Ажиллагаа: Өрнөл, үр дүн
2018 оны 4 дүгээр сарын 14-ний үүрээр, орон нутгийн цагаар 03 цаг 42 минутаас 06 цаг 35 минутын хооронд АНУ, Их Британи, Францын зэвсэгт хүчин Сирийн химийн зэвсгийн туршилт, боловсруулалт, үйлдвэрлэлийн объектуудад цохилт өгөв. Ажиллагааг тэнгисийн болон агаарын байрлалаас далавчит пуужин харваж, байг оновчтой онилох замаар гүйцэтгэлээ. АНУ-ын зэвсэгт хүчний Европ дахь командлалын мэдээллээр, Сирийн нутаг дэвсгэр дээрх гурван объект, тухайлбал Дамаск дахь химийн зэвсгийн боловсруулалт, туршилтын лаборатори, Хомс хот дахь зэвсгийн агуулах, командын байр, Хомсоос баруун тийш 15 км-т орших пуужингийн бааз байрлаж байсан объект буюу бункер, үүн дээр цэргийн зориулалттай 6 нисэх зурвасыг онилон нийт 105 нэгж далавчит пуужингаар цохилт өгсөн гэжээ.
Харин САБНУ-ын зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн (АДХЦ) командлалын албан ёсны мэдээллээр тус улсын агаарын орон зайд нэвтэрсэн 103 пуужин бүртгэгдсэн гэж буй. Энэ мэт мэдээллийн зөрүү их байгаа ба талуудын албан ёсны мэдэгдлээс бодит байдлыг тогтооход нэн бэрх. Тухайлбал, цохилт өгсөн пуужингууд бүгд байгаа оносон гэж Пентагон мэдэгдсэн бол ОХУ-ын БХЯ-ны мэдээллээр Сирийн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүч 71 пуужинг амдан устгасан гэх. Хамгийн сүүлийн мэдээгээр тэсрээгүй хоёр пуужинг Сири оросын талд шилжүүлсэн байна.
Цохилт өгсөн объектуудын дэд бүтэц гэмтсэн ч хүн хүчний хохиролгүй, Сирийн гурван иргэн шархадсан гэж Сири, Оросын тал мэдэгдлээ. Үүнээс яг бодит хохирлын хэмжээг гаргах боломжгүй, химийн зэвсгийн нөөц байсан эсэх, байсан бол урьдчилан шилжүүлэн байрлуулсан эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс АНУ болон түүний холбоотнууд цэргийн болон улс төрийн зорилгодоо хүрч чадсан эсэхийг ч хэмжих бололцоогүй юм.
Цохилтыг Вашингтоны цагаар ажлын цагийн дараа буюу баасан гарагийн 20.42, баруун эргийн 17.42 цагт, санхүү, арилжааны захууд хаагдсаны дараа эхлүүлсэн нь анхаарал татаж байна. Ажлын өдрүүдэд, ажлын цагаар хэрэгжүүлсэн бол санхүүгийн болон түүхий эдийн зах зээлийн савлагаа өндөр байхаар байв.
Хүчний харьцаа: Довтолгоо, хамгаалалт
Ажиллагаанд АНУ тэргүүтэй эвслээс оролцсон цэргийн бүлэглэлийг тоочвол: Агаарын бүлэглэл:
АНУ агаарын байрлалтай AGM-158 JASSM далавчит пуужингаар тоноглосон B-1B Lancer стратегийн бөмбөгдөгч онгоц 2 нэгжийг Катар улс дахь “Эль-Удейд” баазад байрлах 34-р бөмбөгдөгч онгоцны эскадрилээс;
Их Британи Storm Shadow далавчит пуужингаар тоноглосон Panavia Tornado (GR4) бөмбөгдөгч 4 нэгжийг Кипр дэх “Акротири” баазаас, мөн баазаас Eurofighter Typhoon сөнөөгч онгоц 4 нэгжийг бөмбөгдөгч онгоцнуудыг агаараас халхлах зорилгоор;
Франц SCALP/Storm Shadow далавчит пуужингаар тоноглосон Dassault Rafale олон зориулалтат сөнөөгч онгоц 5 нэгжийг Иордан улс дахь “Хунтайж Хасан” баазаас, мөн баазаас Dassault Mirage 2000-5F сөнөөгч онгоц 5 нэгжийг бөмбөгдөгч онгоцнуудыг агаараас халхлах зорилгоор, КС-135FR цэнэглэгч онгоц 6 нэгж, мөн алсын радиолокацын илрүүлэлтийн Boeing E-3 Sentry онгоц 2 нэгжийг тус тус гаргасан.
Тэнгисийн бүлэглэл:
АНУ Tomahawk пуужингаар тоноглогдсон Higgins, Laboon (DDG-58) эсминец, Virginia ангиллын USS John Warner (SSN-765) шумбагч онгоцыг Газар дундын тэнгисээс, мөн Toma-hawk пуужингаар тоноглогдсон Ticonderoga (CG-61) ангиллын Monterey крейсерийг Улаан тэнгисээс;
Их Британи Tomahawk пуужингаар тоноглогдсон Astute шумбагч онгоцыг Газар дундын тэнгисээс тус тус гаргаж;
Франц Cassar ангиллын эскадрын мина тээвэрлэгчийг агаарын довтолгооноос хамгаалах зориулалтаар, Georges Leygues ангиллын эскадрын мина тээвэрлэгчийг шумбагчийн довтолгооноос хамгаалах зориулалтаар, мөн MdCN далавчит пуужингаар тоноглогдсон Acquitania (D650), Auvergne (D654), Languedoc (D653) ангиллын фрегат тус бүр 1, нийт 5 нэгж, Durance ангиллын танкер 1 нэгжийг Газар дундын тэнгист
байрлуулсан байна.
Тэгвэл Сирийн АДХЦ дараах хүчийг цохилтоос халхлахад дайчилсан байна:
ЗХУ-д үйлдвэрлэсэн зенит пуужингийн “С-125” цогцолбор 112 нэгж, “С-200” 8 нэгж, “Бук” 29 нэгж, “Куб” 21 нэгж, “Оса” 11 нэгж, “Стрела-10” 5 нэгж, “Панцирь-С1” 25 нэгж, нийт 211 нэгж зенит пуужингийн цогцолборын хүчээр хамгаалж, дайсны 71 пуужинг амдан устгасан гэж ОХУ-ын БХЯ мэдээлсэн. Үүнд: Дамаскаас өмнө зүгт 15 км-т, Эль-Кисва хотод байрлах объект руу харвасан 13 пуужинг бүгдийг нь, Думэйр, Дювали, Блэй, Эш-Шайрат, Хомсын нисэх зурвасууд болон Меззе дахь ашиглагдаагүй нисэх зурвасыг харвасан 71 пуужингийн 64-ийг нь, Жарамана хот, Барза дүүрэг дэх объектуудыг онилсон 30 пуужингийн 7-г амдан устгасан гэсэн мэдээллийг Сирийн тал гаргаж, үүнийг Оросын тал үндэслэж байна.
Харин энэ мэдээллийг АНУ-ын БХЯ няцааж Сирийн АДХЦ “газар-агаар” ангиллын 40 гаруй пуужин харвасан боловч ихэнхийг нь пуужингийн довтолгоо дууссаны дараа гүйцэтгэсэн тул нэгийг ч амдан устгаж чадаагүй гэж буй.
ОХУ “Варшавянка” ангиллын шумбагч онгоцыг байлдааны бэлэн байдалд оруулан Газар дундын тэнгист байрлал эзлүүлжээ. Их Британийн Astute шумбагч онгоцыг Тартус дахь Оросын тэнгисийн цэргийн баазаас гарсан “кило” ангиллын “нэг, магадгүй хоёр” дизель-цахилгаан шумбагч онгоц дагаж, хоёр фрегат, шумбагч эсэргүүцэх нисдэг тэрэгнүүд дэмжлэг үзүүлж байсны улмаас үүргээ гүйцэтгэж чадаагүй буцсан гэж тус улсын БХЯ мэдээлэв. Үүнийг ОХУ-ын БХЯ мөн л няцааж Тартус, Хмеймим дэх оросын тэнгисийн цэргийн объектуудыг халхалж буй АДХЦ-ийн анги, салбарууд эвслийн пуужинг амдан устгах ажиллагаанд огт оролцоогүй гэж мэдэгдэв.
Үндэслэл: Үнэн, худал
Пуужингийн цохилт өгөх үндэслэл болгож АНУ, Их Британи, Францын удирдагчид 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Зүүн Гута хотын Дума дүүрэгт Сирийн засгийн газар энгийн номхон иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэдгээр зөвтгөсөн. Уг халдлагын үеэр 70-аас доошгүй хүний амь нас хохирсон гэж үзэж буй. Үйл явдал дараах байдлаар өрнөсөн бололтой. Хэрэг явдал гарсан өдөр Дума дүүргийг Б.Асадын эсрэг зэвсэгт бүлэглэл хянаж байсан ба Сирийн засгийн газрын цэргийн нисэх онгоцнууд агаараас хлор, зарин зэрэг хорт бодисоор цэнэглэсэн гар хийцийн бөмбөг хаясан гэж босогчид болон тэр үед ажиллаж байсан ажиглагчид, эмнэлгийн багийнхан, мөн “Цагаан дуулга” хэмээгч сайн дурын байгууллагынхан мэдэгдсэн. Улмаар Франц, Америкийн шинжээчид сүүлд нь хохирогчдын шээснээс авсан лабораторийн шинжилгээгээр хлор илэрсэн гэх мэдээллийг цацсан.
Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нотолж, тус байгууллагатай хамтран ажилладаг бусад байгууллагын мэдээллээр, химийн хордлогын шинж тэмдэг илэрсэн 500 гаруй хүн эмнэлгийн тусламж авсан гэсэн мэдэгдлийг хийв. АНУ, Их Британи, Францын эрх баригчид Б.Асадыг шууд буруутган цэргийн ажиллагаа явуулах үндэслэл хангалттай бүрдлээ гэж зарласан.
Үүнийг Сирийн тал албан ёсоор няцааж, тухайн үед хотыг хянаж байсан зэвсэгт босогчид засгийн газрын цэргийн давшилтыг зогсоох зорилгоор уг зохиомол мэдээллийг зориуд боловсруулан цацсан гэж мэдэгдэв. ОХУ, Иран улс мөн Сирийн талын мэдэгдлийг дэмжиж, химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдол гараагүй гэж үзэж байна. Улмаар “Цагаан дуулга” хэмээх байгууллагынхан химийн хордлого хэмээх үзэгдлийг жүжигчилсэн байдлаар найруулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан, түүнийг нь Их Британийн тусгай алба зохион байгуулсан гэж Оросын тал 4 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, ОХУ, Сири, Ираны үзэж буйгаар АНУ, түүний холбоотнууд Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн, урьдчилан төлөвлөсөн байсан ба үүнийхээ шалтаг болгож уг “халдлага” гэгчийн хуурамч бичлэгийг тараасан аж. Энэ удаад өнгөрсөн жил Сирийн “Шайрат” нисэх онгоцны баазад цохилт үзүүлсэнтэй адил шалтгаар халдлага үйлдсэн, Б.Асад иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан байж болох ул мөрийг Оросын цэргийн шинжээчид илрүүлээгүй, нэг ч оршин суугч химийн халдлагыг нотлоогүйгээр зогсохгүй Химийн зэвсгийг хориглох байгууллагаас мэргэжилтнүүдээ илгээхтэй зэрэгцэн цохилт өгсөн нь химийн зэвсэг ашигласан болохыг нотлох албан ёсны дүгнэлт чухал биш болохыг харууллаа гэж Оросын тал дүгнэж байна.
