Биоаюулгүй байдал ба түүнээс сэргийлж тэмцэх нь

2021-01-15

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/01/unnamed-1.jpg

Хүний санаатай болон санамсаргүй үйлдлээс үүдэх эсвэл байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан биологийн аюул нь сая сая хүний аминд хүрэх, тэрбум тэрбумын эдийн засгийн хохирол учруулах, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэх чадвартай юм. Энэхүү аюул нь дэлхийн хүн амын зорчих хөдөлгөөн, хотжилт, үй олноор хөнөөх зэвсгийг сонирхох хорлон сүйтгэгч бүлэглэлийн сонирхол, цар тахал дэгдээх чадвартай шинээр үүсгэсэн эсвэл боловсруулсан эмгэг төрүүлэгч бичил биетүүд зэргийг бүтээх технологийн дэвшил гэх мэт хүчин зүйлийн нөлөөгөөр бий болж болно.

Биоаюулгүй байдал гэж юу вэ?

Биоаюулгүй байдал гэдэг нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тодорхойлсноор хүн, амьтан, ургамал болон хүрээлэн буй орчны амь амьдрал, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлийг шинжлэх, хянах, удирдах стратегийн нэгдсэн арга юм. Нийгмийн салбар бүрийн доторх аюул үүсгэж болзошгүй нөхцөл байдлыг тодорхойлон тэдний уялдаа холбоо болон бусад салбартайгаа холбогдож байгаа байдлыг бүхэлд нь харснаар системын хэмжээнд үр дагаврыг харах боломжтой юм. Ингэснээрээ биоаюулгүй байдлыг хангах үндэсний чадавхийн хууль эрх зүй, хэрэгжилт, хяналт мониторингийн хаана нь цоорхой доголдол гарч байгааг илрүүлэн зассанаар аюултай нөхцөл байдал үүсэхэд илүү хурдтай, уялдаа холбоотой ажиллах нөхцөл бүрдэх юм.

Өнөөгийн ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүнийг бүр ихээр шаардаж байна. Харилцан уялдаатай, нэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин болон бодлого нь маш тодорхой байх, оролцогч талуудын бүтэц, зохион байгуулалт, үүрэг хариуцлагыг оновчтой тодорхойлох, шинжлэх ухаан, техникийн чадвар сайтай байх шаардлагатай ба түүнчлэн эрсдэлийн үнэлгээ хийж хянахын тулд  найдвартай, сайн ажиллагаатай мэдээлэл солилцох харилцаа холбооны системын дэд бүтэц шаардлагатай байдаг.

Биоаюулгүй байдлын хамрах хүрээ

Хүнсний аюулгүй байдал, зооноз, амьтан, ургамлын өвчин, хортон шавьж, хувиргасан амьд организм ба түүнийг агуулсан бүтээгдэхүүн, харь өөр төрөл зүйлийн менежмент зэрэг нь биоаюулгүй байдлын ойлголтод багтдаг учраас энэ нь хөдөө аж ахуйн тогтвортой байдал, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин түүний дотор биологийн олон янз байдлыг хамгаалах талаарх цогц ойлголт юм.

Хүнсний аюулгүй байдал: Биоаюулгүй байдлын чухал томоохон хэсэг болох хүнсний аюулгүй байдлыг тодорхойлохдоо импортоор орж ирж буй болон дотоодод үйлдвэрлэж байгаа, экспортод гаргаж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь биологийн болон химийн гаралтай эсэхийг хянаж байх ёстой. Сүүлийн үед энэ чиглэлд импортлогч орны хилийн хяналтад найдахаас илүү экспортлогч орон хяналтаа сайжруулах нь зүйтэй гэх хандлага руу олон улс явж байна. Хүнсний аюулгүй байдал алдагдахад үүсэх эрсдэлийн тод жишээ нь коронавирусын халдвар гэж хэлж болох юм. Одоогийн байдлаар сарьсан багваахайг хүнсэнд хэрэглэсэнээс вирусын халдвар тархсан гэж Хятадын тал мэдэгдэж байгаа нь батлагдаагүй хүнс, зэрлэг амьтдын эд эрхтэнийг хүнсэнд хэрэглэхийн сөрөг талыг илрүүлж байна.

Зоонозын аюул: Зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтдаас байгалийн замаар хүнд халддаг биологийн агент юм. Хөөрүүлээгүй сүүг хүнсэнд хэрэглэсэнээс бруцеллёз халдварлахаас эхлээд дэлхий нийтэд цар тахал хэлбэрээр тархаад байгаа коронавирус мутацид орж усны булганаас энэ төрлийн вирус илэрсэн тохиолдол бүртгэгдсэн зэрэг нь зоонозын аюулын үр дагаврыг харуулж байна. Тиймээс хүн болон амьтны эрүүл мэндийн асуудлыг хариуцан ажилладаг эрх бүхий байгууллагууд харилцан нягт уялдаа холбоотой ажиллах нь биоаюулгүй байдлыг хангахад мэдэгдэхүйц өөрчлөлт авчирч болох юм.

Малын эрүүл мэнд: Сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнууд ялангуяа Ази тивд малын гаралтай түүхий эдийн хэрэглээ нэмэгдэж, хилээр нэвтэрч буй малын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрөл ихсэж байгаа нь малын шинэ, аюултай өвчлөл газар зүйн хэмжээгээр тэлэх хандлага ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Ургамлын эрүүл мэнд: Байгальд ээлгүй газар тариалан эрхлэлт, ургамлын халдварт өвчин зэрэг нь хортон шавьжийг бий болгох, тархах биологийн хүчин зүйл болдог.

Хувиргасан амьд организм: Хог болон зэрлэг ургамлыг устгах зорилгоор сүүлийн үеийн био технологийн аргаар бүтээсэн энэхүү организм нь эргээд экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж биологийн олон янз байдлыг устгаж болзошгүй юм. Хувиргасан амьд организм нь хүн төрөлхтний сайн сайхан байдал, эдийн засгийн тогтвортой хөгжилд үр өгөөжөө өгч болох боловч нөгөө талаасаа хүрээлэн буй орчинд хүсээгүй сөрөг үр дагавар, түүний дотор уугуул ургамал, амьтны аймгийг устгах болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ялангуяа ийм организмыг хянах чадваргүй, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах чадвар султай хөгжиж буй орнуудын аюулгүй байдалд илүү аюултай байж болох юм.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл тодорхойлох

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас улс орнуудын засгийн газруудад дараах аргаар биоаюулгүй байдлын чиглэлээр явуулах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлохыг зөвлөдөг. Үүнд долоон алхмаар биоаюулгүй байдлын чадавхиа тодорхойлно.

I алхам: Шийдвэр гаргагчидыг биоаюулгүй байдлын талаарх бодит, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлээр хангаж, түүний хор хохирлын талаар сайтар ойлгуулах замаар тэдний дэмжлэгийг олж авах

II алхам: Шийдвэр гаргагчид болон оролцогч талууд үндэсний биоаюулгүй байдлын зорилго, хамрах хүрээ, үйл явцын талаар сайтар тохиролцон, ойлголтоо нэгтгэх

III алхам: Биоаюулгүй байдлын агуулгыг улс орны хэмжээнд таниулж, эрсдэлийн шинжилгээ хийх. Энэ үе шатанд салбар болон байгууллагын эрсдлийн дүн шинжилгээнд суурилсан биоаюулгүй байдлыг хангахад тухайн салбар/байгуулагын бүрэн эрх, бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны явц, нөөц бололцоо, дэд бүтэц гэх мэт үндсэн норматив, функцуудын чадамж ямар байгааг илрүүлснээр биоаюулгүй байдлыг системтэйгээр харж, дүн шинжилгээ хийж, гүйцэтгэлийг хянаж, хэрэгцээг тодорхойлон сайжруулах боломжтой болно.

IV алхам: Биоаюулгүй байдлын одоогийн чадавх, гүйцэтгэлийг үнэлэх. III, IV үе шатанд улс орны биоаюулгүй байдлын чадавх, гүйцэтгэлийн өнөөгийн байдлыг илрүүлэх ба үүнийг илрүүлэн ойлгосноороо хэрэгцээг үнэн зөвөөр тодорхойлох, орон нутгийн нөхцөл байдлаа бүрэн харж чадавхийг дээшлүүлэх, бэхжүүлэхэд чухал хэрэгтэй юм.

V алхам: Биоаюулгүй байдлын ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлох. Одоогийн чадавхиа үнэлсний дараа биоаюулгүй байдалд оролцогч талууд болон эрх бүхий байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг, маргаан, эрэл хайгуул өрнүүлэх замаар биоаюулгүй байдлын ирээдүйн зорилгоо тодорхойлно. Үүнд аж үйлдвэрийн салбар, эрдэм шинжилгээний эсвэл шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг оролцуулж болно. Энд эдийн засаг, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд учрах биоаюулгүй байдлын эрсдэлийг удирдах үр дүнтэй, нэгдсэн систем бүхий Норвеги, Шинэ Зеланд зэрэг улсын жишээг харж болох юм. “Шинэ Зеландчууд биоаюулгүй байдлын системээ сайтар ойлгодог учраас хилийн шалганаар нэвтрэхээс эхлээд хортон шавьж устгах менежмент нь хүртэл чухал үүрэгтэйгээр ажилладаг тул тэд биоаюулгүй байдалдаа итгэдэг юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

VI алхам: Ирээдүйн зорилгодоо хүрэхэд шаардлагатай чадавхийг тодорхойлох. Үүний тулд хүн, амьтан, ургамлын амь амьдрал, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчныг хамгаалах салбаруудын харилцан хамаарлыг нарийн тодорхойлж тэдгээрийн үйл ажиллагааны давхцлыг багасгаж, давуу тал болон нөөц боломжийг тодорхойлоход анхаарах шаардлагатай. Ингэхдээ аль нь чухал вэ, алийг нь бид хүсч байна вэ гэдгээ ялгах нь гол бөгөөд ингэснээрээ хамгийн чухал гэж үзсэн газар нутаг, нөөц бололцоо, чадавхидаа анхаарлаа хандуулах боломжтой болно.

