Уул уурхайн цахилгаанжуулалт ба эдийн засгийн аюулгүй байдлыг хангах боломж

2023-09-29

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/10/uul-uurhai1-.png

Монгол Улсын нэгдсэн төсөвийн орлогын ихэнх хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлдэг бол тус салбарын үйл ажиллагааны зардлын ихэнх хувийг технологийн тээврийн салбар (хөрс хуулалт, эцсийн тээвэрлэлт гэх мэт) эзэлдэг. Мөн импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний үнийн 30 орчим хувийг тээврийн зардал эзэлж байна. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор авч хэрэглэдэг бөгөөд эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлөх нэг хүчин зүйл нь эрчим хүчний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч орны улс төр, нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал юм. Ковид-19 цар тахал, Украйны дайн гэх мэт үйл явдлуудаас эхлэлтэй олон улсын харилцаа ихээхэн сорилттой тулгарч байгаа өнөө үед улс орнуудын гадаад харилцаа, геополитик, улс төр, аюулгүй байдлын бодлогод эрчим хүчний бараа материалын экспорт, импорт, хориг арга хэмжээ[1] ихээхэн нөлөөлж байна.

Монгол Улсын төсөвийн бүрдүүлэлт, тээвэр, газрын тосны бүтээгдэхүүн

Монгол Улсын нэгдсэн төсөвийн орлого 2023 оны эхний зургаан сарын байдлаар 11,059.3 тэрбум төгрөг, үүнээс уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,701.6 тэрбум төгрөг болжээ[2]. Үүнээс харвал Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 гаруй хувь, экспортын орлогын 90 орчим хувь, төсвийн орлогын 33,5 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна[3]. Уул уурхай, олборлох салбарын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 2023 оны эхний зургаан сарын байдлаар нүүрс 2,044.1 тэрбум, зэс 1,172.3 тэрбум, алт 114.3 тэрбум төгрөг болжээ. Эдгээр экспортын ашигт малтмалуудаас нүүрсний экспорт 2022 онтой харьцуулахад 3,6 дахин, зэс 25 хувиар өссөн бөгөөд эдгээрийн олборлож буй уурхайнуудын ихэнх нь ил уурхайнууд юм. Ил уурхайн олборлолтын зардлын 50 орчим хувь технологийн тээврийн зардал эзэлдэг бөгөөд уг зардал импортоос 100 хувь хамааралтай дизель түлшнээс бүрдэж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний импорт 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 1,781.1 мян.тн байсан ба үүний 55.9 хувь нь дизель түлш байжээ. Нийт импортоор авсан дизель түлш улсын тээвэр зууч, уул уурхай, олборлолтын салбарт зарцуулагдаж байна[4]. Монгол Улсын тээвэр логистикийн салбарт 700 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд нийт 12000 орчим хүн ажиллаж буй. 2022 оны байдлаар нийт тээврийн 66 хувь экспортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд зориулагджээ[5].

Уул уурхайн бүс нутаг дахь сэргээгдэх эрчим хүчний нөөц

Улсын хэмжээнд уул уурхай, олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь говийн бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн тооцоолсноор манай улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 ТВт бөгөөд энэ нь дотоодын эрчим хүчний нөөцийг бүрэн хангаад зогсохгүй асар их эрчим хүчний экспорт бий болгох боломжтой юм[6]. Ялангуяа Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр орчим 1 кВт суурилагдсан хүчин чадалтай нарны эх үүсвэрээр 1846,4 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх[7], газрын гадаргаас дээш 100 метрийн өндөр дэх салхины хувийн чадал 458 В/м2, дундаж салхины хурд 7,38 м/с байна[8]. Энэхүү үзүүлэлтүүдээс харвал янз бүрийн технологийн шийдэлд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой байна.

Өмнөд говийн бүс нутаг нь нарны эрчим хүчний арвин их нөөцтэй бөгөөд жилийн 270-300 хоногт цэлмэг нартай байдаг[9].  Энэ бүс нутагт нэг хавтгай дөрвөлжин метр газар нутагт жилийн хугацаанд нарнаас ирэх цацрагийн хэмжээ 1,200-аас 1,600 кВт байна. АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораториос бэлтгэсэн Монгол Улсын салхины эрчим хүчний хүчний атласаас үзвэл Өмнөговь аймгийн нутагт хамгийн багадаа 300ГВт хүчин чадалтай салхины эх үүсвэрийг барьж байгуулж болхоор байгаа ажээ[10]. Эдгээр судалгаанаас авч үзвэл говийн бүсийн нар, салхины нөөц их бөгөөд энэхүү нөөцийг тухайн бүс нутагт ажиллаж буй аж үйлдвэрлэл, олборлох салбарын технологид ашиглаж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, байгаль орчныг бохирдуулагч хүчин зүйлүүдийг багасгаж олон улсад хүлээсэн “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийн[11] хэрэгжилтэд ихээхэн ач тусаа өгөхөөр байна.

Уул уурхайн цахилгаанжуулалт

Уул уурхайн үйл ажиллагааг цахилгаанжуулах нь түүний найдвартай байдал, эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдлыг сайжруулах, олборлож буй нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулах гол хэрэгсэл болж хурдтай хөгжиж байна. Цахилгаан машин, машин механизмыг хэсэгчилсэн буюу бие даасан шинэ, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг бичил сүлжээнүүдтэй хослуулан ашиглах нь далд уурхай болон ил уурхайн аль алинд нь илүү үр ашигтай, тогтвортой, аюулгүй уурхайн үйл ажиллагаа явуулах арга замыг бий болгож байна.

Цахилгаанжуулсан уул уурхайн ирээдүй рүү шилжилт хийх нь нарийн төвөгтэй бөгөөд дэд бүтэц, технологи, техник хангамжид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх боловч гадны улсаас газрын тосны бүтээгдэхүүний хэт хамааралтай улс орны хувьд эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлаа хангах нэн шинэ боломж болж ирж байна. Цэнэг хураагууртай (батарейтай) хүнд даацын уул уурхайн машин механизм, нарны цахилгаан станц, цэнэг хураагуур (батарей) цэнэглэх, машин механизмын цэнэг шавхагдсан цэнэг хураагуурыг сэлгэн солих станц гэх мэт дэд бүтцүүдээс цахилгаан уул уурхай буюу уул уурхайн цахилгаанжуулалт (electric mining, mining electrification) тайлбарлагдана. 100 тонны хүчин чадалтай дизель түлшээр ажилладаг хүнд даацын тээврийн хэрэгслийг 120 тонны даацтай цахилгаан хүнд даацын тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад засвар үйлчилгээний зардлыг 20 хувь, зарцуулж буй дизель түлшний зардлыг 40 хувь, ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувь буюу жилд 1500 тонноор бууруулах боломжтой байна[12].

Зураг 1. Уул уурхайн цахилгаанжуулалтын бүдүүвч[13]

Дэлхийн төмрийн хүдрийн аж үйлдвэрлэлийн технологийн тээврийн салбарыг цахилгаанжуулахын тулд 20-оос 30 тераватт-цаг цахилгаан эрчим хүч шаардлагатайг судлан тогтоосон бөгөөд үүнд 45 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Мөн төмрийн хүдрийн уурхайнуудад цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн чадлыг сайжруулах, цахилгаан автомашины, батарейны технологи, үйлдвэрлэлийн бага зардал, цэнэг шавхах цэнэглэх хугацаа гэх мэт олон сорилтууд уг салбарт тулгарч байна[14]. Дотоод шаталтат, хосолмол, цахилгаан тээврийн хэрэгслүүдэд нийт 70 гаран мянган оюуны өмч бүртгэгдсэн байна. Цахилгаан тээврийн хэрэгслийн салбарт одоогоор 18 мянга орчим оюуны өмчийн бүтээл  хамаарагдаж байгаа ба уг салбарын судалгаа хөгжүүлэлтийн орчин, материал судлал эрчимтэй өрсөлдөөнтэй хөгжиж байна[15].

Цахилгаан автомашины зах зээл

Дэлхийн автомашины зах зээл дээр 2022 онд 10 сая гаруй цахилгаан автомашин зарагдсан бөгөөд нийт борлуулагдсан автомашины 14 хувийг эзэлж байна. Хятад улсад эдгээр цахилгаан автомашины 60 хувь зарагдсан ба Европ, Америк уг зах зээлийг удаалж байна. Цахилгаан автомашины борлуулалт 2023 онд эрчимтэй үргэлжлэх төлөвтэй байна. Эхний улиралд 2.3 сая гаруй цахилгаан автомашин зарагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 орчим хувиар их байна. 2023 оны эцэс гэхэд 14 сая цахилгаан автомашин борлуулагдах урьдчилсан таамаг тооцоолол гарсан байна.

Иргэний зориулалтаас гадна аж үйлдвэрлэл, тээвэр логистикийн салбарт хэрэглэгддэг хүнд даацын машинуудыг цахилгаанжуулах хүсэл эрмэлзэл нэмэгдэж байна. 2022 онд 220 орчим цахилгаан хөдөлгүүртэй хүнд даацын автомашины загвар зах зээлд орж ирснээр нийт 800 гаруй загварт хүрчээ. Нийт 27 засгийн газар 2040 он гэхэд тэг ялгаруулалттай автобус (Zero Emission Bus), хүнд даацын ачааны автомашины борлуулалтыг 100 хувь болгох амлалт өгөөд байна. Америк, Европын холбооны улсуудын бодлого боловсруулагч нар тэг ялгаруулалттай автомашиныг дэмжих хууль эрх зүйн орчныг бий болгохоо амлаад байна[16].

Түүнчлэн уул уурхайн технологийн тээвэрт ус төрөгчийг мөн ашиглаж эхлээд байна. Дэлхийн устөрөгчийн хэрэглээ 2021 онд 94 сая тоннд (Мт) хүрч, тахлын өмнөх түвшнээс давсан (2019 онд 91 сая тонн) бөгөөд дэлхийн эрчим хүчний эцсийн хэрэглээний 2.5 орчим хувийг эзлэж байна[17]. Энэхүү хэрэглээний дийлэнх нь төмөрлөгийн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа ч сүүлийн үед уул уурхайн технологийн тээвэрт хэрэглэж эхлээд байгаа юм[18].

Дүгнэлт

Өргөн хэрэглээний ихэнх нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортоос мөн улсын төсөв бүрдүүлж буй орлого уул уурхай, олборлолтын салбараас шууд хамааралтай манай орны эдийн засагт уул уурхайн гадаад зах зээлийн эрэлт, хил гааль, тээврийн салбарын гацаа саад дарамт үзүүлсэн хэвээр байна. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ болон нийлүүлэгч орны улс төрийн тогтворгүй байдал нь уул уурайн салбарын тээврийн зардлыг өсгөж өрсөлдөх чадварыг бууруулж байна. Уурхайн олборлолт, ашиглалтын зардлын нэлээд хувийг дизель түлшний зардал эзэлдэг бөгөөд уг түлшний нийлүүлэлт нь бусад улс орноос хамааралтай тохиолдолд улсын эдийн засгийн аюулгүй байдалд нэн эмзэг асуудал болно.  

Сэргээгдэх эрчим хүч нар, салхины нөөц их, уул уурхайн илрүүлж ашиглаж буй ихэнх орд газрууд говийн бүсээр байрласан байдал нь бидэнд уул уурхайн ашиглалтын зардлыг бууруулж уул уурхайгаа цахилгаанжуулах нь нэгж бүтээгдэхүүнд зарцуулж буй зардлыг багасгаж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж олгож байна. Мөн газрын тосны бүтээгдэхүүн дотроос төсөвийн орлогыг бүрдүүлэгч уул уурхайн салбарт ашиглагддаг дизель түлшний хамаарлыг багасгаж эдийн засгийн аюулгүй байдлын орчин нөхцлийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хамтын хүчин чармайлтад Монгол Улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, ногоон эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын орчныг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг татах нь чухал байна.

Ашигласан эх сурвалж:


[1] Правительство ограничило экспорт бензина и дизельного топлива | Forbes.ru

[2] ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ /2023 I-VI/ – Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (mmhi.gov.mn)

[3] Статистикийн мэдээллийн нэгдсэн сан (1212.mn)

[4] ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ, ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2023.09.19/

[5] Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо

[6] Renewables Readiness Assessment Mongolia (irena.org)

[7] Global Solar Atlas https://globalsolaratlas.info/map

[8] Global Wind Atlas https://globalwindatlas.info/en

[9] srep_ip_mongolia_final_14_dec_2015-latest.pdf (cif.org)

[10] Wind Energy Resource Atlas of Mongolia (nrel.gov)

[11] First Submission of Mongolia’s NDC.pdf (unfccc.int)

[12] Huge electric dump truck goes to work at coal mine – CHINA MINING Congress and Expo (chinaminingtj.org)

[13] Shell launches consortium to speed up trucks electrification – MINING.COM

[14] Mining electrification could double their electricity demand | McKinsey

[15] The global patents dataset on the vehicle powertrains of ICEV, HEV, and BEV – ScienceDirect

[16] Global Commercial Drive To Zero Program — Global Memorandum of Understanding on Zero-emission Medium- and Heavy-duty Vehicles (globaldrivetozero.org)

[17] Global Hydrogen Review 2022

[18] The world’s first hydrogen-powered haul truck could help clean up the mining industry | CNN


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА