Карабахын мөргөлдөөн: Цэрэг-техникийн дүн шинжилгээ

2020-12-24

https://niss.gov.mn/wp-content/uploads/2020/12/1224.png

(Эхлэл)

2020 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилсэн Уулын Карабахын байлдаан (“Карабахын хоёрдугаар дайн”) нь ЗХУ задарснаас хойш пост-зөвлөлтийн орон зайд гарсан хамгийн хөнөөлтэй зэвсэгт мөргөлдөөн боллоо. Сар хагас үргэлжилсэн байлдааны ажиллагааны явцад хоёр талаас 200 цэргийн алба хаагч оролцож, 10 мянга гаруй хүний (ЦАХ, энгийн иргэн) амь эрсэдсэн байна.

Дайтагч хоёр талын зэвсэглэл, техникийн хүчин чадал төдийгүй тактикийн сэтгэлгээний түвшин харилцан адилгүй байсан тул тэгш хэмгүй (асимметрик) дайн боллоо гэж оросын болон өрнөдийн цэргийн шинжээчдийн дүгнэлт үндсэндээ нийлж байна.

“Карабахын хоёрдугаар дайн” нь АНУ-Иракийн 2003 оны дайнтай зарим талаар төстэй байв. Зэвсэглэл, техникийн хувьд Азербайжаны ЗХ нэгээс хоёр үеэр түрүүлж байгаа нь харагдлаа. Армяны арми 1980-аад оны үеийнхээс дорвитой шинэчлэгдээгүй байдалтай дайныг эхлүүлжээ.

Хүчний харьцаа

Хүчний харьцааны тухай ярихын тулд “армяны тал” гэдэгт БН Армян Улсын ЗХ (цаашид “АрмЗХ” гэх)-ээс гадна, түүнээс бүрэн хамааралтай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй “Уулын Карабахын БНУ-ын зэвсэгт хүчин” хэмээх бүлэглэл (цаашид “УКЗХ” гэх)-ийн бие бүрэлдэхүүнийг оролцуулан тооцох нь зүйтэй юм. Дайн эхлэх үед армяны тал “УКЗХ”-ийг 18,5 мянгаас 21,4 мянга болгон өргөтгөн зохион байгуулсан. Үүний 8500 нь Уулын Карабахын оршин суугчид, харин 13 мянга нь Армянаас татагдсан ЦАХ байв. Байлдааны ажиллагаа өрнөх хэрээр нийт 80–100 мянган ЦАХ бүхий арми дэлгэх, ингэхдээ “УКБНУ”-аас 7000-8000 ЦАХ, үлдсэн бие бүрэлдэхүүнийг БНАрмУ-ын иргэдээс татах төлөвлөгөөтэй байлаа. Нэмэлт хүчийг зэвсэг, техникийн хамт Армяны нутгаас авто замаар тасралтгүй  шилжүүлэн байрлуулахад хамгийн багадаа гурван долоо хоног орохоор байв.

Зохион байгуулалтын хувьд, АрмЗХ нь хоёр дивиз, АДХЦ-ийн тусгай командлалаас бүрдэж байсан. Нэгдүгээр шугамын 10-р уулын дивиз (УД) нь мотобуудлагын есөн хороо (МБХ), танкийн бригад, бусад ангиудаас бүрдэж байв. Хоёрдугаар шугамд 18-р мотобуудлагын дивиз (МБД), бүрэлдэхүүнд нь таван уулын хороо, голлон өмнөд чиглэлд байрласан байв.

Ийнхүү дайн эхлэхэд армяны талын дэлгэсэн хоёр дивиз нь хэрэг дээрээ корпусын бүрэлдэхүүнтэй байлаа. Газар орны байдлаас хамааран байлдааны ажиллагааг амжилттай явуулахын тулд дор хаяж гурван дивиз, цаашилбал нөөц нэг дивизийг зохион байгуулах шаардлагатай байсан аж. Тиймээс АрмЗХ-ийг зохион байгууллалт, бие бүрэлдэхүүний нөхөн хангалтын хувьд анхнаасаа сул байсан гэж дүгнэж болно.