VII алхам: Тухайн чадавхийг бий болгох хувилбаруудыг боловсруулах. Энэ шатанд хүсч буй биоаюулгүй байдлын нөхцөлдөө хүрэхийн тулд цаг хугацаа, хууль эрх зүй, үр өгөөж, өртөг зардал, нөөц боломжийн хувьд аль үйл ажиллагаа нь илүү үр дүнтэй болохыг тодорхойлж хувилбар боловсруулахыг эрэлхийлэх юм.

Ерөнхийдөө VI, VII алхам нь хэрэгцээгээ оношлох, түүнд дүн шинжилгээ хийх, тохирох хувилбаруудыг боловсруулахад анхаарах юм.  

Ийнхүү чадавхиа үнэлж, хэрэгцээгээ тодорхойлсны дараа засгийн газар тэргүүлэх чиглэлээ тодорхойлж ажлаа зохион байгуулах, байгаа нөөцийнхөө ашиглалтыг сайжруулах, хангагдаагүй хэрэгцээндээ зориулж нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх зэргээр ажиллах юм.

Аюул, эрсдэлийн үнэлгээ

Биоаюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ гэдгийг ерөнхийд нь засгийн газраас оролцогч талуудтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр хяналт тавих арга замуудыг тохиролцно гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл талуудын хууль ёсны үнэт зүйлийг хөндөхгүйгээр бусдын эрүүл мэнд, амь амьдралд эрсдэл учруулж болзошгүй шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурлан тохирох хяналтын арга хэмжээг засгийн газраас хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

Түүнчлэн эрсдэлийн менежментэд үүссэн асуудлын эх үүсвэрийн онцлог болон нөлөөлж болох бусад хүчин зүйлийг тооцсон, асуудлыг хяналтадаа байлгах нарийнаас ерөнхий рүү чиглэсэн түвшин бүхий хамгаалалтын боломжит шийдвэрүүдийг багтаасан байх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үздэг байна.

Эрсдэлийн менежмент, үнэлгээнд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа ч мөн багтана. Урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга нь вирус агуулагдах эх үүсвэр болон вирус тархах горимын талаар шинжлэх ухааны тодорхой мэдлэгтэй байх, түүнтэй маш болгоомжтой харьцах юм. Жишээлбэл сарьсан багваахай бол коронавирусын байгалийн гол эх үүсвэр атал Ази, Африк, далайн олон оронд түүний махыг хүнс болон эмийн түүхий эдэд өргөн ашигладаг. Сарьсан багваахайн махыг хүнсэнд хэрэглэсэнээс үүдэн дэгдсэн гэж үзэж буй ковид-19 цар тахал нь газар зүйн байршил, шашин соёлын онцлогоос үл хамааран дэлхий даяар хурдтай тархаж ихээхэн хохирол учруулж байгаа нь иргэн бүр биоаюулын талаар шинжлэх ухаанч мэдлэгтэй байх, улс орон бүр биоаюулгүй байдлаа хамгаалах, удирдах чадвартай байхыг сануулж байна.

Дүгнэлт

Биоаюулгүй байдлыг бэхжүүлэх, технологийн дэвшлээс үүдэлтэй биологийн эрсдэлийг бууруулах, халдварт өвчний тандалт судалгааг сайжруулах шинэ арга замыг бий болгох, биоаюулгүй байдлыг хэмжигдэхүйц болгон бэхжүүлж түүний доголдол, цоорхойг илрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж мэргэжилтнүүд үзжээ. Энэ нь зөвхөн төр засгийн зүгээс хийх ажил бус үүнд төр, хувийн хэвшилийн байгууллагуудын хамтын оролцоо нэн чухал юм.

Биоаюулгүй байдлыг хангах үндэсний чадавхтай байхын тулд хууль эрх зүй, хэрэгжилт, хяналт мониторингийн хаана нь цоорхой доголдол гарч байгааг илрүүлэх, засах бүх процесс нарийвчилсан деталь үйл ажиллагааны дараалалтай байна. Уг дарааллын дагуу улс орнууд өөрсдийн чадавхиа тодорхойлох нь биоаюулгүй байдлын үед алдаа доголдол гаргахгүй байхад тустай юм.

Дэлхий нийтийг айдаст автуулж, олон тэрбумын эдийн засгийн хохирол учруулаад буй ковид-19 өвчин нь биоаюулгүй байдал ямар чухал болохыг хүн төрөлхтөнд сануулж, аюул учирсан хойно арга хэмжээ авах бус түүнийг үүсгэхгүй байхад анхаарч, урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй, өртөг зардал багатай гэдгийг ойлгуулж байна.  

Эх сурвалж:

https://www.greenfacts.org/en/biosecurity-fao-toolkit/l-2/index.htm

Microsoft Word – EN_Note_1_2010_Biosecurity.doc (who.int)

Biosecurity Threats | Pandemic Threat Awareness | NTI | NTI


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА