Байгалийн хий дамжуулах үнийн асуудал: Беларусь, Казахстаны жишээ (II)
2022-10-14
(Үргэлжлэл)
Беларусь улс:
Беларусь улс 1960-аад оноос Минск болон хүн ам төвлөрсөн томоохон хот суурины оршин суугчид, аж үйлдвэрийн газруудыг байгалийн хийгээр хангах зорилгоор шугам хоолой барьж эхэлснээр оросын байгалийн хийн хэрэглэгч улс болж, 1996 оноос Польш, Герман руу байгалийн хийг дамжуулагч улс болсон. Газпром ОХУ-аас Европын орнууд руу байгалийн хий дамжуулах нөөц шугам хоолойн хувилбартай байх, Украины нутаг дэвсгэрийг тойруулан Европ руу чиглэсэн магистраль үүсгэх, Ямалын хойг дахь орд газраас олборлосон байгалийн хийг экспортлох, шинээр тавих хийн хоолойн шугам дагуу шинэ зах зээл бий болгох санааг 1990-1992 онд боловсруулж байлаа. Тухайн үед Баруун Европ төдийгүй Польш улсад байгалийн хийн хэрэглээ өснө гэсэн тооцоолол байсан тул “Ямал-Европ” цаг үеэ мэдэрсэн төсөл байв. Тус дамжуулах хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг 1993 онд хийж, бүтээн байгуулах ажил 1994 оноос эхэлжээ. Хийн хоолойн зураг төслийг Санкт-Петербургт байдаг “Гипроспецгаз” зураг төслийн хүрээлэн хийж, ерөнхий инженерээр Л.Л.Изак ажиллажээ. “Ямал-Европ” байгалийн хийн хоолойн Польшийн нутаг дахь хэсгийг Польш улсын зураг төслийн байгууллага, Герман дахь хэсгийг Германы мэргэжилтнүүд хариуцан ажилласан байна.
Беларусь улсын албаны эх сурвалжууд байгалийн хий дамжуулсны төлбөрт хэдий хэмжээний орлого олж байгаа тухай тодорхой мэдээлэл өгч байгаагүй. Гэхдээ дам эх сурвалжид тулгуурлан баримжаа тоо гаргаж болох юм. 2010 оны 7 дугаар сард ОХУ, Беларусийн хооронд байгалийн хийн төлбөрийн асуудлаар маргаан дэгджээ. Тухайн үед Беларусийн тал ОХУ-ын Газпром компаниас 260 сая ам.долларын авлагатай гэж мэдэгдэж байв. Газпром 1000 куб метр байгалийн хийг 100 км тээвэрлэх зардлыг 1,45 ам.доллароор тооцсон гэж байхад Беларусийн тал 2009 оны тариф 1,74 ам.доллар, 2010 оны тариф 1,88 ам.доллар байх ёстой гэсэн тооцоог гаргажээ. Беларусийн талаас үнийг нэмэгдүүлж тооцсон бөгөөд харин Газпромын зүгээс тус улсын дотоодын зах зээлд нийлүүлж байгаа байгалийн хийн бөөний үнийг нэмэгдүүлсэн тохиолдолд дамжин өнгөрүүлэх тарифыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн болзол тавьжээ. Гэвч Оросын талын болзлыг Беларусь хүлээн аваагүй юм.
1995 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко нар Минск хотод уулзах үеэр Беларусийн тал байгалийн хийг Оросын Смоленск мужийн хэрэглэгчидтэй ижил үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийлжээ. Гэвч 2002 оны 4 дүгээр сард ОХУ, Беларусийн хооронд болсон уулзалтын үеэр л 10 тэрбум куб метр байгалийн хийг Газпромын гаргасан үнийн 5 дугаар бүсийн хэрэглэгчидтэй адил ханшаар худалдан авах гэрээг байгуулж чаджээ. (5 дугаар бүсэд Смоленск муж харьяалагддаг.) Өөрөөр хэлбэл, 1000 куб метр байгалийн хийг 35 ам.доллароор худалдан авахаар болов.
1995-1998 оны хооронд Газпром 1000 куб метр хийг 50 ам.доллараар нийлүүлжээ. Беларусь улс төлбөрийн ихэнх хэсгийг бартераар төлж байв. Тодруулбал, 1997 оны зун Беларусь улс байгалийн хийн төлбөрийн 30%-ийг бэлэн мөнгөөр (125,5 сая ам.доллар), 70%-ийг бараа бүтээгдэхүүнээр дүйцүүлэн тооцжээ. Ингэхдээ Беларусийн тал Орост бартерын журмаар өгч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг зах зээлийн үнээс нь өндөр бодож байв.
