Нэг сар хүрэхгүй хугацааны дараа дэлхийн их гүрэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Тус улсын ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос олон улсын үйл амьдралын нилээд их зүйлс шалтгаалдаг. Өнгөрсөн долоо хоногт хоёр нэр дэвшигчийн анхны мэтгэлцээн болсон ба хоёр өрсөлдөгч сонгууль хүртэл нийтдээ 3 удаа мэтгэлцэх юм.
Хоёр нэр дэвшигчийн саналын хувийг харахад 6 сарын 2-ноос хойш Д.Трампын саналын хувь бага зэрэг өссөн ч Ж.Байденг гүйцэхгүй хэвээр байгаа ба сонгууль хүртэл энэ хэвээр байвал Д.Трамп цагаан ордонд хэвээр үлдэж чадахгүй болов уу. Гэвч санал асуулгын дүнд бүрэн итгэж болохгүй гэдгийг 2016 оны сонгууль харуулсан билээ.
CBS News сувгаар явуулсан YouGov-ийн судалгаанаас харвал санал асуулгад оролцсон сонгогчдын зөвхөн 3% нь л хоёр нэр дэвшигчийн хэнд нь санал өгөхөө шийдээгүй байгаа бол 86% нь бодлоо өөрчлөхгүй гэдэгтээ итгэлтэй, 11% нь бодлоо өөрчилж магадгүй эргэлзээтэй байна гэжээ. Гэхдээ мэдээж сонгогчдын сонгуульд оролцох идэвх, хүсэл эрмэлзэл зэргээс хамааран энэ дүн өөрчлөгдөх магадлалтай.
CBS/YouGov-ийн явуулсан өөр нэг санал асуулгаас харвал Д.Трампыг дэмжигчдийн 73% нь түүнийг дахин ерөнхийлөгч болгохын тулд дэмжиж байгаа бол 18% нь Ж.Байденыг эсэргүүцсэндээ Д.Трампыг дэмжиж байгаа гэжээ. Харин эсэргээрээ Ж.Байденыг дэмжигчдийн ердөө 32% нь түүнийг ерөнхийлөгч болгохоор дэмжиж байгаа бол 49% Д.Трампыг эсэргүүцэхийн тулд Ж.Байденыг дэмжиж байна гэжээ.
Pew судалгааны төвийн хийсэн санал асуулгаас харахад оролцогчдын 50-60% нь сонголт хийхэд хүнд байна гэж хариулжээ. Мөн санал асуулгад оролцогчдын 23% нь Д.Трампыг манлайлах ур чадвар бүхий, ерөнхийлөгч байвал зохих хүн гэж үзэж байхад Ж.Байденыг 19% нь л ийн үнэлжээ. Мөн улсын эдийн засгийн үзүүлэлт сонгогчдын сонголтонд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл болох нь судалгаанаас харагдаж байна.
Сонгогчдын дийлэнх олонх буюу 79% нь хэнд саналаа өгөхөө шийдэхэд эдийн засгийн байдал маш чухал ач холбогдолтой гэсэн бол 68% нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, 64% нь дээд шүүхийн томилгоо, 62% нь коронавирусын эсрэг авч буй арга хэмжээг нэрлэжээ.
Эдийн засаг
Ковид-19 цар тахлын улмаас АНУ-ын эдийн засаг 1929-1941 оны хооронд үргэлжилсэн Их Хямралаас хойших хамгийн том хямралтай нүүр тулаад байгаа нь тус улсын ДНБ-ний хэмжээ энэ оны эхний улиралд 32,9% болсон буюу засгийн газраас ДНБ-ийг бүртгэж эхэлсэн 1947 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн, 2020 оны II улирлын байдлаар ажилгүйчүүдийн тоо 30,2 сая буюу хүн амын бараг 10 орчим хувьд хүрсэн зэргээс тод харагдана. Тус улсын ДНБ-ий тайланд эхний улиралд нийгмийн халамжид зарцуулсан мөнгөн дүн 157,8 тэрбум доллар байсан бол хоёрдугаар улиралд энэ дүн 1,53 их наяд доллар болж эрс өсчээ.
