Геостратегийн сөргөлдөөн Европын байгалийн хийн салбарт эрчимтэй явагдаж шинэ дахин хуваарилалтын ирмэгт ирээд байна. АНУ Европын орнуудад үлэмж хэмжээний шингэрүүлсэн хий нийлүүлж эхэлсэн бөгөөд цаашид тэргүүлэх байр суурь эзлэхийн төлөө ОХУ-тай өрсөлдөхийн тулд улс төр, эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч байна. Энэ арга хэмжээнүүд дотор ОХУ-ын хий нийлүүлэх хоолойн дагуух Зүүн Европын орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
АНУ их хэмжээний хийг Европод нийлүүлж, Умард урсгал-2 зогсож, Польш, Украйн хий дамжуулах гэрээгээ сунгахгүй, Хар тэнгист хямралт байдал үүсэн “түрэг урсгал” -ын бүтээн байгуулалт саатвал ОХУ-д хүнд сорилт тулгарах юм.
Украинаар хий дамжуулах суваг хаагдах уу?
Европ дахь газрын тос, байгалийн хийн өрсөлдөөний улс төрийн үр дагаврын нэг тод жишээ нь Украин улс. Украин нь Европ, ОХУ, Ойрх Дорнод, Кавказ, Дундад Азийн тэг дунд оршиж, байгалийн хий, газрын тос, төмөр зам, усан тээврийн зангилаа улс. Ашигт малтмал түүний дотор нүүрс, метан хий, төмөрлөг, занарын үлэмж нөөцтэй, геополитикийн чухал байршилтай.
Тус улсад иргэний дайн гарахад нөлөөлсөн улс төр, эдийн засгийн олон шалтгааны дотор түлхэц болсон нэг хүчин зүйл нь Украиныг байгалийн хийн Европын төв (hub) болгох АНУ, ЕХ-ны эрмэлзэл байв. Тус улс экспортлох хэмжээний байгалийн хийгүй боловч нүүрсний давхаргын метан хий, занарын ихээхэн нөөцтэй. Түүний ихээхэн хэсэг нь Донбассын нүүрсний ай савд, Донецк, Луганск мужид оршдог. 2010 оноос занарыг боловсруулж, их хэмжээний занарын хий үйлдвэрлэх, улмаар тус хийг одоо байгаа хоолойгоор Европт гаргах, шингэрүүлсэн хий болгож Одесс, Мариупольд тусгай терминал барьж далайн тээврээр экспортлох асуудлууд яригдсан нь гадаад, дотоодын олон эрх ашгийг хөндсөн гэж үздэг.
Хэдийгээр Украины 2019 оны ерөнхийлөгчийн сонгууль жагсаал цуглаангүй, өнгөгүй, аниргүй хувьсгал мэт явагдсан ч тухайн улсад үүссэн нөхцөл байдал нэг хэсэгтээ шийдэгдэхгүй хэвээр байхаар байна. Үүссэн сөргөлдөөн, иргэний дайны цаад шалтгаан эх үүсвэр нь хэвээр байгаа тул үр дагавар нь хадгалагдаж Европ тивд газрын тос, байгалийн хийн өрсөлдөөн ширүүсэх хандлага бүхий дэвсгэр дээр нөхцөл байдал улам тогтворгүй болох ч магадлалтай.
Хэрэв зэвсэгт мөргөлдөөн даамжирвал ОХУ-ын байгалийн хийг Европт нийлүүлдэг хийн хоолойн гол шугам зогсоно. Мөн цаашлаад Керчийн хоолойд байдал хурцдаж Хар тэнгист хямралт байдал үүсвэл “өмнөд урсгал” буюу “түрэг урсгал”-ын бүтээн байгуулалт саатахаар байна.
