2023 оны 6 дугаар сарын 23-24-нд ОХУ-ын дотоодод 1993 оноос хойш анх удаа “төрийн эсрэг гэмт хэрэг” гэж зарлагдсан зэвсэгт бослого өрнөж, үүнд Оросын төрийн дэмжлэгтэйгээр захиалга гүйцэтгэдэг хувийн цэргийн Вагнер (ЧВК Вагнер) компанийн удирдлагууд толгойлон оролцсон хэрэг явдал өрнөлөө. Вагнер компани 2022 оны хавраас эхлэн хувийн гэрээт цэргийн нэгтгэлүүдээ Украины дайны фронтод илгээж, ОХУ-ын зэвсэгт хүчинтэй мөр зэрэгцэн байлдааны тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Вагнерын тэргүүн, Кремлийн нөлөө бүхий дүр Евгений Пригожин сошл сүлжээгээр дамжуулан Украины нөхцөл байдлын тухай өөрийн өнцгөөс тайлбарлаж эхэлсэн ба ОХУ-ын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудыг нээлттэй шүүмжилсээр улмаар зэвсэгт бослогын хэмжээнд хүрсэн нь ажиглагчдын хувьд огт таамаглаагүй зураглал байлаа.
Вагнерын бослогын асуудал нь хэн нэг цэргийн эрхтэн санал нийлээгүй армийн удирдлагуудынхаа эсрэг боссон тохиолдлын нэгэн хэрэг биш харин ОХУ-ын дотоод нөхцөл байдал, дотоод улстөрийн хүчнүүдийн хөдөлгөөн, цаашдын өрнөлийн толь боллоо. Вагнерын сэдэв нь мөн дэлхийн бусад их гүрнүүд, АНУ, БНХАУ-ын зүгээс ОХУ-ыг хэрхэн харж буй бодит байр суурийг илрүүлэн харуулсан онцгой тохиол байсныг дурдах нь зүйтэй.
Вагнерын түүх
ЧВК Вагнер 2013-2014 оны орчимд үүсгэн байгуулагдсан ба энэ цагаасаа эхлэн Оросын гадаад бүс нутагт өрнүүлдэг хосолмол дайны ажиллагаанд хэрэглэгддэг халхавч байгууллага болсон юм. Вагнерыг үндэслэгч нь Оросын цэргийн тагнуулын (ГРУ) тусгай хүчний офицер Дмитрий Уткин бол тус нэгтгэлийн ерөнхий захирал, зохицуулагч менежер нь Путины дотны найз, Ленинградын (хуучин нэршлээр) эрүүгийн ертөнцийн зартай төлөөлөл, бизнесмэн Дмитрий Пригожин нар юм.[1]
Вагнерын хамгийн эхний ажиллагаа нь 2014 оноос эхэлсэн Украины тогтворгүй байдалд халхавчийн дор оролцож орос үндэстнүүд оршин суудаг сөргөлдөөнт бүс нутаг, Донбасс дахь ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Улмаар 2015 оноос Сирид эхлүүлсэн ОХУ-ын цэргийн ажиллагаанд хавсран оролцож Ассадын дэглэмийг хамгаалж тогтоож авч үлдэхэд Вагнерын хөлсний цэргүүд том үүрэг гүйцэтгэж дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж эхэлсэн. Вагнер 2019 оноос Африкийн орнууд руу хурдтайгаар хүрээгээ тэлж Оросын хосолмол дайны ажиллагааг гардан хэрэгжүүлэгч болсон ба тус бүс нутагт тогтворгүй байдал өдөөн дэвэргэж, авторитар дэглэмүүдэд үйлчилж Өрнөдийн тусгай албадын хамгийн том өрсөлдөгч болон гарч иржээ.
