2024 онд Европын Холбооны (ЕХ) хууль тогтоох үндсэн байгууллага болох Европарламентын сонгууль, мөн түүнчлэн олон гишүүн улсад нь сонгуулийн цикль таарч, чухал жил болж байна. 2014 оноос хойш Европ даяар тулгарсан цагаач, дүрвэгсдийн асуудал хэт барууны улс төрийн бүлэглэл, хүчнүүд эргэн өндийх хөрс суурь болсон бол Орос-Украины хямрал Европ даяар холимог дайны гал өдөөж нийгмийн ердийн яриа зөвшилцөл өрнөхөд улам хүндэрсэн. Евроцентрист тогтолцоо, Евро-Атлантын харилцаа бүхэлдээ дотоод улс төрийн бужигнаан, гадаад геополитикийн хайчинд орж олон сорилттой зэрэг нүүр тулж байна. Ардчилсан сонгуулийн арга замаар нийгмийн зөвшилцөл хийж сурсан соёл нь эдгээр олон сорилт, бэрхшээлийг давах гарц болох уу, эсвэл шинэ арга хэлбэр, хандлага хэрэгтэй юу? Европын бодлого тодорхойлогчид, ажиглагч судлаачдын хувьд ухаанаа уралдуулах цаг ирээд байна.
Европарламентын сонгууль – 2024
2024 оны 6 дугаар сарын 6-9-нд Европарламентын 10 дахь удаагийн сонгууль явагдаж ЕХ-ны 450 сая иргэн ирэх 5 жилд 2029 он хүртэл хууль тогтоох, төлөөлөх байгууллагаа сонгов. ЕХ-ны санал өгөх эрхтэй нийт 357 сая сонгогчоос 182 сая нь сонгуульд оролцож ирц 51% хүрсэн нь сүүлийн 30 жилд (1994 оноос хойш) анх удаа ирц өндөр гарсан явдал болов.[1] Сонгуулийн дүнд төвийн ба баруун төвийн үзэлт EPP (European People’s Party) намын бүлэг мандатын тоогоо (+12 суудал) нэмж 188 суудлаар олонхын статусаа хадгаллаа. Улс төрийн спектрийн хүрээнд баруун ба баруун төвийн намууд ЕХ даяар +56 суудал нэмсэн бол зүүний чиглэлийн намууд -37 суудал, бусад жижиг намууд -29 суудал тус тус алдав. Европ даяар өрнөж буй барууны чиглэлийн улс төрийн хөдөлгөөний давлагааны үр дүнд Германд “CDU/CSU эвсэл” 30%, “Alternative für Deutschland” нам 15%, Францад “Rassemblement National” нам 31%, Италид “Fratelli d’Italia” нам 28% санал тус тус авч үндэсний сонгуульдаа тэргүүлсэн дүн гарсан. Францад барууны улс төрийн хүчин ялсан тул Ерөнхийлөгч Э.Макрон тэр даруй Үндэсний Ассамблейгаа тарааж шинэ сонгууль зарласан нь Европ даяар давлагаалсан улс төрийн шокийн түвшнийг илэрхийлнэ.[2]
Зураг-1. Арав дахь удаагийн Европарламентын сонгуулийн дүн. Парламентын бүлгүүдийн авсан мандатын тооны өөрчлөлт, эзлэх хувь (%). Сурвалж: Politico
Европарламентын спикер Роберта Мецола (Мальт улсын төлөөлөл) түүхэнд хамгийн өндөр буюу 562 гишүүний санал цуглуулж дахин сонгогдов. Мецола дахин спикер болсноор Европарламентын ирэх 5 жилийн хөтөлбөрт ЕХ-ны тэлэлт, Украин, Молдав, Гүрж болон Баруун Балканы улсуудыг элсүүлэх асуудал анхаарлын төвд хэвээр үргэлжлэх ба ОХУ, БНХАУ-ын эсрэг хатуу зарчим баримталдаг, Америкийн технологийн корпорациудын хэт давуу нөлөөг хязгаарлах байр суурь илэрхийлдэг спикерийн баг бүрдээд байна.
Европарламентад намын бүлэг байгуулахын тулд дор хаяж 7 гишүүн улсын 25 парламентын гишүүн бүрдэж байж бүлгийн эрх үүсдэг онцлогтой. Улс төрийн спектрум дотроо ойролцоо чиг баримжаа, мөрийн хөтөлбөр, ижил зорилготой намууд эвсэж бүлэг байгуулдаг соёл нэгэнт төлөвшсөн.
Сонгуулийн дүнгээс хамаарч өмнөх Европарламентад намуудын 7 бүлэг (Brexit-ээс өмнө 8 бүлэгтэй байсан) ажилласнаас 10 дахь удаагийн шинэ парламент бүрэлдсэний дараа үзэл баримтлал, бодлогын зөрүү, улс төрийн чиглэлийн шалтгаанаар зарим намууд бүлгээсээ гарах, бүлэг сэлгэх, үүний улмаас зарим бүлгүүд тарж шинэ бүлгүүд үүсэх процесс явагдаж байна. Тухайлбал хэт барууны “Identity and Democracy” бүлэг тарж ихэнх гишүүд нь шинэ байгуулагдсан “Patriots for Europe” бүлэг рүү нэгдлээ. Өмнөх бүлгээс Германы “Alternative für Deutschland” нам гарсны дараа шинээр “Europe of Sovereign Nations” бүлэг байгуулж бусад хэт барууны намуудтай эвсэв. “Patriots for Europe” бүлэгт Унгарын Ерөнхий сайд В.Орбаны тэргүүлдэг “Fidesz” нам, Нидерландын “Partij voor de Vrijheid” нам дээр Францын “Rassemblement National” нам нэгдэж хүч нэмснээр Европарламент дотор 84 суудалтай 3 дахь том бүлэг болон өргөжөөд байна. Эдгээр шинэ намын бүлгүүд нь Украины асуудал дээр ОХУ-ын талд асуудлыг шийдэх, ОХУ-тай харилцаагаа хэвийн болгох талд байр суурьтай намууд байгаа нь анхаарал татна.
2024 оны 6 дугаар сарын 28-нд Евроконсулын уулзалтаар ЕХ-ны гишүүн орны удирдагчид ирэх 5 жилд холбоог удирдах албан тушаалтнуудаа сонгов. Евроконсулын тэргүүнээр Португалийн Ерөнхий сайд асан Антониу Кошта, Европын Аюулгүй байдал, гадаад бодлогын албаны тэргүүнээр Эстоний Ерөнхий сайд асан Каяа Каллас тус тус сонгогдсон бол Урсула фон дер Лайеныг Еврокомиссийн Ерөнхийлөгчөөр үргэлжүүлэн 5 жил ажиллуулахаар ЕХ-ны төрийн тэргүүд тохиролцоонд хүрсэн. ЕХ-ны гурван гол гүйцэтгэх албан тушаалын томилгоонд Итали, Унгарын Ерөнхий сайд нар таатай бус буйгаа илэрхийлж Жиоржиа Мелони Урсула фон дер Лайенаас шинэ кабинетад Италид чухал комиссарын албан тушаалаас авах хүсэлтэй гэдгээ ил тод мэдэгдсэн.
2019-2024 оны өмнөх 5 жилд Евроконсулын тэргүүн Шарль Мишель, Еврокомиссийн ерөнхийлөгч фон дер Лайен нарын дунд үүссэн байсан үл ойлголцол, улс төрийн хагарал өндөрлөж Антониу Кошта илүү зөвшилцөгч, хэлэлцэгч тул аливаа асуудал дээр фон дер Лайены хамт “Төгс хослол” болох боломжтой хэмээн ажиглагчид дүгнэж байна.[3] Каяа Каллас нь Балтийн улсууд, Умард Европ, Дорнод ба Төв Европыг төлөөлж ЕХ-ны дээд албан тушаалд томилогдож байгааг бүх талууд хүлээн зөвшөөрч дэмжсэн. Каллас нь дипломат алба, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын туршлага харьцангуй бага боловч Брюсселийн улс төрийн хүрээнд том дэмжлэг хуримтлуулж чадсан нь томилгоонд нь нөлөөлөв.
Калласын халааг авч буй аюулгүй байдал, гадаад бодлогын өмнөх тэргүүн Боррелийн байр суурь фон дер Лайентай санал зөрөх үед (тухайлбал Ойрх Дорнод, Палестин-Израилийн асуудлаар хурц зөрчилдсөн)[4] тус хоёр лидер агуулга ба текстийн зөрүүтэй мэдэгдлүүд хийж ЕХ-ны дэлхийн тавцан дахь байр суурийг сулруулах тохиолдол гарч байсан. ЕХ-ны дээд гурван албан тушаалтан хоорондоо байр суурийн зөрүүтэй байгаа үед хэнийх нь бодлогыг үндсэн байр суурь болгон баримтлах ёстойг тус холбооны эрх зүйд нэг бүрчлэн нарийвчлан тусгаагүй цоорхой бий. Тиймээс ЕХ-ны дээд албан тушаалтнууд хоорондоо зөвшилцөл, ойлголцолтой баг байх нь чухал гэж Евроконсулын уулзалтын үед яригдсан юм. Кошта, фон дер Лайен, Каллас гурав харьцангуй гар нийлсэн, цаашид зөрүүтэй асуудлуудаа зөвшилцөж нэг байр суурьтай байж чадна гэж Брюсселийн ажиглагчид үзэж байна. “Консенсус нь ЕХ-ны улс төрийн амин зүрх” хэмээн тус холбоог үндэслэгч төрийн зүтгэлтнүүдийн нэг Жак Делорын тодорхойлж нэвтрүүлсэн номлол үйлчилсэн хэвээрээ буй. Урсула фон дер Лайен 2024-2029 онд ЕХ-ны гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэх (өөртэй нь нийлээд 27 комиссараас бүрддэг) шинэ багаа бүрдүүлэх ёстой. ЕХ-ны гишүүн улс болгон 1–2 комиссарын нэр санал болгож ирүүлэх бөгөөд эндээс Еврокомиссийн ерөнхийлөгч өөрөө сонголтоо хийнэ. Зарим кандидатыг буцаах эрхтэй хэдий ч тухайн комиссарыг санал болгосон гишүүн улсын зүгээс эсэргүүцэх эсвэл буцаасан нэр дэвшигчийг дахин санал оруулах зэрэг байдлаар процесс сунжирч болзошгүй. ЕХ-ны гишүүн улсууд чухал ач холбогдолтой комиссарын албан тушаалд өөрийн нэр дэвшигчийг томилуулахаар ширүүн өрсөлддөг.[5] Одоогийн байдлаар Испани улс эрчим хүч, цаг уурын өөрчлөлтийн чиглэлийн комиссарын алба, Ирланд ба Люксембург, Австри улсууд төсөв, санхүүгийн комиссар, Польш ба Балтийн улсууд ЕХ-ны тэлэлт хариуцсан комиссарын албыг авахаар тус тус лобби хийж байна. Харин Итали, Франц (Франц улс одоогийн комиссар Тьери Бретоныг дахин дэвшүүлсэн) улсууд худалдаа, эдийн засаг, өрсөлдөөн эсвэл батлан хамгаалах зэрэг томхон салбарын комиссарыг авахаар ажиллаж байна.[6] Фон дер Лайен 2 дахь удаагаа сонгогдохдоо өөрийн EPP намаас гадна Зүүний Социалист, Либерал бүлгүүдээс 401 санал цуглуулсан тул комиссарын сонголтод өөрийг нь дэмжсэн намын бүлгүүдийн оролцоог мөн тусгах ёстой гэсэн агуулгаар шинэ Еврокомисс бүрдэх нь маш ярвигтай даалгавар юм.
Ашигласан эх сурвалж:
[1] 2024 European election results | Politico https://www.politico.eu/europe-poll-of-polls/european-parliament-election/
[2] Dissolution de l’Assemblée nationale: quels sont les scénarios possibles? | Sciences Po. 13.06.2024 https://www.sciencespo.fr/fr/actualites/dissolution-de-l-assemblee-nationale-quels-sont-les-scenarios-possibles/
[3] Von der Leyen and Costa: Europe’s new dynamic duo | Politico https://www.politico.eu/article/ursula-von-der-leyen-antonio-costa-european-union-dynamic-duo/
[4] The European Union’s Policy on the Genocide in Gaza: Josep Borrell vs. Ursula von der Leyen | Politics Today https://politicstoday.org/european-union-policy-on-gaza-genocide-josep-borrell-vs-ursula-von-der-leyen/
[5] The front-runners for the next European Commission. Even before the European election, maneuvering is underway for top jobs in Brussels. | Politico https://www.politico.eu/article/frontrunners-next-european-commission-eu-election-2024/
[6] Von der Leyen is in! Let the fighting over the next European Commission begin. EU leaders will fight back against “too powerful” von der Leyen as she assembles her team. | Politico https://www.politico.eu/article/eu-commission-ursula-von-der-leyen-election-commissioner-fight/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
ОХУ БНАСАУ-ын харилцааны эргэлтийн цэг үү?Дараах нийтлэл
Европын улсуудын сонгууль – 2024 (II)Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02