1999 онд Беларусийн тал ОХУ-тай яриа хэлэлцээ хийсний үр дүнд 1000 куб метр байгалийн хийг 30 ам.доллароор худалдан авах гэрээ байгуулжээ.
2002-2006 онд хийн үнэ 48 ам.доллар болж өсөв. Гэхдээ энэ нь Украины худалдан авч буй үнэтэй харьцуулбал хямд байв. ОХУ-Беларусийн холбоо байгуулах тунхаглал, Гаалийн холбоонд нэгдэх зэрэг Оросыг дэмжих бодлого баримталсны дүнд зөвхөн 2006 онд гэхэд Орос улс Беларусьт байгалийн хий нийлүүлэхдээ 3,95 тэрбум ам.долларын хөнгөлөлт үзүүлжээ. “Открытые медиа” төрийн бус байгууллагын мэдээллээр ОХУ нь Беларусь улстай байгалийн хийн бизнес хийсэн 25 жилд 40 тэрбум ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн байна.[1]
2006 оны 12 дугаар сард Газпром Беларусь улсын дотоод хэрэглээнд нийлүүлэх 1000 куб метр байгалийн хийн үнийг 105 ам.доллар болгоно хэмээн зарлажээ. Энэ төлбөрийн 75 ам.долларыг мөнгөн тэмдэгтээр, үлдсэн хэсгийг “Белтрансгаз”-ын хувьцаагаар төлөх эрх Беларусь улсад олгож байна гэж “Газпром” мэдэгджээ. Тухайн үед “Белтрансгаз” нь 5 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байв. 2006 оны 12 дугаар сарын 27-нд Газпромын захирлуудын зөвлөлийн дарга Алексей Миллер “Хэрэв 12 дугаар сарын 31 гэхэд Орос Беларусийн хооронд байгалийн хий нийлүүлэх тухай шинэ гэрээ байгуулагдаагүй байвал 2007 оны 1 дүгээр сарын 1-нд Москвагийн цагаар өглөөний 10:00 цагт Орос улс Беларусь руу байгалийн хий нийлүүлэхгүй” гэж сүрдүүлжээ. Үүний хариуд Беларусь улс ОХУ-аас Европ руу нийлүүлж байгаа байгалийн хийг өөрийнхөө нутгаар дамжин өнгөрүүлэхгүй гэж анхааруулжээ. Гэвч он солигдохоос 2 минутын өмнө 2007 онд ОХУ-аас Беларусь руу байгалийн хий нийлүүлэх тухай, Беларусийн нутгаар дамжуулан Оросын байгалийн хийг Европ руу экспортлох тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан байна.
2007 онд Газпром Беларусьт нийлүүлэх 1000 куб метр байгалийн хийн үнийг 100 ам.доллар байна гэж шийджээ. Үүнээс хойш Беларусьт нийлүүлэх байгалийн хийн үнийг Европын бусад орнуудад нийлүүлж байгаа үнэ ханш руу дөхүүлэх чиглэлээр томьёо гаргаж үнэ тогтоохоор болов. 2008 онд Польшид байгалийн хий худалдах үнийн 67 хувиар Беларусьт нийлүүлэх байгалийн хийн үнийг тогтоох тохиролцоонд хүрсэн бол 2009 онд 80 хувь, 2010 онд 90 хувь байна гэж тооцоолжээ. Гэхдээ Европт байгалийн хийн үнэ огцом өссөн ч Беларусийн төлбөрийг шинэ томьёоны дагуу бодож амждаггүй байв. Дараагийн жилүүдэд ч Беларусьт нийлүүлсэн хийн үнэ ханшийг Европын орнуудын жишигт хүргэж нэмэгдүүлээгүй юм.
2011 онд Газпром Беларусь улсын “Белтрансгаз” компанийг 5 тэрбум ам.доллараар худалдан авсаны дараа байгалийн хий нийлүүлэх, дамжин өнгөрүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай шинэчлэн байгуулжээ.
2021 оны 12 дугаар сард Беларусийн Засгийн Газар, Газпром компани 2022 онд Беларусьт нийлүүлэх байгалийн хийн үнэ ханшийг тогтоох тухай хамтарсан протоколд 2021 оны нөхцөлөөр 1000 куб метр байгалийн хийг 128.52 ам.доллараар худалдахаар тогтжээ. Харин 2022 онд ОХУ нь Беларусийн нутгаар байгалийн хий дамжуулсны төлбөрт ойролцоогоор 250 сая ам.доллар төлнө гэсэн мэдээллийг “Газпром” гаргажээ.[2] Дээрх мэдээллээс харвал 1000 куб метр хийг 100 км дамжуулахад ойролцоогоор 2 ам.долларыг төлдөг байна. Үүнээс тооцвол хий дамжуулсны төлбөр нь тус улсын ДНБ-ий 1 хувьд хүрэхгүй байна.
1960 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Беларусь Улсад байгалийн хий дамжуулах шугам барих болсонтой холбогдуулан Белтрансгаз байгууллагыг байгуулж байжээ. 1991 оноос 2007 оны хооронд “Белтрансгаз” нь төрийн мэдлийн компани гэсэн статустай байв. “Ямал-Европ” төсөл 1994 онд эхэлснээс хойш 2007 он хүртэл хугацаанд “Белтрансгаз” засвар үйлчилгээ үзүүлж байв. Газпром 2007 оны 5 дугаар сарын 18-нд Беларусийн төрийн өмчийн хороотой “худалдах-худалдан авах” гэрээнд гарын үсэг зурснаар “Белгазтранс” компанийн хувьцааны 50 хувийг худалдан авч 2011 оны 11 дүгээр сарын 25-нд үлдсэн 50 хувийг 2.5 тэрбум ам.доллароор худалдан авснаар 100 хувь эзэмшигч болжээ. 2011 оны 12 дугаар сарын 21-нд “Белгазтранс” компанийн нэрийг өөрчилж “Газпром трансгаз Беларусь” хэмээн нэрлэх болсон тухай албан ёсоор зарласан байна.[3] Өдгөө Беларусь улсын дотоодын хэрэгцээнд ба тус улсын нутгаар дамжуулан Европ руу нийлүүлж байгаа байгалийн хийн дэд бүтцийн бүх асуудлыг Газпром компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Газпром трансгаз Беларусь” хувьцаат компани хариуцаж байна.
Казахстан улс:
Казахстан улс ЗХУ-аас тусгаар тогтносны дараахнаас эхлэн ОХУ-аас хамааралтай байдлаас гарах, эдийн засгаа өсгөхийн тулд эрчим хүчний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар хүчин чармайлт гаргаж эхэлсэн. Энэ үеэр хөрш БНХАУ-ын эдийн засаг үсрэнгүй өсч, түүнийг дагасан эрчим хүчний эрэлт нэмэгдсэн нь хоёр улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах үүдийг нээжээ. 1990-ээд оны сүүлч, 2000-аад оноос БНХАУ-ын компаниуд Казахстаны эрчим хүчний төслүүдэд идэвхтэй хөрөнгө оруулж эхэлсэн. БНХАУ-ын хамгийн том нефть, байгалийн хийн компани болох CNPC (Хятадын үндэсний нефтийн корпорац) 1997 онд анх Казахстаны Засгийн газартай Актюбинскнефтийн хувьцааг худалдан авах гэрээ болон Каспийн тэнгисээс БНХАУ руу 2798 км урт нефть дамжуулах хоолой барих гэрээ байгуулснаар тус улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллаж эхэлсэн.
Төв азийн хамгийн том байгалийн хий экспортлогч Туркменстан улсаас БНХАУ руу хий дамжуулах хоолойг анх Казахстан-БНХАУ-ын хооронд баригдаж байсан нефть дамжуулах хоолойн дагуу барих төлөвлөгөөтэй байжээ. Тэрхүү хоолойг барих гэрээнд хоёр тал 1997 онд гарын үсэг зурж, нефть дамжуулах хоолойн эхний хэсэг 2003 онд дуусаад байх үеэр хоёр улсын төрийн тэргүүний уулзалтаар байгалийн хийн хоолой тавих асуудлыг дэвшүүлэн эхний хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан байна. Үүний дараа БНХАУ-ын талаас нэмж Туркменистан, Узбекистан улстай гэрээ байгуулснаар төслийг бүс нутгийн статустай болгожээ.
