БНХАУ сүүлийн 10 жилд Европын улсуудад үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж өдгөө тус тивийн эдийн засаг, улс төр, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэсэн гэж Европын холбооны удирдлагууд үзэж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн гурван жил дараалан буурч 2019 онд 2016 онтой харьцуулахад 80 хувиар багасаад байгаа нь дэлхий нийтийг хамарсан геостратегийн шинэ сөргөлдөөний үр дагавар уу? БНХАУ-ын хүч суларч байгаагийн дохио юу эсхүл хүч сэлгэх маневр уу? Хэдийгээр Европод болж буй сөргөлдөөн манай улсад шууд хамаагүй мэт боловч эрдэс, түүхий эдийн үнэ, Бүс ба зам санаачлага, эдийн засгийн коридор, байгалийн хийн шугам зэрэгт нөлөөлөх юм.
Хятадын тэлэлт
Европын улсуудыг хямралаас гаргахын тулд БНХАУ-аас зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг ихээр авч байсан. Улс төрийн хувьд ч БНХАУ-тай харилцах харилцаанд онцгой анхаарч ирсэн. Үүний нэг жишээ нь 2016 оноос хойш Далай ламыг Европын холбооны улсууд уриагүй, томоохон улс төрчид нь хүлээн авч уулзаагүй байна. 2008 оноос 2020 БНХАУ Европын орнуудад 320 тэрбум еврогийн хөрөнгө оруулсан байна /Швецарь, Норвегийг оролцуулаад/. Энэ нь үлэмж хэмжээтэй харагдаж байгаа боловч АНУ-аас Европод хийж буй хөрөнгө оруулалалт болон ЕХ доторх хөрөнгө оруулалттай харьцуулахад бага юм.
Гэвч БНХАУ-ын Европ дахь тэлэлт эдийн засаг, улс төр, аюулгүй байдалд нь нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн гэж үзэж Европын холбооны (ЕХ) удирдлагууд сөрөг арга хэмжээ авч эхлээд байна. Францын ерөнхийлөгч Э. Макрон “…бидний Хятадтай харилцах гэнэн үе дууссан” гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ нь АНУ, Европын холбооны хооронд явагдаж байгаа шиг харилцан тариф нэмэгдүүлэх зэрэг эрс алхамууд биш, аядуу байсан нь онцлогтой. Нэг талаас Европ-Азийг холбосон худалдаа, эдийн засгийн нэгдмэл орон зайг үүсгэх нь Европын Холбооны ашиг сонирхолд нийцнэ. Тийм ч учраас БНХАУ Азийн дэд бүтцийн хөгжлийн банк байгуулахад ЕХ-ны ихэнх улсууд, тэнгисийн гүрэн гэх Их Британи ч үүсгэн байгуулагчаар оролцсон. Нөгөө талаас Бүс ба зам санаачилга геополитик, улс төрийн зорилготой хэмээн үзэж, БНХАУ тив дамнасан орон зайг бүхэлд нь хамарсан нөлөөллөө хөрөнгө оруулалт нэрээр тогтоож байна гэж үзэж үүний эсрэг алхамууд авч эхэлсэн. Ийнхүү геостратегийн сөргөлдөөний хоёрдугаар фронт гэх Европод БНХАУ, ЕХ-ын сөргөлдөөн аядуу явагдаж байсан боловч талуудын эрх ашиг нь илүү хөндөгдөж, мөн гуравдагч оролцогчийн нөлөөллөөр хурцдах ч магадлалтай болж байна. Харин Брекситийн улмаас Европын холбооны эдийн засаг хүндрэлд орвол тус холбооны удирдлагын БНХАУ-н эсрэг зогсох байр суурийг сулрууж магадгүй юм.
Европ дахь БНХАУ-ын тэлэлт
Европ, Ази тивийн худалдааны жилийн эргэлт 1,5 их наяд ам. долларт хүрсэн, хоёр тивийн орнуудын ДНБ-ний хэмжээ дэлхий нийтийн 60 хувийг бүрдүүлж байгаа. Азийн хөгжлийн банкны тооцоогоор 2030 гэхэд Азийн орнуудад 26 их наяд ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа нь санхүүгийн урсгалын хэмжээг илтгэж БНХАУ-ын Европ дахь ашиг сонирхол, Европын Холбооны Ази дахь ашиг сонирхолыг нэмэгдүүлж тэлэлтийн болон гео эдийн засгийн сөргөлдөөний цар хүрээг илтгэж байна.
БНХАУ-ын хөрөнгө оруулалт Европын холбооны стратегийн гол салбаруудыг хамарч эрчим хүч, дэд бүтэц, харилцаа холбоо, робот техник, автомашин, хими, биотехнолгийн компаниудыг худалдан авч байна. Хөрөнгө оруулалт гэдэгт шууд хөрөнгө оруулалт (FDI), компанийг бүхэлд нь эсхүл хувийг авах, нэгдэх (M&A-Merge and Aquisition), санхүүгийн хөрөнгө оруулалт (FI) гэдгийг энд хамтатган үзэх болно. Европын улсуудын харилцаа холбооны салбарын 40 хувьд Хятадын Huawei, ZTI компаниудын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж суурьлагдаад байна. АНУ-ын зүгээс Европын улсуудад тэдгээрийн харилцаа, холбооны зах зээлд Хятадын 5G технологийг ашиглахгүй байх тухай шаардлага тавьсан.
Робот техникийн гол компаниудын нэг ХБНГУ-ын Кука компанийг 4.5 тэрбум еврогоор авсан. БНХАУ-ын хөрөнгө оруулалтын зорилго нь эдийн засгийн үр ашгийн зэрэгцээ, стратегийн салбаруудад хяналт тогоох, шинэ технологи эзэмших эрх олж авах явдал хэмээн болгоомжийг бий болгож байна. Хятадын төрийн өмчийн томоохон корпорациуд түлхүү орж ирсэн нь улс төрийн эрсдэл дагуулж байна гэж үзэх болсон.
Эхний том хөрөнгө оруулалтууд хямралд өртсөн Португал, Итали, Грек, Испани (PIGS) улсуудад хийгдсэн. Хямралд гүн автсан Грекийн Пераэус боомтыг Хятадын далайн тээврийн COSCO групп 2010 онд авсан. Дараа нь Протугалийн цахилгаан дамжуулах сүлжээг 9 тэрбум еврогоор China State Grid авч, Италийн химийн концерн Pirelli-г 8.8 тэрбум ам.доллараар Хятадын ChemChina компани авсан. Их Британийн төмөрлөгийн үйлдвэр, Шведийн Волво концерн, Европын тэнгисийн 13 боомт зэрэг стратегийн бусад олон хөрөнгө оруулалтууд орж байна. Ийнхүү хямралтай байсан 2009 оноос БНХАУ-ын Европын улсуудад хийсэн хөрөнгө оруулалт өссөөр 2016 онд 84 тэрбум ам. долларт хүрсэн бол түүнээс хойш буурсаар 2019 онд 13.4 ам. долларт хүрсэн байна
Европын улсуудыг хямралаас гаргахын тулд БНХАУ-аас зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг ихээр авч байсан. Улс төрийн хувьд ч БНХАУ-тай харилцах харилцаанд онцгой анхаарч ирсэн. Үүний нэг жишээ нь 2016 оноос хойш Далай ламыг Европын холбооны улсууд уриагүй, томоохон улс төрчид нь хүлээн авч уулзаагүй байна
“17+1” хувилбар: Хятадын хөрөнгө оруулалт их төлөв Их Британ, ХБНГУ зэрэг хөгжингүй томоохон орнуудад хийгдэж байсан бол Зүүн болон Төв Европын улсуудад чиглэх болж, тэдгээр улсуудын стратегийн дэд бүтцүүдийг хамарч байна. Будапештээс Бухарест хүрэх хурдны галт тэрэгний замыг 2 тэрбум евро, Хорват улсад 357 сая еврогийн гүүр барьсан зэрэг олон төслүүд байгаа. Дээрх орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2012 онд “16+1” /Европын 16 улс+Хятад/ гэсэн форматыг БНХАУ-ын санаачлагаар эхлүүлж жил бүр дээд хэмжээний уулзалт хийж, их хэмжээний хөрөнгө оруулалт, томоохон төслүүлдийн асуудлыг хэлэлцэн, хэрэгжүүлж байна. 2019 онд Грек улс энэ тогтцод нэгдсэнээр “17+1” болж өргөжсөн. Хятадын энэ алхам Төв, Зүүн Европ дамнасан дэд бүтцийн системийг бий болгож Бүс ба зам санаачлагын Европ дахь үргэлжлэл болох юм. Үүний нэг замнал нь Грекийн Пераэус боомтоос Македонийг дамнан Белград-Бухарестийн өндөр хурдны төмөр зам барих төсөл юм.
БНХАУ-ын зүгээс дэрх улсуудтай хамтын ажиллагааны тэргүүлэх гурван салбарын 12 чиглэл байна гэж 2012 онд Варшав хотод болсон анхны Дээд хэмжээний уулзалтанд орлцохдоо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян онцолсон. 2015 оноос хойш дээрх улсуудын тэн хагас нь Бүс ба зам санаачлагын хүрээнд хамтран ажиллах санамж бичиг зурсан бөгөөд Польш, Чех, Болгар, Словак, Румын, Унгар зэрэг Зүүн Европын улсууд Хятадын хөрөнгө оруулалтын 95 хувийг авсан байна. Дээд хэмжээний уулзалтыг гишүүн улсуудад жил бүр ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 2019 оны уулзалт Хорвартын Дубровникт 4-р сард болж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян оролцосон байна. Энэ уулзалтын үеэр Хорват, Хятадын хамтран барьж буй Пелцесакийн 2,404 м урт гүүрийн барилгын нэгдүгээр ээлжийн ажлын гүйцэтгэлтэй танилцсан байна.
БНХАУ-ын хөрөнгө оруулалтын бүтцэд өөрчлөлт орж байна. Хөрөнгө оруулалт өссөн оргил үе болох 2016, 2017 онуудад Америкийн цөөн тооны том үйлдвэр (Syngenta химийн концерныг 43 тэрбум ам. доллараар авах), үл хөдлөх, зочид буудал, газар тариалангий салбарт, Европын улсуудад тээвэр, дэд бүтцийн салбарт голлож байсан бол хэрэглээний бараа, хүнд механизм, автомашины үйлдвэрлэл, үйлчилгээ, харилцаа холбооны салбарт төвлөрөх болсон
БНХАУ-ын хөрөнгө оруулалт эхэн үедээ хямралд ихээр нэрвэгдсэн Өмнөд Европын улсуудад чиглэгдэж байсан бол баруун Европын томоохон улсууд болох “их гурав” гэгдэх Их Британи, ХБНГУ, Франц улсад их хэмжээгээр орох болсон. 2017 он хүртэл дээрх улсуудад нийт хөрөнгө оруулалтын 60-70 хувь, Их Британи 2017 онд 60 хувийг нь авч байсан бол 2018 онд 50 хүрэхгүй хувь болж, Их Британид хийсэн хөрөнгө оруулалт 24 хувь хүрч буурсан байна. Харин умард Европын улсуудад хийж буй хөрөнгө оруулалтын эзлэх хувь 2017 онд 4 хувь байсан бол 2018 онд 24 хувь болсон байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Дараах нийтлэл
Геостратегийн сөргөлдөөний хоёрдугаар фронт: Европ-4.2.Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19