(Эхний хэсэг өмнөх дугаарт)
Гурав. Төв Азийн орнуудын ОХУ-аас хамаарах эдийн засгийн хамаарал
Тажикистан, Киргизстан, Узбекистаны ДНБ Орост ажиллаж байгаа цагаач ажиллах хүчний мөнгөн гуйвуулгын дүнгээс ихээхэн хамааралтай байдаг. Өнгөрсөн жил Ковид-19 цар тахлын хүнд үед ч ОХУ-д 2.5 сая гаруй цагаач ажилчин ажиллаж байсан. Цагаач ажилчдын мөнгөн гуйвуулга Тажикстаны ДНБ-ий 26.7 хувь, Киргизстаны ДНБ-ий 31.3 хувь, Узбекистаны ДНБ-ий 11 хувийг тус тус бүрдүүлдэг. Дэлхийн банкны сүүлийн үеийн тооцоогоор Оросын эдийн засагт хориг арга хэмжээ авч буй сөрөг нөлөөллөөс үүдэн ойрын 12 сар орчим хугацаанд Киргизэд мөнгөн гуйвуулга 33, Тажикстанд 22, Узбекистанд 21 хувиар буурах төлөвтэй байна.[1]
Төв Азийн цагаач ажилчдын дийлэнх нь барилга, үйлдвэрийн ажил, ресторанд ажиллах, такси жолоодох, өвлийн улиралд гудамжны цас хусах зэрэг хар ажил хийдэг. Орос улсад нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч ийм ажилчид хэрэгтэй тул цагаач ажилчдын тоо буурахгүй байх төлөвтэй. Нөгөөтэйгүүр Төв Азийн цагаач хөдөлмөр эрхлэгчид бусад улс орныг бодвол Орост очиж, хууль ёсны дагуу ажил хөдөлмөр эрхлэхэд хялбар байдаг.
Киргизстан, Тажикистан, Узбекистаны хувьд дотооддоо ажлын байр хүрэлцээгүйгээс ажилгүйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ажилгүйдэл нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлийг дагуулж байгаа тул иргэдээ Орос руу хөдөлмөр эрхлэхээр явахад хориг саад тавьж чадахгүй юм. Түүнчлэн Орост хөдөлмөр эрхэлж буй хэдэн сая иргэдээ буцаан авчрах боломж ойрын ирээдүйд Төв Азийн орнуудад мөн байхгүй юм.
Казахстан, Киргиз нь Орос тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбооны (ЕЭК) гишүүн улс. Ялангуяа Киргизийн хувьд энэ нь давуу тал болсон. ЕАЭБ-ын гишүүн улсын иргэд ОХУ-д ажиллах зөвшөөрөл авах нь ЕЭК-ын гишүүн бус Тажикистан, Узбекистан улсын иргэдээс илүү хялбар байдаг. Түүнчлэн Киргизийн иргэд ч Оросын эрүүл мэндийн системд хамрагдах боломжтой. Киргиз иргэдийн Орост хийж байгаа ажил нь ЕЭК-ын хууль тогтоомжийн дагуу тэдний тэтгэвэрт тооцогдог. Мөн Оросод авсан олон улсын хориг арга хэмжээний хариу арга хэмжээний хүрээнд Оросоос бусад улс орон руу улаан буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шиш, элсэн чихэр экспортлохыг хориглосон бол Киргиз уг арга хэмжээнээс чөлөөлөгдөж чадсан.
Дөрөв. Эрчим хүчний салбарын хамаарал
Төв Ази нь эрчим хүчний дэд бүтэц, эрчим хүчний экспортын зам гарц нь ОХУ-тай шууд холбоотой байдаг.
Казахстаны экспортын гол бүтээгдэхүүн нь газрын тос юм. Каспийн хоолойн консорциум баруун Казахстанаас 1500 км урт хоолой барьж, тус улсын хамгийн том гурван нефтийн орд болох Тэнгиз, Кашаган, Карачаганакийн нефтийг Оросын Хар тэнгисийн Новороссийск боомт руу тээвэрлэдэг. Каспийн хоолойн консорциумын цахим хуудасны мэдээлснээр 2001 оноос 2022 оны 1 дүгээр сарын 9 хүртэл 669 сая тонн Казахстаны түүхий нефтийг Каспийн хоолойн консорциумын хоолойгоор дамжуулан тээвэрлэсэн байна. Тус дамжуулах хоолойд “Chevron” компани тэргүүлэгч хувийг эзэмшдэг ч ОХУ консорциумын 24 хувийг, бусад хувьцаа эзэмшигчид нь Оросын Лукойл, Роснефть компаниудын охин компаниуд байдаг юм. АНУ-аас Оросын газрын тос, байгалийн хийд тавьсан хориг нь Каспийн хоолойн консорциумын хоолойгоор тээвэрлэж буй Казахстаны газрын тосонд хамаарахгүй. Лукойл нь мөн Казахстаны эрэг дээрх Тэнгиз, Карачаганак газрын тосны ордуудын түнш бөгөөд аль-Фараби, Хвалынское, Зенис блокуудад Каспийн тэнгисийн Казахстаны секторт 50 хувь, мөн 25 хувийг эзэмшдэг.[2]
Казахстаны хойд болон баруун өмнөд хэсэг нь Сибирийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон бөгөөд энэ нь ЗХУ-ын үеэс өвлөгдөн өнөөг хүртэл үргэлжилж байгаа юм. 2021 оны 10 дугаар сард Казахстаны зүүн хойд хэсэгт байрлах гурван том цахилгаан станц хаагдсаны дараа Казахстан Оросоос нэмэлт цахилгаан эрчим хүч импортлоход энэ сүлжээ нь асар чухал болох нь мэдэгдэж байсан билээ.[3]
Киргиз улс байгалийн хий түгээх сүлжээгээ 2014 оны 4 дүгээр сард Оросын Газпром компанид бэлгэдлийн чанартайгаар 1 ам.доллараар худалдсан байдаг. ‘Газпром’ хөрш Узбекистанаас байгалийн хий олборлож, Киргизийн хийн түгээлтийн сүлжээг зохион байгуулсан нь Киргизийн талархал, дэмжлэгийг авсан юм. Нөгөөтэйгүүр Киргизид болсон ган гачигийн үеэр тус улсын усан цахилгаан станцууд доголдож, улмаар “Газпром” Киргизэд үйл ажиллагаа явуулж байсан нь асар чухал холбогдолтой болохыг мэдрүүлсэн.
‘Лукойл’ болон ‘Газпром’ нь Узбекистаны нутаг дэвсгэрт 20 орчим жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Узбекистаны газрын тос, байгалийн хийн салбарт томоохон хөрөнгө оруулагч, ажил олгогч юм. Байгалийн хий, газрын тосны яаралтай хэрэгцээг харгалзан Оросын дээрх хоёр компани эрчим хүч, дулааныг хэвийн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.[4]
Тус улс байгалийн хий экспортлогч орноос хий импортлогч орон болсон нь Оростой салшгүй холбоотой. Узбекистаны хүн амын өсөлт нь нефтийн хэрэглээг эрс нэмэгдүүлсэн байдаг. Тус улс 600 сая баррель газрын тос, 800 тэрбум шоо метр байгалийн хийн нөөцтэй бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэх магадлалтай юм. Гэвч гадны тусламжгүйгээр эдгээр нөөцийг газраас гаргаж чадахгүй. Узбекистаны албаныхан Оросын компаниудтай байгуулсан таагүй гэрээний үр дүнд Узбекистаны засгийн газар тус улсад ажилладаг барууны байгууллага, компаниудыг хааж, гол төслүүдийн гэрээг Орос, Хятадын компаниудад өгчээ.[5]
Киргизстан, Тажикистан улсууд бараг бүх нефть, нефтийн бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг Оросоос импортоор авдаг. Логистикийн хувьд өөр ямар ч газрын тос экспортлогч орон нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийг Орос шиг гүйцэтгэх боломжгүй юм.
Туркменистан Оросын Каспийн боомт руу сар бүр 160,000 тонн нефтийг танкераар тээвэрлэж, улмаар Хар тэнгисийн Новороссийск боомт руу зөөвөрлөж байна.[6]
Тав. Үндэсний аюулгүй байдлын эрсдэл
ОХУ-ын Засгийн газар Украинд явуулж буй цэргийн ажиллагааны зорилгыг “Орос хэлээр ярьдаг иргэдийг хамгаалах” хэмээн тайлбарлаж байгаа нь Төв Азийн орнууд ирээдүйд Украин шиг нөхцөл байдалд орох эрсдэлтэй байгааг сануулж байна. Учир нь Төв Азийн орнуудад оросын цөөнх их байдгаас гадна орос хэл өдгөө ч олон үндэстэн хоорондын ойлголцлын хэл хэвээр байна. Иймд аливаа дотоод, гадаад хүчин зүйлсээр өдөөгдсөн болзошгүй улс төр, геополитикийн хямралын үед Украинд болж буйтай адил цэргийн ажиллагаа Төв Азид ч явагдах боломжтой юм. Тодруулбал орос үндэстэн Төв Азид олон зууны тэртээгээс суурьшиж эхэлсэн. Оросууд анх XVI зууны төгсгөлд Казахстаны хойд хэсэгт олноор суурьшиж эхэлсэн ба улмаар Хаант Орос Төв Азийг эзэлсэн XIX зууны дунд үед огцом өссөн. XIX зууны хоёрдугаар хагас XX зууны эхэн үед, ялангуяа газар тариалангийн шинэчлэлийн үеэр Оросын хүн ам тасралтгүй нэмэгдсэн. ЗХУ-ын засаг 1930-аад оноос эхлэн аж үйлдвэрийг Төв Азид хөгжүүлэх зорилгоор орос иргэдийг ажиллах хүч болгон зохион байгуулалттайгаар суурьшуулж ЗХУ задрах хүртэл уг бодлогоо үргэлжлүүлж байжээ.
ЗХУ задрах үед Казахстанд 6,1 сая, Узбекстанд 1,6 сая, Киргизэд 917 мянга, Тажикстанд 388,5 мянга, Туркменистанд 333,9 мянга оросууд амьдарч байсан. 2007 оны судалгаагаар ЗХУ задрах үед Төв Азид амьдарч байсан оросуудын 60 орчим хувь нь үлдсэн хэмээх мэдээлэл байдаг.[7] Төв Азийн Узбекстан, Тажикстан, Туркменстан улсууд үндэстнээр хуваасан хүн амын тооллогыг нээлттэй зарладаггүй учир өнөөдрийн байдлаар Төв Азид амьдарч буй орос үндэстний тоог яг цав хэлэхэд бэрхшээлтэй авч ойролцоогоор 4,7-4,8 сая хүн амьдарч байна.[8] Төв Азийн орнуудын хүн ам дахь оросын цөөнхийн тоо нь ойролцоогоор Казахстанд 21%, Киргизстанд 13.1%, Узбекстанд 3.4%, Туркменстанд 3.5%[9], Тажикстанд 0.8% байна
Төв Азийн бүх улсад оросын цөөнх бүлгүүд амьдарч орос хэл, боловсрол, соёлын орон зай хүчтэй хэвээр байгаа нь геополитикийн бодит байдал мөн бөгөөд “Орос хэлтэнгүүдийг хамгаалах” нэрийн дор ОХУ-аас Украины Крым эсвэл Донбассд явуулж буй бодлого олон зууны турш Оросын эрхшээлд байсан Төв Азийн үндэстнүүдэд нэн ялангуяа залуу үеийнхэнд айдас төрүүлж байгаа нь лавтай. Учир нь 1991 оноос хойш Төв Азийн таван орны удирдлагууд бүгд шинэ байгуулагдсан тусгаар улсаа өөрсдийн үндэстэнд суурилсан Бүгд Найрамдах Улс маягаар хөгжүүлж эхэлсэн ба 30 жилийн хугацаанд хэл соёл, угсаатан, шашны эрх чөлөөгөө шинээр бүтээх бодлого баримталж түүх, эх хэлээ сэргээсний үр дүнд “Зөвлөлт’-ийн үеийг Оросын колончлол мэт хардаг эх хэлээ бүрэн эзэмшсэн шинэ үндсэрхэг үе гарч ирсэн. Өдгөө орос хэл мэдэхгүй хүмүүсийн тоо Казахстанаас бусад Төв Азийн бүх оронд хүн амынх нь 50 хувийг аль хэдийнээ давсан.[10] Бүс нутгийн хамгийн баян улсууд болох Казахстан, Туркменистан, Узбекистан латин үсэгт шилжих шийдвэр гаргасан зэрэг нь тусгаар улсын бодлогын бодит илрэл юм. Төв Азийн хүн амын тал орчим хувь нь үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөг заасан боловсролын системээр хүмүүжсэн 30-аас доош насны залуучууд (2010 оны байдлаар) эзэлдэг.[11] Энэ тоог харгалзан үзвээс бүс нутгийн удирдагчдад ОХУ-ын “Оросын цөөнхийн эрхийг хамгаалах” зорилготой цэргийн ажиллагааг илт дэмжих нь дотоод улс төрийн хувьд ч эрсдэлтэй алхам юм.
ДҮГНЭЛТ
ОХУ Төв Азийн аюулгүй байдлыг хангагч, эдийн засгийн түнш, улс төрийн дэмжлэгийнх нь эх үүсвэр болдог тул энэ бүс нутгийн орнууд Оросоос янз бүрийн хэмжээгээр хамааралтай хэвээр байна.
Төв Азийн орнууд хэдийгээр Оросоос хараат байсан ч Украины асуудалд аль болох оролцохгүй байх, зайлсхийх байдлаар гадаад бодлогоо явуулж байна. Орос-Украины зэвсэгт мөргөлдөөнд Төв Азийн зарим орон төвийг сахисан байр сууриа илэрхийлсэн бол бусад улс нь чимээгүй ажиглаж байна. ОХУ-ыг буруушааж, Украины энгийн номхон иргэдийг хамгаалахыг шаардсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал хураалтад таван улс бүгд түдгэлзэх, оролцохгүй байдлаар хандсан бол Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргахыг эсэргүүцсэн байна. Төв Азид одоо ч орос угсаат цөөнхийн хүн амьд эзлэх хувь харьцангуй их, орос хэл, соёлын нөлөө хүчтэй хэвээр байгааг харгалзан үзвэл Төв Азийн улс орнуудын засгийн газрууд цаашид ОХУ-ын Украин дахь цэргийн ажиллагааг дэмжихгүй, дэмжлээ гэхэд нээлттэй зарлахгүй байх магадлал өндөр байна. Учир нь ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагаа нь “Оросын цөөнхийг хамгаалах” зорилготой гэгдэх тул уг цэргийн ажиллагааг дэмжих нь наанадаж үндэстний удирдагчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж дотоод улс төрийн эрх мэдлийг ганхуулах цаанадаж ирээдүйд үүсэж болзошгүй геополитикийн нөхцөл байдалд дараагийн Украин болох эрсдэлтэй нөхцөлд олон улсын хууль эрхзүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжгүй болгох бодит эрсдэлтэй юм.
Тажикистан дахь Оросын цэргийн баазаас хэдэн зуун цэргийг 2 дугаар сард Украины фронт руу илгээсэн нь Төв Азийн аюулгүй байдалд Оросын оролцоо эрс багасаж буйн илрэл юм. Цаашид Төв Азийн аюулгүй байдалд терроризм, дотоод зөрчилдөөнөөс үүдэлтэй эрсдэл гарахад Оросоос цэрэг, зэвсгийн дэмжлэг үзүүлэх нь эргэлзээтэй юм.
Олон улсын зүгээс Оросыг удаан хугацаагаар тусгаарлаж, хориг арга хэмжээ авах магадлалтай байгаа тул Төв Азийн орнууд Оросоос эдийн засаг, улс төрийн хараат байдлаа цаашид бууруулахыг хичээж, Оросын эсрэг хүчтэй хариу арга хэмжээ авахгүй байх болно.
