Оросын сэргэлт буюу Евроазийн их гүрэн дахин бий болох уу?

2019-09-26

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/10/RUSSIA.jpg

АНУ тэргүүтэй барууны холбоотнуудад (БНХАУ-ыг эс тооцвол) ОХУ нь бодит өрсөлдөгчийн байр сууринд байсаар байна. Оросууд Крымийг авсантай холбогдуулан эдийн засгийн хориг арга хэмжээнд өртсөн ч Сирид цэргийн ажиллагаа явуулах, БНХАУ-тай хамтран ШХАБ-ыг бэхжүүлэх, Зүүн хойд Азийн яриа хэлэлцээрт идэвхтэй оролцох, Турк Энэтхэгтэй зэвсгийн салбарт хамтран ажиллах, Венесуэльд дэмжлэг үзүүлэх зэргээр дэлхийн хэмжээнд бодлогоо амжилттай хэрэгжүүлсээр байна. Цаашид Орос улс Евро-Азид төдийгүй Номхон далайн бүс нутагт идэвхтэй байр суурь эзлэхийг эрмэлзэж байна. Гэвч тэдэнд ЗХУ-ын суларсан байр суурийг нөхөхөд  ямар боломж бололцоо хийгээд хүндрэл бэрхшээл тулгарах нь томоохон сорил хэвээр байна.

Оросын геополитикийн чиг хандлага

Буруу сонгосон геополитикийн үзэл баримтлал нь дайны байтугай энгийн үед ч улс орныг унагааж байсан түүхийн  жишээ цөөнгүй. Тухайлбал, геостратеги болон геополитик сэтгэхүй удирдлагуудад нь байхгүй байснаас хүйтэн дайнд ЗХУ ялагдах шалтгаан болсон. Иймээс сүүлийн үеийн зэвсгээр хангагдсан, байгалийн болон хүний эх үүсвэр маш ихээр золиосолсон зөвлөлтийн хүчирхэг зэвсэгт хүчин нь нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлын баталгаа болж чадаагүй.  Эсрэгээрээ АНУ нэрт геополитикч Спайкмэний “тогтоон барих” гаргалгааг 1947 онд зарласан Трумэний номлолдоо тусгаж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш төрийн үндсэн бодлогодоо баримталсаар ирсэн. 1991 онд ЗХУ задран унаснаар их гүрний голомтыг сахиж үлдсэн ОХУ хорин жилийн хугацаанд дотоод асуудлаа шийдвэрлэх, эдийн засгаа сэргээхэд ихээхэн хүч зарцуулсан. 1999 онд  В.Путин засгийн эрхэнд гарснаар Орос улс дахин сэргэлтийнхээ замд орж, Кремль  ч өөрөө  их гүрнийг дахин сэргээх тухай  үзэл сурталд ач холбогдол өгч, Евро-Азийн их гүрнийг байгуулах тухай геополитикийн онол, үзэл баримтлал ихээхэн дэлгэрэх болов.

ОХУ нь соёлын хувьд  Европтой холбоотой ч байгаль газар зүйн нөхцөл байдлаараа Азиас хамаарсаар ирсэн. Геополитикийн хувьд Орос нь АНУ-ын нөмөр нөөлөгт байх “анаконда” стратегийн эсрэг бодитой зогсож байна. Барууны үзэл баримтлагчид оросын либерал шинэчлэлийн явц нь барууны харилцаа холбоогүйгээр боломжгүй гэж үздэг ч тэдний тусламжийг авч,  хамтран ажиллана гэдэг нь дотоод асуудалдаа оролцох боломж олгох, цаашлаад хяналтад нь орох эрсдэлтэй гэж оросууд болгоомжилдог. Бодит амьдрал дээр Орос улс  удирдлага нь хэн байхаас үл шалтгаалан барууны байнгын өрсөлдөгч байсаар ирсэн.  Тиймээс ч хүйтэн дайнаас хойш Орос  улс нь зөвхөн АНУ тэргүүтэй барууны орнуудаас хүчтэй дарамт, эмзэг цохилтуудыг дараалан хүлээсэн нь улс орны байр сууринд мэдэгдэхүйц гарз учруулсан. Тухайлбал,

–  НАТО дорно зүг өргөжиж байгаа ба  энэ процесс дуусаагүй;

– Барууныхан Умард атлантын гэрээнээс давсан үйлдэл гаргаж, Югославын эсрэг түрэмгийлэл үйлдэж,  2003 онд Ирак, 2011 онд Ливийн эсрэг дайн хийсэн   үйлдлүүд нь дэлхийн аюулгүй байдал болон энхийг сахиулах олон улсын байгууллагуудад оросын дуу хоолойг сулруулж, Балканы хойг хийгээд Ойрхи Дорнод дахь эрх ашгийг нь хөндсөн.

ОХУ нь Крымийг авсантай холбогдуулан эдийн засгийн хориг арга хэмжээнд өртсөн ч Сирид цэргийн ажиллагаа явуулах, БНХАУ-тай хамтран ШХАБ-ыг бэхжүүлэх, Зүүн хойд Азийн яриа хэлэлцээрт идэвхтэй оролцох, Турк Энэтхэгтэй зэвсгийн салбарт хамтран ажиллах, Венесуэльд дэмжлэг үзүүлэх зэргээр дэлхийн хэмжээнд бодлогоо амжилттай хэрэгжүүлсээр байна.

Иймээс оросууд үндсэн төвийн хүчүүдтэй харилцан, олон улсын асуудал шийдвэрлэхэд оролцон, гадаад бодлогодоо хатуу прагматизм баримтлахыг чухалчилж байна. Орос улс нь цаашид Герман, Францийг өөртөө татах замаар Британи болон АНУ-ыг Европоос тусгаарлах, Хятадын хойш тэлэлтээс болгоомжилж, Өмнөд далай руу чиглэсэн бодлогыг нь дэмжих, Иран Сириэр дамжуулан Ойрхи Дорнодод байр сууриа бэхжүүлэх, Украйн Белорус Казакстан Молдав зэрэг улсуудыг шинээр Евро-Ази хэмээн томьёолсон Оросын эзэнт гүрний нөлөө, бүрэлдэхүүнд багтаахыг сонирхож байна. Оросуудын шинээр томьёолж буй Евро-Ази гэсэн ойлголт зөвхөн эх газраар хязгаарлагдахгүй Номхон далайн эрэг орчим нутаг ч хэт нь хамаарах төлөвтэй байна. Үнэндээ Бээжинтэй харилцаагаа муутгахгүйгээр ОХУ Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн геополитикт нөлөөлж буй. Тодруулбал, Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг улсын арми, флотыг шинэчлэхэд ОХУ тусалж байгаа, мөн Номхон далайн өөрийн гэсэн флоттой,  энэ нь  Персийн булан хүртэлх том бүсийг хянадаг болохыг  анзаарвал Москва Евро-Азийн бүс нутгийн  чухал тоглогч болсныг илтгэх юм.

Тулгарч буй сорил бэрхшээл

Өнөөгийн орос орон хил хязгаарынхаа хэсэг бүрт  стратегийн сорил бэрхшээлтэй тулгарч байна. Тухайлбал, БНХАУ-тай хиллэх хэсэг дэх  хүн ам зүйн хэт давамгайлал, Төв Азитай залгасан хилийн өмнөд хэсэг дэх  хэт даврагч исламын үзэл суртлын голомтууд,  Европтой залгасан хил дээрх  АНУ тэргүүтэй барууныхны аюул, энэ бүхэн бодитойгоор оршдог. Үүнийг Москва “түүхэн өдөөн дуудалт” гэж үзэж байна. Тэдний өргөн уудам нутаг дэвсгэр, газарзүйн байрлалын онцлог нь өрнө дорно, хойд урд аль ч зүгт цохилт өгөх бас хариу цохилт авах боломжтойд оршино. Гэвч оросууд энэ өвөрмөц байрлалаа  давуу тал болгон ашигласаар ирсэн уламжлалтай. Эдүгээ ОХУ геополитикийн ашиг сонирхолоо хангахад нэн тэргүүнд 3 тусгаарлах бүс буюу сорил учирч байгааг анзаарч болно. Үүнд:

Нэгдүгээрт, Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын олонх нь оросоос шууд хамаарахгүйгээр барууны тэр тусмаа АНУ-ын тусламж дэмжлэгийг авах болжээ. Балти орчмын Латви, Литва, Эстони улсууд аль хэдийн Оросын эсрэг байлдааны түшиц газар, “живдэггүй нисэх онгоц тээгч хөлөг” болоод байна. Ингэснээр НАТО-ийн агаарын хүчин оросын нутаг дэвсгэр дээрх стратегийн чухал ач холбогдолтой улс төр, эдийн засгийн зангилаа төвүүдэд цохилт өгөх боломжоор хангагдаж байна. Хамгийн түгшүүртэй цэг болох Украйн НАТО болон АНУ-ийн хүрээлэлд лавтай оржээ. Оросын хамгийн ойр хөрш болох Казакстан АНУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бичиг үсгээ латин үсэг рүү шилжүүлэх шийдвэр гаргаснаас үзэхэд тэдний стратегийн зорилго нь Атлантын эвслийн бүтцэд ойртох явдал хэмээн тодорхойлж болно. Кавказ орчмын хувьд гүржүүд энэ бүс нутагт оросын нөлөөг сулруулах бодлогыг баримталж байна. Кавказ дахь оросын стратегийн холбоотон шашин нэгт Армен улсын дотоодод барууныг баримталсан улс төрийн бодлого үйл ажиллагаа  идэвхжиж, АНУ-ын 300 орчим төрийн бус байгууллага ажиллаж байгаагийн дээр дэлхийд хэмжээгээрээ хоёрт орох АНУ-ын  ЭСЯ ажиллаж байна.

Оросуудын шинээр томьёолж буй Евро-Ази гэсэн ойлголт зөвхөн эх газраар хязгаарлагдахгүй Номхон далайн эрэг орчим нутаг ч хэт нь хамаарах төлөвтэй байна. Номхон далайн өөрийн гэсэн флоттой, энэ нь Персийн булан хүртэлх том бүсийг хянадаг болохыг анзаарвал Москва Евро-Азийн бүс нутгийн чухал тоглогч болсныг илтгэх юм.

Хоёрдугаарт, Хуучин социалист хамтын нөхөрлөлийн хүрээнд багтаж байсан орнууд багтана. 1999 онд Польш, Унгар, Чех НАТО-д орсноор оросын баруун хилд НАТО-ийн цэргийн хүч тулж ирсэн. Дорнод Европын орнуудад оросын эсрэг үзэл санаа хандлага нэмэгдсээр байна. Тухайлбал Польш АНУ-ийн томоохон цэргийн бааз байрласны дээр Польшийн Засгийн газраас нь 2 тэрбум долларын санхүүжилт энэ зорилгод зарцуулсан.

Гуравдугаарт, Зөвлөлтийн үеэс уламжлан ирсэн барууны өрсөлдөгч нар ОХУ-ын олон улсын харилцаанд үзүүлэх нөлөөг хязгаарлах, хүчирхэг болгохыг эсэргүүцэх сонирхолтой. ЗХУ-тай адил харьцуулах өрсөлдөгчийг дахин хэзээ ч хуучны ЗХУ-ын нутаг дэвсгэр ер нь цаашилбал Евразид төрүүлэхгүй байх нь АНУ тэргүүтэй барууны орнуудын далд зорилго юм. Энэ бодлогын элементүүд нь гэвэл оросын эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хүрээг хумих, Москватай хамтран ажиллах явдлыг хязгаарлахын тулд бусад орнуудад дарамт үзүүлэх зэрэг юм.

Нөөц бололцоо, цаашдын чиг хандлага

ХЭДЭН арван жилийн турш их хэмжээний либерал шинэчлэлд сульдаж байсан Орос улс нь эдүгээ  дэлхийн хөгжилд дасан зохицох хүчирхэг гүрэн байгуулах сууриа нэгэнт тавьжээ. Тухайлбал,

Шинэ төрлийн стратегийн зэвсэглэлийн тухай нийтэд танилцуулсан,

2008 онд  Осети-Гүржийн дайнаар Кавказад байр сууриа бэхжүүлсэн,

“Восток-2018” хамтарсан цэргийн сургууль хийж, бүс нутгийг хамарсан томоохон хэмжээний ажиллагаа  явуулах чадвартайгаа харуулсан,

Сирид “С-300 систем”,  Калининградад “Искандер” пуужингийн систем байрлуулж, стратегийн зориулалттай зэвсгээ АНУ-ын хоригийг эс харгалзан тэдний стратегийн түнш Энэтхэг, НАТО-ийн гишүүн Туркт борлуулсан,

ОХУ алдсан байр сууриа сэргээн тогтоох уу, тэгвэл ямар зааг хязгаараар тогтоох бол, эсвэл байр сууриа шинээр тодорхойлох уу гэсэн салаа замын уулзвар дээр зогсож байна. Энэхүү нөхцөл байдалтайгаа ОХУ зохицох эсвэл үл зохицох нь түүний хувьд туйлын хүнд сонголт байх болно.

Крымийн гүүрийг хөшүүрэг болгож Азовын тэнгисийг хяналтандаа авсан,

АНУ тэргүүтэй НАТО-ийн гарцаагүй цохилтоос Сирийг гаргаж авсан,

Япон улстай Энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээний явцийг эхлүүлсэн зэргийг дурьдаж болно.

ОХУ нь байгалийн баялаг нөөц, их гүрний түүхэн уламжлал, туршлагатай тул бүс нутгийн загварт орох боломжгүй юм. 1547 онд догшин Иван хааны үед Орос орныг бүрэн нэгтгэж, нэгдүгээр Петрийн үеэс эзэнт гүрний статустай болсон оросууд өнгөрсөн 400 гаруй жилийн түүхэнд дэлхийн улс орнуудын хэмжээнд голлох тоглогч байж, их гүрний байр суурийг баттай хадгалсаар ирсэн. Тэд Балтийн тэнгист Шведүүдтэй, баруун талдаа Франц, Прусс зэрэг Европын их гүрнүүдтэй, Балканы хойг Крымд Османы эзэнт улстай, Алс Дорнодод Манж гүрэн болон Японтой сөргөлдөж, газар нутаг, нэр нөлөөгөө байнга тэлсээр ирсэн. Үүний хамгийн оргил цэг нь дэлхийн хоёрдугаар дайнаас эхлэн задрах хүртлээ оршин тогтсон Зөвлөлтийн эзэнт гүрний үе юм. Эдүгээ оросуудын ирээдүйдээ итгэх итгэл сэргэж,  агуу гүрэн гэсэн статусаа буцаан олж авах процесс тасралтгүй үргэлжилж байна. Орос нь хүн ам ихтэйгээс гадна байгалийн нөөц баялаг арвин гэдгийг дурьдах хэрэгтэй. Хүн суурьшаагүй, өргөн уудам хөндөгдөөгүй газар оросын хойд болон зүүн хэсгээс өөр газар нэг ч улс оронд байхгүй. Оросын хүн ам бага суурьшсан газар нутаг нь дэлхийн бүлэглэлүүдийн анхаарлыг татаж, түүнийг эзэмшихийн төлөө тэргүүлэгч гүрнүүдийн өрсөлдөөнийг хурцатгаж байна.  

Евро-Азийн агуу гүрэн гэсэн статусыг дахин сэргээхэд ийнхүү оросын их гүрний түүхэн уламжлал туршлага, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн иж бүрдэл (онгоцны үйлдвэр, хөлөг онгоцны үйлдвэр, цөмийн аж үйлдвэр, сансарын үйлдвэр гэх мэт), байгалийн асар их нөөц болон ашигтай геополитик байрлал зэрэг нь гол суурь, түлхэгч хүч болж байна. Түүнчлэн, оросын армийн шинэтгэлийн хөтөлбөр хэрэгжсэнээр зэвсэг, техникийнхээ 70 орчим хувийг шинэчилж, орчин үеийн өндөр хүчин чадалтай зэвсэглэл боловсруулах төсөлд ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Асар том газар нутагтай, далайд гарцтай Орос улс нь цаашид идэвхтэй,  үр ашигтайгаар дэлхийн бодлогод оролцож үйл явцад нөлөөлөх боломжтой. Ийнхүү ОХУ алдсан байр сууриа сэргээн тогтоох уу, тэгвэл ямар зааг хязгаараар тогтоох бол,  эсвэл байр сууриа шинээр тодорхойлох уу гэсэн салаа замын уулзвар дээр зогсож байна. Хичнээн өвөрмөц шинж байлаа ч гэсэн  нэгэнт мөхсөн их гүрэн дахин хэзээ ч их гүрэн болж сэргэдэггүйг түүхэн сургамж харуулсан. Энэхүү нөхцөл байдалтайгаа  ОХУ зохицох эсвэл үл зохицох нь  түүний хувьд туйлын хүнд сонголт байх болно.

Дүгнэлт

Геополитикийн хувьд Орос улс нь АНУ-ын нөмөр нөөлөгт байх “анаконда” стратегийн эсрэг бодитой зогсож байна. ОХУ-ын стратегийн зорилт бол Орос аугаа гүрэн гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхийг, АНУ ноёрхож байгаа дэлхийн дэг журамд  дасан зохицох биш харин түүнтэй адил тэгш субьект гэдгээ бататгахыг хүсэх явдал. Тэдэнд их гүрний байр суурь булаалдах хангалттай түүхэн уламжлал туршлага, шинжлэх ухаан, техник эдийн засгийн суурь хөгжил хийгээд хүн ам байгалийн нөөц хүч байна. Иймээс оросууд үндсэн төвийн хүчнүүдтэй харилцан, олон улсын асуудал шийдвэрлэхэд оролцон, гадаад бодлогодоо хатуу прагматизм баримтлахыг чухалчилж байна. ОХУ нь үндэсний ашиг сонирхол төдийгүй дэлхийд нөлөөлөх тэнцвэрээ энгийн биш тэргүүлэх түвшинд хадгалж, өөрчлөгдөж байгаа дэлхийд уусах биш нөлөөлөх бүх боломжоо ашигласаар байна.


Ангилал: Долоо хоногийн тойм