‘Арабын Хаврын’-ын арван жил буюу юу болж өнгөрөв?

2021-01-08

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/01/arabspring-131201144927-phpapp01-thumbnail-4.jpg

“Арабын хавар” гэж нэрлэгддэг өргөн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа Ойрх Дорнодод дэгдсэнээс хойш яг 10 жил өнгөрчээ. Арабын хувьсгал нь баялгийн төлөөх технологийн туршилт байв уу, эсвэл жам ёсны хувьсгал байв уу?

“Арабын хавар”-ын эхлэл

2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Тунисын Сиди-бу-Зид хотын 26 настай, ажилгүй иргэн Мохаммед Буазизи хахууль нэхсэн хотын албан тушаалтнуудыг эсэргүүцэн өөрийгөө шатаан егүүтгэснээр эхэлсэн  уг үйл явдал 24 жилийн турш Тунисыг захирсан Зин аль-Абидин Бен Али-г засгийн эрхээс зайлуулснаар төгссөн билээ. Ерөнхийлөгч Бен Алигийн засаглалыг эсэргүүцсэн жагсаал болж, удалгүй жагсаал Тунисын нийслэл руу тархжээ. Аль-Жазира суваг жагсаалыг тасралтгүй нэвтрүүлж, улмаар Тунисын олон ард түмэн цуглаанд нэгдэж сар орчмын дараа Ерөнхийлөгч эхнэр, хүүхдүүдтэйгээ Саудын Араб руу улс төрийн орогнол хийж зугтахаас өөр аргагүйд хүрчээ.

2011 оны 1 дүгээр сар гэхэд жагсаал цуглаан Египет, Йемен, Ливи, Сири, Бахрейн, Алжир, Иордан, Марокко, Ирак, Судан, Кувейт, Ливан, Мавритан, цаашлаад арай бага эрчимтэйгээр Саудын Араб, Оман хүртэл тархав. Саудын Араб, Бахрейн зэрэг улс гадны нөлөөтэйгөөр ‘тайвширсан’ боловч Сири, Ливи, Йеменд цуст дотоод тэмцэл өнөөдрийг хүртэл үргэлжилж, засгийн газрууд нь гаднын, тухайлбал, ОХУ (Сирид), Турк (Ливид), Саудын Араб, АНЭУ (Йеменд)-ын улс төр, цэргийн дэмжлэгтэйгээр оршин тогтнож байна.

Баялгийн төлөөх сонирхол ба технологи

Эдгээр улсын дийлэнх нь газрын тос агуулсан нутаг дэвсгэрт байрладаг ба “хар алт” нь тус орнуудын эдийн засгийн тулгуур юм. ‘Арабын хавар’ нь нийгэмд байгаа зөрчилд (хил хязгаарыг энэ нутаг дэвсгэрт амьдардаг ард түмний ашиг сонирхлыг харгалзан үзэхгүйгээр тогтоосон, суннит болон шиит урсгалууд төрийн эрхийг авахын төлөөх тэмцэл гэх мэт) голлон дулдуйдаж дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэлтэй гэж үзвэл зохино.

Энэ үйл явцыг гаднаас өдөөж зохион байгуулсан гэж тооцох нь нэгэнт түгээмэл болсон. Олон тооны хүн амд нэг дор нөлөөлөх арга хэрэгслийг турших талбар болсон ч гэж үзэх нь бий. Тухайлбал, эдгээр улсад ардчилал, улс төрийн эрх чөлөө, хүний эрх хумигдаж байна гэсэн санаа дохионуудыг нийгэмд шинэлэг байдлаар нэвтрүүлсэн. Нийгмийн сүлжээг өргөн ашиглаж хүмүүсийг бодит байдалд биш түгшүүрт байдал байнга автуулж, бүх зүйлийг хамарсан хатуу суртал ухуулгыг явуулж, өөрчлөлт шинэчлэлийг шаардаж гудамжинд гарч жагсахыг уриалж турхирч байв. Мөргөлдөөний золиос болж хүмүүс амь эрсдэж эхэлснээр засгийн газар сөрөг хүчинд эрх мэдэл өгөхөөс аргагүй байдалд хүрч, улмаар тогтворгүй байдлын гинжин урвалыг үүсгэсэн юм.

“Арабын хавар”-ын явц

Жагсагчдын гол зорилго нь дарангуйлал, хүчний байгууллагын харгислал, авлига, ажилгүйдэл, ядуурал, гадуурхал, төрийн эрх мэдэлтнүүд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийг өндөр албан тушаалд томилдог байдлыг өөрчлөхийг хүссэн боловч байдал эсэргээрээ өөрчлөгдсөн юм.

Нармай Арабын үзэл санаа, хөдөлгөөнийг олон жил улс төр, оюун санааны хүрээнд залж чиглүүлж ирсэн Сири, Ливи, Ирак (2003 оноос хойш эмх замбараагүй байдал эхэлсэн) улсууд нь иргэний дайны хөлд нэрвэгдэж, өнөөдөр нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хадгалахын төлөө тэмцэж байна. Арабын орнуудын үйл хэрэг, сонирхолд нийцүүлж, аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгахад эвсэх, гишүүн улсуудын хооронд ойр дотно харилцахад чухал үүрэгтэй Арабын лигийн үйл ажиллагаа үндсэндээ зогсонги болжээ.

Шинээр тогтоосон дэглэмүүд үр дүнтэй байхаа больж иргэд нь улс орноосоо аль болох хурдан дайжиж, дүрвэгсэдийг хүлээн авах боломжтой улс орон руу сая сая арабчууд цагаачлаад байна. Эрдэм шинжилгээний ажилтан, инженер, эмч, чөлөөт сэхээтэн зэрэг өндөр боловсролтой хүмүүс өөрийгөө болон гэр бүлээ тайван, аюулгүй байлгахын тулд Турк, Европ болон бусад олон улс оронд цагаачлах болсноор тэд улс орноо дахин сэргээн босгох хүчгүй үлдээжээ.

“Арабын хавар” нь нэг талаас либерал ардчиллын үзэл санааг тэтгэсэн мэт эхэлсэн ч эцэстээ исламын тулгуур үзэл суртлыг бүр түгээн дэлгэ­рүүлснээр төгсгөл болсон зөрчил агуулдаг. Шууд үр дагавар нь болж Сири, Иракийн нутагт “Исламын улс” гэх төр төстэй том бүлэглэлийг бий болгожээ. Аль-Каида, Талибанаас ч илүү харгис хэрцгий аргаар тэмцдэг улс төр, шашны хөдөлгөөн үүсэж бүрэлдэх нөхцөл ийнхүү бүрджээ.

Террорист байгууллагуудын эсрэг голдуу Орос, АНУ-ын оролцоотой (хоорондоо уялдаа холбоогүй, ихэнх тохиолдолд эсрэг тэсрэг талуудыг дэмжиж оролцсон ч хамаагүй) тэмцэж “Исламын улс” бүлэглэлийн террористуудын үндсэн голомтыг устгасан ч үзэл санааг нь дарж чадаагүй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт хэрэн хэсэж, террорист халдлага үйлддэг болохыг 2020 онд Францын жишээ харуулав.

‘Арабын хавар’-т нэрвэгдсэн бараг бүх улс оронд гарсан үр дүн бол исламын шашин болон улс төрийн исламыг (түүний суннит урсгалын ваххабит чиглэл)  тунхаглагч хөдөлгөөнүүдийн үүрэг роль бэхжсэн явдал байв. Шашнаас харьцангуй ангид секуляр авторитар дэглэмүүдийг нураасан ч (Иракийн Саддам Хусейн, Йемений Али Абдалла Салех, Египтийн Хосни Мубарак, Ливийн Муаммар Каддафи, Тунисын Зин аль-Абиддин Бен Али зэрэг олон жил засагласан удирдагчид бол ардчилагч огт биш боловч исламистууд байгаагүй юм) ардчилсан чөлөөт сонгуулиар “Исламын ахан дүүс” зэрэг бүлэглэл хууль ёсоор засгийн эрх авах нөхцлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутагт Өрнөдийн талыг баримтлагч секуляр авторитар дэглэм, эс бөгөөс улс төрийн исламизм гэсэн хоёрхон альтернатив сонголт байдаг ба либерал ардчиллын орон зай байхгүй гэдгийг тооцоогүй байна. Түүгээр ч үл барам улс доторх шашин хоорондын, тэр дундаа суннит-шиитийн далд байсан зөрчилдөөн ил гарч Йемен зэрэг газар иргэний дайн дэгдээлээ.

“Арабын хавар”-ын “ялагч”

“Арабын хавар”-т “ялагч” гэж байхгүй. Бүс нутгийн орнууд нэг хүний олон жилийн засаглалаас салсан ч хүний эрх, улс төрийн эрх чөлөөтэй золгосонгүй, харин исламын тулгуур үзэлтнүүдийн толгой өндийлт, дотоодын самуун, иргэний дайн, салан тусгаарлах үзэлтэй нүүр тулж, бүр зарим газар нутаг дэвсгэрийн тодорхой хэсгээ хяналтаасаа алдах нөхцөл үүсэв. Өрнөдийн орнууд (ялангуяа АНУ, Франц) “геополитикийн ногдол ашиг”-аа хүртээгүйгээр үл барам өөрсдийнх нь нийгмийг тогтворгүй байдалд хүргэсэн. Харин Йеменийг эс тооцвол Арабын хойгийн жижиг улсууд (Катар, Оман, АНЭУ, Кувейт) хэдий баян чинээлэг боловч бүс нутгийн болон олон улсын улс төрийн гол тоглогч байгаагүй бол одоо энэ жин нөлөөгөө нэмэгдүүлж байгаагаараа “ялагч”-ийн тоонд орж болох юм.

Сирийн нөхцөл байдал бусдаасаа арай өөр байгаа нь гагцхүү ОХУ-ын цэргийн шууд оролцоо, Башар аль-Асадын дэглэмийг Москва хамгаалалтандаа авсантай  холбоотой. Иран өөрийн төлөөний этгээдүүдээр (голдуу шиит урсгалын бүлэглэлүүд) дамжуулан Ирак, Сирийн төв ба зүүн хэсэг, Ливан, Йемен, Газын зурвас зэрэг газруудад нөлөөгөө бэхжүүлэв. Турк улс Сирийн Идлиб мужид хяналт тогтоосон ба Ливийн засгийн газрыг “залж” байна. Иймд энэ өөрчлөлтүүдээс томоохон олз ашиг олж буй улсуудын тэргүүн эгнээнд ОХУ, Турк, Иран бичигдэнэ.

Цаашдын хандлага

“Арабын хавар”-ын 10 жил буюу хамгийн сүүлчийн жил нь “КоВиД-19” жил байсан нь Арабын олон орныг хүнд байдалд оруулж байна. Хүнсний хомсдол, Ливи, Сири, Ирак, Йемен дэх дуусашгүй дайнууд, Ираны тэлэлт, дэлхийн хайхрамжгүй байдал Ойрх Дорнодын асуудлыг улам дордуулав.

Ойрын ирээдүйд хамгийн их санаа зовоож буй асуудал нь АНУ-аас Ираны чиглэлээр баримтлах бодлого болж байна. Иран цөмийн хэлэлцээрт эргэн нэгдэх, улмаар АНУ-аас Иранд тавьсан эдийн засгийн хоригийг цуцлах зэрэг нь сөрөг үр дагавар бий болгож болзошгүй байна. Ингэснээр Тегеран Арабын орнуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломж нээгдэж байдлыг бүр дордуулж болох юм. Үүний үр дүнд Ойрх Дорнодын сая сая иргэн ‘Арабын хавар’-ын улмаас устгагдсан амьдралаа сэргээхээр бусад улс орон руу цагаачлах байдал нэмэгдэж магадгүй юм.

Өрнийнхөн ямарваа интервэнц хийлээ ч тэр ардчилал, барууны соёл нь исламын соёлд суурилсан нийгэмд суухаасаа өнгөрсөн гэдэг нь тодорхой болжээ. 2011 оны ‘Арабын хавар’-аар эхэлсэн бужигнаан үймээн Египетээс эхлэн намжиж исламистуудыг давраалгүй дарж чаддаг, хүчирхэг тогтвортой төрийг сэргээж чаддаг, түүнийг нь ард түмний олонх дэмждэг, бас тэгээд өрнийнхний заавар зөвлөлгөөг хэрэгсдэггүй жишиг Египетээс эхэллээ.

Ливи, Сиритэй харьцуулбал Египет нь бүс нутгийн том гүрэн, хааш хаашаа сайн муугаар нөлөөлөх бүрэн бололцоотой. Ливи, Сири, Египет гурав зэрэг хямарлаа гэхэд Газар дундын тэнгис тогтворгүй бүс нутаг болж хувирах магадлал нэн өндөр. Энэ нь Европын Холбоонд очиж шууд нөлөөлөх тул ЕХ тогтвортой байдлыг хүсэмжилж буй нь гарцаагүй юм.

Дүгнэлт

“Арабын хавар”-ын аль ч оронд ардчилсан төрт улс төлөвшиж хөгжсөнгүй. Энэ бүх хөдөлгөөн, эмх замбараагүй явдал, жагсаал цуглааны эцэст Арабт зүүн Европын 1989 оных шиг жинхэнэ хувьсгал болсонгүй. ‘Арабын хавар’-аар (экстремист) хэт даврагч исламистууд Сири, Иракт халифатаа байгууллаа. Йемен гэж төрт улс оршин тогтноход маш хүнд боллоо. Олон сая хүн орон гэргүй болж, эх орноосоо дүрвэж,  улс төр нь хүнд байдалд орлоо. Ихэнх улс орнууд эдийн засгийн уналтад орж тогтвортой улс орны тоонд Катар, Кувейт, Оман, АНЭУ зэрэг дөрөвхөн орон багтаж дийлэнх нь тогтворгүй аюултай орны жагсаалтад багтсан нь ардчиллын үзэл санааг лоозонгоо болгосон ч хэрэг дээрээ баялгийн дахин хуваарилалтад хэт яаравчлан шунасан их гүрнүүдийн харалган бодлогын ноцтой үр дагавар юм.  


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА