ОХУ-Украины гео-эдийн засгийн өрсөлдөөн (II)

2022-07-08

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/07/7.-Euro-Asian-Oil-Transport-Corridor-EAOTC-1.png

(Үргэлжлэл. Эхний хэсэг өмнөх дугаарт)

Украины нүүрс-устөрөгчийн нөөц баялаг

Украины байгалийн хийн батлагдсан нөөц 1.1 их наяд шоо метр, таамаг нөөц нь 5.4 их наяд шоо метр нөөцтэй[1]. Газрын тосны батлагдсан нөөц нь 850 сая тонн, нүүрс-устөрөгчийн нийт нөөц нь газрын тосонд шилжүүлсэн хэмжүүрээр 9 тэрбум тонн (Btoe) хүрч байна. Эдгээр нүүрс-устөрөгчийн нөөцийн 80% нь Дорнод Украин дахь Днепр-Донецкийн сав газар, 13% нь Баруун Украины Карпатын сав газар, үлдсэн 6% нь Хар тэнгис-Азовын тэнгисийн сав газарт тархан байршжээ. Украины метан хийн нөөц 3 их наяд шоо метр хүрэх ба техникийн хувьд олборлох боломжтой нь 1.2 их наяд шоо метр байна. Энэ их хэмжээний метан хийн нөөцийн дийлэнх нь Донецкийн сав газарт, мөн багахан хэсэг нь Польшийн хилтэй залгаа Люблины сав газарт тус тус байршиж байна[2]. (Хавсралт-4,5,6)

Украины Нүүрс-устөрөгчийн сав газруудын байршил, (Украины геологийн алба)
Украины Полиметаллын ордуудын тархац байршил, (Украины геологийн алба)
Украины төмөрлөг бус металлын тархац байршил, (Украины геологийн алба)

Украин мөн 79 агуулах танкер бүхий 51 шахуургын станцтай 4,767 км урт (жилд 114 сая тонн тос дамжуулах чадалтай) газрын тос дамжуулах хоолойтой. Украины Хар тэнгисийн Пивденний, Южний, Феодосий 3 боомтод газрын тосны терминалтай боловч дайны улмаас үйл ажиллагаа нь зогссон. Украинд хувийн хэвшлийн эзэмшилд байдаг 4,625 км урт газрын тос дамжуулах орон нутгийн хоолой бий. Украины газрын тос нэрэх, боловсруулах 7 үйлдвэрийн хүчин чадал жилд 50.4 сая тоннд хүрэх боловч дайн, тогтворгүй байдлын улмаас хүчин чадлаа бүрэн ашиглахгүй зогсож байна. 2007 оноос эхлэн Украйн улс Оросоос хамааралгүй газрын тосны салбараа хөгжүүлэхээр Euro-Asian Oil Transport Corridor (EAOTC)[3] нэртэй санаачилга эхлүүлж 5 улсын компани оролцсон консорциумд оролцсон. Үүнд: Азербайжаны “SOCAR”, Гүржийн “Oil and Gas Corporation”, Литвийн “Klaipedos Nafta”, Польшийн “PERN Przyjazn S.A”, Украины “Ukrtransnafta” компаниуд нэгдэж Украины газрын тос хүлээн авах хоолойг Польш руу Плоцк-Гданьск хүртэл холбохоор төлөвлөж байсан ч дайны улмаас мөн л зогсоод байна. (Хавсралт-7)

Euro-Asian Oil Transport Corridor

Украины эдийн засгийн өөр нэг хүчирхэг хөдөлгүүр бол ЗХУ ын үеэс өвлөгдөн ирсэн Ази-Европыг холбодог байгалийн хий дамжуулах хоолойн сүлжээ юм. Одоогоор Украинд хий дамжуулах 72 компрессор станц бүхий 22,200 км үндсэн шугам, холболт түгээлтийн 16,400 км туслах шугам хоолой байна. Эдгээр хоолойгоор Украин улс жилд дотоодын хэрэгцээний 80 тэрбум шоо метр, транзит дамжуулах 142 тэрбум шоо метр хий дамжуулах чадамжтай. Украины байгалийн хий нөөцлөх агуулах нь 13 газар доорх байгууламжаас бүрдэж нийт хүчин чадал нь жилд 30.9 тэрбум шоо метр хүрдэг.

Байгалын хий, газрын тос, шатдаг болон тослог занарынхаа нөөцийг ашиглахын тулд Украины Засгийн газар 2012 оноос эхлэн бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар Юзивска, Олесска, Форос, Скифска орд газруудад Royal Dutch Shell, ExxonMobil, Chevron, OMV Petron (Румыний компани) компаниудыг урьж оруулсан ч 2014 оны Крымийн булаан эзлэлт, Донбасст өрнөсөн дайны улмаас төслүүд зогсонги байдалтай байна. 2022 оны ОХУ ын түрэмгийллийн дараа Дорнод ба Өмнөд Украины бүс нутагт статус-кво хэрхэн тогтохоос шалтгаалан Украины байгалийн хий, занар, газрын тосны мега төслүүд цааш хэрхэх нь шийдэгдэх болно.  

Украины шатах ашигт малтмалын нөөцийн 90%-ийг нүүрс бүрдүүлж байна. Нүүрсний нийт нөөц 117~ тэрбум тонн хүрэх ба үүн дотор 32 тэрбум тонн антрацит болон хагас антрацит нүүрс, 49 тэрбум тонн чулуун нүүрс болон 8.6 тэрбум тонн хүрэн нүүрс эзлэж байна. Нүүрсний нөөц нь голчлон Донбассын сав газар байрших ба Днеприйн сав газар, Лвьв-Волыний сав газарт мөн хүрэн нүүрсний ордтой[4].

ОХУ-ын гео-эдийн засгийн бодлогод учирч буй аюул

2022 оны 2 дугаар сарын 24-нд Украинд үүссэн дайны байдалтай холбогдуулан 8 хоногийн дотор Украин, Молдав, Гүрж улсуудаас Европын Холбоонд элсэх хүсэлт гаргасныг хүлээн авч тус холбооны удирдлагууд энэ чиглэлд бэлтгэл ажлыг шуурхайлж эхлүүлсэн[5]. 2022-оны 3 дугаар сарын 11-нд Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар ОХУ-аас худалдан авдаг байгалийн хий, газрын тос, нүүрсний хэрэглээнээс үе шаттайгаар бүрэн татгалзах шийдвэр гаргасан[4].

ОХУ нь 1991 оноос эдийн засгаа либералчлах, ардчилсан тогтолцоо руу шилжих процесс эхлүүлсэн ч 2000 аад оны дунд үеэс зогсонги байдалд орж улмаар илүү авторитари дэглэм, төрийн оролцоот эдийн засгийн бүтэц рүү шилжсэн. Энэ эрс эргэлт нь чөлөөт эдийн засгийн хөгжлийг сааруулж эдийн засгийн солонгорол үүсэхгүй зөвхөн байгалийн баялаг, түүхий эдийн борлуулалтаар дагнасан нэг тулгуурт эмзэг эдийн засагтай болж хувирсан[7]. ОХУ-ын экспортод гаргадаг нүүрс-устөрөгч, эрдэс минерал, металлын түүхий эдийн хэмжээ нийт экспортын (2021 онд ОХУ 494 тэрбум ам.долларын үнийн дүнтэй экспорт хийсэн) 66% эзлэж байна[8]. Хэдийгээр худалдааны баланс нь 2021 онд өндөр ашигтай (190.1 тэрбум ам.доллар) гарсан ч эдийн засгийн үндсэн суурь нь зөвхөн түүхий эдийн экспорт дээр тулгуурлаж буй нь том сул тал болж байна. ОХУ-ын гадаад худалдаа эргэлтийн 35.3% нь Европын Холбоотой хийгдэж (282 тэрбум ам.доллар) энэ зах зээлд хийдэг экспортын 70 орчим хувь нь эрдэс, минералын бүтээгдэхүүн байна[9]. Хэдийгээр Азийн зах зээл тэр дундаа БНХАУ тай хийх худалдаа нь 2021 онд 140 тэрбум ам.долларт хүрч түүхэн рекорд тогтоосон ч Европ, Умард Америк, Япон, БНСУ-тай тогтоосон эдийн засгийн харилцаа нь ОХУ-ын хувьд амин чухал эрх ашиг нь хэвээр байгаа юм.

2009 оноос эхэлсэн Украины Евро–интеграцийн үйл явц 2013 оноос эрчимжиж улмаар Украины эрдэс баялаг, нүүрс-устөрөгчийн асар баялаг нөөц Европын Холбооны зах зээлд нэвтэрч, үйлдвэрлэл, нийлүүлэлт, нэмүү өртгийн сүлжээнд байрших нь ойлгомжтой болж эхэлсэн. 2014 оноос эхэлсэн Орос-Украины мөргөлдөөнөөр энэ үйл явцыг түр саатуулж чадсан ч 2019 онд Европын Холбоо Украиныг гишүүнээр элсүүлэх “2030-замын зураг” зарлах үед ОХУ-ын зүгээс шийдвэртэй, бодлогын арга хэмжээ авах шаардлага урган гарсан. Хэрвээ Украин улс Европын Холбоо, НАТО-гийн гишүүн болчихвол ОХУ-ын нөлөөний бүсээс бүрэн гарна. Цаашлаад Украин нь эдийн засгийн хувьд хүчирхэг өрсөлдөгч болон өндийж Европын зах зээлд Оросын хийдэг бүх төрлийн экспортыг орлож 2030-2035 оны орчимд Европын зах зээлээс Оросыг шахан гаргах бодит аюул нүүрлэсэн. Украины байгалийн баялаг, нүүрс-устөрөгч, ХАА бүтээгдэхүүн зэрэг нь ОХУ-ын экспортын нэр төрөлтэй бүгд давхцах[10] ба газарзүйн байршлын давуу талаа ашиглан илүү хямд зардлаар Европын Холбооны дотоод тарифаар нэмүү өртөг, нийлүүлэлтийн сүлжээнд байршсан Украинтай ОХУ зах зээлийн зарчмаар өрсөлдөх боломжгүй болно.

ОХУ-ын эрх баригчид ирээдүйд үүсэх стратегийн өрсөлдөгчөө өөрийн нөлөөнд буцааж авах, дэглэмийг нь солих, минералын нөөцөөр баялаг бүс нутгуудыг нь салгах, ядаж эдийн засаг нь эргэж сэргэх хугацааг аль болох олон жилээр хойшлуулахын тулд дэд бүтцүүдийг нь сүйтгэж устгах, боломжит бүх аргаар аюулгүй болгох шийдсэн алхам хийж буй нь өрнөж буй үйл явцаас тод харагдаж байна. “Бидэнд үүнээс өөр сонголт байгаагүй юм шүү![11]” гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин хэд хэдэн удаа давтан[12] мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан М.Помпео: “Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх улсын эрчим хүчний эх үүсвэрийг хяналтдаа авахыг ОХУ зорьж байна.”[13] гэж хэлсэн нь дээрх гео-эдийн засгийн шалтгаануудыг давхар нотлож байгаа юм. Дайтагч талууд хэзээ гал зогсоох, энхийн хэлэлцээ байгуулах, ирээдүйд энэ бүс нутгийн статус-кво хэрхэн тогтох нь яг одоо Украины фронтод өрнөж буй дайны ажиллагааны үр дүнгээс шууд шалтгаалах болно.

Ашигласан эх сурвалж:


[1] https://hir.harvard.edu/ukraine-energy-reserves/ https://www.iea.org/reports/ukraine-energy-profile/energy-security

[2] https://www.iea.org/reports/ukraine-energy-profile/energy-security

[3] https://sarmatia.com.pl/eaotc-map/?lang=en

[4] https://www.iea.org/reports/ukraine-energy-profile/energy-security

[5] https://socialeurope.eu/ukraines-eu-membership-still-some-way-off

[6] https://www.elysee.fr/emmanuel-macron/2022/03/11/sommet-de-versailles-union-europeenne

[7] https://www.statista.com/statistics/1006479/russia-export-commodity-structure/

[8] https://rosstat.gov.ru/storage/mediabank/26_23-02-2022.html

[9] https://www.statista.com/statistics/1102603/russia-value-exports-to-eu-by-commodity/#:~:text=In%202021%2C%20the%20leading%20export,dollars%20to%20EU%2D27%20countries.

[10] https://www.iea.org/reports/russian-supplies-to-global-energy-markets

[11] https://www.reuters.com/world/europe/putin-tells-russian-business-people-he-had-no-choice-over-ukraine-2022-02-24/ 

[12] https://www.euronews.com/2022/04/13/russia-had-no-other-choice-putin-vows-to-win-the-war-in-ukraine

[13] https://www.politico.eu/article/mike-pompeo-us-russia-wants-to-control-energy-reserves-of-all-former-soviet-countries/


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА