Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гадаад орчныг бүрдүүлж байдаг манай хөрш хоёр улсад энэ оны 3 дугаар сард дэлхийн хэв журам, хүчний тэнцвэрт эргэлт авчрах суурь шинжтэй хэд хэдэн үйл явдал болж өнгөрлөө. ОХУ алдагдсан байр сууриа сэргээхээр, БНХАУ олон улсын хэрэгт идэвхтэй оролцохоор чармайн нөлөөгөө нэмэгдүүлсээр байгаа бол АНУ өөрийн ашиг сонирхлын орон зайг хадгалж үлдэх бодлого баримталж байна. Эдгээрийн аль алинд нь манай улс өртөх хамаарал нэмэгдэж байна.
Олон улсын ийм орчин нөхцөл Монгол Улсад нэг талаас аюулгүй байдлаа баталгаажуулах ховорхон боломжийг, нөгөөтээгүүр хөгжлийн гадуур үлдэх, эсхүл их гүрнүүдийн ашиг сонирхлын золиос болох эрсдэлийг тус тус дагуулж байна. Болж өнгөрсөн үйл явдлууд нь хөрш орнуудын улс төр, нийгэм, эдийн засаг, цэргийн бодлогод хийгээд Монгол Улсын язгуур ашиг сонирхолд хэрхэн нөлөөлөхийг дүгнэхийг зорив.
ХЯТАДЫН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ ИРЭХ ТАВАН ЖИЛД ТОГТВОРТОЙ БАЙНА
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал (БХАТИХ)-ын 13 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган 3 дугаар сарын 5-аас 20-ны өдөр, Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хурал 3 дугаар сарын 3-аас 16-ны өдөр хуралдав.
БХАТИХ-аар Ши Жиньпин Улсын дарга, Ли Көчян Ерөнхий сайд, Ли Жаньшү Ардын төлөөлөгчдийн их хурлын дарга, Ван Чишань Улсын дэд даргаар тус тус сонгогдож, 5 дахь үеийн удирдагчдын хоёр дахь
бүрэн эрхийн хугацаа эхэллээ. Мөн “Хоёр хурал”-аар Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлт, Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, Үндэсний Хяналт шалгалтын хороо, Засгийн газрын ажлын тайлан зэрэг олон чухал сэдвийг хэлэлцсэн онцлогтой байлаа. Хятадын улс төр, эдийн засгийн бодлого, үйл ажиллагаанд хийж буй өөрчлөлт шинэчлэлт юу байсан, цаашдын хандлага ямар байх талаар авч үзлээ.
Үндсэн хуулийн өөрчлөлт: Сунасан эрх мэдэл хийгээд болзошгүй үр дагавар
ОДООГИЙН хэрэгжиж буй Үндсэн хуулийг 1982 онд баталсан ба нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өмнөх өөрчлөлтүүдээр хамгийн ихдээ 2-3 заалтыг засварлаж ирсэн бол энэ удаад нийт 21 зүйлийг хөндсөнөөрөө онцлогтой. Үндсэн хуулийн энэхүү шинэтгэл нь өргөн далайцтай мөн боловч заалт бүрээр авч үзэж, ангилбал үндсэндээ гурван чиглэлээр гол өөрчлөлт хийсэн харагдаж байна.
(1) Хятадын Коммунист Нам үзэл санааны жанжин шугамаа нягт баримталдгийн гол илрэл нь Мао Зэдунаас Ши Жиньпин хүртэлх 5 үеийн удирдагчийн үзэл санааг Үндсэн хууль, Намын дүрэмд тусгаж өгдөг ёсоор энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ху Жиньтаогийн “Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл санаа”, Ши Жиньпиний “Шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын үзэл санаа” хэмээх томьёоллыг нэмж бичин, Үндсэн хуулиндаа дархлав.
(2) “Улсын дарга, дэд даргын бүрэн эрхийг хоёр сонгуульт хугацаанд хэрэгжүүлнэ” хэмээх заалтыг хасаж, 10 жилээс хэтрэхгүй байх хязгаарлалт үгүй болсноор Ши Жиньпиний 2023 онд дуусгавар болох байсан Улсын даргын албан тушаал нь 2028 он хүртэл сунах боломж бүрдэв. Хэрвээ Ши Жиньпин 2028 онд Улсын даргын албаа шилжүүлнэ гэж тооцвол Хятадад удирдлага шилжүүлдэг өмнөх жишгээр дараагийн залуу удирдагч 2023 онд Улсын дэд даргаар сонгогдон орж ирэх ёстой юм. Тийм байх магадлалтайг энэ удаагийн их хурлаар сонгогдсон Улсын дэд даргын томилгооноос харж болно. УТТ-ны Байнгын хорооны гишүүнээс нас хэтэрсэн шалтгаанаар албан тушаалаа өгсөн, өдгөө 69 настай Ван Чишань Улсын дэд дарга болсон, гол шалтгаан нь тэрбээр авлигатай тэмцэх ажлыг гардан гүйцэтгэсэн итгэлт түшмэлийн хувиар дэд даргын үүргийг ирэх 5 жилд гүйцэтгэнэ. Эндээс харахад Хятадад удирдлагын эрх барих хугацаа 10 жил байсан нь 15 жил болон тогтож магадгүй юм. Гэвч улс төр судлаачдын үзэж буйгаар Үндсэн хуулийн уг заалтыг хассаны гол уршиг нь төлөвшиж байсан механизмыг эвдсэнээрээ тогтворгүй байдал үүсгэж болзошгүй, мөн эрх мэдлийн хяналтын тогтолцоо сул байдал нь ирээдүйд улс төрийн дотоод ширүүн өрсөлдөөнийг өдөөж болзошгүй гэсэн хардлага, таамаг давамгай байна. Улс төрийн элит давхаргын тэмцэл ширүүсвэл, тэр нь улмаар нийгмийн тогтворгүй байдал руу чирвэл Хятадад урьдчилан таамаглагдаагүй гэнэтийн савалгаа үүсэх үү гэдэг асуулт гарна. Тэгэх аваас мөнөөх эрсдэл чухам энэ удаагийн Үндсэн хуулийн эрх мэдлийн хязгаарлалтыг авч хаясан явдлаас улбаатай үүсч болзошгүй. Иймээс л судлаач шинжээчид болгоомжлон, буруушаасан дүгнэлтийг голдуу хийж байна. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт алсдаа ямар үр дагавар авчрахаас үл хамаараад 2023, 2028 он хүртэл хятадын улс төрийн амьдрал тогтвортой байх болно.
(3) Авлигын эсрэг тэмцлийг улам өргөжүүлж, Үндэсний хяналт шалгалтын хороо хэмээх Үндсэн хуулийн эрх хүрээний байгууллагыг байгуулж, өргөн далайцтай тэмцэхээр болов. Уг байгууллагын бүтэц, функцийн тухай дэлгэрэнгүйг доор жич өгүүлнэ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн оны 9 дүгээр сард Намын төв хорооны Улс төрийн товчооны хуралдаанаар хэлэлцэн, ажлын хэсэг байгуулсан ба энэ оны 1 дүгээр сард ХКН-ын 19 дүгээр их хурлын 2 дугаар бүгд хурлаар мөн хэлэлцүүлээд улмаар БХАТИХ-ын чуулганаар ийнхүү батлуулсан юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Тайваний Тамкан их сургуулийн профессор Жао Чуньшан онцлохдоо Хятадын хүч чадал нэмэгдэж байгаа энэ үед удирдагч нь эрх мэдлийг төвлөрүүлж, хүчирхэг байх нь бодлогоо хэрэгжүүлэхэд олон давуу талтай байж болох хэдий ч урт удаан эрх барьснаар нийгмийн хувьсал хөгжилтэй хөл нийлж чадахгүйд хүргэх эрсдэлтэй, улмаар нийгмийн хүч нь улс төрийн хүчээ түлхэн унагахад хүргэж болзошгүй, үнэхээр ч Намын 19 дүгээр их хурал дээр хамгийн гол нийгмийн бэрхшээлийг “ард түмний сайхан амьдрах хэрэгцээ ба хөгжлийн тэгш бус байдал хоорондын зөрчил” хэмээн тодорхойлсон гэжээ.
Улс төр судлаач Ф.Фукуяама, “… хятадын дундаж давхаргынханд тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил нэн чухал, үүнийг Ши Жиньпин өгч чадсан учраас талархал хүлээдэг, хэрэв зээ аюул занал байна гэж үзвэл тэр нь хятадын улс төрийн элит давхаргаас ирнэ, учир нь тэд Соёлын хувьсгалыг туулсан, хэдийгээр Ши Жиньпинийг ийм удирдагч болоход нь тусалсан ч эргээд өөрсдөө эрсдэлд орж мэднэ, тиймээс цаашид хятадын улс төрийн элит давхаргыг бид маш нарийн ажиглаж байх хэрэгтэй” хэмээн үзэж байна.
Засгийн газрын бүтцийн өөрчлөлт: Гүйцэтгэх засаглал бэхжив
БХАТИХ-ын чуулганы 3 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг батлав. Үүрэг функц ойролцоо, үйл ажиллагаа төстэй төрийн байгууллагуудыг нэгтгэн нийлүүлэх бүтцийн өөрчлөлтийг хийсэн ба энэ хүрээнд Төрийн зөвлөлийн бүтэц дэх яамны түвшний 8 байгууллага (төрийн албаны 3-р дэс), тусгай хороо (агентлаг)-ны түвшний 7 байгууллага (төрийн албаны 4-р дэс)-ыг хумин, 26 яам, агентлагтай болгож цомхон бүтэцтэй байхаар цэгцэллээ. Тухайлбал, Газрын нөөцийн яам, Далайн хэрэг эрхлэх газар, Кадастр газарзүйн мэдээллийн газар хэмээх гурван тусдаа байгууллагыг татан буулгаж Байгалийн нөөцийн яам байгуулав. Шинээр Онцгой байдлын яам, Экологийн яам, Шинжлэх ухаан технологийн яамыг байгууллаа. Төрийн зөвлөлийн бүтцэд мөн Олон улсын хамтын ажиллагааны газар, Хятадын банк, даатгалын асуудал эрхэлсэн хороо, Иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар зэргийг байгуулжээ. Эндээс онцлууштай нь Олон улсын хамтын ажиллагааны газар нь “Бүс ба Зам” дагуух орнууд руу чиглэсэн эдийн засгийн тусламжийг бодлогоор зохицуулах, нэгдсэн төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх үүрэгтэй, ГХЯ, Худалдааны яам хоёрын хуваан хариуцаж байсан үүргийг ийн нэгтгэсэн байна.
Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар хятадын улс төр судлаач, Чинхуа их сургуулийн профессор Ү Чян дүгнэхдээ “Бүтцийн өөрчлөлтийг хийснээр Төрийн зөвлөлийн макро зохицуулалтын эрх мэдэл буурч, харин хамгаалах, баталгаажуулах чадавх нь нэмэгдэж байна, бүхэлдээ үүрэг функц нь өөрчлөгдөж байна” гэжээ.
Төр засагт хийж буй өөрчлөлтийн гол санааг Ши Жиньпиний төр улсыг засах тухай үзэл санаанаас харж болно. Ши Жиньпин удирдлагад гарч ирсний дараа улс орныг удирдан жолоодох гол эрх мэдлийг ХКН-д илүү төвлөрүүлж, макро түвшний бодлогын нэгдсэн зохицуулалтыг Төрийн зөвлөлд гэхээс илүүтэй Намын төв хорооны Улс төрийн товчоонд төвлөрүүлсэн, үүнийгээ сая улам бататгаж, “Хятадын Коммунист намын жолоодлого бол Хятадын онцлогтой социализмын үндсэн онцлог” хэмээх өгүүлбэрийг Үндсэн хуульд нэмж оруулав. Засгийн газрыг үр ашигтай ажиллуулах, чадамжийг нь дээшлүүлэх асуудлыг ч мөн зүй ёсоор эхлээд Намын төв хорооны Улс төрийн товчооны хурлаар авч хэлэлцдэг.
Засгийн газрын өөрчлөлтийг чухам яаж хийх, Засгийн газрын бүтэц хэрхэн ажилладаг байх, хэр хэмжээнд цомхон байлгах зэрэг асуудал зах зээлтэй холбогддог. Өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлсэн үеэс эхлээд зах зээл ба Засгийн газрын харилцааг зохицуулах явдал анхаарлын төвд байв. 1992 онд ХКН-ын 14-р Их хурлаар “баялгийн хуваарилалтад зах зээл суурь үүрэг гүйцэтгэх” тухай заасныг онолын шинэ дэвшил хэмээн үздэг бөгөөд өдгөө Ши Жиньпиний эрин үед “баялгийн хуваарилалтад зах зээл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ” хэмээн заагаад буй. Баялгийн хуваарилалтад зах зээл ийм чухал үүрэгтэй юм бол Засгийн газрын оролцоог аль болох хумих чиглэлд ажиллах ёстой болно. Ингээд Дэн Сяопинаас Ху Жиньтао хүртэлх өмнөх үеийн удирдагчид Засгийн газрыг авсаархан байлгах өөрчлөлтийг хийж, Засгийн газрын хэт их оролцоог хумих, чадамжийг нь өөрчлөх, цалгар назгай байдалтай тэмцэх ажлыг хийсээр ирсэн. Энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөөр Засгийн газрыг ард түмэнд үйлчлэх үүрэгтэй төрийн гол аппаратын хувиар “үйлчилгээний” функцийг нь түлхүү нэмэх, сайжруулах өөрчлөлтийг хийж, төрийн байгууллагуудыг татан буулгах, хооронд нь нэгтгэх, шинээр зарим яам, хороог байгуулах зэргээр хамрах хүрээг илүү ойлгомжтой, хариуцлагыг илүү тодорхой болгосон гэж судлаачид дүгнэжээ. Цаашид ч хүнд суртлыг халах, төрийн нүсэр аппаратыг цомхон байлгах чиглэлээр Хятад улс ажилласаар байх юм.
Ийнхүү Хятад улс бүтцийн өөрчлөлтийг хийдэг боловч төрийн аппарат аажим томорч тэлдэг, улмаар дахин хумих арга хэмжээ авдаг ч дахин тэлдэг хачирхалтай тойрог үргэлжилдэг хэмээн нэрээ нууцалсан хятад судлаач өгүүлээд тиймээс энэ удаагийн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн үр дүн сайн байх эсэхэд өөдрөг хандах шаардлагагүй хэмээжээ.
Хяналт шалгалтын хороо: Авлигын эсрэг тэмцэл далайцтай тэлнэ
БХАТИХ-аас3 дугаар сарын 19-ний өдөр шинээр байгуулсан Үндэсний хяналт шалгалтын хорооны даргаар Ян Шяодүг сонгож, 20-ны өдөр “Хяналт шалгалтын тухай хууль” баталлаа. Төрийн зөвлөлийн харьяанд байсан Хяналт шалгалтын яам, Авлигаас сэргийлэх газар хэмээх хоёр байгууллагыг татан буулгаж, Үндсэн хуулийн эрх хүрээний байгууллага болох Үндэсний хяналт шалгалтын хороонд нэгтгэв. Үндэсний хяналт шалгалтын хороо дарга, дэд дарга, гишүүдээс бүрдэнэ. Тус хорооны даргыг БХАТИХ-аас сонгож томилно. Харин дэд дарга ба гишүүдийг дарга нь БХАТИХ-д нэр дэвшүүлснээр томилж, чөлөөлнө. Үндэсний хяналт шалгалтын хороо нь муж, гацаа гээд орон нутаг бүрт салбар нэгжтэй, улс орныг бүхэлд нь хамарсан үйл ажиллагаа явуулна.
Тус хорооны гол функц нь хяналт тавих, шалгалт хийх, хянан шийдэх үүрэгтэй ажиллах ба төрийн албан хаагчдыг хуулийн дагуу ажиллаж буй эсэх, авлигад автаж, улсын хөрөнгийг завшиж буй эсэхийг хянаж шалгаж, хууль зөрчсөн албан хаагчид хариуцлага хүлээлгэх, шалгалтын үр дүнгээ прокурорт шилжүүлэн шийдүүлэх зэрэг ажил үүрэгтэй байгууллага юм. Ер нь Хятадад авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлдэг гол байгууллага нь ХКН-ын Сахилга батын хороо юм. Сахилга батын хороо намын харьяаны байгууллага тул шалгах субъект нь намын гишүүдээр хязгаарлагддаг. Гэтэл төрийн албан хаагчид дотор намын харьяалалгүй түшмэд цөөнгүй тул хяналтын хийдэл гардаг байсныг ийнхүү шинэ байгуулсан бүтцээр шийдвэрлэж байна. Үндэсний хяналт шалгалтын хороо 90 сая намын гишүүнээс гадна, төрийн өмчит ААН-ийн удирдлага, боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, судалгаа шинжилгээний байгууллагын албан хаагч цөм хамрагдах юм.
Гадаад бодлого: Нээлттэй, идэвхтэй бодлого үргэлжилнэ
Ши Жинпиний эрх барьсан өнгөрсөн таван жилд Хятадын гадаад бодлогын жанжин шугам нь “даруу байж хүчээ нөөх” байдлаас “хүчтэй идэвхтэй” чиглэл рүү өөрчлөгдсөн бөгөөд үүнийг энэ удаагийн их хурлаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт дотор тусгав. Оршил хэсэгт “улс орнуудтай гадаад харилцаа ба эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлнэ” гэсэн заалт дээр “хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг бататгана” хэмээх агуулгыг нэмсэн. Хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг бататгах нь Ши Жиньпиний дэлхийн засаглалын талаарх гол үзэл санаа юм. Хятадын хүчирхэгжлийн түлхүүр болсон эдийн засгийн хөгжил дэлхийн эдийн засгаас шууд хамааралтай, “Бүс ба Зам” стратеги амжилттай хэрэгжих суурь дэвсгэр нь гадаад хамтын ажиллагаанаас шалтгаална, энэ хэрэгцээ шаардлагаас ургуулан Ши Жиньпин хүн төрөлхтний нийгэм харилцан нягт хамааралтай, хамтын эрх ашигтай, тогтвортой хөгжлийн хэрэгцээ шаардлагатай гэдэг үзэл санааг эш үндэс болгон дээрх томьёоллыг дэвшүүлсэн ба улмаар Үндсэн хуулиндаа тунхаглав.
Түүнчлэн “энх тайванч хөгжлийн замаар замнаж, харилцан ашигтай хамтдаа хожсон нээлттэй стратегийг баримтална” хэмээх өгүүлбэрийг нэмсэн, тодруулбал хятадын эдийн засгийн либерал гадаад бодлого урт удаан үргэлжилнэ. Өөрчлөлт оруулсан агуулгаас харахад цаашид илүү нээлттэй, идэвхтэй гадаад бодлого баримтална.
Өнгөрсөн таван жилд Хятадын дарга Ши Жиньпин 57 улсад айлчилж, Хятадад айлчилсан 110 гаруй төрийн тэргүүнтэй уулзан, улс орнуудтай өргөн түншлэл өрнүүлж байна. 2018 онд Хятад улс дотооддоо дөрвөн том гадаад арга хэмжээ зохион байгуулна, 4 дүгээр сард Боаогийн чуулгыг Хайнаньд, 6 дугаар сард ШХАБ-ын уулзалтыг Чиндаод, 9 дүгээр сард Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумыг Бээжинд, 11 дүгээр сард Хятад улс анх удаа Импортын экспо-г Шанхай хотод зохион байгуулах юм.
Засгийн газрын тайлан
Хятадын эдийн засаг өнгөрсөн 5 жилд дунджаар 7.1 хувиар өсөж, тогтворжих хандлага үүссэн нь бүтцийн өөрчлөлт нааштай үр дүнтэй буйг илтгэв. 2017 онд иргэдийн орлого, ажлын байр, гадаад худалдааны хэмжээ нэмэгдсэн амжилттай. Хэдий тийм ч хот хөдөөгийн зөрүү, орлогын хуваарилалтын ялгаа, банк, санхүүгийн зах зээлийн тодорхой бус эрсдэл, боловсрол, эмнэлэг гэх мэт нийтийн үйлчилгээний хангалтгүй байдал, төрийн үйлчилгээн дэх хүнд суртал зэрэг бэрхшээл нийгэм, эдийн засгийн салбарт оршсоор байна гэжээ.
2018 онд Хятад улс эдийн засгаа 6.5 хувиар өсгөнө, үнийн өсөлтийг 3 орчим хувьд барина, 11 сая ажлын байр нэмж, ажилгүйдлийг 5.5 хувьд барина гэсэн гол зорилт тавиад байна. Хятад улс бодлогоо явуулахад гадаад талд дэлхийн эдийн засаг сэргэх хандлагатай таатай боломж бүрдэж буй хэдий ч худалдааны хамгаалах бодлого (протекционист), геополитикийн эрсдэл нэмэгдэж байна гэж үзжээ. (Засгийн газрын тайлан ба хятадын эдийн засгийн хандлагын талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 11 дугаартай мэдээлэлд дэлгэрэнгүй өгүүлсэн болно).
*** *** ***
БХАТИХ-аар Хятадын одоогийн удирдлага эрх барих хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ. Үндсэн хуульд хийсэн өөрчлөлтүүд нь хятадын удирдлагын бүрэн эрхийн хугацааг лавтай 2028 он хүртэл сунгаж буй нь ирэх 10 жилийн улс төрийн тогтвортой дүр зургийг бүрдүүлж байна. Гэвч удирдлага солигдож ирсэн өмнөх тогтолцоонд цаг хугацааны өөрчлөлт оруулж буйгаар тодорхой бус хүчин зүйлийг үүсгэж, алсдаа тогтворгүй байдал дагуулах эсэхийг ажиглаж байх шаардлагатай. Ши Жиньпиний эрх барих хугацаанд улс орныг жолоодох эрх мэдэл нам руу улам төвлөрөх хандлага ажиглагдаж байгааг гүйцэтгэх засаглалын үүрэг чадамжийг “үйлчилгээний” тал руу өөрчилж буйгаас харж болно.
Гадаад бодлогод Хятад улс олон талт хамтын ажиллагааны механизмыг түлхүү ашиглах замаар өнөөгийн олон улсын системд илүү идэвх оролцоотой байна. Онцлох нь цаашид “Бүс ба Зам” дагуух орнуудад гадаад тусламжийг олгох, энэхүү өргөн цараатай гадаад тусламжаар дамжин хятадын технологи, бүтээгдэхүүн, ажиллах хүчийг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг түлхүү явуулах хандлагатай.
Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт үр дүнгээ өгч өсөлт тогтворжих хандлагатай байна. Энэ нөхцөл байдал 2018 онд үргэлжлэхээр байгаа нь Монгол Улсын гадаад худалдааг ашигтай байх эерэг хандлага ажиглагдаж байна. Тус улс орон сууцны тогтолцооны шинэчлэлт, үр ашигтай механизмыг бүтээн байгуулахаар төлөвлөж байгаа нь ган, төмрийн хүдэр, коксжих нүүрсний зах зээл саарахгүйг илтгэж байна. Иймээс манай улс нүүрсний экспортын бодлогоо нэг цонхны стратегийг баримталж ажиллах нь зүйтэй юм.
ОХУ СТРАТЕГИЙН ХҮЧНИЙ ТЭНЦВЭРИЙГ ӨӨРЧЛӨХ, ЭДИЙН ЗАСГАА ҮСРЭНГҮЙ ХӨГЖҮҮЛЭХ СУУРИА ТАВИЛАА
ОХУ-ын шинэ түүхэн дэх 7 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 3 дугаар сарын 18-ны өдөр, В.Путины ОХУ-ын Холбооны хуралд хандаж гаргасан илгээлт 3 дугаар сарын 1-ний өдөр тус тус болж өнгөрөв.
Ээлжит сонгуульд нийт 73.6 сая хүн оролцсоноос 56.4 сая нь В.Путинд саналаа өгсөн /хүснэгт 1/. Үнэмлэхгүй ялалт байгуулсан тэрээр 4 дэх удаагаа улиран сонгогдож, 2024 он гартал ажиллах боллоо. Холбооны хуралд гаргасан В.Путины илгээлтийн гол агуулга нь инноваци, техник технологид суурилсан ОХУ-ын эдийн засгийн хөгжил, мөн батлан хамгаалах асуудал байв.
ОХУ-ын 2018 оны ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог
Өнөөгийн ерөнхийлөгчтэй өрсөлдөх дайны улс төрч, манлайлагч энэ удаагийн сонгуулиар тодорсонгүй. Төрийн тэргүүний албыг 14 жил хашсан (Засгийн газрын даргаар ажилласан 4 жилийг оролцуулбал улс орноо 18 жил тасралтгүй удирдсан) В.Путин “Хүчтэй ерөнхийлөгч, хүчирхэг Орос!” уриатай сонгуульд оролцсон бөгөөд ялалт байгуулах нь эхнээсээ хэн бүхэнд ойлгомжтой байлаа.
Оросуудад АНУ тэргүүтэй барууны орнууд дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцон сонгуулийнх нь үр дүнд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байснаас биш санал хураалтын үр дүнд өнөөгийн ерөнхийлөгч 77 орчим хувийн саналаар өмнөх гурван амжилтаа эвдэн гарч ирнэ гэж таамагласан нь ховор. 2024 он гэхэд В.Путин төрийн тэргүүний албыг нийтдээ 20 жил хашсан (де-факто засгийн эрхийг 24 жил барьсан) байх бөгөөд энэ нь Оросын эзэнт гүрний задралаас хойших И.В.Сталины дараа орох үзүүлэлт болох юм (Энэ оны 1 дүгээр сард уг үзүүлэлтээрээ Л.И.Брежневийн “амжилт”-ыг нэгэнтээ эвдээд буй).
В.Путины нэр хүнд, дэмжлэг Крымийг ОХУ-ын бүрэлдэхүүнд эргүүлэн нэгтгэж, олон улсын терроризмын тархалтыг зогсоох Сири дэх ажиллагааг явуулснаар өнгөрсөн зургаан жилд өссөн бол сонгуулийн өмнө АНУ-ын амбицийг тогтоон барих стратегийн шинэ зэвсгүүдийг танилцуулснаар улам баталгаажсан байх талтай.
Түүнд өгсөн санал эргэлзээ төрүүлмээр өндөр юм биш үү? ЗХУ-ын бүрэлдэхүүн байсан 15 орнуудад болсон сүүлийн сонгуулиудын үр дүнг дунджилж үзэхэд 73.5 хувьтай байх юм. В.Путиных 76.7 хувиар 8 дугаарт буюу дундуур жагссан байна. Казахстаны ерөнхийлөгч Н. Назарбаевт 2015 онд иргэдийнх нь 97.8 хувь, Туркменистаны ерөнхийлөгч Г.Бердымухамедовт 2017 онд 97.7 хувь нь тус тус саналаа өгч байжээ.
В.Путины дэмжлэг ОХУ-ын бүс нутагт 2012 онд нийт 35 субъектэд 60 хувьд хүрэхгүй байсан бол энэ удаад 60 хувиас доогуур санал өгсөн нэг ч субъект алга. Хамгийн бага дэмжлэгтэй 10 субъектийн үзүүлэлт 64.4-69.16 хувь, хамгийн өндөр дэмжлэгтэй 10 субъектийн үзүүлэлт 85.4-93.4 хувийн хооронд байна. Крымд хүртэл 92 хувь нь В.Путинд санал өгсөн байх юм.
АНУ-ын Сангийн яам В.Путины ойрын хүрээлэлд багтах Оросын дээд түвшний төр засгийн эрх баригчид, томоохон бизнесийн төлөөлөл болсон 210 хүний нэрсийн жагсаалт бүхий “Кремлийн тайлан” (Kremlin Report) гэх баримт бичгийг Конгресст танилцуулж, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй тус улсын талд тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан, солилцооны хүрээнд АНУ-д шилжүүлэн өгсөн, тэр жилдээ Их Британид шилжин суурьшсан ОХУ-ын ЗХЖШ-ын Тагнуулын ерөнхий газар (цэргийн тагнуул)-ын ажилтан асан С.Скрипалийг охиных нь хамт “хордуулсан” гэх зэрэг үйл явдал мэдээллийн орчинд сонгуультай зэрэгцэн шил даран өрнөсөн билээ. Эдгээр нь нэр дэвшигчийн рейтинг, сонгогчдын идэвх оролцоо, сонгуулийн үр дүнд сөргөөр бус харин ч эерэгээр нөлөөллөө гэж үзэх судлаачид ч байна. Оросын иргэд, элитүүд өмнөх түүхэн ээдрээтэй үеийн адилаар гадаад аюул заналын өмнө эвлэлдэн нэгдэж чаддагаа харуулсан гэж тэд дүгнэж байна.
Бүх Оросын Олон нийтийн санал асуулгыг судлах төв (ВЦИОМ)-ийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр авсан судалгаагаар ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Оросын иргэдийн 60 хувь нь итгэж байгаа бол, санал хураалтын үр дүнд бүрэн хангалуун, хангалуун талдаа гэж 87 хувь нь хариулсан байна.
В.Путины рейтинг өндөр байсан бас нэгэн шалтгааныг ОХУ-ын байр суурь олон улсад цаашид улам бэхжинэ, нийгэм, эдийн засаг нь хөгжинө, амьдралын чанар нь сайжирна гэсэн Оросын иргэдийн ирээдүйн өөдрөг төсөөлөл, хүлээлттэй мөн холбон тайлбарлаж болно. Иргэд нь хүчтэй манлайлагч үгүйлдэг хүчтэй ерөнхийлөгчийн засаглалтай оронд өөр хүн ялж гарч ирэх, санал хураалтын өөр үр дүн гарах магадлал бага байна. В.Путины ялагдал хүлээсэн цорын ганц саналын байр (№8109) Ираны Решт хотод бүртгэгдсэн байна. Зургаан зуу гаруй мянган хүнтэй тус хотод Оросын 108 иргэн санал өгснөөс 75 хүн (68%) Павел Грудининд, 32 хүн (29%) Владимир Путинд, 1 (1.0%) хүн Владимир Жириновскийд тус тус саналаа өгсөн байна.
Сонгуулийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхийнхөө DO NOT CONGRATULATE (“Баяр бүү хүргэ”) гэж том үсгээр бичсэн зөвлөгөөг үл даган В.Путинд баяр хүргэсэн нь шүүмжлэл дагуулсан хэдий ч түүний эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо.
Сонгуулийн дараах ОХУ ба шинэ үеийн улстөрчдийг бэлтгэх ажил
В.ПутинҮндсэн хуулиа шинэчлэх гэж яарахгүй (“Пока я никаких реформ не планирую”) байгаагаа мөн засгийн газраа эмхлэн байгуулах, халаа сэлгээг тангараг өргөн ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авмагцаа хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Тэрээр 2030 оны сонгуульд оролцон 100 нас хүртлээ “эзэн суух” хүсэлгүй байгаа гэж хэлснээс ОХУ-ын улс төрд шинэ үеийнхэн түрж орж ирэх нь, шинэ эрин үе эхлэх нь тодорхой харагдаж байгаа бөгөөд В.Путинд залгамжлагчаа бэлдэх үүрэг, хариуцлага урган гарч ирж байна.
В.Путин Д.Медведевийн засгийн газрын бүрэлдэхүүнд том өөрчлөлт оруулна. Үүний тулд “Нэгдсэн Орос” намын рейтингийг өсгөх намын дотоод шинэчлэлийг явуулна. Шинэ ерөнхий сайдаар Оросын улс төр, эдийн засгийг цогцоор нь ойлгодог хүн гарч ирэх шаардлагатай болно. В.Путин залгамжаа бэлдэж байгаа бол ирэх жилүүдэд тодрох ерөнхий сайд, сайдуудын дотоод руугаа чиглэсэн бодлого гарч ирнэ.
Сонгуулийн дараа В.Путин ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг нэг дор цуглуулан бүлэг намын ашиг сонирхлоо хоёрдугаарт тавьж, эх орон, ард иргэдийнхээ урт хугацааны ашиг сонирхлыг урьтал болгохыг уриалсан нь ийм учиртай. Тэрээр улс оронд тулгараад байгаа сорилтуудыг давж туулах, дотоод асуудлаа шийдвэрлэхэд улс төрийн намууд, иргэний байгууллага хийгээд нийгмээрээ хүчээ нэгтгэх нь онц ач холбогдолтой гэж чухалчилсан.
Судлаачид ОХУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалт өмнөхөөсөө сайн болж, ирц өндөр, санал хураалт нээлттэй, тайван болж өнгөрсөн гэж дүгнэж байна. Орос даяар нийт 97 мянга гаруй (түүний дотор дэлхийн 150 оронд 400) санал авах байр ажиллаж, сонгуулийн процессыг 350 мянган (115 орны 1500) ажиглагч, 15 мянган хэвлэлийн төлөөлөгчид ажигласан байна. Энэ сонгуулиар санал хураалтын дүнг хамгийн богино хугацаанд гарч, нийт зөрчлийн тоо хоёр дахин багассан байна. Нэг жишээ дурдахад, Оросын Сонгуулийн төв комиссын вэб хуудас сонгуулийн үеэр өдөрт хэдэн арван мянга, зарим өдөр зуун мянга хүртэл кибер халдлагыг бүртгэж байсан бол санал өгөх өдрийн ердөө гурван цагийн дотор 15 орны IP хаягаас DDos2-халдлага (Denial of Service Attack) хийсэн болохыг мэдээлсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон үйл явдал болсон нь тодорхой байлаа.
В.Путины ирэх 6 жилд баримтлах стратеги, төлөвлөгөө
В.Путин ОХУ-ын ирээдүйн хөгжил, аюулгүй байдлыг хэрхэн төсөөлж байгаагаа энэ оны 3 дугаар сарын 1-ний өдөр Холбооны хуралд хандаж гаргасан илгээлтдээ дэлгэрэнгүй дурдсан билээ.
Оросын эдийн засаг Украины хямралаас хойш тогтворжсон, барууны аливаа хоригийг үл харгалзан цаашид зөвхөн өснө гэж оросын тал 2017 оны хоёрдугаар хагасаас дүгнэх болсон. Үндэсний эдийн засгийг дэлхийн дундаж өсөлт болох 3.2 хувиас дээгүүр түвшинд 2019-2020 он гэхэд аваачихаар засгийн газрын үйл ажиллагааны 2018-2020 оны төлөвлөгөөнд туссан байдаг.
Өнгөрсн 10 жилд ОХУ-д гарсан шинэчлэлт өөрчлөлт нь тухайн хугацаанд хуримтлагдсан технологийн чадавхыг хэрэгжүүлэх, хөгжлийн бат бөх суурийг бүрдүүлсэн бол ирэх 10 жил ОХУ-ын хувьд цаашдын хөгжил, аюулгүй байдлыг шийдвэрлэх он жилүүд байна гэж мэдэгдсэн нь онцлог. Тэрбээр ОХУ-ын хамгийн гол аюул занал нь гаднын дарамт шахалт, тус улсыг чиглэсэн зарим орнуудын бодлого бус харин технологийн хоцрогдол, түүнээс улбаатай хамаарал байна. Тиймээс бусдаас хоцрохгүйн тулд түрүүлж хөдлөх, өндөр технологийн компаниудаа дэмжих, гарааны бизнест таатай орчинг бүрдүүлэх, аж үйлдвэрт технологийн шинэ нээлт, ололт амжилтыг нэвтрүүлэх шаардлагатай. Үүний тулд хүний капитал, шинэ үеийн технологид хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд энэ нь Оросын өрсөлдөх чадварыг олон улсад нэмэгдүүлнэ, иргэдийнх нь амьдралын чанар баталгаажиж, нийгэм, улс орных нь аюулгүй байдал найдвартай хангагдана гэж илгээлтдээ дурдав.
Илгээлтийн гол санааг базаж хэлбэл Кондратьевын эдийн засгийн мөчлөгийн онолоор цахилгаан, робот техник, цахим тооцоолол, харилцаа холбооны эрин үе болох технологийн 5 дахь давлагаа 1981-2018 оны хооронд үргэлжилсэн бол зургаа дахь давлагаа болох нано-, био-, мэдээллийн болон сэтгэхүйн (Nano-Bio-Info-Cogno буюу NBIC) технологид шилжих явц 2018 оноос 2040 оны хооронд огцом өсөлт үзүүлэх тул уг давлагааг ашиглаж чадсан нь л урагшилж, чадаагүй нь хол ард хоцорч үлдэх нь. ОХУ технологийн өрсөлдөөнөөр нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа олон асуудлаа шийдээд зогсохгүй их гүрний статусаа бататгах шаардлагатай болно.
Технологийн өндөр чадавх, хүний капиталд суурилсан эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь Оросын иргэдийн амьдралын чанар дээшлэх, эдийн засаг, дэд бүтэц хөгжих болон төрийн удирдлагын систем сайжрахад бүхэлд нь эерэгээр нөлөөлнө. Тиймээс технологийн хөгжлийн асар том боломжийг хэрхэн үр бүтээлтэй ашиглах, технологийн сорилтод ОХУ хэрхэн хариулах, өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан боломжоо хэрхэн ашиглахаас В.Путины ирэх 6 жилийн төлөвлөгөө, стратеги ихээхэн хамаарах нь. Ойрын хэдэн жил ОХУ-ын ирээдүйд шийдвэрлэх жилүүд байна гэснийг ингэж тайлбарлахаар байна. Хамгийн сүүлд В.Путин үсрэнгүй хөгжих стратеги, төлөвлөгөө, алхам тухай бүрээ, түүний зорилго, ач холбогдлыг ард иргэддээ тухай бүр нь нэгд нэгэнгүй тайлбарлан ойлгуулж явна гэдгийг мэдэгдлээ.
Сонгуулийн дараах Орос, Монголын харилцаа
Өмнөх харилцаанаас бидний сайн мэдэх В.Путин улиран сонгогдсоноор Монгол Улс, ОХУ тогтвортой, тууштай тохиролцоонд хүрэх нөхцөл бүрдэж, хоёр улсын зогсонги байдалд ороод байсан харилцаанд нааштай өөрчлөлт гарахаар байна. ОХУ Алс Дорнодын бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэх бодлого явуулан Зүүн хойд Азийн эдийн засагт илүү анхаарах болсон нь Оросын Монгол Улсыг чиглэсэн бодлогод мөн адил өөрчлөлт авчрах нь ойлгомжтой байна. Иймээс Монгол Улс ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаагаа бодитой хамтарсан төсөл хөтөлбөр, дорвитой томоохон алхмуудаар бататгах урагшлуулах, чанарын шинэ түвшинд аваачих нэн шаардлагатай байна.
Энэхүү боломжийг алдалгүйгээр ЕАЭЗХ-нд нэгдэх, цаашлаад ОХУ-тай гадаад худалдааны хэмжээгээ нэмэгдүүлэх, ОХУ-ын ашиг сонирхлын дотоодын уул уурхай, дэд бүтцийн салбарт бий болгох. Гурван улсын коридорын төсөл хөтөлбөрүүд дэх Оросын төлөөлөл, оролцоог бодлогоор идэвхтэй оролцуулах. Алтанбулагийн чөлөөт бүсийг илүү нээлттэй болгох замаар аялал жуулчлал, үйлчилгээний цогцолборыг хоёр талаас бий болгоход анхаарах.
ОХУ-тай зөөлөн хүчний бодлого гүнзгийрүүлэх нь зүйтэй. Соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хил орчмын худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, хөдөө аж ахуй, техник технологи, инновацийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг хойшлуулшгүй хэрэгжүүлэх шаардлагатай.
Хамгийн гол нь бид өөрсдөө дотооддоо тогтвортой байх нь чухал байна.
Дүгнэлт
БНХАУ-ын тухайд өнгөрсөн таван жил улс төрийн дүр зураг тайван, эдийн засаг тогтворжсон, гадаад бодлого идэвхэжсэн хандлага нь ирэх таван жилд хэвээр үргэлжилнэ. “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжлэх тул Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдэд таатай боломж юм. Манай улс энэ оны сүүлээр Хятадын Шанхай хотод зохиогдох Импортын экспод оролцож, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортын боломжийг эрэлхийлэх нь зүйтэй. Хятадын гадаад тусламж нэмэгдэж болзошгүй тул ямар салбарт тусламж хүлээн авах, авахгүй талаарх бодлого чиглэлийг тодорхойлох шаардлагатай.
ОХУ-д өнгөрсөн сард ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж, өнөөгийн төрийн тэргүүн В.Путин улиран сонгогдлоо. Тэрээр тангараг өргөж ерөнхийлөгчийн ажлаа авсан даруйдаа ОХУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх, шинэ залуу хүч улс төрд түрж орж ирэхэд нь бүх талаар дэмжих нь тодорхой боллоо. В.Путины Холбооны хуралд хийсэн илгээлтийн дагуу ОХУ-ын стратеги, бодлогод өөрчлөлтүүд орж шинэчлэгдэх нь. ОХУ-ын гадаад бодлогод суурь шинжтэй өөрчлөлт гарахгүй тогтвортой байх бол АНУ тэргүүтэй өрнөдийнхний ОХУ-ыг ганцаардалд оруулах, эдийн засгаар доройтуулан сөхрүүлэх оролдлого, түүний давтамж, далайц цаашид нэмэгдэн, Орос, Хятадын ашиг сонирхлын зөрчил дээр тоглолт хийн хооронд нь талцуулах бодлого явна.
ОХУ-ын Зүүн хойд Азийг чиглэсэн бодлого цар хүрээгээ тэлж, бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаа улам эрчимжинэ. Энэ бүхэн ОХУ-ын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, цаг үеийн шаардлагын дагуу урагшлах, хэрэгжээд явах асуудал. Түүнчлэн ОХУ инноваци, техник технологид суурилсан эдийн засгийн хөгжлийн шинэ тулгууртай болохыг зорьж байна. Шинжлэх ухаан, технологийн өндөр чадавхаа ядуурлыг бууруулж, иргэдийнхээ амьдралын чанарыг баталгаажуулах зорилгоор хүн, технологийн хөгжилд ойрын жилүүдэд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах төлөвтэй байна. Технологийн хоцрогдлоо арилган дэлхийн зах зээлд интеграцчлагдах, олон улс дахь нөлөөллөө нэмэгдүүлэх, их гүрний статусаа сэргээх нь ОХУ-ын хувьд илүү том сорилт болно.
ОХУ ба БНХАУ-д дотоод асуудлаа шийдвэрлэхэд тогтвортой гадаад нөхцөл шаардлагатай байгаа нь Монголын хувьд хөгжлийн шинэ шатанд гарах таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Манай хоёр хөрш БНХАУ, ОХУ нь гэнэтийн ямар нэгэн үймээн самуун үүсэхгүй бол ирэх 6-10 жилд улс төрийн хувьд тогтвортой байх нь. Үүнээс үүдэн эдийн засгийн бодлогод нь өөрчлөлт гарахгүй. Оросын ЕАЭЗХ, Хятадын “Бүс ба зам” төсөл санаачилга урагшлах бөгөөд эдгээр хоорондын уялдааг хангах асуудал урагшлан шийдэгдэх тул манай улс эдийн засгийн бодлогоо хоёр хөршийнхөө бодлоготой уялдуулан тодорхойлох нь зүйн хэрэг. Дэд бүтцийн бүтээн байгуулалтаа мөн адил зарчмаар явуулан орчин үеийн шаардлага хангасан, ирээдүйн зах зээлийн эрэлтийг тооцож үзсэн логистикийн том хаб зангилаа байгуулах зэргээр хоёр хөрштэйгөө гадаад худалдаа, транзит тээврийн хэмжээ, тэдгээрээс олох ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой. ШХАБ-д гишүүнээр элсэх хоёр хөршийн саналд бэлдэж, боломж гэж харан ашиглах цаг нь ирсэн. Хурдацтай өөрчлөгдөж буй ээдрээтэй гадаад орчинд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, оршин тогтнохуйн аюулгүй байдлаа баталгаажуулах нэн чухал шаардлагатай байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
АНУ, Хятадын худалдааны дайн дэгдэх үү?Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19