Өмнө нь улс улстайгаа дайтдаг байсан бол сүлжээний эрин үед нэг хүн бүхэл бүтэн гүрэнтэй дайтдаг болжээ
Мэдээллийн орон зайн хөгжлийн түвшин нь нийгэм улс төр, эдийн засаг, соёл-үзэл сурталд хүчтэй нөлөөлж байна. Мэдээллийн дайныг өнөөдөр дэлхийн тэргүүлэгч олонх орон гадаад, дотоод улс төрийн зорилгод хүрэх хамгийн үр дүнтэй, олон талт хэрэгсэл гэж үзэн, эрчимтэйгээр хэрэгжүүлж байна.
Мэдээллийн дайны үйл явц ойрх түүхэнд. Хүн төрөлхтөн аливаа зүйлсийг мэдээ мэдээлэл, түүний дэмжлэггүйгээр хийж болохгүйг мэдэрсэн цагаас л мэдээллийн зэвсгийг ашиглах болсон гэдэг.
Чингис хаан тухайн үедээ дайснаа сэтгэл зүйн хувьд дарахын тулд мэдээллийг чадамгай ашигласан байдаг. Чингис хаан мэдээлэл цуглуулахаас гадна дайсныг айлган сүрдүүлэх, сэтгэл санааг эзэмдэх, өөрт ашигтай мэдээлэл тэдэнд түгээх зэрэг аргыг хэрэглэж байсан нь дэлхийн талыг байлдан дагуулж, ялалт байгуулах үндэслэл болсон хэмээн цэргийн судлаачид тэмдэглэдэг.
Америкийн БХЯ “мэдээллийн дайн” гэсэн албан ёсны баримт бичгийг 1992 онд гаргаж ирсэн гэх боловч энэ нь анхдагч биш бололтой. Эртний мэргэд мэдээллийн тэмцэлд техник болон сэтгэл зүйн үнэ цэнийг мэдэрч байсан төдийгүй “хэн мэдээлэлтэй нь дэлхийг захирана” хэмээн номлодог байжээ. Иймээс мэдээллийн дайн нь эрт цаг үеэс улбаатай байсан гэж үзэж болох ба энэхүү ойлголт аажмаар олон нийтэд өргөн утгаараа ил тод болж, технологийн хувьд улам боловсронгуй, аюултай, давшингуй болжээ.
Америкийн зэвсэгт хүчин Иракийн эсрэг “цөлийн шуурга” цэргийн ажиллагааг 1991 онд явуулахдаа зэвсэг, техникээс гадна мэдээллийн дайны технологийг туршсан гэж судлаачид тэмдэглэдэг.
Иракчууд мэдээллийн дайны мөн чанар, агуулга, арга хэлбэрийн талаар ямар ч ойлголтгүй байсан бөгөөд дайны эхэн үеэс л мэдээллийн боолчлолд автагдсан ба тэдний төлөө хэн ч үг дуугарч тэмцэл явуулаагүй. Иракийн стратегийн холбоотон улс орон ираны түрэмгийлэлтэй тэмцэж байгаа гэсэн ойлголттой байсан бөгөөд америкийн Кувейт дахь ашиг сонирхлыг харж чадаагүй байсан. Мэдээллийн боолчлол нь Иракийн хувьд олон улсын тусгаарлал, бүслэлтэд хүргэсэн юм. Мөн Югослав (хуучин нэрээр), Чеченьд болсон ажиллагаа мэдээллийн дайны загвараар явуулснаар харагдаж байна.
