(Төгсгөл)
Уулын хөнгөн явган цэргийн тактик
Уулархаг газар явуулах байлдааны ажиллагааны нөхцөлд хүнд техник заавал зам харилцаа, уул давааны бартаанаас хамааралтай, зам харилцааны нэвтрүүлэх чадавх нэн хязгаарлагдмал болдог. Иймээс хүнд зэвсэг, техник бүхий анги, нэгтгэлүүд дайсанд гэнэтийн цохилт өгөх боломж эрс хумигдана. Ялангуяа хүн хүч, зэвсэг техникийн хувьд сул байгаа талд энэ ялгаа бүр ч их мэдрэгдэх тул аль болох тэгш хэм (симметри)-гүй эсэргүүцлийн тактик шаардана. Гэтэл АрмЗХ дайны эхний үе шатанд хөнгөн явган цэргийн ажиллагаа явуулахаасаа илүү хүнд техник бүхий цуваанд илүү найдсан ч цуваа явж байсан зам нь азербайжаны талын галын шугамд хэт ойртож очсон тул сөрөг довтолгоо хийх ямар ч боломж бүрдээгүй, уулан хавцал, даваанд отолтонд орж байсан ба сүүлд нь арай манёврлах чадавх сайтай хөнгөн ангиудыг байлдааны ажиллагааны театр руу илгээж эхэлсэн ч хөдөлгөөнийг урьдчилан тооцох, амдан байлдах боломжийг азербайжаны талд олгосоор байв. Энэ бүхэн нь армяны тагнуулын ажиллагаа ч азербайжаныхаас илт хоцрогдсоныг харуулна.
Ийм өгөгдөл бүхий газар оронд байлдааны ажиллагаа явуулахад зөөврийн зэвсэгтэй, тусгай зориулалтын агсамжтай, зориуд бэлтгэгдсэн уулын хөнгөн явган цэргийн ангиудыг оруулах тактикийг сонгох нь оновчтой. Энэ тактикийг 1994-1996 онд Чечений босогчид, сүүлд Сирийн дайтагч бүлэглэлүүд хэрэглэсэн бол албан ёсны зэвсэгт хүчнүүдээс ХАЧА 2015 онд Мьянмарын Коканг дахь мөргөлдөөнийг намжаахад хэрэглэсэн байдаг.
Ийм бэлтгэлийг азербайжаны тал нэлээд сайн хангасан. Тухайлбал, АзЗХ өөрийн тусгай хүчин, уулын явган цэргийн ангиудыг бараг тэр чигээр нь Карабахын дайнд татан оруулсан ба Нахичеванийн Автономит БНУ-ын тусгай хүчний батальоныг ч байлдааны ажиллагааны театр руу татаж нэгдүгээр зэргийн бэлэн байдалд оруулсан. Туркийн “зуучлалаар” Сирийн дайтагчид уг мөргөлдөөнд оролцсон гэх мэдээлэл байгаа ба мөн л хөнгөн явган цэргийн тактикийн нэг илрэл гэж үзүүштэй.
Азербайжаны хөнгөн буудлагын зэвсэг, хөнгөн миномёт, танк эсэргүүцэх болон зенит пуужин эсэргүүцэх пуужингийн цогцолбороор зэвсэглэсэн уулын явган цэрэг уул хярлан зам харилцааг отох, бүслэх галын ашигтай байрлал эзэлж, нисэгчгүй нисэх аппарат (ННА) болон артиллерийн галыг дэмжиж, дайсны ар тал руу гүн нэвтэрч чадсанаар 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Шуша хотыг бүсэлснээр үндсэндээ байлдааны ажиллагааг дуусгавар болгосон. Шуша нь Уулын Карабахын хоёрдахь том хот бөгөөд нийслэл Степанакертийг өндөрлөг дээрээс шууд галлах байрлалтай тул армяны талыг гал зогсоох болзлыг хүлээж авахаас аргагүй байлдалд хүргэсэн байна.
Гэтэл армяны талын тактик хориглолтын бэхэлсэн район, том оврын цуваанд тулгуурласан бөгөөд түргэн байрлах хөдөлгөөнт хүч илт дутагдаж байв. Энэ нь хэрэг дээрээ идэвхгүй хориглолтын тактик байсан бөгөөд дайсны талын нэгэнт гартаа авсан санаачилгад хариу өгөх төдийхнээр хязгаарлагдсан. Газар орноо илүү сайн мэддэг давуу тал байсан ч эсэргүүцэлд илүү хүч, нөөц зарцуулснаар азербайжаны талын отолтод амархан өртөж байв. Шушагийн тулалдаанд энэ сул тал хамгийн тод илэрсэн юм.
Гэхдээ уулын хөнгөн явган цэргийг ашиглахад газар орны байдал мөн л саад, бэрхшээл учруулж байсныг дурдах хэрэгтэй. Учир нь газрын бартаанаас хамаарч хангалтын үйл ажиллагаа илт доголдож байв. Тиймээс гол давшилтуудыг гүн хийж чадахгүй, бага зайд урагшлан байрлал эзэлж, дараагийн хангалтыг хүлээх байдлаар удааширч байлаа. АзЗХ-ий хүн хүч, зэвсэг техникийн давуу байдлаас үл хамааран давшилтын хурд их тааруу, тухайлбал, Гадрутын дэргэд 10 дугаар сарын 10–18-нд, Шушагийн дэргэд 10 дугаар сарын 20-доор эхлээд 11 дүгээр сарын 10 хүртэл үргэлжилсэн, Красный Базар, Мартуни, Лачины орчим бүр зогссоныг үүгээр тайлбарлаж болно.
Азербайжаны цэргийн хөдөлгөөн нь уул хярлаж, артиллери, ННА-ын дэмжлэгтэйгээр галын байрлал эзлэх, уулын зам, даваанд хяналт тогтоож хүнд техник, артиллерийн цувааг татан оруулах, амралт, нөөц сэлбэлт, хангалт, цааш нь мөн адил маршрутаар цөөхөн хэдэн км-ийн бага зайнд давших гэсэн алгоритмоор өрнөсөн.
Зайнаас байлдах ажиллагааны техникийн боломж
Азербайжаны тал уулын хөнгөн явган цэргээс гадна өөрөө явагч артиллерийн хэрэгсэл (САУ)-ийг, ННА-тай оновчтой хослуулан хэрэглэсэн. Эдгээрийн харилцан ажиллагааг хиймэл дагуулын навигацийн тусламжтайгаар удирдан зохицуулж байв. БНАзУ Баку хотноо сансрын төв байгуулж, аль 2013 онд Францын тусгамжтайгаар анхны хиймэл дагуулаа хөөргөсөн нь энэ дайны үед үр өгөөжөө өгсөн. Зарим хэвлэлд азербайжаны тал зөвхөн дрон идэвхтэй ашигласнаар ялалт байгуулж чадсан гэж бичсэн нь үнэнд төдийлэн нийцэхгүй. ННА-ын хэрэглээ тоон утгаараа тийм ч их хувийг эзлээгүй юм. Туркт үйлдвэрлэсэн “Байрактар” бөмбөгдөгч дрон 8–15 нэгжийг л хөөргөсөн ба түүнээс арай илүү тооны тагнуулын болон халхлалтын зориулалттай ННА-ыг ашигласан. Навигац, байр зүйн тохируулга, чиглэлийн засварлалт, цель заах ажиллагааг хиймэл дагуулаас болон тагнуул-хорлон сүйтгэх бүлгээс газар дээр нь гүйцэтгэж байсан.
Харин армяны тал орчин үеийн ННА-ын хүчин чадлыг үл тоомсорлосон байдалтай хандаж, тийм бэлтгэлгүй байлдааны ажиллагааг эхлүүлсэн нь томоохон алдаа болсон. Үндсэндээ азербайжаны тал агаарт ноёрхож, цагийн байдлыг шууд хянаж чадаж байсан бол армяны талд тийм боломж байсангүй, хориглолтын шугамаа бүрэн хянаж чадахгүйд хүргэсэн. Зөвхөн дайны төгсгөлийн шатанд зэвсэглэлд дрон нийлүүлсэн ч их төлөв хуучирсан загварынх байсныг дурдах хэрэгтэй.
Гэхдээ армяны АДХ хүчин чадал сайн байсан бол азербайжаны тал харьцангуй цөөн нэгж ННА-тайгаар агаарт бүрэн ноёрхож чадахгүй байсан нь ойлгомжтой. Гэтэл дайн эхэлмэгц армяны АДХ цогцолборуудад азербайжаны тал бараг бүрэн хохирол учруулсан байна. Улмаар, оперативын энэ тэнцвэргүй байдал дайн дуустал хадгалагдсан. Үүн дээр, армяны тал АДХ цогцолборуудаа оновчгүй байрлуулж, ашиглаж байсан нь ашигт үйлийн коэффициент үлэмж доогуур болоход хүргэв. Дээрх шалтгаануудын улмаас азербайжаны ННА-ууд мөргөлдөөний туршид агаарт ноёлж байсан бол уламжлалт агаарын цэргийн хүч (байлдааны онгоц, нисдэг тэрэг)-ийг үндсэндээ бэлэн байдалд байлгаж, хязгаарлагдмал хүрээнд л хэрэглэсэн.
Армяны тал нисэх хүчнийхээ зэвсэглэлд байгаа Су-25 амдан сөнөөгч болон байлдааны бусад онгоцыг бүрэн ашиглаж чадаагүй нь нөөцийн хомсдолтой холбоотой байв. Өнгөлөн далдлалтыг радио-электрон тэмцлээс гадна байгалийн хүчин зүйл болох цаг агаар, ойн түймэрт (талууд бие биеэ түймэр тавьсан гэж харилцан буруутгасаар байлаа) дулдуйдан хийх гэж оролдсон ч дээрх болон бусад хэрэгслийг цогцоор нь, уялдаатай ашиглаагүйн улмаас үр дүнгээ төдийлэн өгсөнгүй.
Азербайжаны тал нисэгчтэй байлдааны онгоцыг нэн хязгаарлагдмал байдлаар хэрэглэсэн нь тус улс агаарын цэргийн бие бүрэлдэхүүн цөөн, мөн өндөр үнэтэй цөөн онгоцтой тул нисэгчид, нисэх онгоцуудаа шаардлагагүй тохиолдолд эрсдэлд оруулахаас татгалзсан бодлого гэж үзүүштэй. Харин зайнаас удирдах ННА-ын хохирол үнэ өртгийн хувьд хамаагүй хямд төсөр, хүний амь насны хувьд огт эрсдэлгүй байснаараа байлдааны ажиллагаа даамжраагүй тохиолдолд зөв шийдвэр байв.
Өөрөө явагч артиллерийн хувьд, азербайжаны тал голлон чехийн “Дана”, түүний хажуугаар оросын “Мста-С”, “Пион” болон цөөн тооны бусад загварын САУ ашигласан. 36 нэгж өөрөө явагч гаубицийг артиллерийн тусгай бригад болгон зохион байгуулж, өмнөд фронтын давшилтын гол үүргийг гүйцэтгүүлсэн. Азербайжаны БХЯ дээр дурдсан САУ-гийн загваруудаас “Дана”-г тактик-техникийн үзүүлэлт хамгийн сайнд тооцон олноор урьдчилан худалдан авсан байлаа. Харин өөрийн гол холбоотон болох Туркээс хамгийн орчин үеийн 155 мм-ийн “Фиртина” САУ-г нь худалдан аваагүй нь анхаарал татна. Туркийн тал Азербайжанд уг зэвсгээ худалдахгүй, нийлүүлэхгүй улс төрийн болон бусад ямар нэгэн шалтгаан байхгүй тул артиллерийн нэгжүүдийн калибр зөрж, үүний улмаас хангалт доголдохоос сэргийлсэн гэж үзэх илүү үндэслэлтэй юм.
Ирээдүйн зэвсэгт мөргөлдөөнд артиллерийг дайсны талд нийт хохирлын 80–90%-ыг учруулах хүчин чадал бүхий, ялалтын гол хүчин зүйл гэж үзэх хандлага улам бүр нэмэгдэж байгаа гэж үзэх цэргийн мэргэжилтнүүд бий. 2020 оны Карабахын дайны жишээн дээрээс харахад хүнд артиллериэс өөрөө явагч, 150–210 мм-ийн өргөн калибртай, алсын зайнаас хэрэглэж болохуйц, түргэн байрлах, өөрөөр хэлбэл дайсны галын радиусаас гадуур ашиглаж болохуйц САУ-г түлхүү хэрэглэлээ.
Зэвсэглэлтэй холбоотой зарим дүгнэлт, харьцуулалт
Армяны тал хотын нөхцөлд удаан үргэлжилсэн байлдаан явуулж үндсэндээ чадсангүй. “УКБНУ”-ын хамгийн том хот нь 55 мянган хүнтэй нийслэл Степанакерт, удаах нь Шуша, өөр томоохон хот гээд байх зүйлгүй. Гэсэн ч Гадрут, Зангелан зэрэг сууринг ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй орхиж гарсан, Шушаг хамгаалах тулалдаанд амархан ялагдаж, эзлэгдсэн ба ингэснээрээ өндөрлөг газраас Степанакертийг шууд артиллерийн галаар онилох боломжийг азербайжаны талд олгосон. Яг энэ үед ОХУ-ын зуучлалаар яаралтай гал зогсоох хэлэлцээр байгуулсныг мөн дурдах хэрэгтэй. Хэрэв улс төрийн шийдвэр ингэж гараагүй бол өдгөө Уулын Карабахын бүх хот суурингууд АзЗХ-ий хяналтад орох байв. Сирийн Манбиж хотод курдын зэвсэгт босогчдын бүлэглэл туркийн армийн эсрэг удаан хугацааны голомтолсон эсэргүүцэл үзүүлсэн үйл явдлаас туршлага, сургамж аваагүй гэж үзэх нь зүйтэй юм.
Армяны тал газар орны хориглолтын төхөөрөмжлөлтөд зохих анхаарал хандуулсангүй. АНУ-ын зэвсэгт хүчний эсрэг Ирак, Афганистанд, Ливан дахь “Хезболлах” бүлэглэлийн Израилийн эсрэг явуулсан эсэргүүцэл, хориглолтод төдийгүй америкийн талаас ч уулын бүст байлдааны ажиллагаа явуулсан туршлага, сургамжид дүн шинжилгээ хийгээгүй, нутагшуулах оролдлого хийгээгүй нь харагдана. Тэргүүн шугамын ангиудын зэвсэглэл, хангалт тааруу, дайсны давшилтыг сааруулах, удаашруулах зорилгоор мина байрлуулах, бусад төхөөрөмжлөлийг зэхэх зэрэг бэлтгэлийг хангаагүй нь ил болсон. Газар доогуурх хонгил, тэдгээрийн холболт, өнгөлөн далдласан галын байрлал зэргийг зөвхөн уулархаг бүст гэлтгүй ялангуяа Геяны талд хоёроос гурван цуваагаар хийх ёстой байсан ч тэгсэнгүй.
Хориглолтын ямар ч сайн зохион байгуулсан төхөөрөмжлөлийг алсын бөмбөгдөгч онгоц бүхий агаарын цэргийн хүчин устгаж чадах боловч АзЗХ-д тийм зэвсэг байгаагүй зэрэг эмзэг цэг байсныг дурдах хэрэгтэй. Өндөр цэцтэй зэвсгийн нэг сул тал нь нөөц амархан барагдах, нөхөн хангалт хийх өртөг өндөр байдагт оршино. Өрнөдийн орнуудын хувьд Ирак, Ливийн дайны үеэр ийм сул тал ялангуяа эхэн үедээ тод илэрч байсан тул хэчнээн эдийн засгийн хүчин чадал, зэвсэглэл, техникийн хувьд давуу байдалтай боловч Азербайжаны хувьд мөн л ийм бэрхшээл бүр ч илүү тулгарч болох байсан. Үүнийг армяны тал оновчтой ашиглаж, ННА-уудыг асар богино хугацаанд устгаж жагсаалаас гаргасан бол санаачилгыг гартаа авах, байлдааны явцыг өөрийнхөөрөө залах, “тулгах” боломж гарч ирэх байв. Мөн ингэснээр АзЗХ гамнаж, нөөцөлж байсан уламжлалт нисэх хүчнээ оруулахад хүргэж, техникийн, хүн хүчний, эдийн засгийн хохирол нь улам нэмэгдэх ч магадлал байсан.
2020 оны Карабахын мөргөлдөөн нь танкийн үүрэг багасч, байлдааны дрон, танк эсэргүүцэгч пуужингийн цогцолбор, өөрөө явагч артиллерийн ач холбогдол нэмэгдэж байгааг харууллаа. Танк үндсэндээ явган цэргийн дэмжлэгийн үүргийг гүйцэтгэж, өөрөөр хэлбэл, Дэлхийн нэгдүгээр дайны дараах үүрэг рольдоо буцаж очиж байгаа мэт ажиглагдсан байна. Салбар (pот), зарим тохиолдолд салаанаас дээш бүрэлдэхүүнтэй танкийн нэгжийг бөөгнөрүүлэх, төвлөрүүлэн хэрэглэх нь шаардлага багатай, хохирол ихтэй байж болох нь харагдав. Гэхдээ энэ бол байлдааны ажиллагааны театр нь ихэнхдээ уулын районыг (хамгийн их хүч төвлөрсөн өмнөд чиглэл буюу Геяны талыг эс тооцвол) хамаарсан онцлогтой холбоотой ч байж болохыг анхаарууштай. Тиймээс зам, харилцаа, ялангуяа хүнд даацын туулах чадвар бүхий зам бүхий газар оронд л биш бол механикжсан болон хуягт танкийн том бүлэглэл ашиглан гүний операци явуулах замаар аялан байлдах нь улам бүр үеэ өнгөрөөж байгаа ба тийм газар оронд операци төлөвлөх, хэрэгжүүлэх нь ч багасч байгааг дурдах хэрэгтэй.
Алсын зайн тусгалтай пуужин, олон харвах пуужингийн системийн хэрэглээ аль аль талаас эрчимтэй байсангүй, армяны талын хувьд бүр ч шаардлага хангахгүй байсан. “УКЗХ” буюу “Арцахыг хамгаалах арми” гэгчийн 41-р пужинт бригад “Смерч” дайн эхлэхээс өмнө Шуша хотод байрлаж байсан ч тодорхой зорилготой, цэргийн дэд бүтцийг онилсон байдлаар бус, харин АзЗХ Степанакертийг харвасны хариуд Гянжа, Тертер зэрэг жижиг хотуудын зүг гал нээх төдий, хариу барих үйлдлийн хэмжээнд л байв. Азербайжаны тал ч мөн армяны цэргийн дэд бүтцийг мөн оновчтой устгаж байгаагүйг дурдах хэрэгтэй. АрмЗХ цель заах ажиллагааг бараг хийсэнгүй, үүнд зэвсэглэл хоцрогдсон нь ч мөн нөлөөлсөн: тухайлбал, оператив-тактикийн пуужингийн өндөр цэцтэй, хазайлтын магадлал багатай цогцолбор байсангүй, хазайлтын коэффициент өндөртэй хуучны “Эльбрус” (НАТО-ийн ангиллаар “Скад”) л ашигласан нь тодорхой болов.
Мэдээллийн дайнд бэлтгэсэн байдал
Азербайжаны тал дайнд бэлтгэхдээ зэвсэглэл, техникийн шинэчлэл, газар орны судалгаа, тагнуул, хүн хүчний давуу тал, ар тал хангалт, ложистикийн бэлтгэлийг сайтар хангаад зогсохгүй мэдээллийн дайны бүрдэл хэсгүүдэд ч сайтар анхаарал тавьжээ. Тухайлбал, цэргийн мэдээллийг нууцлах, ялангуяа цэргийн цуваа, байлдааны техникийн хөдөлгөөнийг өөрийн болон гадаадын ямар ч хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээний хараанд өртүүлэхгүй гүйцэтгэж чадсан. Ингэснээр эхний цохилтыг гэнэдүүлж хийх боломжтой болсон. 2016 оны хилийн тулгаралтын үеэр азербайжаны цэргийн цувааны хөдөлгөөн үйлдэж байгаа дүрс, зураг сүлжээгээр тархсан, ангиудын дугаар, ялгах тэмдэг ч харагдахуйц байсан алдаагаа давтсангүй. Мэдээллийн дайны бас нэг чухал бүрэлдэхүүн бол нууцлалаас гадна мэдээллийн орон зай дахь улс төрийн болон цагийн байдлын үнэлэлт, дүгнэлтийн урсгалыг хяналтдаа авах явдал мөн. Азербайжаны удирдлага дайны эхний үе шатанд нууцалыг өндөр түвшинд хангасан ч удалгүй уг операцийг мэдээллээр удирдах ажиллагаанд шууд шилжсэн, өөрөөр хэлбэл, мэдээллийн санаачилгыг гартаа авсан. Улс төр, үзэл суртлын кампанит ажил армяныхтай харьцуулшгүй системтэй, төлөвлөгөөтэй, өндөр эрчимтэй явагдсанаас харахад дайнд бүх чиглэлээр сайтар бэлдсэн нь харагдана.
Цаашдын статус кво, таамаглал
Карабахын хоёрдугаар дайн ийнхүү гал зогсоох хэлэлцээрээр дуусгавар болж, БНАзУ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа цэргийн хүчээр сэргээн тогтоосноор азербайжаны бүрэн ялалтаар дууслаа. БНАрмУ 1993-1994 оны Карабахын нэгдүгээр дайнаар эзлэн авсан Азербайжаны 7 районыг бүрэн алдав. Дээр өгүүлсэн өмнөд чиглэлийн нам дор нутагт байрлах 4 районыг (Физули, Жабраил, Зангелан, Кубатлин) АзЗХ байлдааны явцад эзлэн авсан бол Уулын Карабахын баруун талын Кельбажар, Лачин, зүүн талын Агдам районуудыг хэлэлцээр ёсоор армяны тал орхин гарч БНАзУ-д хүлээлгэн өгсөн. Харин 1993 оноос өмнөх хуучин Уулын Карабахын Автономит Районы нутаг дэвсгэрийн 20 хувийг (Шуша хот ороод) мөн азербайжаны цэрэг эзлэн авсан бол 80 хувьд армян хүн амын оршин суух эрхийг хамгаалах зорилгоор ОХУ-ын энхийг сахиулах хүч цааш нь сунгаж болох болзолтой 5 жилийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр “УКБНУ” гэх субъект бүрмөсөн үгүй болж, зөвхөн Азербайжаны иргэн армян хүн амын аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий Оросын энхийг сахиулагчдаар хамгаалуулсан “Уулын Карабах” хэмээх газар зүйн нэр томъёо л үлдэж байгаа юм. Оросууд мөн Уулын Карабахыг БНАрмУ-тай холбох шинэ авто замыг хамгаалалтандаа авна (уг зам Азербайжаны нутгаар дайран гарна). Хариуд нь армяны тал өөрийн өмнөд нутгийн Сюник, Зангезураар Азербайжан болон түүний харьяа Нахичеванийн Автономит БНУ-ын хооронд зам тээврийн коридорыг нээх үүрэг хүлээсэн.
Цаашдаа армяны үндсэрхэг үзэлтнүүдийн хэлж буйгаар партизаны дайн явуулах боломж бараг байхгүй. Учир нь сая болж өнгөрсөн мөргөлдөөны үеэр армяны тал тагнуул-хорлон сүйтгэх ажиллагаа огт явуулж чадаагүй, ийм чадавх байхгүй нь нотлогдсон. Уулын Карабахын армян хүн ам байлдааны ажиллагаанд бараг оролцоогүй, гал зогсоосны дараа150 мянган хүнээс 90 мянга буюу 60% нь нутгаа орхин БНАрмУ-д дүрвэн гарсан тул хүн хүчний нөөц байхгүй. Мөн олон улсын эрх зүйн үүднээс БНАзУ 1991 онд НҮБ-д бүртгүүлсэн хил хязгаараараа нутаг дэвсгэрээ сэргээн тогтоож байгаа тул ийм үйлдэл нь террорист халдлагын хэмжээнд л үнэлэгдэх болно. Мөн ийм үндэслэлээр ОХУ шашин, соёл нэгтэй, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн, цэрэг-улс төрийн холбоотон Армян улсад дэмжлэг үзүүлэхээс татгалзсан юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Армяны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа өрнөх тохиолдолд л бид холбоотны үүргээ биелүүлж хамгаалах болно” гэж мэдэгдсэн нь статус-квогийн асуудлыг тодорхой болгож байна.
Энэхүү тойм шинжилгээ нь дайны улс төрийн, геополитикийн учир шалтгаан, үр дүнг хөндөх зорилго агуулаагүй, зөвхөн цэргийн урлагийн болон зэвсэглэл, техникийн ямар хүчин зүйлийн нөлөөгөөр Азербайжаны ялалт, Армяны ялагдлаар дууссаныг тайлбарлахыг зорьсон болно. Товч дүгнэхэд, Армяны улс төрийн болон цэргийн дээд удирдлага стратегийн, оперативын, тактикийн бүхий л түвшинд сэтгэлгээний хоцрогдлоос улбаатай алдаа гаргасан, мөн эдийн засгийн дорой байдлаас улбаатай зэвсэглэл, техникийн хоцрогдол гэсэн хоёр шалтгааныг дурдаж болохоор байна. Яг дайныг аль тал эхлүүлсэн, өөрөөр хэлбэл, өдөөж гал нээсэн нь аль тал болохыг хэлэхэд хэцүү, хоёр тал адилхан бие биеэ буруутгаж байгаа ч дайны бэлтгэлийг хангасан байдлаас харахад Азербайжан тохиромжтой цагийг мэдэрч эхлүүлсэн байх магадлал харагдаж байна.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Карабахын мөргөлдөөн: Цэрэг-техникийн дүн шинжилгээДараах нийтлэл
‘Арабын Хаврын’-ын арван жил буюу юу болж өнгөрөв?Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23