2018 оны 03 сарын 22-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бараанд 50 тэрбум ам.долларын импортын татвар ногдуулах баримт бичигт гарын үсэг зурснаар АНУ, Хятадын худалдааны дайныг өдөөлөө. Үүний хариуд Хятадын засгийн газар мөн өдөр АНУ-ыг дангаараа арга хэмжээ авч, худалдааны хамгаалах бодлого (protectionism) явуулж байна хэмээн эрс эсэргүүцэж, “зүгээр хараад суухгүй”-гээ илэрхийлэв.
АНУ, Хятадын хооронд худалдааны дайн дэгдэх үү, тийм бол хэр өргөн хүрээг хамрах вэ, олон улсад хэрхэн нөлөөлөх, яриа хэлэлцээрт хүрэх үү гэх мэт олон асуулт үүнтэй холбоотой ургаж байна.
Худалдааны дайн зарлах болсон үндсэн шалтгаан юу байв
Дэлхийн худалдааны тэнцэлд сүүлийн 12 сарын байдлаар БНХАУ 394 тэрбум ам.доллар, Герман 277 тэрбум ам.доллар, ОХУ 115 тэрбум ам.доллар, Өмнөд Солонгос 92 тэрбум ам.долларын ашигтай байна. Харин худалдааны тэнцэл нь алдагдалтай гарч байгаа орнуудыг АНУ 810 тэрбум ам.доллар, Их Британи 178 тэрбум ам.доллар, Энэтхэг 155 тэрбум ам.доллар, Турк 82 тэрбум ам.доллар, Франц 70 тэрбум ам.доллароор тэргүүлж байгаа нь худалдааны тэнцэл дэлхийн эдийн засгаар тэргүүлэх хоёр гүрэнд хэлбийсэн нь анхаарал татаж байна.
Худалдааны алдагдал ихтэй орнууд худалдаагаа тэнцвэржүүлэх замаар байр сууриа бэхжүүлэх сонирхолтой байна. Ийм зорилгоор худалдааны алдагдлаа нөхөж, тэнцлээ хадгалах, улмаар БНХАУ-ын эдийн засгийн тэлэлтийг тогтоон барихын тулд АНУ худалдааны дайныг шийдвэртэй зарласан юм.
Худалдааны дайн зарлах өөр нэг шалтгаан нь АНУ-ын технологийн компаниудыг БНХАУ-ын үндэстэн дамнасан томоохон компаниуд худалдан авах бодлогоо эрчимтэй явуулж байгаад оршино. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дургүйцэн Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэн хориг арга хэмжээ авч байгаа билээ. Дональд Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш улсынх нь компаниудыг худалдан авах гэсэн БНХАУ-ын хэд хэдэн оролдлогод хориг тавьсан. Өнгөрсөн онд л гэхэд “Novatel Wireless”-ийг худалдан авах 50 сая ам.долларын, “Lattice Semiconductor”-ийг авах 1.3 тэрбум ам.долларын саналд тус тус хориг тавьжээ. Мөн АНУ-ын мөнгөн гуйвуулгын “Moneygram”-ийг худалдан авах “Ant Financial”-ийн 1.2 тэрбум ам.долларын саналыг татгалзсан юм. Хамгийн сүүлд энэ сарын 14-нд “Qualcomm” компанийг 117 тэрбум ам.доллараар худалдан авах “Broadcom”-ийн саналд хориг тавиад байна. Үүгээрээ Дональд Трамп БНХАУ-д технологийн давуу тал олгох ямар ч хэлцлийг үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс унагаж болзошгүй гэдгийг баталсан юм. Нөгөө талаас “Qualcomm”-ийн өндөр хурдны 5G технологийг БНХАУ-ын “Huawei” компани эзэмших эрхтэй болно гэж АНУ-ын удирдлагууд үзэж байна. “Huawei”, “Boe Technology” зэрэг БНХАУ-ын компани АНУ-аас зохиогчийн эрх авсан тоогоороо улсынхаа бусад компанийг тэргүүлж байна. БНХАУ-ын хувьд 5G технологийн дараа үеийн стандартыг тогтоож, энэ чиглэлд тэргүүлэх зорилт тавьж байгаа нь АНУ-ыг технологийн салбарыг гүйцэж түрүүлэхээр шийдвэртэй хөдөлж байгаа томоохон алхам юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны дайн зарлахаасаа өмнө “АНУ-ын Худалдааны тунхгийн 301 дүгээр зүйлд үндэслэн бид БНХАУ-ын эсрэг худалдааны хариу арга хэмжээ авч байна. Энэ шийдвэр ойролцоогоор 60 тэрбум ам.доллараар хэмжигдэх БНХАУ-ын импортын бараа, бүтээгдэхүүнд хамаарна. Миний бие БНХАУ-ын Ерөнхийлөгч болон бусад өндөр дээд албан тушаалтантай ярилцаж, худалдааны алдагдлыг 100 тэрбум ам.доллараар бууруулах хүсэлт тавьсан. Энэ бол маш өндөр дүн. АНУ дэлхийн улс орнуудтай хийж буй худалдаанаас 800 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээж байна. Зарим хүн БНХАУ-тай хийж буй худалдаанаас хүлээж байгаа алдагдлыг 375 тэрбум ам.доллар байгаа гэдэг, үнэндээ 500 тэрбум ам.доллар байна. Өөрөөр хэлбэл АНУ-ын нийт худалдааны алдагдлын талаас илүү гэсэн үг. Энэ бол дэлхийн түүхэнд аль ч улсад байгаагүй худалдааны хамгийн их алдагдал. Тиймээс энэ асуудлыг анхаарах ёстой. Энэ арга хэмжээ биднийг илүү хүчирхэг, илүү чинээлэг болгоно” гэж мэдэгдэв.
Бас нэг онцлох шалтгаан нь дотоодын улстөр байж магадгүй гэсэн таамаглал байна. Дональд Трамп сонгуулийнхаа кампанит ажлын үеэр үндэсний үзлийг сурталчилж, America First гэсэн уриатай ялсан. Энэ үеэрээ Хятадтай хийж байгаа худалдааг ямагт шүүмжилж байв. Тиймээс ийнхүү худалдааны дайн зарласан явдал нь дотооддоо нэр хүндээ бэхжүүлэх гэсэн улстөрийн оролдлого байх, 2021 онд дахин сонгогдох алхмаа одоо эхлүүлж байж ч магадгүй байна.
Худалдааны дайныг хэн эсэргүүцэв
АНУ-ын Сангийн сайд асан Жейкоб Лью: “АНУ худалдааны асуудлаар БНХАУ-тай маргалдахаас илүү хамтрах хэрэгтэй. Талууд зөрчилдвөл асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Хоёр улсын эдийн засгийн харилцаа аль аль талдаа харилцан ашигтай байх олон боломж байгаа” гэж мэдэгдсэн юм. Уг мэдэгдэл нь Д.Трампын үйлдлийг буруушааж байгаа төдийгүй даяаршсан эдийн засгийг хумих гэсэн үйлдэл болж байгааг шүүмжилсэн зүйл болоод байна.
АНУ-ын бизнесийн салбарынхан ч Дональд Трампын импортын татварын шийдвэрийг эсэргүүцэж байна. АНУ-ын Худалдааны танхим тэргүүтэй 40 гаруй томоохон байгууллага нэг талаасаа, БНХАУ-тай шударга худалдаа хийж чадахгүй байгаад санал нэгтэй байгаа, гэхдээ нөгөө талаасаа худалдааны дайн эхлүүлэх нь худалдааны тэнцэл, хөрөнгө оруулалтад өөрчлөлт оруулах вий гэж эмээж байна. Учир нь энэ сарын 16-аас хойш АНУ-ын технологийн компаниудын хувьцааны индексийг тодорхойлогч Nasdaq индекс огцом унаж байна. Ингэж унасны шалтгаан нь Хятадын хөрөнгө оруулагчид Америкийн технологийн компаниудад оруулсан хөрөнгөө татаж, хувьцаагаа зарж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй юм. Хувьцааны индекс унах тусам аюултай, тиймээс бизнесийнхэн байдлыг даамжруулахгүй байхыг хүсч байна.
ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард: “Худалдааны дайнд ялагч байдаггүй. Тиймээс улс орнуудад хандаж олон улсын худалдааны дайн гарах эрсдэлээс зайлсхийхийг уриалж байна. Учир нь худалдааны дайн сүүлийн жилүүдэд тохиогоогүй эдийн засгийн сэргэлтэд сөрөг нөлөөтэй” гэж онцолжээ. Худалдааны дайн эхлүүлсэн нь АНУ-д ашигтай ч дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, цаашлаад дэлхийн худалдааны тариф өсөх үндэсний үйлдвэрлэл тэлж, эдийн засгийн даяаршил хумигдах популист үзэл санаа дэлгэрэх зэрэг дэлхийн эдийн засагт өөрчлөлт үүсэх магадлалтай байна.
Худалдааны дайны эсрэг Хятадын хариу арга хэмжээ
Хятадын Худалдааны яам АНУ, Хятадын хооронд тэнцвэргүй худалдаа үүссэн шалтгааныг хоёр орны эдийн засгийн бүтэц, үйлдвэрлэлийн өрсөлдөөн, олон улсын хөдөлмөр хуваарилалт, худалдааны статистикийн тогтолцоо, АНУ-аас Хятадад тавьсан өндөр технологийн экспортын хязгаарлалт зэрэг олон шалтгаантай хэмээн өнгөрсөн оны сүүлээр АНУ, Хятадын худалдааны маргаан ширүүсэх үеэр мэдэгдэж байсан юм. Хятад улс АНУ-ыг дотоодынхоо хуулийн 301 дүгээр зүйл заалтад үндэслэн Хятадын худалдааг шалгаж, арга хэмжээ авах гэж байгаа нь өнөөгийн олон улсын худалдааны системийг эвдэж буй явдал хэмээн буруушааж, шаардлагатай бүх арга хэмжээг авч, улсынхаа эрх ашгийг хамгаалахаа мэдэгдэж байлаа.
Ингээд 3 дугаар сарын 22-ны өдөр АНУ-ын зарласан арга хэмжээний хариуд 23-ны өдөр Хятадын Худалдааны яам албан ёсныхоо сайт дээр “АНУ Хятадаас авдаг ган, хөнгөн цагааны импортын татвараа нэмэгдүүлснээс үүдэн амсах хятадын хохирлыг тэнцвэржүүлэх арга хэмжээ авна” гэдгээ мэдэгдэв. Хятадын арга хэмжээний төлөвлөгөөгөөр АНУ-д үйлдвэрлэсэн жимс, вино зэрэг бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмж 15 хувь, хэрэв шаардлагатай бол АНУ-аас авдаг гол импортын бүтээгдэхүүн гахайн мах гэх мэт барааны гаалийн татварыг 25 хувь болгох юм байна.
Хятадын худалдааны яам 3 тэрбум ам.долларын 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хориг хязгаар тавихаар төлөвлөж байгаа нь АНУ-ын Хятад руу гаргадаг экспортын дөнгөж 2 хувь боловч Америкийн дотоодод улс төрийн шуугиан тарих бараа бүтээгдэхүүнийг нягтлан сонгожээ. Тухайлбал АНУ-ын гахайн махны гол үйлдвэрлэгчид төв ба баруун бүсдээ байрладаг бөгөөд тэнд Д.Трамп улстөрийн дэмжлэг сайтай байдаг, тиймээс Трампын улстөрийн дэмжлэгийг онилж Хятад хориг тавьж байна.
БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Цуй Тянькай “Хятад улс АНУ ба бусад улстай худалдааны дайн хийхийг хүсэхгүй байна, гэвч АНУ үүнийг хүсэж байгаа бол бид ч хариуг нь өгнө, хэрвээ биднээр ородвол бид ч бас оролдоно, хэн нь удаан тэвчихээ үзье” гэжээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин хэлэхдээ “Хятад улс худалдааны зөрчил маргааныг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх байр суурь баримталдаг. АНУ ба бусад улс Хятадын ААН-үүдэд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх хэвийн нөхцөл, ялгаварлан гадуурхаагүй орчин бий болгоосой гэж найдаж байна. Хятад улс цаашид нээлттэй байдгаараа байж, төлөвлөсөн замаараа явах л болно” гэж мэдэгдэв.
Хятадын байр суурь, мэдэгдлүүдээс харахад дайтахыг хүсэхгүй, гэхдээ айхгүй гэдгээ тодорхой илэрхийлж байна. Мэдээж АНУ-тай хийж буй худалдаанаас ашиг хүртэж байгаа улсын хувиар худалдааны дайныг хүсэхгүй бөгөөд авах хариу арга хэмжээ нь голдуу Д.Трампын дотоод дахь нэр хүндэд нөлөөлөхүйц байхаар тооцож буй нь улс төрийн аргаар асуудлыг эргүүлэхээр оролдож байгааг илтгэнэ.
Хятадын эрдэмтэн Хө Вэйвэнь АНУ-ын 301 дүгээр заалтын худалдааны хориг тавьж байгаа ч худалдааны хэсэгчилсэн дайн өрнөж буйгаас биш хоёр улсын худалдааг бүхэлд нь хамраагүй гэв. Мөн Профессор Жан Жядун “худалдааны дайнаас АНУ өөрөө илүү хохирно. Хятадын ААН-д хаалт тавьсан ч импортын хэрэгцээ нь байсаар байна, бусад улсаас импортлоход тэр нь хятадынхаас үнэтэй тусна” хэмээжээ. Үнэхээр ч хэд хэдэн удаагийн худалдааны маргаан Хятадад ашигтай тусдаг байжээ.
Худалдааны дайн хэнд ашигтай вэ?
АНУ худалдааны дайныг Хятадтай хийж байгаагаа зарласан өдрөөс хойш тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоо болон бусад зургаан улсыг ган, хөнгөн цагааны импортын тарифаас түр хугацаагаар чөлөөлснөө мэдэгдэж холбоотнууддаа найр тавьж, түшиж эхэлсэн.
Харин саяхан АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер: “БНСУ-тай чөлөөт худалдааны асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд тарифын болон худалдааны хэлэлцээрийн тухай ярилцаж үр дүнтэй боллоо” гэдгээ олон улсад зарласан нь талууд ойрын хугацаанд хэлэлцээрт гарын үсэг зурж, БНХАУ-ын эдийн засгийн нөлөөг бууруулах алхам болж байна.
АНУ мөн АСЕАН-ны орнуудтай харилцаагаа сайжруулж, Хятадад тавьсан 1300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тэндээс импортлох хандлага ажиглагдаж байна. Ингэснээр Зүүн өмнөд Азид АНУ эдийн засгийн хамаарлаар дамжуулан нөлөөгөө нэмэгдүүлэх боломж үүсэх юм. АСЕАН болон Зүүн хойд Азийн орнуудын эдийн засаг сэргэж, худалдааны дайнаас хожиж магадгүй.
Цаашид юу болох вэ?
Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулах тухай Д.Трампын гарын үсэг зурсан баримт бичиг хүчин төгөлдөр болоход 60 хоногийн хугацаа бий. Талууд хэлэлцээ хийх энэ цонхыг ашиглаж чадах уу? Худалдааны дайн дэгдэв хэмээн үйл явдал сүр дуулиантай эхэлсэн боловч талууд эцсийн бүлэгт яриа хэлэлцээний замыг сонгох сонирхолтой байгааг аль аль талын мэдэгдлээс харж болно. Д.Трампын хурц мэдэгдлүүдийг яриа хэлэлцээний өмнөх тактик байсан хэмээх дүгнэлтүүд ч гарч байна. Үнэхээр ч АНУ-ын Худалдааны сайд Л.Росс “Бид Хятадыг хямралд оруулах бодолгүй, бид өөрсдийнхөө эдийн засгийг ч хямраах бодолгүй байна” хэмээн мэдэгдсэн юм. БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Лю Гө 3 дугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Сангийн сайдтай утсаар ярихдаа худалдааны дайн АНУ-д ч, Хятадад ч, дэлхийд ч ашиггүй, гэхдээ Хятад улс сайтар бэлтгэлтэй байгаа, эрх ашгаа хамгаалах чадавх бий, талууд ухаалаг байж худалдааны тогтвортой ерөнхий хандлагыг хамгаалах нь чухал гэсэн юм.
АНУ, Хятадын тэнцвэргүй худалдааг өөрчлөхөд хэдэн жил шаардагдана, талууд сунжирсан яриа хэлэлцээ эхлүүлэх хандлагатай байна. Тэр яриа хэлэлцээгээ нууцаар хийж магадгүй байна. Аль алиных нь эдийн засаг дэлхийд тэргүүлдэг, нөгөөдөө байр сууриа алдахгүй байхыг аль аль нь хүснэ, мөн дэлхийн худалдааны хууль дүрмийг зөрчихөд хүрвэл бусдад мэдэгдэхгүй байх нь чухал юм. Дональд Трамп хоёр талт хэлэлцээрийг өөрийн байр суурийн нэн тэргүүнд тавьдаг учир дээр дурдсан таамаглалыг биелүүлэх боломжтой юм.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Монгол Улсын эдийн засгийн хямралуудДараах нийтлэл
Хоёр хөршид гарсан өөрчлөлт: Монгол Улсад нөлөөлөх байдалСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19