Дайн зэвсэгт мөргөлдөөн бол олон улсын харилцаан дахь ёс зүйн асуудлын гол чухал сэдэв. Олон улсын харилцаанд ёс зүйн талаасаа дайн бол ямар ч тохиолдолд зөвтгөх шалтгаангүй буруу зүйл юм гэсэн пасифист хандлага, дайн ямагт үндэсний ашиг сонирхлын төлөө үйлчилдэг гэсэн реалист хандлага, зарим нөхцөлд дайныг зөвтгөх шалтгаан бий гэсэн шударга дайны онол хэмээх 3 үндсэн хандлага байдаг.
Европын уламжлалт болон орчин үеийн шударга дайны үзэл баримтлал нь хэзээ, ямар нөхцөлд дайныг зөвтгөж болох тухай асуудал, нэгэнт дайн эхэлсэн үед хэрхэн явагдах вэ гэсэн асуудал дайны дараах шударга ёс буюу дайны дараа дайсагнагч асан улсуудын нэг нэгэндээ харилцан болон өөр, өөрсдийн улс дотроо хэрэгжүүлвэл зохих хариуцлагын тухай асуудлыг хөнддөг.
Дэлхийн түүхийг сөхөхөд үндэстэн улсууд ёс зүйн үүднээс дайныг зөвтгөх олон шалтаг шалтгаанууд гаргадаг байв. Газар нутгаа харийн түрэмгийллээс хамгаалах, геноцид дарангуйллаас энгийн номхон ард иргэдийг хамгаалах, ардчиллыг хамгаалах зэргээр дайн хийх шалтгаанаа зөвтгөдөг байжээ.
Зэвсэг, техник технологи хөгжиж буй өнөө үед дайн хэрхэн явагдах тухай асуудал, тэр дундаа автоматчилагдсан зэвсэг техникийн хөгжүүлэлт нь ёс зүйн асуудлаар нилээдгүй маргаан дагуулах болов.
Хятадын стратегийн соёлд уламжлалт “зөв зүйтэй” буюу “зүй ёсны” дайн гэсэн ойлголт байдаг ба эх орноо, газар нутгаа хамгаалахын тулд дайсны нутаг руу түрүүлж цохилт өгөх “зүй ёсны” дайнд тооцогддог ажээ[1]. Хятадын хувьд шударга дайн (yizhan 义战) нь Күнзийн эеийг эрхэмлэгч парадигмын баримтлалаар дайнаас зайлсхийхийг номлодог ба цэргийн хүч хэрэглэх нь “зайлшгүй” болсон үед зөв шударга жишигт үндэслэсэн байх ёстой гэдэг[2].
Дайны зорилго нь дайны байдал бий болгосон түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэх, эсвэл хүчтэй нь сул доройг дээрэлхэхийг зогсоох явдал байх ёстой. Күнзийн сэтгэлгээгээр “yi” буюу зөв шударга эсвэл ёс суртахууны өндөр хэм хэмжээ нь олны дэмжлэгийг авч, ард түмнийг нэгтгэх үндэс суурь болдог ажээ. Хятадын улс төр, цэргийн элитүүд “зөв шударга шалтгаангүйгээр дайн хийвэл ялагдлаас мултрахгүй” гэж өргөнөөр итгэж, “шударга зорилгын дор хүч хэрэглэх ёстой” гэж үздэг байв. Дайн эхлэхэд Хятадын стратегийн төлөв нь хамгаалалтын болон хязгаарлагдмал хүч хэрэглэх хандлагатай хэвээр байна. Довтолгоон нь дайсныг бүрэн устгахад бус харин шийтгэх, хориглох, номхотгох зорилгоор л явагдана.[3]
Хятадын шударга дайны (义战) талаарх ойлголтод “шийтгэх дайн” (罪罚之战) чухал байр суурь эзэлдэг. Өөрөөр хэлбэл, Хятад бол эе эвийг эрхэмлэгч бөгөөд зөвхөн“атгаалжин хар мангасууд”-ыг дарах гэж л цэрэг хөдөлгөдөг гэсэн уламжлалт ойлголт бий. Түрэмгий балмад этгээдүүдийг номхотгох “шийтгэх дайн” гэсэн ойлголт нь Хятад бол угаас дайнч бус харин харийн этгээдүүд өдөөн хатгаж түрэмгийлсэн нөхцөлд тэдгээрийг “сургах” гэж цэргийн хүч ашигладаг гэсэн утгатай юм. Тус уламжлалт ойлголт нь яван явсаар коммунист Хятадын үед орчин үеийн хэлбэрээ олж, өнөөгийн Хятадын цэргийн стратегийн суурь зарчим болох “идэвхтэй хамгаалалт” буюу хамгаалах шинж чанар бүхий цэргийн стратегийг тодорхойлох болсон.