Казахстан нь ЗХУ-ын үеэс улбаатай дотоодын болон бусад улстай холбогдсон хийн хоолойн арвин туршлагатай ба нийт 9400 км гаруй урт, жилийн 147 км байгалийн хий дамжуулах хүчин чадалтай хоолойнуудтай байв.[4]
Төв Ази-Хятадын байгалийн хийн хоолой нь БНХАУ-ын байгалийн хийн анхны импортын суваг байсан бөгөөд эдүгээ БНХАУ-ын байгалийн хийн нийт хэрэглээний 15 орчим хувийг нийлүүлдэг. Энэхүү хоолойн Туркменистан гэх гол экспортлогч, Узбекистан ба Казахстан гэсэн транзит улсууд, БНХАУ гэх асар том худалдан авагчийг холбосон, жилд нийт 55 тэрбум куб метр хий дамжуулах хүчин чадалтай, тус бүр нь 1067 мм диаметртэй 3 шугам (A, B, C)-тай хийн хоолой юм.[5] A, B шугамын нийт урт 1,833 километр, үүний 188 км нь Туркменистаны нутгаар, 525 км нь Узбекистаны нутгаар, 1305 км нь Казахстаны нутгаар дамжин өнгөрдөг.[6] A ба B шугамууд нийт 30 тэрбум куб метрийн хүчин чадалтай бөгөөд 2009 ба 2010 онд тус тус ашиглалтад орсон. Харин C шугам дангаараа 25 тэрбум куб метрийн хүчин чадалтай бөгөөд 2014 онд ашиглалтад оржээ. A, B шугамаар зөвхөн Туркменистаны хийг БНХАУ руу дамжуулах нөхцөлтэй бол C шугамаар Туркменистаны 10 тэрбум куб метр, Узбекистаны 10 тэрбум куб метр, Казахстаны 5 тэрбум куб метрийг дамжуулах нөхцөлтэй.
Төсөл хэрэгжүүлэгч нь “Азиатский Газопровод” хамтарсан компани бөгөөд БНХАУ-ын талаас CNPC-ийн охин компани Trans Asia Gas Pipeline, Казахстаны талаас QazaqGaz JSC тус тус тэнцүү хувийг эзэмшдэг.
Талууд өөрийн нутгаар дамжих байгалийн хийн хоолойн барилга угсралт, урсгал зардлыг хувааж төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Trans Asia Gas Pipeline (CNPC) өөрийн талын 50 хувийг бие даан санхүүжүүлсэн бол Казахстан, Узбекистаны талууд Хятадын хөгжлийн банкнаас санхүүжилт авч, бүтээгдэхүүнээр эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. A, B шугамуудын зардлыг 7 гаруй тэрбум ам.доллар байхаар урьдчилан төлөвлөсөн байсан ч төсөл хэрэгжиж дуусахад энэ хэмжээнээс нэлээд хэтэрсэн байна. Туркменистан, Узбекистан, Казахстанаар дамжих гурван шугамын барилга, угсралтын нийт өртөг 14-20 тэрбум ам.долларын хооронд байсан байх таамаглал байна.[7] Хийн хоолойн 71.1 хувь Казахстаны нутаг дэвсгэрээр дамждаг тул 10-14 тэрбум ам.долларыг “Азиатский Газопровод”, үүний талыг буюу 5-7 тэрбум ам.долларыг Казахстаны талаас гаргасан байх магадлалтай. CNPC-ийн охин компаниуд болох China Petroleum Pipeline Engineering Co., Ltd. болон China Petroleum Engineering and Construction Corporation хоолойн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.
Ирэх 25 жилийн хугацаанд тус хийн хоолойгоор байгалийн хий дамжуулсны төлбөрт Казахстан улс нийт 7.5 тэрбум ам.доллар авах боломжтой гэж Казахстаны Власть сэтгүүл тооцоолжээ. 2014 оны байдлаар Казахстан улс бусад дамжуулах хоолойгоор ОХУ, Төв Азийн бусад улсын 1000 куб метр байгалийн хийг 100 км тутамд дамжуулахдаа 1.7-2 ам.долларын төлбөр авдаг[8] нь ихэнх хийн хоолой ЗХУ-ын үед баригдсантай холбоотой байж магадгүй. Харин “Азиатский газопровод” компанийн тайлангийн транзитын орлогыг[9] тухайн жилийн дамжуулсан 37.4 км хийд хувааж, тухайн жилийн Казах тенге: ам.долларын ханш (0.0029)-аар үржүүлэхэд 3.15 ам.доллар болж буй. Транзит тээврийн хэмжээ, тарифын бодит үнэ энэ түвшинд хэвээр байвал ирэх 25 жилд 7.5 тэрбумаар тогтохгүй 19.7 тэрбум ам.долларыг Казахстаны тал хүлээн авах боломжтой. Гэхдээ үүнийг жилд хувааж тооцвол энэ нь Казахстаны жилийн ДНБ (нэрлэсэн үнээр)-ий 1 хувьд ч хүрэхгүй үнийн дүн юм.
Дүгнэлт
ОХУ-ын хувьд өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудад газрын тос болон байгалийн хий дамжуулах дэд бүтцүүдтэй. 2000-аад оноос хойш тэдгээр дэд бүтцийг ашиглан хий дамжуулж байгаа улс орнуудын тус байгууламжийн эзэмшил дэх өөрийн оролцоог нэмэгдүүлэхээр оролддог байдал харагдаж байна. Ингэхдээ хийн хэрэглээний үнийн өрөөр бартердаж байна. Нэг талаас эдийн засгийн хүндрэл, нөгөө талаас үнэ тогтоох системээс шалтгаалан Украин, Беларусь улсууд хэрэглээний хийн өрөнд ордог байдал ажиглагдана.
Харин байгалийн хий дамжуулсны төлбөрийг 1000 куб метр хийг 100 км-т дамжуулахад дунджаар 2 ам.доллараар тооцож байгаа бөгөөд энэ нь дамжуулагч улс орнуудын ДНБ-ий 1 хувьд ч хүрдэггүй байдал дээрх гурван орны хувьд ажиглагдлаа.
Ашигласан эх сурвалж:
[1] Как Россия потеряла на поддержке режима Александра Лукашенко почти $120 млрд
cообщают «Открытые медиа» (Александр Лукашенкогийн дэглэмийг дэмжихийн тулд Орос улс 120 тэрбум $ алдсан гэж “Нээлттэй медиа” мэдээлэв.) https://openmedia.io/investigation/kak-rossiya-poteryala-na-podderzhke-rezhima-aleksandra-lukashenko-pochti-120-mlrd/
[2] “Газпром” раскрыл стоимость транзита газа через Белоруссию в 2022 году. (2022 онд Беларусийн нутгаар дамжуулах байгалийн хийн үнэ төлбөрийг “Газпром” ил болгов) https://ria.ru/20220127/gaz-1769869583.html
[3] «Белтрансгаз» официально продан за $2,5 млрд, контракты на газ подписаны до 2014 года (“Белтрансгаз”2,5 тэрбум ам.доллараар зарагдаж, 2014 он хүртэл байгалийн хий нийлүүлэх гэрээ үзэглэв.) https://people.onliner.by/2011/11/25/beltransgaz-oficialno-prodan-kontrakty-na-gaz-podpisany-do-2014-goda
[4] KazEnergy 2021: The National Energy Report. https://www.kazenergy.com/upload/document/energy-report/NationalReport21_en.pdf
[5] Aminjonov, F. April 2021. “Central Asia-China Gas Pipeline (Line A, Line B, and Line C) / BRI / Chinese Project/” https://www.researchgate.net/publication/351703793_Central_Asia-China_Gas_Pipeline_Line_A_Line_B_and_Line_C_BRI_Chinese_Project/link/60a53df345851505a09cdbfc/download
[6] 中国政府网. 中石油注资中油勘探建中亚-中国天然气管道项目. 2007.12.28. http://www.gov.cn/jrzg/2007-12/28/content_846685.htm
[7] https://www.researchgate.net/publication/351703793_Central_Asia-China_Gas_Pipeline_Line_A_Line_B_and_Line_C_BRI_Chinese_Project/link/60a53df345851505a09cdbfc/download
[8] Власть. Сколько Казахстан зарабатывает на транзите газа и нефти? 10.09.2014. https://stanradar.com/news/full/12326-skolko-kazahstan-zarabatyvaet-na-tranzite-gaza-i-nefti.html
[9] Азиатский Газопровод. 2017.03. Публичные слушания: по ежегодному отчету о деятельности, ТОО «Азиатский Газопровод» за 2016 год по предоставлению регулируемых услуг по транспортировке товарного газа по магистральному газопроводу «Казахстан-Китай» перед потребителями и иными заинтересованными лицами http://www.agp.com.kz/wp-content/uploads/2017/03/Presentation-2016.pdf
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23