Вагнер нь бие даасан хувийн цэргийн нэгтгэл, Пригожины хувийн арми, хөлсний цэргүүдийн байгуулсан хамгаалалтын алба аль нь ч биш юм. Вагнерыг үүсгэсэн шалтгаан нь ОХУ-ын орчин цагийн гадаад бодлоготой шууд уялдаатай. 1996 оноос эхлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд агсан Евгений Примаковын боловсруулан суурийг нь тавьсан “Дэлхийн тавцанд АНУ тэргүүтэй нэг туйлт жанжлалын тогтолцоог олон туйлт болгох замаар ОХУ-ын глобал эрх ашгийг хангаж олон улс дахь байр суурийг бэхжүүлэх” том бодлого хэрэгжиж эхэлсэн. Примаковын онолын нэг жигүүр нь хуучин ЗХУ-ын орон зайд шинэ ОХУ нөлөөллөө бүрэн тогтоож Евразийн шинэ гүрэн болох стратегийн зорилт юм. Примаковын томьёолсон бодлогын нөгөө жигүүр нь дэглэм султай, тогтворгүй байдал ноёрхдог дэлхийн бусад орон зайд АНУ ба Өрнөдтэй геостратегийн нөлөөллийн өрсөлдөөн өрнүүлж гуравдагч ертөнцийн орнуудыг дундын Саарал талбар болгон хувиргах явдал байлаа.[2] Примаковын онолыг хэрэгжүүлэх арга хэрэгслийг нарийвчлан бүтэцжүүлж цаашлаад үзэл баримтлалыг нь баяжуулж онол арга зүйн түвшинд боловсронгуй болгосон нь 2013 оноос бий болсон Герасимовын онол (ОХУ-ын ЗХЖШ-ын дарга) юм. Герасимовын онолоор бол дайн ба энх цаг нь хоёр тусдаа утга биш, нэг бүхэл зүйл бөгөөд энэ хоёр утгын хооронд байх бүх орон зай нь тасралтгүй тойрог хэлбэрийн мөргөлдөөнөөр үргэлжилж байснаар ОХУ-ын геополитикийн эрх ашиг хангагдана гэсэн хосолмол дайны үзэл баримтлал юм. Оросын хосолмол дайн нь өөрийн шууд эрх ашиг бүхий бүс нутгууд төдийгүй төрийн тогтолцоо султай дэлхийн бүхий л орон зайд тоглолт хийж Өрнөдийн нөлөөг шахан зайлуулж саарал бүс тогтооход чиглэж байна.[3]
Товчхондоо ЧВК Вагнер нь Примаковын онолын шүхэр дор Герасимовын онолыг хэрэгжүүлэх ОХУ-ын хосолмол дайны арга хэрэглүүр, нэг үзүүр нь юм. Оросын зэвсэгт хүчин биечлэн очиж ил үүрэг гүйцэтгэж болохгүй бүхий л талбарт Вагнерын хүмүүс хөлсний цэргийн дүрээр очиж Саарал бүсийн ажиллагаа явуулж байна. 2014 оноос хойш Вагнерын гүйцэтгэж буй ажиллагаа нь:[4]
- Украины хямралд (2014-2022) халхавч хэлбэрээр Донбасс, Крымд зэвсэгт бослого өрнүүлэх, ДНР, ЛНР-ийн ардын цэргийн дүрээр ажилласан
- Орос-Украины дайны байлдааны ажиллагаанд (2022-2023) фронтод бие даасан цэргийн нэгж хэлбэрээр оролцсон
- Сирийн иргэний дайн 2015 оноос хойш оролцож, Ассадын дэглэмийг хамгаалсан
- Йемений иргэний дайн Хутхичууд болон бусад оролцогч талуудад Вагнерын хүмүүс халхавчийн дор ажиллаж цэргийн сургагч хийж буй мэдээ гарсан
- Мозамбикийн дотоод дайнд Засгийн газрын талд (Мозамбик-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу) ажиллаж, Исламын бүлгүүдтэй тэмцэхэд нь туслаж байгаа
- Төв Африкийн Бүгд Найрамдах улсын иргэний дайнд Туадерагийн засгийн газрын талд 2017 оноос эхлэн Вагнерын цэрэг байлдаж дэмжлэг үзүүлж байгаа