Азербайжаны зэвсэгт хүчин (цаашид “АзЗХ” гэх) нь БН Азербайжан Улсын үндсэн нутаг дэвсгэр дээр байрласан ХЗЦ-ийн дөрвөн корпус, Нахичеванийн Автономит БНУ-ын нутагт байрласан нэг корпусаас бүрдэж байв. Эдгээрээс нэгдүгээр шугамын гурван корпусын 15-16 мотобуудлагын бригад (МББр), танкийн болон артиллерийн бригадуудыг давшилтанд оруулах бэлтгэлтэй байлаа. Өөрөөр хэлбэл, Уулын Карабахын нутаг дэвсгэрийн хойд, өмнөд болон төвийн чиглэлээр тус бүр нэг корпусын хүчийг хаях боломжтой байв. Энэ бол армяны талтай харьцуулахад цэргийн зохион байгуулалтын илүү цэгцтэй хэлбэр байсан.

Дайн эхэлмэгц азербайжаны тал хоёрдугаар шугамын дагуу зургаан МББр дэлгэн байрлуулж, бие бүрэлдэхүүнийг нь бэлтгэл үүрэгтнүүдээр нөхөн хангасан байна. Үүний үр дүнд АзЗХ нийт 22 МББр буюу тайван цагийн орон тоогоор 90 мянга орчим ЦАХ, дайны эцэст 150 мянган ЦАХ-ийг байлдааны ажиллагаанд татан оролцуулжээ. Армяны талтай харьцуулахад энэ нь гурав дахин их хүч болов.

Өмнөд чиглэлийн байлдааны ажиллагаа

Дайн эхэлмэгц Уулын Карабахын нутаг дэвсгэрийг өмнө талаар нь хүрээлсэн уулсын бэл, Аракс голын хөндийн дагуу 10-12 км өргөнтэй Горадизын хавцлын чиглэлээр байлдааны ажиллагаа өрнөсөн. Үүгээр баруун зүгт гармагц Геяны тал руу шууд гарна. Ингэснээр азербайжаны тал Армян улс, Уулын Карабахыг холбосон М-12 Горис-Лачин-Степанакерт хоёр урсгалтай засмал замыг хяналтандаа авах зорилгоор хойш эргэж, армяны хүчний ар талаас цохилт өгөх бололцоог олгох байв.

Харин хойд ба төв чиглэлд давших нь азербайжаны талд ашиггүй байв. Хойд талд Тертер голын нарийхан хавцал дундуур гараад мухар буланд тулах төдийгүй энд байх Сарсангийн усан санг армянууд минажуулсан тул энэ чиглэлийн давшилт отолтоор дуусах байлаа.

Төв чиглэлийн давшилт бас л их бэрхшээлтэй. Уулын Карабахын нутаг нь баруун тийш нумарсан хавирган сар хэлбэртэй өндөрлөг бөгөөд зүүн талаасаа өгсөж гарахад огцомдуу төдийгүй гурван талаасаа бүслэгдэх магадлалтай. Энэ чиглэлд “УКЗХ”-ийн гол хүч болон АрмЗХ-ий 10-р УД байрласан. Мөн Уулан Карабахын цэрэг, техникийн гол хангалтыг хийж буй өмнө өгүүлсэн М-12 автозам үүгээр дайран өнгөрнө.

Иймээс азербайжаны тал Уулын Карабах руу хийх гол давшилтаа төв, хойд гэхээсээ илүү өмнөд чиглэлд хийх магадлалтай байсан. Үнэхээр ч  азербайжаны тал гол цохилтыг өмнөд чиглэлд хийв. Үүнийг армяны тал урьдчилан тооцсонгүй, Горадизын хавцалд АрмЗХ-ий ганцхан 9-р МБХ-г АзЗХ-ий 2-р корпусын үндсэн хүчний эсрэг байрлуулсан, өөрөөр хэлбэл гурван бригадын эсрэг ганц хороо амдаж байлдсан нь туйлан хангалтгүй бөгөөд хариуцлагагүй шийдэл байлаа.