Хэрэв зэвсэгт мөргөлдөөн даамжирвал ОХУ-ын байгалийн хийг Европт нийлүүлдэг хийн хоолойн гол шугам зогсоно. Мөн цаашлаад Керчийн хоолойд байдал хурцдаж Хар тэнгист хямралт байдал үүсвэл “өмнөд урсгал” буюу “түрэг урсгал”-ын бүтээн байгуулалт саатахаар байна. Д.Трампыг огцруулах асуудлыг өдөөсөн Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй хийсэн дуулиант ярианд АНУ-ЕХ харилцааг хэрхэн үнэлж буйг харж болно. Мөн Украины зүгээс өөрийн улсын эрчим хүчний хараат бус байдлыг онцгойлон дэмжихийг Д.Трампаас хүссэн нь АНУ-ын нийлүүлж буй занарын хийг Польшоор дамжуулж авах, ОХУ-ын хийн нийлүүлэлтээс хамаарахгүй байх, дамжин тээвэрлэхийг зогсоох зэрэг олон асуудлын илрэл болсон юм.
Украйн улс байгалийн хийн өөрийн хангалттай нөөцтэй бөгөөд дотоодын эх үүсвэрээсээ хэрэглээгээ бүрэн хангаж чадахаар болоод байна. 2019 оны эхний 8 сарын байдлаар 13.9 тэрбум шоо метр хий олборлосон бөгөөд 2018 онд олборлосон жилийн нийт 20.5 тэрбум шоо метр хэмжээг өсгөх боломжтой юм. Хэрэглээний хувьд бас л 19.9 тэрбум шоо метр бөгөөд ахуйн хэрэглэгчид 10.6, аж үйлдвэр нь 9.3 тэрбум шоо метр хий хэрэглэсэн байна. Тус улс эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэрэглээгээ жилээс жилд 5-15 орчим хувиар багасгаж байна. Мөн 2015 оны 10 сараас ОХУ-аас өөрийн хэрэгцээнд хий авахаа больсон. Гэвч жилд ОХУ-ын 85 тэрбум шоо метр хийг Европод өөрийн нутгаар дамжуулж байгаа. 2019 оны 12-р сарын 31-нд транзит тээврийн Газпромтой байгуулсан 10 жилийн гэрээ дуусаж шинэчлэх эсэх асуудал тулгараад байна. Украины талаас гэрээг сунгахгүй эсхүл ЕХ-ны эрх зүйгээр гурван талын гэрээ байгуулна гэж мэдэгдээд байгаа. Өвлийн улиралд нөөцлөхийн тулд ОХУ-аас нэмж 20 орчим тэрбум шоо метр авдаг байсан бол түүнийгээ зогсоож Словак, Унгар, Польш улсуудаас 18,3 тэрбум шоо метр хий авч байна. Тус улс хийн нөөцийнхээ 1.4 хувийг л олборлож чаддаг тул хэрэглээгээ бүрэн хангахын тулд олборлолтоо тууштай нэмэгдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг гэж Эрчим хүчний сайд Алексей Оржель 9-р сарын 2-ны өдөр мэдэгдсэн бол Засгийн газрын зүгээс төрийн өмчийн «Укргаздобыча» компанийн олборлолтыг 2020 онд 20 тэрбум шоо метрт хүргэх зорилт тавьсан байна .
Украйн улс Европын улсуудад хоолойгоор дамжуулсан ОХУ-ын хийн төлбөрт ойролцоогоор жилд 3 тэрбум ам. долларын орлого олдог. Харин АНУ-ОХУ-ын сөргөлдөөний хүрээнд ОХУ-ын хийг дамжуулахгүй байх шийдвэр гаргаж магадгүй байна. Гэрээ хийгдэхгүй тохиолдолд алдагдал болох 3 тэрбум ам. долларыг Европ, АНУ, Олон улсын валютын сангаас гаргуулах тухай ч ярьж байна. Энэ нь зөвхөн тус улсын өөрийнх нь шийдвэр гэхээсээ нэг талаасаа ОХУ-ын Газпромтой байгуулсан транзит тээврийн гэрээг шинэчлэх хэлэлцээрт давуу нөхцөл олж авах, нөгөө талаас ОХУ-ын хийг дамжуулахыг зогсоож АНУ-ын хийг Европт импортлоход дэмжлэг үзүүлэх, өөрийн нэмэлт хэрэгцээгээ Польшид бууж буй АНУ-ын хийг авах хувилбартай холбоотой юм.
