжээ. Улс төрийн сонгуулийн өмнө санаатайгаар төөрөгдүүлсэн мэдээлэл цацах нь энгийн иргэдийн санаа бодолд хүчтэй нөлөөлдөг.
Исламын улсуудын дотор хамгийн хатуу соёл, дэг жаягтай орнуудын нэг болох Исламын БНИран Улс 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ёс зүйн зохисгүй үйлдэл гаргасан байж болох 783 төрлийн хуудас, групп, хаягийг устгаж байжээ. Үүнтэй төстэй жишээнүүд гэвэл:
- Афганистан, Албани, Алжир, АНУ, Бахрейн, Египет, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Иран, Ирак, Израиль, Ливи, Мексик, Марокко, Пакистан, Катар, Саудын Араб, Серби, Өмнөд Африк, Испани, Судан, Сири, Тунис, Йемен зэрэг орнуудад давтагдсан гэж facebook мэдээлж байсан.
Төөрөгдүүлсэн мэдээллийг facebook-ээр цацахдаа ямар ч хүн байсан жинхэнэ төрхөө нууж, тухайн цаг үеийн олны анхаарлын төвд байгаа сэдвээр пост /post/, стори /story/ нийтэлдэг. Нэн ялангуяа Израиль, Палестины харилцаа, Сири, Йемен дахь мөргөлдөөн, АНУ, Саудын Араб, ОХУ-ын талаар зарим мэдээллийн агуулгыг санаатайгаар өөрчилж ИБНИран улсын төрийн хэвлэл мэдээллээр цацсан гэдгийг facebook компаниас мэдээлсэн байна. Энэ мэт үйл ажиллагааг 2010 оноос эхлүүлсэн ба тус мэдээ мэдээллийг нийтэлж байгаа этгээдүүд нь өөрсдийн хувийн хаягийг нууцлахыг оролдсон ч бидэнд буй тайланд эдгээр хаягууд нь Иран улсад байршиж үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг илрүүлсэн гэжээ.
2019 онд CBC/Radio Canada өмнөх жилүүдэд хийн хоолойн төсөл, цагаачлал, дүрвэгсдийн талаарх бодлогуудыг шүүмжилсэн агуулга бүхий 9.6 сая устгагдсан твиттер хаягуудад дүн шинжилгээ хийж үзээд ойролцоогоор 21600 жиргээг ОХУ, Иран, Венесуэлээс гаралтай байж болзошгүй хэмээн таамаглажээ.
2017 оны Данийн Батлан хамгаалах яамны тайланд хүйтэн дайнаас хойших Оросын үндсэн бодлого хэмээх баримт бичигт тодорхойлсноор аливаа улсын дотоодод хурцадмал нөхцөл байдал хүндрэхийн хэрээр Оросын нөлөөлөл дэлхийн бусад оронд нэмэгдэж байгааг онцолжээ. Мөн Данийн Батлан хамгаалах яамнаас цэрэгжсэн исламистууд зэрэг бусад этгээдүүд нийгмийн сүлжээг суртал ухуулгын зорилгоор ашигладаг болохыг тэмдэглэсэн байна.
2017 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцохыг оролдсон гэх баримтууд дунд тухайн үеийн нэр дэвшигч Эммануэль Макроны сонгуулийн кампанит ажлын үеэр ил болгосон цахим хаягууд дунд ч хуурамч хаяг нилээдгүй байсан аж.
Б. Төөрөгдүүлсэн мэдээллийн талаарх нотолгоо
– Австралид 2019 оны 5 дугаар сарын холбооны сонгуулийн өмнөхөн нэгэн улс төрийн нам “нас баралтын татвар”-ыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна хэмээн хуурамч мэдээлэл агуулсан нийтлэлүүдийг устгах хүсэлтийг Facebook-д тавьж байсан байна.
– ХБНГерман улс 2016 онд Ногоон намын улс төрч нэгэн оюутны амь насыг санаатайгаар бүрэлгэсэн дүрвэгчийг өрөвдсөн өнгө аяс бүхий эшлэл, зургийг хуурамчаар үйлдэж дэлгэсэн facebook хуудсын админ болон зарим этгээдүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж байсан.
Австрали, Герман зэрэг орны улс төрчид болон намуудын гаргасан нэхэмжлэлтэй харьцуулбал БНХАУ, Египет, ОХУ, Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газар цуу яриа, хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан гэсэн мэдээллүүд дээр тулгуурлан эрх баригчид хуурамч байж болзошгүй гэсэн контентуудын талаар мэдээлсэн.
- БНХАУ-д хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернетийн хатуу зохицуулалттай байдаг ч 2018 оны 7 дугаар сард хууль бус, хуурамч байж болохуйц эх сурвалж тодорхой бус 6.7 сая мэдээлэл цацагдаж байжээ.
- 2019 оны 6 дугаар сард Египетийн Дотоод хэргийн яамны Мэдээлэл, харилцааны ерөнхий газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга иргэдэд чиглэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 4-6 сая хуудас төөрөгдүүлсэн мэдээлэл гарсан байна гэж мэдэгджээ. Мөн 2018 онд Египетийн ерөнхийлөгч, Египетийн засгийн газар тухайн жилийн гурван сарын хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан 21,000 орчим худал “цуурхал”-ыг илрүүлсэн гэж мэдэгдэв. Египетийн парламент дахь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хорооны мэдээлснээр 2017 онд ердөө 60 хоногийн дотор тус улсад 53,000 худал цуурхал тараагдсан болох нь тогтоогдсон.
- ОХУ-ын хуулинд “хуурамч мэдээ” гэдэг нь нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчих, тээврийн салбар, нийгмийн дэд бүтэц, банк санхүүгийн байгууллага, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг төрийн амин чухал салбаруудад нөлөөлөхүйц “асар их хохирол учруулах” ташаа мэдээллийг багтаахаар тодорхойлсон байдаг.
- Оросын улс төрийн нэгэн тэмцэгчтэй холбоотой хэргийн 2019 оны шүүхийн шийдвэрт Оросын “хуурамч мэдээллийн эсрэг” хуулийн дагуу ял онооход шаардлагатай хүчин зүйлсийг тусгасан байна. Тухайн иргэн Оросын нэгэн хотод хог хаях газрыг эсэргүүцсэн зөвшөөрөлгүй жагсаалыг олон нийтэд нийгмийн сүлжээгээр сурталчилсан, төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан гэж буруутгагдсан. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн иргэний цахим орчин дахь нийтлэлд юу нь худал болох, ямар шалгуураар худал эсэхийг нь тогтоогоогүй байна гэж шүүх үзжээ. Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, түүгээр дамжуулан мэдээлэл тараах нь хуурамч мэдээллийн тухай хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй хэмээн шүүх хэрэгсэхгүй болгосон байв.
- Арабын Нэгдсэн Эмират Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоолын хоёр машины зайд машинаа байрлуулсан зургийг нийгмийн сүлжээнд оруулсан Австрали эмэгтэйг тус улсын хуулийн дагуу бусдын ашиг сонирхлыг санаатайгаар хохироох, төрийн болон түүний аль нэг байгууллага, албан тушаалтны нэр хүнд, нийгмийн статус, үндэсний билэг тэмдгийг онлайнаар нийтлэхийг хориглосон эрх зүйн зохицуулалтын дагуу яллах үндэслэл болсон.
- Африк гаралтай хар арьстай эмэгтэй Араб хүүхдийг хулгайлсан гэх өнгө аяс бүхий бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн хоёр эмэгтэйг цагдаа нар хүүхдийг ээжийнх нь зааврын дагуу асрагчаар хүргүүлж явсан болохыг тогтоосны дараа олон нийтийн сүлжээгээр төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан хэргээр ялласан байна.
Кибер аюулгүй байдал
Судалгаанд хамрагдсан ихэнх улс орон үндэсний аюулгүй байдалд заналхийлж болохуйц харилцаа холбоо, түүний дотор төөрөгдүүлсэн мэдээллээс үүдэн төрийн цахимжсан систем, программ хангамжийг хамгаалахын тулд кибер аюулгүй байдалдаа ихээхэн анхаардаг. Тухайлбал, Ерөнхий сайдад шууд харьяалагддаг Израилийн Үндэсний Цахим Хөгжлийн газар нь ийм төрлийн аюул заналхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүрэгтэй байдаг аж.
Их Британийн засгийн газар Үндэсний аюулгүй байдал харилцаа холбооны багийг (NSCT) “өргөжүүлнэ” гэсэн зорилготой ажилладаг. Тухайн үеийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн хэвлэлийн төлөөлөгч NSCT нь цахим гэмт хэргийг системтэйгээр таслан зогсоох, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд төрийн байгууллагууд болон хувь хүмүүсийг төөрөгдүүлсэн мэдээлэлтэй тэмцэх үүрэгтэй гэж мэдэгдсэн байна.
Зарим улс оронд кибер халдлага, сонгуулийн явц, түүний үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөх аливаа аюулаас урьдчилан сэргийлэх тусгай ажлын хэсэг байгуулсан байдаг. Жишээлбэл:
- 2018 онд Австралийн сонгуулийн шударга байдлыг хангах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Австралийн ардчиллыг хорлон сүйтгэх зорилготой кибер халдлага, сонгуулийн луйвар, хөндлөнгийн оролцоо, төөрөгдүүлсэн мэдээллээс хамгаалах зорилготой байв. Ажлын хэсгийг Австралийн Аюулгүй байдал, тагнуулын байгууллага (ASIO) болон Австралийн Холбооны Цагдаагийн (AFP) оролцоотойгоор Дотоод хэргийн яам удирддан чиглүүлдэг байна.
- 2018 онд Дани улсад төөрөгдүүлсэн мэдээллийн эсрэг ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Дани улсын Аюулгүй байдлыг хангах тагнуулын алба болон Данийн Батлан хамгаалах, Тагнуулын Алба нь гадаад эх сурвалжаас ирсэн ташаа мэдээлэлтэй тэмцэх зорилгоор тусгай ажиллагаат төв байгуулжээ. Тус байгууллагууд нь сонгуультай холбоотой аюул, эмзэг байдлын үнэлгээг явуулахад агентлагууд хамтран ажиллах ёстой гэсэн санаачилгууд дээр тулгуурлан гадны нөлөөллөөс үүдэлтэй аюул заналд анхаарлаа төвлөрүүлэх, парламентын сонгуульд өрсөлдөх гэж буй эрх бүхий улс төрийн намуудад сонгуультай холбогдуулан гадаадын нөлөөлөл, тэр дундаа кибер халдлагад өртөх эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, эсэргүүцэх хувилбаруудын талаар зөвлөгөө өгдөг гэнэ.
- Францын засгийн газрын хоёр агентлаг болох Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хяналт тавих Үндэсний комисс болон Үндэсний кибер аюулгүй байдлын агентлаг нь 2017 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс – оролцох гэсэн Оросын оролцоог эсэргүүцэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байдаг.
- Канадын Аюулгүй байдал, Тагнуулын Алба сонгуулийн үйл ажиллагааг тасалдуулах, үйл явцад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, ил, далд, гэмт хэргийн үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх ижил үүрэгтэй байдаг.
Ил тод байдал, хариуцлагын шаардлага
А. Тусгай зөвшөөрөл олголт ба байнгын хяналт тавих
Хэрэглэгчдийг нийгмийн сүлжээний хэрэгслээр хянах хяналт нь БНХАУ, ОХУ, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсад хатуу, чанга байдаг. Хятад нь нийгмийн сүлжээнд буй хэвлэл мэдээллийн платформыг ашиглахын тулд тусгай эрх шаарддаг бөгөөд хэрэглэгчид жинхэнэ нэр, иргэний үнэмлэх зэрэг бусад бичиг баримтаар өөрийгөө баталгаажуулах ёстой.
Арабын Нэгдсэн Эмират улсын Үндэсний хэвлэл мэдээллийн зөвлөлийн журмын дагуу цаашид явуулах ямарваа үйл ажиллагаанаас хамааран зөвшөөрөл авахыг шаарддаг.
ОХУ-ын хуулиар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн технологийг хянадаг холбооны гүйцэтгэх байгууллага болох Роскомнадзор-т ОХУ-д хориглосон мэдээллийн санг бий болгож, хөтлөх эрхийг олгодог. Энэ нь мөрдөн байцаах байгууллагуудад хуулийн этгээдийн техник хангамж, программ хангамжинд хязгааргүй нэвтрэх давуу эрхийг олгодог бөгөөд Роскомнадзор-т үйлчилгээ үзүүлэгчээс техник хангамж, програм хангамжийн эзэмшигчийг тодорхойлохыг шаардах эрх олгосон байдаг.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй төөрөгдүүлсэн мэдээллийг арилгах, хэт даврагч үзэл суртлын эсрэг тэмцэхийн тулд Египетийн засгийн газар facebook-ийн Египет маягийн хувилбарыг бий болгох талаар үр дүнтэй арга хэмжээ авч байгаагаа зарласан бөгөөд энэ нь эрх баригчдад хууль бус гэж үзсэн мессежийг хянах боломжийг олгох зорилготой аж. Facebook-тэй адил төстэй дотоодын платформыг улсын хэмжээнд хэрэглэгдэх хувилбар Хятадад аль хэдийн бий болсон бөгөөд энэ нь бидний мэдэх WeChat юм.
Үргэлжлэл дараагийн дугаарт
[1] Government Responses toDisinformation on SocialMedia Platforms https://digitalcommons.unl.edu/cgi/viewcontent.cgi?article=1180&context=scholcom
[2] Хэн нэгэн алдартай улс төрч, урлагийн хүмүүсийн царай төрх, дуу хоолойг дууриалган тусгайлан бэлдсэн бичвэр уншуулдаг платформ
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19