Химийн халдлага гарсан гэх үйл явдлаас хоёр хоногийн дараа, 4 дүгээр сарын 10-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж авах арга хэмжээний талаар хэлэлцсэн ч ОХУ АЗ-ийн байнгын гишүүний эрхээ ашиглан хориг тавьснаар ямар нэгэн тогтоол баталж чадсангүй. АНУ-ын оруулсан тогтоолын төсөл АЗ-ийн олонхын дэмжлэгийг авсан (ОХУ, Болив татгалзаж, БНХАУ түдгэлзсэн) ч Оросын хоригоор унасан. Зөрүүлээд ОХУ-ын оруулсан тогтоолын төсөл 6 гишүүн улсын дэмжлэг авч, 7 гишүүн улс эсэргүүцсэнээр мөн батлагдсангүй. Үүний дараа АНУ, Их Британи, Франц улс НҮБ-ын АЗ-ийн тогтоолгүйгээр “үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, хүмүүнлэгийн зарчим” гэгчид үндэслэн “хамтарсан хүчтэй хариу арга хэмжээ авах”
боломжийг судалж эхэлсэн. Үүнийгээ ч ОХУ-ын хориг тавих эрхээ эдэлснээс үүдсэн (НҮБ-ын Дүрмээр олгосон дархан эрх) зайлшгүй арга хэмжээ байсан гэж тайлбарлаж байна.
4 дүгээр сарын 14-ний өдөр ОХУ НҮБ-ын АЗ-ийн яаралтай хурлыг зарлан хуралдуулж АНУ, Их Британи, Францын шийдвэр, үйлдлийг буруушаах утга бүхий тогтоолын төслийг хэлэлцүүлсэн ч БНХАУ, Болив дэмжиж, АНУ тэргүүтэй 8 улс эсэргүүцэж, Казахстан, Перу, Экваторын Гвиней, Этиоп түдгэлзсэнээр батлагдсангүй.
Шалтгаан: Дотоод, гадаад
АНУ тэргүүтэй улсуудын Сирийн эсрэг ажиллагааны уг шалтгааныг дан ганц хүчин зүйлээс хайх боломжгүй, улс тус бүрийн гадаад бодлогын болон дотоод улс төрийн нөхцөл байдлаас ургуулан дүгнэх нь илүү оновчтой. Юутай ч, химийн зэвсэг хэрэглэсэн халдлагыг иргэдийнхээ эсрэг хэрэглэсэн гэх үндэслэл бүрэн отлогдохгүй байгаа ч, үгүйсгэж бас болохгүй байна. Тиймээс зөвхөн химийн зэвсгийн асуудалтай холбох нь туйлын өрөөсгөл болно. АНУ бүр Б.Обамагийн засаг захиргааны үеэс эхлэн Б.Асадыг түлхэн унагаж, “дэглэм солих” (regime change) гаршсан ажиллагаагаа хэрэгжүүлэхийг зорьсоор ирсэн ба энэ бодлогоосоо ухраагүй, харин Оросын цэргийн ажиллагаа амжилттай дуусгавар болсноор түр хойшлуулахад хүрсэн талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2018 оны 3 дугаартай мэдээлэлд дэлгэрэнгүй дурдсан. Түүнчлэн Сирийн дотоод улс төрийн хямралд АНУ-ын гол “холбоотон”, хэрэг дээрээ “Америкаас хараат” хүчин нь “Сирийн чөлөөт арми” гэгч бүлэглэл бөгөөд тэд Дума дүүргийг хянаж байсныг дурдууштай. Тэрхүү “Чөлөөт арми” гэгч нь өрнөдийн орнуудын өмнө “ардчилсан хүчин”-ий дүрд тоглодог ч Б.Асадыг эсэргүүцэгч ямарч хүч, тухайлбал, “Исламын улс” бүлэглэлтэй ч эвсэж чаддаг нь өнөөдрийн ээдрээг бий болгосон. Энэ нь ч Оросын талаас АНУ, Их Британи, Франц улсыг “терроризмтой хийх тэмцэлд саад учруулсан”, “террористуудыг дэмжсэн” хэмээн буруутгах үндэслэл болж байна.
Өөр нэгэн хувилбар бол Сирид гэхээсээ илүү ОХУ-ын зэвсэглэлийн шинэ хөтөлбөрт барьж буй хариу, гэхдээ цэрэг-стратегийн ач холбогдолтой бус, харин улс төрийн утга агуулга бүхий хариу үйлдэл гэж үзэж болно. Д.Трамп жиргээгээр Сирид биш, Орост анхааруулга өгсөн, чингэхдээ “олон, хүчтэй, ухаалаг пуужин ирнэ шүү” хэмээсэн нь үүнийг нотлох мэт. Цэргийн ач холбогдол багатай, эсрэг талаас бодитой хохиролгүй ийм ажиллагаанд 92.4 сая ам.доллар зарлагадсан нь мөн л Д.Трамп хоёр долоо хоногийн өмнө В.Путинтай утсаар ярихдаа “зэвсэглэлээр хөөцөлдье гэвэл энэ өрсөлдөөнд би ялна” гэж хэлсэнтэй нь дүйцэж байна.
Харин дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд, 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн, Д.Трамп өөрөө Оросын тусгай албадтай холбогдсон гэх асуудлаар Р.Мюллерийн ахалсан комиссын ээлжит дүгнэлтийг 4 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцэхээр төлөвлөсөн үед анхаарлыг холдуулах, өөрийнх нь хэлснээр “Оросын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авч байгаа ерөнхийлөгч” гэдгээ харуулах алхам ч гэж үзэх нь байна. Их Британийн хувьд ч, холбоотны үүргээ гүйцэтгэсэн, угаас АНУ-тай бүх асуудлаар байр суурь, үйлдэл нэг байдаг гэдгээс гадна Т.Мэй Брекситийг эсэргүүцэж буй Шотланд, Уэльсийн ард иргэдийн дургүйцэл, С.Скрипаль, Ю.Скрипаль нарыг хордуулсан хэрэг явдалтай холбоотой улам бүр өөрийнх нь эсрэг чиглэж буй олон нийтийн санал бодлыг түр дүйвүүлэх арга байх магадлалтай. “Скрипалийн хэрэг”, энэ цохилт хоёр учир шалтгааны шууд холбоотой гэж ОХУ-ын ГЯЯ-ны хэвлэлийн төлөөлөгч М.Захарова хэлсэнтэй энэ гаргалгаа дүйж байна.
Тэгвэл Франц улс Их Британиас ч олон нэгж байлдааны техникийг байнгын байрлалаас нь гаргасан атлаа пуужингийн цохилт өгөхөд үүрэг гүйцэтгээгүй нь мөн л тус улсын ерөнхийлөгч Э.Макроны талынхны байр суурь эмзэг болсон, Францын нийгэмд Оростой хэт сөргөлдөхгүй байх үзэл санаа давамгайлж эхэлсэнтэй холбоотой байж болзошгүй. Эцэст нь, НАТО-ийн Европ дахь гол хүч, холбоотон Герман улс энэ ажиллагаанд эхнээс нь огт оролцоогүй явдал холбооны канцлер А.Меркелийн байр суурь бүр ч хэврэг, нийгмийн санаа бодол нь олон улсын тавцанд сөргөлдөөнийг биш, улс төрийн шийдлийг эрхэмлэж байгаатай холбоотой гэж үзэж болно.
Үр дагавар: Болзошгүй, гэнэтийн
Уг ажиллагаа нь олон улсын харилцааны систем, их гүрнүүдийн хоорондын өрсөлдөөн, зарим улсын дотоод нөхцөл байдал, гадаад бодлого дахь өөрчлөлтөд дараах байдлаар нөлөөлөх магадлалтай гэж үзэж байна:
1. Олон улсын эрх зүйн хэм хэмжээний мухардал болон Дэлхийн II дайны дараа тогтсон Ялт-Потсдамын системийн төгсгөл айсуй. БНХАУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Ма Чаосюй “НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмыг үл ойшоож, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл боллоо” гэж мэдэгдсэн нь үүнийг олж харсан хүний үг юм. НҮБ-ын Дүрмийг ийнхүү зөрчин АЗ-ийн тогтоолгүйгээр гишүүн улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулсан нь олон улсын эрх зүйн мухардлыг дараах байдлаар бий болгож байна. ОХУ Сиритэй холбоотой, ер нь өөрийн ашиг сонирхолд эс нийцэх аливаа тогтоолыг АЗ-ийн байнгын гишүүнд олгогдсон хориг тавих эрхээ ашиглан гаргуулахгүй, ийм тохиолдолд цэргийн хүч хэрэглэх ямар ч тогтоол гарахгүй. Харин ард иргэдийнхээ эсрэг үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэсэн тохиолдолд хариуцагч улс холбогдох гэрээ, конвенцод нэгдэн орсон байх аваас (Сири нь Химийн зэвсгийг хориглох Конвенцыг соёрхон баталсан улс мөн) олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс залхаан цээрлүүлэх арга хэмжээ авах үндэслэл болох ч эрх зүйн бус, улс төрийн мандат төдий болно. Ийм байдлаас гарахын тулд НҮБ-ыг өөрийг нь шинэчлэх нэрийдлээр ОХУ-ыг АЗ-ийн байнгын гишүүнээс гаргах хувилбарыг ч (хэдийгээр хэрэгжих боломж огт байхгүй авч) өрнөдийн орнууд тооцож судалж байгаа аж. Ер нь олон улсын эрх зүйн шийдвэрлэх үүрэг, Дэлхийн II дайны үр дүнд бүрэлдэн тогтсон олон улсын дэг журам, улсуудын бүрэн эрхт байдал, хил хязгаарын дархан байдал өнөөдөр л нурж унасан хэрэг биш, харин 2003 оны Иракийн дайнаар эхлэн сууриараа ганхаж, 2007 онд Косовог “цор ганц жишиг” (case sui generis) хэмээн салан тусгаарлуулсан, 2008 онд Абхаз, Өмнөд Осетийг де-факто улс болгосноор даамжирч, 2014 онд Крымийг нэгтгэснээр эргэлтийн цэгтээ хүрсэн энэ нуралтын үзүүлэх тоглолт нь Сирийн эсрэг ажиллагаа байлаа.
2. АНУ-ын гадаад бодлого дахин “ойлгомжгүй” хэв шинжид шилжлээ. Цохилтоос хэдхэн хоногийн өмнө Д.Трамп Сири дэх америкийн 2000 ЦАХ-ийг эгүүлэн татах тухайгаа мэдэгдээд байсан. Харин одоо Сирийн засгийн газрыг химийн зэвсэг ашиглахаа зогсоох хүртэл дахин цохилт өгөх боломж, чадвартай гэж мэдэгдэж байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч дэслэгч генерал К.Маккензи “Сирийн химийн зэвсгийн хөтөлбөрийн гол цэгт цохилт өгсөн боловч бүгдийг нь устгаж чадаагүй. Тиймээс ирээдүйд Сирийн эрх баригчид ард иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг дахин ашиглах боломжтой” гэж хэлсэн, НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Н.Хэйли мөн л дахиж цохилт өгч болох талаар мэдэгдсэн зэрэг нь тус улсын Ойрх Дорнодод чиглэсэн бодлого дахин хэдэнтээ ч эргэх
магадлалтайг харуулав.
3. Сүүлийн үед ОХУ-тай олон талаар ойртож буй Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ч Оросоос огцом “нүүр буруулж”, “химийн зэвсэг хэрэглэсэн аливаа үйлдлийг шийтгэлгүй үлдээж болохгүй” гэсэн гэнэтийн мэдэгдэл хийсэн нь энэ улсын хувьд НАТО-ийн гишүүний хувьд хүлээсэн холбоотны үүрэг, хойд Сирийн Эфринд цэргээ оруулж курдын босогчдыг хянаж буй өөрийн ашиг сонирхол хоёр хэзээ ч эн тэргүүнд тавигддаг болохыг харууллаа. Орос-Турк-Ираны “гурвал” ашиг сонирхол нийцэх үедээ нэгдмэл байр суурьтай байж чадах ч ан цав амархан үүсдэгийг үүгээр харж болно. Мөн АЗ дахь санал хураалтаар ОХУ-ын хамгийн ойрын түнш Казахстан түдгэлзсэн санал өгсөн нь ч Оросын дургүйцлийг хүргэж байна.
4. Европ тивд улс төр, аюулгүй байдлын нөхцөл байдал дахин тогтворгүйтэх төлөв бий боллоо. АНУ-ын цэргийн ажиллагааг дэмжсэн Франц, Их Британийн нутаг дэвсгэрт Сирийн засгийн газраас биш ч, Сириэс гаралтай дүрвэгсдийн дотроос зохион байгуулсан террорист халдлага гарах магадлал өндөр байна. Энэ нь тэртэй тэргүй хэврэг байгаа Э.Макрон, Т.Мэй нарын нэр хүндийг улам унагаж, Европын интеграц, АНУ-аас хэт хамааралт байдлыг эсэргүүцэгч “евроскептик”, “атлаонтоскептик” улс төрийн хүчнүүд, улс төрчид нөлөөгөө бэхжүүлэх бололцоог олгосноор Европын институцүүд дахин суларч, саармагжих болно. Энэ нь улмаар сүүлийн жилүүдэд Брюсселийн зааврыг сөрөн зогссоор буй Чех, Унгар улсын удирдагч М.Земан, В.Орбан нарыг Москватай илүү ойртуулснаар ОХУ-ыг ганцаардлаас гаргах нөхцөлийг ч
байр суурь бүр ч хэврэг, нийгмийн санаа бодол нь олон улсын тавцанд сөргөлдөөнийг биш, улс төрийн шийдлийг эрхэмлэж байгаатай холбоотой гэж үзэж болно.
бүрдүүлж болох юм.
5. Эцсийн дүнд ОХУ, АНУ-ын шинэ “Хүйтэн дайн”-ы эхлэл жинхэнэ утгаараа тавигдаж байна гэж үзэж болно. ОХУ Сирид орчин үеийн зенит пуужингийн “С-300” цогцолбор нийлүүлэхээ мэдэгдсэн (өмнө нь нийлүүлэхээр төлөвлөж байсан ч 2013 онд АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын ятгалга, хүсэлтээр түр зогсоосноо сэргээнэ), АНУ ч Ойрх Дорнод дахь холбоотнуудаа шинэ зэвсгээр хангах нь дамжиггүй. Ойрын жилүүдэд АНУ зэвсэглэлийн өрсөлдөөнд хоцрогдож буйгаа нөхөх зорилгоор судалгаа, боловсруулалт, туршилт, зохион бүтээх ажилд илүү хүч, хөрөнгө хаях болно. Энэ зуур Оросын илүү хүчин чадалтай зэвсгээс “айхгүй”-гээ ОХУ-д болон өөрийн холбоотнууддаа нотлон харуулахын тулд энэ удаагийнхтай төстэй, өртөг өндөртэй, цэргийн ач холбогдол багатай оновчтой ажиллагааг Сирид төдийгүй Сирийнхтэй төстэй шалтгаан гаргасан ямар ч улсын эсрэг дахин гүйцэтгэх магадлалтай. Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн дэд захирал Дун Маньюаний үзэж буйгаар “Сирийн асуудал үнэн чанартаа АНУ, ОХУ-ын тоглоом улам лавширч буй хэрэг явдал” хэмээсэн нь энэхүү төлөв хандлагыг хамгийн оновчтой илэрхийлсэн дүгнэлт мөн.
6. Эцэст нь, Сирийн АДХЦ нийт пуужингуудын 70 хувийг амдан устгасан гэх мэдээлэл үнэн аваас аливаа улсын зэвсэгт хүчинд зэвсэглэл, техник төдийлөн хуучирч, гологддоггүй, гагцхүү тэдгээрийн байнгын засвар үйлчилгээ, бие бүрэлдэхүүний бэлэн байдал, дадлага сургуулилт зохих түвшинд байх нь гаднын зэвсэгт түрэмгийллээс өөрийгөө хамгаалах үндсэн нөхцөл байдгийг харуулна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Моссад Ираны цөмийн архивын мэдээллийг олзловСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02