Эхний улиралд иргэдийн хадгаламж 4,69 их наяд доллар болж огцом өссөн ба хоёрдугаар улиралд АНУ-ын эдийн засгийн 2/3-с илүү хувийг бүрдүүлдэг иргэдийн худалдан авалтын хэмжээ 34,6%-иар буурчээ. Бизнесийн хөрөнгө оруулалт 27%-иар буурч, газрын тосны үнэ унаж, занарын тосны олборлолт огцом буурчээ.
Ийм өргөн цар хүрээг хамарсан эдийн засгийн хямрал урьд өмнө тохиолдож байгаагүй ба ковид-19 тахал нь эрэлт, нийлүүлэлт, санхүүгийн шокийг нэгэн зэрэг үүсгэж байна.
Д.Трамп АНУ-ын эдийн засаг өөрийнх нь засаг захиргааны үед түүхэндээ байгаагүй өсөлттэй байгаа хэмээн байнга мэдэгдэж байдаг. Гэвч АНУ-ын ДНБ-ий хэмжээ нь 2008-2009 оны эдийн засгийн хямралын дараа ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргааны үе болох 2010 ба 2015 онд ч одоогийнхоос өндөр байсныг статистикаас харж болно.
Харин санхүүгийн зах зээл, ялангуяа АНУ-ын томоохон 30 компаний хувьцааг арилждаг Dow Jones-н индекс ихээхэн өссөн. Dow Jones-н индекс ийнхүү маш өндөр байгаа нь Д.Трампын корпорациудын татварыг бууруулсан, хүнд суртлыг багасгасан, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын талаарх амлалтууд зэргийн үр дүн хэмээн түүнийг дэмжигчид үздэг.
Dow Jones-н индексийн энэхүү өсөлтөөс харахад Д.Трампын бодлого нь корпорациудын удирдлага, хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолыг илүүтэй дэмжиж, жирийн ажилчин, иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлэхгүй байна гэдэг шүүмжлэл оргүй биш болох нь харагдана.
Мөн Д.Трампын үзэж байгаагаар ажилгүйдлийн түвшин сүүлийн 50 жилийн хамгийн бага хэмжээнд хүрсэн гэдэг ч зарим эдийн засагчид үүнийг Б.Обамагийн засаглалын сүүлийн саруудад хийсэн ажлын үр дүн гэж үздэг.
Ямартаа ч Д.Трампын өөрийнх нь ярьж буй өндөр үзүүлэлтүүдийг ковид-19 цар тахал юу ч үгүй унагалаа.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төгс систем одоохондоо дэлхийн аль ч улсад байхгүй.
Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад хамаагүй их буюу жилийн ДНБ-ийхээ 17% болох 3,6 их наяд долларыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ зориулдаг АНУ-ын эрүүл мэндийн тогтолцооны гажигийг цар тахал илрүүллээ гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Маш их хөрөнгийг эрүүл мэндийн үйлчилгээндээ зарцуулдаг, дэлхийн хамгийн чинээлэг орон цар тахлын тархалт болон нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж, эмнэлэгүүд нь хамгаалах хувцасны дутагдалд орж, ариутгалын бодисоо худалдаж авч дийлэхгүй өөрсдөө хийж байгаа нь энэ улсын эрүүл мэндийн системийн гажуудал, тэгш бус, уялдаа холбоогүй байдалтай холбоотой гэх шүүмжлэл ихээр гарч байна.
Шүдний эмчилгээ, төлөвлөгөөт мэс засал зэрэг орлого олдог эрүүл мэндийн үйлчилгээнүүд зогссоноор эмнэлэгүүдийн орлого огцом буурч, зарим эмнэлэгүүд эмч, ажилчидынхаа цалинг олгох боломжгүйд хүрч байна.
Холбооны Улсын засгийн газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын тодорхой хувийг санхүүжүүлдэг боловч энэ нь ахмад настан болон эмзэг бүлгийн эрүүл мэндийн даатгалд зориулагддаг байна. Шаардлагатай үлдсэн хөрөнгийг эмнэлэгүүд хувийн даатгалаас болон бусад эх үүсвэрээс олдог.
2014-2019 оны хооронд АНУ-ын хүн амын 12-16 хувь нь эрүүл мэндийн даатгал төлөөгүй гэсэн тооцоо байдаг ба ажилгүйдлийн улмаас энэ тоо улам бүр өсөж байна.
