ХУУРАМЧ МЭДЭЭ, ХЭВ ШИНЖ, ҮР ДАГАВАР, НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ-1
2019-11-04
Цахимжилтын шинэ эрин үед шинэ технологи ашиглаж хуурамч мэдээллийг зориудаар түгээн, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж, сонгуульд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа өргөнөөр явагдаж байна. Сүүлийн үед болсон АНУ, Европын орнуудын сонгууль, Brexit-ийн санал асуулгад цахимжсан хуурамч мэдээлэл ашигласан гэх асуудал ихээр гарч байна. ХБНГУ-ын Олон улсын харилцаа, аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн “Хуурамч мэдээлэл ба Европарламентын сонгууль” /Аннегрет Бендиек, Матиас Шульце/ судалгааны өгүүлэл болон холбогдох судалгаа, судлаачдын байр суурийг тоймлон, хэсэгчлэн хүргэж байна. Тус судалгааны агуулга АБСХ-ийн байр суурийг илэрхийлэхгүй болно.
АЛИВАА улс орны нийгмийн сэтгэлзүй, ашиг сонирхол, үнэт зүйл, сонгох, сонгогдох эрхэд нөлөөлөх зорилгоор худал, хуурамч, ташаа мэдээллийг бэлтгэж, боловсруулан олон нийтийг хуурч төөрөгдүүлэн, дуулиан тарьж, өөрт ашигтай шийдвэр гаргуулах эсхүл өөрт ашиггүй шийдвэр гаргуулахгүйн тулд тусгайлан бэлтгэн, тараадаг байна. Судлаачид “Хуурамч мэдээ гэдэг нь хуурамч мэдээлэлд итгэх, нотлох баримтаар эргэлзээ төрүүлэх зорилгоор бусдыг хууран мэхлэх зорилгоор зориуд хуурамчаар үйлдсэн, нийтэлсэн мэдээлэл юм гэж тодорхойлсон. Энэ нь ихэвчлэн олон улсын харилцаанд гарч буй өөрчлөлт хөдөлгөөн, геополитикийн өрсөлдөөн, улс орны гадаад, дотоод дахь нийгэм, улс төр, эдийн засгийн сөргөлдөөн, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, аливаа сонгуулийн үеэр эрс идэвхждэг. Үүнийг “худал, хуурамч, ташаа мэдээ, мэдээлэл” /хортой мэдээлэл ч гэж тодорхойлдог/ буюу “Fake news”, “False information”, “Disinformation”, “Misinformation хэмээн нэрийддэг. Тухайн нэр томьёонууд ижил төстэй сонсогдож байгаа боловч хоорондоо ялгаатай. Дээрх нэр томьёонуудыг хэрхэн зүй зохистой хэрэглэх, хооронд нь ялгаж ойлгох тал дээр судлаачид ихээхэн маргаантай хандаж байгаа, тэр ч бүү хэл тухайн хэллэгүүдээс татгалзах өөр үгээр орлуулах /”хортой мэдээлэл” гм./ өөрсдийн байр суурийг дэвшүүлсээр байгаа. Тухайлбал, Жейн Соломон /хэл зүйн мэргэжилтэн, судлаач/ хуурч төөрөгдүүлэх, эсхүл төөрөгдүүлэх зорилготой эсэхээс үл хамааран “Хуурамч мэдээ” гэсэн нэр томьёог нийтлэг, нэгтгэсэн байдлаар агуулгын зөрүүг ойлгож хэрэглэх талаар санаа дэвшүүлсэн .
Хуурамч мэдээлэл тараах явдал нь шинэ үзэгдэл биш бөгөөд олон нийтийн санаа бодлыг хуурч төөрөгдүүлэх, сүүдэрт оруулах далд санаа зорилготой байх тул аюулгүй байдлын судалгаанд үүнийг “хар суртал ухуулга” ч гэж үздэг.
• Худал мэдээлэл – False information: худал мэдээлэл, огт байхгүй зүйлийг үнэн мэт болгон хувиргаж ашиглах. “Англи хэлний албан ёсны нэр томьёо” /холбогдох субьект, хүмүүсийн талаар огт худал зүйлийг хуурч төөрөгдүүлэн, үнэнийг нуун дарагдуулах, дуулиан тарих зорилгоор “тархи угаалт”-ын аргаар буюу хийсвэр нотолгоотойгоор боловсруулж, албан ёсны мэдээ, мэдээлэл хэлбэрээр зориудаар тараах/
• Fake news – худал мэдээлэл: огт байхгүй зүйлийг үнэн мэт болгон хувиргаж ашиглах. “Англи хэлний албан бус аман ярианы нэр томьёо” /Энэ нь дээр өгүүлсэн худал мэдээлэл буюу false information–ийн нэг хэлбэр боловч илүү тархсан нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Fake news” гэсэн нэр томьёог сонгон, их төлөв хэрэглэж, “брэнд” болгосноос үүүдэлтэй. Тэрээр @realDonaldTramp хаягаараа “Хуурамч мэдээлэгчид илүү цагаар ажиллаж байна. Эдийн засаг болон бусад салбарт ихээхэн амжилт гарч байгаа боловч миний талаар сүлжээний 91 хувь нь сөрөг “Fake news” мэдээ, мэдээлэл нийтэлж байгаа талаар дөнгөж сая мэдээлсэн. Бид авлигад автсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй ажиллахдаа яагаад ийм идэвхтэй байдаг юм. 2018.05.18.” хэмээн жиргэж байв. Fake хэмээх англи үгийг хар ярианы өнгө аясыг нь алдагдуулалгүйгээр монголчлох хамгийн оновчтой хуюилбар нь “хулхи” гэх үг ч байж болзошгүй/
• Хуурамч мэдээлэл – disinformation: худал бус мэдээллийг хуурч, мэхлэх зорилгоор ашиглах. /хэсэгчилсэн үнэний зарчмыг ашиглах, тодорхой зорилгоор зарим үнэнийг түүвэрлэн авч, зарим хэсэг нь үнэн, бусад нь худал мэдээ, мэдээллийг нэгтгэн олон нийтэд зориудаар түгээх. Нийтлэг тактик нь бодит үнэнийг хуурамч дүгнэлт, худал хуурмагтай холих үйл явц байдаг/
• Ташаа мэдээлэл – misinformation: үнэн мэдээллийг ташаа ойлгуулах зорилгоор ашиглах. /үнэн мэдээллийг өөр зорилгоор ашиглаж, буруу дүгнэлтэд хүргэх үйл явц, Зарим тохиолдолд тодорхой санаа, зорилгогүйгээр эндүүрч ташаарснаас үүдсэн мэдээллийн бүрэн бүтэн байдлын доголдлыг хэлэх нь бий/
Хуурамч мэдээлэл ба суртал ухуулга
ХУУРАМЧ мэдээллээр дамжуулан нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх нөлөө дэлхий нийтэд аюулын харанга дэлдэж байна. Эдинбургийн их сургуулийн судлаачид Brexit-ийн бүх нийтийн санал асуулгад нөлөөлөхөд ашиглагдсан Санкт-Петербургт төвтэй троллоор ажилладаг нийгмийн сүлжээн дэх 400 гаруй хуурамч аккаунтыг илрүүлсэн байна. Кибер халдлага болон хуурамч мэдээллийг хосолмол дайны аюул хэмээн аюулгүй байдлын бодлогын судалгаанд тодорхойлсон. Хосолмол дайны аюул гэдэг нэр томьёо нь мэдээллийн дайн, тусгай албадын ажиллагааг цэргийн хүчинтэй хавсран, эс бөгөөс бүр цэргийн хүчний шууд оролцоогүйгээр ч явуулахыг хэлдэг.
Хуурамч мэдээлэл тараах явдал нь шинэ үзэгдэл биш бөгөөд олон нийтийн санаа бодлыг хуурч төөрөгдүүлэх, сүүдэрт оруулах далд санаа зорилготой байх тул аюулгүй байдлын судалгаанд үүнийг “хар суртал ухуулга” ч гэж үздэг. Энэ нь орчин үеийн олон нийтийн харилцаа холбоо (PR), сурталчилгааны кампанит ажилтай ижил аргыг ашигладаг. Гэхдээ PR-аас ялгаатай нь мэдээлэл нэвтрүүлэлт нь аливаа улс төрийн намууд, болон сонгогдсон улс төрчид эсвэл аливаа улс төрийн тогтолцоонд халдах замаар ардчиллын тулгуурыг тогтворгүй болгохыг зорьдогоороо онцлогтой. Ташаа мэдээлэл нь хуурамч мэдээлэл ч байж болох бөгөөд, үнэн мэдээллийг ч буруу ашиглаж буруу дүгнэлтэд хүргэж болно. Хуурамч мэдээлэл нь богино хугацааны туршид, сонгуулийн үр дүнд нөлөөлөх, эсвэл урт хугацааны туршид аливаа тогтолцоонд итгэх итгэлийг алдагдуулах, нэр дэвшигчийг дахин сонгогдуулахгүйн тулд гутаах гэсэн хандлагатай ч байж болно.
Техникийг хакердах нь мэдээллийн нууцлалыг зөрчих олон арга хэрэгслийн зөвхөн нэг нь бөгөөд улс төрчид, намууд эсвэл албан тушаалтнуудын данснаас нууц мэдээллийг хулгайлж, хохирол учруулах зорилготойгоор (doxing) нийтэлдэг.
Тухайлбал, сөрөг сурталчилгаа хийн дуулиан шуугианыг нээн илрүүлэх, эсвэл авлигын хэрэгт ч буруутгаж болно. Энэ нь дунд хугацаанд нийгмийн хуваагдал, олон нийтийн ярианы туйлшралыг дэмжиж өгдөг. Нийгмийн яриа хэлэлцээн дэх улс төрийн ашиг сонирхлын хэлэлцээ нь ардчиллын гол элемент боловч нөгөө талаараа хамгийн сул тал нь юм. Эргэлзээтэй хуурамч мэдээлэл ихээр тараах эсвэл хуйвалдааны онол цацах зэрэг тактикийн шинж чанартай үйл ажиллагаанууд нь улс төрийн тодорхой байдлыг алдагдуулж, үнэний талаарх нийгмийн сэтгэлзүйг өөрчлөхөд нөлөөлдөг байна.
Лавлагаа: АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар хуурамч мэдээ тараалт болон түүнийг хамрах хүрээ ихээр нэмэгдсэн байна. АНУ-д болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын үеэр Twitter ботууд гэгддэг автомат компьютерийн програмууд (магадгүй Оросоос гаралтай гэж америкийн ажиглагчид, улс төрийн хүрээллийнхэн сэрдэж буй) Х.Клинтоны тухай сөрөг мэдээлэл, Д.Трампын талаар харьцангуй эерэг мэдээллүүдийг тараажээ . 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 100 гаруй хортой нийтлэл, хуурамч мэдээллийг хошин мэдээний болон хувийн вэбсайтуудаас тасралтгүй тараасан.
IT-enabled Disinformation
ДИЖИТАЛ болон IT-enabled хуурамч мэдээллийг хооронд нь ялгаж салгах ёстой. Дижитал хуурамч мэдээлэл тараах нь бүх төрлийн дижитал механизмийг ашиглан мэдээ, мэдээллийг түгээх бол IT-enabled хуурамч мэдээлэл нь мэдээллийн технологийн нууцлал, өгөгдөл, системийн нууцлал, хүртээмж, бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаг /кибер халдлага/ юм. Техникийг хакердах нь мэдээллийн нууцлалыг зөрчих олон арга хэрэгслийн зөвхөн нэг нь бөгөөд улс төрчид, намууд эсвэл албан тушаалтнуудын данснаас нууц мэдээллийг хулгайлж, хохирол учруулах зорилготойгоор (doxing) нийтэлдэг. Үүний алдартай жишээ бол 2016 онд АНУ-ын Ардчилсан намын Үндэсний хороо (DNC)-ны болон 2017 онд Э.Макроны кампанит ажлын багийн цахим шууданг нийтэлсэн явдал юм. Кибер дайралтаар техникийн системийн хүртээмжийг хязгаарлах нь мэдээллээр хангах компанит ажлыг хөнгөвчлөх боломжтой. Ялангуяа авторитар дэглэмтэй улс оронд сөрөг талыг баримтлагч улс төрчид, намууд, Facebook, Twitter гэх мэт цахим хуудсуудыг сонгууль болохоос өмнө зориудаар сервэрт хэт ачаалал өгөн гацаадаг. Үүний адил санал хураалтын компьютер, тоолох систем бүхий дижитал санал хураалтын дэд бүтцийг тасалдуулж, удирдах боломжтой юм.
Дижитал хуурамч, ташаа мэдээлэл
ДИЖИТАЛ технологиор дамжуулан хуурамч, ташаа мэдээлэл нь бага зардал, цомхон хүчээр хийж, нийт хэрэглэгчдэд хүрч чаддагаараа онцлогтой. Дижитал нэвтрэлтийг зар сурталчилгааны салбарын хууль ёсны хэрэглэгчдийн хувийн зан төлөв (зорилтот зар ба бичил зорилтот гэх) дээр үндэслэн ашигладаг байна. Facebook гэх мэт нийгмийн сүлжээнүүд нь ардчилсан яриа өрнүүлэх зорилгоор боловсруулагдаагүй, харин хэрэглэгчдийнхээ ашиг сонирхол, зан төлөвийг шинжлэх, ангилах, зар сурталчилгааны зорилгоор тодорхой мэдээллийг гуравдагч этгээдэд зарах зорилгоор ажилладаг.
Тэдний зан авирын дагуу хэрэглэгчдэд ижил төрлийн эсвэл ижил төстэй зан чанартай профайлтай бусад хэрэглэгчид илүү таашаадаг контентыг үзүүлдэг байна. Ингэснээр алгоритмууд нь хэрэглэгчдийн анхаарлыг татах, платформ дээр аль болох урт хугацаанд байлгах нөхцөлийг хангадаг. Хэрэв ижил санаа бодлыг бүлэглэж, нэгэн зэрэг ялгаатай үзэл бодлыг нуувал автоном цуурай гэх үзэгдэл бий болно. Зөвхөн ижил бодолтой хэрэглэгчдийг цуглуулдаг онлайн форум дээр ямар нэгэн зөрчилдөөн гараад байдаггүй бөгөөд энэ нь тэдгээрийн ойлголтыг улам бүр хүчирхэгжүүлдэг ажээ.
Хуурамч мэдээлэл нь үзэл суртлын хүчтэй байр суурь бүхий аливаа улс төржсөн бүлгүүдэд туйлширсан нөлөө үзүүлдэг ба хуйвалдааны онолуудаар зориуд чиглүүлж болдог. Хуйвалдааны онол, хуурамч мэдээллийг нийгмийн сүлжээн дээр шууд хуваалцах боломжтой.
Хуурамч мэдээлэл нь үзэл суртлын хүчтэй байр суурь бүхий аливаа улс төржсөн бүлгүүдэд туйлширсан нөлөө үзүүлдэг ба хуйвалдааны онолуудаар зориуд чиглүүлж болдог. Хуйвалдааны онол, хуурамч мэдээллийг нийгмийн сүлжээн дээр шууд хуваалцах боломжтой. Үүнийг автомат бот холимог бот (хэсэгчлэн хүн, хэсэгчлэн автоматжуулсан) ба тролль арми буюу 50:50 хувийн арми ашиглан хийж болно. Ийм арми нь төрийн алба хаагчид эсвэл тоймчдоос бүрддэг бөгөөд тэдгээр нь зарим мэдээллийн талаар сошиал медиа эсвэл мэдээллийн сайт дээр системтэйгээр түгээдэг. Мөн заримдаа сайн (хүсээгүй агент) дурынхан өөрсдөө мэдэлгүйгээр хуурамч мэдээллийг түгээдэг. 2016 оны АНУ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр АНУ-ын иргэд мэдээллийн эх сурвалжийг ялгалгүйгээр Кремлийн “суртал ухуулга”-ыг нийгмийн сүлжээнд тараасан байдаг. Гэхдээ уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн үүнд оролцжээ .
Үргэлжлэл дараагийн дугаарт…
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Геостратегийн сөргөлдөөний хоёрдугаар фронт: Европ-3Сүүлд нэмэгдсэн
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16