Тухайлбал, 1979 оны Вьетнамын дайн нь Хятадын хилийг олон удаа зөрчиж, Вьетнам дахь хятад үндэстнүүдтэй зүй бус харьцаж, тэдгээрийг албадан хөөх зэргээр “балмад” үйлдэл гаргасан гэх Вьетнамыг “сургах” зорилготой гэж тайлбарладаг. 1962 оны Энэтхэг Хятадын хилийн мөргөлдөөнийг мөн “шийтгэх дайн” буюу Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг удаа дараа зөрчсөн Энэтхэгийг “сургах” зорилгоор цэрэг хөдөлгөсөн гэж тайлбарладаг. Гэхдээ энэ бол Хятадын өнцгөөс харсан судлаачдын байр суурь ба нөгөө талаас харилцан адилгүй тайлбар өгөх буй заа. Товчхондоо, “шийтгэх дайн” гэдэг нь Хятадын нүдээр “түрэмгий”, “балмад” гэж тодорхойлсон улс үндэстэнийг “сургах” цэргийн ажиллагааг хэлж буй.
Нөгөөтэйгүүр, Хятадын хувьд бүх л дайны ажиллагаа “зөв шударга” байх бөгөөд өөрсдийн дайн хийх шалтгаанаа ямар нэг үндэслэлээр зөвтгөж таарна гэх шүүмжлэл бий. Хэдийгээр Хятадын цэргийн стратеги нь хамгаалах шинж чанартай гэх боловч Хятад түрүүлж цэрэг хөдөлгөсөн кэйсүүд нилээдгүй байдаг. Энэ тохиолдолд дайсагнагч тал түрүүлж өдөөн хатгасан тул хамгаалах зорилгоор дайн хийсэн гэсэн зөвтгөл гарч ирдэг. БНХАУ 1949 онд байгуулагдсанаасаа хойш Солонгос хойгт (1950-1953), Энэтхэгийн эсрэг (1962), Вьетнамын эсрэг (1979) тус тус гурван том дайн хийж, ЗХУ-ын эсрэг (1969), Тайваний хоолой, Өмнөд Хятадын тэнгис, Вьетнамтай хиллэдэг умард хил дээрээ (1979-1987) хэд хэдэн жижиг мөргөлдөөнд оролцсон. Хятадын харах өнцгөөр эдгээр дайн, зэвсэгт мөргөлдөөн бүгд “шударга дайн”-д тооцогддог тул онолын үүднээс тайлбарлахад өрөөсгөл гэж харагдана. Тиймээс Хятадын зэвсэгт мөргөлдөөнийг шударга дайны онолтой холбон тайлбарлах нөхцөлд “шударга дайн” хэмээх ойлголтыг задалж хэмжигдэхүйц шалгуурууд тавьснаар уялдааг тодорхой гаргаж харуулах боломжтой болно.
Шударга дайны онол: Урьдчилан сэргийлэх дайн ба Урьтаж цохилт өгөх нь
Шударга дайны онолын хүрээнд урьдчилан сэргийлэх дайн (preventive war), урьтаж цохилт өгөх (preemptive strike) гэсэн хоёр ойлголт бий. Тус онолоор аливаа улс орон аюул заналаас өөрийгөө хамгаалах зорилгоор дайн хийх нь зайлшгүй буюу зөв шударга шалтгаанд тооцогддог.
- Урьтаж цохилт өгөх (preemptive strike) гэдэг нь айсуй ирж буй аюул заналыг зогсоохын тулд урьтаж дайралт хийхийг хэлнэ. Нэгэнт дайн гарах нь тодорхой болсон, хөдлөшгүй баримт нотолгоо байгаа нөхцөлд урьтаж цохилт өгөх нь стратегийн давуу байдлыг бий болгоно.[4] Урьтаж цохилт өгөх гэдэг нь дайсан дайралт хийхээр шийдвэр гаргасныг нь олж мэдэх үед жинхэнэ утгаараа эхэлдэг. Дайралт ирж буйг мэдэх, харах боломжтой тэр үед гэсэн үг юм. Тиймээс дайралтанд өртөхөө хүлээж, аюул заналд нэрвэгдэхээс зайлсхийхийн тулд түрүүлж цохилт өгөхөөр цэрэг хөдөлгөдөг. Сонгодог жишээ нь 1967 оны Араб-Израйлийн дайн юм.
- Урьдчилан сэргийлэх дайн (preventive war) гэдэг нь ойртон ирж буй зэвсэгт мөргөлдөөний аюул үгүй хэдий ч хэтдээ дайн гарах нь гарцаагүй, хойшлуулвал илүү том эрсдэл дагуулж болзошгүй гэсэн итгэл үнэмшлээр цэргийн хүч ашиглахыг хэлдэг. Урьдчилан сэргийлэх дайн нь бүр хол байгаа аюул занал буюу зэвсэгт мөргөлдөөн болох магадлалтай эсэх нь бүрэн тодорхойгүй ч эрсдэлтэй гэж таамаглаж буй аюулыг хаах, урьдчилж сэргийлэхийг хэлнэ. Эдгээр аюул заналыг хориглолт, эвсэл холбоо байгуулах, дипломат ажиллагаа зэргээр шийдвэрлэх боломжтой. Сонгодог жишээ нь хүчний тэнцвэр юм. Харьцангуй хүчний тэнцвэр хадгалагдсан байна гэж бодъё. Тэгтэл Х улс шинэ технологи хөгжүүлэх, дайчилгаа явуулах, эсвэл хүчирхэг хөрш гүрэнтэй эвсэл холбоо байгуулах зэргээр тэнцвэрийг алдагдуулах эрсдэл бий болгодог. Хэрэв даруй ямар нэг хариу үйлдэл хийхгүй бол ирээдүйд хэзээ нэг цагт Х улсын эрхшээлд орно. Хэрэв нөхцөл байдлыг хэтэрхий эн тэнцвэргүй болговол ирээдүйд аюул занал бодит болж ирэхийн цагт хариу үзүүлэх боломжгүй болно. Одоогоор болзошгүй аюул занал хэдий ч урьдчилан сэргийлэх дайныг эхлүүлдэг. [5]
Шударга дайны онолчид хийгээд олон улсын эрх зүйчид өөр арга хэмжээ авах боломжтой атал урьдчилан сэргийлэх дайн хийх нь зүйтэй эсэх талаар ямагт шүүмжлэнгүй ханддаг. Хэрвээ дайсан чинь зэвсгээ нэмэгдүүлвэл адилхан зэвсэглэлээ нэмэгдүүлэх, шинэ технологи хөгжүүлвэл мөн адил шинэ технологи олж авах, эвсэл холбоо байгуулж байвал ялгаагүй эвсэл холбоо ч гэсэн байгуулж болох атал хэтийн аюул заналыг урьдаас тааварлан төдий эрт байлдаан эхлүүлэх нь маргаан дагуулдаг.
Шударга дайны онолоор урьтаж цохилт өгөх дайныг зөвтгөх 3 үндсэн нөхцөл байдаг ажээ. Үүнд:
- Дайсагнагч тал хор хөнөөл учруулах санаа зорилгоо лавтай илэрхийлэх
- Тэрхүү зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд эрчимтэй бэлтгэж буй
- Хүлээх, дайтахаас өөрөөр арга хэмжээ авах нь аюул заналыг эрсдэлийг улам ихэсгэх нөхцөл байдал үүсэх[6]
Дайсагнагч талын үйлдэл эдгээр 3 нөхцөлийг бүгдийг хангасан тохиолдолд л урьтаж цохилт өгөх дайныг зөвтгөх боломжтой ажээ.
үргэлжлэл бий
Ашигласан эх сурвалж:
[1] 章子仲. “义战: 从小少爷到将军”. 溪流出版社, 2010
[2] Andrew Scobell, China’s Use of Military Force: Beyond the Great Wall and the Long March (Cambridge: Cambridge University Press, 2003).
[3] Huiyun Feng, Chinese Strategic Culture and Foreign Policy Decision-Making: Confucianism, Leadership and War, (London and New York: Routledge, 2007), 27.
[4] Kaufman, F. (2011). Preemptive War. In: Chatterjee, D.K. (eds) Encyclopedia of Global Justice. Springer, Dordrecht. https://doi.org/10.1007/978-1-4020-9160-5_361
[5] Michael Walzer, “Arguing about war,” https://www.carnegiecouncil.org/media/series/39/20041013-arguing-about-war-2004
[6] Мөн тэнд
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
ОХУ-ын хосолмол дайны хэрэглүүр – ВагнерДараах нийтлэл
Инфляц гео-эдийн засгийн зэвсэг болох ньСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02