ФРАНЦ түүхийн туршид их гүрэн байсан улс, одоо ч дэлхийн дөрвөн далай даяар тарсан олон жижиг арлаараа дамжаад газар нутаг нь таван тивд тэлсэн гүрэн хэвээр. Нэгэн үе Британийн эзэнт гүрэнтэй зэрэгцэн Ази, Африк, Америк тивийн асуудлыг шийдэлцэж, Европын эх газарт өрсөлдөгчгүй ноёлж байв. Хоёр зуун дамжин нөлөө нь аажим буурсаар “дундаж гүрэн” гэж үнэлэгдэж байгаа боловч Өрнө дахины бүх улсаас өвөрмөц онцгой бодлогоороо Франц ялгарсаар ирсэн.
Эммануэль Макроны сүүлийн үеийн байр суурь ч мөн л онцлог байна. Бүс нутаг дахь АНУ-ын хэт оролцоог шүүмжилж Оросын ач холбогдлыг дутуу үнэлэхгүй байх талаар сануулж Европ дахь Францын байр суурийг бэхжүүлэхэд чиглэж байгаа нь АНУ, НАТО, Европын холбоон дахь түншүүдтэйгээ ойлголцох бэрхшээл үүсгэв. Энэ бодлогоо өөрчлөхгүй бол Украйнд болсон Майдан шиг явдал Францад бас тохиолдож магадгүйг Оросын ажиглагчид тэмдэглэж байна.
Энэ үйл явцыг тайлбарлахын тулд Францын геополитикийн онцлог, Э.Макроны мэдэгдлүүд, Майданы загвар боломжтой эсэх талаар энд өгүүлнэ.
Францын уламжлалт байр суурь, геополитик
ФРАНЦ геополитикийн өнийн уламжлалтай. Газарзүйн байршил улс орны төр засаг, бодлого стратегийг тодорхойлдог тухай Шарль дэ Монтескьегийн онолоос эхлээд 1618-1648 онд болсон гучин жилийн дайны үеэр Кардинал Ришельегийн барьсан бодлого, Наполеоны байлдан дагууллыг ч үзсэн онолын хийгээд практикийн арвин өвтэй ард түмэн билээ. Хэдийгээр өнөөдөр “дунд гүрэн” хэмээн үнэлэгддэг боловч дэлхийн өнцөг булан бүрт харьяат нутаг дэвсгэр нь оршин байдаг цөөн улсын нэг.
Европ тивд нэгдсэн Герман улс 1871 онд байгуулагдсан цагаас эхлэн энэ тив дэх Францын ноёрхол хязгаарлагдаж эхэлсэн боловч Парисын оролцоо Европын бодлогод чухал хүчин зүйл байсаар, үүнийгээ ч үе үеийн удирдагчид нь зөв үнэлж, оновчтой хэрэглэсээр ирсэн. Англи-Саксончууд давамгайлсан Өрнө дахиныг Слав гаралтай Дорно Европоор тэнцвэржүүлэх стратегийг Парис өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. “Тийм ээ, Атлантын далайгаас Уралын нуруу хүртэлх энэ л Европ – бүх Европ хамтдаа дэлхийн хувь заяаг шийднэ” хэмээн Шарль де Голль Страсбургийн их сургуульд 1959 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлсэн үг энэ бодлогыг маш оновчтой тодорхойлсон юм. Тиймээс Франц НАТО-д элсэхдээ үндсэн гэрээнд нь тайлбар хийж элссэн, хүйтэн дайны туршид ЗХУ-тай илүү найрсаг харилцаатай байсаар ирсэн.
Оросыг оруулж байж Европ бүтэн болно, Өрнө дахин дангаараа Европыг төлөөлж чадахгүй гэдгийг өнөөдөр ч Эммануэль Макрон тэмдэглэн хэлсээр байна.
Бонапартын сүүдэр буюу Э.Макроны мэдэгдлүүд
СҮҮЛИЙН үед Францын ерөнхийлөгчийн хийсэн ширүүн мэдэгдлүүд шүүмжлэл, хэлэлцүүлгийн сэдэв болоод байна. Британийг Европын холбооноос гарсны дараа хэн нь манлайлах вэ гэсэн өрсөлдөөн бий болж францчууд амбицлаж эхэллээ гэсэн тайлбар нэлээдгүй байна. “Сүүлийн дөчин жилийн турш Европыг байгуулах үйлст тулгарсан олон бэрхшээл Британ нөхөдтэй маань холбоотой байсан” хэмээн Олон улсын валютын сангийн тэргүүн асан Доминик Строс-Кан тэмдэглэж, тэднийг Европын холбооноос гарахыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Үүнтэй хамт, НАТО хийгээд Европын холбооны амьдрал дахь АНУ-ын оролцоог Эммануэль Макрон хатуу шүүмжлэх болсон нь Парисын амбицтай холбоотой таамаглал гарахад нөлөөлсөн бололтой.
Хэдийгээр эдийн засгийн хувьд хүчирхэг боловч Герман бодитойгоор манлайлж чадахгүй: учир нь Вашингтон цэргийн хувьд Берлинд хэтэрхий нөлөөлдөг гэсэн шүүмжлэл олонтаа сонсогддог. Өнөөдөр зөвхөн ХБНГУ-ын нутаг дэвсгэр дээр АНУ-ын 35 мянган цэрэг байрлаж, тэдэнд үйлчилдэг 17 мянган энгийн албан хаагч ажиллаж байна, өөрөөр хэлбэл, АНУ-аас Европод байгаа цэргийнхнээс хамгийн олон нь Германд байгаа ажээ. Тэдэнд зориулж Германы төсвөөс сүүлийн долоон жилд 230 сая евро шууд зарцуулснаас гадна Берлинээс үүргийнхээ дагуу НАТО-д өгсөн хөрөнгөөс 480 сая еврог нь зөвхөн АНУ-ын цэргийн баазын барилга, байгууламжид зарцуулжээ. Иймээс Берлинийг Европын ашиг сонирхлыг илэрхийлж чадна гэдэгт Парис итгэлгүй ханддаг байна.
Ерөнхийлөгч Макроны бодлогыг Францын стратегийн уламжлалт чиг хандлага гэж үнэлж болохоор байгаа бөгөөд америкийн эсрэг байр суурийг зоригтой илэрхийлж байна. Экономист сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Европ “ангалын ирмэг дээр” байна хэмээн тодорхойлж, “Европ геополитикийн гүрэн (geopolitical power) болохынхоо хувьд стратегийн хараатай сэтгэж эхлэхгүй бол хувь заяагаа бид өөрсдөө хянаж чадахгүйд хүрэх нь” хэмээн тэмдэглэжээ. НАТО-ын гишүүдийг хамгаална гэж АНУ-д түшиглэхээ Европ болих хэрэгтэй гэсэн байр сууриа тэрээр байнга илэрхийлж байгаа юм. “НАТО-ын тархи үхжиж байгаа л бид харж байна” хэмээн тэрээр мөн ярилцлагадаа дурджээ.
ХХ зуунд Германыг хазаарлахын тулд Оростой эвсэхийг Франц уриалж байсантай адил АНУ-ын Европ дахь хэт нөлөөг хазаарлахын тулд Оростой хамтрах ёстой гэсэн санааг Макрон дэвшүүлжээ. Лондонд болсон НАТО-ын 70 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалтын үеэр Макрон “Европ батлан хамгаалах чадавхаа бэхжүүлж, бүрэн эрхт байдлаа батжуулан АНУ, Хятад хоёрыг тэнцвэржүүлж, стратегийн түншлэлээ, тухайлан Оростой тогтоосныгоо сэргээн харах хэрэгтэй” хэмээн үзснийг Ройтэр агентлаг уламжилжээ.
АНУ манлайлан Өрнө дахины явуулж байгаа Оросын эсрэг бодлогыг Францын ерөнхийлөгч заримдаа хэтэрхий түрэмгий илэрхийлэх болов. Valeurs Actuelles сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр Исламафобийг эсэргүүцэж хэлэхдээ “Би Гвиней, Зааны Ясан Эрэг улсаас ирсэн хууль ёсны цагаачдыг Болгар, Украины гэмт хэргийн далд сүлжээнээс илүүд үзнэ” хэмээн хэлсэнд Европын тэдгээр улс ихээхэн эмзэглэв.
Эммануэль Макроныг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж “Урагшаа!” гэдэг уриагаа гаргаж байх үед шар хэвлэлүүд түүнийг Наполеон уу, франц Обама юу хэмээн маргаж байв. Ерөнхийлөгч болсныхоо эхний жилүүдэд үнэхээр Обамаг санагдуулж байсан түүний бодлого одоо Наполеоныг илүү санагдуулам эрс, зарим талаар түрэмгий болж байна гэлтэй.
Майданы загвар Францад хэрэгжих үү?
ЕВРОПЫН амьдралд АНУ хэтэрхий орж байгааг шүүмжилж, АНУ-Хятадын хооронд тэнцвэр барихын тулд Оростой эвсэхийг санал болгосон Эммануэль Макроны стратегийн шинэ санаачилгыг Вашингтон ч, НАТО-ын түншүүд ч таатай хүлээж авсангүй. Балтийн орнуудын удирдагчид Орос хэзээ ч “стратегийн түнш” байж чадахгүй гэж эсэргүүцэж ХБНГУ-ын канцлер Ангела Меркель “үймүүлмээр байгааг чинь ойлголоо, гэхдээ араас чинь цэвэрлэж явахаас залхаж байна. Чамтай сууж цай уухын тулд хагалсан аяганы чинь хэлтэрхий болгоныг би дандаа эвлүүлж нааж байх юм (I understand your desire for disruptive politics. But I’m tired of picking up the pieces. Over and over, I have to glue together the cups you have broken so we can then sit down and have a cup of tea together)” гэж уцаарлажээ.
НАТО-ын түншүүд Макроны стратегид ямар хариуц үзүүлэхийг одоогоор таамаглашгүй. Энэ талаар Өрнө дахины хэвлэлээс илүү Оросын хэвлэл ач холбогдол өгч янз бүрийн таамаг гаргаж байна. Жишээлбэл, ОУВС-гийн захирал асан, Францын ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой нэр дэвшигч Доминик Стросс-Канын улс төрийн амьдралаас хэрхэн хурдан хачирхалтай хасагдсаныг дурдахад хангалттай хэмээн зарим нь бичиж байна. Орчин үеийн дэлхийн эдийн засгийн тогтолцоог олон нийтийн өмнө эсэргүүцэж байсан санхүүч Стросс-Каныг илтгэлийнх нь дараа Нью-Йоркийн зочид буудалд хар арьст үйлчлэгчийг хүчирхийлсэн хэргээр шууд буруутгасан. Дараа нь уг хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Стросс-Канын улс төрийн карьер өндөрлөсөн. Одоохондоо Макроныг хар арьст зочид буудлын зарлагыг доромжилсон хэрэгт буруутгаагүй байгаа боловч түүнийг ижил хүйстэн гэх битүү дохио ердийн үзэгдэл болжээ.
Гэхдээ Наполеоны малгайг өмсөхийг оролдсон франц эрийг шийтгэхэд сексийн дуулиан хэтэрхий шалихгүй, үр дүнгүй арга юм. Харин Шар хантаазнуудын бослогыг дахин сэргээх, укромайданы хувилбар зэрэг зүйл нь зөвхөн Макроныг улстөрийн хувьд дуусгаад зогсохгүй Францыг маш ихээр сулруулж, агуу гүрэн гэж дуудуулах санаархлыг үгүй болгоно гэж зарим нь үзжээ.
Одоогийн байдлаар оросоос өөр орны ажиглагч шар хантаазтны хөдөлгөөнийг АНУ-тай холбож тайлбарласан зүйл олдоогүй байна. Европыг Америкаас салгаж, Оростой ойртуулах гэсэн Макроны бодлогыг эсэргүүцэж, улмаар Оросын “Умард урсгал (Северный поток) -2”-ыг зогсоох зорилгоор Вашингтон шар хантаазтны хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа хэмээн Николай Стариков үзсэн бол олон талаараа Украины Майдантай төстэй байгааг Евгений Черных тэмдэглэсэн байна. Үүний жишээ нь “Шар хантаазтнуудын” хөдөлгөөн бий болсны нэг жилийн ойг тохиолдуулан 2019 оны 11 дүгээр сарын 16-нд Францын томоохон хотуудын гудамжинд нэгэн зэрэг зохион байгуулалттайгаар 28 000 хүн (Парис хотод ойролцоогоор 5000 жагсагч) жагсав. Тэд дэлгүүрийн шил толийг хагалах, автомашин шатаах, цагдаа нар руу чулуу нүүлгэх зэрэг бусармаг үйлдэл гаргаж, тэр байтугай дэлхийн хоёрдугаар дайны үеийн маршал Альфонс Жюэнд босгосон хөшөөг нураах шахав. Эдгээр үйл явдал Украины Майдантай параллель шугамд явж байгааг оросын шинжээч Лебедев онцолжээ.
Францын уламжлалт стратегийг үргэлжлүүлж, Өрнө дахин, Дорно дахины хооронд тэнцвэр барих гэсэн Макроны бодлогын эсрэг НАТО, Европын холбооны түншүүд нь ямар арга хэмжээ хэрхэн авах хийгээд Оросын шинжээчдын таамаглаж байгаагаар «Шар хантаазтны» хөдөлгөөн Майдан болон өрнөх эсэхийг ажиглах цаашдаа ч нэн сонирхолтой байх биз ээ.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
МОНГОЛ ХЯТАДЫН ХАРИЛЦАА БА НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛСДараах нийтлэл
Геостратегийн сөргөлдөөний хоёрдугаар фронт: Европ-4.1.Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19