ДЭЛХИЙ нийтийг хамарсан геостратегийн сөргөлдөөн хурцдаж, дахин хуваарилалт эхэлж, даяаршил сарниж байна. Улс гүрнүүд реалист бодлого барьж өөрийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьж харилцан татвар, хориг саад тавьж дангааршин протекционист бодлого барьж байна. Энэ шинэ нөхцөлд эдийн засаг, цэрэг, улс төрийн салбарт хүчирхэгжиж чадах эсэх нь тэдгээрийн тулгамдсан асуудал болоод байна. Геостратегийн сөргөлдөөний гол тоглогчид нь АНУ, БНХАУ. Тэд АНУ-ын өнөөг хүртэл манлайлж ирсэн нэг туйлт даяаршлын төлөө сөргөлдөн өрсөлдөж байгаа юм биш. Харин шинэ технологийн хувьсгалд суурилсан шинэ даяаршлыг манлайлахын төлөө тэмцэлдэж байна. Энэ тэмцэл худалдаа, эдийн засаг, технологи, нийгэм, цэрэг, улс төрийн өргөн хүрээнд дэлхийн бараг өнцөг бүрд явагдаж геполитикийн шинэ эсгүүрийг бий болгож байна. Түүний тэргүүн шугам “нэгдүгээр фронт” нь АНУ, БНХАУ-ын хооронд худалдаа, эдийн засаг, технологийн салбарт “худалдааны дайн” хэлбэрээр өрнөж байгаа бол “хоёрдугаар фронт” нь Европ болж дэлхийн худалдааны эргэлтийн хамгийн том төвд Европын Холбооны улсууд, АНУ, ОХУ, БНХАУ-н ашиг сонирхлууд зөрчигдөж, геостратегийн сөргөлдөөн хэрхэн явагдаж байгаа тухай цуврал хэлбэрээр хүргэж байна.
Хоёрдугаар фронт ба “гаж” дайн
ӨНӨӨГИЙН геостратегийн сөргөлдөөнийг хурцатгаж байгаа үйл явцын цар хүрээг тодорхойлохын тулд “худалдааны”, “валютын”,”тарифын” дайн, “нэг, хоёрдугаар фронт” зэрэг нэр томьёонуудыг нийтлэг хэрэглэж байна. “Хоёрдугаар фронт” гэсэн нэршлийг АНУ, Европын холбооны худалдаанд харилцан татвар нэмэх асуудалд хамааруулан хэрэглэж эхэлсэн. Худалдааны тэнцлийг бий болгох, тарифын болон тарифын бус саад учруулах нь түгээмэл л асуудал мэт боловч “дайн”, “фронт” хэмээх тодотгол авахын тулд сөргөлдөөнд ашиг сонирхлын гүн гүнзгий зөрчил, хурцадмал байдлын ноцтой шалтгаан байгаатай холбоотой. Мөн худалдааны сөргөлдөөн зэвсэгт мөргөлдөөнд хүргэж улмаар бүрэн хэмжээний дайн болж хувирсан тохиолдол түүхэнд олон байна. Европ дахь талбар нь фронтын нэг шугамгүй, олон сөргөлдөгч талуудтай, олон давхаргыг хамарсан “гаж дайн” /drole de querre-франц, гаж, хөгийн/ болж байна уу? Энд уламжлалт анд нөхдүүд болох Европын холбоо, АНУ сөргөлдөж, ХБНГУ, ОХУ ашиг сонирхлоо нэгтгэж, БНХАУ баруун Европын өндөр технологи, стратегийн дэд бүтцүүдийг “эзэлж”, Зүүн болон Төв Европод “нэвтэрч”, Европын холбоо “Брексит”-ээр эмтэрч, “шинэ”, “хуучин” гишүүдээр хуваагдан, “жижиг” хэмээх Польш “томорч” байна.
“Хоёрдугаар фронт” хэр их ашиг сонирхлыг хөндөж буйг АНУ-БНХАУ-ын худалдааны эргэлт 736 тэрбум ам.доллар бол АНУ-ЕХ худалдааны эргэлт нь 1 их наяд 257 тэрбум ам.доллар буюу бараг хоёр дахин их байгаа нь харуулж байна. Трансатлантын худалдаа, санхүүгийн урсгал дэлхийн хамгийн том урсгал хэмээн Беренберг Банкны эдийн засагч Флориан Хенсе хэлсэн байна.
Европ дахь “хоёрдугаар фронт”-ыг “гаж” гэж хэлж болохоор бас нэг харьцуулалт бий. “Гаж” эсхүл “суумал” /Sitzkrieg-герм./ дайн гэх нэр томьёо Дэлхийн хоёрдугаар дайны эхэнд 1939 оны 9-р сараас 1940 оны 5 сар хүртэл Их Британи, Франц, Герман зэрэг улсуудын хооронд фронтын шугамын дагуу идэвхтэй тулалдаан явагдахгүй байсан үеийг нэрлэдэг. АНУ-ЕХ улсуудын худалдаа, үйлдвэрлэл, технологийн өрсөлдөөн нь “худалдаа, тарифын” дайны төвшинд хүрсэн гэж байгаа боловч АНУ-БНХАУ-ын хооронд болж байгаа шиг төдийлөн хурцадмал бус, идэвхгүй боловч үе үе ширүүсэж байна. 20-р зууны “гаж” дайн улмаар хурцдаж 1940 онд Дэлхийн хоёрдугаар дайнд хүргэсэн бол өнөөгийн “гаж” дайн нь хурцдахгүй боловч Европын аюулгүй байдлын нөхцөл зүүн талдаа прокси буюу завсрын дайны байдалтай тэр нь Украйнаас Хар тэнгис, Балтын улсууд уруу тэлэх эрсдэлтэй хэвээр байна.
Энд уламжлалт анд нөхдүүд болох Европын холбоо-АНУ сөргөлдөж, ХБНГУ-ОХУ ашиг сонирхлоо нэгтгэж, БНХАУ баруун Европын өндөр технологи, стратегийн дэд бүтцүүдийг “эзэлж”, Зүүн болон Төв Европод “нэвтэрч”, Европын холбоо “Брексит”-ээр эмтэрч, “шинэ”, “хуучин” гишүүдээр хуваагдан, “жижиг” хэмээх Польш “томорч” байна.
АНУ-ЕХ-ны сөргөлдөөн, худалдааны дайны үе шатууд
АНУ, Европын холбооны улсууд Трансатлантын улс төр, аюулгүй байдлын ойрын түншүүд, гэвч эдийн засгийн томоохон өрсөлдөгчид, санхүү, эдийн засгийн системүүд нь нэг нь өсөж байхад нөгөө нь унаж байдаг. Автомашин, нисэх онгоц, сансрын технологи, цэргийн техник, био болон нано технологи, мэдээлэл, харилцаа холбоо, хүнсний,эмийн болон химийн үйлдвэрлэлийн салбарт хүчтэй өрсөлдөгчид.
АНУ-ын цэрэг, улс төрийн хүч нөлөөгөөр Европт төдийгүй дэлхий дахинд манлайлж байсан. Тэр нь санхүү, эдийн засгийн хүчтэй суурь дээр тогтож байсан боловч тэр суурь суларсан тул сэргээх алхмыг Д.Трамп эхлүүлсэн. Үүний тулд дотоодын үйлдвэрлэлийг дахин сэргээж, импортоос хамааралтай эдийн засгаа хамгаалж, дангааршлын буюу протекционист бодлого баримталж түүхий эд, бараа бүтээгдэхүүний импортын татвар нэмж эхэлсэн. Энэ байдал АНУ-БНХАУ-ын харилцаанд ч “нэгдүгээр фронт” дээр үүсэж, Европ дахь “хоёрдугаар фронт дээр” ч өрнөж худалдааны дайны бүх үе шатыг туулах болно.
“Худалдааны дайн” гэдэг нь өмнө нь явагдаж л байсан. Мөн нийтлэг гэх үе шатуудыг агуулдаг байна. Нэгдүгээр үе шатанд худалдаагаа хамгаалж тарифын болон тарифын бус саад, хориг тавина. Хоёрдугаар үе шатанд үйлдвэрлээ хамгаалж түүхий эд, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнд хориг саад тавина. Гуравдугаар үе шатанд технологио хамгаалах алхмуудаар өрнөх бөгөөд харин цахим шилжилтийн өнөө үед дөрөвдүгээр үе шат болох оюуны өмч, өндөр технологи хамрах болов. Мөн үйлдвэрлэгч хөгжингүй “умард” улсууд, түүхий эд нийлүүлэгч буурай “өмнөд” улсуудын ашиг сонирхол, бодлого, стратеги, хандлага өөр өөр байна. Гэвч “умардын” хүчирхэг АНУ занараас гаргасан их хэмжээний хий, газрын тосыг Европт нийлүүлэх болсноор түүхий эд нийлүүлэгч “өмнөдийн” стратегийг баримтлах болсон тул бас нэг “гаж” байдал үүсээд байна.Энэ байдал тус улсын газар зүйн бодлого, стратеги буюу геостратегийг эрс өөрчлөөд байна.
АНУ-ын цэрэг, улс төрийн хүч нөлөөгөөр Европт төдийгүй дэлхий дахинд манлайлж байсан. Тэр нь санхүү, эдийн засгийн хүчтэй суурь дээр тогтож байсан боловч тэр суурь суларсан тул байр сууриа сэргээх алхмыг Д.Трамп эхлүүлсэн.
Европ дахь “хоёрдугаар фронт” дээр ч эхний үе шат тарифын хязгаарлалтаас эхэлж, худалдааны дайн болон даамжрах хэлбэрээр илэрч байна. АНУ-ын зүгээс 2018 онд төмөрлөг, хөнгөн цагааны импортын татварыг 25, 10 хувь болгон тус тус нэмэгдүүлснээс эхэлж, хариуд нь ЕХ АНУ-ын 5 тэрбум ам долларын бараанд ногдуулах татварыг нэмсэн. Татвар нэмсэнийг металлын импорт үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна хэмээн АНУ-ын Худалдааны хуулийн 232-р зүйлийг үндэслэл болгосон байдаг. Автомашины харилцан худалдаа нь хоёр талын хувьд нэн чухал бөгөөд АНУ Европт 5 дахин цөөн машин экспортолдог тул ийм тэнцвэргүй байдлыг арилгахын тулд европын автомашинд тавих татварыг 25 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэв.
Энэ үе шатанд геостратегийн гол зөрчил нь аж үйлдвэрийн гол хэрэглэгдэхүүн болох байгалийн баялаг, түүхий эд, экспортын зах зээл, тээврийн шугам, дамжуулах хоолойн дагуу явагддаг нь ХХ зуунд Африк, Ойрх Дорнод, Персийн булан, Латин Америк, ХХI зуунд Иран, Сири, Венесуэлд болж буй үйл явдлаас харж болно. Харин 21-р зуун гарснаар “занарын хувьсгалын” үр дүнд АНУ занараас гаргасан байгалийн хий, газрын тосны томоохон үйлдвэрлэгч болж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, томоохон экспортлогч болсон, Зүүн Хойд Ази, Европт их хэмжээгээр экспортлох сонирхолтой байна. АНУ-ын зүгээс Европт шингэрүүлсэн байгалийн хий их хэмжээгээр нийлүүлж, нийлүүлэлт нь 181 хувиар нэмэгдэж 10 тэрбум шоо метрт хүрсэн бол цаашид 110 тэрбум шоо метр болохоор зорьж байна. Улмаар Европ дахь байгалийн хий, газрын тосны зах зээлд нөлөөгөө тогтоохын тулд өрсөлдөгч болох ОХУ, Ойрх дорнодын орнуудад чиглэсэн улс төр, эдийн засгийн арга хэмжээг авч байна. Сүүлийн жилүүдэд шингэрүүлсэн хийг усан онгоцноос буулгах 20 гаруй терминалыг АНУ 50 гаруй тэрбум ам.доллараар ЕХ улсуудад, түүний дотор гол тоглогч болж буй Польш улсад барьж эхэлсэн. ЕХ-ны улсууд АНУ-ын хийн үнэ ОХУ-ын нийлүүлж байгаагаас үнэтэй байна гэж авахаас цааргалж байгаа. Үүний хариуд автомашины татвар нэмэх гэж байна гэж АНУ-г шүүмжлэх явдал гарч байна.