Цар тахлын энэ үед АНУ-ын эрүүл мэндийн салбарын гол шүүмжлэлд өртөж буй тал нь улсын хэмжээнд нэгдсэн нэг бодлого, уялдаа холбоо байхгүй, эмнэлэгүүд төлбөртэй үйлчилгээнээс хөрөнгө босгож өөрсдийгөө санхүүжүүлдэг байсан нь зогсож зөвхөн ковид-19-н халдвартай өвчтөнд үйлчлэх болсоноор эмч, ажилтнуудынхаа цалин хөлс, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэргийг худалдан авч, өвчтөнд үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм.
Холбооны Улсын засгийн газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулж буй 3,6 их наяд долларын дийлэнх нь инновац, шинэ эм, технологи гаргаж авах, нэвтрүүлэх, эмчийн үзлэгийн хөлс, эмнэлэгийн тоног төхөөрөмж зэрэг нэн чухал бус зүйлст зарцуулагддаг ба үлдсэн бага хэсэг нь яг шаардлагатай өвчтний эмчилгээнд зарцуулагдаж байна гэж олон нийт шүүмжилж байна.
Obamacare хэмээн нэрлэгддэг өмнөх ерөнхийлөгч Б.Обамагийн хэрэгжүүлсэн эрүүл мэндийн тусламжийн тухай хууль нь 1960-аад оноос хойш АНУ-ын эрүүл мэндийн системд хийгдсэн хамгийн том шинэчлэл болсон боловч Д.Трамп үүнийг цуцалснаараа том алдаа хийжээ гэж судлаачид үзэж байна.
Дээд шүүхийн шүүгчийн томилгоо
АНУ-ын дээд шүүхийн шүүгчийн бүх насаараа хаших албан тушаалд томилогдсон 9 шүүгчийн нэг болох Рут Гинзбург нас барсанаар Д.Трамп дахин нэг шүүгчийг томилох шаардлагатай боллоо. Д.Трамп өмнө нь 2017 оны 4 сарын 10-нд Нил Горсачийг, 2018 оны 10 сарын 6-нд Бретт Каваног томилж байсан юм. Хэдийгээр түүнийг ерөнхийлөгчийн сонгуулийн дараа томилж болох ч Д.Трамп өөрийн бүрэн эрхийн хугацаанд гарсан энэ боломжийг алдахгүй л болов уу. Тэгээд ч бүрэн бус бүрэлдэхүүнтэй дээд шүүхтэйгээр ерөнхийлөгчийн сонгууль явагдсан тохиолдолд сонгуулийн маргаан гарвал шүүх шийдвэр гаргах чадамжгүй байх тул яаралтай шүүгчийг томилох нь зүйтэй гэж Д.Трампын мэдэгдэж байгаа нь үндэслэлтэй мэдэгдэл юм. Ингээд Д.Трампын томилсон шүүгчийг Сенатын олонх болох бүгд найрамдахчууд дэмжин баталснаар дээд шүүхэд консерватив үзэл баримтлалтай шүүгчийн тоо нэгээр нэмэгдэж, бүгд найрамдахчуудад давуу байдал бий болж болзошгүй байна.
Хэдийгээр бүгд найрамдахчуудын томилсон дээд шүүхийн шүүгчид байгаа ч Д.Трампын баримтлаж байгаа байгаль орчинд ээлгүй бодлогуудын нилээд хэсэг маргаан дээд шүүхийн шатанд ялагдал хүлээсэн юм.
Нью-Йоркийн их сургуулийн Нэгдмэл Бодлогын хүрээлэнгийн мэдээлэлд дурьдсанаар Д.Трампын засаг захиргааны үед Дотоод орчны (Байгаль) яамтай холбоотой үүссэн 22 маргааны дөрөвт нь, Байгаль орчныг хамгаалах агентлагтай үүссэн 47 маргааны есөд нь л захиргаа ялсан байна.
Иймээс Д.Трамп дахин сонгуульд ялвал дээд шүүхийн эгнээг консерваторуудаар өргөтгөн 6, 3 болгох нь байгаль орчинтой холбоотой түүний түрэмгий гэмээр бодлогын талаарх маргаанд Д.Трампын засаг захиргаа ялалт байгуулах магадлал өсөх юм.
Энэ мэтчилэн давуу талуудыг харгалзан Д.Трамп сонгуулийн өмнө дээд шүүхийн шүүгчийг томилохоор яаравчилж байгаа ба шүүгчээр 48 настай, Нотр Даммын хуулийн их сургуулийг төгссөн, католик шашинт Эми Кони Барретийг томилохоор зарлаад байгаа билээ.
Дээд шүүхийн шүүгчийг 19-125 хоногийн хугацаанд хэлэлцэн томилж байсан тохиолдлуудтай ба энэ удаа Д.Трамп ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа багтан томилно гэдгээ мэдэгдээд байна.
Харин Ардчилсан намын зүгээс үүнийг эрс эсэргүүцэж байгаа үндэслэл нь шуудангаар сонгуулийн санал өгөх үйл явц эхэлсэн энэ үед дээд шүүхийн шүүгчийг томилж болохгүй ба хэрэв томилсон тохиолдолд сонгуультай холбоотой маргаан үүсвэл шинээр томилогдсон шүүгч түүнд оролцохгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.
Ковид-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ
АНУ цар тахлын үеэр бусад улстай харьцуулахад улс орны хэмжээнд тийм ч хатуу чанга арга хэмжээ аваагүй бөгөөд ерөнхийлөгч Д.Трампыг анх цар тахал дэгдэхэд яаралтай арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлээгүйн уршигаар ийнхүү дэлхийд хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдэж, хамгийн олон хүний амь нас хохирсон хэмээн олон нийт шүүмжилдэг.
Pew судалгааны төвийн 14 орны иргэдийн дунд хийсэн ковид-19 цар тахлын эсрэг засгийн газрынхаа авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үнэлэх үнэлгээний судалгаагаар АНУ, Их Британи улсууд засгийн газраа хамгийн муу гэж үнэлсэн байна. Ийнхүү үнэлсэн судалгаанд оролцогчдын дийлэнх нь ардчилсан намын дэмжигчид байгаа нь ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улс төржилт их байгааг харуулж байна.
Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн өмнө ковид-19-н эсрэг вакцин гарган авсанаар тоглоомыг өөрийн талд эргүүлнэ хэмээн найдаж байна.
Гэвч америкчуудын 21% нь хэрэв вакцинд хамрагдах нь үнэгүй байвал хамрагдана гэсэн ба 1/5-с илүү хувь нь юу ч болсон вакцинд хамрагдахгүй гэжээ.
Олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татдаг, сонгуульд санал өгөхөд ихээхэн нөлөөлдөг ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн анхны мэтгэлцээн нилээд ширүүн болсон ч ёс зүйгүй, америкийн нэр хүндийг унагасан мэтгэлцээн болж өнгөрлөө хэмээн олон нийт шүүмжилж байсан бол дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хоорондох мэтгэлцээнийг харьцангуй сайн боллоо гэж дүгнэсэн ба хоёр мэтгэлцээний дараах олон нийтийн санал асуулгаар АН дээгүүр үзүүлэлттэй байна.
Ямартаа ч АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон гэсэн АНУ дэлхийд тэргүүлэгч гүрэн гэх статусаа хадгалж үлдэхээр тэмцэх нь тодорхой юм. Харин ийнхүү тэмцэхдээ аядуу зөөлөн бодлого баримтлах уу, эрс шийдэмгийгээр тэмцэх үү гэдэг л асуулт байна.
Эх сурвалж:
[1] https://www.brookings.edu/blog/fixgov/2020/09/10/election-2020-where-are-we/
[3] https://www.weforum.org/agenda/2020/07/covid-19-coronavirus-usa-united-states-econamy-gdp-decline/
[4] https://www.brookings.edu/research/ten-facts-about-covid-19-and-the-u-s-economy/
[5] https://www.ced.org/2020-solutions-briefs/us-health-care-in-the-pandemic
[6] https://www.nytimes.com/2020/09/23/climate/trump-environment-courts.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
ХӨРШ ОРНУУД ДАХЬ ЦЭРЭГ-СТРАТЕГИЙН ОРЧНЫ ӨРНӨЛТ: ОХУДараах нийтлэл
Шэньжэний онцгой бүс ба Ши Жиньпиний “өмнөд нутгийн аялал”Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02