- Малид 2020 онд гарсан цэргийн эргэлт, Цэргийн дэглэмийг дэмжих ажиллагаанд Вагнерын цэргүүд оролцож (энэ явцдаа Мура хотод геноцид үйлдсэн) одоо Мали улсын төрийн эрхийг албан бусаар барилцаж байна
- Суданы иргэний дайнд 2017 оноос эхлэн Вагнерынхан оролцож Ерөнхийлөгч Омар аль-Башир, Шилжилтийн Түр Зөвлөл, генерал Аль Бурхан, генерал Дагалогийн аль аль талд үйлчилж байна
- Ливийн 2-р иргэний дайнд 2015 оноос эхлэн Вагнерын дайчид оролцож Абдулла Эль-Танийн Засгийн газрын талд дэмжлэг үзүүлж байгаа
- Венесүэлийн дотоод хямралд Мадурогийн дэглэмийг дэмжих шуурхай ажиллагаа явуулсан
- Буркина-Фасод 2022 онд гарсан Ибрахим Траорегийн цэргийн эргэлтийг Вагнер дэмжиж ажилласан
- Чад улсад одоогийн Засгийн газрыг унагахаар дотоодын сөрөг хүчнийг нь Вагнерын хүмүүс халхавч дор дэмжлэг үзүүлж буй
- Серби, Молдав, Уулын Карабах, Беларусийн дотоодын тогтворгүй байдалд гар оролцож, Өрнөдийн эсрэг нөлөөллийн ажиллагааг Вагнерынхан идэвхтэй явуулдаг
Ойрх, Дорнод, Африкийн 10 гаруй улс оронд Вагнер идэвхтэй байгаа ба хянаж буй талбай нь 10 сая шоо дөрвөлжин км хүрч байна.
Энэ уудам орон зайд Вагнерын сүлжээ Оросын хосолмол дайныг явуулахын хамт тухайн нутгаас Өрнөдийн бизнес, компани, капиталыг шахан гаргаж, өөрийн халхавчуудаар дамжуулан уул уурхай, минералын олборлолт явуулж алт, очир эрдэнэ, ховор метал, уран, манганий, газрын тос зэрэг ашигт малтмал олборлож асар их ашиг олж дэлхийн түүхий эдийн зах зээлд халхавч компаниудаар дамжуулан нийлүүлж байна. Вагнерын зөвхөн эдгээр саарал зах зээлээс олж буй ашиг нь олон арван тэрбум ам.доллараар хэмжигдэж байх магадлалтай.[5]
Вагнерын үйл ажиллагааны дүр зураглал нь Кремлийн хяналтад, Оросын тусгай албадын шууд удирдлагаар, заримдаа эрх ашиг бүхий олигарх бүлгүүдийн оролцоотойгоор (оролцогчид нь ашиг хуваах зарчмаар явагддаг байж болзошгүй) хосолмол дайны ажиллагаа явуулдаг хэрэглүүр гэдгийг эндээс харж болно.
Вагнерын Украин дахь ажиллагаа
2022 оны 3 дугаар сараас Вагнерын мэргэжлийн цэргүүд, 2000–4000 хүртэл тооны хүч ихэвчлэн Беларусийн нутгаар дамжин Киевийн чиглэлд, Донбассын умард сектор Луганскийн чиглэлд давшилтад оролцсон ч хүнд хохирол амссан юм. Вагнерын удирдлагууд хүчээ сэлбэх гарц хайж 2022 оны 7 дугаар сараас эхлэн Оросын шоронгуудаас ялтан элсүүлж бие бүрэлдэхүүнээ өргөтгөж эхлэв.[6] Зарим мэдээллээр Пригожин өдөрт 1000 ялтан нийлүүлэхийг Оросын шоронгуудаас шаардаж байсан ч дээд тал нь 300-г хүлээн авч байжээ. 2022 оны зун Оросын армийн давшилтын эрч саарсны дараа 9-10 дугаар сараас эхлэн Пригожин өөрийн сошл сувгуудаар ОХУ-ын БХЯ-ыг ил тод шүүмжилж эхэлсэн бол 2022 оны 9-10 дугаар сард явагдсан Украины сөрөх давшилтын дүнд Оросын тал Умард Украиныг орхин гарч Шойгу болон зарим генералуудыг Пригожин нэр заан шүүмжилж эхэлсэн юм. Энэ үеэсээ мөн өөрийгөө дөвийлгөх болж Украинд Вагнер өөрийн байлдан эзлэж буй нутагтаа бие даасан шинэ БНУ үүсгэх боломжтой тухай ч яриа гаргаж эхэлжээ.
2022 оны төгсгөлд Вагнерын мэдэлд 30,000-50,000 хүн байлдаж байна гэж Пригожин зарласан ба Бахмутын чиглэлд өөрийн гол хүчийг хуралдуулан давшиж, 2023 оны 5 дугаар сар хүртэл Вагнерын ангиуд фронт дээр гол ачааллыг үүрч, энэ завсар Оросын байнгын армийн бусад ангиуд эзэлсэн нутагтаа олон цуваа хориглолтын шугам байгуулах цаг, боломж олгож өгчээ.[7]
Пригожин, Шойгу нарын муудалцах гол шалтгаан нь ОХУ-ын БХЯ-ны зарим захиалгууд дээр Пригожины хүссэн тендерт Шойгу хойрго ханддаг байснаас үүдэлтэй гэгддэг. Мөн 2022 оны намрын Оросын цэргийн ухралт, ялагдал, бүтэлгүйтлийг БХЯ, ЗХЖШ-т тохоход Пригожин, Кадыров нар дуу хоолойгоо нэгтгэсэн байдаг. Хагарлыг зогсоохын төлөө Путин ямар нэг алхам хийхгүй 2023 оны 6 дугаар сарыг хүргэсэн шалтгаан нь Кремлийг тойрсон фракцуудын зөрчил дээр тоглолт хийж нэгээр нь нөгөөг даруулах, фракцуудын хүчний тэнцвэрийг баланслуулахад түүнд Пригожин шиг бие даасан дүр, нөлөөтэй дуу хоолой хэрэгтэй байсантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.[8]
Эцсийн шатанд 2023 оны 5 дугаар сард Вагнерын цэрэг Бахмутыг эзэлсэн гэж Пригожин зарласны дараа түүний нэр нөлөө өсч, Оросын ялзарсан армийн систем рүү чиглэсэн (Пригожины өөрийнх нь хэлдгээр) түүний шударга шүүмжлэл Оросын сошл сүлжээнд хандалт авч эхэлсэн үеэс түүний зан авир, үг хэл хязгаараас давж Кремлийн төдийгүй Оросын нийт төрийн бүтцийн нэр хүнд, легитим чанарт аюултай түвшинд хүрэв. БХЯ-ны зүгээс илт дургүйцэж, хангалтыг нь таслаж зарим үед Вагнерын байршлууд руу их бууны гал дуудсан явдал гарсан байна. Мөн үеэс Пригожин Путин нарын холбоо тасарсан ба Кремль түүнтэй шууд харилцахаас түдгэлзэж БХЯ-аар дамжуулан тушаал шийдвэр ирэх болсон.
Вагнерын бослого
2023 оны 6 дугаар сарын эхээр ОХУ-ын БХЯ-аас тушаал гарч хувийн цэргийн компани (Вагнер) бүрэлдэхүүнээ армийн мэдэлд шилжүүлж шинэ гэрээгээр гэрээт цэрэг болгох тухай зарласан юм. БХЯ-ны энэ үйлдлийг Пригожин маш их шүүмжилж туйлын их дургүйцсэн бөгөөд өдөрт олон удаа live видео хийж шүүмжлэв. Түүний шүүмж ерөнхийлөгч Путин руу хандаагүй үргэлж армийг, генералуудыг, Шойгуг буруутгаж байлаа.
Улмаар 2023 оны 6 дугаар сарын 23-нд Вагнерын ангиуд 15-25 мянган хүн, байлдааны хүнд техник бүхий хүч Украины нутагт фронт орчмын байршлаа орхиж, Доны Ростов хотын чиглэлд ОХУ-ын хил нэвтэрсэн. Энэ үед ОХУ-ын Ерөнхий прокурорын газар, Холбооны Аюулгүй байдлын алба Пригожины үйлдэлд эрүүгийн хэрэг нээж буй тухай ТАСС мэдээлэв.[9]
6 дугаар сарын 23-24-ний үйл явдлыг зураглавал Вагнерын ангиуд Доны Ростов дахь ОХУ-ын Өмнөд Цэргийн Дүүргийн штабыг эзлэсэн бөгөөд толгойн сэргийлэх ангиуд нь 200-300 хүртэл техник бүхий цуваа (1000-5000 хүн) Воронежоор дамжин Москва чиглэлд М-4 Дон хурдны замаар шуурхай марш хийсэн юм. Вагнерын толгойн сэргийлэх ангиуд замд нь амдсан ОХУ-ын БХЯ-ны мэдлийн агаарын нэгжүүдээс олон тооны нисдэг тэрэг, тагнуулын онгоц устгасан нь байдал маш ноцтой бөгөөд жинхэнэ эргэлт болох нь гэсэн төсөөлөл өгчээ. Гэвч тухайн 6 дугаар сарын 24-ний өдөртөө Вагнерын толгойн сэргийлэх ангиуд Москвагаас 200 км зайд ирэх үед Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко талуудтай холбогдож дундын зууч хийсэн ба Пригожин, Вагнерын бослогод оролцсон цэргүүдийг Беларусийн нутагт хүлээн авч хариуд нь ОХУ тэдний эсрэг нээсэн гэмт хэргийн ял төлөвлөлтөө хаахаар тохиролцлоо. Улмаар Пригожин ба Вагнерын ангиуд Беларусийн нутагт шилжин байршив.[10]
Путины гамбит?
Путины олон жил эрх мэдэлд сууж ирсэн нэг арга нь төрийн фракцуудын хооронд тэмцлийг ашигладаг, нэгийг нь нөгөөгөөр нь балансжуулж өөрөө тэдний дундын шүүгч арбитрын дүрээр тун амжилттай явж ирсэн гэж Өрнөдийн судлаачид дүгнэдэг. 2022 оны 2 дугаар сараас эхэлсэн Украины дайны ажиллагаа түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж Гаагийн шүүх дээр цэргийн гэмт хэрэгтнээр хэрэг нээсэн зэрэг явдал нь Путины улс төрчийн карьер хэрхэн үргэлжлэх төдийгүй цаашид Орос орны хувь заяаны тухай асуултыг бүх талуудад бодогдуулж эхэлсэн нь нууц биш юм.[11]
Оросын дотоод улс төрийн олон фракц, бүлэглэлүүд Украины дайны дараах Орос орныг ямар байхаар төсөөлж буй нь тун сонирхолтой асуулт. Бослогын араас хийсэн эхний мэдэгдэлдээ Путин 1917 оны үеийн Орос орныг жишээ татан зүйрлүүлсэн[12] нь Орос оронд тогтвортой байдал нэн чухал, нэг удирдагчийн хатуу удирдлага байж түүнийг ард түмэн тойрон хүрээлэх нь чухал буй тухай нийгмийн бүх бүлгүүдэд өгсөн илгээлт гэж ойлгож болно.