1997 ОНД эх газрын Хятадтай нэгдсэнээс хойш Хонконгт хамгийн олон хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болов. Хонконгийн хууль тогтоох байгууллага “Хэрэгтэн шилжүүлэх хууль” батлах гэж байгааг эсэргүүцэн 2019 оны 6-р сарын 9, 12-нд хонконгчууд жагсаал хийж, нэг сая гаруй хүн оролцсоныг цагдаагийн байгууллага хүчээр тараах гэж оролдсоноос иргэд ба цагдаагийн хооронд мөргөлдөөн болсон юм. Улмаар 6 сарын 17-ны өдөр дахиж жагсаал хийсэн ба жагсагчдын тоо улам нэмэгдэж 2 саяд хүрчээ. Жагсагчид хоёр гол шаардлага тавьсан нь 1) “Хэрэгтэн шилжүүлэх хууль” батлахгүй байх, 2) Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн захирагч Линь Жөн Юэ-Өг огцрохыг шаарджээ.
Энэ долоо хоногт Аюулгүй байдал судлалын хүрээлэн Хонконгт нийгмийн тогтворгүй байдал үүссэн шалтгаан хийгээд энэ нь эх газрын Хятадтай хэрхэн холбогдож буй талаар товчхон авч үзлээ.
Хонконгийн хэрэгтэн шилжүүлэх эрх зүйн байдлын тухай
ХОНКОНГИЙН засаг захиргааны онцгой бүс 1997 онд Их Британиас БНХАУ-ын мэдэлд очихдоо хууль эрхзүйн тогтолцоогоо бие даан хэрэгжүүлдэг автономит эрхтэйгээр шилжсэн билээ. Хонконг хэрэгтэн шилжүүлэх гэрээг дэлхийн 20 гаруй улстай байгуулсан бөгөөд шаардлагатай тохиолдолд нэг удаагийн нөхцөлөөр харилцан шийдвэрлэж иржээ. Хонконг бусад улстай байгуулсан гэрээнээс гадна “Эрүүгийн гэмт хэрэгт хуулийн харилцан туслах журам”, “Хэрэгтэн шилжүүлэх журам” гэх хоёр баримт бичигт үндэслэн үйл ажиллагаа явуулдаг аж. Гэвч Хонконгийн уг журмыг эх газрын Хятад, Тайвань, Макаод хэрэглэхгүй гэж заалттай. Өөрөөр хэлбэл эдгээр газартай “Хэрэгтэн шилжүүлэх гэрээ” байхгүй.
Хонконг Тайваний хооронд “Хэрэгтэн шилжүүлэх гэрээ” байгуулаагүйг ашиглан Хонконгоос Тайвань руу гарч орогнох явдал мэр сэр гардаг бөгөөд хамгийн алдартай хэрэг нь 1978 онд Oriental daily сонины үүсгэн байгуулагч Ма Шижэн Тайвань руу гарч 2015 онд нас барах хүртлээ тэнд амьдарчээ. Мөн Хонконгийн нэгэн бизнес эрхлэгч Макаод гэмт хэрэгт холбогдож Макаогийн шүүхээр ял авсан боловч хэдийн Макаогоос гарч явсан байсан тул хэрэгтэнг Хонконгоос шаардаж, баривчлах боломжгүй болжээ. Хамгийн сүүлд 2017 онд болсон Хонконгийн жагсаалыг зохион байгуулагч Ли Чин-и мөн л Тайвань руу гарч зугтсан бөгөөд Хэрэгтэн шилжүүлэх гэрээгүйн улмаас Хонконг түүнийг улс төрийн арга замаар Тайваниас шаардаж авчрах боломжгүй нөхцөл мөн үүсч байв. Гэхдээ өнгөрсөн жил гарсан нэгэн гэмт хэрэг зөвхөн журмаар шийдвэрлэх боломжгүй хуулийн цоорхойг улам тодруулж өгчээ. 2018 оны 2 сард Хонконгийн залуу хос Тайваньд аялж байхдаа залуу нь найз бүсгүйнхээ амийг егүүтгээд Хонконг руугаа буцсан аж. Уг хэргийг 3 сард илрүүлсэн боловч Хонконг Тайваний хооронд эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээгүйн улмаас хэрэгтэнг шилжүүлэх боломжгүй. Уг гэмт хэрэг Тайваньд үйлдэгдсэн учраас Хонконгийн шүүхэд гомдол мэдүүлэх ч боломжгүй. Энэ хэргээс үүдэн Хонконгийн Засгийн газар “Хэрэгтэн шилжүүлэх хууль”-ийн төсөл боловсруулж, 2019 оны 4 сарын 3-нд хууль тогтоох байгууллагадаа өргөн барьж хэлэлцүүлэхээр болсон юм. Мэдээж шинэ хуулийн төслөөр Хонконг нь эх газрын Хятад, Тайвань, Макаотай хэрэгтэн шилжүүлэх боломжтой болох бөгөөд 37 төрлийн хүнд гэмт хэргийг уг хуульд хамруулахаар тусгажээ.
Хонконгчуудын шүүмжлэл
ХУУЛИЙГ хэлэлцэн батлах тухай яригдсанаас эхлээд л олон нийтийн ширүүн шүүмжлэлтэй тулгарч эхэлсэн байна. Шүүмжлэгчид хэд хэдэн үндэслэл дэвшүүлж “Хэрэгтэн шилжүүлэх хууль” батлахыг эсэргүүцжээ.
- Тус хууль хонконгийн иргэд болон тэнд амьдарч буй гадаад иргэдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгч яллуулах боломжийг олгоно, ингэснээр Хонконгийн мэдээллийн эрх чөлөө, бизнесийн орчинд маш муу нөлөөтэй.
- Улс төрийн шинжтэй гэмт үйлдэл тус хуульд хамаарахгүй гэж байгаа боловч эх газрын Хятад өөр бусад зүйл заалтаар яллаад улс төрийн гэх хэрэгтнийг шилжүүлж авч болзошгүй.
- Эх газрын хууль эрхзүйн тогтолцоо өөрөө итгэл төрүүлэхүйц бус. Магадгүй хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэн аваачсаны дараа шударга бус ял тулгаж болзошгүй гэх мэт.
Хонконг, эх газрын Хятадтай олон жилийн турш хэрэгтэн шилжүүлэх асуудлаар хэлэлцээ хийж байгаа боловч үр дүнд хүрэхгүй байгаа нь хоёр талын хүний эрхийн стандарт, үнэт зүйлс ондоо байдагтай холбоотой нь дээрх шүүмжлэлүүдээс харагдана.
Хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага
ХОНКОНГИЙН Засаг захиргааны онцгой бүсийн захирагч Линь Жөн Юэ-Ө 6 сарын 17-ны өдөр жагсагчдаас уучлал гуйж, хуулийн төслийг буцаан татсан юм. Гэвч жагсагчид тус хуулийг ерөөсөө огт хэлэлцэхгүй байх ёстой гэж мэдэгдсээр байгаагийн зэрэгцээ Хонконгийн захирагч Линь Жөн Юэ-Өг огцрохыг шаардаж буй.
Хонконгийн жагсаалын дараа Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан төв Засгийн газар Хонконгийг энэ хуулиа батлахыг нь цаашид ч дэмжинэ, мөн гаднын хүчин Хонконгийн хууль тогтоох үйл явдалд оролцож буйг эрс эсэргүүцэж байна гэж мэдэгдсэн юм. Хонконгийн захирагч нэг талаас төв Засгийн газрын шахалт, нөгөө талаас иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хүндхэн байдалтай байгаа ч тэрбээр огцрох бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Бээжингийн зөвшөөрлөөр томилогдсон захирагч хугацаанаасаа өмнө буух нь төв Засгийн газрыг “нүүргүй болгох” хэрэг учраас тэрбээр эрх барих үлдсэн 2.5 жилийн хугацаагаа гүйцээх байх гэсэн таамаглал байна.
Худалдааны дайны дэвсгэр дэх жагсаал
ТАВАН жилийн өмнө Хонконгт “шүхрийн хөдөлгөөн” болж, иргэд жагсаж байсан үетэй харьцуулахад өдгөө олон улсын нөхцөл байдал нэн өөр. Хятад, Америкийн худалдааны дайн өрнөж байгаа ийм дэвсгэр дээр энэ удаагийн жагсаал цуглаан болж байгаа нь Хятадын улс төр, эдийн засгийн байдал, Америк, Хятадын харилцаанд ихээхэн нөлөө үзүүлж болзошгүй гэж ВВС дүгнэжээ.
Үнэхээр ч “Хэрэгтэн шилжүүлэх хууль”-ийн төслийг эргүүлэн татсаны дараа Д.Трамп хонконгчуудын жагсаалыг үр дүнтэй болсон гэж “магтсан” байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео сэтгүүлчдэд Д.Трамп энэ сарын сүүлээр болох “Их 20-ийн бүлэг”-ийн уулзалт дээр Ши Жиньпинтэй уулзахдаа хүний эрхийн асуудлыг дэвшүүлэх болно гэдгийг мэдэгдэв.
Яагаад Хонконгийн нийгмийн бужигнаан Америк, Хятадын харилцаанд нөлөө үзүүлэх билээ?
Тэртээ 1992 онд “АНУ-ын Хонконгт явуулах бодлого”-ын баримт бичгийг АНУ-ын Конгресс баталсан ба уг бодлогын дагуу Хонконгт худалдааны хөнгөлөлт үзүүлж, хонконгийн паспортыг хүлээн зөвшөөрч, нарийн технологийг худалдан авахыг зөвшөөрдөг нь одоо хэр хүчинтэй хэрэгжиж байгаа юм. Тус баримт бичигт бас хэрвээ АНУ-ын ерөнхийлөгч Хонконгийг “хангалттай автономит” биш байна гэж үзвэл энэхүү баримт бичгийг цуцлах эрхтэй гэж заасан аж.
Одоо Хонконг энэ баримт бичгийн ачаар Америк, Хятадын худалдааны дайнд шууд өртдөггүй бөгөөд хонконг долларын ханш тогтвортой, эдийн засаг нь савалгаа багатай байх нэг чухал хүчин зүйл болж байна.
Гэтэл 6 сарын 12-нд жагсагчид цагдаагийнхантай мөргөлдсөний дараа АНУ-ын Сенатын дарга Нэйнси Пелоси мэдэгдэл гаргаж, хэрвээ Хонконгийн засгийн газар “Хэрэгтэн шилжүүлэх хууль”-ийг баталбал АНУ “Нэг улс, хоёр систем”-ийн дотор Хонконг “хангалттай автономит” байгаа эсэхийг дахин нягтлахаас өөр сонголтгүй болно гэв. Гэхдээ мэдээж уг баримт бичгийг юу юугүй цуцлахгүй, Д.Трамп ингэх магадлал бага, хэрвээ Бээжин жагсагчдад хүч хэрэглэвэл АНУ хориг арга хэмжээ л авах байх гэж нэрээ хэлэхийг хүсээгүй АНУ-ын албаны хүн хэлжээ.
Худалдааны дайнаас болж хятадын компаниуд АНУ-д хөрөнгө оруулахад бэрхшээлтэй болсон өнөөгийн нөхцөлд Хонконгийн олон улсын санхүүгийн төв хэмээгдэх байр суурь нь эх газрын Хятадад улам чухал болж ирж байгаа. Хэрвээ Хонконг энэ байр сууриа алдвал хятадын компаниудын чухал суваг хаагдаж, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарсан Хятадын төрийн өмчит компаниудын үнэлгээ савлана гэж америкийн эрдэмтэн Пэй Миньшин үзсэн бол өөр нэгэн судлаач хэрвээ “Хэрэгтэн шилжүүлэх хууль” батлагдвал гаднынхны Хонконгт итгэх итгэл суларч, энэ нь хонконгийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд нөлөөлж магадгүй, тогтвортой өсөлт бол Бээжингийн Хонконг дахь эрх мэдлээ бат байлгах гол үндэс нь болдог зүйл гэжээ. Хонконгийн асуудал ийнхүү Америк, Хятадын харилцаа, тэр тусмаа худалдааны дайнд Хятадын нэг сул тал, эмзэг цэг болж хувирч байна.
Хонконгчууд ба “Нэг улс, хоёр систем”
ДЭН Сяопин 1980-аад онд “Нэг улс, хоёр систем” гэх бодлогоо дэвшүүлж, Хонконг, Макао, Тайвань хэмээх улс төрийн өөр дэглэмтэй хэсгүүдээ Хятадад эргэн нэгтгэх үед хэрэгжих засаглалын хувилбарыг санал болгосон юм. Өөрийн гэсэн тогтолцоо нэгэнт бүрэлдсэн газрыг захиран засаглахдаа өөрсдөө очиж хүчээр удирдах бус, байгаа чигээр нь үлдээж, харин үг дуулгавартай дагах ноёдыг сонгон томилох замаар засаглавал эрх мэдлээ тухайн газар олон жил тогтвортой удаан хадгалах боломжийг олгодог. Ингээд “Нэг улс, хоёр систем” хэрэгжиж эхэлсэн боловч хонконгчууд Хятадын үндэсний ижилсэл (national identity)-ийг хүлээн авахад бэрхшээл тулгарсаар, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын олон хүндрэл гарч ирж байгаа юм. Хонконгийг эргүүлж нэгтгэхдээ эх газрын Хятад хонконгчуудын эрх чөлөөнд халдахгүй, хууль тогтоох бие даасан байдлыг нь хадгална гэх зэргээр Хонконгийн дэглэмийг 50 жил өөрчлөхгүй гэсэн амлаттай юм. Гэвч сүүлийн жилүүдэд болж буй үйл явдлууд хонконгийн иргэдийг гонсойлгох болжээ. Хонконгийн номын худалдаа эрхэлдэг 5 бизнесменийг эх газарт баривчилсан, Хонконгийн Ардчилсан намын гишүүдийн хууль тогтоох байгууллагад байх эрхийг төв Засгийн газар цуцалсан, ардчилсан үзэлтэй хүмүүсийг саатуулсан гэх мэтээр автономит байр суурьт нь халдсан үйл явдлууд болж буй. Тиймээс л “Хэрэгтэн шилжүүлэх хууль” батлахыг эрс эсэргүүцэж, хоёр сая иргэн гудамжинд гарч ирсэн хэрэг.
Жагсаалын давтамж нэмэгдсээр…
СҮҮЛИЙН жилүүдэд Хонконгт болсон эсэргүүцлийн жагсаал бүгд эх газрын Хятадын үйлдэлд дургүйцсэнтэй холбоотой болсон төдийгүй давтамж нь улам ихсэх хандлагатай байна.
- 2003 онд Хонконгийн Тулгуур хуулийн 23-р зүйлд улсаа хагалан бутаргасан, улсын нууц олзворлосон гэх мэт олон хэргийг нэмж оруулах гэж оролдсонд хонконгчууд эсэргүүцэн жагссанаар тус заалт гишүүдийн олонхын дэмжлэг авч чадалгүй батлагдаагүй байна.
- 2014 онд “Шар шүхрийн хувьсгал” хэмээх жагсаал болж ардчиллыг бэхжүүлэхийг шаардав.
- 2015 онд номын бизнес эрхлэгчдийг баривчилсныг эсэргүүцэн жагслаа.
- 2016 онд Ардын төлөөлөгчдийн их хурал Хонконгийн хууль тогтоох байгууллагын гишүүний тангаргийн агуулгыг өөрчлөхийг эсэргүүцэн жагсжээ.
- 2018 онд Хонконг-Шэньжэн-Гуандуны хурдны төмөр замыг эх газрын хуулиар зохицуулан ажиллуулах болсныг эсэргүүцэн жагссан.
- 2018 онд Хонконгийн үндэстний намыг үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар хориглосныг эсэргүүцэв.
- 2019 оны 4 сард “Шүхрийн хувьсгал”-ын гол 9 хүнийг бүгдийг хэрэгтэн гэж үзэж, 16 сар хорих шийдвэр гаргасныг эсэргүүцэн жагслаа.
2019 оны 6 сард “Хэрэгтэн шилжүүлэх хууль” батлахыг эсэргүүцэн жагсав.
Эх газрын Хятадын эсэргүүцэл
ЭХ газрын Хятад Хонконгт болдог жагсаал цуглаанд барууны орнуудыг буруутгах нь их. Энэ удаагийн 6 сарын 9-ний жагсаалын маргааш буюу 10-ны өдөр Хятадын төрийн мэдлийн “Глобал таймс” сайтаар дамжуулан уг жагсаалыг эрс буруушаахын зэрэгцээ АНУ тэргүүтэй барууны орнууд Хонконгийн сөрөг хүчнийг ашиглан турхирч байгаа хэмээн мөн л шүүмжлэв.
АНУ-ын Сенатын дарга Нэйнси Пелосийг нэр цохон дурдаж, энэ оны 3 ба 5 сард Хонконгийн сөрөг хүчний төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Хэрэгтэн шилжүүлэх хууль”-ийн төслийн асуудлыг хэлэлцсэн. Мөн АНУ-ын Конгрессын “АНУ, Хятадын эдийн засаг, аюулгүй байдлын хяналтын хороо”-ны дарга, дэд дарга мөн төлөөлөгчдийг 3 сард тус тус хүлээн авч уулзсан. Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео 5 сард уулзахдаа уг хууль Хонконгийн хууль эрхзүйд заналхийлж байна гэж дайрсан. Үүнээс гадна Их Британи, Канадын гадаад хэргийн сайд нар дээрх хуулийн холбоотойгоор хамтарсан мэдэгдэл гаргасан гэх зэргээр баримтыг дурдан буруушаав. Эх газрын Хятад Хонконгийн сөрөг хүчнийг улс төр хийж байна гэж шүүмжлэхийн зэрэгцээ Вашингтоныг эрс буруушааж, энэ бол Америкийн Хятадад өдөөсөн худалдааны дайнтай холбоотой нь тодорхой гэж үзэж байна. Түүнчлэн Америк, Хятадын тоглоомд Хонконгийг хөзөр болгон ашиглаглагдаж буй мэтээр, тэр бүү хэл Хонконгийг бужигнуулах замаар Хятадыг хазаарлаж байгаа мэтээр бусдад ойлгуулж болохгүй гэж буруушаажээ.
Дүгнэлт
ХОНКОНГТ болсон энэ удаагийн жагсаал хоёр онцлогтой байв. Нэгд, цар хүрээгээр хамгийн өргөн далайцтай, олон хүнийг хамарсан. Хоёрт, худалдааны дайны дэвсгэр дээр болж байна. АНУ Хонконгийн хүний эрхийн асуудал, хууль эрхзүйн тогтолцооны бие даасан байдалд санаа зовниж буй шалтгаанаар Хонконгт явуулдаг бодлогоо эргэж харах тухай хэлэлцэж, Бээжинд шахалт үзүүлж байна. Харин Бээжин Хонконгийн жагсаалыг Хятадын дотоод асуудал атал гаднын хүчнүүд орооцолдож байгаад бухимдаж, хяналтдаа байлгаж буйгаа илтгэн “Хэрэгтэн шилжүүлэх хууль”-ийг батлуулах л болно гэсэн итгэлтэй байгаа юм. Цаашид энэ хууль батлагдаж чадах эсэх нь эх газрын Хятад өөрийн хүслээр ажиллах бяртай байгаа эсэх, эсвэл барууны шахалтад орохуйц эмзэг байна уу үгүй юу гэдгийг илтгэх нэг хэмжүүр болж болохоор харагдаж байна. Мэдээж нөхцөл байдал АНУ, Хятадын харилцааны өрнөл болон эх газрын Хятадын Хонконг дахь “эеэр засах” бодлого хоёроос шалтгаалах нь тодорхой.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19