Польш улс занарын хийн 346-768 тэрбум шоо метр буюу Европ тив дахь хамгийн том нөөцтэй улсын нэг тул Украйны зэрэгцээ Европын занарын хийн гол нийлүүлэгч болох боломжтой.
ОХУ Украйнтай хийж буй хэлэлцээрийн явцад уян хатан байр суурь баримталж үнэ буулгах, гэрээгээ энэ хэвээр нь нэг жилээр сунгах, шинэчилсэн гэрээг Европын эрх зүйн дагуу хийх зэрэг хувилбаруудыг дэмжиж буйгаа В. Путин “Оросын Эрчим хүчний долоо хоног” олон улсын уулзалт-форум дээр 10-р сарын 2-нд мэдэгдсэн . Хийн гэрээг шинэчлэх асуудлаар ОХУ-Украйн-Еврокомиссын /ЕК/ гурван талын хэлэлцээнд ороход бэлэн байна гэдгээ ЕК-ын дэд тэргүүн Марош Шефчович мэдэгдсэн байна. Чех, Словак, Унгар, Румын, Хорват улсууд Украйнаар дамжуулж хий авдаг бөгөөд транзит зогссон нөхцөлд тэдгээр улсууд “Умард урсгал-1,2” хоолойгоор хий авах боломжтой боловч Унгар улс ийм боломж байхгүй тул хүндрэл үүснэ.
Ийнхүү жижиг хэмээх Украйн Европ дахь хоёрдугаар фронтын чухал тоглогч болж байгаа бөгөөд энэ хэрээр тус улсад учрах улс төрийн эрсдэл нэмэгдэх болно. Үүний нэг жишээ нь Украины зүүн бүсэд орон нутгийн сонгуулийг ЕАБХАБ-ын хяналт дор явуулах “Штайнмайерийн томъёо” гэх журмын тухай Минскийн хэлэлцээрийн хүрээнд тохирсон шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал орон даяар өрнөж, үүнийг зөвшөөрсөн В. Зеленский ерөнхийлөгчийг ОХУ-д бууж өглөө хэмээн шүүмжилсэн явдал юм.
Польшоор дамжиж буй Газпромын хийн нийлүүлэлт зогсох уу?
Польш улсын ерөнхийлөгч Анжей Дуда АНУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын дараа өгсөн ярилцлагадаа Польш улсыг “Америкийн шингэрүүлсэн хийг Төв Европт хүргэх гол зангилаа болно” гэж мэдэгдсэн байна. Польш улсын газрын тос, хийн үйлдвэрлэлийн (PGNiG) төрийн өмчит компани 10-р сарын 16-нд АНУ-ын Venture Global LNG компанитай жилд 2.7 тэрбум шоо метр хийг Балтын тэнгисийн Свиноюушч (Swinoujscie) дахь терминалаар дамжуулж нийлүүлэх 20 жилийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Тус компани ОХУ-ын Газпромоос 2018 онд 9.5 тэрбум шоо метр хий хоолойгоор авч байсан бол 2022 онд дуусах гэрээгээ сунгахгүй гэж мэдэгдсэн байна. АНУ-аас гадна Норвегийн хийг Дани улсаар дамжуулж хоолой татаж авах зорилгоор Данийн Энергинет компанитай 2018 оны 11 сард гэрээ байгуулсан байна. Энэ хоолой нь Умард урсгал хоолойтой Балтын тэнгист огтлолцоно. Ийм ч учраас Польш улс ОХУ-ын Умард урсгалын хамгийн идэвхтэй эсэргүүцэгч болоод байгаа.
Польш улсын дотоодын хэрэгцээ жилд 15 тэрбум шоо метр, үүний 10 тэрбумыг Газпромоос авдаг, АНУ, Норвегиос 5 тэрбумыг авна, харин нэмэлт эх үүсвэрийг дотооддоо бий болгохын тулд занараас хий гаргаж авах боломжтой. Польш улс занарын хийн 346-768 тэрбум шоо метр буюу Европ тив дахь хамгийн том нөөцтэй улсын нэг тул Украйны зэрэгцээ Европын занарын хийн гол нийлүүлэгч болох боломжтой. 2006 оноос эрчимтэй хайгуул хийж үйлдвэрлэл эхлүүлэхээр болсон ч хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, уул техник, технологийн олон шалтгаанаас бүтэлгүйтсэн боловч боломж нь нээлттэй хэвээр байгаа.
Ийнхүү Польш улс хэрэгцээгээ АНУ-ын шингэрүүлсэн хий, Норвеги улсаас далайн тээвэр, Дани улсаар дамжуулж барьсан хийн хоолойгоор хангах, дотоодын занарын хийн нөөцөө ашиглах зорилт тавиад байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үлэмж бэрхшээл тулгарах бөгөөд ойрын жилүүдэд бүрэн хэрэгжих боломж бага юм.
Хар тэнгист хурцадмал байдал үүсэж “түрэг урсгал” зогсох уу?
ОХУ-ын хийг Турк, Өмнөд болон Зүүн Европын улсуудад нийлүүлэх чухал суваг бол Хар тэнгис доогуур татсан “цэнхэр урсгал” ба Турк улстай хамтарч хэрэгжүүлж буй “түрэг урсгал” юм. Цэнхэр урсгалыг Италийн Ени компанитай хамтран барьж 2002 онд ашиглалтад оруулсан бөгөөд жилд 15 тэрбум м3 хий нийлүүлж байна. Энэ хоолой 1213 км урт бөгөөд далайн 2100 м гүнд татагдсан, хуурай газрын 60 км хэсэг нь өндөр уулын бүсээр дайрч 3600м урт туннель дундуур гарсан инженер-техникийн хосгүй шийдэлтэй юм. ОХУ-БНХАУ-ын Алтай төсөл хоёр улсын баруун хилийн завсраар Алтайн нуруугаар гарахаар бол ийм туннелийн шийдэл байж болохыг харуулж байна.
Хар тэнгис доогуур явах “Өмнөд урсгал” төсөл улс төрийн хүндхэн замналыг туулж байгаа. Тус урсгал ОХУ-аас Хар далай дундуур Болгарын нутагт хүрч улмаар Өмнөд Европ, Итали, Австри улсуудыг жилд 60 тэрбум шоо метр хийгээр хангах хүчин чадалтай байсан бөгөөд 2012 онд баригдаж эхлээд 2015 онд ашиглалтад орох байсан юм. Энэ төсөл нь Европын холбоо, АНУ-ын дэмжиж байсан Набукко төсөлтэй өрсөлдөхүйц тул эсэргүүцэлтэй тулгарсан. Набукко төсөл нь Туркмен, Азербайжаны хийг Туркээр дамжуулж Европод хүргэх 3300 км урт, жилд 32 тэрбум шоо метр хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн боловч бас л хэрэгжээгүй зогссон. Өмнөд урсгал хоолой Крымын хойгоор дайрч өнгөрөх боломжтой төлөвлөгдөж байсан бөгөөд 2014 оны 4-р сарын 17-ны өдөр Крымын хойгт болсон үйл явдалтай уялдуулан Еврокомиссын зүгээс зогсоох шийдвэр гарсан байдаг. Энэ байдал хийн хоолой улс төрийн шалтгаанаас хэрхэн зогсож болох жишээ болж байна.
Туркийн нутгаар дамжуулах асуудлаар 2015 оны 1-р сараас Газпром Туркийн талтай хэлэлцээр эхэлсэн боловч 2015 оны 11-р сард ОХУ-ын байлдааны онгоцыг Туркийн тал унагаасан явдлаас болж хоёр улсын харилцаа эрс муудаж, хэлэлцээний явц зогссон юм. Харин 2016 оны 10-р сарын 10-ны өдөр Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан. Ийнхүү Турк, ОХУ-ын ашиг сонирхол хийн хоолойн асуудал дээр нэгдэж тус хоолойг “Түрэг урсгал” гэж нэрлэх болсон.
АНУ их хэмжээний хийг Европод нийлүүлж, Умард урсгал-2 зогсож, Польш, Украйн хий дамжуулах гэрээгээ зогсоож, Хар тэнгист хямралт байдал үүсэж, “цэнхэр” болон “түрэг урсгал зогсох тохиолдолд ОХУ-д хүнд сорилт тулгарахаар байна.
Турк улс НАТО-ийн гишүүн орон, ОХУ-тай харилцаа нь эрс муудчихсан байсан үед ийм шийдвэр гаргасан нь хийн хоолойг анд нөхөд, найдвартай түншүүдийн нутгаар тавьж болно гэсэн нийтлэг төсөөлөлд нийцэхгүй гэмээр. Турэг урсгал 1100 км урт, түүний 900 км Хар тэнгис доогуур татагдаж, жилд 31.5 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай байх бөгөөд эхний ээлжийн шугамыг 2019 онд, хоёр дахь ээлжийг 2020 онд оруулахаар төлөвлөж байна. Гэвч Хар тэнгис дэх нөхцөл байдал Керчийн хоолой, Крымийн гүүрний асуудлаас болж хурцдах болов. Крымийн хойгийг ОХУ-тай холбосон Керчийн хоолойгоор татсан Крымийн гүүр стратегийн чухал ач холбогдолтой. Украины эзэмшлийн Азовын тэнгисийг бүхэлд нь Хар тэнгисээс хааж байгаа бөгөөд тус улсын хөлөг онгоцнууд гүүрэн доогуур нэвтрэхдээ ОХУ-аас зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Бердянск, Мариуполь зэрэг чухал боомтуудад олон улсын тээврийн, түүний дотор газрын тос, байгалийн хийн тээврийн танкерууд гүүрэн доогуур багтаж орох боломжгүй гэсэн олон асуудлууд гараад байгаа. Украйны 3 хөлөг онгоц ОХУ-ын эргийн хамгаалалтын онгоцтой зөрчилдсөн хэрэг явдлаас болж хурцадмал байдал үүссэн. Үүнээс болж АНУ, НАТО-гийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд Хар тэнгист байршиж 7-р сард “Тэнгисийн салхи” цэргийн сургууль хийсэн. АНУ-ын тэнгисийн цэргийн коллежийн профессор Гольдштейны үзэж буйгаар байдал мөргөлдөөнд хүргэх эрсдэлтэй байна. Ийнхүү Хар тэнгист хурцадмал байдал үүсвэл хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил зогсох, тэр хэмжээгээр ОХУ-ын Өмнөд Европод гаргах 63 тэрбум шоо метр хийн урсгал саатах юм.
ОХУ-ын Европод үндсэн дөрвөн сувгаар хий нийлүүлж, Умард урсгалыг өргөтгөж, “түрэг урсгалыг” шинээр барьж байна. Умард урсгал болон Польшоор дамжих хий Ямалын ордуудаас ирж байгаа бол Украйн болон “түрэг урсгалаар” дамжих хий Ямалтай ойролцоох туйлын бүсийн Уренгойн ордуудаас ирж буй. АНУ их хэмжээний хийг Европод нийлүүлж, Умард урсгал-2 зогсож, Польш, Украйн хий дамжуулах гэрээгээ зогсоож, Хар тэнгист хямралт байдал үүсэж “цэнхэр” болон “түрэг урсгал зогсох тохиолдолд ОХУ-д хүнд сорилт тулгарахаар байна.
В.Путин Газпромын тэргүүн А.Миллерт Ямал, Уренгойн хийг Монголоор дамжуулж БНХАУ, Азийн орнуудад гаргах асуудлыг судлах үүрэг өгсөн нь нэг талаас Европ дахь нийлүүлэлт багасах тохиолдолд урсгалыг дорно зүгт чиглүүлэх алхам хийх, нөгөө талаас Украйнтай хийж буй хий дамжуулах гэрээг шинэчлэх хэлэлцээрт хөшүүрэг болгож ашиглаж буй тактикийн алхам байх магадлалтай.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02