Мэдээллийн операци. АНУ-д мэдээллийн дайн гэсэн үгийг мэдээллийн операци гэсэн утгаар сольж байна. Энэхүү сольсон нь мэдээллийн системээ хамгаалахын зэрэгцээ дайсны мэдээллийн системд нөлөөлөх гэсэн оролдлого юм. Мэдээллийн операци нь радиоэлектрон, сэтгэл зүй цахим сүлжээ, тагнуулын өнгөлөн далдалт, аюулгүй байдлыг хангах зэрэг хэлбэрт хуваана. Мэдээллийн дайнд ялахын тулд эхлээд кибер орон зайд ноёрхох хэрэгтэй гэсэн үзэл санаа давамгайлдаг. Уг орон зайн төлөөх тэмцэл ирээдүйд улам хурц болох магадлалтай. Энэ бол улс орнууд технологийн дэвшил, цэрэг дайны чадвар, ард түмнийхээ мэдээллийн боловсрол зэрэгт бүх хүчээ дайчлан тулалдах нь дамжиггүй.
Зорилтот мэдээллийг сэтгэл зүйн хувьд дарамт үзүүлэх хамгийн хүчтэй зэвсэг гэж үздэг. Мэдээллийн орон зай тэлэх тусам шинэ төрлийн зэвсгүүд тухайлбал, радио, телевиз, компьютер, гар утас болон ухаалаг техник хэрэгслүүд зэрэг бий болсон. Эдгээр зэвсгийн сэтгэл зүйн нөлөөлөх чадвар болон нураах хүчин чадлыг нь цөмийн зэвсгээс ч илүүтэй зүйрлэдэг. Цөмийн зэвсгийн учруулах хохирол бүс нутгийн шинжтэй. Харин мэдээллийн болон сүлжээний дайн улс орныг тэр чигт нь өвдөг сөхрүүлж чадах бөгөөд тэр ч байтугай дэлхий ертөнцөд эмх замбараагүй байдал бий болгож мэднэ. Энэ талаар улс төр цэргийн судлаач А.Храмчихин: электрон бөмбөг бол дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхлэн цэрэг дайны ажиллагаанд хэрэглэж байсан түүхтэй байна. Иракт гэхэд л радиоэлектрон хэрэгслийг тус улсын агаарын довтолгооноос хамгаалах системийг устгахад ашигласан гэж цохон тэмдэглэсэн байдаг.
“Гибрид” буюу “хосолмол” дайн. Кибердайн болон сүлжээний дайн хоорондоо ялгаатай. Мэдээллийн дайн нь “дайсанд” сэтгэлзүйн хувьд нөлөөлөхөд чиглэгдсэн иж бүрэн ажиллагаа гэдэг. Харин кибердайн бол зөвхөн эсрэг талынхаа компьютерийн сүлжээнд нөлөөлөх зэвсэг юм. Иймээс кибердайн нь мэдээллийн дайны нэг хэсэг гэж харж болно. Кибердовтолгоо нь бол хөгжингүй улс орнууд руу чиглэгдсэн зэвсэг гэж цэргийн судлаачид үздэг. Энэ довтолгооны онцлог нь хэн нь довтолсныг нотлох боломжгүйд оршиж байгаа юм. Кибердайн, кибертагнуул бол “гибрид” дайны чухал зэвсэг болдог. Кибердовтолгоо нь янз бүрийн мөн чанартай байдаг. Үүнд:
- Вандализм
- Кибертагнуул ба мэдээлэл цуглуулах
- Суртал ухуулга
- Компьютерийн хэвийн ажиллагааг тасалдуулах, эвдэхэд чиглэсэн кибердовтолгоо
- Томоохон хот, онц чухал объект, үйлдвэрийн газруудын дэд бүтцийг нураах, тээвэр холбооны үйл ажиллагааг тасалдуулахад чиглэсэн халдлага зэрэг болно.
Вандализм нь интернет-хуудас, сайт, мэдээллийг устгах эвдэхэд чиглэсэн кибердовтолгоо гэж ойлгож болно. Сүүлийн үед вандализм ба суртал ухуулга нь мэдээллийн дайны үр дүнтэй хэлбэр болсон гэж үздэг. Мөн сүүлийн арван жилд гарсан өнгөт хувьсгалын жишээнээс харахад интернет, нийгмийн сүлжээ бол сэтгэлзүйн дайны чухал хэрэгсэл болжээ.
Сүлжээний дайн
Эдвард Сноудены хэрэг болон Америкчууд Европын улс төрчдийн утасны яриаг сонсдог байсан нь олонд ил болсноос хойш мэдээллийн хийгээд сүлжээний аюулгүй байдал дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон. Олон орон, түүний дотор АНУ, Өмнөд Солонгос кибер командлал нэртэй системийг боловсронгуй болгосоор байгаа нь дэлхийн улс гүрнүүдийн санааг түгшээх болов.
Сүлжээний дайны онцлог нь тухайн орны газар нутгийг эзлэн авах технологи ажээ. Сүлжээний ажиллагааны онцлог нь ихэнх тохилдолд ердийн зэвсгийн оронд хэрэглэгддэг байна. Энэ ажиллагааны нэг төрөл нь “өнгөт хувьсгал” юм. АНУ өнөөдөр сүлжээний дайн явуулж байгаа гол орон болж байна.
1980-аад оны сүүлчээр америкийн судлаач (Хүчирхийллийн бус тэмцлийн аргын онолыг үндэслэгчдийн төлөөлөл) Жин Шарп: “диктатураас ардчилалд хүрэх уриан доор Югославыг задлан нураасан ба мөн 2000 оны дунд үеэс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнууд задарч тусгаар тогтнолоо сэргээхэд сүлжээний энэ технологийг хэрэглэснээр тодорхой харагдаж байна” гэжээ.
Хятадын Инженерын академийн гишүүн, Мэдээллийн технологийн их сургуулийн захирал, хошууч генерал У Жяншин: …“Мэдээллийн болон сүлжээний дайнд газар нутгийн хэмжээ саад болохгүй. Тухайлбал тухайн орны харилцаа холбооны системийн ажил зогсож, санхүүгийн салбар хөл толгойгоо олохоо болино. Дагаад эдийн засаг зогсонги байдалд орно. Нийгэм даяараа бужигнаж эхлэхээр төр юу ч хийж чадахгүй. Нэг цөмийн бөмбөг ийм хохирол учруулахгүй … Сүлжээний тухай яриа гарахаар л төрийн аюулгүй байдал, ашиг сонирхлын асуудал гарч ирдэг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт нийгэм сүлжээний эрин үед шилжиж хүмүүсийн амьдрал сүлжээ болон элдвийн “ухаалаг” төхөөрөмжөөс хараат болж ирлээ. Хоёрдугаарт хакерууд, ТББ-ууд вирусын халдлага зохион байгуулдаг учраас хэрэглэгчдийн түвшинд тэдний хувийн мэдээлэл, байгууллагын түвшинд арилжааны нууцлалыг задруулах аюултай. Цаашлаад төрийн болоод цэргийн нууц алдагдах эрсдэлтэй. Гуравдугаарт хэрэглэгчдийн хувийн мэдээлэл нэг ёсны бүтээгдэхүүн болж, эрэлттэй байдаг боллоо. Дөрөвдүгээрт олон улсын түвшинд авч үзвэл зарим улс тусгай бодлоготойгоор мэдээллийн дайны технологийг дэмждэг” хэмээн хятадын ‘Ляован дунфан жоукань’ сонинд ярилцлага өгчээ.
Сүлжээний стратеги. Сүлжээний стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь дайсагнасан бүлэг, хэсэг хүмүүсийг хооронд нь “уралцуулах”, өдөөн хатгах, мөргөлдүүлэх зэрэг хүчирхийллийн ажиллагааг явуулахад оршдог юм. Сүлжээний дайн ердийн дайнаас ялгаатай нь хүн төрлөхтний хөгжлийн гурван үе шаттай холбоотой гэж эрдэмтэд үздэг. Энэхүү гурван үе шатанд тохирсон нийгмийн гурван формац байдаг ажээ. Үүнд: премодерн, модерн ба постмодерн болно. Иймээс сүлжээ бол постмодерний мэдээллийг дамжуулах орчин ба түүний арга юм. Өнөөдөр ОХУ-д аюлгүй байдлын тайван, тогтвортой орчин бий болсон нь “цөмийн бамбай”-тай болсон үеэс уламжлагдаж ирсэнтэй шууд холбоотой. ОХУ-д бага ч гэсэн цөмийн хүчин чадал байгаа цагт цөмийн сөргөлдөөнт байдлыг америкчууд бий болгож чадаагүй байгаа нь орчин цагийн түүхийн үйл явцаас харагдаж байгаа юм.
Геополитикийн орон зайнд зарим үед чанараасаа үл хамааран тухайн бүс нутгийн байгалийн баялаг нөөц нь их гүрнүүдийн “дур сонирхол”-ыг хөдөлгөхөд хүчтэй хүчин зүйлс болсон. АНУ-ын зорилго нь агуу том орон зайг хэсэгчлэн хувааж, жижиг хэсэг болгоход чиглэгджээ. Ийм нөхцөлд үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа, хүйтэн дайн, оюун санаа, ёс суртахууны хагарал, эдийн засгийн хориг арга хэмжээ, цэргийн шууд занал зэрэг аргыг дэлхийн нөлөө бүхий тоглогч улс орнууд хэрэглэдэг билээ. Харин сүлжээний дайны арга нь дээр дурьдсан аргуудын дунд дахь байр суурь эзлэж байна.
Сүлжээний дайн ба мэдээллийн урсгал. Сүлжээ бол шаардлагатай дохиог илгээх цонх юм. Сүлжээг бий болгох, хэрэгжүүлэх, амьдруулах таатай орчин нь мэдээллийн нийгэм гэдэг. Өнөөдөр газар болгонд сүлжээг хэрэглэж байгаа тул бодит зүйл болжээ. Гэхдээ сүлжээ бол ямар ч тохиолдолд шууд хэлбэрээр цацагддаггүй байна. Сүлжээний дайн сүлжээ байгаа газар, орчинд явагддаг. Энэ нь мэдээллийн орон зайд хэрэгжих боломжтой гэсэн үг юм. Тухайлбал, Сүлжээний орон зай дайны ажиллагааны шинэ хэмжүүр болно гэж үзэж байна. Далай тэнгис, хуурай газар, агаарт, сансарт, сүлжээнд гэсэн үндсэн таван орон зайд аливаа дайн явагдана. Гэхдээ сүлжээний технологи хаана ч, хэзээ ч, тодруулбал тагнах, дайрах, хамгаалах зэрэг байлдааны ажиллагааны бүх үе шатанд ашиглагдах болно. Иймээс л мэдээллийн чанар чухал үүрэгтэй.
Мэдээлэл бол хүмүүсийн интернет болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээс авч буй “хог” мэдээ биш. Иймээс мэдээллийг байнга нэмэгдүүлэх, урсгалыг хүчтэй болгохын тулд таатай нөхцөл орчинг бий болгодог. Сүлжээний үнэ цэнэ нь тухайн цацагдсан мэдээг ашиглаж болдогт оршино. Иймд асар их “хог” мэдээллийн урсгал дунд сүлжээний ажиллагаа ил хэлбэрээр явагдаж байна. АНУ мэдээллийн үйлдвэрлэгч гол орны нэг бөгөөд тухайн үедээ хэрэгцээтэй нөлөөлөх мэдээллийг хүмүүсийн оюун санаа, тархинд суулгаж өгдөг. Сүлжээнд ямар ч нөхцөл байдал тохирдог тул хэрэгцээтэй нөхцөлийг ашиглан үнэ цэнтэй мэдээллийг цацах нь чухал байна.
Сүлжээний бүтэц. Нэгдсэн нийтлэг стратегид чиглэсэн, чанартай, зөв зохион байгуулагдсан сүлжээгээр тусгайлан бэлтгэсэн шаардлагатай мэдээг хүргэдэг. Сүлжээний код нь нэгд, сүлжээний явцад бий болсон, хоёрт, хиймэл аргаар бүтээсэн байдаг. Сүлжээ бол олон нийтийн байгууллага, янз бүрийн сан, улс төрийн нам хөдөлгөөн хэвлэл мэдээлэл болон сэтгүүлийн редакциар дамжигдан бодит байдалд хүрдэг. Жишээ нь тухайн үедээ Чеченьд явуулсан америкийн сүлжээний ажиллагааг дурьдаж болно. Мөн английн санхүү бизнесийн олигарахууд тус нутгийн газрын тосны орд газрыг эзэмшихийн тулд асар их хэмжээний хөрөнгө оруулсан байдаг. Мөн Саудын Араб нь Чеченьд лалын ваххабит үзэл санааг дэлгэрүүлэхийг санаархаж байсан. Тухайн үед тус нутагт америкийн санхүүжилт нэвтрээгүй гэж ярьдаг боловч Орос оронг сүйрэлд хүргэх нь америкийн геополитикийн зорилго байсан юм.
Сүлжээний шинж тэмдэг. Сүлжээг нэг цэгээс удирддаггүй боловч удирдагчийн үзэл санаа сүлжээнд байнга “оршиж” байдаг. Сүлжээний оролцогчид нь гол зорилгоо ойлгон авахдаа түүнийг хэрэгжүүлэхэд өөрсдийн аргыг хэрэглэдэг байна. Тэд аливаа зорилгыг шууд хэрэгжүүлэх үүрэг даалгавар хүлээдэггүй юм. Сүлжээ нь зөвхөн контенттэй л харьцдаг. Сүлжээний ажиллагаа нь аливаа үйл явдлыг оргилуун цэг хүртэл хүргэхэд оршдог. Сүлжээний ажиллагааны бодит жишээ нь “өнгөт” хувьсгал юм. Гүрж, Киргыз, Украинд “өнгөт” хувьсгал гарсан. Харин Азербайжан, Узбекистанд тухайн үеийн дэглэмийг сүлжээний аргаар устгахыг оролдсон. ОХУ-д засгийн эрх 2007-2008 онд солигдох үед америкчууд сүлжээний ажиллагааг хэрэгжүүлэхээр бэлтгэж байв. Барууны өргөн хүрээтэй сүлжээ Б.Ельцины үед нэвтэрч байсан бөгөөд харин В.Путины үед нуугдмал байдалд орсон. В.Путин хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч Ксения Собчакийн асуусан асуултад “оросын ард түмэн гудамжаар олон Саакашвили (Гүржийн ерөнхийлөгч асан) гүйлдэхийг хүсэхгүй байх гэж бодож байна. Бид ийм байдалд улс орноо хүргэхгүй” гэж хариулсан нь оросын удирдагчийн байр суурь тодорхой харагдаж байна. Сүлжээний ажиллагаа явуулахад хямралт үе болон дайны нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй. Тухайн үеийн дэлхийн санхүүгийн хямралт байдлыг ОХУ-ын эсрэг ашиглан АНУ сүлжээний стратегиа хэрэгжүүлсэн тал бий.
Сүлжээний дайн бол мөргөлдөөний онцгой хэлбэр мөн. Нэгдүгээрт сүлжээний дайн бол чимээгүй дайн бөгөөд энхийн болон дайны үе гэж байдаггүй. Хоёрдугаарт өрсөлдөгч тэс өөр. Энэ бол хувь хүн улс оронтой, нийгэмтэй, эсвэл бүлэглэлүүд улс оронтой, мөн улс орнууд хоорондоо хийх тэмцэл юм. Дайнд оролцогч нь улс орон, ТББ-ын аль нь ч байж болно.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Кибер орон зайн “Том Дөрөв”Дараах нийтлэл
Карабахын мөргөлдөөн: Цэрэг-техникийн дүн шинжилгээСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02