Төгсгөл
Троллингийн “эмзэг газар” буюу нийгмийн сүлжээ хэрэглэгчид
Нийгмийн сүлжээ бидэнд олон давуу талыг олгосон хэдий ч нөгөө талд мэдээллийн хэт их урсгал шүүлтүүргүй, баталгаатай эх сурвалжийн бус хормын төдийд олон зуун мянган хүнд хүрч тархдаг болсон нь олон төрлийн үл ойлголцол, буруу хандлагыг бий болгох болсон.
Статистик мэдээллээс харахад, дэлхий дээр амьдарч буй 7.6 тэрбум хүний 4.5 тэрбум хүн интернетэд орох боломжтой бүс нутагт амьдарч 57% -ийнх нь хувьд энэ сүлжээ өдөр тутмынх нь амьдрал болсон. Мөн хоёр хүн тутмын нэг нь утсаа аваад хүссэн газар уруугаа дуудлага хийх боломжтой буюу 5.112 тэрбум гар утас хэрэглэгч байна. Тухайлбал, уг төхөөрөмжийг амьдралын салшгүй хэсэг болгогчид 67%, сошиал медиаг идэвхтэй ашигладаг хэрэглэгч 3.484 тэрбум, тэдний 45% нь нийгмийн сүлжээтэй “хүйн холбоо”-той мэт байдаг, гар утсаараа энэхүү сүлжээний сувгуудад ордог 3.256 тэрбум хэрэглэгч байдгийн 42% нь үүндээ донтсон гэхэд болно. Дэлхий даяарх интернэт хэрэглэгчийн тоо 4.388 тэрбум, энэ тоо жилээс жилд 9.1%-иар өсч буй. Харин дэлхийн сошиал медиачдийн тоо 3.484 тэрбум, жил тутам 9%-иар өсөж буй. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 5.112 тэрбум бөгөөд жилд 2%-иар өсөж байна.
(Монгол Улсын хувьд, нийгмийн сүлжээ идэвхитэй хэрэглэгч 2,2 сая иргэн байна. Нийслэлийн иргэдийн 84%, орон нутгийн иргэдийн 77% нь буюу 1 724 767 иргэн фэйсбүүийн идэвхтэй хэрэглэгч. Тэгвэл 15-60 насны 10 хүн тутмын 8 нь буюу 1,7 сая гаруй хүн нийгмийн сүлжээ ашигладаг ба тэдний 95% нь гар утаснаас холбогддог. Ухаалаг гар утасны хэрэглээ 80 хувь болж нэмэгдсэн. 14-21 хүртэлх насны залуус ажлын өдрийн 6 цагийг буюу ухамсарт амьдралынхаа 50 хувийг нийгмийн сүлжээнд зарцуулж, амьдралынх нь 50 хувь сошиал орчинд өрнөж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд фэйсбүүк идэвхитэй хэрэглэгчдийн дийлэнх нь 18-34 насны залуучууд болсон нь анхаарал татаж байна).
Дэлхийн олон оронд нийгмийн сүлжээ хэрэглэгчид троллингд өртөх магадлалтай хамгийн “эмзэг газар” болоод зогсохгүй даамжрах тохиолдолд мэдээллийн дайны хохирогчоос оролцогч болж хувирах өндөр эрсдэл байсаар байна. “Мэдээллийн дайны оролцогч” гэдгээр улс төрийн тогтворгүй байдлыг өдөөгч “өнгөт хувьсгал”-ын төдийгүй олон улсын терроризмын таатай хөрс суурь болсон экстремизм, радикалчлалын үзэл санааг тээгч, хэрэгжүүлэгч болж хувирч байгаа юм.
Троллинг улс төрийн зэвсэг болох нь
Мэдээллийн дайныг улс орнууд харилцан бие биеийн эсрэг ихээхэн эрчимтэй ашиглах болсон нь 2010-аад оноос хойших буюу цахим орчин, нийгмийн сүлжээний хэрэглээ эрс нэмэгдэж, дотоод улс төрийн төдийгүй гаднын нөлөөллийг шингээгч талбар болсонтой холбоотой. Бидний хэлж заншсанаар “өнгөт хувьсгал” буюу тусгаар улс орнуудын төр, засгийн эрхийг гадны шууд нөлөөтэйгээр гартаа оруулах ажиллагааг эсрэг талын тусгай албад төлөвлөж, “хараат бус” хэвлэл, мэдээлэл, иргэний нийгэм, залуучуудын хөдөлгөөнийг чадамгай ашиглан нийгмийн сүлжээний платформуудыг тулалдааны талбар болгох болов. Хамгийн сүүлийн тод жишээ гэхэд 2020 оны Беларусийн “бүтэлгүй” өнгөт хувьсгалыг нэрлэж болох юм. А.Лукашенкогийн ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж эсэргүүцсэн С.Тихановскаягийн талынхны өдөөн турхирсан үймээн, самуун намжиж дарагдсан ч Европын орнуудын дэмжлэгтэйгээр хилийн чанадаас үргэлжилсээр байна. Тухайлбал, нийгмийн сүлжээний “NEXTA” платформ нь Польшид төвтэй кибер орон зайн сүлжээ бөгөөд Литва, мөн Беларусийн нутгаас мэдээллийн дайны өргөн хүрээний ажиллагаа явуулж, тролл хийсээр байгаа ба үүндээ Украины үндсэрхэг үзэлтнүүдийг ч татан оруулсан. Өнгөрсөн долоо хоногт Минскт “RyanAir” компанийн Афин-Вильнюс чиглэлийн нисэх онгоцыг саатуулж, түүгээр зорчиж явсан “NEXTA”-гийн болггер Р.Протасевичийг саатуулан баривчилсан нь олон улсын хэмжээний дуулиан дэгдээж, харилцан буруутгал хөвөрсөөр байна. Гэхдээ энэ хэрэг явдлын зөв, бурууг ялгах улс төрийн байр суурийг сонирхохоосоо урьд үүнд троллингийн гүйцэтгэсэн үүргийг анзаарууштай юм.
Хамгийн сүүлд Р.Протасевич өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэхдээ, түүнийг яг энэ рейсээр зорчиж яваа болохыг Беларусийн Улсыг аюулаас хамгаалах хороо урьдчилж мэдээд онгоцыг хүчээр зогсоосон бус, харин түүний хамтран зүтгэгчид дундаас үзэл санааны зөрчилтэй болсон зарим хүн урьдчилан нийгмийн сүлжээ (Инстаграм) ашиглан уг мэдээллийг зориуд тарааж, хараахан саатуулж амжаагүй байхад нь аль хэдийн баривчлагдсан мэтээр дэлхий нийтийн анхаарлын төвд оруулсан гэж байна. Хэрвээ энэ өнцөг үнэн бол троллинг, мэдээллийн дайны сонгодог ажиллагаа болсон бөгөөд хүсэж буй зүйлээ Беларусийн эрх баригчдаар өдөж хийлгэх, тухайлбал, онгоцыг хүчээр буулгуулж, эрэн сурвалжлагдаж байсан зорчигчийг баривчлуулах ажиллагааг өөрсдийнх нь гараар гүйцэтгүүлэх, дараа нь дотоодод намжаад байсан улс төрийн эсэргүүцэл, тэмцлийг дахин ноцоох зорилгоор үйлдсэн троллинг байх ажээ.
Троллинг ба терроризм: Үзэл санааны хөрс суурийг бэлтгэх
Олон улсын террористууд нь томоохон үйл ажиллагааг тодорхой төлөвлөгөө бэлтгэлтэй хийж, дэлхийн улс орнуудын аль эмзэг сул талыг ашиглан олон нийтийг бухимдулах, төр засагтаа үл итгэх байдлыг зохиомлоор буй болгох, бусдыг айлган сүрдүүлэх үүднээс олон улсын гэмт хэргүүд гарч хар тамхи, мансууруулах бодис болон сэтгэл зүйн элдэв гаж донг ашиглах, хөрөнгө мөнгөөр хахуульдах зэрэг олон замаар өөрийн үйл ажиллагааг том, жижиг, бага, буурай гэлгүй улс орнуудад үйлддэг байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өрнөсөн хувьсгал, өөрчлөлтийн үр дүнд бүрэлдэж буй болсон нөхцөл байдал нь олон улсын терроризм идэвхжих үндсийг тавьлаа.
Тухайлбал социалист чиг баримжаа бүхий Арабын зарим улс орнууд төр нийгмийнхээ асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн бэрхшээл тохиолдож, улмаар эмх замбраагүй байдал үүссэн, хүйтэн дайны үед АНУ, ЗХУ тэргүүтэй улсууд бие биеийн эсрэг тэмцэгч террористуудыг идэвхитэй ивээн тэтгэж байсан нь олон улсын терроризм бий болох, хэлбэрших нөхцөл болсон, дэлхийн ихэнх улс орны нийгмийн ухамсарт эргэлтийн шинж чанартай радикал үзэл бодол дэлгэрч, терроризмд хөтлөх таатай хөрс суурийг бий болгож байна.
ХIX зууны сүүлчээс хэлбэржиж тогтсон, XX зууны турш уламжлалт дайн, зэвсэгт мөргөлдөөнтэй зэрэгцэн алан хядах, эвдлэн сүйтгэх ажиллагаа явуулж, түүнийгээ хэн нэгэн бүлэглэлийн ашиг сонирхолд нийцсэн өшөө авалт, эсхүл өөрийн эрх ашигт нийцсэн үйлдэл, эс үйлдэл гаргуулах арга хэрэгсэл гэж зарлах үзэгдлээс улбаатай, терроризмын аюул өнөөдрийн хүн төрөхлтний өмнө тулгамдсан хамгийн том аюул занал болжээ. Гэвч “терроризм”, “террорист” гэх ойлголтыг нэг мөр тодорхойлоход бэрхшээлтэй, тухайн цаг үед ноёрхогч улс төрийн бодлого, дэлхийн дэг журам, үзэл суртлын өнцгөөс үзэмжээр, түүвэрлэн хандах байдал одоо ч хэвээрээ байна. Терроризмын тухай олон улс орон, тэдгээрийн эрдэмтдийн дүгнэснээр 100 гаруй ойлголт байгаа боловч тэдгээрийн нэг нь ч сонгодог ойлголт болж нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй хэвээр байна. Гэхдээ эдгээр тодорхойлолтуудын дотор терроризмыг сонгодог утгаар нь тодорхойлсон байгаа боловч түүнийг НYБ-аар хэлэлцэн баталж чадаагүй байгаа нь НYБ-ын гишүүн орнуудын санал зөрөлдөөний илэрхийлэл мөн.
Терроризмын тухай ойлголт ийнхүү санал зөрөөтэй байгаа нь түүний зорилго, шинж чанар, онцлог, арга хэлбэр, шалтгааныг өөр өөрөөр тодорхойлж, тайлбарлаж байгаатай холбоотой юм. Тиймээс ч терроризмын эсрэг тэмцэлд “дэлхий дахины” шинжтэй эвсэл бүрэлдэж чадахгүй байгааг ашиглан мэдээллийн дайны хялбар, хямд төсөр хэрэгсэл болох троллингийг ашиглан экстремист, радикал үзлийг хэвийн зүйл, эдгээрийг сурталчлахыг “үзэл бодлоо илэрхийлэх эрх”, ийм үзэл суртлын оршин байх эрхийг “олон ургалч үзэл” хэмээн дасгах “тархи угаалт”-ын технологийг овжноор ашиглаж, нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч өсвөр залуу үеийнхний терроризмыг үл тэвчих дархлааг аажмаар устгаж байна. Үүний нэг илрэл бол олон улсын харилцааны тогтсон дэглэм, улс үндэстнүүдийн хил хязгаарыг хүч хэрэглэн өөрчилж, эрх барих, засгийн байгууллыг өөрийн хүсэл зоригт тулгуурлан өөрчлөхийг зорьсон хэн бүхэнд “террорист” гэх тодотгол бус, харин “тусгаар тогтнолын төлөө”, эсвэл “шударга ёсны төлөө” тэмцэгч гэсэн эерэг дүрийг оноож болж байна.
Троллинг ба терроризм: Зохион байгуулалтын дэмжлэг
Троллингийн терроризмын таатай хөрс суурийг бүрдүүлэх нөлөөлөл зөвхөн экстремист, радикал үзэл санааны зөвтгөлөөр зогсохгүй. Террорист этгээдүүд, бүлэглэл гэж хатуу тогтсон нэгдмэл бүтэц, зохион байгуулалттай байх нь нэн ховор. Тухайлбал, “РАНД” корпорацийн Д.Герстайны үзэж буйгаар, нийтлэг жишиг бол гол цөм нь террорист үйл ажиллагааг зохион байгуулагч удирдагчид, түүний гадуур хүрээнд гүйцэтгэгчид, тэдгээрийн гадуур дэмжигчид, хамгийн гадна хүрээнд сэтгэл санаагаараа татагдагсад гэж ангилж болохоор аж. Үүн дээр хэлбэлзэгсэд буюу цагийн аясаар хаашаа ч эргэж болзошгүй идэвхгүй хүн ам гэсэн тав дахь хүрээг ч нэмдэг. Цахим орчны троллингийг ашиглан энэхүү бүлэг буюу хэлбэлзэгсдийг аль болох дотор хүрээнд татан оруулах, өөрөөр хэлбэл, хүрээг нь тэлэх төдийгүй эгнээг нь цул болгож “чанаржуулах” ажлыг гүйцэтгэж байна. Террорист бүлэглэлүүд нийгмийн сүлжээг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ашиглаж өөрийн үзэл суртлыг түгээж байгаа нь сүүлийн жилүүдэд гарч буй цоо шинэ үзэгдэл юм. Гэхдээ нийгмийн сүлжээнд идэвхтэй, өндөр хөгжилтэй орнуудын иргэд, залуучуудыг өөрсдийн үйл ажиллагаанд татан оруулахдаа шууд шашны зан үйл, эсхүл алан хядах ажиллагаанд уриалан дуудах замаар биш, олон улсын харилцааны тогтсон дэг журам, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдалд дүргүйцсэн үзэлтэй, боловсролтой давхаргынхныг аажмаар радикалжуулах, тэмцлийн хурц хэлбэрт татагдах хүртэл нь сэтгэл санаанд нь нөлөөлөх аргыг хэрэглэж байна.
Тиймээс олон улсын түвшинд болон үндэснэий хэмжээнд терроризмтой тэмцэхдээ эдгээр хүрээг аль болох хооронд нь зааглах, тусгаарлах, гадуур хүрээнийхнийг саармагжуулах, цөм хүрээнийхнээс салгах, цөм болсон этгээдүүдийг устгах гэсэн нийтлэг арга ажиллагааг баримтлах нь зүйтэй болж байна. Үүнээс хамгийн хэцүү нь эргэлзэгсэд ба дэмжигсдийн сэтгэл санааг урвуулах ажил бөгөөд цаг хугацаа, хөрөнгө хүч ихээхэн шаардсан ажил. Энэ зорилтыг дан ганц төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хүчээр шийдвэрлэх боломжгүй, харин мэдээллийн сөрөг дайны арга ажиллагаа шаардагдах юм.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Орчин үеийн мэдээллийн орон зай ба ТроллингДараах нийтлэл
Цар тахал ба ЗасаглалСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02