[13] Пригожины хэрэг явдлаар дамжуулан Путин дайны улмаас үүссэн хүндрэл, хохирол зэргээс үүдэж буй дотоодын бухимдал, таагүй хандлагыг эргүүлэхийг оролдохын хамт Кремль тойрсон бүлэглэлүүдийг шигших магадлалтай байна. Бослогын араас хийгдэж буй шалгалтаар армийн генерал Сергей Суровикин, Тула мужийн амбан захирагч Алексей Дюмин, Цэргийн тагнуулын газрын дарга Игорь Костюков, Путины хувийн санхүүч гэгддэг Юрий Ковальчук, ерөнхий сайд асан Сергей Кириенко нарын нэрс Вагнер, Пригожинтой ойр холбогдож давхцаж буй тухай хэвлэлээр өгүүлж байна. Вагнер гэдэг “саалийн үнээ”-г тойрсон эрх ашиг, бүлэглэлүүд, тусгай ажиллагаа, мөнгө, эрх мэдлийн олон учиг хараахан бүрэн тайлагдаагүй байна.[14]
Болж буй үйл явцын тухай урьдчилан мэдээлэлтэй байж Пригожины үйл хөдлөлд мониторинг хийж байснаа Америкийн Тусгай албад хүлээн зөвшөөрсөн[15] ба АНУ-ын ТТГ-ын тэргүүн У.Бёрнс ОХУ-ын Гадаад Тагнуулын абаны дарга С.Нарышкинтэй утсаар ярьж санал солилцсон нь Украины дайны улмаас тасраад байсан хоёр талын холбоо харилцааг дахин идэвхжүүлсэн сонирхолтой өрнөл байлаа.[16] Вашингтоны зүгээс ОХУ-ын дотоод задрал бутралыг огт хүсэхгүй, 5000 гаруй цөмийн хошуутай гүрэн олон цэргийн эрхтний гарт биш нэгдсэн нэг захиргаанд байх нь чухал, Путин Кремльд байх нь одоогийн будлиант нөхцөлд хамгийн сайн хувилбар болж буй тухай шууд ба шууд бус сувгаар илэрхийлж байна. Бээжин мөн Оросын тогтвортой байдлыг чухалчилж байгаа гэсэн сигнал өгсөн.[17]
Вашингтон, Бээжин холбогдох сувгуудаар Пригожины бослогын тухай Кремльд урьдчилан сигнал өгсөн байх ёстой. Дотоод сүлжээгээрээ Вагнерын ангиудын бүхий л хөдөлгөөнийг Оросын тусгай албад мэдэж байсан, таамаглаж, тооцоолж байсан байх учиртай. Мэдсээр байсан ч арга хэмжээ авч амжилгүй хурцадмал байдалд хүргэв үү? Эсвэл зориуд Москвад ойртуулж байдлыг хурцатгаж өөр давхар зорилго биелүүлэв үү гэдэг асуултын хариуг судлаач ажиглагчид хайж байна. Өмнө нь олон жилийн турш үгүйсгэсээр ирсэн ОХУ-ын төр засаг ба Вагнерын хамаарлыг Путин дөнгөж сая л хүлээн зөвшөөрч зөвхөн Украины дайнаар гэхэд Вагнерт 1 тэрбум ам.доллартай тэнцэх төлбөр шилжүүлснийг зарласан.[18]
Вагнерын сүлжээ цаашид ч олон улсад үргэлжүүлэн ажиллана гэдгийг ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров баталсан.[19] Пригожин гэдэг дүр байх эсэхээс үл шалтгаалан Оросын хосолмол дайны сүлжээ Вагнер эсвэл өөр нэрээр үргэлжүүлэн ажиллаж гуравдагч ертөнцийн орнууд Оросын саарал бүсийн идэвхтэй талбар цаашид ч байсаар байх болно. Мөн Ерөнхийлөгч Путины элдэв зорилгодоо ашигладаг гарын доорх хүч, хэрэглүүрт Вагнер, Чечень, Пригожин, Кадыров гэх мэт дүрүүд ээлжлэн солигдсоор байх нь Оросын өнөөгийн улс төрийн системийн салшгүй зүй тогтол болно.
Ашигласан эх сурвалжууд:
[1] What is Russia’s Wagner group of mercenaries and why did it march on Moscow? | 27 June 2023 https://www.bbc.com/news/world-60947877
[2] Russia’s Return To The World Stage: The Primakov Doctrine – Analysis | November 5, 2019 https://www.eurasiareview.com/05112019-russias-return-to-the-world-stage-the-primakov-doctrine-analysis/
[3] The Gerasimov Doctrine | September/October 2017 https://www.politico.com/magazine/story/2017/09/05/gerasimov-doctrine-russia-foreign-policy-215538/
[4] The mercenary warlord who just marched on Moscow has been active in Africa for close to a decade. Here’s a look at his misdeeds | June 28, 2023 https://fortune.com/2023/06/27/yevgeny-prigozhin-wagner-group-history-africa-russia-ukraine-putin/
[5] Russia’s Wagner Group in Africa: Influence, commercial concessions, rights violations, and counterinsurgency failure | February 8, 2022 https://www.brookings.edu/articles/russias-wagner-group-in-africa-influence-commercial-concessions-rights-violations-and-counterinsurgency-failure/
[6] Wagner Group prison recruits back in Russia from Ukraine front lines accused of murder and sexual assault | JUNE 27, 2023 https://www.cbsnews.com/news/wagner-group-russia-convicts-prison-recruits-crimes-murder-sexual-assault/
[7] 21,000 Wagner mercenaries killed in Ukraine and ‘world wants to kill’ Putin, Zelensky says | July 1, 2023 https://edition.cnn.com/2023/07/01/world/wagner-losses-ukraine-zelensky-prigozhin-intl-hnk/index.html
[8] Mutiny Provided Glimpse of a Post-Putin Russia. Is the Window Still Open? | July 1, 2023 https://www.nytimes.com/2023/07/01/world/europe/putin-russia-wagner-rebellion.html
[9] После заявлений Пригожина возбудили дело о призыве к вооруженному мятежу | 23 июня 2023 https://tass.ru/proisshestviya/18102851
[10] Пригожин в Беларуси. Путин поставил Россию на порог гражданской войны – Навальный | 28/06/2023 https://ru.euronews.com/2023/06/28/ru-wagner-rebellion-fallout
[11] «Пригожин всколыхнул Россию». Леонид Ивашов — о мятеже «вагнеровцев», сбитом Ил-22 и настроениях среди генералов | 04.07.2023 https://rtvi.com/news/prigozhin-vskolyhnul-rossiyu-leonid-ivashov-o-myatezhe-vagnerovczev-sbitom-il-22-i-nastroeniyah-sredi-generalov/
[12] Путин назвал ударом в спину происходящие события | 24 июня 2023 https://tass.ru/politika/18104523
[13] Медведев заявил о важности для единороссов сохранять консолидацию вокруг президента | 5 июля 2023 https://tass.ru/politika/18190263
[14] Задачи ставили генералы | Как была создана ЧВК «Вагнер» и при чем здесь нынешний тульский губернатор Алексей Дюмин | 29 июня 2023 https://novayagazeta.ru/articles/2023/06/29/zadachi-stavili-generaly
[15] US gathered detailed intelligence on Wagner chief’s rebellion plans but kept it secret from most allies | June 27, 2023 https://edition.cnn.com/2023/06/26/politics/us-intelligence-wagner-chief/index.html
[16] CIA director called Kremlin to assure US had no role in aborted mutiny, US media reports | July 1, 2023 https://www.reuters.com/world/cia-director-called-kremlin-assure-us-had-no-role-aborted-mutiny-us-newspapers-2023-06-30/
[17] Foreign Ministry Spokesperson’s Remarks on the Wagner Group Incident | 2023-06-25 https://www.fmprc.gov.cn/mfa_eng/xwfw_665399/s2510_665401/2535_665405/202306/t20230625_11103407.html
[18] Путин заявил, что ЧВК “Вагнер” полностью обеспечивалась государством | 27.06.2023 https://ria.ru/20230627/vagner-1880724094.html
[19] Лавров: нахождение ЧВК “Вагнер” в Африке регулируется их прямыми контрактами со странами | 30 июня 2023 https://tass.ru/politika/18157619
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Энэтхэг–Номхон далайн шинэ гурвал – AUKUS (II)Дараах нийтлэл
Шударга дайны онолСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02