АзЗХ тактикийн ийм илт давуу байдалтай байсан ч яарсангүй, Уулын Карабахын нутаг дэвсгэрийг тойрсон “Оганяны шугам”-ын хориглолтыг удаан, бага багаар сэтэлж өдөрт нэг км орчим л урагшилж байлаа. Байлдааны ажиллагааны найм дахь өдөр буюу 10 дугаар сарын 4-нд “Оганяны шугам”-ын хориглолтыг бүрэн буулган авсан. Үүний дараа АзЗХ өмнөд чиглэлээр 2-р корпусыг өргөтгөн 7-8 МББр, танкийн бригад, артиллерийн болон бусад ангиудаас бүрдсэн ерөнхий цэргийн арми болгон зохион байгуулж нэг корпусаар Гадрут-Физули, Мартуни, Красный Базар чиглэлд, мөн нэг корпусын хэмжээний нэгтгэлээр армяны хил рүү давшиж байгаад чиглэл өөрчлөн хойд зүгт Лачин, Шуша зүгт цохилт өгсөн. Нийтдээ өмнөд чиглэлд АзЗХ нийт хүчнийхээ 40–50% болох 60-70 мянган ЦАХ-ийг төвлөрүүлсэн нь шийдвэрлэх үүргийг гүйцэтгэв.

Азербайжаны ложистик илүү сайн, цэргийн ар тал, зам тээврийн зохион байгуулалт давуу талтай байлаа. Байлдааны газар оронтой холбох авто болон төмөр замын нэвтрүүлэх чадвар армяныхаас хэдэнтээ илүү урьдач нөхцөлтэйгээр дайныг эхлүүлсэн. Армяны талд ганцхан М-12 авто зам л БНАрмУ, Уулын Карабахыг бартаагүй холбодог, бусад чиглэлээр өндөр уул даваа давсан чанар муутай орон нутгийн замуудтай. Харин Азербайжаны мэдэлд нам газраар тавьсан хэд хэдэн авто зам, мөн фронтын шугамд тулж очсон хоёр ч мухар төмөр зам, нутгийн зүүн талд үндсэн төмөр зам байгаа нь армяныхаас дор хаяж арав дахин илүү хурдтайгаар цэргийн хүч, зэвсэг, техник татах боломжийг бүрдүүлсэн байв.

Дээр дурдсан нөхцөл байдал Армяны хувьд гэнэтийн биш, 2016 онд гарсан бага оврын зэвсэгт мөргөлдөөнөөр нэгэнт ил болсон байсан, АзЗХ яг Горадизийн хавцлын чиглэлээр Араксын төмөр замын тээврийн боломжийг ашиглан марш үйлдэх бололцоотойг харуулсан ч АрмЗХ-ий удирдлага зохих сургамж авч, бэлтгэл огт хангаагүй нь харагдав. Ийнхүү дайн эхэлмэгц л Армяны тал стратегийн давуу байдлаа алдсан төдийгүй тактикийн алдаануудыг дараалан хийж, ялагдах “болзлоо” хангасан гэж хэлж болно.

Армянд байсан боломжууд

Хүчний харьцаа болон ар тал, хангалтын боломжоор хязгаарлагдмал байсан ч Армяны тал хориглолтын нягт шугамуудыг зөв зохион байгуулсан бол Уулын Карабахыг бүслэлтэд оруулалгүй авч үлдэх боломж байсан. Хориглолтын нормативаар нэг дивизэд ногдох 40–50 км-ээр тооцвол, нэгдүгээр шугамд 4-5 дивиз (40–50 мянган ЦАХ) хаях шаардлагатай. Ажиллагааны газар орон дээр үүнээс гурван дивиз (30 мянган ЦАХ) хэдийнээ байсныг тооцвол маршийг хоёр, гурван хоногийн дотор үйлдэх боломжтой. Ложистикийн сул талаас шалтгаалан зэвсэг, техникийн тээвэрлэлт удаашрах тул эдгээрийг урьдчилан театр дээр байрлуулж, цэргийн хүчийг “хөнгөнөөр” нь буюу дангаар нь аваачиж байрлуулах хувилбар байдаг. Ийм бэлтгэлийг Армяны улс төрийн болон цэргийн удирдлага огт хангаагүй.

Армяны тал Уулын Карабахын өөрийнх нь нөөцийг бүрэн дайчлаагүй, өөрөөр хэлбэл “УКЗХ”-ийг ч  дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулаагүй. Мөн цэргийн холбоо, радио-электрон тагнуул нэн сул байсныг ерөнхий сайд Н.Пашинян ч хүлээн зөвшөөрсөн (Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага буюу ОДКБ-ын гишүүн улсуудын төр, засгийн тэргүүн нарын цахим хуралдааны үеэр ОХУ-аас нийлүүлсэн энэ төрлийн байлдааны техник үүргээ гүйцэтгээгүй гэж гомдол мэдүүлсэн). Мөн тэрээр гал зогсоох хэлэлцээр байгуулсны дараа мэдэгдэхдээ, Шуша хотын орчимд 20–30 мянган ЦАХ бүслэлтэд орох аюул тулгараад байсан гэж дурдсан. “УКЗХ”-ий хорлон сүйтгэх ангиудыг оролцуулаад АрмЗХ дайны төгсгөл гэхэд 50 мянган ЦАХ-ийн бодит хүчтэй байсан хэдий ч харилцаа холбооны догдолдлоос шалтгаалан ажиллагааг уялдуулж чадаагүй. Үүний зэрэгцээ БНАрмУ-ын өөрийн нутаг дэвсгэрт, Горис, Хачахбюрт байрлах ХЗЦ-ийн 1, 2-р корпус мөн 40–50 мянган ЦАХ-ийн хүн хүчтэй байсан боловч Уулын Карабахт шилжин байрлаагүй, өөрөөр хэлбэл, хил давж Азербайжаны нутагт өрнөж байсан байлдааны ажиллагаанд тэр бүр шууд оролцоогүй, зөвхөн дэмжлэг үзүүлж байсан. Энэ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу БНАзУ-ын нутаг дэвсгэрт илт хүчээр түрэмгийлэл үйлдээгүй гэж харагдах гэсэн Армяны улс төрийн удирдлагын шийдвэр байсан бололтой. Энэ хэмжээний хүчийг дайнд бүрэн татан оролцуулах боломжийг бас алдсан байна.

Гэхдээ 10 дугаар сарын 20-ноос хойш АрмЗХ-ий ХЗЦ-ийн 1, 2-р корпус байлдааны ажиллагаанд шууд оролцох ямар ч боломжгүй болсныг дурдах хэрэгтэй. Учир нь энэ үед АзЗХ улсын хил рүү шууд тулж ирсэн тул нисэгчгүй нисэх аппарат (ННА), артиллерийн галын шугамд байрлах болсон. Тиймээс дурдсан хугацаанаас хойш нэмэлт 40-50 мянган армян цэргийг фронт руу шилжүүлэн байрлуулах бодит боломж байгаагүй. Дөрвөн МБД-ийг М-12 авто замаар шилжүүлэн байрлуулах нь дээр өгүүлсэн эрсдэлтэй, уулын бартаатай замаар шилжүүлэн байруулахад зэвсэг, техникийн хамт марш үйлдэх боломжгүй бөгөөд асар их хугацаа орох, тэр хэмжээгээр азербайжаны талын отолтонд амархан орохоор байв. Арай илүү боломжтой хувилбар нь хойд чиглэлийн М-11 замыг ашиглаж болох боловч өнгөлөн далдлалтыг сайтар боловсруулж гүйцэтгэх ёстой байсан, гэвч тийм бэлтгэлийг армяны тал огт хангаагүй байлаа.

10 дугаар сарын 20-нд Шуша хотыг АзЗХ эзлэн авч, Горис-Лачин-Степанакерт чиглэлийн М-12 авто замд хяналтаа тогтоосноос хойш ч “УКЗХ”-ий эсэргүүцэл үзүүлэх, партизаны дайнд шилжих нөөц бололцоо бүрэн шавхагдаагүй байв. Азербайжаны цэргүүд уулын хяр дамнан Шуша хотыг бүслэлтэд авах манёврын явцад ихэд туйлдсан, армяны галд амархан өртөхүйц ил байрлалд гарч ирсэн. АрмЗХ, “УКЗХ” М-12-оос Красный Базар тийш салаалсан замыг хянасаар байв. Ийм тохиолдолд хориглолтын бэхэлсэн районууд байгуулж, голомтот эсэргүүцэл үзүүлэх боломж байсан ч улс төрийн болон цэргийн дээд удирдлагын шийдвэр оройтсоор гал зогсоох хэлэлцээрт хүрсэн юм.

Хохирол

Хүн хүчний хохирлыг харьцуулахад, ойролцоо боловч армяны талын хохирол эзэлж буй хувиараа илүү байна. Нийт 4750 хүн (ЦАХ, энгийн иргэд нийлсэн) амь эрсэдсэн, 20–25 мянган хүн шархадсан ба 100 орчим хүн олзлогдсон бөгөөд дүндээ 50 мянган ЦАХ дайчилснаас 25–30 мянга нь жагсаалаас гарсан буюу 30–40%-ийн хохирол амсчээ.

Азербайжаны хохирол тоон үзүүлэлтээр ойролцоо, 4000–4500 хүн амь эрсэдсэн, эдгээрийн ихэнх нь дайны эхний шатанд Оганяны шугамын хориглолтыг сэтлэх явцад учирсан байдаг. Харин хохирлын хувь хэмжээ армяныхтай харьцуулахад хамаагүй бага, 150 мянгаас 15-20%-ийг эзэлж байна.

Дүгнэлт – хүчний харьцаа

“Карабахын хоёрдугаар дайн” хэмээн нэрлэгдсэн зэвсэгт мөргөлдөөний үр дүнд нөлөөлсөн гурван хүчин зүйл нь нэгд, хүчний харьцааны илт давуу байдал, хоёрт, АзЗХ-ий дээд командлалын бэлэн байдал, тооцоо, судалгаа, тактикийн стандарт бус шийдвэрүүд, гуравт, зэвсэглэл, техник, ар тал, ложистикийн давуу байдал болно. Үүнээс хамгийн эхний хүчин зүйл болох цэргийн хүчний давуу байдлын хувьд азербайжаны тал армяны тал (үүнд БНАрмУ болон Уулын Карабахын ЦАХ-дыг нийлүүлж тооцно)-аас даруй гурав дахин илүү хүчээр дайтсан нь 1991 оны Персийн булангийн дайны АНУ-Иракийн хүчний харьцаатай үндсэндээ дүйж байна. Энэ бол “К.Пауэллын номлол” хэмээх, байлдааны ажиллагаа явуулахын тулд “дайснаас илт давуу хүчний харьцаатай байх” болзлыг Азербайжаны улс төр, цэргийн дээд удирдлага сайтар баримталж, 26 жилийн турш бэлтгэл сайтар хангасныг харуулна. Зэвсэглэл, техникийн болон тактикийн шийдлийн ялгааг дараагийн дугаарт өгүүлэх болно.


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА