2022-оны 6 дугаар сарын 23-нд болсон Евро-Зөвлөлийн уулзалтаар Украин, Молдав улсуудад Европын Холбоонд элсэх кандидат статус[1] олголоо. 2009 оноос эхэлсэн Украины Евро-интеграцийн үйл явц албан ёсны кандидат статус авснаас цааш бүх шаардлагуудаа хангаж дуустлаа дахиад хэдэн жил үргэлжлэх нь тодорхойгүй юм. 2014 оноос эхэлсэн ОХУ-Украины мөргөлдөөнийг геополитик, аюулгүй байдлын хувьд “Евро-Атлантын эвсэл тэлснээр NATO-ОХУ-ын дунд тогтсон байсан аюулгүй байдлын дундын буфер бүс рүү нэвтэрсэн тул ОХУ хариу арга хэмжээ авсан” гэдэг ерөнхий дүгнэлт судлаач, ажиглагчдын дунд түгээмэл байна. Гео-эдийн засгийн талаасаа Украин улс Европын Холбоонд элсэх нь ОХУ-ын ашиг сонирхолд үхлийн цохилт болох байсан нь Кремлийг цэргийн арга хэмжээ рүү шилжихэд хүргэсэн байж болох зарим үндэслэлийг танилцуулж байна.
Европын Холбооны тэлэх төлөвлөгөөнд Украины ач холбогдол
Европын Холбооны хөгжлийн алсын хараа нь: 1) Дотоод интеграц 2) Тэлэлтийн орон зай 3) Бүс нутгийн хамтын ажиллагаа 4) Олон улсын талбарт тоглогч болох гэсэн дөрвөн үндсэн стратеги хэрэгжүүлж байна[2]. Европын Холбоо тэлэлтийн орон зайгаа Баруун Балканы 6 улс (Серби, Монтенегро, Умард Македони, Босни Герцеговин, Косово, Албани), Дорнод Европын 6 улс гэсэн хоёр үндсэн чиглэлд харж хугацаат төлөвлөгөө гарган ажиллаж байна[3]. Дорно зүгт тэлэх төлөвлөгөө нь 2009 онд Украин, Беларусь, Молдав, Гүрж, Армян, Азербайжан улсуудыг элсүүлж интеграц хийх “Eastern Partnership” хөтөлбөрөөр гараагаа эхэлсэн байдаг[4]. Улмаар 2019 онд болсон тус түншлэлийн хөтөлбөрийн 10 жилийн ойгоор Европын Холбоонд бүрэн интеграц хийж гишүүн болгох хугацааг 2030 он гэж тодорхой зааж дээрх 6 улсыг институцийн түвшинд бэлтгэл хангуулахад гарах зардлыг төсөвтөө суулгасан[5].
Украин нь газар нутгийн хэмжээгээр Европ тивд ОХУ ын дараа ордог (603,000 кв.км) уудам нутагтай, Хар тэнгисээр далайд гарцтай, ачаа тээврийн том боомтуудтай, төмөр зам ба авто замын сүлжээ өндөр нягтралтай хөгжсөн, хими ба төмөрлөгийн хүчирхэг аж үйлдвэртэй, агаар-сансрын салбар[6] нь дэлхийд өрсөлддөг, зэвсэг үйлдвэрлэгч төдийгүй экспортлогч улс юм. Украины дэлхийд алдартай үржил шимт хар шороон хөрс нь тус улсыг Европ тивийн үр тарианы агуулах гэх нэршилтэй болгосон. Украины эдийн засгийн зарим суурь үзүүлэлтүүдээс авч үзвэл:
- Украины нутгийн (603,000 кв.км) 42 сая га нь ХАА эдэлбэр газар бөгөөд дэлхийн үржил шимт хар хөрсний нөөцийн 25% болдог. 2020 онд 32 сая га-д тариалалт хийж зөвхөн улаан буудайн ургац гэхэд 65 сая тонныг хураасан. Эрдэнэ шиш, наран цэцэг, малын тэжээл, рапс гээд бүх төрлийн ургамал тариалалтаар дэлхийд өрсөлддөг. Улаан буудайн ургац авах боломж нь 140 сая тоннд хүрнэ[7]. Украины хөрс шороо, газар тариалангийн нөөц баялаг нь ирээдүйд Европын Холбооны Хүнсний–Геополитикийн хэрэглүүр болж Хойд Африк, Ойрх Дорнодын 600 сая хүн амтай бүс нутгийн хүнсний нийлүүлэлтийг хянах боломж олгоно. 2020 оны 3 дугаар сард Украинд хийгдсэн газрын шинэчлэлээр 7 сая иргэн ХАА эдэлбэр газар эзэмших эрхээ баталгаажуулж тус улсын ХАА салбарын өрсөлдөх чадвар үлэмж нэмэгдсэн[8].
- Украины уул уурхай, эрдэс баялгийн салбарт хайгуул хийгдсэн талбай харьцангуй том, олон төрлийн ашигт малтмалын батлагдсан болон таамаг нөөцөөр Европт тэргүүлдэг. 120 төрлийн ашигт малтмал, эрдэсээс 117 нь Украинаас олддог ба эдгээр нь нийт 8,761 орд газарт тархан байршиж уул уурхайн үйлдвэрлэл нь 15.3 тэрбум ам.долларт хүрсэн[9].
- Украины Одесса, Мариуполь хотуудад хагас дамжуулагч, чип үйлдвэрлэхэд хэрэглэдэг лазер машины үйлдвэрийн неон хийн дэлхийн хэрэгцээний 50-70% ийг үйлдвэрлэж нийлүүлдэг[10]. Европын Холбоо 2022 оны 1 дүгээр сард хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд өрсөлдөх шинэ стратеги гаргасан[11] бөгөөд Украины неон хийн технологи үүнд чухал байр суурь эзлэж байгаа юм.
- Украины эдийн засгийн өрсөлдөх чадвартай томоохон бусад салбарууд: Машинт аж үйлдвэрлэл, нэхмэл ба хувцас үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилга-дэд бүтэц, тавилга-модон эдлэл, эмийн бүтээгдэхүүн, электроник, авто аж үйлдвэр, агаар-сансрын аж үйлдвэр, бүтээлч үйлдвэрлэлийн[12] салбарууд юм.
Украины уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүчний салбар
Сүүлийн жилүүдэд хийгдсэн эрдэс баялгийн ил тод байдал, уул уурхайн салбарыг хөгжүүлэх цогц арга хэмжээний үр дүнд Украины засгийн газар геологийн нөөцөө онлайн байршуулж зөвшөөрөл лиценз олголт, дуудлага худалдаа, бусад холбогдох ажлыг бүрэн шилэн болгож авлигаас цэвэрлэсэн томоохон реформ эхлүүлжээ[13]. Украины ашигт малтмал олборлолтын зарим статистикаас дурьдвал: (Хавсралт-1,2)
- Төмрийн хүдэр олборлолт (39 сая тонн) дэлхийд 7-р байр
- Манган олборлолт (651 мянган тонн) дэлхийд 8-р байр
- Титан олборлолт (431 мянган тонн) дэлхийд 6-р байр
- Галлий олборлолт (9 тонн) дэлхийд 2-р байр
- Германий олборлолт (1 тонн) дэлхийд 5-р байр
- Цагаан шавар олборлолт (2.4 сая тонн) дэлхийд 6-р байр
- Цирконий силикат олборлолт (26 мянган тонн) дэлхийд 10-р байр
- Бал чулуу олборлолт (13 мянган тонн) дэлхийд 8-р байр
- Эрчим хүчний нүүрс олборлолт (18.9 сая тонн) дэлхийд 13-р байр
- Коксжих нүүрс олборлолт (5.2 сая тонн) дэлхийд 12-р байр
- Уран олборлолт (455-аас 960 хүртэл тонн) дэлхийд 10-р байранд тус тус ордог.
Украины эрдэс баялаг, ховор элементийн асар баялаг нөөцийг бүрэн хүчин чадлаар нь ашиглахаар Европын Холбоо–Украин улсууд “Нэн хэрэгцээт, ховор элементийн стратегийн түншлэлийн гэрээ” 2021 оны 7 дугаар сард байгуулсан.[14] Энэ түншлэлийн хүрээнд Европын Холбооны ирээдүйд нэн хэрэгцээт чухал гэж заасан 30 элементийн 20 нь Украинд байдгийг дурьдаад энэ нөөцийг нь ашиглах, хөгжүүлэхэд Европын Холбоо хамтран оролцох болсноо зарласан. 2016 онд байгуулсан “Европын Холбоо-Украины эрчим хүчний түншлэлийн харилцан ойлголцлын санамж бичиг” болон 2021 оны “Нэн хэрэгцээт, ховор элементийн стратегийн түншлэлийн гэрээ” нь Украиныг Европын аж үйлдвэрлэл, эрчим хүчний сүлжээнд бүрэн нэгдүүлэх “Украин-2050” төлөвлөгөөний суурь баримт бичгүүд болсон[15]. Сүүлийн үеийн судалгаагаар (2022 оны 2 дугаар сард шинэчлэгдсэн) Украины нутгийн 40%-ийг бүрхдэг газрын ховор элемент, эрдэсээр нэн баялаг Ukrainian shield гэх геологийн тогтоцын хүрээнд 22 том сав газар байгааг таамаглан тогтоогоод байна. Үүнээс 4 том орд: Шевченкивске, Полохивске, Станкувацке, Балка Крута ордууд газрын ховор элемент ялангуяа литийгээр нэн баялаг гэж үзэж байна[16]. Зөвхөн 2021 онд гэхэд ховор элемент, эрдэс баялгийн лицензүүдээсээ онлайн дуудлага худалдаанд оруулахад Умард Америк, Европын 100 гаруй компаниас олон тэрбум ам.доллараар хэмжигдэх санал ирсэн байна[17]. Евро-Атлантын эвсэл, АНУ, Европын Холбооны хувьд Хятадын газрын ховор элементийн хамаарлаас гарах, 2050 он хүртэл ногоон эрчим хүч рүү бүрэн шилжилт хийхэд Украины газар дор буй минералын баялаг нөөцийг эргэлтэнд оруулах хэрэгцээ шаардлага байгааг судлаачид цохон тэмдэглэж байна[18]. (Хавсралт-3[19])
2020 онд Европын Комиссоос гаргасан “Устөрөгч, Цэвэр эрчим хүчинд шилжих стратегийн баримт бичигт” ногоон эрчим хүчний шилжилтийн гол түншээр Украин улсыг нэрлэсэн байдаг.[20] Уудам нутагтай, био түлш, усны эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, байгалийн хий, ховор металлын асар их нөөцтэй Украин улс нь Европын Холбооны 2035 он хүртэл нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) ялгаруулалтаа 55% бууруулах, 2050 онд тэглэх стратегид гол түнш болж хувирах бэлтгэл ажил хийгдэж байна. Европын Комиссийн стратегид дурьдсанаар Украины сэргээгдэх эрчим хүчний нөөц, өндөр нягтаршилтай эрчим хүчний дэд бүтцэд тулгуурлан 2030 оны орчимд 40 GW хүртэл хүчин чадал бүхий устөрөгчийн электролизийн үйлдвэр байгуулах боломжтой ажээ. Украины байгалийн хийн хоолой, хийн агуулахын бэлэн дэд бүтэц ирээдүйд устөрөгч тээвэрлэх зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах юм байна. 2022 оны 1 дүгээр сарын байдлаар Украины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 52.8 GW[21] ба үүнээс 64% нь дулааны (ихэнх хувь нь нүүрсний цахилгаан станцаас үйлдвэрлэдэг) эрчим хүч, 25% нь цөмийн эрчим хүч, 10% нь усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчнээс бүрдэж байв. Тус улсын өндөр хүчдэлийн шугамын урт 22 мянган км, цахилгаан түгээлтийн шугамын нийт урт 1 сая км давна. Дулаан дамжуулах үндсэн магистралийн урт 3,500 км, дулаан түгээх шугамын урт 20,500 км, үйлдвэрийн дулааны шугамын урт 12,400, нийт 33,122 км хүрдэг ба эрчим хүч, дулааны дэд бүтцээр Европын стандартад хүрсэн байна.
Украин цөмийн эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч, дэлхийн ураны том тоглогчдын нэг болох чадамжтай. Украины нутгийн 4 бүсэд тархан байрласан цөмийн 4 цахилгаан станц нь 15 тогоотой, 13.8 GW суурилагдсан эрчим хүчний чадалтай. 2021 оны 12 дугаар сард Украин улс уран олборлолтоо нэмж дотоодын хэрэгцээгээ 2027 онд бүрэн хангахаас гадна Европын зах зээлд нийлүүлэх төлөвлөгөө зарласан. Украин нь ураны олборлоход бэлэн нөөцөөр Европт 1-р байранд (46 мянган тонн)[22] ордог ба нэмж Смолинская, Ингульская орд газруудыг ашиглалтанд оруулж батлагдсан нөөцөө 71 мянган тонноор нэмэхээр ажиллаж байв. Украины эрх баригчид Зөвлөлтийн үеийн цөмийн хуучин тогоонуудаа эхнээс нь хааж Америкийн Westinghouse компаний шинэ үеийн AP1000 цөмийн тогоо 5 ширхэгийг барихаар хэлцэл байгуулаад байна[23].
Украины эрчим хүчний өөр нэг том нөөц бол биомассаас гарган авдаг био түлш, био хий юм. Малын тэжээл, ургамал, ХАА-н үйлдвэрлэлээс гардаг биомассын үйлдвэрлэл одоогоор газрын тосонд шилжүүлсэн тооцоогоор 51.2 сая тонн (Mtoe) хүрч байгаа ба цаашид илүү өндөр технологи нэвтрүүлж хөгжүүлбэл боломжит чадамж нь Украины эрчим хүч үйлдвэрлэлийн портфолиод 7-10% бүрдүүлэх боломжтой байна[24].
(үргэлжлэл дараагийн дугаарт)
Ашигласан эх сурвалж:
[1] https://www.consilium.europa.eu/en/meetings/european-council/2022/06/23-24/
[2] https://ec.europa.eu/international-partnerships/home_en
[3] https://ec.europa.eu/growth/industry/international-activities/cooperation-regions-and-international-bodies/eastern-partnership_en
[4] https://www.euneighbours.eu/en/policy/eastern-partnership
[5] https://www.iir.cz/10-years-of-eastern-partnership-from-prague-to-brussels-and-how-to-proceed
[6] https://ukraineinvest.gov.ua/industries/aerospace/
[7] https://www.trade.gov/country-commercial-guides/ukraine-agricultural-machinery
[8] https://www.atlanticcouncil.org/blogs/ukrainealert/ukraine-can-feed-the-world/
[9] https://ukraineinvest.gov.ua/industries/mining/
[10] https://www.reuters.com/technology/exclusive-ukraine-halts-half-worlds-neon-output-chips-clouding-outlook-2022-03-11/
[11] https://ec.europa.eu/info/strategy/priorities-2019-2024/europe-fit-digital-age/european-chips-act_en
[12] https://ukraineinvest.gov.ua/industries/
[13] https://www.geo.gov.ua/investicijnij-atlas-nadrokoristuvacha/
[14] https://ec.europa.eu/commission/commissioners/2019-2024/sefcovic/announcements/keynote-speech-vice-president-maros-sefcovic-high-level-conference-strategic-partnership-between_en
[15] https://uacrisis.org/en/mediamonitoryng-ta-mizhnarodna-advokatsiya-prezydent-ukrayiny-2050-vystupyv-zi-zvitom-i-planamy-organizatsiyi-na-najblyzhchyj-rik
[16] https://www.researchgate.net/publication/358781810_PROSPECTS_OF_DEVELOPMENT_OF_LITHIUM_RESOURCE_BASE_IN_UKRAINE
[17] https://www.spglobal.com/commodityinsights/en/market-insights/latest-news/metals/051021-ukraine-may-advance-with-critical-minerals-project-auctions-this-year-geological-service
[18] https://foreignpolicy.com/2022/04/28/ukraine-war-russia-resources-energy-oil-gas-commodities-agriculture/
[19] https://www.geo.gov.ua/wp-content/uploads/presentations/en/investment-opportunities-in-exploration-production-strategic-and-critical-minerals.pdf
[20] https://ec.europa.eu/energy/sites/ener/files/hydrogen_strategy.pdf
[21] https://ukraineinvest.gov.ua/industries/energy/traditional-energy/
[22] https://www.statista.com/statistics/264781/countries-with-the-largest-uranium-reserves/
[23] https://www.world-nuclear-news.org/Articles/Ukraine-pushes-for-domestic-uranium-supply
[24] https://www.etipbioenergy.eu/bioenergy-in-ukraine-updated-country-fact-sheet
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Төв Азийн орнуудын байр суурь (II)Дараах нийтлэл
ОХУ-Украины гео-эдийн засгийн өрсөлдөөн (II)Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23