Хоёрдугаар шатанд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах импортын хориг саад тавих, татварын болон бусад арга хэрэгслээр дотоодын компаниудаа дэмжих, үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлтийг аюулгүй, баталгаатай байлгах, хяналтдаа авах явдлаар үргэлжилж байна.Технологийн өрсөлдөөнд технологи дамжуулах, нутагшуулах, патентлах, хөгжүүлэх зэрэгт хяналт тавьж байна. Нисэх онгоцны үйлдвэрлэл өндөр технологийг цогцоор шингээсэн салбар байдаг тул Боинг, Аэробусын өрсөлдөөнөөр илэрч ЕХ-г өөрийн үйлдвэрлэгчдээ хууль бусаар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хэмээн Дэлхийн худалдааны байгууллагад гаргасан олон жил үргэлжилсэн маргааны хариу гармагц АНУ-ын зүгээс ЕХ-ны 7.5 тэрбум ам.долларын бараанд татвар нэмэгдүүлэхээ 10-р сарын 2-нд мэдэгдсэн юм. Татвар нэмэлтэнд хамрагдах барааны жагсаалтад дарс, бяслагаас эхлээд нисэх онцгоц, худалдаа, үйлдвэрлэл, өндөр технологи, мэдээлэл, харилцаа холбооны техник хүртэл багтаж байна.
Мөн зэвсгийн үйлдвэрлэл, хөгжүүлэлт нь өндөр технологи шингээсэн байдаг. АНУ-ын компаниудыг ЕХ-ын Батлан хамгаалах сан, PESCO-зэвсэг үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны тогтцод оролцуулах талаар ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдал хариуцсан комиссар Ф.Могеринид АНУ-ын өндөр албан тушаалтнуудаас тулгалт бүхий захидал ирүүлсэн нь ил болсон.
АНУ-ЕХ-ны сөргөлдөөний үр дүнд автомашин, нисэх онгоц, зэвсэг техник, өндөр болон цахим технологи үйлдвэрлэгч ХБНГУ, Франц, Итали, Испани зэрэг хөгжингүй улсууд тэргүүтэй ЕХ улсуудын эдийн засагт хүндрэл учирч 2019 онд хүлээгдэж байсан 1.9 хувийн өсөлт саарч 1.5 хувь болохоор байна.
Харин цахим шилжилтийн өнөө үед оюуны өмч, мэдээлэл, шинжлэх ухаан, технологийн хөгжүүлэлтэд (R&D) хяналт тавьж, онцгой анхаарч байна. АНУ-ын зүгээс дарсны импортын татварыг нэмэх асуудалд хариу болгож Францын ерөнхийлөгч Э.Макрон “цахим татвар” гэдгийг бий болгоно гэж мэдэгдсэн нь АНУ-ын өндөр технолог ийн Google, Amazon зэрэг компаниудын Европ дахь үйл ажиллагааг хязгаарлах гэсэн алхам юм. “АНУ Францын бараанд гаалийн татвар нэмэх юм бол бид ч бас хариу арга хэмжээ авна. Америктай хэн ч сөргөлдөхийг хүсэхгүй байгаа, гэхдээ ЕХ худалдааны маргаанд бэлэн байна, гэхдээ бид санаачлага гаргахгүй” гэж Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Түск Их 7-ийн уулзалтын өмнө мэдэгдсэн.
Мэдээлэл харилцааны салбар дахь сөргөлдөөн ил болон далд хэлбэрээр эрчимтэй явагдаж байна. АНУ-ын зүгээс Европын улсууд тэдгээрийн харилцаа, холбооны зах зээлийн 40 хувийг эзлээд байгаа Хуавэй компанийн 5G технологийг ашиглахгүй байх тухай шаардлага тавьсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Помпео, Батлан хамгаалахын дэд сайд Катрин Уиллбаргер энэ технологи Европт эрсдэл, аюул занал учруулна гэсэн бол АНУ-ын ХБНГУ-д сууж байгаа элчин сайд Ричард Гренелл тус улсын эдийн засгийн сайдад илгээсэн захидалдаа хоёр улсын хооронд тагнуулын болон бусад мэдээлэл солилцохыг зогсооно гэсэн байна. ЕХ ихэнх улсууд хүлээж авахгүй байгаа бөгөөд Жан Клод Юнкерс “Европын харилцаа холбооны зах зээл чөлөөт зах зээл учраас аль нэг гадаадын компанийг хязгаарлахгүй” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Польш улс тус компанийн эсрэг хязгаарлах арга хэмжээ авч, нэг ажилтныг нь тагнуул хийсэн хэрэгт холбогдуулан баривчилсан байдаг.
Цахим салбар дахь сөргөлдөөний далд хэлбэр нь мэдээлэл цуглуулах асуудалд хориг тавих арга хэмжээ бөгөөд тухайлбал цахимжсан сүлжээнд төрийн болон иргэдийн их хэмжээний мэдээлэл хуримтлагддаг тул түүнийг хамгаалахын тулд ЕХ ноос Мэдээлэл хамгаалах ерөнхий журам /General Data Protection Regulation-GDPR/ баталсан бол АНУ үүнтэй төстэй хуулийг (Clarifying Lawful Overseas Use of Data Act- CLOUD Act) бараг ижил хугацаанд баталсан бөгөөд энэ хүрээнд АНУ-ын копаниудын Европ дахь, Европын компаниудын АНУ дахь үйл ажиллагаанд хязгаарлалт хийгдэж, сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.
АНУ-ЕХ-ны сөргөлдөөний үр дүнд автомашин, нисэх онгоц, зэвсэг техник, өндөр болон цахим технологи үйлдвэрлэгч ХБНГУ, Франц, Итали, Испани зэрэг хөгжингүй улсууд тэргүүтэй ЕХ улсуудын эдийн засагт хүндрэл учирч 2019 онд хүлээгдэж байсан 1.9 хувийн өсөлт саарч 1.5 хувь болохоор байна. ЕХ улсуудад нийтэд нь хориг тавьж буй нь тус холбооны “хуучин” болон “шинэ” гишүүдийн хоорондох ан цавыг улам ихэсгэсэн улс төрийн зорилготой хэмээн шүүмжлэл гарч байна. Сүүлийн жилүүдэд баруун Европын орнууд АНУ-гаас зайгаа барьж байгаа бол Польш, Украйн, Балтын тэнгисийн орнууд АНУ-г гол түншээ хэмээн үзэх болов. Энэ байдал олон зүйл дээр илрэх болж Д.Трампыг огцруулах асуудлыг өдөөсөн Украины ерөнхийлөгчтэй хийсэн дуулиант ярианд АНУ-ЕХ харилцааг хэрхэн үнэлж буйг харж болно. Мөн Украины зүгээс өөрийн улсын эрчим хүчний хараат бус байдлыг онцгойлон дэмжихийг Д.Трампаас хүссэн нь АНУ-ын нийлүүүлж буй занарын хийг Польшоор дамжуулж авах, ОХУ-ын хийн нийлүүлэлтээс хамаарахгүй байх, дамжин тээвэрлэхийг зогсоох зэрэг олон асуудлын илрэл болсон юм.
1 /Геостратегийн шилжилт: даяаршлаас дангааршилд, өмнөдөөс умардад
2018-10-25. https://niss.gov.mn/archives/936/
2 Trump Should Avoid Opening Second Front in Trade War, https://theglobepost.com/2019/03/05/trump-trade-eu/
3 A trade war with Europe would be larger and more damaging than Washington’s dispute with China,
https://www.cnbc.com/2019/08/22/why-a-us-trade-war-with-europe-would-be-more-damaging-than-china.html
4 https://europa.eu/rapid/press-release_IP-19-1531_en.htm
5 https://www.ft.com/content/352f4cac-6c7a-11e7-b9c7-15af748b60d0
6 US threatens EU with trade war over weapons
Ангилал: Долоо хоногийн тойм
Дараах нийтлэл
Геостратегийн сөргөлдөөний “Хоёрдугаар фронт”: Европ-2Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19