Барууны болон олон улсын зүгээс Оростой хийх худалдаа, хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүнчлэлтэй Казахстан, Киргизстан зэрэг орны эдийн засагт хохирол учруулах эрсдэлтэй. Дэлхийн банк Оросын эдийн засаг 2022 онд 11.2 хувиар агшина гэж таамаглаж байна. Энэ нь Орос дахь Төв Азийн цагаач ажилчдын эх орондоо илгээх мөнгөн гуйвуулгын хэмжээг мэдэгдэхүйц бууруулна. Эргээд энэ нь ядуурал, эмх замбараагүй байдлийг авчрах магадлалтай юм.
Төв Азийн эрчим хүч нь Европын холбоог Оросын газрын тос, байгалийн хийнээс салгахад тусална. Энэ утгаараа барууны орнууд Төв Азийн эдийн засагт тусламж дэмжлэг үзүүлэх байдлаар оролцохыг ОХУ зүгээр хараад суухгүй нь тодорхой. Өнөөг хүртэл Төв Азийн хийг Европт хүргэх боломж улс төр, эдийн засгийн эрсдэлтэй хэвээр байна.
Орос-Украины зэвсэгт мөргөлдөөний үр дүн, үргэлжлэх хугацаа зэргээс хамаарч Төв Азийн геополитикт ихээхэн өөрчлөлт гарах магадлалтай юм.
Ямартаа ч Украины хямрал цаашид хурцдаж дайны хэмжээнд хүрэх нь Төв Азийн орнуудад эрсдэл авчирна. ОХУ-ын НАТО гэгдэх Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагад Төв Азиас Казахстан, Киргизстан, Тажикистан гишүүнээр элссэн. ОХУ руу Украин болон түүний холбоотон цохилт өгсөн тохиолдолд тус ХАБГБ-ын гэрээний 4 дүгээр зүйлд хүлээсэн үүргийнхээ дагуу Төв Азийн улсууд дайнд татагдан орох нөхцөл байдал үүсэх юм. Дайн эхлэх тохиолдолд Төв Азийн орнууд ОХУ-д цэргийн дэмжлэг үзүүлэх, эсвэл ХАБГБ-аас гарах гэсэн 2 иртэй хутгыг атгах мэт маш хүнд сонголтын өмнө ирнэ.
[1] https://www.worldpoliticsreview.com/articles/30491/in-central-asia-russia-s-war-in-ukraine-is-raising-anxieties
[2] https://www.cpc.ru/en/operations/Pages/default.aspx
[3] https://www.thetribune.com/kazakhstan-russias-lukoil-to-explore-al-farabi-caspian-oil-field/
[4] https://www.bp.com/content/dam/bp/business-sites/en/global/corporate/pdfs/
[5] https://www.bp.com/content/dam/bp/business-sites/en/global/corporate/pdfs/energy-economics/statistical-review/bp-stats-review-2021-full-report.pdf
[6] https://www.hellenicshippingnews.com/turkmenistan-oil-transit-via-russia-to-halve-from-oct-as-vitol-redirects-flows/
[7] Русские в Центральной Азии: Проблемы и Перспективы, Ольга Сухаревская, 2019.09.24 https://ia-centr.ru/experts/olga-sukharevskaya/russkie-v-tsentralnoy-azii-problemy-i-perspektivy/
[8] Русский мир Средней Азии сжимается, Александр Шустов, 01.02.2016, https://www.ng.ru/dipkurer/2016-02-01/11_asia.html
[9] МИД РФ располагает собственными данными о количестве этнических русских в СНГ, Наталья Арт, 26.03.2003, https://www.fergananews.com/article.php?id=1511
[10] Положение русского языка в странах Центральной Азии, Нурбек Бекмурзаев
28.02.2019, https://cabar.asia/ru/polozhenie-russkogo-yazyka-v-stranah-tsentralnoj-azii
[11] Государства Центральной Азии идут своим путем, Марта Брилл Олкотт, Центральная азия и внешние державы, Carnegie Endowment for International Реасе, 2013
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Төв Азийн орнуудын байр суурь (I)Дараах нийтлэл
ОХУ-Украины гео-эдийн засгийн өрсөлдөөн (I)Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02